| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2411019231066 |
| Дугаар | 2025/ДШМ/26 |
| Огноо | 2024-12-26 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Тамир |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 2025/ДШМ/26
2024 12 26 2025/ДШМ/26
Г.Ц-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Тамир,
шүүгдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/748 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Ц-н өмгөөлөгч Г.Энхтүвшингийн гаргасан давж заалдах гомдлоор Г.Ц-д холбогдох 2411 01923 1066 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Т овгийн Г-н Ц, ... оны .. дүгээр сарын ..-ний өдөр ........... төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт ............. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ........../;
Шүүгдэгч Г.Ц нь 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, “М з” худалдааны төвд 18:21 цагийн үед үйлчлүүлж байхдаа хохирогч О.Ц-н эзэмшлийн 4,92 граммтай, 5.85 сорьцтой, 19 размерын монетон бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 861.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Г.Ц-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Ц-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 861.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-г 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц нь оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Ц-н өмгөөлөгч Г.Энхтүвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Г.Ц-д холбогдох эрүүгийн хэрэгт доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээн авна уу.
1. Г.Ц анх удаа гэмт хэрэгт холбогдсон, учруулсан хохирлыг бүрэн төлж хохирлыг арилгасан, үйлдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлж хэргийг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалт, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг хэрэглэж шүүгдэгчид нийтэд тусгай ажил хийлгэх мөн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзахаар хэргийг шийдвэрлэж болохоор хуульд заасан байгааг харгалзан үзэж хэргийг тэнсэж шийдвэрлэж өгнө үү.
Г.Ц нь Улаанбаатар хотод нөхөр А.Ж-н хамт нийтийн байр хөлслөн амьдарч ажил хөдөлмөр эрхэлж байсан ба гэр бүлийн хүчирхийлэлд удаа дараа өртөж хамтран амьдрах нөхцөл хүнд байгаа учир 4-13 насны 3 хүүхдээ ганцаараа асран хамгаалж, өсгөж хүмүүжүүлэх, тэдэнтэйгээ хамт байж ажил амьдралаа үргэлжлүүлэхэд нь энэ холбогдсон хэргийг хөнгөн шийдвэрлүүлэх нь чухал ач холбогдолтой болохыг шүүх бүрэлдэхүүн зөв дүгнэж, гомдлыг хүлээн авч хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг үндэслэн ялыг хөнгөрүүлж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийг тэнсэж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Г.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тухайн үед бөгжийг нь авах зорилго байгаагүй. Утасныхаа цаана хийж бариад гарсан байсан. Ломбардны мөнгийг төлж бөгжийг буцааж авсан. ...” гэв.
Прокурор Г.Тамир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Ц-д прокуророос 1 жил 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, уг ялыг түүний оршин суугаа хаяг болох Баянзүрх дүүргээр хязгаарлах санал гаргасан. Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол барагдуулсан, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Энэхүү шийдвэр нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн аргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Г.Ц-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Шүүгдэгч Г.Ц нь 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, “М з” худалдааны төвд үйлчлүүлж байхдаа 4,92 граммтай, 5.85 сорьцтой, 19 размерын монетон бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч О.Цэнд-Аюушид 861.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч О.Ц-н “... Манай лангуун дээр 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 18 цаг 21 минутад гаднаас үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд солонгос эмэгтэй өргөн бөгж үзэж байгаад тэр бөгжийг аваад дахин өөр бөгж зүүж үзэж байгаад аваад явсан байсан. Би тухайн үед олон хүнд юм үзүүлж байгаад тэр орж ирж юм үзсэн гэх эмэгтэй хүнээс анх зүүж үзэж байсан 4,92 граммтай монетон Солонгос өргөн бөгжөө авалгүй явуулсан юм. Орой ажил тараад юмаа хурааж байгаад нэг бөгж дутаад байхаар нь үзтэл хаахын өмнө ирж үзэж байсан бөгж байхгүй болохоор нь хяналтын камерын бичлэг шүүж үзтэл миний бөгжийг зүүж үзэж байгаад надад өгөлгүй гартаа бариад гараад явсан байсан, хажуу талд нь хамт нэгэн эрэгтэй хүн явж байсан бөгөөд зүүж үзэж байхдаа бол харуулж байсан харин тухайн эмэгтэй гартаа бариад авах тэр үед тухайн эрэгтэй хүн нь хараагүй байх. ... Цайвар царайтай эмэгтэй хүн байсан. ... 4,92 граммтай, 5,85 сорьцтой, 19 размерын өргөн Солонгос шигтгээтэй монетон бөгж байсан. ...” /хх 7/,
мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Ц-н яллагдагчаар өгсөн “... Тэр лангуун дээр 3 ширхэг өргөн бөгж үзсэн. Бөгжөө үзэж байгаад 2 дахь үзсэн бөгжөө гараасаа салгаад утастайгаа давхар барьж байсан. Тэгээд тэр бөгжөө өгөлгүйгээр гараад явчихсан. ... Дарь эхийн шинэ эцэст байдаг “Н” нэртэй ломбарданд 540.000 төгрөгөөр барьцаанд тавьж бэлэн мөнгө аваад Говь-Алтай аймаг руу явсан. ...” /хх 24/ гэсэн мэдүүлгүүд,
Камерын бичлэгт үзлэг хийсэн “... Бичлэгт тухайн эмэгтэй... зүүж үзэж байсан гэх бөгжийг гар утасны ар талаар хийж, зүүн гартаа барьж байгаа дүрс бичигдсэн байна. ... гартаа атгасан зүйлээ худалдагч хүнд өгөөгүй зүүн гартаа атгасан байдалтай ямар нэгэн эд зүйл худалдан аваагүй явах гэж байгаа дүрс бичигдсэн байна. ...” гэсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-10/,
“Дамно” ХХК-ийн 5,85 сорьцтой, 19 размерийн монетон бөгжийг 861.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх 17-18/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Г.Ц-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч О.Ц-д 861.000 төгрөгийн хохирогч учруулж, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Ц-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон байна.
Шүүгдэгч Г.Ц-н өмгөөлөгч Г.Энхтүвшин нь “... шүүгдэгчийн ар гэрийн хүнд нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгосон.
Шүүгдэгч Г.Ц нь гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, уг хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн боловч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан үзэхэд анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь түүний гэм бурууд тохирсон гэж үзэхээр байна.
Үүнээс гадна, шүүгдэгч Г.Ц-д анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангаж гарчээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшингийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/748 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Ц-н өмгөөлөгч Г.Энхтүвшингийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ М.АЛДАР