| Шүүх | Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чинзоригийн Баярмаа |
| Хэргийн индекс | 120/2023/0027/з |
| Дугаар | 120/ШШ2026/0035 |
| Огноо | 2026-08-03 |
| Маргааны төрөл | Газар, |
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 120/ШШ2026/0035
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ч.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “*******” ХХК
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******, *******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: *******, *******
Хариуцагч: Өмнөговь аймгийн сумын Засаг дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Номинзул
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: И.Олонмөнх
Гуравдагч этгээд: “*******” ХХК
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******, *******
Гуравдагч этгээд: “” ХХК
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, ******* /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Номинзул /цахимаар/, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэчулуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2. Нэхэмжлэгч “Оюу толгой” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолоор “*******” төслийг хэрэгжүүлэх зорилгоор улсын тусгай хэрэгцээнд авсан газрыг зориулалтынх нь дагуу ашиглах нь “*******” ХХК-ийн үүрэг бөгөөд нөгөө талаараа уурхайн талбайг хамгаалах төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд тусгай хэрэгцээнд авсан газрыг зохих журмынх нь дагуу ашиглах нь “*******” компанийн эрх гэж үзэж байгаа. Тийм учраас шүүхэд нэхэмжлэл гаргаад маргаад явж байгаа.
Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ заагийг тогтоох журмыг баримталж ирсэн. Тухайн журам нь хамгийн анх 2003 онд батлагдаад 2017, 2025 онд онуудад шинэчлэгдэн батлагдаад тус тус хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. Тэгэхээр эдгээр журмын зохицуулалтаас үзэхээр улсын тусгай хэрэгцээний газрыг зөвхөн зориулалтынх нь дагуу ашиглах ийм зохицуулалттай. Зориулалтын бусаар бусдад газар эзэмшүүлж ашиглуулахыг хориглочихсон журам аль 2003 оноос хойш мөрдөгдөөд хүчин төгөлдөр байгаа.
Мөн газрын харилцааг зохицуулж байгаа Газрын тухай хуулийн 4.1-д газрын талаар төрөөс баримтлах үндсэн зарчмыг тусгайлан зохицуулж өгсөн байдаг.
Тодруулбал иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших эрх олгох нөхцөл журмыг Газрын тухай хуулиар тусгайлан зохицуулсан байдаг. Гэвч “” ХХК-д олгосон энэ газар олголт хууль журмыг зөрчсөн нь тодорхой байдаг. Газрын тухай хуулийн 33.1.2-т зааснаас үзвэл тус хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар олгоно гэдэг зохицуулалттай.
Гэтэл хэрэгт авагдчихсан баримтаас харахаар “” ХХК-д газар олгохдоо дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмын алийг нь ч баримтлаагүй. Энэ зарчмаар олгоогүй буюу хуулийг зөрчсөн байгаа асуудал тодорхой байдаг.
Мөн 2016 онд тухайн этгээдэд газар эзэмших, олгох хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2008 оны газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 3.1.1-д зааснаар шинээр иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмших, ашиглах эрх олгож байгаа тохиолдолд тухайн этгээд батлагдсан загварын дагуу өгөгдөл гаргахаар зохицуулчихсан. Мөн журмын 3.4.1-д зааснаар шинээр газар эзэмших тохиолдолд өргөдөлдөө 4 төрлийн баримтыг хавсаргаж өгөхөөр тодорхой зохицуулчихсан. Хэрэгт авагдчихсан байгаа баримтаас үзэхээр “” ХХК хамгийн анх 2014 оны 12 сарын 11-ний өдөр маргаан бүхий 1 га газар дээр авто засвар болон худалдаа үйлчилгээний кемп байгуулах зориулалтаар газар эзэмших эрхийн хүсэлтээ гаргасан байдаг.
сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулсны дагуу “” ХХК-д 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/105 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгосон асуудал нь анхнаасаа хууль тогтоомжийг зөрчсөн хууль бус буюу тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1.3, 9.1.7-д зааснаар, мөн одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3, 47.1.6-д тус тус заасан үндэслэлд хамаарах буюу илт хууль бус захиргааны актад хамаарч байна гэж үзэж байна. “*******” ХХК-д холбогдох сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/157 дугаар захирамж, мөн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/158 дугаартай газар эзэмших эрх олгосон энэ захирамжууд хууль тогтоомжийг зөрчсөн асуудал байгаа.
Тэгэхээр “” ХХК-д газар эзэмших эрх олгосон 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/105 дугаар захирамж анхнаасаа хууль зөрчиж гарсан илт хууль бус захиргааны акт байгаа учраас энэ илт хууль бус захиргааны актыг үндэслэл болгон гарч байгаа “*******” ХХК-д газар эзэмших эрх шилжүүлсэн сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/157 дугаар захирамж ч гэсэн илт хууль бус захиргааны акт болно гэж үзэж байгаа.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхээр “” ХХК болон “*******” ХХК нар газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхдээ газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх болон шилжүүлэн авах хүсэлтийг огт гаргаж байгаагүй байдаг.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2/528 мөн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 1/1108 дугаар албан бичгүүдээр сумын Засаг даргын “*******” ХХК-д шатахуун түгээх станцын зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан газартай Засгийн газрын тогтоолтой давхцалтай байна гэдэг.
сумын Засаг даргаас энэ хууль бус захирамжуудыг хүчингүй болгохгүй байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд “*******” төслийг хэрэгжүүлж байгаа нь “*******” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, төслийн хэрэгжилт, түүнээс үүдэлтэй улс эх орны эдийн засаг, нийгмийн хөгжилд саад учруулж байна гэж үзэж байна.
Ийм учраас эдгээр үндэслэлээр Өмнөговь аймгийн сумын Засаг даргын 2016 оны А/150 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/157 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, мөн сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/158 дугаар захирамжийг хүчингүй болгож, Өмнөговь аймгийн сумын Засаг даргын “*******” ХХК-д газар эзэмших эрх олгохгүй байгаа энэ эс үйлдэхүй хуульд бус болохыг тогтоож, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолоор “*******” төслийг хэрэгжүүлэх зорилгоор улсын тусгай хэрэгцээнд авсан газраас төсөл хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай байгаа 1 га газарт газар ашиглагдах эрх олгох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг сумын Засаг даргад даалгаж өгнө үү...” гэв.
2.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2011 онд тусгай хэрэгцээнд авсан газрыг тухайн үед нь мэдээгүй. 2016 онд “” ХХК-д газар олгоход, 2018 онд одоогийн гуравдагч этгээд буюу “*******” ХХК-д шилжүүлэхэд бид бүхэн үүнийг мэдээгүй байсан гэж хэлж байна.
Энэ тогтоол гараад Улсын дээд шүүхээр хүртэл хянагдчихсан, дээрээс нь төрийн мэдээллээр мэдээлэгдчихсэн байхад үүнийг мэдээгүй гэж хэлж байна гэдэг нь ялангуяа хуулийн хэрэгжилт гүйцэтгэлийг хангаж байгаа захиргааны байгууллагын албан тушаалтан ингэж хэлэх ямар ч боломж байхгүй.
Засаг даргын шийдвэр, хууль тогтоомжийг харьяа нутаг дэвсгэр дээр Засаг дарга биелүүлэх ёстой. Аж ахуйн нэгж байгууллагуудад болгоомжгүй олголтоороо ийм хүндрэлтэй асуудал үүсгэчихлээ. Тэгэхээр үүнийг хэзээд ч шийдвэрлэх эрх нь тухайн Засаг даргад өөрт нь байгаа. Зохих байршил, нөхцөлийг нь тодруулж захирамжийг гуравдагч этгээдийг хохироохгүй байдлаар шийдвэрлэх, боломж нөхцөл ч байж байгаа.
Захиргааны ерөнхий хуульд заагдсан сонгох боломж, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх энэ боломжоо анх хүсэлт гаргаснаас хойш 6 жил маргаад явж байгаа хугацаанд авч хэрэгжүүлэхгүй байна.
Хэрэгт авагдсан баримт болон Засгийн газрын эрх зүйн мэдээллийн эх сурвалжаас үзэхээр 175 дугаар тогтоол нь өөрчлөлт ороогүй, хүчингүй болоогүй биелэгдээд явж байгаа. 2017 онд энэ тогтоолтой холбоотой маргаан гарсан. Тэгээд энэ тогтоол хүчинтэй байгаа юу гэдэг дээр Улсын дээд шүүх шийдвэрлэчихсэн. Улсын дээд шүүхийн 2017 дугаар 235 дугаар тогтоол байдаг.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль цаашид эдгээр хуулиудын уялдаа, хэрэгжилтийн нөхцөл хэрэглээний цаана чиглэж байгаа Үндсэн хууль байж байна.
Хэрэгт баримтууд авагдсан, хариуцагчийн төлөөлөгч дуудлага худалдаа төсөлтэй холбоотой баримт байж ч магадгүй гэж байна. Гэхдээ бид тодорхой дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулаад хуульд заасан журмын дагуу олгоогүй гээд үндэслэлээ тодорхой хэлчихсэн. Хэрвээ хуульд заасан журмын дагуу олгосон гэж байгаа бол нотлох үүрэг нь хариуцагчид байгаа. Үзлэг гэх мэт ажиллагаанууд хийлгэсэн.
Засгийн газрын тогтоол хэрэгжээд явж байгаа, хэрэгжээд явж байгаа талаараа ч Засгийн газрын хэрэг эрхлэх газраас хариу өгөөд яваад байгаа. Одоогийн нөхцөл байдалд ямар байдалтай байгаа гэхээр мэдээллийн нэгдсэн санд бүртгэчихсэн, улсын тусгай хэрэгцээний газар болоод явж байгаа нөхцөл байгаа.
Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, Засгийн газрын сүүлд гаргаад байгаа 2025 оны 138 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан газрыг улсын тусгай хэрэгцээний дагуу авах, түүний хэмжээ заагийг тогтоох ашиглах журмын 5.1.1, 5.1.2-т зааснаар улсын тусгай хэрэгцээний газрыг зориулалтын бусаар эзэмшүүлэхийг хориглочихсон зохицуулалт байгаа.
Улсын тусгай хэрэгцээний газарт газар эзэмших эрх олгож болохгүй, хориглоно гэдэг зохицуулалттай. Хууль тогтоомжийн зохицуулалтаас харвал гуравдагч этгээд тухайн газарт газар эзэмшиж болохгүй ийм нөхцөл байдал байгаа.
Газар эзэмших эрх нь тусгай хэрэгцээний газар тусгай хэрэгцээний газар биш байсан ч энэ газар нь яаж ч бодсон хууль ёсны дагуу олгогдсон гэж үзэх үндэслэл байхгүй. Ингээд хууль зөрчиж газар эзэмших эрх олгосон болон нэхэмжлэгчид холбогдох хууль журмын дагуу олгох ёстой, газар ашиглах эрхийг зөрчиж байгаа гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудад маш тодорхой байгаа.
Мөн үүнийг зөвхөн “*******” ХХК яриад эхлээд байгаа юм биш. Энэ асуудлаар Эрчим хүчний яам, Газрын харилцаа геодези зураг зүйн ерөнхий газар гээд газруудаас яг энэ олгочхоод байгаа 1 га газар нь Засгийн газрын улсын тусгай хэрэгцээний газартай давхацчихсан байна, зориулалтын дагуу олгогдоогүй байна гэдэг дээр хэд хэдэн удаа чиглэл өгөөд, энэ газар эзэмших эрхээ хүчингүй болгооч гээд хэлээд байхад ямар нэгэн байдлаар хүчингүй болгохгүй, тухайн үеийн маань шийдвэр үндэслэлтэй байсан гээд байгаа учраас л энэ маргаан үүсээд яваад байна.
Тийм учраас энэ асуудлыг том дүр зургаар нь хараад яг энэ газартай холбоотойгоор нэгэнт маргаан үүсээд явж байгаа учраас энэ асуудлыг шүүхээс эцэслэн дүгнэлтээ өгөөд шийдвэрлэх ёстой байх гэж үзэж байгаа учраас нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү...” гэв.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь улсын тусгай хэрэгцээнд авсан газрын нэгж талбарын эргэлтийн цэгийг батлагдсан солбицлоор нь кадастрын зураг үйлдээд газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх арга хэмжээ авдаг.
Энэ ажил хийгдээгүйн улмаас мэдээллийн санд ямар нэгэн давхцал үүсээгүй, газар дээрээ явагдаж байгаа үйл ажиллагаа байхгүй байсан учраас сумын Засаг даргын нэхэмжлэлд дурдагдаад байгаа 2016 оны А/105 , 2016 оны 158, 2018 оны А/157 дугаартай захирамжууд гарсан.
Энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасны дагуу хүсэлт гаргаж байгаа байршил нь буюу газар нь бусдын эзэмшиж, ажиглаж, өмчилж байгаа газартай ямар нэгэн байдлаар хэмжээгээр давхцаагүй байх гэдэг заалтыг зөрчөөгүй байгаа учраас сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаад тухайн шийдвэрүүд гарсан байгаа.
Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоол нь анх гарахдаа бусдын эзэмшил, ашиглалт, өмчлөлд олгогдсон нэгж талбарууд давхцалтай, дээрээс нь уг тогтоолоор гарсан солбицол нь улсын хилээс гарсан зэрэг зөрөөтэй байгаа учраас газрын удирдлагын цахим системд бүртгэх боломжгүй байна.
Тогтоол дээр дахиж ажиллах шаардлагатай байна, дахиж ажлын хэсэг байгуулах шаардлагатай байна гэсэн албан бичиг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас Барилга хот байгуулалтын яам руу зэрэг хүргүүлсэн, хоорондоо харилцсан албан бичгүүд энэ хэрэгт авагдсан байгаа.
Эндээс харахад тухайн тогтоол нь анхнаасаа системд бүртгэх боломжгүй, солбицлын зөрөөтэй зэрэг хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх боломжгүй байсан. Мэдээллийн системд бүртгэх ч боломжгүй, тэгээд бүртгээгүйн улмаас ганцхан сумд биш энэ тогтоолд хамрагдаж байгаа Өмнөговь аймгийн 5 сум газар олголтоо хийгээд явж байсан.
2023 оны байдлаар зөвхөн энэ нэхэмжлэлд дурдагдаад байгаа 1 нэгж талбар олгогдчихсон юм уу гэхээр үгүй, 1127 нэгж талбар олгогдчихсон байж байгаа. 2011 оны 175 дугаар тогтоолыг 2025 оны 3 сард улсын хилээс гарсан зөрөөтэй байгаа солбицлыг нь засаад газрын кадастрын мэдээллийн санд оруулсан байгаа.
Үүнийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас системд оруулж өгсөн. Орж ирснээрээ 2025 оны 03 дугаар сараас хойшоо энэ хил зааг дотор “*******” төсөл хэрэгжихтэй холбоотой болон өөр ч зориулалтаар газар олголт явагдаагүй, явагдах, төлөвлөх ч боломжгүй байгаа.
Өмнө нь 2011 онд тогтоол нь гараад системдээ бүртгэгдээд хүчин төгөлдөр мөрдөгдөөд явж байсан бол ийм газар олголтууд хийгдэхгүй байх байсан.
Тэгэхээр тогтоол нь анхнаасаа хэрэгжих боломжгүй тогтоол байсан. Тэр нь газрын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болох Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн ерөнхий газар, Барилга хот байгуулалтын яамнаас гарсан бичиг, ажлын хэсэг зэргийнх нь шүүхэд ирүүлсэн бичиг зэргээр нотлогдож байгаа гэж харж байна. Тэгэхээр сумын Засаг даргын гаргасан шийдвэрүүдийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна... ” гэв.
4. Гуравдагч этгээд “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гуравдагч этгээд “*******” ХХК-ийн хувьд “” ХХК-иас эрх шилжүүлж газар эзэмших эрхийг шилжүүлж авсан байдаг. Мөн шилжүүлж авсантай холбоотойгоор “*******” ХХК дээр шилжүүлж авах процесс Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу газар шилжүүлэх, эзэмших эрхийг шилжүүлэх процесс явагдсан. Үүнтэй холбоотойгоор гуравдагч этгээд болох “*******” ХХК-ийн хувьд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 буюу газрыг Газрын тухай хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гээд шаардлагыг хангаж нэгж талбарын дугаарыг авсан.
Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна гэдэг энэ шаардлагыг хангаж байгаа. Үүнтэй холбоотойгоор газар эзэмших талаар төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулсан, эрхийн гэрчилгээ эзэмшиж байгаа.
Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас 175 дугаар тогтоолтой холбоотой 3 солбицол улсын хилээс гарсан, талбайн хэмжээ зөрөөтэй, иргэн, хуулийн этгээдийн газартай давхцалтай байгаа тул Газрын кадастрын нэгдсэн санд бүртгэх боломжгүй гэдэг хариу тайлбар ирүүлсэн байдаг. Мөн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас анхан шатны шүүхэд хариу ирүүлсэн. Тус албан бичиг дээр мөн 175 дугаар тогтоолтой холбоотой солбицлыг бүртгэх боломжгүй, бүртгэгдээгүй байгаа учраас давхцалтай эсэх зүйл харагдахгүй байна гэдэг албан бичгүүдийг төрийн зохих шатны байгууллагуудаас анхан шатны шүүхэд ирүүлсэн нь хавтаст хэрэгт байгаа.
Мөн 2011 оны 175 дугаар тогтоол анх гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийг үндэслэж гаргасан байдаг. Үүнтэй холбоотой 2015 онд Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулаад 2011 оны 175 дугаар тогтоолыг Газрын тухай хуульд нийцүүлэх ёстой. Газрын тухай хуульд нийцээгүй тогтоол гаргасан байна гэдэг талаар төрийн захиргааны төв байгууллагууд ажлын хэсэг гарч мөн Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дүгнэлт ч хүртэл гарсан байгаа.
Тэгэхээр гуравдагч этгээд болох “*******” ХХК-ийн хувьд газар эзэмших гэрчилгээг хуульд заасан зориулалтын дагуу төрийн захиргааны төв байгууллагад хуульд заасан шаардлага журмын дагуу газар эзэмших гэрчилгээг шилжүүлж авсан гэдгийг хэлмээр байна. Энд ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Хавтаст хэрэгт хариуцагч талаас ирүүлсэн нотлох баримтуудыг харахад газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа газрын кадастрын мэдээллийн нэгдсэн сантай давхцал байгаа эсэхийг шалгадаг нь анхан шатны шалгалт мөн. Энэ давхцал тухайн үед байгаагүй байсан учраас сумын Засаг дарга Газрын тухай хууль тогтоомжид нийцүүлээд иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж байгаа нь хуульд нийцсэн гэж үзэж байна.
Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаагаа явуулаад Монгол Улсын Засгийн газар манай компанийн 34 хувийг эзэмшдэг юм гэдэг үндэслэл гаргаж ирээд түүн дээрээ тулгуурлаад бусдын хууль ёсны дагуу эзэмшээд, ашиглаад явж байгаа 10 гаруй жилийн өмнөөс эзэмшиж байгаа газрыг өнөөдөр маргаан болгож гаргаж ирээд энэ бидний газар байх ёстой юм гэдэг зүйлийг гаргаж байгаа нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан газар өмчлөх, эзэмших, ашиглалтад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмын эсрэг үйлдэл гэж харж байгаа.
Тодруулбал мэдээж газрыг эзэмшүүлж, ашиглуулахдаа тэгш байдлыг хангах ёстой. Монгол Улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулж байна гэхээсээ илүүтэйгээр энэ газар эзэмших, ашиглуулах, өмчлүүлэх асуудал шударга ёсонд нийцэж, тэгш байдал дээр тулгуурлаж явагдах ёстой гэдгийг Газрын тухай хуулиараа Монгол Улс зохицуулсан.
Өмнөговь аймгийн сумын Засаг дарга 2016 онд “” ХХК-д тухайн газрыг эзэмших эрхийг олгосон. Энэ эзэмших эрх нь Монгол Улсын газрын тухай хууль болоод газар эзэмших үндсэн зориулалт, үндсэн нөхцөл байдал Монгол Улсын нутаг дэвсгэр дээр тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжийг зөрчөөгүй байсан учраас Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийг удирдлага болгоод Газрын тухай хуулийг үндэслээд тухайн газрыг эзэмшүүлэх эрхийг олгосон.
Нэхэмжлэгчийн гарч байгаа зүйлс дээр тодруулбал хүсэлтээ гаргаагүй, төлбөрөө төлөөгүй байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байгаа гэх мэт зүйлсийг тодорхойлж ярьдаг боловч энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүхэд үнэн зөв мэдүүлэг, тайлбар өгөх үндсэн зарчимтай харшилж байна гэж үзэж байна.
Тодруулбал манайх хүсэлтээ гаргаад нотариатаар гэрээгээ байгуулаад гэрээ дээрээ тухайн эрхийг шилжүүлж авснаар үүсэх эрх, үүрэг эдгээрийг бүрэн зөвшөөрч байгаа тухай асуудлыг нотолгоо болгож тусгасан байгаа юм.
Дээрээс нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3 дахь заалт шинээр олгож байгаа газруудад хамааралтай ойлголт. Түүнээс урьд өмнө нь олгочихсон газрыг бусдад шилжүүлэхтэй холбоотой харилцаанд Газрын тухай хуулийн 21.4.3 огт хамааралгүй зүйл юм. Тэгэхээр үүнийг Монгол Улсын Дээд шүүхээс тайлбарласан.
Дээрээс нь дахиад хууль дээр бичигдсэн байгаа зүйл заалтуудыг нь хүртэл цагаан дээр хараар биччихсэн байгааг нь уншаад үзэхэд энэ чинь шинээр олгож байгаа газруудтай л хамааралтай ойлголт болохоос биш бусдад эзэмшүүлээд үйл ажиллагааг нь явуулчихсан, үүнийг газарзүйн байршлын хувьд мөн дээрээс нь үйл ажиллагааны хувьд өөрчилж байгаа асуудалд хамаагүй гэж ойлгогдож байна.
Газрын кадастрын нэгдсэн санд “*******” төслийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор авсан 260,000 га газар үнэхээр бүртгэгдчихсэн байсан бол мэдээж “” ХХК, дээрээс нь “*******” ХХК-иудад газар олгохтой холбоотой харилцаа үүсэхгүй байх.
Гэтэл бүртгэгдээгүй, бусдын газар нутагтай давхцаагүй учраас олгоод явж байгаа. “*******” төслийг хэрэгжүүлж байх явцдаа сумын Засаг даргад 2023, 2024, 2025 онуудад газраа сунгах, тэлэх, өөр зориулалтад ашиглах журмаар удаа дараа хүсэлтүүдийг өгч сумын Засаг дарга ямар нэгэн байдлаар тодорхой хэмжээний боломжуудыг олгоод явсан байдаг.
“*******” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн үндсэн шаардлагад дурдагдаж байгаа 4 үндсэн шаардлага хууль тогтоомжид нийцэхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн байр суурьтай байна...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс шүүхэд бичгээр болон шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “*******” ХХК-иас сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/105 дугаар, 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/157 дугаар /захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох,/, 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/158 дугаар захирамжууд нь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаар тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхцуулан бусдад газар эзэмшүүлсэн, газар эзэмших эрх шилжүүлсэн, газрын ашиглалтын зориулалтыг өөрчилсөн гэх үндэслэлээр хүчингүй болгуулж, уг газрыг нэхэмжлэгч өөрт нь олгохыг даалгах шаардлага гаргасан байна.
Хариуцагч сумын Засаг даргаас “...Газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага улсын тусгай хэрэгцээнд авсан газрын нэгж талбарын эргэлтийн цэгийг батлагдсан солбицлоор кадастрын зураг үйлдэн, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх арга хэмжээ аваагүйн улмаас мэдээллийн санд ямар нэгэн давхцал үүсээгүй учир сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн өдрийн А/105, 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/157, 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “А/158 дугаар захирамжууд гаргаж.,газар эзэмшүүлсэн ... 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Газар ашиглалтын зориулалт өөрчлөх тухай” А/158 дугаар захирамжийн огноо бичиглэлийн алдаа байсан…” гэж тайлбарлан маргадаг.
Нэг. Захиргааны актуудыг илт хууль бус болохыг тогтоох, хүчингүй болгох шаардлагын тухайд:
1.2.Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаар тогтоолоор "*******" зэрэг ашигт малтмалын томоохон төслийг хэрэгжүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн , Баян-Овоо, Ханхонгор, Манлай, Цогтцэций сумдын нутагт зам, гүний усны шугам хоолой, харилцаа холбооны дэд бүтцийн барилга байгууламж болон цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих 263730 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, хилийн заагийг хавсралт ёсоор тогтоож, арга хэмжээ авч, хэрэгжүүлэхийг холбогдох сайд, аймгийн Засаг дарга нарт даалгаж шийдвэрлэжээ.
1.3.Өмнөговь аймгийн сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/105 дугаар захирамжаар “” ХХК-д газар эзэмшүүлж, энэ газрыг сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/157 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусад шилжүүлэх тухай” захирамжаар “*******” ХХК-д 13 жилийн хагацаатай эзэмшүүлж, 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Газар ашиглалтын зориулалт өөрчлөх тухай” А/158 дугаар захирамжаар “Шатахуун түгээх станц”-ын зориулалттай болгон өөрчилж олгосон.
1.4.Уг маргаан бүхий 1 га газарт хийгдсэн шүүхийн үзлэгээр болон гуравдагч этгээд “Дайманд галба” ХХК-ийн тайлбараар *******-Гашуунсухайт чиглэлийн автозамын зүүн талд “M-oil” нэртэй шатахуун түгээх станц үйл ажиллагаа эрхэлдэг болох нь, тус станц нь “*******” ХХК-ийн баяжмалын автомашинуудыг шатахуунаар хангадаг болох нь тус тус тогтоогдсон.
1.5.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д “сумын Засаг дарга нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах бүрэн эрхтэй” гэж, 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.”, 33 дугаар зүйлийн 33.1-д газар эзэмшүүлэх асуудлыг хуульд заасан журмын дагуу тухайн шатны Засаг дарга шийдвэрлэхээр, 23.4-д “Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараах эрх хэмжээтэй байна:” гээд 23.4.4-д “газрын мэдээллийн санг эрхлэх;” гэж заасан.
1.6.Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д "газрын мэдээллийн сан" гэж газрын нэгдмэл сангийн мэдээлэл, өгөгдөлд боловсруулалт хийх бололцоотой техник, технологид үндэслэсэн төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хэрэгцээг хангахуйц системчлэгдсэн өгөгдлүүдийн цогцыг” гэж, 17 дугаар зүйлийн 17.2-т “Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журмыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтооно.” гэж тус тус хуульчилсан байна.
1.7. Дээрх хуулийн зохицуулалтаар сумын Засаг даргад хуульд заасан газар эзэмшүүлэх бүрэн эрх байгаа, уг бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж, тухайн газрын эрх зүйн байдлыг тогтоосон мэдээлэлд үндэслэх буюу газрын мэдээллийн сангийн мэдээлэлд тулгуурлан шийдвэрлэхээр тусгайлан зохицуулсан байна.
1.8.Маргааны тохиолдолд, хариуцагчийн “газар эзэмшүүлэх, газар эзэмших эрх шилжүүлэх, газрын зориулалт өөрчлөх шийдвэр гаргах үед тухайн газрыг улсын тусгай хэрэгцээний газартай давхцаж байгаа эсэхийг кадастрын мэдээллийн сангаас шалгаж тогтоох бодит боломж байгаагүй, энэ талаар Засгийн газраас болон холбогдох байгууллагаас ямар ч мэдээлэл өгөөгүй, газрын мэдээллийн санд бусдын эзэмшил, ашиглах газартай давхацсан эсэхийг шалгасан, улсын тусгай хэрэгцээнд авсан тухай мэдээлэл байгаагүй” гэх тайлбарыг буруутгах, хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.
1.8.1.Учир нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг харьцуулан үнэлэхэд Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоол хүчин төгөлдөр байсан боловч уг тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан газрын хил зааг, эргэлтийн цэгийн солбицлын мэдээлэл нь маргаан бүхий захирамжууд гарсан 2016, 2018 онуудад газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй, улмаар тухайн газрын давхцалыг газрын кадастрын мэдээллийн сангаар тогтоох боломжгүй байсан үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
- Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2/26 дүгээр албан бичгээр “...Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан солбицол нь алдаатай зураглагдсан буюу Монгол улсын хилийн шугамаас 3 эргэлтийн цэгийн солбицол гарсан, талбайн хэмжээ зөрүүтэй, иргэн, хуулийн этгээдийн газартай давхцалтай байгаа тул дээрх тогтоолыг Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх боломжгүй байна...” гэх, мөн газрын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1/3462 дугаар “...Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолоор Улсын тусгай хэрэгцээнд авсан газрын хилийн заагийг Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд бүртгэх ажлыг 2025 онд хийж гүйцэтгэсэн...” гэж ирүүлсэн тайлбар, лавлагаанууд, (3 дугаар хавтаст хэргийн 65 дахь тал), (4 дүгээр хавтаст хэргийн 174 дэх тал)
- Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 529 дугаар албан бичгээр ирүүлсэн “...Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолоор батлагдсан улсын тусгай хэрэгцээнд авсан газар газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдэж ороогүй байна. сумын Засаг даргын 2018 оны А/158 дугаар захирамжаар “*******” ХХК /РД:3620247/-д ******* төслийн хашааны зүүн талд байрлах 4601006724 нэгж талбарын дугаар бүхий 1 га газар, сумын Засаг даргын 2022 оны А/391 дүгээр захирамжаар “Эрдэнэс галб”а ХХК /РД:3615413/-д Жавхлант баг, ******* төслийн хашааны зүүн талд байрлах 4601006651 нэгж талбарын дугаар бүхий 4.8 га газрыг тус тус олгосон байна. Дээрх олгогдсон газрууд нь Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолоор Улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхцалтай, Газрын тухай хуулийн дагуу иргэн, хуулийн этгээдэд олгосон эзэмших, ашиглах эрхтэй газартай ямар нэг давхцалгүй болно. Газрын кадастрын мэдээллийн санд Засгийн газрын 2011 оны 175 дугаар "Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай" тогтоолын хавсралтаар батлагдсан солбицол бүртгэгдээгүй байгаа тул давхцалыг харуулсан зураг гаргах боломжгүй байна...” гэх лавлагаа, (1 дүгээр хавтаст хэргийн 103 дахь тал)
- Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 506 дугаар албан бичгээр “…тусгай хэрэгцээнд авсан газрын нэгж талбарын эргэлтийн цэгийг батлагдсан солбицлоор газарт бэхлэх ажиллагаа хийгдээгүй болно…” гэж ирүүлсэн лавлагаа, (4 дүгээр хавтаст хэргийн 177 дахь тал)
- Хүчингүй болгуулахаар маргаж буй шийдвэрүүдийг сумын Засаг даргаар ажиллаж байхдаа гаргаж байсан Т.Буян-Өлзий, Ш.Эрдэнэжаргал, газрын даамлаар ажиллаж байсан Ж.Наранхүү нарын “...Улсын тусгай хэрэгцээнд авах болон авсан тухай ямар ч мэдээлэл орон нутагт ирүүлээгүй...газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй байсан…” гэх гэрчийн мэдүүлгүүд (2 дугаар хавтаст хэргийн 290-298 дахь тал) зэрэг болно.
1.9.Мөн Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолоор батлагдсан “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам”-д /энэ тогтоол нь Засгийн газрын 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 138 дугаар тогтоолоор хүчингүй болсон/ зааснаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гарсны дараа Газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь холбогдох төрийн захиргааны төв байгууллага болон тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга улсын тусгай хэрэгцээний газрыг ашиглах тухай гуравласан гэрээ байгуулах, гэрээг үндэслэн холбогдох төрийн захиргааны төв байгууллагад улсын тусгай хэрэгцээний газрын гэрчилгээ олгох, улсын тусгай хэрэгцээнд авсан газрын нэгж талбарын эргэлтийн цэгийг батлагдсан солбицлоор газарт бэхлэх, кадастрын зураг үйлдэн газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх арга хэмжээ авах ажиллагааг гүйцэтгэх үүрэгтэй байсан боловч улсын тусгай хэрэгцээний газрын мэдээллийг кадастрын мэдээллийн санд бүртгэх, мэдээллийг шинэчилж, холбогдох байгууллагуудын газар олголтын үйл ажиллагаанд ашиглах боломжтой болгох ажиллагаа 2025 оныг хүртэл хийгдээгүй байсныг хариуцагчийн буруутай ажиллагаа гэж дүгнэх боломжгүй.
1.10.Дээрх байдлаар улсын тусгай хэрэгцээнд авсан газар нутгийн талаарх мэдээлэл тухайн үед газрын кадастрын мэдээллийн санд бүрэн, тодорхой байдлаар тусгагдаагүй, холбогдох мэдээлэл сумын газрын албанд хүргэгдээгүй, мөн газрын байршил, координаттай холбоотой зөрүүтэй мэдээлэл байсан нөхцөл байдал тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн “…Газрын тухай хуулийг илтэд зөрчиж, улсын тусгай хэрэгцээний газарт газар эзэмшүүлэхтэй холбоотой шийдвэр гаргасан хариуцагчийн үйлдэл хууль бус…” гэх гомдол үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
1.11.Нэхэмжлэгчээс маргаж буй анх газар эзэмшүүлсэн болон газар эзэмших эрхийг шилжүүлсэн захиргааны актуудыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасан үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан.
1.11.1.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д захиргааны актыг илт хууль бусад тооцох үндэслэлүүдийг тусгайлан заасан бөгөөд мөн хуулийн 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” тохиолдлыг тус тус хамааруулсан байна.
1.11.2.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч нь газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээгүй этгээд эсхүл өөр байгууллагын чиг үүрэгт хамаарах асуудлаар эрх хэмжээний гадна захиргааны акт гаргасан гэх үндэслэл байхгүй, тухайн захиргааны актыг гаргасан сумын Засаг дарга нь газар эзэмшүүлэх харилцааг хуулиар зохицуулах бүрэн эрхтэй тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасан илт хууль бусын шинжийг агуулаагүй, гэж дүгнэв.
1.11.3.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх” зарчим нь захиргааны байгууллагын иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлөх аливаа шийдвэр, үйл ажиллагаа хүчин төгөлдөр эрх зүйн үндэслэлтэй байх, мөн тухайн эрх зүйн үндэслэл нь дээд эрэмбийн хэм хэмжээтэй нийцсэн байхыг шаарддаг.
Маргаан бүхий актуудад хууль зүйн үндэслэл нь тодорхой тусгагдсан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д “захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана” гэж заасныг зөрчөөгүй байна.
Хоёр.Өмнөговь аймгийн сумын Засаг дарга нь “*******” ХХК-д газар эзэмших эрх олгохгүй байгааг эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолоор “Оюу толгой” төслийг хэрэгжүүлэх зорилгоор улсын тусгай хэрэгцээнд авсан газраас төсөл хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай байгаа нэг га газарт ашиглах эрх олгох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг сумын Засаг даргад даалгах” шаардлагын тухайд:
2.1.Хэрэгт авагдсан баримтууд, ялангуяа Өмнөговь аймгийн сумын Засаг даргын Тамгын газрын E-office бичиг хэргийн бүртгэлийн цахим системийн 2020-2025 оны бүртгэлд нэхэмжлэгч “*******” ХХК-иас 1 га газар ашиглуулах талаар хүсэлт гаргаж байсан эсэх хэрхэн шийдвэрлэсэн талаар шүүхээс хийсэн үзлэг, шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нэхэмжлэгч “*******” ХХК-иас маргаан бүхий 1 га газрыг тусгайлан олгох тухай хүсэлт гаргасан талаарх баримт байхгүй, энэ тухай хүсэлт гаргаагүй болох нь тогтоогдож байна.
2.2.Харин нэхэмжлэгчээс 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “Уурхайн нөлөөллөөс хамгаалах бүс” байгуулах зорилгоор 90 га газар ашиглуулах хүсэлт гаргасан бөгөөд энэ газарт гуравдагч этгээд “*******” ХХК-ийн эзэмшлийн нэг га газар багтсан байна. (4 дүгээр хавтаст хэргийн 139-143 дахь тал)
2.3. Улмаар нэхэмжлэгч 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 431/7 дугаар албан бичгээр бусдын эзэмшлийн газартай давхацсан 1 га газрыг хасан, 266,26 га газрыг ашиглах хүсэлт гаргаж, сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/352 дугаар захирамжаар уурхайн хамгаалалтын бүсийн зориулалтаар газар ашиглах эрх олгож, шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна. (4 дүгээр хавтаст хэргийн 51-66 дахь тал)
2.4.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “эс үйлдэхүй” гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж тодорхойлсон.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.3.4-д захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгаж, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоохоор заасан байна.
2.5.Дээрх хуулийн зохицуулалтаар даалгах нэхэмжлэл нь захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотой байх бөгөөд уг татгалзал, эс үйлдэхүй нь хууль бус болох, түүнээс шалтгаалан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх нь даалгах нэхэмжлэлийг хангах үндсэн нөхцөл болно.
2.6.Нэхэмжлэгчийн зүгээс тухайн 1 га газрыг олгох талаар хүсэлт гаргасан нь тогтоогдоогүй тул уг газрыг хариуцагч олгохгүй байгаа гэх үйл баримтыг хариуцагчийн хууль бус татгалзал, эсхүл хууль бус эс үйлдэхүй гэж үзэх боломжгүй.
2.7.Түүнчлэн даалгах нэхэмжлэлийн урьдчилсан нөхцөл болох хууль бус татгалзал, эсхүл хууль бус эс үйлдэхүй тогтоогдоогүй нөхцөлд шүүхээс хариуцагчид тухайн 1 га газрыг олгохыг даалгах үндэслэлгүй.
3. Улсын тусгай хэрэгцээнд авсан газар нутагтай гуравдагч этгээд “*******” ХХК-ийн эзэмшлийн газар бүхэлдээ давхацсан тул хуульд нийцүүлэх талаарх хэрэгт авагдсан баримтууд нь маргаан бүхий захиргааны актуудыг гаргасан үеийн нөхцөл байдлыг тогтооход шууд хамааралгүй тул дүгнээгүй болохыг дурдав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15, 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-иас гаргасан “Өмнөговь аймгийн сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн а/105 дугаар захирамж, Өмнөговь аймгийн сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/157 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, Өмнөговь аймгийн сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/158 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Өмнөговь аймгийн сумын Засаг дарга нь “*******” ХХК-д газар эзэмших эрх олгохгүй байгааг эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолоор “Оюу толгой” төслийг хэрэгжүүлэх зорилгоор улсын тусгай хэрэгцээнд авсан газраас төсөл хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай байгаа нэг га газарт ашиглах эрх олгох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРМАА