| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/06518/И |
| Дугаар | 197/ШШ2025/14878 |
| Огноо | 2025-11-04 |
| Маргааны төрөл | Газар эзэмших гэрээ, түүнийг байгуулах журмыг зөрчсөн, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 197/ШШ2025/14878
2025 11 04 197/ШШ2025/14878
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 5 дугаар байр, ******* тоотод оршин суух Оч******* Ба******* /РД:ВЮ*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 11 дүгээр байр, ******* тоотод оршин суух Ба******* Ар******* /РД:ТЖ*******/-д холбогдох,
6,380,160 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Ба*******, хариуцагч Б.Ар*******, хариуцагчийн өмгөөлөгч О.Золбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нар оролцов.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 164 дүгээр цэцэрлэгийн ар талд байрлах 20 тоот тоосгон авто зогсоолыг эрхийн зөрчилтэйг нь мэдсээр байж худалдсан, худалдах-худалдан авах гэрээний үүгээ хариуцагч биелүүлээгүй үндэслэлээр гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 6,000,000 төгрөг, уг авто зогсоолын 2017-2020 оны газрын төлбөрт төлсөн 380,160 төгрөг, нийт 6,380,160 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний дагуу 20 тоот авто зогсоолыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч нь тус авто зогсоолыг 3,8 жилийн хугацаанд өөрийн эзэмшилд ашигласан, үр шимийг нь хүртсэн, анх худалдах үед авто зогсоолыг нураахыг огт мэдээгүй, мэдэх боломжгүй байсан, Худалдах-худалдан авах гэрээгээр худалдан авагч эд хөрөнгийг хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байгаад хүлээн авсан бол Иргэний хуулийн 255 дугаар шийдвэрлэх 255.1, 255.1.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхээ алддаг учир нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1. Зохигчид 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 164 дүгээр цэцэрлэгийн ар талд 28 автомашины нэгдсэн автозогсоолын 20 тоот тоосгон хийцлэл бүхий авто зогсоолыг 10,000,000 төгрөгөөр тооцон худалдахаар харилцан тохиролцож, худалдан авагч буюу нэхэмжлэгч нь 2 мөн өдрөө гэрээний урьдчилгаа төлбөр болох 6,000,000 төгрөгийг худалдагч буюу хариуцагч Б.Ар*******ийн хаан банк дахь ******* дугаартай данс руу шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан депозит дансны дэлгэрэнгүй хуулга гэх баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хх 36/
Иймд талуудын хооронд эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Учир нь, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч нь Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 164 дүгээр цэцэрлэгийн ар талд байрлах 20 тоот тоосгон авто зогсоолыг биет байдлын хувьд нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, тухайн нэгдсэн авто зогсоол байрлаж буй газар ашиглах эрхийн гэрээг зохих журмын дагуу нэхэмжлэгчийн нэр дээр шилжсэн тохиолдолод үлдэгдэл 4,000,000 төгрөгийг хариуцагчид өгөхөөр харилцан тохиролцон үүрэг хүлээжээ.
4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
4.1. Худалдагч буюу хариуцагч нь гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагч буюу нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэг хүлээх бол худалдан авагч нь гэрээний үнийг тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд талуудыг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.
4.2. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бааримт, зохигчдын гаргасан тайлбараас дүгнэвэл, авто зогсоолын урьдчилгаа төлбөр болох 6,000,000 төгрөгийг хариуцагчид төлсөн эсэх, газар ашиглах гэрээний 2017, 2018, 2019, 2020 оны төлбөр болох нийт 380,160 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн эсэх үйл баримтын талаар маргаагүй, гагцхүү гэрээний зүйл доголдолтой байсан эсэх, хариуцагч гэрээнийн үүргээ биелүүлсэн эсэх, нэхэмжлэгч авто зогсоолыг хүлээн авахад өмчлөх эрхийн доголтой байсныг мэдэж байсан эсэх талаар маргаж байна.
4.3. Маргаан бүхий худалдах-худалдан авах гэрээний зүйл болох Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 164 дүгээр цэцэрлэгийн ар талд байрлах 20 тоот тоосгон авто зогсоолыг хариуцагч Б.Ар******* нь 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр иргэн М.Ня 13,000,000 төгрөгөөр худалдан авч, М.Нямсүрэн, Б.Ар******* нар Баянгол дүүргийн газрын албанд хүсэлт гаргасны дагуу авто машины гараж зориулалтаар худалдагч М.Нямсүрэнгийн ашиглаж байсан 18 м.кв газрыг ашиглах гэрээний үүргийг хариуцагч Б.Ар*******д шилжүүлж 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр акт үйлджээ. /хх *******-30/
Тодруулбал, уг автозогсоол нь анх эзэмшигч нь ашиглаж эхэлсэн цагаас эхлэн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй гагцхүү тухайн авто зогсоолын эзэмшигч биет байдлын хувьд өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж байсан бөгөөд харьяа дүүргийн газрын албатай газар ашиглах гэрээ байгуулж, газрын төлбөрийг төлж байсан болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн Баянгол дүүргийн засаг даргын 1998 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/98 дугаар захирамж, бүртгэлийн 82 дугаартай, Иргэн, аж ахуй нэгж байгууллагын газар ашиглах гэрээ, газрын төлбөрийг тодорхойлох тухай 4/82 дугаартай акт, гэрч Н.Ба, Д.Ба нарын мэдүүлэг зэргээр тогтоож байна. /хх *******, 28, 49-53, 122/
4.4. Нэхэмжлэгч О.Ба*******д гэрээний зүйл болох 20 тоот авто зогсоолыг биет байдлын хувьд 2020 оны 11 дүгээр сард хүлээлгэж өгсөн болох нь гэрч Г.Мандах, Н.Ба, Д.Ба нарын мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд зохигчид 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр мөнгө хүлээлцэх тухай дүр үзүүлсэн хэлцлийг байгуулж, газар ашиглах гэрээг нэхэмжлэгч О.Ба*******д шилжүүлэхээр Баянгол дүүргийн газрын албанд хүсэлтээ гаргахад газар ашиглах гэрээг шилжүүлэх ажиллагаа түр хугацаанд хийгдэхгүй гэх хариу өгсөн үйл явдалд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй. /хх 6, 47-53/
4.5. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1.-д Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж, мөн 254 дүгээр зүйлийн 254.1.-д Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж зааснаас гадна 254.6.-д Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1.-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж тус тус заасан.
Тайлбарлавал, худалдан авагч буюу нэхэмжлэгч нь гэрээний зүйлийн доголдлыг худалдагч болох хариуцагчаас баталгаат хугацаа тогтоосон бол тухайн хугацаанд, хэрэв тогтоогоогүй тохиолдолд эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлснээр тус хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1.-д заасан нэгдүгээрт, эд хөрөнгийн доголдлыг арилгуулах, хоёрдугаарт, доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, гуравдугаарт, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, дөрөвдүгээрт, гэрээг цуцлах шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй.
Гэтэл шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт болон зохигчдын тайлбараар нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 164 дүгээр цэцэрлэгийн ар талд 28 автомашины нэгдсэн авто зогсоолын 5 тоот зогсоолыг мөн эзэмшдэг байсан тул нэхэмжлэгчийг эд хөрөнгийн доголдол /өмчлөх эрхийн гэрчилгээгүй, газар ашиглах гэрээний үндсэн дээр ашигладаг байсан/-ын талаар мэдсээр байж хүлээн авсан гэж үзнэ.
4.6. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1.-д зааснаар гэрээний зүйлийг хүлээн авахдаа эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад хүлээн авсан тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдахаар хуульчилсан учир нэхэмжлэгч хариуцагчаас 6,000,000 төгрөгийг шаардах эрхгүй болжээ.
4.7. Түүнчлэн нэхэмжлэгч нь 2020 оны 11 дүгээр сард 20 тоот авто зогсоолыг шилжүүлан авснаас хойш уг зогсоолыг нураах хүртэл буюу 2023 оны 06 дугаар сар хүртэл ******* сарын хугацаанд эзэмшиж, ашиглаж байсан тул Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-т Гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ. гэж зааснаар авто зогсоолын үр шим болон эрсдэл худалдан авагчид шилжсэн байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь тус маргаан бүхий 20 тоот авто зогсоолыг 2020 оны 11 дүгээр сард хүлээн авснаас хойш 21 сарын дараа буюу 2022 оны 09 дүгээр сарын 02, 2023 оны 03 дугаар сарын 22, 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрүүдэд авто зогсоолыг газрын чөлөөлөх тухай Баянгол дүүргийн газрын албанаас мэдэгдэж, 2023 оны 06 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд газар албадан чөлөөлөх ажиллагаа хийгдсэн болох нь Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/75/2024/05763 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичгээр тогтоогдож байх тул хариуцагчийн татгалзлыг буруутгах үндэслэлгүй. /хх 61-72/
5. Зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, голомт банкны 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн орлогын мэдүүлэг гэх баримтаар худалдагч буюу худалдан авагч Б.Ар*******ийн 20 тоот зогсоолыг ашиглаж байх хугацаа болох 2017, 2018, 2019, 2020 оны газар ашигласны төлбөр нийт 380,160 төгрөгийг нэхэмжлэгч О.Ба******* төлсөн болох тогтоогдож байна. /хх 7/
5.1. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-т Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно. гэж зааснаар хариуцагчийн газар ашигласан хугацааны төлбөрийг нэхэмжлэгч төлсний улмаас хариуцагч газар ашиглах гэрээний төлбөр төлөхөөс чөлөөлөгдсөн байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас 380,160 төгрөгийг шаардах эрхтэй.
Иймд, дээр тус тус дурдсаныг нэгтгэн дүгнээд хариуцагчаас 380,160 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 117,033 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 12,055 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1, 496 дугаар зүйлийн 496.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Ар*******ээс 380,160 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Ба*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117,033 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 12,055 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.АЗБАЯР