| Шүүх | Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Болорцэцэг |
| Хэргийн индекс | 115/2026/0020/З |
| Дугаар | 115/ШШ2026/0024 |
| Огноо | 2026-08-11 |
| Маргааны төрөл | Бусад, |
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 115/ШШ2026/0024
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Болорцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: ИЗ ХХК, РД: ...
Хариуцагч: Дорноговь аймгийн Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Д.О нарын хоорондын хяналт шалгалттай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагч Д.О, гэрч Б.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч ИЗ ХХК нь Дорноговь аймгийн Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Д.От холбогдуулан 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 3 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдол гаргасан.
2. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Дорноговь аймгийн Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Д.О нь Дорноговь аймгийн ... сумын Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/18 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэйгээр 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хийсэн хяналт шалгалтаар Дорноговь аймгийн ... сумын ... дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг ИЗ ХХК нь хэрэглэх хугацаа дууссан бүтээгдэхүүн болох 2 ширхэг тахианы мөч /гуя/ худалдаалж байсан гэх зөрчлийг илрүүлж, бүтээгдэхүүнийг хураан авсан байна.
2.2. Улмаар Дорноговь аймгийн Прокурорын газраас 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2 дугаар албан бичиг ирүүлснээр 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, ИЗ ХХК-д 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 3 дугаар Шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, ...дуусах хугацаа нь хэтэрсэн 2 ширхэг тахианы мөчийг ... сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шилжүүлэн устгасан, таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан байна.
2.3. Шүүх ИЗ ХХК-ийн гомдлыг 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, бүрдүүлбэр хангуулан 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 115/ШЗ2026/0116 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэжээ.
3. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч тайлбартаа
3.1. Гомдол гаргагч ИЗ ХХК нь шүүхэд гаргасан гомдолдоо: Улсын байцаагч Д.О нь 2026 орны 02 дугаар сарын 12-ны өдөр манай гэрийн хөргүүрээс тахианы гуя хураан авсан ямар нэг бичиг баримт үйлдээгүй, хугацаа хэтэрсэн зөрчлийн талаар юу ч ярьж танилцуулаагүй, үзүүлж харуулаагүй, хөндлөнгийн гэрч оролцуулаагүй бөгөөд 2026 оны 3 дугаар сард танай тахианы гуяыг устгасан шүү гээд манай эхнэр Цоор гарын үсэг зуруулсан байсан.
Д.Оийн албан өрөөний цонхон дээр 2026 оны 03 дугаар сард хураан авсан гэх 2 ширхэг тахианы гуя илжирсэн байдалтай байсныг Д.Доржготов харсан байдаг. Хураан авсан тахианы гуяыг ямар нэг шинжилгээнд өгч шинжлүүлсэн тухай нотлох баримт, зураг байхгүй. Онцлог нь манай гэр дэлгүүрийнхээ дээд талд байрладаг бөгөөд манай гэрийн хүнсний зарим зүйл хийдэг хөргүүр дэлгүүрт байдаг. Иймд 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 3 дугаар шийтгэлийн хуудсаар хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.2. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдлын үндэслэл нь тухайн хүнсний зүйлд шалгалт хийх явцдаа шалгалтын тэмдэглэл хөтлөхөөс эхлээд Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 13-14 заалтыг ноцтойгоор зөрчсөн байна. Аливаа шийтгэл оногдуулахад хууль зүйн үндэслэлтэй байх ёстой, 2-т хууль тогтоомж зөрчөөгүй байх ёстой, 3-т хуулийн шаардлагыг хангасан байх ёстой, 4-т нотлох баримтаар хөдөлшгүй нотолсон байх үүрэгтэй. Энэ үүрэг нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4-т тодорхой заасан байгаа. Ийм учраас тухайн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Зарим нотлох баримт нь нөхөж бүрдүүлсэн, зарим нь хуулийн шаардлага хангаагүй баримт, хэдийгээр эрх олгогдсон байлаа ч гэсэн бусдын эд хөрөнгөд халдаж болохгүй. Хүний эд хөрөнгө өмчлөх, үйл ажиллагаа явуулах эрхийг ноцтойгоор зөрчиж болохгүй. Иймд ИЗ ХХК 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хугацаа нь хэтэрсэн тахианы 2 гуя худалдаж байсан гэдгийг одоо хянан хэлэлцэж байгаа Зөрчлийн хэрэг болон захиргааны хэрэг дотор байгаа нотлох баримтуудаар нотлогдохгүй байна. Аливаа зөрчил дутагдлыг тал бүрээс нь нотлох ёстой. Гэтэл гэрч, хамт шалгалт хийж явсан мэргэжилтнүүд, үзлэг шалгалт хийх, тэмдэглэл хөтлөх, зураг, дүрс бичлэг авах, түүнийг бэхжүүлэх, хуулийн шаардлага хангасан нотлох баримт хэрэгт авагдсангүй. Энэ нь уг шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл бүхий байна гэж үзэж байна. Худалдана гэдэг чинь хэн нэгэнд арилжаалж байгаа хариу төлбөрийг нь авч байгаа энэ үйлдлийг хэлдэг. Тэгэхээр худалдсан гэдэг нотлох баримт хэргийн материалд байхгүй. Зөрчлийн хэргийг нээсэн бол байцаагч нотлох үүргийг хүлээнэ. Нотлогдохгүй байна.
Зөрчлийн хэргийн материалд тодорхойгүй зүйлүүд байна гэрч Б.Чг асуусан юм уу, үгүй юм уу гэдэг нь тодорхойгүй. Гэрчээр асууж байгаа бол хууль сануулаад төгсгөлд нь гарын үсэг зуруулдаг энэ нь байхгүй. Энэ мэдүүлэгт ямар компаниас юу хурааж авсан нь байхгүй. 2 ширхэг гэсэн байгаа. Аж ахуйн нэгжээс юм хурааж авсан уу гэхээр хурааж авсан гэсэн байдаг. Зөрчлийн хэргийн материалыг зарим зүйлийг хуурамчаар бүрдүүлсэн гэж үзэж байгаа. Энэ бол ноцтой хэрэг. Жишээлбэл 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс хойш бараг 1 өдрийн дотор 5, 6 нотлох баримт бүрдүүлсэн. Хяналт шалгалт 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр болсон. Дараагийнх нь түргэн муудаж чанараа алдах зүйлийг 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдөр өгсөн нь зөрчил юм. Түргэн муудах байтугай түргэн бус муудах зүйл нь муудчихаар хугацаанд өгсөн.
Энэ хэрэг дотор ганцхан баримт байгаа. Ямар баримт байгаа вэ гэхээр шалгалтын тэмдэглэл бусад нь бүгд хурааж авсан, тэрийгээ хүлээлгэж өгсөн, устгасан гэх мэт зүйлүүд байгаа. Ийм учраас хууль тогтоомж зөрчсөн аливаа шийдвэр нь хууль бус байдаг. Зөрчлийн тухай хуульд заасны дагуу аливаа зөрчилд оногдуулж байгаа шийтгэл нь тохирсон байх ёстой. Иймээс эрхийн акт шаардлага хангасан хуульд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр байж чадахгүй гэж үзэж байна.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа өөрийн шат дараалал, хууль журамтай. Энэ журмуудыг бүгдийг нь зөрчсөн. Зөрчлийг нотолж чадаагүй, хууль бусаар авсан баримт нь нотлох баримт болохгүй ба шийдвэрийн үндэслэл болохгүй. Энэ нь яаж нотлогдож байгаа гэхлээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг, зөрчлийн хэрэгт авагдсан зарим нэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа юм. Иймд 3 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.
3.3. Дорноговь аймгийн Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Д.О шүүхэд гаргасан тайлбартаа: Удирдамжийн хүрээнд ... сумын ....р багт үйл ажиллагаа явуулдаг ИЗ ХХК-д худалдагч С.Цыг байлцуулан хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг Санхүүгийн албаны дарга Б.Ч, сумын хэсгийн цагдаа ахлагч Л.О нарын бүрэлдэхүүнтэй хийж гүйцэтгэсэн.
Хяналт шалгалтын явцад хэрэглэх хугацаа дууссан ЦЭ ХХК-д 2026.01.19-нд үйлдвэрлэгдсэн, 14 хоног хадгалах хугацаатай тахианы мөч 2 ширхгийг худалдаалж байсныг илрүүлсэн.
2026.02.12-ны өдөр илэрсэн зөрчлийг худалдагч С.Цд үзүүлж зургийг нь дарж баталгаажуулаад 06 дугаар шалгалтын тэмдэглэл үйлдэж хадгалах хугацаа дууссан 1 төрлийн хүнсний түүхий эд бүтээгдэхүүн илэрснийг бичсэн. Тэмдэглэлтэй танилцсан гээд худалдагч С.Ц гарын үсэг зурж баталгаажуулсан.
Илрүүлсэн бүтээгдэхүүнийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7 хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, түүнчлэн осол аюул гарч болох тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох, шаардлагатай зүйлийг ариутгах, хоргүйжүүлж цэвэршүүлэх, тухайн барилга байгууламж, машин, тоног төхөөрөмжийн ашиглалтыг зогсоох, холбогдох бүтээгдэхүүнийг худалдах, борлуулахыг хориглох, устгах буюу зохих шаардлагад харшлахгүй бол өөр зориулалтаар ашиглах шийдвэр гаргах, энэ тухай олон нийтэд зарлан мэдээлэх гэж заасны дагуу хураан авч Засгийн газрын 2017 оны 195 дугаар тогтоолоор батлагдсан Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого, болгох, устгах журмын 2.1.Эрх. бүхий байгууллага, албан тушаалтан албадлагын арга хэмжээ авсантай холбогдуулан хураан авсан хөрөнгөнөөс хохирол нөхөн төлүүлэх, хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслийг улсын орлого болгох, устгах, бусад байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг харьяа нутаг дэвсгэрийнхээ Засаг даргын дэргэдэх Зөвлөлд хүргүүлнэ гэж заасны дагуу ... сумын Засаг даргын дэргэдэх Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг улсын орлого болгох, устгах орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн.
... сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлийн устгалын комисс Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг устгасан. Тухайн үед миний бие тус ажилд оролцоогүй. Иймд хариуцагчийн гомдол дээр тусгагдсан устгагдаагүй удсан гэх гомдлыг орон тооны бус зөвлөл хариуцах нь зүйтэй.
Дээрх хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн дагуу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан Хуулиар харьяалуулсан зөрчлийг өөрөө илрүүлсэн, эсхүл зөрчлийн тухай гомдол, мэдээлэл ирүүлснийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх, 1.2-д заасан Зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах" гэсэн заалт, Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу дараах зөрчилд 5 дугаартай Зөрчлийн хэрэг нээж ажилласан.
Зөрчлийн хэрэг нээхээр Хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байсан. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2. энэ хуульд хүнд таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн; гэж заасан байх тул зөрчлийн хэрэг 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нээн ажилласан.
Хугацаа дууссан бүтээгдэхүүнийг хяналт шалгалтаар хамт явсан 2 гэрч, бүтээгдэхүүнийг хүлээн авч устгал үйлдсэн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөл, худалдагч С.Цын гарын үсэг зурж баталгаажуулан гүйцэтгэсэн шалгалтын тэмдэглэл, Орон тооны бус зөвлөлийн 2026.03.12-ны өдөр үйлдсэн хугацаа дууссан бүтээгдэхүүнийг устгал хийсэн ажлын тайлан, Хүнсний бүтээгдэхүүн хураан авч ... сумын Засаг даргын дэргэдэх Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг улсын орлого болгох, устгах орон тооны бус зөвлөлд шилжүүлэн өгсөн баримт зэрэг нотолно. Иймд миний бие сумын иргэдийн эрүүл мэндэд ноцтой хор хөнөөл учрахаас урьдчилан сэргийлж Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулан ажилласан.
ИЗ ХХК-аас гаргасан гомдлын агуулгад тусгагдсан 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хяналт шалгалтын ажлыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд авч хэрэгжүүлсэн.
3.4. хариуцагч Д.О шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 4 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ИЗ ХХК-д хяналт шалгалт хийж хугацаа дууссан тахианы мөчийг илрүүлсэн. Тухайн тахианы мөчийг хөргөгчөөс нь аваад энэ хугацаа нь дуусчихсан байна гэсэн чинь тийм үү гээд худалдагч Ц нь аваад яв гэсэн. Тэгээд шалгалтын тэмдэглэл үйлдээд гарын үсэг зуруулан аваад явсан. Тухайн эд зүйл хураан авсан тэмдэглэл болон үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчийн мэдүүлгээс энэ үйлдлийг нотолж болно.
2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр үзлэг хийсэн. 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр материалаа бүрдүүлсэн. Үзлэг хийхэд, тахианы гуя хурааж авах үед Э байгаагүй, худалдагч Ц байсан. Би тахианы гуяыг 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ... сумын орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн, орон тооны бус зөвлөл 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдөр устгасан.
Тухайн аж ахуйн нэгж, байгууллагын хөргөгчид нь байсан учраас худалдан борлуулж байсан гэсэн үг юм. 3 шийтгэлийн хуудсаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулсан шийтгэл нь нотлох баримт, гэрчийн мэдүүлэг болон эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, үзлэг хийсэн акт, шалгалтын тэмдэглэл зэрэг материалуудаар нотлогдох болно гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудад үндэслэн гомдол гаргагч ИЗ ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1. Гомдол гаргагч ИЗ ХХК нь Дорноговь аймгийн Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Д.Оийн 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 3 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдол гаргажээ.
2. Гомдол гаргагчаас тахианы гуя хурааж авахдаа ямар нэгэн баримт бичиг үйлдээгүй, хөндлөнгийн гэрч оролцуулаагүй, гарын үсэг нөхөж зуруулсан, хугацаа хэтрүүлсэн, хууль зөрчиж зөрчил шалгах ажиллагааг явуулсан шийтгэлийн хуудас үндэслэлгүй гэж,
Харин хариуцагчаас хууль, журмын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж шийтгэл оногдуулсан гэж тус тус маргасан.
3. Гомдлын шаардлагын үндэслэлд хамаарах дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
3.1. Хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ... сумын .... багт үйл ажиллагаа явуулдаг ИЗ ХХК-ийн хүнсний дэлгүүрт урьдчилсан сэргийлэх хяналт шалгалтаар ЦЭ ХХК-д 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр үйлдвэрлэгдсэн, 14 хоног хадгалах хугацаатай, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн 2 ширхэг тахианы гуяыг худалдаалсан зөрчлийг илрүүлж, хураан авсан болох нь шалгалтын тэмдэглэл, холбогдогчоос авсан мэдүүлгээр; /Хавтаст хэргийн 4, 60-62 дахь тал/
3.2. Хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь хураан авсан 2 ширхэг тахианы гуяыг 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ... сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд хүлээлгэн өгсөн байх ба уг орон тооны бус зөвлөл нь мөн өдөр буюу 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдөр устгасан болох нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, орон тооны бус зөвлөлийн хугацаа дууссан бүтээгдэхүүнүүдийг устгал хийсэн ажлын тайлангаар тус тус тогтоогдож байна. /Хавтаст хэргийн 71-73 дахь тал/
3.3. Улмаар Дорноговь аймгийн Прокурорын газраас албан бичиг ирүүлснээр 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ИЗ ХХК-ийн худалдагч С.Цд холбогдуулан зөрчлийн хэрэг нээж, 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 3 дугаартай Шийтгэлийн хуудсаар ИЗ ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, 1 төрлийн 2 ширхэг бүтээгдэхүүнийг ... сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шилжүүлэн устгаж шийдвэрлэсэн байна. /Хавтаст хэргийн 43, 67, 74 дэх тал/
4. Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн талаар:
4.1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1-д хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн;, 2-т Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана: 2.4.зөрчлийн хэрэг нээх. гэж тус тус заажээ. Гэтэл хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зөрчлийг илрүүлснээр ажлын 5 хоногийн дотор зөрчил шалгах ажиллагаа явуулж, зөрчлийн хэрэг нээж эсэх асуудлыг шийдвэрлэх байтал 3 сар 16 хоногийн дараа буюу 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр зөрчлийн хэрэг нээсэн нь дээрх хуульд заасан хугацааг зөрчсөн байна. /Хавтаст хэргийн 43, 49 дэх тал/
4.2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д Энэ хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино, мөн хуулийн 2.4 дүгээр зүйлийн 5-д эрх бүхий албан тушаалтан оногдуулсан шийтгэл, шийтгэлийг албадан гүйцэтгүүлэх үндэслэлийг шүүхэд нотлох үүрэг хүлээнэ, 4.1 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж бэхжүүлнэ;
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг тогтоох зорилгоор үзлэг хийнэ., 7.Эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал, амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг байлцуулна. Эзэмшигчийг оролцуулах боломжгүй бол хөндлөнгийн гэрчийг байлцуулах, эсхүл гэрэл зураг, дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлж болно,
Мөн хуулийн 4.5 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан зөрчлийг шалган тогтоох зорилгоор зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлого, эд зүйл, зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, уналга, эсхүл зөрчил шалгах ажиллагаанд ач холбогдолтой эд зүйл, баримт бичгийг хураан авна., 6-д Хураан авсан эд зүйл, баримт бичгийн жагсаалт, тэмдэглэлийг эд зүйл, баримт бичгээ хураалгасан болон тухайн ажиллагаанд байлцсан хүнээр гарын үсэг зуруулж, хувийг эд зүйлийн эзэмшигч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид даруй гардуулна гэж тус тус заажээ.
Гомдол гаргагчаас улсын байцаагч гэрийн хөргүүрээс тахианы гуя хураан авахдаа ямар нэгэн баримт бичиг үйлдээгүй, танилцуулаагүй, гарын үсэг нөхөн зуруулсан гэх үндэслэлээр маргасан ба гэрч С.Цын ... нэг давхарт хоёр хөргүүр байдаг. Нэг нь гэрийн хөргүүр, нөгөө нь дэлгүүрийн хөргүүр. Гэрийн хөргүүртээ зарим багтахгүй байгаа дэлгүүрийн барааг хийдэг.,... улсын байцаагч Отгонбилэг дэлгүүрт орж ирээд бичиг баримт дээр гарын үсэг зуруулсан, хоёр мөчийг устгал хийсэн байгаа юм, үүн дээр гарын үсэг зур гэсэн. Тэгээд тамга дарчих гэхээр нь тамгаа дарсан. 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ирсэн юм. Би тухайн үед бичгийг уншиж танилцалгүй гарын үсэг зурсан гэх мэдүүлгээр;
гэрч Р.Буяндэлгэрийн ... 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ... дэлгүүрт орсон. Тэгэхэд Ц эгч сая Отгонбилэг орж ирээд хоёр тахианы мөч устгасан гээд баримт дээр гарын үсэг зуруулаад гарлаа гэж байсан. ... Харсан үзсэн зүйл байхгүй гэх мэдүүлгээр 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Шалгалтын тэмдэглэлд ИЗ ХХК-ийн худалдагч гэрч Цоор 3 сард гарын үсэг нөхөж зуруулсан, гэрийн хөргүүрээс тахианы гуя хураан авахдаа ямар нэгэн баримт үйлдээгүй гэх үйл баримт хөдөлбөргүй нотлогдохгүй байх тул дээрх үндэслэлээр маргасан нь үндэслэлгүй байна.
Улмаар 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр зөрчлийн хэрэг нээж зөрчил шалгах ажиллагаа явуулахдаа 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн үзлэгийн болон Эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэлийг дэлгүүрийн захирал Ц.Э, хөндлөнгийн гэрчээр Б.Ч нарыг оролцуулсан мэтээр үйлдсэн байх ба 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр холбогдогч дэлгүүрийн захирал Ц.Э дэлгүүрт байгаагүй, мөн зөрчил илрүүлэх, үзлэг хийх болон хураан авах ажиллагааны үед хөндлөнгийн гэрчээр Б.Ч нь оролцоогүй болох нь гэрч С.Цын ... Э байгаагүй, ... үзлэг хийсэн зүйл байхгүй гэх, гэрч Б.Чгийн ... Тухайн үед Э байгаагүй. ...Тэр үзлэгийг 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хийгээгүй. Би 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ажлаасаа халагдсан. 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ажилдаа орсны дараа гарын үсэг зуруулсан гэх мэдүүлгээр;
мөн хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан ...Байгаагүй, худалдагч Ц байсан гэх тайлбараар хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр тахианы гуя хураан авахдаа эзэмшигч ИЗ ХХК-ийн захирал Ц.Эод зөрчлийг мэдэгдээгүй, оролцуулаагүй болох нь тус тус тогтоогдож байх ба дээрх хуульд заасантай нийцэхгүй байна.
4.3. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т хуульд үндэслэх;, 4.2.2-т шуурхай, тасралтгүй байх;, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх,
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ, 5.Хуульд заасан журам зөрчиж цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд энэ хуульд заасан шийдвэрийн үндэслэл болохгүй. 7.1 дүгээр зүйлийн 1.1-д Тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх тус тус заасныг зөрчсөн болох нь дээрх үйл баримтаар тогтоогдож байна.
5. Иймд дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнээд эрх бүхий албан тушаалтан нь Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүнийг худалдсан гэх зөрчлийг нотолж тогтоогоогүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй байх тул ИЗ ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Дорноговь аймгийн Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Д.Оийн 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 3 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.2, 4.2.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч ИЗ ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорноговь аймгийн Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Д.Оийн 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 3 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан ИЗ ХХК-д олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.БОЛОРЦЭЦЭГ