Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 119

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Б.Батбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл

хохирогч С.Нарантуяа, арван найман насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ганцэцэг, тэдгээрийн өмгөөлөгч Д.Хишигням,

шүүгдэгч Г.Аягүл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Наяман овогт Гудсайгийн Аягүлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807000810051 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, яс үндэс казак, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү, хүүхдийн хамт Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Өлгийн 3-5 тоотод оршин суух, регистрийн НМ96112006 дугаартай, Наяман овогт Гудсайгийн Аягүл нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хороо Өлгийн 3-5 тоотод С.Нарантуяаг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

мөн 2017 оны 09 дүгээр сараас 2018 оны 01 дүгээр сар хүртлэх хугацаанд Налайх дүүргийн 4 дүгээр хороо Өлгийн 3-5 тоотод 9 настай Муратбек овогтой Ботагүл, 5 настай Муратбек овогтой Жанбота нарыг аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэрцгий харьцаж, бие махбодь, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Аягүл нь С.Нарантуяа болон түүний хүүхдүүдийн хамт 2017 оны 10 сараас 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Өлгийн 3-4 тоотод оршин суух өөрийн гэртээ түр амьдарч байсан С.Нарантуяаг 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр буузанд будагны амт оруулсан байна гэх шалтгаанаар зодож түүний биед хөнгөн гэмтэл учруулсан үйл явдал болсон байна.

            Энэхүү үйл явдал нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Аягүл мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт арван найман насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ганцэцэгийн өгсөн: “Би гэртээ хүүхдүүдээ авч ирэхээр шүүгдэгчийн ар гэрийнхэн ер тайван байлгадаггүй. Шүүгдэгчийн гэр бүлийг байнга архи дарс уудаг, архины хамааралтай хүмүүс гэдгийг Налайх дүүргийн 4 дүгээр хорооны цагдаа нар бүгд мэднэ. Анх Нарантуяаг “Евро Ази” дээд сургуулийн оюутан байхад Мурат замаас нь хулгайлж гэртээ авч очсон. Үүнээс хойш байнга уулзаж, гэр лүүгээ авч явдаг болсон. Нарантуяа нэг удаа алга болсон. Би хайгаад Муратын гэрт очиход хашаагаар дүүрэн авгай нар байсан. Нарантуяа надаас “та хэрүүл битгий хийгээрэй, би 2 сартай жирэмсэн” гэж хэлсэн. Би хүүхдүүдтэйгээ сүүлийн 4-5 жил хамт амьдарсан. Нэг өдөр манай зээ тараг ууя гэхээр нь дэлгүүр лүү элсэн чихэрт явуулахад алга болсон. Би цагдаад мэдэгдсэн. Тэр өдрөө зээгээ хайгаад Муратын гэрт очиход тэнд байсан. Нарантуяагийн нөхөр их хартай, гар утсыг байнга шидээд эвдчихнэ. Мөн ажил ч хийдэггүй, гэр бүлээ ч тэжээдэггүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Нарантуяагийн өгсөн: “Шүүгдэгч худал мэдүүлж байна. Шүүгдэгч эхний үед намайг зоддоггүй байсан. 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл ямар ч шалтгаангүйгээр байнга зоддог болсон. Шүүгдэгч пиво уугаад согтохоороо намайг олон дахин цохьдог. Өвлийн хүйтэнд манай хүүхдүүдийг гадаа хөөж гаргадаг байсан. Шүүгдэгч надад “би таныг байнга зодох гээд байдаг боллоо, яагаад зодоод байгаагаа мэдэхгүй байна, таныг дахиад зодох гэвэл та гараад зугтаагаарай” гэж хэлж байсан. Би тэгж их архи дарс уудаггүй” гэх мэдүүлэг улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын судалсан:

Мөрдөн байцаалтад хохирогч С.Нарантуяагийн өсгөн: “2018.01.11-ний өглөө 09 цаг өнгөрч байхад Аягүл бууз идсэнээ будагны амт орсон байна, чи санаатай тэрэг будаж байхад бууз хийсэн байна гээд гэрээсээ үснээс зулгааж чирч гаргаад хөл, гар руу нийт 5-6 удаа цохиж өшиглөж зодоод ээждээ юм уу цагдаад хэлэх юм бол ална шүү гэсэн. Манай хүүхдүүдийг зодож цохиж байгаагүй, сар өдрийг нь санахгүй байна, оны өмнө манай дунд охин Жанбото Аягүлийн охинтой нь муудахад хүүхдээ өмөөрч манай охиныг алгадаад авч байсан санагдаж байна, өөр зодож цохиж байгаагүй” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 18-20 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад арван найман насанд хүрээгүй хохирогч С.Жанботагийн өгсөн: “Айгүл согтуу байж байгаад намайг зүгээр сууж байгаад гараад шээх гэж байсан чинь хоолой хоёр гараараа аймаар чанга шахахаар нь би болиоч гээд уйлтал намайг дуугүй болооч гээд алгадаад хүйтэн цасан дээр намайг хөл нүцгэн хөөгөөд гаргасан. Би айгаад уйлсан тэгэхэд ээж доод гэрийг цэвэрлэж байсан. Маргааш нь би дахиад уйлсан чинь дахиад миний хоолойг боогоод алгадаад галын дэгээ төмрөөр миний нуруу, баруун талын хавирганы тэнд цохиод дахиад цасан дээр хөл нүцгэн хөөгөөд гаргасан тэгэхэд гадаа харанхуй байсан. Намайг уйлаад зогсож байсан чинь нэг танихгүй ах гэрт оруулсан чинь Айгүл тэр ахыг наадахаа буцаагаад гарга гээд хашхираад дахиад гартал нэг Ногооноо гэдэг ах намайг гэрлүү оруулсан.” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 29-30 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад арван найман насанд хүрээгүй хохирогч М.Ботагүлийн өгсөн: “Аягүл намайг усанд явуул гээд би 50 литрийн хоёр сав тавиад худаг руу усанд яваад ирсэн чинь манай бага дүү охиных нь тоглоомыг авах гээд уйлсан чинь манай бага дүүг яах гээд байгаан гээд алгадаад унагаасан би хичээлдээ явах гэсэн чинь намайг үгүй чи дүүгээ хар гээд хичээл таслуулсан худагнаас дандаа зээлээр ус ав гээд мөнгөө өгөөд ав гээд байна гэхээр Аягүл намайг ус олж ир гээд цас шуурч байхад хөөж гаргасан би бүүр ар талд байд худагнаас ус олж ирсэн. Тэрнээс хэд хоногийн дараа усны тэрэг алга болчихоод тэрэггүй усаа савтай нь чирсээр байгаад авч ирсэн тэрний маргааш нь дахиад худаг руу ус авахаар очиход худаг нь хаачихсан байхаар нь очоод хэлтэл Аягүл намайг ус олж ирсэнгүй гээд элэг рүү өшиглөөд унагаасан. Эндээс 2-3 хоногийн дараа би хүүхдийг нь тэвэрч байсан чинь хүүхэд нь бууна гээд байхаар нь очоод хэлтэл яадаг юм бэ буулгаач гэхээр нь ханиад хүрчихнэ шүү дээ гэтэл зайл гээд миний толгой руу галын төмрөөр нэг удаа цохиход толгой жоохон хавдсан байсан цус гараагүй ...Манай нэг настай дүү уйлахад хоолойг нь боогоод байхаар нь Аягүлийг түлхээд охин дүүдээ дүүгээ аваад яв гэж хэлсэн тэгсэн намайг юм хийгээд явж байхад яагаад түлхэж байгаан гээд намайг алгадаад түлхээд гэрийн багана мөргүүлэхээр нь гэрээс гартал араас гарч ирээд яах гэж байна уу гадаа уйлах гэж байна уу гээд алгадаад намайг цасан дээр унагаахаар нь би орсон” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 34-35 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч С.Гудсайгийн өгсөн: “намайг ажилд яваад орой ирэхэд идэх гэж байсан бууз будагны амт оруулсан байна гээд Аягүл Нарантуяатай муудсан гэж манай эхнэр хэлж байсан. Аягүл буузанд будагны амт орчихно, манай гэрт оруулчихаарай гэж Нарантуяад хэлэхэд нь нөгөөх нь архи уугаад мартчихсан юм уу гэж би ойлгосон” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 31 дүгээр хуудас/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/99 дүгээр: “1. С.Нарантуяагийн биед нуруунд зулгаралт, баруун гуянд цус хуралт,  баруун шуу, баруун зүүн өвдгөнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

        2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

        3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

        4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

        5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

        6. С.Нарантуяагийн урьд нь зодуулж байсан гэх эмнэлгийн бичиг  хангалтгүй байх хэрэг болсон цаг хугацаанаас өмнө үүссэн гэмтлийг  тогтоох боломжгүй байна.” гэх дүгнэлт /хх-ийн 48 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэг судалсан хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч С.Нарантуяагийн мэдүүлэг, судалсан Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 08 шэ/99 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргийг дүгнэхэд шүүгдэгч Г.Аягүл нь 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хороо Өлгийн 3-4 тоот гэртээ хамт амьдарч байсан С.Нарантуяаг буузанд будагны амт орууллаа гэх шалтгаанаар өшиглөх, алгадах зэргээр цохиж түүний нуруунд зулгаралт, баруун гуянд цус хуралт,  баруун шуу, баруун зүүн өвдгөнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Харин шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч болон  арван найман насанд хүрээгүй хохирогч төлөөлөгч нар “шүүгдэгчийн гэрт 2017 оны 10 сараас 2018 оны 01 дүгээр сарын 11 хүртэл амьдарч байсан, 2018 оны 01 дүгээр сарын 11-ээс 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хүүхдүүд гэмтэж бэртээгүй” гэх мэдүүлэг болон хавтас хэргээс судалсан хохирогч С.Нарантуяагийн “Манай хүүхдүүдийг зодож цохиж байгаагүй, сар өдрийг нь санахгүй байна, оны өмнө манай дунд охин Жанбото Аягүлийн охинтой нь муудахад хүүхдээ өмөөрч манай охиныг алгадаад авч байсан санагдаж байна, өөр зодож цохиж байгаагүй” хх-ийн 19 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг,  2017 оны 10 сараас 2018 оны 01 дүгээр сарын 11 хүртэл шүүгдэгчийн гэрт амьдарч байснаас хойш 50 орчим хоногийн дараа С.Жанбота, М.Ботагүл нарыг шүүх эмнэлэгт үзүүлсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 08 шэ/134, 08 шэ/135 дугаартай дүгнэлт зэргийг дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол зэрэг байдлууд нотлогдохгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан ба хохирогч С.Нарантуяа “Шүүгдэгч манай хүүхдүүдийг их зоддог байсан”, арван найман насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ганцэцэг “аавынхаа гэрээс ирэхдээ гэмтэлтэй ирсэн, Аягүлийн үйлдлээс учирсан” гэж мэдүүлж байгаа ч тэдгээр нь дээрх мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байна.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Г.Аягүлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Аягүлд холбогдох эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч С.Нарантуяа нь эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримт бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Наяман овогт Гудсайгийн Аягүлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Наяман овогт Гудсайгийн Аягүлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Шүүгдэгч Г.Аягүлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Аягүлд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1, 162.4 дэх хэсэгт зааснаар  Г.Аягүлд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг Налайх дүүрэг дэх Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тасагт даалгасугай.

6. Г.Аягүл нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хохирогч С.Нарантуяа нь эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримт бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.Аягүлд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.БАВУУ