Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 221/ШШ2026/0016

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч М.Цэцэгмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Адъяасүрэн

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.А

Хариуцагч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо

Гуравдагч этгээд: Л.Ц, П.Б, Б.Ц, Ч.Э

Нэхэмжлэлийн шаардлага: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн МТ/2024/** дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг эрх бүхий байгууллагад мэдэгдэхийг даалгуулах

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М

Иргэдийн төлөөлөгч Б.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

Хэргийн индекс: 221/2025/0020/3

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1. Нэхэмжлэгч Б.А-ээс Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан гаргасан “Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ** дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн.

1.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс “Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг эрх бүхий байгууллагад мэдэгдэхийг даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.  

Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

2. Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ** дугаар тогтоол нь Өмгөөллийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.4-д заасантай нийцэхгүй байх тул эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Өмгөөлөгч П.Б, Ч.Э, Л.Ц, Б.Ц нар нь 2011 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл, мөн үргэлжлүүлэн 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдөр, 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр, 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр, 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр, 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд шүүхийг хууран мэхэлсэн буюу шүүх хуралдаанд оролцоогүй эс үйлдэхүй гаргасан байхад хариуцлага хүлээлгэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ХБ/2024/** дугаартай “Маргааныг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжийг хэвээр үлдээсэн шийдвэрийг эс зөвшөөрч, 2024 оны МТ/2024/** дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Уг тогтоол нь Өмгөөллийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг ноцтой зөрчсөн байх тул хүчингүй болгож өгнө үү.

2.1 Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн “албан тушаалын байдал” гэдэгт нөлөө хамаарах, мөн “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг тус тус ойлгохоор хуульчилж тайлбар хийснийг дурдаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна. Эрүүгийн хуулийн 21.14 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг байнга бүлэглэн үйлдэж байхад Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо гэмт хэргийн шинжтэй үйлдлийг эрх бүхий байгууллагад мэдэгдэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Өмгөөлөгч П.Б, өмгөөлөгч Л.Ц, өмгөөлөгч Б.Ц нар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргахаар завдсаар байна” гэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанд нийт найман гишүүн оролцсон ба Өмгөөллийн тухай хууль, Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын дагуу хуралдаан явагдаж шийдвэр гарсан. Өмгөөлөгч П.Б, өмгөөлөгч Ч.Э, өмгөөлөгч Л.Ц, өмгөөлөгч Б.Ц нарт шүүхийн байгууллагаас гомдол ирээгүй бөгөөд Өмгөөллийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.3-д “энэ хуулийн 31.8-д заасан хариуцлага хүлээлгэх хугацаа өнгөрсөн бол маргааныг хэрэгсэхгүй болгох” үндэслэлтэй байна гэж Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх бүрэлдэхүүн үзсэн.

3.1 Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 94 дүгээр зүйлийн 94.2-т зааснаар “Энэ журмын 94.1-д заасан шийдвэр, энэ журмын 48.1-д заасан маргаан үүсгэхээс татгалзсан тогтоолоос бусад хорооны тогтоол, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны захирамжтай холбоотой асуудлаар шүүхэд гомдол гаргахгүй гэсэн заалтыг үндэслэн 40 дугаар тогтоолын Тогтоох хэсгийн 3-д “Энэ тогтоолд гомдол гаргах эрхгүй” болохыг дурдсан байгаа болно. Иймд Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ** дугаар тогтоолыг хэвээр үлдээж, Б.А-ийн гаргасан гомдлыг хангахгүй орхино уу” гэжээ.

4. Гуравдагч этгээд Л.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Би 10 гаруй жилийн өмнө М.М гэх хүнд эрх зүйн туслалцаа үзүүлсэн. М.М нь Б.А-ийн итгэмжлэлтэйгээр 3 өрөө байраа зарсан, н.А-оос байр худалдан авч 5 сая төгрөгийг байрны засварт тохирон хасаж тооцсон байсан. Үүнийг Б.А эс зөвшөөрч маргаан үүсгэснээр 5 сая төгрөгийг М.М төлөхөөр шийдвэрлэж тэр дор нь төлж өгсөн асуудал болсон. Гэвч нэхэмжлэгч нь өөрийнхөө өмгөөлөгч болон хариуцагч нарын өмгөөлөгч, түүнчлэн шүүгч, туслах гээд олон хүмүүст холбогдуулан гомдол, нэхэмжлэл гаргаснаар маш олон жилийн нүүрийг үзэж байна. Энэ маргаанд би өөрийгөө ямар ч холбогдолгүй гэж үздэг. Би хуулийн ямар нэгэн заалт зөрчөөгүй. Б.А-ийн эрх ашгийг хохироох асуудал үүсгээгүй болно. Б.А-ийн гомдол нэхэмжлэлд миний нэр дурдагдсанаар би Монголын Өмгөөлөгчдийн холбоонд сахилгын хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа гэсэн нэр зүүсээр 10 гаруй жил болсон эрх ашиг минь үнэхээр хохирч байна. Б.А нь надтай чухам юуг холбож нэхэмжилж юунд гомдоод байгааг ойлгохгүй явсаар байна. Иймд асуудлыг эцэслэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

5. Гуравдагч этгээд П.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие Б.А-ийн нэхэмжлэлтэй гэр бүл цуцлуулах, гэр бүлийн дундын өмчөөс гэр бүлийн гишүүдэд оногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэрэгт түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж оролцсон бөгөөд тухайн хэрэг Б.А-т ашигтайгаар шийдвэрлэгдсэн. Иймд Б.А-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн МТ/2024/** дугаар тогтоол үндэслэлтэй байх тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

6. Гуравдагч этгээд Ч.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие 2017 оноос өмгөөллийн үйл ажиллагаа эрхлээгүй, өндөр насны тэтгэвэрт гарсан. Б.А-ийн нэхэмжлэлтэй гэрлэлт цуцлуулах иргэний хэрэгт хариуцагчийн өмгөөлөгчөөр ажиллаж байх хугацаанд хэн нэгэн шүүгч, өмгөөлөгч, хэргийн оролцогчтой бүлэглэн, хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйгээр нэхэмжлэгчид хохирол учруулж байгаагүй болно. Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны МТ/2024/** дугаар тогтоолтой ч танилцаагүй, ямар нэг хариуцлага арга хэмжээ тооцож эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул товлогдсон шүүх хуралд биечлэн оролцохгүй, тайлбар мэдүүлэг байхгүй” гэжээ.

7. Нэхэмжлэгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ 4 өмгөөлөгч надад 2011 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хууль зүйн туслалцаа үзүүлсэн байдаг юм. Хууль зүйн туслалцаа үзүүлж байх үед нь миний нэртэй хуурамч иргэний үнэмлэх, гадаад паспорт, гэрлэлтийн гэрчилгээ үйлдэж олгочихсон. Тухайн үед Эрүүгийн хуулийн 233  дугаар зүйлийн 233.2, 89 дүгээр зүйлийн 89.2-т заасан гэмт хэрэг үйлдээд, уг гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацаа 2013 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дуусах ёстой байсан. Гэтэл энэ эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө иргэний хэргийн шүүхээс шийдвэр гарсан байсан. Энэ шийдвэр гарахад дараах энэ өмгөөлөгч нар дараах нотлох баримтуудыг хуурамчаар үйлдсэн байна гэдэг гомдлыг л удаа дараа гаргаж байгаа. Энэ нь хуурамч нотлох баримтыг хууль бусаар үйлдсэн, хуурамч болохыг нь мэдсээр байж иргэний шүүхээс 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр илт хууль бус шийдвэр гаргуулсан байна гэдэг үндэслэлээр 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл 10 жилийн хугацаанд гомдол гаргаад явж байгаа. Тэгээд Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо энэ дээр ямар дүгнэлт гаргах ёстой юм бэ гэхээр Өмгөөллийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-д заасан гомдол, мэдээлэлд дурдсан үйлдэл, эс үйлдэхүй гэмт хэргийн шинжтэй бол эрх бүхий байгууллагад шилжүүлнэ гэсэн энэ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, тэрүүнд нь хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад энэ хэргийг, энэ маргааныг хэрэгсэхгүй болгочихлоо гэдэг үндэслэлээр л гомдол гаргаад байгаа. Энэ нь 2 дахь үндэслэл нь юм. 3 дахь үндэслэл нь одоо шүүх юуг тогтоочхоод байгаа юм бэ гэхээр зэрэг шүүх 2005 оноос хойш 2013 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх шүүхийн шийдвэр гарах болсон үндэслэл болсон мэдүүлэг, иргэний үнэмлэх, гадаад паспорт, гэрлэлтийн гэрчилгээ хуурамч байсан юм байна шүү гэдгийг тогтоочхоод байгаа юм. Ингээд маргаан шийдвэрлэж шийдвэрлэх ажиллагааны явцад ингээд буцаасан. Буцаасны дараа би Д***** аймгийн прокурорын газар үүссэн энэ, энэ хэргүүд хуурамч, зохиомол хэрэг байна гэдгийг нь тогтооё. Энийг Цагдаагийн ерөнхий газрын Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэс дээр мөрдөж байгаа.

Өөрөөр хэлбэл энэ хэрэг яагаад Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо руу шилжсэн бэ гэхээр миний хүсэлтээр шилжүүлээгүй. Энийг хэн шилжүүлсэн юм бэ гэхээр Монголын хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад дур мэдэж шилжүүлсэн байсан. Хуульд зааснаар Монголын хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо татан буугдсан бол эрх залгамжлагч нь хэн байх вэ гэдгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тус шүүх шийдэх ёстой байсан. Гэтэл дураараа шилжүүлсэн байсан учраас ийм эс үйлдэхүүн 1 дүгээрт гарсан. 2 дугаарт нэхэмжлэгчийн хувьд энийг Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо руу шилжүүлсэн гэх үед нь энэ хэргийг эрх залгамжлагчаар тухайн үед Тү.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг шалгаж байсан Цагдаагийн ерөнхий газрыг эрх залгамжлагчаар тогтоож өгөөч гэдэг хүсэлтийг гаргаагүйгээс болоод тухайн үед бид нар зөвхөн эд хөрөнгөөрөө хохирсон байсан бол энэ буцааснаас хойш манай өрх гэрийн тэргүүний амь насаараа бид хохирсон. Ийм учраас энэ тогтоол бол үндэслэлгүй юм гэсэн 2 дахь үндэслэл нь байгаа.

3 дахь үндэслэл нь өмгөөлөгч Ч.Э нь 2021 оны өмгөөлөгчийн шинэчилсэн бүртгэлд бүртгэгдээгүй байна гэдэг үндэслэлээр маргааныг хэрэгсэхгүй болгосон тогтоол гаргасан. Гэтэл 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 1**** дугаартай маргаан үүсгэснээр энэ маргааныг хянан шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаа бол тухайн маргаан шийдвэрлэх журмаар, Монголын хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан шийдвэрлэх журам, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан шийдвэрлэх журмаараа ч гэсэн хөөн хэлэлцэх хугацаа зогсоно гээд журамд нь заасан байгаа. Ингээд зогсчихсон байсан. Өмгөөлөгч Ч.Э нь тухайн хэрэгт Л.А-ын өмгөөлөгч, Л.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан. Энэ этгээд бол маргаан үүсгэснээс 6 сарын дараа Америкийн Нэгдсэн Улс руу оргон зайлсан байна гэдэг нотлох баримтыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх өөрөө хангалттай цуглуулсан. Дээрээс нь энэ хүний өмгөөллийн эрхийг 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүчингүй болгосон байна гэдэг нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн нь өмгөөлөгч Ч.Э нь 2021 оны өмгөөлөгчийн шинэчилсэн бүртгэлд бүртгэгдээгүй байна гэсэн үндэслэлээр маргааныг хэрэгсэхгүй болгох шийдвэр нь үндэслэлгүй байна гэсэн ийм 3 дахь үндэслэлийг хэлж байна.

4 дэх үндэслэл нь тухайн үед зөвхөн миний нэртэй хуурамч иргэний үнэмлэх, гадаад паспорт үйлдэж, олгосон байвал маргааныг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо руу шилжүүлэхээс өмнө буюу 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Нотариатын мэргэжлийн хариуцлагын хорооны дүгнэлт гардаг. Энэ дүгнэлтээр өмгөөлөгч Ч.Э-ийн үйлчлүүлэгч гээд байгаа манай гэр бүлийн өрхийн тэргүүн, миний нөхөр Л.А, түүний эгч Л.А нарт холбогдох, тухайн үед 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр манай гэр бүлийн эд хөрөнгийг М.М-ын өмчлөлд шилжүүлсэн худалдах, худалдан авах гэрээ бол 1 дүгээрт нотариатч нотариатын үйлдэл хийхдээ хуурамч нотлох баримтыг гэрчилсэн байна гэдгийг нь тогтоодог. Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалт, 21.1.2 дахь заалтаар нотариатын үйлдэл хийж болохгүй нөхцөл байдлыг нуун дарагдуулсан байна гэдгийг тогтоож байна. 3 дугаарт нь үйлчлүүлэгчид хохирол учруулахаар хэмжээний нотариатын гэрчлэл хийсэн байна. Гэвч сахилгын хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна л гээд Нотариатын сахилгын хорооны зөвлөл нь өөрсдийн эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргасан байдаг. Гэтэл тэр нотариатчид сахилгын хариуцлага тооцохоос татгалзсан тогтоол нь түүнд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй байна гээд эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр тухайн үед Д**** аймгийн цагдаагийн газар 201100*** дугаартай хэрэг болон нийт 3 эрүүгийн хэрэг үүсгэчихсэн байж байна. Энэ хэрэгт нь миний өмгөөлөгч П.Б-ыг гэрчээр асуусан байна. Гэрчээр асуухад эдгээр хүмүүс бүгд л 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гэрлэлт цуцалсан шийдвэр нь хуульд нийцэж байгаа, Л.А-ийн эзэнгүйд түүний хүчингүй болсон иргэний үнэмлэхийн хуулбарыг ашигласан нь хуульд нийцэж байгаа гэдэг ийм худал тайлбарыг гаргадаг. Дээрээс нь яг одоо энэ хэрэг маргааныг шийдвэрлэж байх явцад гаргаж өгөх шүүгч, өмгөөлөгч нарын үйлдсэн маргааны үндэслэл болоод байгаа 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн *** дүгээр шүүгчийн захирамж, 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн **** дугаар шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамж, 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамж, мөн 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаар шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамж, 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн **** дүгээр шүүгчийн захирамж, 2012 оны 06 дугаар сарын 29-ний *** дүгээр хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж, хариуцагчийг гуравдагч этгээдээр сольсон ийм үйлдэл, 2012 оны 09 дүгээр сарын 20-ны хэргийг сэргээсэн **** дугаар шүүгчийн захирамжийг тухайн үед Д***** аймгийн иргэний хэргийн шүүхийн шүүгчээр ажиллаж байсан шүүгч Тү.Э, миний өмгөөлөгч П.Б, тухайн үеийн шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга н.Т, Л.А-ын өмгөөлөгч, Л.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э нар хуурамчаар үйлдсэн юм.

Энэ хуурамч нотлох баримтыг нь үндэслээд ямар ч гэм буруугүй Л.А, Л.А нараас ийм шийдвэр гаргуулсан юм гэдэг энэ дүгнэлтийг л гаргуулах гэж өнөөдрийг хүртэл тасралтгүй 10 жил явж байгаа. Энэ дээр маргаан үүсгэсэн. Нэхэмжлэгчийн хэлээд байгаа энэ шүүгчийн захирамжууд нь хуурамч юм. Энэ хуурамч нотлох баримтуудыг үндэслээд 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр прокурор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тэр прокурор нь өнөөдөр Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны өмгөөлөгч, прокурор гишүүн, мөн Монголын Өмгөөлөгчдийн холбооны Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсийн даргаар ажиллаж байгаа учраас энэ хүн өөртөө давуу байдал олгосон хууль бус шийдвэр гаргаад байна. Энд нь хяналт тавих үүрэгтэй Монгол Улсын ерөнхий прокурор Б.Ж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, илт хууль бус шийдвэр гаргаад байна гээд хэлдэг. Энэ үед хариуцагч нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа энэ гаргасан шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамжууд бүгдээрээ хуульд нийцэж байгаа гэж хэлдэг.

Гэтэл шүүхээс тогтоосон нотлох баримтууд нь энэ бол хууль бус юм гэдгийг тогтоодог. Жишээлбэл шүүгч Тү.Э нь 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Л.А-ийн гарын үсгийг шинжлэн судлахаар **** дүгээр шүүгчийн захирамж гаргасан атлаа өнөөдрийг хүртэл шүүхийн шинжилгээний албанд хүргүүлээгүй байна гэдэг нь Д аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн албан бичгээр тогтоогдсон. Тэр албан бичиг нь тухайн үед энэ маргааныг Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо руу шилжүүлсэн энэ хэрэгт авагдсан байдаг. Гэтэл эдгээр шүүгч, өмгөөлөгч нарын үйлдсэн шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамж нь хуурамч биш юм гэдгийг тогтоосон нэг ч тайлбарыг гаргаагүй. Дээрээс нь та бүхний гаргасан, ялангуяа шүүгч Б.А Улсын бүртгэлийн газарт холбогдох хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 сарын 22-ны өдрийн ** дугаар шийдвэрийг гаргасан. Тухайн үед улсын бүртгэлийн байгууллага миний нэртэй хуурамч иргэний үнэмлэх, гадаад паспортыг гаргаад гэмт хэрэг үйлдээд явж байхад нь эдгээр шүүгч, өмгөөлөгч нар тэр гэмт хэргийг нуун дарагдуулахын тулд эрүүгийн буюу иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдсэн.

5 дахь үндэслэл нь Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо 2024 оны 12 сарын 17-ны өдрийн ** дүгээр тогтоолыг гаргахдаа 1 үндэслэл дурддаг юм. Энэ үндэслэл нь юу вэ гэхээр энэ тогтоолд байгаа дээрх гэмт хэргийн шинжтэй нотлох баримтууд үйлдээд байгаа гэх гэмт хэрэг нь Авлигатай тэмцэх газар буюу бусад газраас ирүүлээгүй байна гэдэг ийм үндэслэл дурдсан байдаг. Гэтэл 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн маргаан үүсгэх тогтоолд чинь гомдол гаргагч нь Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс гээд байж байгаа. Тэгэхээр зэрэг тэр нь үнэн юм уу, мөн юм уу гэдэг дээр нь бас шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж өгөөч гэж байна. Маргааны материал ингээд дуусаж байгаа. Мэргэжлийн хариуцлагын хорооны ажиллах журмын 32.1.8-д нь гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад олж мэдсэн хүний нууцыг задруулахгүй байх, мөн албан тушаалтан, иргэн хэн боловч хянан шийдэх ажиллагаанд эрх үүргээ хэрэгжүүлэхдээ хөндлөнгөөс оролцож нөлөөлөхийг хориглоно гэж заасан учраас С.Х-ыг оролцуулж, Монгол Улсын дээд шүүхийн 03 дугаар сарын 17-ны өдрийн *** дүгээр тогтоол, *** дүгээр тогтоол, ** дугаар тогтоолыг үгүйсгэх хууль эрх зүйн үндэслэлийг тайлбарлаач ээ гэсэн. Энэ 5 дахь үндэслэл нь тогтоол гаргахдаа зөвхөн Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн *** дүгээр тогтоол, 2018 оны 12  дугаар сарын *** дүгээр тогтоолыг ашиглаад бусад тогтоолуудыг нь бүгдийг нь огт ашиглахгүй орхиод байгаа. Энэ нь юуг хэлэх гээд байгаа юм бэ гэхээр шүүх энийг ойлгоосой гэж байна” гэв.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй байгаа. Мэргэжлийн хариуцлагын хороо нь Өмгөөллийн тухай хуульд зааснаар өмгөөлөгч Өмгөөллийн тухай хууль эсвэл Ёс зүйн дүрэм зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэдэг. Өмгөөлөгч Өмгөөллийн тухай хуульд зааснаар үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд тууштай хамгаалах үүрэгтэй этгээд бөгөөд эрх бүхий албан тушаалтнаас гаргасан шийдвэртэй нь холбогдуулж өмгөөлөгчийг буруутгах боломжгүй. Иргэн Б.А-ээс өмгөөлөгч нар болон эрх бүхий албан тушаалтнуудтай холбоотой гомдлоо хууль хяналтын байгууллагуудад гаргаж шийдвэрлүүлсэн талаар өөрөө сая хангалттай дурдлаа. Мэргэжлийн хариуцлагын хороонд иргэн Б.А нь өмгөөлөгч Б.Ц, Ч.Э, П.Б, Л.Ц нар нарт холбогдуулж гомдол гаргасан байдаг. Эдгээр гомдлын материал бол Монголын хуульчдын холбооноос 2021 онд Мэргэжлийн хариуцлагын хороо руу шилжиж ирсэн. Б.А-ийн гомдолд дурдаад байгаа асуудлууд бол 2011 оноос 2020 оны үйл баримтууд буюу Монголын хуульчдын холбооноос Мэргэжлийн хариуцлагын хороонд шилжиж ирэхээс өмнөх цаг хугацааны үйл баримтууд дурдагдсан байдаг.

Эдгээр 4 өмгөөлөгч нар нь Өмгөөллийн тухай хууль болон Ёс зүйн дүрэмд заасан ёс зүйн зөрчил гаргаагүй байна хэмээн бүрэлдэхүүн үзсэн. Мөн гомдолд дурдсан асуудлууд нь 2011 оноос 2020 оны үйл баримтууд байх тул Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гээд маргааныг хэрэгсэхгүй болгосон 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ** дугаартай захирамжийг хэвээр үлдээж, Мэргэжлийн хариуцлагын хорооны бүрэлдэхүүн шийдсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д дараах төрлийн маргааныг давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ, 112.1.4-д Өмгөөллийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7, 37 дугаар зүйлийн 37.1-д заасан маргааныг хянан шийдвэрлэнэ, Өмгөөллийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд өмгөөлөгч, эсхүл хүсэлт, гомдол, мэдээллийг ирүүлсэн этгээд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж заасан. Энэ нь иргэн, хуулийн этгээд нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандах, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх тусгай журмаар харьяалан шийдвэрлэхээр зохицуулсан байдаг.

Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн тогтоолоор шийдсэн 2024 оны 05  дугаар сарын 22-ны өдрийн маргааныг хэрэгсэхгүй болгох захирамж нь Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 58.2, 59.2 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгч нар нь Өмгөөллийн тухай хууль, Ёс зүйн дүрмийг зөрчсөн нь тогтоогдохгүй байна гэсэн гишүүний захирамж юм. Дээрх үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгчийг хүчингүй болгохоор маргаж буй тогтоол нь Өмгөөллийн тухай хуулийн 7.7, 37.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэх маргаанд бол хамаарахгүй маргаан юм. Захиргааны  хэргийн давж заалдах шатын шүүхийн тусгай журмаар харьяалан шийдвэрлэх Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэр нь Өмгөөллийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар гаргасан тогтоол хэлбэртэй байхаас гадна мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.1, 36.2.4-д заасан маргааныг хянасан шийдвэрүүдийн аль нэгийг гаргасан байх зохицуулалттай.

Тодруулбал Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 60 дугаар зүйлийн 60.1-д хянан шалгагч нь хариуцагч зөрчил гаргасныг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл зөрчлийн дүгнэлт үйлдэн маргааныг хянан шийдвэрлэх хуралдаанаар шийдвэрлүүлнэ гэж зааснаар хянан шалгагчаас зөрчлийн дүгнэлт үйлдсэн тохиолдолд Мэргэжлийн хариуцлагын хороо хуралдаанаар хянан шийдвэрлэх зохицуулалттай байх бөгөөд улмаар журмын 88 дугаар зүйлийн 88.1-д зааснаар маргаан хянан шийдвэрлэх хуралдаанаас гарсан шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна гэж заасан. Иймд захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар Б.А-ээс гаргасан нэхэмжлэлийг хангахгүй орхиж, хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Мэргэжлийн хариуцлагын хороо Б.А-ийн нэхэмжлэлийн гол шаардлага болох хэрэгсэхгүй болгосон захирамжийг бүрэлдэхүүнээрээ хэлэлцээд шийдвэрлэсэн байдаг. Тухайн шийдвэрлэсэн тогтоолд иргэн Б.А-ийн гомдолд дурдсан шүүгч Тү.Э-ыг тухайн үед 2012 онд шүүгчээр ажиллаж байсан маргаантай нь холбоотой асуудлаар шалгах боломжгүйг дурдсан. Мөн гомдолд дурдсан дээрх гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг хуулийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй гээд тогтоолд дурдсан байгаа учир нэхэмжлэгч хуулийн байгууллагад гомдол гаргах, шалгуулах эрх нь нээлттэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагуудыг дэмжихгүй байна. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.

9. Иргэдийн төлөөлөгч Б.Э дүгнэлтдээ:  “...Хохирогч хүмүүс мэдээж гомдолтой, хардамтгай болдог. Бүх хүмүүс өөрийнх нь эсрэг байгаа юм шиг санагддаг байх. Өнөөдрийн хувьд захиргааны хэргийн шүүх хуралдаан явагдаж байгаа. Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны ** дүгээр тогтоолын тал дээр мэтгэлцэх нь зүйтэй байсан. Хариуцагч талаас гаргасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэл нь нотолгоотой бол уг тогтоол шаардлага хангасан гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч гомдлоо эрүү, иргэний хэргийн журмаар барагдуулах эрх нь нээлттэй гэдэг дээр санал нэг байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянан хэлэлцээд нэхэмжлэгч Б.А-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэргийн үйл баримтын тухайд:

2. 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Б.А-ээс өмгөөлөгч П.Б, өмгөөлөгч Ч.Э, өмгөөлөгч Л.Ц, өмгөөлөгч Б.Ц нарт холбогдуулан гомдол гаргаж, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны хянан шалгагч Б.Б 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн МҮ/** дугаар тогтоолоор өмгөөлөгч Ч.Э, өмгөөлөгч Л.Ц, өмгөөлөгч Б.Ц нарт холбогдуулан Маргаан үүсгэх тогтоолыг гаргажээ.

3.Өмнө нь Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны Өргөдөл, гомдлын бүртгэл-хяналтын картын маягтаар Б.А-ээс 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өмгөөлөгч П.Б, өмгөөлөгч Ч.Э, өмгөөлөгч Л.Ц, шүүгч Тү.Э нарын үйлдлийг шалгуулахаар гомдол гаргаж, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шинжээч Б.Э-д гомдлын дагуу шалгуулахаар шилжүүлж, шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн М17/0** дугаар тогтоолоор хариуцагч шүүгч Тү.Э, өмгөөлөгч П.Б, өмгөөлөгч Ч.Э, өмгөөлөгч Л.Ц нарт холбогдуулан маргаан үүсгэн, хянан шалгах ажиллагаа явагдаж байсан байна.

4. Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны Ажлын албаны дарга Т.О-ын 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Ш/** дугаар шийдвэрээр “...Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны шинжээчийн 2017 оны М17/0** дугаар тогтоолоор маргаан үүсгэсэн хариуцагч нарт мөн Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны хянан шалгагч Б.Б 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолоор маргаан үүсгэн, хянан шалгах ажиллагаа явуулж байгаа ба маргааны утга агуулга адил байх тул иргэн Б.А-ээс хариуцагч Т.Э, П.Б, Ч.Э, Л.Ц нарт холбогдох гомдлуудыг нэгтгэх”-ээр  шийдвэрлэн, хэргүүдийг нэгтгэн хянан шалгах ажиллагаа явуулсан байна.

5. Ингээд Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны хянан шалгагч Б.Б 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Маргаан хэрэгсэхгүй болгох санал” ХБ/** дугаар саналаар “...өмгөөлөгч П.Б, өмгөөлөгч Л.Ц, өмгөөлөгч Б.Ц нарт холбогдуулсан үйлдэл нь 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хуурамч эвлэрлийн гэрээ хийсэн, ... болон 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд болсон үйл явдал болох нь маргааны материалд авагдсан баримтуудаар батлагдаж байх бөгөөд Маргаан хянан шийдвэрлэх журмын 5 дугаар зүйлийн 5.1-д заасан 3 жилийн хугацаа өнгөрсөн байх тул өмгөөлөгчийн ес зүйн зөрчилд үнэлэлт дүгнэлт гаргах боломжгүй нөхцөл байдал үүсч байна гэж гишүүд дүгнэлээ” гэх саналыг гаргажээ.

6. Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүн А.К-ийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “Маргаан хэрэгсэхгүй болгох тухай” ХБ/2024/** дугаар захирамжаар “...гомдолд дурдсан асуудал, болсон үйл явдал нь ...анх зөрчил гаргасан гэх хугацаанаас хойш 12 жил, сүүлд зөрчил гаргасан гэх хугацаанаас хойш 3 жил 6 сар гаруй хугацаа өнгөрчээ. Энэ тохиолдолд Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8-д “Өмгөөлөгч ёс зүйн зөрчил гаргаснаас хойш гурван жилийн хугацаа өнгөрсөн бол хариуцлага хүлээлгэхгүй” гэж, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.3-д “энэ хуулийн 31.8-д заасан хариуцлага хүлээлгэх хугацаа өнгөрсөн бол маргааныг хэрэгсэхгүй болгох” гэж заасныг үндэслэн ...Б.А-ийн гомдолтой, хариуцагч Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч П.Б, өмгөөлөгч Ч.Э, өмгөөлөгч Л.Ц, өмгөөлөгч Б.Ц нарт холбогдуулан үүсгэсэн маргааныг хэрэгсэхгүй болгосон” байна.

7. Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Хариуцагч Б.Ц, П.Б, Ч.Э, Л.Ц нарт холбогдох гомдлыг хэлэлцсэн тухай” МТ/2024/** дугаар тогтоолд “... Уг гомдолд дурдсан үндэслэлээр ХБ/2024/** тоот “Маргаан хэрэгсэхгүй болгох тухай” захирамжийг хянасан бөгөөд захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй байна... гомдол гаргагч Б.А-ээс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүний 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №ХБ/2024/** тоот “Маргаан хэрэгсэхгүй болгох тухай” захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;

8. Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн МТ/2024/** дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: 

9. Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8-д “Өмгөөлөгч ёс зүйн зөрчил гаргаснаас хойш гурван жилийн хугацаа өнгөрсөн бол хариуцлага хүлээлгэхгүй”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Мэргэжлийн хариуцлагын хороо нь өмгөөлөгч хууль болон Ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх, энэ хууль болон Ёс зүйн дүрмийг нэг мөр ойлгож, хэрэгжүүлэх талаар зөвлөмж гаргах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 36 дугаар зүйлийн 36.1-д “Мэргэжлийн хариуцлагын хорооны хуралдаанд нийт гишүүний дийлэнх олонх оролцсоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийдвэрийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар гаргана”, 36.2-т “Мэргэжлийн хариуцлагын хороо маргааныг хянаж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана”, 36.2.3-д “энэ хуулийн 31.8-д заасан хариуцлага хүлээлгэх хугацаа өнгөрсөн бол маргааныг хэрэгсэхгүй болгох” гэж тус тус заажээ.

10. Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 5.1-д “Өмгөөлөгч ёс зүйн зөрчил гаргаснаас хойш гурван жилийн хугацаа өнгөрсөн бол ёс зүйн хариуцлага хүлээлгэхгүй”,  5.2-т “Маргаан үүсгэх тухай шийдвэр гарснаар хөөн хэлэлцэх хугацааг тоолохыг зогсооно”, 47.1-д “Гомдолд дурдагдсан үйл баримт нь зөрчилд хамаарахааргүй бол хянан шалгагч маргаан үүсгэхээс татгалзах тухай саналаа урьдчилан тогтоосон дарааллын дагуу томилогдсон Гишүүнд хүргүүлнэ”, 47.2-т “Гишүүн хянан шалгагчийн саналыг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор дараах шийдвэрийн аль нэгийг гаргана”, 47.2.1-д “хянан шалгагчийн саналыг хүлээн авч, маргаан үүсгэхээс татгалзах” гэж журамласан байна.

11. Дээрх хууль, журмын зохицуулалтаас үзэхэд Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны чиг үүрэг нь Өмгөөллийн тухай хууль болон Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх бөгөөд өмгөөлөгч нь ёс зүйн зөрчил гаргасан болох нь нотлогдсон тохиолдолд хариуцлага хүлээлгэх эрх хэмжээтэй байна..

12. Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүн А.К-ийн 2024 оны “Маргаан хэрэгсэхгүй болгох тухай” ХБ/2024/** дугаар захирамжийн Үндэслэх хэсэгт “...гомдолд дурдсан өмгөөлөгч Ч.Э, өмгөөлөгч Б.Ц, өмгөөлөгч Л.Ц, өмгөөлөгч П.Б нарт холбогдох асуудал нь 2012 оны 09 дүгээр сарын 20, 2016 оны 07 дугаар сар, 2017 оны 01 дүгээр сарын 24, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрүүдэд болсон үйл явдал болох нь маргааны материалд авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд үүнээс хойш анх зөрчил гаргасан гэх хугацаанаас хойш 12 жил сүүлд зөрчил гаргасан гэх хугацаанаас хойш 3 жил 6 сар гаруй хугацаа өнгөрчээ. ...Өмгөөлөгч нар нь Өмгөөллийн тухай хууль болон Мэргэжлийн ёс зүйн дүрэмд заасан үүрэг, шаардлагыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй” гэж дүгнэж, маргааныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

13. Тодруулбал, дээрх ХБ/2024/** дугаар захирамжаар тогтоогдсоноор нэхэмжлэгч Б.А нь өмгөөлөгч П.Б, өмгөөлөгч Л.Ц, өмгөөлөгч Б.Ц, өмгөөлөгч Ч.Э нарт холбогдуулан 2012 оноос 2020 оны хооронд болсон үйл баримт, үйлдэлтэй холбоотой гомдол гарган маргадаг бөгөөд дээрх үйл баримт нь анх зөрчил гаргасан гэх хугацаанаас хойш 12 жил, сүүлд зөрчил гаргасан гэх хугацаанаас хойш 3 жил 6 сар гаруй хугацаа өнгөрсөн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

14. Нэхэмжлэгчээс 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр өмгөөлөгч П.Б, өмгөөлөгч Ч.Э, өмгөөлөгч Л.Ц, өмгөөлөгч Б.Ц нарт холбогдуулан 2012 оноос 2020 оны хооронд болсон үйл баримттай холбоотой асуудлыг шалгуулахаар хариуцагч Мэргэжлийн хариуцлагын хороонд гомдол гаргасан байх ба Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8-д “Өмгөөлөгч ёс зүйн зөрчил гаргаснаас хойш гурван жилийн хугацаа өнгөрсөн бол хариуцлага хүлээлгэхгүй” гэж зааснаар зөрчил гаргасан өдрөөс эхлэн 3 жилийн дотор шалгаж, хариуцлага хүлээлгэх бөгөөд энэ тохиолдолд дээрх өмгөөлөгч нарт ёс зүйн зөрчилд хариуцлага ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн болох нь захиргааны хэрэг болон Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шалгасан (5 хавтас) хавтаст хэрэгт авагдсан байна. 

15. Гэхдээ Өмгөөллийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Мэргэжлийн хариуцлагын хороо нь шаардлагатай бол хүсэлт, гомдол, мэдээлэлд дурдсан үйлдэл, эс үйлдэхүйн талаар холбогдох этгээдээс тайлбар, тодорхойлолт авах, Мэргэжлийн хариуцлагын хороонд ирж тайлбар өгөх тухай хүсэлт гаргах эрхтэй бөгөөд холбогдох хүн, хуулийн этгээд нь үнэн зөв тайлбар өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч нь Б.А-ийн гомдлыг хянан шалгахдаа гомдолд дурдсан үйл баримт, үндэслэл бүрд хамаарах нотлох баримтуудыг бүрэн дүүрэн цуглуулж, нотлох баримтын хүрээнд өмгөөлөгч Б.Ц, өмгөөлөгч Л.Ц, өмгөөлөгч П.Б, өмгөөлөгч Ч.Э нарыг Өмгөөллийн тухай хууль болон Мэргэжлийн ёс зүйн дүрэмд заасан ёс зүйн зөрчил гаргаагүй гэж дүгнэсэн болохыг дурдах нь зүйтэй.  

16. Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг эрх бүхий байгууллагад мэдэгдэхийг даалгуулах шаардлагын тухайд:

17. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 13 дугаар зүйлийн 13.2-д “Захиргааны ерөнхий хуулийн 3.1-д заасан үйл ажиллагаа нь захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй”, 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж,

18. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хууль дараах харилцаанд үйлчлэхгүй”, 3.1.3-д “Үндсэн хуулийн цэц, бүх шатны шүүхийн гэмт хэрэг, эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа” гэж тус шүүхийн харьяалан шийдвэрлэхгүй маргааныг заасан.

19. Дээрх хуульд зааснаар нэхэмжлэгчийн тус шүүхэд хандан гаргасан “хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг эрх бүхий байгууллагад мэдэгдэхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл нь Захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байна.

20. Тиймээс “Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг эрх бүхий байгууллагад мэдэгдэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

21. Харин нэхэмжлэгч Мэргэжлийн хариуцлагын хороог хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, биелүүлээгүй үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байгаа бол холбогдох байгууллагад хандаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй.

22. Иргэдийн төлөөлөгч Б.Э-ын гаргасан “Хохирогч хүмүүс мэдээж гомдолтой, хардамтгай болдог. Бүх хүмүүс өөрийнх нь эсрэг байгаа юм шиг санагддаг байх. Өнөөдрийн хувьд захиргааны хэргийн шүүх хуралдаан явагдаж байгаа. Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 40 дүгээр тогтоолын тал дээр мэтгэлцэх нь зүйтэй байсан. Хариуцагч талаас гаргасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэл нь нотолгоотой бол уг тогтоол шаардлага хангасан гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч гомдлоо эрүү, иргэний хэргийн журмаар барагдуулах эрх нь нээлттэй гэдэг дээр санал нэг байна” гэх дүгнэлтийг хүлээн авсан болохыг дурдах нь зүйтэй.

Иймд Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн МТ/2024/** дугаар тогтоолын улмаас нэхэмжлэгч Б.А-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээ зүйлийн 31.8, 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.2.3 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.А-ийн гаргасан “Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн МТ/2024/** дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.А-ээс гаргасан “Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг эрх бүхий байгууллагад мэдэгдэхийг даалгуулах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           М.ЦЭЦЭГМАА

                                     ШҮҮГЧ                                           Д.БААТАРХҮҮ

              ШҮҮГЧ                                           Б.АДЪЯАСҮРЭН