| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00714/И |
| Дугаар | 303/ШШ2025/00697 |
| Огноо | 2025-10-03 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 303/ШШ2025/00697
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 1 дүгээр баг, ** дугаар байр, *** тоотод оршин суух, ВЛ88031707 регистрийн дугаартай, ****** утасны дугаартай, ******* тайж овогт *****ийн *****,
Хариуцагч: Говь-Алтай аймаг, Чандмань сум, 5 дугаар багт оршин суух,***** регистрийн дугаартай, ***** утасны дугаартай, **** овогт ***ын *****т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулж, гэр бүлийн дундын эд хөрөнгө хуваалгах тухай нэхэмжлэлийг 2025 оны 8 дугаар сарын 07-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Е.Туяадэлгэр оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* миний бие нь 2012 онд Ганбат овогтой Сэмбээжавтай танилцан улмаар 2012 оноос 2022 он хүртэл хамтран амьдарч байгаад 2023 оны 05 дугаар сарын 23- нд гэрлэлтийн 0003 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр охин *******, 2018 оны 11 дүгээр сарын 16-нд *******, 2022 оны 11 дүгээр сарын 06-нд ******* нар төрсөн. Бид 2012 оноос хамт амьдрах хугацаанд миний бие мах бодид гэмтэл учруулж архи уусан болон уугаагүй үедээ зодож цохидог байснаас нуруу байнга өвддөг болсон мөн хүүхдүүдээ түлхэх эд зүйлс шидэж цохих, алгадах, өшиглөх зэргээр байнга гар хүрч хараалын үг хэллэг хэрэглэж айлган сүрдүүлдэг. Ах дүү хамаатан садны сул талыг олж авч үүгээрээ доромжилж айлган сүрдүүлдэг. Хамаатан садан, найз, ажлын хамт олонтой хамт байхыг хязгаарлаж холбоотой утас, фэйсбүүк хаяг зэргийг болоклох, устгах зэрэг холбоо хамааралгүй байлгах арга байнга хэрэглэж ирсэн. Миний бие болон аав, ээж, ах, хоёр дүүг маань ална, хараана, шатаана гэх зэргээр байнгын заналхийлдэг. Ажил хийх хугацаандаа гэр бүлдээ олсон мөнгөө зарцуулдаггүй мөрийтэй тоглоом тоглож үрдэг байсан.
Миний дансанд байгаа мөнгөнд байнгын халдаж авсан байдаг, нэр дээр зээлийн аппиликэйшний эрх нээж зээл авч ашиглаад төлдөггүй өмнөөс нь би дандаа төлдөг. Намайг ажил хийлгэхгүй байх зорилгоор ажлын хамт олон руу залгаж нэр хүндэд халддаг ажил хийхэд үнэхээр хэцүү байдалд оруулж ажлаас гаргах apra байнга хэрэглэж ирсэн. Ажлаас чинь ямар нэгэн аргаар гаргана, мөнгөгүй хатаана гэж дандаа заналхийлдэг. Миний хэрэглэдэг шинэ хувцас, үнэт эдлэл, цахилгаан бараа зэргийг үрж зарах устгах шатаах зэрэг үйлдлүүд дандаа гаргадаг. Бага насны хүүхдээ согтуурсан үедээ машинд суулгаж авч яваад би үхнэ хүүхэдтэйгээ хамт үхнэ гэж айлгаж сүрдүүлдэг. Том охиноо бусад айлын хүүхдүүдтэй харьцуулж зүйрлэн загнаж зоддог, ангийн багш руу нь залгах, мэссэж бичих зэргээр дарамталснаас болж охин маань сургуульдаа явах дургүй болсон. Гэр бүлийн хэрүүл таарамжгүй байдлаа охиноосоо болсон чи дүүгээ харахгүй гэрийн ажил хийгээгүйгээс болж би ээжтэй чинь хэрэлдсэн чамаас болж бид хоёр сална чи олигтой хүн болохгүй гэх зэргээр охиноо дарамталдаг. Хүүхдүүдийн сэтгэл санаанд нөлөөлж сургуульд сурах хүсэл сонирхолгүй болж гэртээ ааваасаа айж үг дугарахгүй, айдастай байдаг болсон миний хувьд ажлаа тайван хийх боломжгүй нөхрийн байнгын дарамтад байна. Иймд гэрлэлтээ цуцлуулж 3 хүүхдээ өөрийн асрамжид авч 3 хүүхдийнхээ тэтгэмжийг тогтоолгох хүсэлтэй байна. Хамт амьдрах хугацаандаа эд хөрөнгө авч байсан боловч ээж, аав ах нар нь энэ хүүхэн салаад явж магадгүй ямар нэгэн хөрөнгө нэр дээр нь битгий байлгаарай гэж ярилцаж миний болон нөхрийн нэр дээр ямар нэгэн хөрөнгө бүртгэдэггүй байсан. 2023 оны 01 дүгээр сарын 13-нд Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хороолол, 14-р байрны 7 тоотод (Улсын бүртгэлийн дугаар Ү2201001537) бүхий байрыг худалдан авахад нь өөрийнхөө цалингаас 25,000,000 төгрөгөөр авч байсан айксо королло суудлын авто машинаа өгч байраа нөхрийн нэр дээр авсан боловч 1 жилийн дараа нөхрийн ээж Намширын ******* нь (*****) нэр дээрээ зөвшөөрөлгүй шилжүүлсэн байсан. Иймд өөрийн өгсөн мөнгөө авах хүсэлтэй байна. гэжээ.
2.Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлтэд: Гэрлэлт цуцлалт нь 02-13 насны 3-н хүүхдийн өсөлт, хөгжилтөд сөргөөр нөлөөлөх байх гэдэг үүднээс энэ удаа нэхэмжлэлээсээ татгалзаж байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан Гэрлэлт цуцлуулах, Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулж, гэр бүлийн дундын эд хөрөнгө хуваалгах тухай тухай нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 35,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 35,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА