Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ20176/00040

 

“Үүэт” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1031 дүгээр шийдвэр,          

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 169 дүгээр магадлалтай,

“Үүэт” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Өсөх сутай” ХХК-д холбогдох,

51.460.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батаагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батаа, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Үүэт” ХХК нь “Өсөхсутай” ХХК-тай 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Бараа бүтээгдэхүүн борлуулалтын гэрээг байгуулж, стандартын шаардлага хангасан гахай, тахианы махыг нийлүүлэхээр тохирсон. Үүний дагуу мах нийлүүлсэн боловч хариуцагч төлбөрөө төлөөгүй. 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тооцоо нийлэхэд 34.241.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. “Өсөхсутай” ХХК нь тус төлбөрийг 2016 оны 01 сарын дотор төлөхөөр харилцан тохирсон, үүнээс 9.736.000 төгрөг төлж үлдэх 24.505.000 төгрөгийг төлөөгүй. Мөн гэрээний 3.4-т заасны дагуу 110 хоногийн  алдангийг 1 хувиар тооцож 26.955.500 төгрөг, нийт 51.460.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Өсөх Сутай” ХХК-ийн захирал Ч.Баатархүү шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч бараа бүтээгдэхүүний борлуулалтын гэрээний дагуу 24.505.000 төгрөг, алданги 26.955.500 төгрөг, нийт 51.460.500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс алдангийг зөвшөөрөхгүй. Үндсэн төлбөрийг сар бүр 1.000.000 төгрөгөөр цувуулан төлж барагдуулах саналтай байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1031 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч “Өсөхсутай” ХХК-аас 36.757.500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Үүэт” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 14.703.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Үүэт” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 415.300 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Өсөхсутай” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 341.738 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Үүэт” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 169 дүгээр магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1031 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “Өсөхсутай” ХХК-иас 24.505.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ҮҮЭТ" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 26.955.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дугаар заалтыг “341.738 төгрөг” гэснийг “280.475 төгрөг” гэж тус тус өөрчлөлт оруулж шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч “Өсөхсутай” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210.990 төгрөгийг Төрийн сангийн данснаас шүүгчийн захирамжаар гаргаж буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч “Үүэт” ХХК нь Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 169 дугаартай магадлалын нэхэмжлэгийн шаардлагаас 12.252.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг эс зөвшөөрч, уг шийдвэр нь ИХШХШТХуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасны дагуу хяналтын гомдлыг гаргаж байна.

1. Талуудын хүсэл зоргийн тухайд:

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь талуудын харилцан тохиролцсон алдангийг хуульд заасан хэмжээнээс хэтрүүлсэн гэдэг үндэслэлээр алдангийг бүхэлд нь хүчингүй болгосон явдал нь талуудын алданги тогтоох хүсэл зоригийг үгүйсгэсэн, гэрээний агуулгын хувьд алданги тогтоох зорилгыг тогтоогоогүй гэж үзэх үндэслэлтэй байна. Хэдийгээр талууд нь “Бараа бүтээгдэхүүн борлуулалтын гэрээ”-ний 3.4-т алдангийг 1 хувь байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 232.6-д заасан алданги нь 0.5 хувиас хэтрэхгүй байх хуулийн заалттай зөрчилдөж байгаа боловч талуудын хувьд алдангийг тогтоох бизнесийн хувьд бодит сонирхол байсан.

Манай байгууллагын хувьд “Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-нд алданги тогтоогоогүй байсан бол эрсдэл хүлээж, урьдчилгаа төлбөр авахгүйгээр бараа бүтээгдэхүүн нийлүүлэхгүй байсан. Улмаар ийнхүү гэрээнд алданги тогтоосон нь энэхүү Гэрээ байгуулагдах гол үндэслэл болсон юм. Энэ нь Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 6-р сарын 22-ны өдрийн дугаар 17 тоот тогтоолын 1 дэх хэсэгт “... Тухайн төрлийн хэлцэл хийхэд хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн боловч агуулгын хувьд байж болох хэлцэл энэ зүйлийн зохицуулалтад хамаарахгүй” гэсэн заалтанд нийцэх бөгөөд Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй юм. Харин Иргэний хуулийн 232.8-д заасан “анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх багасгах” хуулийн заалтын дагуу шүүх алдангийг хуульд нийцүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Манай байгууллагын хувьд хариуцагч “Өсөхсутай” ХХК-нд итгэлцлийн үндсэн дээр бараа бүтээгдэхүүнийг цаг хугацаанд нийлүүлж ирсэн. Ийнхүү итгэлцлийн үндсэн дээр хариуцагч “Өсөхсутай” ХХК нь бага, багаар бараа бүтээгдэхүүний худалдан авч байгаад гэнэт их хэмжээгээр бараа бүтээгдэхүүн захиалсан.

2. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

ИХШХШТХуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн зохигчид нь нэхэмжлэлийн шаардлага гаргах, нэхэмжлэлийг шаардлагаа өөрөө тогтоох, түүнийгээ нотлох үүрэг хүлээдэг. Гэтэл Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь хариуцагч “Өсөхсутай” ХХК-ийг “Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-ний 3.4-т заасан заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийг шаардлага гаргаагүй байхад, хууль зөрчсөнд тооцож Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийн зарим хэсгийг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн. Энэ нь шүүх хөндлөнгийн хараат бус байж, зохигчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг маргааныг шийдвэрлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд ИХШХТХуулийн 178 дугаар зүйлийн 178.1.6-д заасны дагуу Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 сарын 10-ны өдрийн 169 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1031 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч “Үүэт” ХХК нь хариуцагч “Өсөхсутай” ХХК-иас махны үнэ 24.505.000 төгрөг, алданги 26.955.500 төгрөг нийт 51.460.500 төгрөг шаардан нэхэмжилсэн, хариуцагч алдангийг эс зөвшөөрчээ.

“Үүэт” ХХК нь 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 24-ний хооронд чанар стандартын шаардлага хангасан гахай, тахианы мах нийлүүлэх, “Өсөхсутай” ХХК нь барааг ачуулснаас хойш 7 хоногийн дотор төлбөрийг бэлнээр болон дансаар шилжүүлэхээр тохирч гэрээ байгуулжээ /хавтаст хэргийн 7-9 дүгээр тал/.

Зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байх тул талууд үүргээ биелүүлэх, гэрээтэй холбоотой шаардлага гаргах эрхтэй.

Хариуцагч 24.505.000 төгрөгийн төлбөр төлөөгүй болохоо хүлээн зөвшөөрсөн, шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т нийцсэн байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, алдангид нэхэмжилсэн 26.955.500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэх бөгөөд анзын гэрээг бичгээр хийхийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.4-т заасан байна. Талуудын байгуулсан гэрээний 3.4-т “төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд 10 дах хоногоос эхлэн өдөрт 1 хувиар алданги тооцно” гэжээ.

Хариуцагч төлбөр төлөх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд алданги төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан нь хуульд нийцжээ. Харин алдангийн хэмжээг хуульд зааснаас илүү хэмжээгээр тогтоосныг хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Анхан шатны шүүх алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар хязгаарлаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 169 дүгээр магадлалыг хүчингүй болгож,  Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1031 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 210.990 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ