| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Бавуу |
| Хэргийн индекс | 108/2018/0120/Э |
| Дугаар | 122 |
| Огноо | 2018-06-19 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Энхмэнд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,
нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Б.Энхмэнд,
шүүгдэгч Ж.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Жаргалсайханы Энхболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807001400102 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1981 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Налайх дүүрэгт төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Налайх дүүргийн 7 дугаар хороо Бадралын 2-19 тоотод оршин суух, регистрийн УЕ81071917 дугаартай, Боржигон овогт Жаргалсайханы Энхболд нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 19-ний шөнө 23 цагийн орчим Налайх дүүргийн 2 дугаар хороо 24а байрны 04 тоотод оршин суух С.Ганболдын гэрт банди минь, баян тарган гэж хэлсэн асуудлаар маргаан үүсгэж З.Идэрчулууныг зодож баруун тахилзуур ясны гадна хавчаарын далд хугарал зүүн нүд, цээж, зүүн шуунд зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл учруулан эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Энхболд нь 2018 оны 02 дугаар сарын 19-ний шөнө Налайх дүүргийн 2 дугаар хороо, 24а байрны 4 тоотод оршин суух С.Ганболдынд З.Идэрчулуун, С.Ганболд нартай согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа З.Идэрчулууныг 23 цагийн орчим өөрт нь хандаж банди гэж хэлснээс үүдэн чи миний банди байхыг хэзээ хараав, чиний мөнгө төгрөгтэй чинь хамаагүй шүү, мөнгөтэй пизда гэлүү гэх зэргээр хоорондоо маргалдан улмаар түүнийг зодож биед нь баруун тахилзуур ясны гадна хавчаарын далд хугарал, зүүн нүд, цээж, зүүн шуунд зулгаралт, цээжинд цус хуралт бүхий гэмтэл учруулсан үйл явдал болсон байна.
Энэхүү үйл явдал нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Энхболд нь мэдүүлэг өгөхгүй гэсэн ба улсын яллагчийн судалсан:
Мөрдөн байцаалтад хохирогч З.Идэрчулууны өгсөн: “23 цагийн орчимд намайг түлхэж газар унагаад өшиглөж хөл гар толгой дээр дэвсэж хятадын төмөр сандлаар зодсон” гэх мэдүүлэг,
/хх-ийн 6-8 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Л.Хонгорзулын өгсөн: “Идэрчулуун нь гэртээ нүд ам нүүр нь хавдаж хөхөрсөн, цээж нуруу нь хөхөрсөн, зүүн хөмсөг нь сэтэрч хавдсан, баруун хөл нь бүхэлдээ хавдаж хөхөрсөн, гэр дотроо явж чадахгүй хэвтэрт байсан” гэх мэдүүлэг,
/хх-ийн 9 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Х.Урангоогийн өгсөн: “Болдаа ах, Идэрээ 2 нь муудалцаад зодолдох чимээ гараад нэг нь нэгнээ зодоод байх шиг нэлээд хугацаа болж бид 2 гарч ирэхэд Болдоо Идэрээ 2 барилцаад авчихсан, Идэрээгийн хөмсөгний дээд талаас цус гоожсон, хуванцар сандал хагарчихсан газар хэвтэж байсан. Би сандлаар цохисон юм байна аа гэж бодсон. Юмаар цохиж байгаа бололтой тас тас хийсэн чимээ гарч байсан” гэх мэдүүлэг,
/хх-ийн 17-18, 21 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч С.Ганболдын өгсөн: “Идэрээ банди минь гэхэд Болдоо чи миний банди байхыг хэзээ хараав, чиний мөнгө төгрөгтэй хамаагүй шүү гэх зэргээр маргалдаад үлдсэн. Тэгээд төд удалгүй пижигнээд эхэлсэн” гэх мэдүүлэг,
/хх-ийн 19-20 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08шэ/137 дугаар:
1. З.Идэрчулууны биед баруун тахилзуур ясны гадна хавчаарын далд хугарал, зүүн нүд, цээж, зүүн шуунд зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэг судалсан хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт судалсан баримтуудыг дүгнэхэд шүүгдэгч Ж.Энхболд нь 2018 оны 02 дугаар сарын 19-ний шөнө Налайх дүүргийн 2 дугаар хороо, 24а байрны 4 тоотод оршин суух С.Ганболдынд З.Идэрчулуун, С.Ганболд нартай согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа З.Идэрчулуунтай 23 цагийн орчим маргалдан зодож эрүүл мэндэд нь баруун тахилзуур ясны гадна хавчаарын далд хугарал, зүүн нүд, цээж, зүүн шуунд зулгаралт, цээжинд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг гэм буруутай гэж шүүх үзлээ.
Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Ж.Энхболд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Энхболд нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч нь нэхэмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Жаргалсайханы Энхболдыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Энхболдод 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Энхболдод оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ж.Энхболдод мэдэгдсүгэй.
5. Ж.Энхболд нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч З.Идэрчулуун нь цаашид нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Ж.Энхболдод оногдуулсан торгох ял биелүүлэхийг Нийслэлийн Налайх дүүрэг дэх Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тасагт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ж.Энхболдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ