Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2018/0202

 

Д.Б-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ш, хариуцагч Нийслэлийн татварын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, гуравдагч этгээд Г.С, түүний өмгөөлөгч Л.Д нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 128/ШШ2018/0071 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Д.Б, гуравдагч этгээд Г.С-д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлоор, Д.Б-н нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газар, Нийслэлийн татварын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 128/ШШ2018/0071 дүгээр шийдвэрээр: Гааль, Татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.5, 10.1.15, Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/714 дүгээр тушаалын тушаалын холбогдох хэсэг, Нийслэлийн Татварын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/48 дугаар тушаалууд илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэгч Б.Б-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Татварын ерөнхий газрын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн сонгон шалгаруулалтын дүнг нийтэд зарлаж мэдээлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг сонгон шалгаруулалтын дүнг албажуулан тогтоол гаргуулж, Төрийн албаны зөвлөлд хүргүүлэхийг даалгах гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын хангаж, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд Г.С-д намайг томилохыг даалгах гэсэн бие даасан шаардлагын үндсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Б давж заалдах гомдолдоо: Миний нэхэмжлэлтэй Татварын ерөнхий газар, Нийслэлийн татварын газарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 31-ний өдрийн 128/ШШ2018/0071 дугаар шийдвэрийг 2018 оны 02 сарын 14-ний өдөр гардаж аваад бүхэлд нь дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Илт хууль бус Гааль, Татварын ерөнхий газрын даргын 2017.07.21-ний өдрийн Б/714, Нийслэлийн татварын газрын даргын 2016.09.28-ны өдрийн Б/48 дугаар тушаалуудыг нэхэмжлэгч тал өөрөө хүлээн зөвшөөрсөн гэх тухайд:

Анхан шатны шүүх “...Д.Б дээрх сонгон шалгаруулалтад оролцож өрсөлдсөн, энэ сонгон шалгаруулалтын талаар маргаагүй нь маргаан бүхий Б/714, Б/48 дугаар тушаалуудыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна...” хэмээн дүгнэсэн байна.

Шүүх ийнхүү дүгнэсэнд маш их харамсалтай байна. Учир нь Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн даргын ажлын байранд 2017 оны 05 сарын 04-ний өдөр зохион байгуулсан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад орохыг хариуцагч Татварын ерөнхий газрын зүгээс шахаж шаардаж байсан бөгөөд ийнхүү орохгүй тохиолдолд ажлаас чөлөөлөх бус ажлаас хална гэж албадан шалгалтад оруулсан. Тэтгэвэрт гарахад дөхөж буй миний хувьд ажлаас халагдвал ихээхэн хүнд тусна.

Гэтэл ийнхүү албадан сонгон шалгаруулалтад орсныг илт хууль бус захиргааны актуудыг хүлээн зөвшөөрсөн үйлдэл гэж үзэж байгаад харамсалтай байна. Нөгөөтэйгүүр маргаж буй Б/714 дугаар тушаал өөрөө илт хууль бус тул сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлах, зохион байгуулсан захиргааны үйл ажиллагаа үндэслэлгүй юм.

Гааль, Татварын ерөнхий газрын даргын Б/714, Нийслэлийн татварын газрын даргын Б/48 дугаар тушаалууд илт хууль бус болох тухайд

Анхан шатны шүүх “... маргаан бүхий дээрх 2 тушаал эрх бүхий этгээдийн хуулийн хүрээнд захиргааны байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн шийдвэрлэсэн агуулгаараа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны акт илт хууль бус байх ямар нэг шинжийг агуулаагүй гэж үзнэ...” хэмээн дүгнэсэн байна.

Маргаж буй Б/714 дугаар тушаалын үндэслэл болж буй Улсын Их Хурлын 2016.07.21- ний өдрийн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” 12 дугаар тогтоол нь 2017.07.21-ний өдрийн Улсын Их Хурлын гар тэмдэглэлээр үдээс хойш хэлэлцэх асуудлын 6 дугаарт батлагдсан байна.

Гэтэл Б/714 дугаар тушаал нь 2017.07.21-ний өдрийн үдээс өмнө гарсан байдаг. Энэ тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт' мөн байдаг. Өөрөөр хэлбэл Улсын Их Хурал 2016.07.21-ний өдрийн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” 12 дугаар тогтоолыг баглаагүй байхад түүнийг үндэслэн Гааль, Татварын ерөнхий газрын даргын Б/714 тушаал гаргасан үйл баримт тогтоогддог.

Нөгөөтээгүүр Улсын Их Хурлын 2016.07.21-ний өдрийн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” 12 дугаар тогтоол гарснаар Гааль, Татварын ерөнхий газар нь Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар болж л салсан болохоос дүүргийн Татварын хэлтсийн даргын ажлын байр болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгт өөрчлөлт ороогүй юм. Ажлын байрны тодорхойлолтууд хэрэгт авагдсан ба ямар ч өөрчлөлт ороогүй гэдэгтэй хариуцагч тал маргадаггүй болно.

Мөн маргаж буй Б/714 тушаалын үндэслэл болсон Гааль, татварын газрын эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д "Гааль, татварын ерөнхий газрын зохиоч байгуулалтын бүтцийн болон харьяа нэгжийн даргыг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу Гааль, татварын ерөнхий газрын дарга томилж,чөлөөлнө” гэж заасан байх бөгөөд Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэлээр л чөлөөлөхөөр байна.

Гэтэл маргаж буй тушаал нь Төрийн албаны тухай хуулийг үндэслээгүйн дээр мөн хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх ямар ч үндэслэлийг заагаагүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд Төрийн албан хаагчийн баталгааны талаар хуульчилсан байх ба 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаач (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд ньүргэлжлүүлэн ажиллуулах...”-аар заасан.

Дээр дурдсаны дагуу Гааль, Татварын ерөнхий газрын даргын Б/714 тушаал нь батлагдаагүй Улсын Их Хурлын тогтоолыг үндэслэсэн, Төрийн албаны тухай хуулийг үндэслээгүйн дээр төрийн албанаас чөлөөлөх үндэслэлийг заагаагүй, Хүчингүй болсон хуулийг хэрэглэсэн гэх захиргааны акт илт хууль бус байх шинж нь илэрхий байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.2, 47.1.3, 47.1.6-д заасан захиргааны акт илт хууль бус байх шинжийг агуулж байх бөгөөд түүнийг үндэслэн гарсан Нийслэлийн татварын газрын даргын Б/48 дугаар тушаал мөн илт хууль бус байх юм.

Түүнчлэн Гааль, Татварын ерөнхий газрын дарга Б/714 тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу мэдэгдээгүй, сонсох ажиллагааг хийгээгүй юм. Мөн гуравдагч этгээдийн зүгээс Татварын ерөнхий газрын бүрэн эрхэд үл хамаарах асуудлаар даалгах шаардлага гаргаж байгааг буруу гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 31-ний өдрийн 128/ШШ2018/0071 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээд Г.С-д давж заалдах гомдолдоо: Миний бие Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Н даргалсан 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 128/ШШ2018/0071 тоот шийдвэрийг доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Иргэн Д.Б-н нэхэмжлэлтэй Татварын ерөнхий газар болон Нийслэлийн татварын газрыг хариуцагчаар татсан энэ маргаанд намайг бие дааж шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулсан боловч шүүх гагцхүү нэг талын эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргаснаар барахгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Д.Б нь Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон Татварын ерөнхий газрын даргын болон Нийслэлийн татварын газрын даргын шийдвэрүүдийг илт хууль бус болсон гэж шүүхэд ханджээ. Гэтэл Татварын ерөнхий газраас 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн татварын газар болондүүргийн татварын хэлтсийн даргын /нийт 10/ албан тушаалыг нийтэд зарлаж өрсөлдүүлэх сонгон шалгаруулалт явуулахад миний бие энэ албан тушаалын төлөө өрсөлдөж ганцаараа тэнцсэн юм. Хэдийгээр Д.Б энэ шалгалтад өөрөө орсон боловч тэнцээгүй унасан юм.

Ийнхүү уг албан тушаалыг хаших эрх надад олгогдсон хэдий ч Татварын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөл сонгон шалгаруулалтынхаа дүнг албажуулж нийтэд зарлаагүй, тэнцсэн хүмүүст албан тушаалын томилгоо хийгээгүй билээ.

Энэ маргаан шүүхээр хянагдаж байх явцад Д.Б болон түүний өмгөөлөгч М.Ш-н хүсэлтээр 2017оны 10 дугаар сарын 02-ны өдөр 128/Ш32017/6183 тоот шүүгчийн захирамж гаргаж Хан-уул дүүргийн татварын хэлтсийн даргын албан тушаалтай холбоотой ямар нэгэн үйл ажиллагааг явуулахыг хориглосон тул уг албан тушаалд ажиллах миний эрх ашиг хөндөгдлөө гэж үзэж шүүх хуралд гуравдагч этгээдээр оролцох хүсэлт тавьсан юм. Гэтэл шүүгч А.Н-н 2017оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 128/Ш32017/6906 тоот захирамжаар миний хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон юм. Үүнийг зөвшөөрөөгүй учраас би Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар тус шүүх 2017оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 221/ШТ2017/0796 тоот шүүхийн тогтоолоор намайг гуравдагч этгээдээр шүүх хуралд оролцуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн билээ.

Нэгэнт Анхан шатны шүүх энэ маргаанд намайг оролцуулах сонирхолгүй байсан тул би 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Татварын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн үйл ажиллагаатай холбогдуулж эс үйлдэхүйн улмаас миний эрх ашиг хохирч байна гэсэн агуулга бүхий бие даасан нэхэмжлэл гаргасан.

Гэвч шүүх уг нэхэмжлэлийг тусад нь авч хэлэлцэлгүйгээр Д.Б-н нэхэмжлэлтэй нэгтгэж гуравдагч этгээдээр намайг оролцуулсан юм. Иймээс би залхтлаа чирэгдэж, уйгагүй явсны хүчинд л арай гэж энэ шүүх хуралд гуравдагч этгээдээр оролцсон билээ. Миний бие дааж гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралд гуравдагч этгээдийн хувьд оролцохдоо тавьсан хүсэлт гэвэл:

Татварын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс 2017.05.04-ний өдөр зохион байгуулсан “Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтынхаа дүнг албажуулж нийтэд зарлахгүй байгаа нь эс үйлдэхүй болохыг тогтоолгох

Г.С-д намайг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд томилох шийдвэрийг Татварын ерөнхий газраар гаргуулах зэрэг байсан юм Анхан шатны шүүх энэ маргааныг хянан хэлэлцээд Татварын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн үйл ажиллагаа эс үйлдэхүйн хэлбэрээр сонгон шалгаруулалтад оролцогчдын эрх ашгийг хохироосон байна гэж тогтоосон боловч Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн даргаар Д.Б бид 2-ын хэн нь ажиллах ёстой вэ гэдгийг тодорхой зааж өгөөгүйгээр барахгүй миний нэхэмжлэлийн гол шаардлагыг хэрэгсэхгүй болголоо. Үүний зэрэгцээ Д.Б-нТатварын ерөнхий газар болон Нийслэлийн татварын газартай холбогдуулж гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон атлаа гол маргаантай асуудлыг хагалж шийдэж өгөөгүй учраас шүүхийн шийдвэрт би сэтгэл хангалуун бус байгаа. Бүр тодруулбал энэ албан тушаалын төлөөх сонгон шалгаруулалтад ороод тэнцээгүй, /тэтгэвэр тогтоолгох дээд насандаа хүртэл ажиллаж байгаа 64 настай/ Д.Б энэ албан тушаалыг хаших нөхцөл нь хэвээрээ хадгалагдаж харин миний нэхэмжлэлийн гол шаардлагыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Татварын ерөнхий газрын системийн хэмжээгээр эрэгтэйчүүдийг нь60 нас, эмэгтэйчүүдийг нь 55 нас хүргээд тэтгэвэрт гаргачихдаг юм билээ. Тэгвэл энэ хүнд энэ албан тушаалыг насан турш өмчлөх давуу эрх ямар хуулиар олгогдсон байх вэ?.

Төрийн албаны тухай хуулийн 24 дугаар зүйлийн зохицуулалтаар бол төрийн захиргааны албан хаагч 60 нас хүрээд тэтгэврээ тогтоолгох, өөрөө хүсээд байгууллагын захиргаа дэмжвэл 65 нас хүртэл ажиллаж болох хуультай. Тэгэхээр энэ хүн Гааль.Татварын ерөнхий газар нэгдэх салах зэргээр тухайн байгууллагад орсон бүтцийн өөрчлөлтийн дагуу хийсэн хүний нөөцийн хөдөлгөөнтэй холбогдуулж гаргасан шийдвэрийг эсэргүүцэж маргалдаад байгаа нь арай дэндсэн асуудал биш үү. Д.Б-г ямар ажлаас халсан биш, албан тушаал бууруулсан биш харин ч Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар тэтгэвэр тогтоолгох наснаасхэтрүүлэн ажиллуулаад байхад ийнхүү маргалдах нь өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана гэгч болно биз дээ.

Түүнчлэн шүүх миний нэхэмжлэлийн гол шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо тодорхой үндэслэл заагаагүй. Ийнхүү шүүх асуудлыг дутуу шийдсэний гадна цаашид эрх ашгаа хамгаалж шүүхэд хандах боломжийг хаасан нь ч хачирхалтай байна. Ер нь Дүүргийн татварын хэлтсийн даргын албан тушаалтныгтомилох эрх Татварын ерөнхий хуулийн 27-р зүйлийн 11-д зааснаар Нийслэлийн татварын газрын даргад хадгалагддаг боловч энэ зохицуулалт бүрэн хэрэгждэггүй юм. Энэ байгууллага босоо тогтолцоогоор боловсон хүчнийхээ бодлогыг томилж чөлөөлдөг. Өөрөөр хэлбэл татвар хураагчаас эхлээд бүх шатны албантушаалтан Татварын ерөнхий газрын даргын тушаалаар томилдог. Дүүргийн татварын хэлтсийн даргыгТатварын ерөнхий газар эхлээд томилж Нийслэлийн татварын газрын дарга түүнийг л баталгаажуулсан байдлаар дахин тушаал гаргадаг юм билээ. Үүнийг Д.Б-н илт хууль бус гэж тогтоолгох гээд байгаа 2 тушаалаас ч тодорхой харж болно. Тэгээд ч Татварын ерөнхий газрын дарга одоогоор түр орлон гүйцэтгэгч тул Төрийн албаны салбар зөвлөлийн даргын эрх хэмжээг эдлэх боломжгүй гэж тайлбарлаад сонгон шалгаруулалтын дүнг албажуулж өгөлгүй өдий хүрсэн. Мөн Нийслэлийн татварын газрын дарга өөрөө 2017-оны 05 дугаар сарын 04-ний өдөр явагдсан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгоншалгаруулалтад өрсөлдөж одоог хүртэл эцсийн дүн нь гараагүй байгаа. Эдгээр нөхцөлүүдээс шалтгаалж цаашид Дүүргийн татварын хэлтсийн даргыг томилох үйл явц мөдгүй. Төрийн албаны зөвлөл 2017 оны 11 дүгээр сард сонгон шалгаруулалтынхаа дүнг нийтэд зарлаж шалгалтад тэнцсэн хүмүүст албан тушаалынтомилгоо хийх чиглэл Татварын ерөнхий газарт өгсөөр атал асуудлыг хуулийн дагуу шийдэхгүй байгаа нь үүний нэг тод баримт юм. Иймд Г.С-д намайг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн даргын албан тушаалд томилуулах нэхэмжлэлийнхээ шаардлагаа дахин тавьж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 128/ШШ2018/0071 дүгээр шийдвэрийг тус шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1/1526 тоот албан бичгээр гардан аваад дор дурдсан үндэслэлээр зарим хэсгийг нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

Татварын ерөнхий газрын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн сонгон шалгаруулалтын дүнгнийтэд зарлаж мэдээлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг сонгон шалгаруулалтын дүнгалбажуулан тогтоол гаргуулж Төрийн албаны зөвлөлд хүргүүлэхийг даалгах, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд Г.С-д намайг томилохыг даалгах бие даасан шаардлагын гаргасан.

Шүүх “Татварын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөл уг сонгон шалгаруулалтын дүнг Улсын Их хурлын 2003 оны 13 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 32-д “... Салбар зөвлөл нь ... төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан иргэнийг удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад оруулах тухай шийдвэр гаргана.”, 35-д “... Салбар зөвлөл нь удирдах албан тушаалд нэр дэвшигчийг хэрхэн сонгосон тухай болон тэдний нэрсийн жагсаалтыг нийтэд мэдээлнэ.” гэж заасны дагуу сонгон шалгаруулалтын дүнг нийтэд мэдээлэх, хамгийн өндөр оноо авсан иргэнийг удирдах ажилтны нөөцөд бүртгэх, томилуулах тухай санал хүргүүлэх зэрэг хууль, журамд заасан үүргээ хэрэгжүүлж шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус гэх гуравдагч этгээдийн бие даасан шаардлага үндэслэлтэй.” гэж дүгнэжээ.

Энэхүү дүгнэлт хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн нотлох болох хэдийгээр Татварын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөл гэсэн эрх зүйн байдалтай байдаг ч түүнийг байгуулах, өөрчлөх, татан буулгах нь Төрийн албан зөвлөлийн бүрэн эрх мөн Г.С-г төрийн албан сонгон шалгаруулалтад тэнцсэн тухай тогтоолыг Салбар зөвлөл хэлцэж  тогтоол гаргаагүй байхад Татварын ерөнхий газар шийдвэр гаргах ямар ч боломжгүй юм. Өөрөөр хэлбэл Улсын Их хурлын 2003 оны 13 дугаар тогтоолын хавсралтаарбатлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулахжурам”-ын 32-д “... Салбар зөвлөл нь ... төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан иргэнийг удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад оруулах тухай шийдвэр гаргана.”, 35-д “....Салбар зөвлөл нь удирдах албан тушаалд нэр дэвшигчийг хэрхэн сонгосон тухай болон тэдний нэрсийн жагсаалтыг нийтэд мэдээлнэ.” гэж заасны дагуу жинхэнэ хариуцагч нь Татварын ерөнхий газар бус Татварын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөл юм.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд шүүхийн эрхэм зорилгыг хуульчилсан байдаг ба мөн зүйлийн 4.1.3,-д хууль дээдлэх, шударга ёс, ардчилсан ёсыг бэхжүүлэх; 4.1.4,-д хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, иргэний эрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлэх. гэсэн зорилго мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.4.Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдынмаргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй. гэж заасантай шийдвэр нийцсэн байх учиртай.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 128/ШШ2018/0071 дүгээр шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Б-с “Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Ажлаас түр чөлөөлж, томилох тухай” Б/714 дүгээр тушаалын Д.Б надад холбогдох хэсгийг, Нийслэлийн татварын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Д.Б-г албан тушаалд томилох тухай” Б/48 дугаар тушаалуудыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

Уг захиргааны хэрэгт иргэн Г.С-г бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр татан оролцуулсан байна.

Харин Г.С-с Татварын ерөнхий газрын даргад холбогдуулан “Татварын ерөнхий газрын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн сонгон шалгаруулалтын дүнг зарлахгүй, үр дүнг тооцохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэл гаргасан байх бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 7655 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байна.

Дээрх хоёр хэргийг анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 7715 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Аль нэг захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн маргаантай хэрэг байгаа, эсхүл нэг нэхэмжлэгчээс өөр өөр хариуцагчид гаргасан нэхэмжлэлтэй хэд хэдэн хэргийг шүүх нэг ажиллагаагаар нэгтгэн хэлэлцэж болно” гэж заасны дагуу нэгтгэсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Энэ хуулийн 3.1.3-т заасан нэхэмжлэлийг гаргасан этгээдийг нэхэмжлэгч гэнэ. Мөн хуулийн 3.1.3-т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж заасан байна.

Д.Б-н нэхэмжлэлтэй хэрэгт Г.С-н нэхэмжлэлтэй хэргийг нэгтгэснээр Г.С нь дээрх хуулийн дагуу нэхэмжлэгч гэж тодорхойлогдохоор байна.

Гэтэл анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Д.Б-н нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт Г.С-н нэхэмжлэлтэй захиргааны хэргийг нэгтгэсний дараа Г.С-г нэхэмжлэгч эсвэл гуравдагч этгээд аль нь болохыг тодорхойлоогүй атлаа шүүхийн шийдвэрт гуравдагч этгээд гэж тодорхойлж, түүний нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

Мөн нэхэмжлэгч Г.С-н “Татварын ерөнхий газрын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн сонгон шалгаруулалтын дүнг зарлахгүй, үр дүнг нь тооцохгүй байгааг эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага нь Татварын ерөнхий газрын даргад хамааралтай эсэхийг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Зүй нь анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.С-н нэхэмжлэлийн дээрх шаардлага нь ямар этгээдэд хамаарах, уг нэхэмжлэлийн шаардлагыг хэнд хариуцуулан гаргаж, ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандаж байгааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулсны үндсэн дээр хариуцагчийг зөв тодорхойлуулж, үүнтэй холбогдуулан шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан шийдвэрлэх шаардлагатай байжээ.

Иймд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байдлыг засахгүйгээр давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 128/ШШ2018/0071 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ