Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 05

 

       М.Доржпалам, М.Батчулуун, Ц.Зоригтбаатар,

       О.Энх-Амгаланбаатар, Р.Хангай нарт холбогдох

      эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Ц.Туяа, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Прокурор: Ц.Мөнхжаргал,

           Шүүгдэгч: Р.Хангай,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Баярдаваа, Ч.Будхүү,      

Нарийн бичгийн дарга: Б.Оюунбилэг нарыг оролцуулан,

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямсүрэнгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 182 дугаар захирамжийг эс зөвшөөрч улсын яллагч Ц.Мөнхжаргалын бичсэн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 5/05 дугаартай эсэргүүцлээр М.Доржпалам, М.Батчулуун, Ц.Зоригтбаатар, О.Энх-Амгаланбаатар, Р.Хангай  нарт холбогдох эрүүгийн 201522000735 дугаартай хэргийг 2016 оны 6 дугар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч О.Энх-Амгаланбаатар, Б.Доржпалам, Р.Хангай нар нь бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг иргэн Б.Шинэбаярын эзэмшлийн “Аянчин” нэртэй зоогийн газрын цонхоор нэвтрэн эд зүйл хулгайлж 254 300 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч О.Энх-Амгаланбаатар, Ц.Зоригтбаатар, М.Батчулуун нар нь бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 18 дугаар гудамжны 06 тоотод оршин суух иргэн Ж.Жаргалсайханы байшингийн цонхоор нэвтрэн эд зүйл хулгайлж 1 445 000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч О.Энх-Амгаланбаатар, М.Батчулуун нар нь бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 10 дугаар гудамжны 20 тоотод оршин суух иргэн Д.Алтанцэцэгийн байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 430.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Р.Хангай нь 2015 оны 10 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 15 дугаар гудамжны 01 тоотод үйл ажиллагаа явуулдаг иргэн З.Уранчимэгийн эзэмшлийн “Дэлгэрэх" нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн эд зүйл хулгайлж 299 100 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч О.Энх-Амгаланбаатар нь 2015 оны 10 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 09 дүгээр гудамжны 17 тоотод оршин суух иргэн П.Баттулгын байшингийн таамбарт нэвтрэн эд зүйл хулгайлж 263 000 төгрөгийн хохирол, 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 61 дүгээр гудамжны 18 тоотод оршин суух иргэн Ч.Нямжаргалын байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 850 000 төгрөгийн хохирол, 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 16 дугаар гудамжны 23 тоотод оршин суух иргэн Б.Баяргүрийн байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 350 000 төгрөгийн хохирол, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 29 дүгээр гудамжны 06 тоотод оршин суух иргэн З.Пүрэв- Өлзийгийн байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 800 000 төгрөгийн хохирол, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 22 дугаар гудамжны 16 тоотод оршин суух иргэн Л.Гийхнарангийн байшингийн цонхоор нэвтрэн эд зүйл хулгайлж 785 000 төгрөгийн хохирол, 2015 оны 12 дугаар сарын 20-22-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 29 дүгээр гудамжны 11 тоотод оршин суух иргэн Ч.Урантунгалагийн байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 350 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 182 дугаар захирамжаар : ...шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтаар хэргийг шийдвэрлэх боломжгүй, нотолбол зохих асуудлууд хангалттай нотлогдоогүй гэж үзэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж,  Б.Доржпалам, М.Батчулуун, Ц.Зоригтбаатар, О.Энх-Амгаланбаатар нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Р.Хангайд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Улсын яллагч Ц.Мөнхжаргал бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2 д заасан гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэрэг гарсан байдал тодорхойгүй гэжээ. Яллагдагч М.Батчулуун, О.Энх-Амгаланбаатар, Р.Хангай нарын хувьд үйлдсэн гэмт хэргийн талаар маргаангүй, харин Ц.Зоригтбаатар нь М.Батчулуун, О.Энх- Амгаланбаатар нартай бүлэглэн Мөрөн сумын 1 дүгээр багийн 18-06 тоотод оршин суух иргэн Ж.Жаргалсайханы гэрээс эд зүйл хулгайлаагүй гэх боловч тухайн үед М.Батчулуун, О.Энх-Амгаланбаатар нартай хамт явсан болох нь тогтоогддог, мөн О.Энх-Амгаланбаатар нь мөрдөн байцаалтад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Ц.Зоригтбаатар нь хулгайн гэмт хэрэг үйлдэхэд хамтарч оролцсон талаар мэдүүлдэг. Мөн яллагдагч Б.Доржпапам нь яллагдагч О.Энх-Амгаланбаатар, Р.Хангай нартай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг иргэн Б.Шинэбаярын эзэмшлийн “Аянчин” нэртэй зоогийн газрын цонхоор нэвтрэн эд зүйл хулгайлж 254 300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхдээ бүлэглэн үйлдээгүй холоос хараад зогсож байсан, харин Р.Хангай, О.Энх-Амгаланбаатар нарын хулгайлсан эд зүйлийг авсан гэж мэдүүлдэг боловч яллагдагч Р.Хангай, О.Энх-Амгаланбаатар нартай тухайн үед хамт явсан, Р Хангай, О.Энх-Амгаланбаатар нарыг “Аянчин" зоогийн газрын цонхоор нэвтрэх үед гадаа нь хүн хараад зогсож байсан зэрэг нь уг гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон гэх үндэслэлтэй байна. Энэ нь хэргийн зүйлчлэлд хамааралтай асуудал болохоос бус хэргийг хэн үйлдсэн, гэмт хэрэг гарсан байдал тодорхойгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

...Гэрч Х.Болормаа нь яллагдагч О.Энх-Амгаланбаатарын Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 22-16 тоотод оршин суух иргэн Л.Гийхнарангийн гэрээс хулгайлсан ээмэг бөгж зэргийг 3000 төгрөгөөр худалдаж авсныг мөрдөн байцаагчид хураалгасан боловч 3000 төгрөгөө нэхэмжлэхгүй талаар гэрчээр мэдүүлсэн, /1-р хх-ийн 220-221-р хуудас/

Гэрч Д.Ганхуяг нь яллагдагч М.Батчулуун. О.Энх-Амгаланбаатар Ц.Зоригтбаатар нарын Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 18-06 тоотод оршин суух иргэн Ж.Жаргалсайханы гэрээс хулгайлсан телевизорыг дүү Д.Отгонцэцэгтээ 50 000 төгрөгөөр худалдсан, уг телевизорыг Д.Ганхуяг нь мөрдөн байцаагчид хураалгасан, 50 000 төгрөгөө нэхэмжлэх шаардлагагүй талаар мэдүүлсэн /1-р хх-ийн 198-199, 2-р хх-ийн 183-р хуудас/ зэргээр нотлогдож гэрч Д.Ганхуяг С.Амарбаясгалан, Х.Болормаа нар нь эд хөрөнгийн хохирол хүлээсэн, түүнийгээ нөхөн төлүүлэх буюу сэргээлгэхээр шаардлага тавиагүй байх тул иргэний нэхэмжлэгчээр тогтоох шаардлагагүй байна.

...Уг хэргийн хувьд яллагдагч нар нь ганцаараа болон хоёулаа, гурвуулаа гэх зэргээр бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хэрэгт авагдсан бүх шинжээч томилох тогтоол, шинжээчийн дүгнэлтийг бүх сэжигтэн, яллагдагч, хохирогч нарт танилцуулах шаардлагагүй байсан. Тухайлбал, яллагдагч О.Энх-Амгаланбаатар нь ганцаараа Мөрөн сумын 13 дугаар багийн 61-18 тоотод оршин суух иргэн Ч.Нямжаргалын гэрээс эд хөрөнгө хулгайлсан тул шинжээч томилох тогтоол, шинжээчийн дүгнэлтийг хохирогч Ч.Нямжаргал, яллагдагч О.Энх-Амгаланбаатар нарт танилцуулсан байна. /2-р хх-ийн 32-36-р хуудас/

2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр иргэн Ц Зоригт нь Цагдаагийн газарт “Мөрөн сумын 5-29-06 тоотод хулгай орсон” талаар мэдээлсэн бөгөөд уг мэдээллийн дагуу 2015 оны 12 дүгээр сарын 20-ны өдөр эд зүйлд шинжилгээ хийх, шинжээч томилох тогтоол үйлдсэн байна. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5-29-06 тоотод иргэн Зоригтын Пүрэв-Өлзий оршин суудаг бөгөөд З.Пүрэв-Өлзий нь 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хохирогчоор тогтоогдон мэдүүлэг өгч,  2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шинжээчийн дүгнэлттэй танилцсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй байна.

...Яллагдагч О.Энх-Амгаланбаатар нь 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр шинжээчийн дүгнэлттэй танилцахаас татгалзсаныг мөрдөн байцаагч Ч.Энхтүвшин нь “гарын үсэг зурахаас татгалзав” гэж тэмдэглэл үйлдсэн байх ба энэ нь яллагдагч О Энх-Амгаланбаатар шинжээчийн дүгнэлттэй танилцаагүй гэж үзэх үндэслэлгүй, яллагдагч нь өмгөөлөгч Г.Баярдаваатай хэргийн материалтай нэг бүрчлэн танилцаж гарын үсэг зурсан байна.

...Прокурорын зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад тогтоолын хувийг хүргүүлж мэдэгдсүгэй гэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлийн 209.4 дэх хэсэгт заасан заалтыг хангаж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар ямар хэлбэрээр мэдэгдэх талаар заагаагүй ба тогтоолын хувийг гардуулж өгсөн талаарх нотлох баримтыг хэрэгт хавсаргах шаардлагагүй гэж үзэж байна. Иймд Хөвсгөл аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 182 дугаар захирамжийг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр Монгол Улсын ЭБШХ-ийн 303, 304-р зүйлийн 304.1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

М.Доржпалам, М.Батчулуун, Ц.Зоригтбаатар, О.Энх-Амгаланбаатар, Р.Хангай  нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн үндэслэл нь Шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцээгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд М.Доржпалам, М.Батчулуун, Ц.Зоригтбаатар, О.Энх-Амгаланбаатар, Р.Хангай  нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба харин шүүх хэрэгт ач холбогдолтой нотлох баримт болон болсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй байна гэж үзэв.

Иймд шүүх яллах дүгнэлтийн хүрээнд буюу хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлэлт дүгнэлт өгч шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, М.Доржпалам, М.Батчулуун, Ц.Зоригтбаатар, О.Энх-Амгаланбаатар, Р.Хангай нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 182 дугаар захирамжийг хүчингүй болгож, М.Доржпалам, М.Батчулуун, Ц.Зоригтбаатар, О.Энх-Амгаланбаатар, Р.Хангай  нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3.Хэргийг анхан шатны шүүхэд очтол М.Доржпалам, М.Батчулуун, Ц.Зоригтбаатар, О.Энх-Амгаланбаатар нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Р.Хангайд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

4.Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.СОСОРБАРАМ

         ШҮҮГЧИД                                               Ц.ТУЯА

                                                                         Н.БАЯРХҮҮ