Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 120

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

нарийн бичгийн дарга П.Нямсүрэн,

улсын яллагч Р.Машлай,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

хохирогч Н.Энхболд,

шүүгдэгч О.Баваржан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Молкы овогт Октябрийн Баваржанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807001920059 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс казак, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, Налгар түшиг ХХК-нд савлах цехийн ачигч ажилтай, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Налайх дүүргийн 4 дүгээр хороо Өлгийн 3а-4 тоотод оршин суух, регистрийн УД95102816 дугаартай, Молкы овогт Октябрийн Баваржан нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 21 цагийн орчимд Налайх дүүргийн 4 дүгээр хороо Өлгийн 3-2 тоот хашааны гадна хамт архи ууж байсан Н.Энхболдыг хашаа руу шээлээ гэж нүүрэн тус газар нь цохиж баруун хацар ясны хугарал, хамар ясны хугарал баруун доод зовхинд цус хуралт нүүрэнд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Баваржан нь 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хороо Өлгийн 3-2 тоот орших суух С.Гантөгсийнд 21 цагийн орчим очиж тэнд Н.Энхболд, Т.Бахатжан, С.Гантөгс нартай согтууруулах ундааны зүйл хэрэглэн Н.Энхболдын хамт тамхи татахаар гарч улмаар түүнийг “эмээгийн хашаа руу шээлээ, жоохон доошлоод шээчих” гэж хэлснээс болж маргалдан нүүрэн тус газарт нь цохиж баруун хацар ясны хугарал, хамар ясны хугарал, баруун доод зовхинд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл явдал болсон байна.

            Энэхүү үйл явдал нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Баваржан мэдүүлэг өгөхгүй гэсэн ба хохирогч Н.Энхболдын өгсөн: “Хамт уурхайд ажилладаг байсан залуу болох Гантөгстэй хамт тэр өдөр хэдэн пиво уугаад сууж байтал О.Баваржан орж ирсэн. Тэгээд би гараад бие засаж байтал намайг цохиход би ухаан алдаж унасан” гэх мэдүүлэг болон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын судалсан:

Мөрдөн байцаалтад О.Баваржаны яллагдагчаар өгсөн: “тэр орой би Бахатжаны хамт Гантөгсийн гэрт орж пиво уусан. Энхболд тамхи байна уу гэхээр нь байна 2-уулаа гаръя гээд гарч тамхи татаж байхад Энхболд урд талын манай эмээгийн хашаа руу шээгээд байхаар нь боль жаахан доошлоод шээ гээд байхад тоохгүй шээгээд байсан. Тэгэхээр нь би нүүрэн тус газарт нь нэг удаа цохиход унаад өгсөн” гэх мэдүүлэг,

/хх-ийн 57 дугаар хуудас/ 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Отгонсувдын өсгөн: “манай дүү Энхболд хашаанд нь хүнд зодуулсан бололтой ухаан алдсан хажууд нь Гантөгс, Гантулга, Баваржан, Бахатжан нар зогсож байсан ба би Энхболдыг хэн зодсон гэхэд Баваржан зодсон гэж Гантөгс хэлсэн” гэх мэдүүлэг,

/хх-ийн 17 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч С.Гантөгсийн өгсөн: “Энхболд тамхи байна уу гэхэд Баваржан байна гарах уу гээд хамт гарсан. Төд удалгүй Баваржан найз чинь ухаан алдчихлаа гээд орж ирэхэд яасан юм бэ гэтэл би цохичихлоо гэхээр нь гараад хартал хашааны гадна хэвтэж байсан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 16 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Т.Бахатжаны өгсөн: “пиво ууж байгаад Энхболд Баваржан 2 тамхи татахаар гарч удалгүй Гантөгс бид гартал хашаан дотор байшингийнх нь урд талд Баваржан зогсож байсан ба юу болсон гэж асуухад Энхболдыг би цохичихлоо гэж хэлсэн” гэх мэдүүлэг,

/хх-ийн 15 дугаар хуудас/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/175 дугаартай:

1. Н.Энхболдын биед  хацар ясны хугарал, хамар ясны хугарал, баруун доод зовхинд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал  гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 16 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт судалсан хохирогч Н.Энхболдын мэдүүлэг, улсын яллагчийн судалсан Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийг дүгнэхэд шүүгдэгч О.Баваржан нь 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хороо Өлгийн 3-2 тоот орших суух С.Гантөгсийнд 21 цагийн орчим очиж согтууруулах ундааны зүйл хэрэглэн Н.Энхболдтой таарамжгүй харилцаа үүсгэн маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохиж баруун хацар ясны хугарал, хамар ясны хугарал, баруун доод зовхинд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг гэм буруутай гэж шүүх үзлээ.

Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас О.Баваржанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Баваржан нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, мөрдөн байцаалтад хохирогчид 164.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, хохирогч нь баримтгүйгээр нэхэмжилж байгаа 2.000.000 төгрөгтэй холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Молкы овогт Октябрийн Баваржаныг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Баваржанд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Баваржанд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг О.Баваржанд мэдэгдсүгэй.

5. О.Баваржан нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогчид 164.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Н.Энхболд нь эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар О.Баваржанд оногдуулсан торгох ял биелүүлэхийг Налайх дүүрэг дэх Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тасагт даалгасугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл О.Баваржанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.БАВУУ