Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2017/00458

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2017/00458

 

 

 

Г.Мөнхбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2016/06029 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Г.Мөнхбаярын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ч.Шинэчимэгт холбогдох

 

Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Тэмүүлэл хотхон 101-144 тоот орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Г.Мөнхбаяр

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Дугармаа

Хариуцагч Ч.Шинэчимэг

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Наранбулаг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Мөнхбаярын шүүхэд нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь өөрийн хөрөнгөөр Баянгол дүүргийн Тэмүүлэл хотхоны 101 дүгээр байрны 144 тоот байрыг 2010 онд Эко констракшн ХХК-аас орон сууц худалдан авч амьдарч байгаад 2012 оноос иргэн Ч.Шинэчимэгтэй 2 жилийн хугацаанд тус орон сууцанд хамтран амьдарч байсан. 2014 онд Ч.Шинэчимэгийн зүгээс Хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах, эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улсын Дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Уг тогтоолоор Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Тэмүүлэл хотхон 101-144 тоот орон сууц нь Г.Мөнхбаярын зуун хувийн өмчлөлийн хуваарьт хөрөнгө болохыг 2011 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 000135835 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн тогтоосон. Иймд дээрх орон сууцыг Ч.Шинэчимэгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, албадан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.Шинэчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь миний 2 хүүхдийн эцэг бөгөөд тэрээр хүүхдийн тэтгэлэг төлдөггүй. Эцэг байх үүргээ биелүүлдэггүй. Уг орон сууцанд би түүний 2 хүүхдийн хамт амьдардаг. Хэрэв намайг орон сууцнаас чөлөөлөх юм бол хүүхдүүдийг хэн харах вэ. Мөн нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг төлөх талаарх шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа тул орон сууцыг чөлөөлөх үндэслэлгүй. Шүүхийн шийдвэрээр энэ байр нь Г.Мөнхбаярын 100 хувийн өмч гэж хэдийн тогтоосон боловч Г.Мөнхбаяр өөрөө шүүхийн шийдвэрээр тогтоосон хүүхдийн тэтгэлгийг төлөхгүй байгаа. Шүүхийн шийдвэрээр энэ байрыг захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлж битүүмжилсэн байгаа. Энэ байранд би ганцаараа амьдардаггүй. Г.Мөнхбаярын 2 хүүхэдтэй хамт амьдарч байгаа. Энэ байрнаас гарлаа гэхэд би 2 хүүхэдтэйгээ хамт гудамжинд гарна. Би өөрөө энэ байрнаас гараад явж болно. Гэвч хүүхдийг асарч хамгаалах хүн байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Мөнхбаярын өмчлөлийн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Тэмүүлэл хотхон, 101 дүгээр байр, 144 тоот орон сууцыг хариуцагч Ч.Шинэчимэгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн 283000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид 282800 улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Ч.Шинэчимэгт давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Г.Мөнхбаярын нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Шинэчимэгт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс хоёр хүүхдээ бол орон сууцнаас гаргахгүй гэчихээд эх болох миний биеийг хүүхдээ орхиод гаргах шийдвэр гаргаж байгаа нь хэтэрхий өрөөсгөл болно. Г.Мөнхбаяр нь хүүхдийн тэтгэлэг болох 2 800 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй хэрнээ 2 болон 3 хан настай хүүхдүүдийн эрхийг зөрчиж орон байраар хангах эрхийг эдлүүлэхгүй орхисон шийдвэрийг шүүхээс гаргаж байгаа нь хууль бус юм. 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2016/06029 тоот шийдвэрийн хувьд шүүхийн шийдвэрт дурдсан дүгнэлт нь нотлох баримтад тулгуурлаагүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, мөн өмгөөлөгчөөр хангах эрхийг минь авч үзээгүй болно. Миний бие төлбөрийн чадваргүй учир Улсын өмгөөлөгчөөр хангаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан хэдий ч хүсэлтийг хүлээн аваагүйгээр Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар олгосон миний эрхийг ноцтой зөрчсөн болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж, өмгөөлөгч авах эрхийг минь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.

 

Нэхэмжлэгч Г.Мөнхбаяр нь хариуцагч Ч.Шинэчимэгийн хууль бус эзэмшлээс Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Тэмүүлэл хотхон, 101 дүгээр байр 144 тоот орон сууцыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ...тухайн байранд хоёр хүүхдийн хамт амьдарч байгаа, хариуцагч хүүхдүүдийн мөнгийг төлөөгүй гэсэн тайлбар гаргаж маргажээ.

 

Анхан шатны шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 102/ШШ2015/02315 дугаар хүчин төгөлдөр шийдвэрээр маргааны зүйл болж буй Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Тэмүүлэл хотхон 101 дүгээр байр 144 тоот орон сууц нь нэхэмжлэгч Г.Мөнхбаярын хуваарьт хөрөнгө болох нь тогтоогдсон байна. /хэргийн 5 дугаар тал/

 

Хэргийн 5 дугаар талд Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар авагдсан байх бөгөөд нэхэмжлэгч Г.Мөнхбаяр нь 2014 оны 3 дугаар сарын 2-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар дээрх байрны өмчлөгчөөр бүртгэгджээ. Иймд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг зохигчдын хоорондын хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэхгүй, нэхэмжлэгч Г.Мөнхбаярыг уг орон сууцны хувьд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан өмчлөх эрхтэй этгээд гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Г.Мөнхбаяр нь өөрийн өмчөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

 

Хариуцагч Ч.Шинэчимэг нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа боловч уг орон сууцыг эзэмшилдээ байлгах, өмчлөгчид эд хөрөнгийг буцааж өгөхгүй байхаар татгалзан хууль болон гэрээнд заасан эрх бүхий этгээд буюу Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.2 дах хэсэгт заасан эзэмшигч гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй болно. Өөрийн тайлбараа нотолсон, хариуцагчийн шаардлагыг үгүйсгэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч Ч.Шинэчимэг нь нэхэмжлэгч Г.Мөнхбаяр Гэр бүлийн тухай хууль, шүүхийн шийдвэрийн дагуу хүлээсэн хүүхдийн тэтгэлэг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа талаар тайлбар гаргажээ.

Нэхэмжлэгч Г.Мөнхбаярын орон сууцанд хариуцагч Ч.Шинэчимэг хүүхдүүдийн хамт нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр амьдарч, уг эд хөрөнгийг эзэмшиж байсан, Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасан шударга эзэмшигч байсан гэж үзэж болох боловч Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар ийнхүү эзэмшилдээ байлгах эрхээ алдсан байх тул уг хөрөнгийг хууль ёсны өмчлөгч Г.Мөнхбаярт буцаан өгөх үүрэгтэй, хариуцагчид маргаж буй орон сууцыг эзэмшилдээ байлгах эрхийг олгохгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн Г.Мөнхбаярын өмчлөлийн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Тэмүүлэл хотхон, 101 дүгээр байр, 144 тоот орон сууцыг хариуцагч Ч.Шинэчимэгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хариуцагч давж заалдах гомдлын нэг үндэслэлдээ Нэхэмжлэгч хоёр хүүхдээ орон сууцнаас гаргахгүй гэж хэлсэн, хүүхдийн тэтгэлэг төлөхгүй байгаа гэсэн үндэслэлийг заасан байгаа боловч өмчлөгч нь өөрийн өмчлөлийн зүйлээ сайн дураар захиран зарцуулах эрхтэй бөгөөд орон сууцны хууль бус эзэмшлээс үүссэн маргаанд хүүхдийн тэтгэлгийн асуудлыг хамааруулан үзэх үндэслэлгүй.

Мөн анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд нэхэмжлэгчийн Улсын өмгөөлөгч авах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсэн зохигчдод эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн байх тул нэхэмжлэгчийг өмгөөлөх эрхээр хангаагүй буюу Иргэний хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн оролцогчийн эрх ноцтой зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2016/06029 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ч.Шинэчимэгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид Ч.Шинэчимэгээс төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж. ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Ц.ИЧИНХОРЛОО