| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2408000001314 |
| Дугаар | 2024/ДШМ/1340 |
| Огноо | 2024-12-12 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | Н.Анхбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2024/ДШМ/1340
2024 12 12 2024/ДШМ/1340
Б.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Анхбаяр,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЗ/2528 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Анхбаярын бичсэн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 86 дугаартай прокурорын эсэргүүцлээр Б.Б-д холбогдох 2408 00000 1314 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
О овгийн Б-н Б, .... оны .. дүгээр сарын ..-ны өдөр ............. төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ................ тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ........../;
Яллагдагч Б.Б нь 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс 51.8 килограмм ховор ургамлын жагсаалтад багтсан Сибирь хушны үр буюу цайруулсан самрыг худалдан авч, мөн өдөр Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун туруун шалган нэвтрүүлэх цэг хүртэл ....... улсын дугаартай “Toyota Sai” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэн байгаль экологи, ургамлын аймагт 5.123.020 төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15 дахь заалтад заасныг хэлэлцүүлж урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад холбогдох хуулийг ноцтой зөрчсөн дараах үндэслэлээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэв. Үүнд:
1. Хэргийн материалтай танилцахад яллагдагч Б.Б-н гэмт хэрэгтээ ашигласан гэх “Toyota Sai” загварын ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийг тогтоолгохоор мөрдөгч “Хас үнэлгээ” ХХК-ийг шинжээчээр томилж, тус компаниас Э.Даваасүрэн шинжээчийн эрх үүрэгтэй танилцсан, түүнээс шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулсан болон хууль танилцуулж, сануулсан баталгааны хуудас, тусгай зөвшөөрөл зэрэг баримт авагджээ. ... Хэрэгт авагдсан 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №55 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд “шинжээч бид Экологийн цагдаагийн албанаас ирүүлсэн хүсэлтийн дагуу “Toyota Sai” загварын автомашины зах зээлийн үнэлгээг тодорхойлов” гээд мэргэжилтэн С.Төгөлдөр, үнэлгээчин Э.Даваасүрэн нар гарын үсэг зурж баталгаажуулжээ. Үүнээс үзэхэд шинжилгээ хийлгэх санал тавьсан хувийн баримт бичиг, тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжилгээ хийж дүгнэлт гаргахаас татгалзах үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулсан зэрэг баримтгүй, шинжилгээ хийлгэх шийдвэрийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулаагүй, шинжилгээ хийх эрх авсан эсэх нь тодорхойгүй мэргэжилтэн гэж нэршлээр томьёолж бичсэн С.Төгөлдөр нь үнэлгээ хийхэд оролцож хөрөнгийн үнэлгээний тайланд гарын үсэг зурж баталгаажуулсан нь дээрх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлд Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх талаар заасан ба 1 дэх хэсэгт “зохих зөвшөөрөлгүйгээр, хууль зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол” гэж гэмт хэргийн шинжийг хуульчилжээ. Яллагдагч Б.Б-г зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор Сибирь хушны үр буюу цайруулсан самрыг худалдан авч, тээвэрлэн хохирол учруулсан гэсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагаа, гэмт хэргийн сэдэлт, зорилгыг тогтоогоогүй гэж үзэв. Тодруулбал, зохих зөвшөөрөлгүйгээр эсхүл хуульд зааснаас өөр зорилгоор гэдгийг тодорхойлоход хамааралтай, нөгөө талаас мэргэжлийн байгууллагаас хуулиар хүлээсэн эрх, үүргийн хүрээнд зөвшөөрлийг хэрхэн ямар хугацаанд олгодог талаар зохицуулсан, хуульд зааснаас өөр зорилгоор гэдгийг хууль зүйн хүрээнд тодорхойлоход хамаарал бүхий дүрэм, журмыг цуглуулах, тодруулах ажиллагаа явуулаагүй зэргээр гэмт хэргийн шинжийг тодорхойлоход чиглэсэн ажиллагаа хийгээгүй байна. Энэхүү зөрчлийг арилгах нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт хэргийн шинжийг зөв, үндэслэлтэй тодорхойлоход нөлөөлөхүйц нөхцөл байдал байна гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Н.Анхбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх 2024 оны 10 дугаар сарын 28-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд 2528 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Шүүхээс “... Шүүх шинжилгээний тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “шинжилгээг шинжилгээний байгууллагаар, эсхүл шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэнэ.” гэж, 2 дахь хэсэгт “шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдэд дараах этгээд хамаарна. Тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, тусгай мэдлэг бүхий хүн, шинжилгээ хийх эрх авсан шинжээч, төрийн байгууллагад ажиллаж байгаа тусгай мэдлэг бүхий хүн, мэргэжлийн байгууллага” гэж заажээ. ... хэрэгт авагдсан 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 55 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд “шинжээч бид Экологийн цагдаагийн албанаас ирүүлсэн хүсэлтийн дагуу “Toyota Sai” загварын автомашины зах зээлийн үнэлгээг тодорхойлов” гээд мэргэжилтэн С.Төгөлдөр, үнэлгээчин Э.Даваасүрэн нар гарын үсэг зурж баталгаажуулжээ. ...С.Төгөлдөр нь үнэлгээ хийхэд оролцож, хөрөнгийн үнэлгээний тайланд гарын үсэг зурж баталгаажуулсан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв ...” гэжээ. Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтууд болох
1. 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-10/,
2. 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2847 дугаартай Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Нийслэлийн шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн шинжээчийн дүгнэлт /хх 44-47/,
3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оргилын мэдүүлэг /хх 23-25/,
4. Гэрч А.Баасандоржийн мэдүүлэг /хх 37-38/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларчээ. Гэтэл анхан шатны шүүх нь хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт хамааралтай бүхий л нөхцөл байдлыг үнэлж, дүгнэдэг бөгөөд нотолгооны ач холбогдолтой, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлэлт дүгнэлт өгөх учиртай. Ийнхүү үнэлж, дүгнэхдээ нотлох баримтуудыг харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргыг ашиглах бөгөөд харьцуулсан, магадалсан үндэслэлээс шалтгаалан няцаасан эсхүл баталсан дүгнэлтийг хийдэг бөгөөд анхан шатны шүүх Б.Б-д холбогдох хэрэгт прокурорт буцааж шийдвэрлэхдээ үйл баримтыг бодитой, зөв тогтоогоогүйн улмаас эрх зүйн алдаатай дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгохоор тодорхойлсон байдаг. Шүүх хэргийг прокурорт буцаахдаа хууль зүйн дүгнэлтийг эрх зүйн оновчтой хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...” гэж заасан зохицуулалтад нийцээгүй гэж үзнэ. Тодруулбал, шүүх хуралдаанаар нөхөн хийж болохгүй бүрэн биш ажиллагаанд мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулж байж, нотлох баримт шинээр цуглуулах гэмт хэрэгт сэрдэгдсэн бусад этгээдийг олох, эсхүл мөрдөн шалгах ажиллагаа өөр газарт буюу явуулах шаардлагатай байхыг ойлгоно. Иймд дээрх үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй болжээ. ... Шүүхээс шийдвэр гаргах боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, процесс ажиллагааны засах боломжгүй зөрчил, эсхүл хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх шалтгаантай бол хэргийг прокурорт буцаах бөгөөд бусад асуудлыг шүүх хэргийн оролцогчдын мэтгэлцээг ханган хэлэлцүүлж, хөндлөнгийн байр сууринаас хандаж, эрүүгийн хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах замаар үнэлэлт дүгнэлт өгөн шийдвэрлэх боломжтой. Хэрэгт “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 55 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасан бөгөөд энэ нь эрүүгийн хэргийг шалган шийдвэрлэх явцад шинжлэн ухаан техник, урлаг болон бусад салбарын болон тусгай мэдлэг шаардсан асуултыг тодруулах шаардлага гардаг энэ тохиолдолд мөрдөгчөөс тодруулах асуудлын талаар шинжилгээ хийлгэхээр шинжээчид даалгадаг. Энэ хүрээнд 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг сануулж, мөрдөгчөөс шинжээч Э.Даваасүрэнд танилцуулж албажуулсан байна. Тэрээр хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан бүх шаардлагыг хангасан тул хөрөнгийн үнэлгээчний эрхийг хугацаагаагүйгээр олгосон гэрчилгээтэй бөгөөд хэрэгт 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар шинжээч Э.Даваасүрэн нь хуульд заасан үндэслэл журмын дагуу дүгнэлт гаргаж, гарын үсэг зурж албажуулсан байна. Шинжээч гэж хэрэгт ач холбогдолтой баримтын талаар нарийн мэргэжлийн буюу тусгай мэдлэг шаардсан дүгнэлт гаргуулж, шинжлүүлэхээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгчээс томилсон этгээд бөгөөд хэнээс ч хараад бус бие дааж ажиллах үүрэг хүлээдэг өөрийн гаргасан дүгнэлтийг үнэн бодитойг шүүхийн өмнө бие даан хариуцах, худал дүгнэлт гаргах, шинжлэхээс татгалзсан нөхцөл үүссэн бол хуульд заасан хариуцлага хүлээх учиртай. Энэ хэргийн тухайд гэмт этгээдийн гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго, сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг онцлогтой. Нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэдэгт гэмт этгээд өөрийн үйлдэж буй гэмт хэргийн бодит мөн чанар, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг буруугаар ойлгон төсөөлж үйлдсэнийг ойлгоно. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Б.Б нь зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг худалдан авсан, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокуророос хийсэн хууль зүйн дүгнэлтийг үндэслэлтэйгээр няцаах, үгүйсгэх нөхцөл байдал үүсээгүй болно. Эрүүгийн эрх зүйн онолын хувьд гэмт хэргийн бүрэлдэхүүнийг түүний обьектив талын шинжийг хэрхэн хуульчилснаас хамаарч хэлбэрийн болон материаллаг бүрэлдэхүүнтэй гэж ангилдаг бөгөөд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн хувьд тухайн гэмт хэргийн улмаас заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг хийснээр гэмт хэрэгт тооцогддог бол материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг нь гэмт этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас заавал хор уршиг учирсан байхыг шаарддагаараа ялгагдана. Түүнчлэн Байгалын Ургамлын тухай хуулийн 12 дугаар зүйл /Ургамлыг ахуйн зориулалтаар ашиглах/ 2-т ”Ховор ургамлыг өөрийн ам бүлийн хүнсний болон ахуйн бусад хэрэгцээг хангах зорилгоор ашиглах зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу олгоно.”, 13 дугаар зүйл “Ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах”, 5-д “Ховор ургамлыг эм үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.16-д заасны дагуу төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 71 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу олгоно.” гэж хуульчилжээ. Түүнчлэн, яллагдагч Б.Б-н зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал, тэдгээрийн үрийг худалдан авсан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан бөгөөд шүүхээс зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор гэдгийг тодорхойлоход хамааралтай нөгөө талаас мэргэжлийн байгууллага хуулиар хүлээсэн эрх, үүргийн хүрээнд зөвшөөрлийг хэрхэн ямар хугацаанд олгодог талаар зохицуулсан хуульд зааснаас өөр зорилгоор гэдгийг хууль зүйн хүрээнд тодорхойлоход хамаарал бүхий дүрэм, журмыг цуглуулах тодруулах ажиллагаа явуулаагүй зэргээр гэмт хэргийн шинжийг тодорхойлоход чиглэсэн ажиллагаа хийгээгүй байна гэж тодорхойгүй асуудлыг дурдсан байна. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11-т “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлагатай холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэж хуульчилсан бөгөөд яллагдагч Б.Б-н зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал, тэдгээрийн үрийг худалдан авсан, тээвэрлэсэн нь гэмт хэрэгт холбогдсон нөхцөлийг хөндсөн нь яллагдагчийн гэм буруугийн асуудалд хамаарна. Хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуулийг ноцтой зөрчсөн зөрчил үүсээгүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр бодит үнэнийг тогтоох боломжтой тул шүүгчийн захирамжид заасан асуудлаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Б.Б-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж бэхжүүлсэн гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт дүгнэлт өгч, тэдгээрийн агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, эргэлзээ бүхий зарим асуудлыг тодруулахаар шаардлагатай гэрч, шинжээчийг талуудын хүсэлтээр оролцуулан яллагдагчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна. Түүнчлэн шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахыг прокурорт даалгах нь гагцхүү анхан шатны шүүхэд олгогдсон эрх хэмжээ болохыг тэмдэглэх нь зүйтэй. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина...”, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...” гэж хууль ёсны болон хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг тодорхойлсон.
Анхан шатны шүүхээс яллагдагч Б.Б-н гэмт хэрэгтээ ашигласан гэх “Toyota Sai” загварын ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээг тогтоохдоо хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан эсэхэд дүгнэлт хийх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зохих зөвшөөрөлгүйгээр” гэдгийг тодорхойлоход хамаарал бүхий нотлох баримт болох мэргэжлийн байгууллагын зөвшөөрлийг хэрхэн ямар хугацаанд олгодог талаар, “хуульд зааснаас өөр зорилгоор” гэдгийг хууль зүйн хүрээнд тодорхойлоход хамаарал бүхий дүрэм, журмыг цуглуулах, тодруулах ажиллагаа явуулаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагаа хийгээгүй гэсэн үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Яллагдагч Б.Б-д холбогдох хэрэгт нотолбол зохих бүрэн нотлогдоогүй, тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан “... гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр...” 1.6 дахь хэсэгт заасан “... гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл...” зэргийг нэг мөр, зайлшгүй эцэслэн шалгаж тогтоох шаардлагатай.
Тухайлбал, хэрэгт авагдсан баримт болох “Хас үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайланд /хх 60/ “Тоёота сай” загварын автомашиныг 15.000.000 төгрөгөөр үнэлэхдээ ямар хугацааны байдлаар тооцож үнэлгээг гаргасан нь ойлгомжгүй байхаас гадна уг дүгнэлтийг эрх бүхий этгээд гаргасан эсэх нь эргэлзээтэй байх тул энэ ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан гэж үзэх боломжгүй байна.
Үүнээс гадна, Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тодорхойлоход ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагааг нэг мөр тодруулж, яллагдагч Б.Б-н гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэг хуульд заасан нотлогдвол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаахдаа үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийсэн тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Анхбаярын бичсэн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 86 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЗ/2528 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Анхбаярын бичсэн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 86 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Яллагдагч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэр арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ М.АЛДАР