Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2025/ДШМ/27

 

   2024           12            26                                        2025/ДШМ/27

 

С.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Ганчимэг,

хохирогч Г.А,

нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/1081 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Г.А-н гаргасан давж заалдах гомдлоор С.О-д холбогдох 2406 00000 1390 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.   

Г н овгийн С-н О, .... оны .. дүгээр сарын ..-ны өдөр .............. төрсөн, .. настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, машин засварчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ...................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .........../;                        

Шүүгдэгч С.О нь 2024 оны 5 дугаар сарын 17-ны орой 22 цаг 53 минутын орчим Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, РЦНК-ийн хажуугийн зам дээр хохирогч Г.А-тай “Замын хөдөлгөөнд оролцохдоо зай тавьж өгсөнгүй” гэх шалтгааны улмаас маргах явцдаа биед нь хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: С.О-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.О-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.О-д мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Г.А нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч С.О-с жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

Хохирогч Г.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр миний хохирогчоор оролцож буй хэргийн шүүх хуралдаан болж өнгөрсөн байна. Гэвч тус шүүх хуралдаанд намайг оролцуулаагүй. Мөрдөгчөөс асуух үед чамд хамаагүй гэсэн өнгө аясаар харьцсан бөгөөд огт шүүх хуралдааны талаар мөрдөгч, прокурор, шүүхээс мэдэгдээгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэгт гинжийг маань шүүгдэгч таслан авч хаясан, алга болгосон тул гинжээрээ хохирсон талаар дурдсан. Түүнчлэн холбогдох үнэлгээний баримтыг хэрэгт гарган өгсөн байсан. Гэвч прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1-т заасан нөхцөл бүрдсэн буюу хохирлыг барагдуулсан гэж үзэж хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Үүнээс гадна, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд маш ноцтой Монгол улсын шүүхийн процесст байж боломгүй асар том алдаа гарсан. Намайг шүүх хуралдаанд оруулаагүй, үүний дараа шүүхийн шийдвэрийг гардаж авсан гэж миний гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурсан байна. Иймд миний гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/1061 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хохирогч Г.А нь хэргийн материалтай танилцсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа дуусгавар болсон талаар мэдээллийг авсан гэж үзэж байна. Прокурорын шатанд хохирогчийн зүгээс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргаж байгаа талаар баримт өгөөгүй. Яллагдагч нь өөрт холбогдох хэргийг хялбаржуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч яллагдагчтай ял тохиролцож хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч шүүхийн шатанд яллагдагч тохирсон ялаас татгалзсан. Иймд яллагдагчаас дахин мэдүүлэг авч хэргийн материалыг оролцогч нарт танилцуулж хэргийг дахин шүүхэд шилжүүлсэн. Энэ цаг хугацаанд хохирогчийн зүгээс нэмж нэхэмжилсэн зүйлийн талаар баримт өгөөгүй, санал хүсэлт гаргаагүй. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй гэдэг тэмдэглэл авагдсан. ... Хохирогч Г.А нь 159.800 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч төлсөн талаарх баримт хавтаст хэргийн 69 дэх талд авагдсан. Иймд шүүхийн шийдвэрт хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хор уршиг, холбогдох зардлын талаарх баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь үндэслэлтэй. Шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, шийтгэх тогтоолыг гардуулсан баримт дээрх гарын үсэг биш гэдэг үндэслэлүүд нь шүүхийн тамгын газартай холбоотой асуудал гэж үзэж байна. ... Иймд хохирогчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.А-н давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч С.О-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч С.О нь 2024 оны 05 дугаар сарын 17-ны орой 22:53 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, РЦНК-ийн хажуугийн зам дээр хохирогч Г.А-тай “Замын хөдөлгөөнд оролцохдоо зай тавьж өгсөнгүй” гэх шалтгааны улмаас маргах явцдаа биед нь хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Г.А-н “... машинаас нэг үл таних хүн бууж ирээд “урагшаа яв би хойд талаар чинь эргэх гээд байна” гээд доромжлоод хараагаад байсан. Тэгэхээр нь би “шахаагүй ээ, эгнээндээ явж байна” гэхэд машины жолооч талын цонх руу гараараа хүчтэй цохиж “намайг буугаад ир” гэхээр нь би буусан. Тэгээд би нөгөө хүнд ууртай “яагаад машины цонх цохиж байгаа юм” гэхэд намайг “ямар овоо бацаан бэ” гээд үл таних залуу заамдаж авахад буцаагаад адил заамдалцсан. Тэгээд ноцолдоход намайг цохиж эхэлсэн. Тэгэхээр нь би болиулах гээд зууралдаад байсан. Тэгсэн машины хамар хэсэг хүртэл түлхээд хамар дээр хэвтүүлж дарж байгаад миний нүүрэн хэсэгт цохиж байснаа нэг мэдэхэд намайг толгойгоор минь газар хүчтэй цохиж унагасан. Тэгээд босож чадахгүй байсан чинь нүүр хэсэгт цохиод зодоод байсан. Тэгэхээр нь би “больё ах аа” гэхэд “чи намайг барахгүй шүү, шоронд ч намайг барах хүн байгаагүй” гэх утгатай зүйл хэлсэн. Тэгээд миний хүзүүнд байсан мөнгөн гинжийг таслаад шидсэн. Такси барьсан эмэгтэй болиулах гээд чадаагүй гуйж байж болиулсан. ...” /хх 6, 8/,

гэрч Э.Э-н “... Би такси бариад гэр лүүгээ явсан юм. Тухайн үед миний сууж явсан такси ШТС-н ойролцоо гэрлэн дохион дээр зогссон. Энэ үед хажуу 1 дүгээр эгнээнд явж байсан тээврийн хэрэгсэл эргэх гээд миний сууж явсан таксины жолоочийг “зам тавиад өг” гэж хэлсэн. Тэгтэл миний сууж явсан таксины жолооч “би дүрмээрээ явж байна” гэж хэлсэн. Энэ үед нөгөө тээврийн хэрэгслийн жолооч бууж ирээд миний сууж явсан машины жолооч талын цонхыг нь цохиод хараалын үг хэлээд байсан. Гэтэл таксины жолооч машинаас бууж хоорондоо зууралдаад байсан. Би тухайн үед таксины хойд суудал дээр сууж явсан ба 2-3 минутын дараа машинаас буух үед миний сууж явсан таксины жолооч газарт дээш харсан байдалтай унасан байсан ба нөгөө үл таних 35-40 орчим насны залуу дээр нь суусан нүүр хэсэгт нь цохиж байсан. Би энэ үед тухайн хоёр хүнийг салгах гэж хичээсэн боловч чадаагүй. ...” /хх 12/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “... Г.А-н биед хамар ясны зүүн хана зөрүүтэй хугарал, зүүн хацарт няцарсан шарх, зүүн хөмсөг, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү баруун тохой, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийгтүрхугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 6741 дүгээр дүгнэлт /хх 16-17/,

гэмт хэргийн талаар дуудлагын лавлагааны хуудас /хх 3/, хохирогч Г.А-н “Лазер мед” эмнэлэгт компьютерт томографийн шинжилгээний хариу /хх 15/, “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх 21-24/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 49-51/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч С.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс С.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Хохирогч Г.А-с “... миний гинж тасарч алга болсон байхад хохиролд тооцоогүй, анхан шатны шүүх хуралдааны товыг надад мэдэгдээгүй, баримтад миний гарын үсгийг дуурайлгаж зурсан ...” гэсэн утга бүхий давж заалдах гомдол гаргажээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус заасан ба шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож тогтоох бөгөөд гэмт этгээд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг зайлшгүй арилгах үүрэгтэй.

      Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.А-н зүүж явсан монетон гинжийг таслаад шидсэн, гинжийг олоогүй талаар хохирогч, шүүгдэгч нар хэн аль нь мэдүүлсэн байх ба тухайн гинжийг 1.450.000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан тул уг үнэлгээний дагуу хохирлыг тооцон шүүгдэгч С.О-с гаргуулж хохирогчид олгох боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзэв.

      Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, хохирогчийн шүүх хуралдаанд оролцох, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөх цаашлаад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах зэрэг бусад эрхийг эдлүүлээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнийг цаашид анхаарч ажиллахыг тэмдэглэх нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/1081 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтаас “... бусдад төлөх төлбөргүй, ...” гэсэн хэсгийг хасаж,

тогтоох хэсэгт “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.О-с 1.450.000 /нэг сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Г-н А-т /РД: эээээээээээээ/ олгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                              С.БОЛОРТУЯА

ШҮҮГЧ                                                              М.АЛДАР