| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 177/2018/0114/э |
| Дугаар | 119 |
| Огноо | 2018-07-02 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 119
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор: Х.Энхтуул,
Орчуулагч: Н.Ерлан,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,
Шүүгдэгч: З.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш ургийн овогтой З-ны Б-д холбогдох 1835001470103 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 2-р багт оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:БЗ89081313, Ш ургийн овогтой З-ны Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч З.Б нь 2018 оны 03 дугаар сарын 27-ны шөнө Увс аймгийн Бөхмөрөн сумын 3-р багийн нутаг “Арзгар” гэх газраас хохирогч Н.Б-ийн 5 настай 2 эр үхэр хулгайлж 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч З.Б-ыг бусдын мал хулгайлах гэмт үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч З.Б нь 2018 оны 03 дугаар сарын 27-ны шөнө Увс аймгийн Бөхмөрөн сумын 3-р багийн нутаг “Арзгар” гэх газраас хохирогч Н.Б-ийн 2 тооны эр үхэр хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь эд зүйл / үхэр /-д үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
хохирогч Н.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн : “Манайх Увс аймгийн Бөхмөрөн сумын 3-р баг буюу сумын төвд байдаг юм. Миний аав Н болон миний өөрийн нийлсэн 60 тооны үхрээ сумын төвөөс 5 км орчимд байх “Арзгар” гэх газар хариулдаг юм. 2018 оны 03 дугаар сарын 27-оос 29-ний хооронд бэлчээрт байсан үхрээсээ 2 тооны үхэр хулгайд алдаад сумын хэсгийн төлөөлөгчид хандсан юм. Гэтэл 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хэсгийн төлөөлөгч надад “танай 2 тооны үхрийн асуудлаар Ногооннуур сумын Цагааннуур тосгон руу явья” гэж хэлээд намайг дагуулж Цагааннуур тосгонд очоод С гэдэг айлын үхэр дотор миний алдсан 2 тооны эр үхэр байсныг хурааж авсан юм. Тэгээд Д гэдэг хүний машинаар миний 2 тооны эр үхрийг Бөхмөрөн сум уруу ачиж хүргүүлсэн юм. Миний хулгайд алдсан 2 үхрийн нэг нь баруун талын чих гөлөм имтэй, тамгагүй, улаан зүсмийн 5-6 насны, эвэртэй, эр үхэр. Нөгөө үхэр нь хүрэн зүсмийн 5-6 насны, эвэртэй, эр үхэр бөгөөд им тамга, ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй үхэр байсан. “Арзгар” гэх газар болон Ногоонуур сумын “Даршаан” гэх газар хоорондоо ойролцоогоор 15 км орчим зайтай байгаа гэж бодож байна. Би хулгайд алдсан 2 үхрээ хайж эрэхэд 500.000 төгрөгийн зардал гарсныг З.Б надад бүрэн төлж барагдуулсан. Б эхнэрийн хамт манайд ирж уучлал гуйсан. Одоо надад ямар нэгэн гомдол тэмцэл, нэхэмжлэх зүйл байхгүй. Б-д хөнгөн ял шийтгэл оноож өгөхийг хүсч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24/,
гэрч З.Х-ын: “Би Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 7-р багт хувийн малаа маллаж амьдардаг юм. Би өөрийн дүү Б, С, Т нарын хамт Ногооннуур сумаас 18 км газар байдаг “Даршаан” гэдэг газарт өвөлжөөн дээрээ хаваржиж байна. 2018 оны 03 дугаар сарын сүүлээр өдрийг нь сайн санахгүй байна, өглөө эрт 06 цагт босоод гэрээсээ гараад үхэр бүрэн байгаа эсэхийг шалгаад харахад манай үхэр дотор өөр айлын хүрэн зүсмийн, улаан зүсмийн 2 тооны эр үхэр /монгол үхэр/ байсан. Би тухайн үедээ айлын үхэр ирээд нийлчихсэн байна гэж бодсон. Түүнээс хойш 3 хоногийн дараа 19 цагийн үед саарал өнгийн /аавын цээж/ машинтай Цагааннуур тосгонд байдаг С гэх хүн танихгүй жолоочийн хамт ирээд нөгөө манай үхэр дотор байсан 2 үхрийг ачаад явсан. Би тэр 2 үхрийг ачиж явсны дараа дүү Б-аас “энэ 2 үхэр ямар учиртай үхэр вэ, хаанаас авч ирсэн юм” гэж асуухад Б надад “хүнд хэлж болохгүй, би холоос туугаад аваад ирсэн” гэж хэлсэн. Тэр хоёр үхрийг 3 хоног манай дүү Б үхэр дотроо хариулаад байгаад байсан. Орой болохоор үхрүүдтэй хамт хашаанд хийгээд хонуулдаг байсан юм. Би тухайн үед Б-аас энэ ямар учиртай үхэр, хаанаас ямар зорилготой авч ирсэн, ямар айлын үхэр болох талаар асуугаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,
гэрч С.С-ийн : “Би Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9-р баг буюу Цагааннуур тосгонд өөрийн хувийн малаа маллаж амьдардаг юм. Би Ногооннуур сумын харъяат З-ны Б гэдэг залуугийн гэр болон өвсийг одоогоос 3 жилийн өмнө өөрийн ачааны машинаар тээвэрлэж танилцсан юм. 2017 оны өвөл буюу хүнсний үеэр Б надаас өвс өгөхөөр тохирч нэг хонийг нь 60.000 төгрөгөөр үнэлж 5 хонь авсан юм. Тэгээд би Б-аас “ хонины мөнгө өг, нэг бол өвс өг” гэхэд Б “миний гар хугарсан тул өвс хадаж чадахгүй байна. Боломжтой үедээ өгнө” гэж хэлсэн. Түүнээс хойш өвөл өнгөрөөд хавар 03 дугаар сарын сүүлээр би Б-аас өрөө нэхэхэд “ эр үхэр байна, ирээд ав” гэхээр нь 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Цагааннуур сумын харъяат Д-ын 75-20 БӨТ улсын дугаартай саарал өнгийн машинаар Ногооннуур сумын урд талд Ямаат ууланд хаваржиж байгаа Б-ын гэрт очсон. Тэр газар 4 байшинтай айл байсан. Б үхэр дотроосоо улаан зүсмийн эр үхэр заагаад “энэ үхрийг 400.000 төгрөгөөр зарна” гэхээр нь би Б-аас тэр заасан үхрийг нь худалдаж авахаар тохирсон юм. Би Б-аас 300.000 төгрөг авах ёстой байсан болохоор үхрийн зөрүү 100.000 мянган төгрөгийг Цагааннуурт очиж байгаад шилжүүлнэ гэж тохирсон юм. Тэр үед Б дахиад нэг хүрэн зүсмийн эр үхэр үзүүлээд “Энэ үхрийг худалдаж авах уу” гэхээр нь би “авахгүй” гэхэд “та хамт ачаад яваач. Зарвал зараад зарагдахгүй бол танай үхэр дотор байж байг” гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд Д бид хоёр 2 үхэр ачаад Цагааннуур тосгонд ирээд тэр хоёр үхрийг манай үхэрт нийлүүлсэн. Тэгээд тэр хоёр үхэр манай үхэртэй хамт 3 хоног байсан. 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өглөө Увс аймгийн цагдаа ирээд Б-аас авсан 2 үхрийг “хулгайн үхэр байна” гээд хурааж авсан. Б надад уг 2 тооны үхэр өгөхдөө хулгайн мал гэж огт хэлээгүй. Хэрвээ хулгайн мал гэж би мэдсэн бол авахгүй байсан. Би Б-аас өрөндөө авсан эр үхрийн зөрүү болох 100.000 төгрөгийг өгч чадалгүй байж байтал цагдаа ирээд тэр 2 үхрийг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28, 45/,
гэрч Д.Н-ын : “ 2018 оны 03 дугаар 27-ны өдөр үхрүүдээ тосч авахад миний том хүү Б-ийн 2 тооны эр үхэр байхгүй байсан. Тэр орой хайгаад олоогүй бөгөөд түүнээс хойш алдсан 2 үхрээ хайгаад олоогүй юм. Алдсан 2 үхрийн 1 үхэр нь улаан зүсмийн, 5 настай, баруун чих нь тал имтэй /гөлөм/, эвэртэй, тамгагүй, эр үхэр. Нөгөө үхэр нь хүрэн зүсмийн 5 настай, им тамга байхгүй, хүйс дээрээ цагаан үстэй, эвэртэй, эр үхэр байсан юм. Манай үхэр бэлчдэг “Арзгар” гэдэг газар Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумаас 10 орчим км зайтай байдаг юм. “Арзгар” гэдэг газарт сумын төвд байгаа бүх үхэр бэлчээрлэдэг. Барагцаагаар 300-д үхэр бэлчээрлэдэг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 29/,
гэрч А.Д-ын : “ 2018 оны 04 дүгээр 01-ний үед өдөр 15 цагт гэртээ байж байтал манай сумын иргэн С утсаар яриад “Ногооннуур сумаас үхэр ачаад Цагааннуур тосгонд хүргээд өг” гэхээр нь би “машин асахгүй байгаа” гэж хэлсэн. Тэгээд удалгүй С мотоцикльтой манайд ирээд “машинаа асаа, Ногооннуур сумаас үхэр ачаад өг” гэхээр нь би зөвшөөрөөд ШТС-аас 30 литр бензин хийгээд 16 цагт Ногооннуур сум руу явсан. Тэгээд бид хоёр Ногоонуур сум өнгөрөөд 20-д км газар яваад “Улаан уул”-ын урд энгэрт өвөлжиж байсан танихгүй айлын гадаа ирсэн. Тэр газарт 4 байшинтай айл байсан. Айлын гэрт ороод цай уучихаад гарч ирээд би машин дээр очоод байж байтал С хажуудаа танихгүй залуутай урд талаас 2 тооны монгол үхэр туугаад аваад ирсэн. Тэгээд би машинаа хойшоо ухраагаад том хад тус газар зогсож байгаад тэр хоёр үхрийг ачаад С бид хоёр шууд Цагааннуур тосгонд ирээд С-ийн гэрийн гадна очоод ачиж ирсэн 2 үхрийг тэдний үхэртэй нийлүүлсэн. С Ногооннуур сумруу явахдаа надад хулгайн үхэр ачиж ирэх талаар юу ч хэлээгүй. Хүнээс мал авах ёстой гэж хэлсэн ” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,
гэрч Ж.Б-ын: “Манайх Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 7-р багийн нутагт “Даршаан” гэх газарт хадам ах Х, С, хадам дүү Б нарын хамт хаваржиж байгаа. 2018 оны 03 дугаар сарын сүүлээр өдрийг нь сайн санахгүй байна, би өглөө босоод гал түлэх гээд мод хугалж байтал хадам дүү Б-ын гэрийн хойд талд малын хашаа дотор 2 тооны үхэр байсан. Тэгээд би гэрт ороод гал дээр цай хийчихээд гарахад Б тэр 2 үхрийг бусад үхрүүдтэй хамт туугаад явчихсан. Түүнээс хойш 2 хоногийн дараа Б-ын гэрт саарал өнгийн тэвштэй, УАЗ маркийн машин ирээд тэр 2 үхрийг ачаад явсан. Би тухайн үед тэр 2 үхрийн талаар нөхөртөө хэлж байсан. Б-ын авч ирсэн 2 үхэр хоёулаа эр, улаан, хүрэн зүсмийн үхэрнүүд харагдсан. Им, тамгыг нь хараагүй. Б тэр 2 үхрийг хаанаас, хэнтэй тууж ирсэн гэдгийг нь би мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,
шүүгдэгч З.Б-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : “Манайх Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багийн нутаг “Даршаан” гэх нэртэй газарт байгаа. 2018 оны 03 дугаар сарын 27-ны орой 21 цагийн орчимд би өөрийн үхрээ хайгаад ганцаараа морьтой гэрээсээ зүүн зүг буюу Увс аймгийн Бөхмөрөн сумын чиглэлд явсан. Тухайн үед бүрэнхий, харанхуй болж байсан ба явж байтал харганы хажууд нилээн олон тооны монгол үхрүүд байсан. Тэдгээр үхрүүдийн захад улаан зүсмийн 2 тооны эр үхэр өвс идээд зогсож байхаар нь би өөрийн гэрийн зүг рүү хөөж, туусан. Тэр хоёр үхэр эхлээд явахгүй, буцаад ижил үхрүүд рүүгээ зугатаад байсан тул би тэр 2 үхрийг ташуурдаж хөөсөөр байж шөнө дунд 03 цагийн орчимд байх гэртээ тууж авч ирсэн. Тэгээд хулгайлж авч ирсэн 2 үхрийг хашааны хойд талд уяж хонуулсан. Маргааш өглөө босоод тэр хоёр үхрийг өөрийн үхрүүдтэй хамт хариулж гэрийн орчим 3 хонуулсан юм. Би 2017 оны 10-р сард Цагааннуур тосгонд оршин суудаг С гэдэг хүнээс 5 тооны хонийг нэг бүрийг нь 60.000 төгрөгөөр үнэлж зээлдээд авчихсан байсан ба С надаас хонины үнэ болох 300.000 төгрөг нэхээд байсан. Тэгээд би 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өглөө С рүү утасдаж “надаас эр үхэр авах уу” гэхэд тэр “авна” гээд тэр өдрөө 19 цагийн үед саарал өнгийн тэвштэй УАЗ маркийн машинтай манайд ирсэн. Би хулгайлж авсан 2 тооны эр үхрийн нэгийг нь 400.000 төгрөгөөр үнэлж зарсан юм. Нөгөө үхрийг нь “авах уу” гэхэд С “авахгүй” гэхээр нь “хамт ачаад явчих, зарвал зарагдаад, зарагдахгүй бол танай үхэр дотор байж байг” гээд хамт ачуулаад явуулсан. Тэгээд удалгүй С над руу утсаар яриад “чи надад хулгайн үхэр зарсан юм байна, ямар найдваргүй новш вэ” гэж хэлээд уурласан юм. Миний хулгайлсан 2 тооны эр үхрийн нэг нь улаан зүсмийн 4-5 настай, баруун талын чих нь имтэй байсан. Яг ямар им гэдгийг нь мэдэхгүй байна. Нөгөөдөх нь хүрэн зүсмийн 4-5 настай им тамга байхгүй үхэр байсан. Би С-д хулгайн үхэр гэж огт хэлээгүй. Миний өөрийн үхэр гэж хэлсэн. Үхэр ачуулж явуулсны дараа ах Хд хулгайн үхэр гэдгийг хэлсэн. Миний авч ирсэн 2 тооны үхрийг миний төрсөн ах Х болон С, машины танихгүй жолооч бид дөрөв саарал өнгийн УАЗ маркийн машинд ачсан. Манай ах Х тухайн үед уг 2 үхрийг хараад айлын үхэр ирээд нийлсэн гэж бодсон гэсэн. С ах тэр үед хөл нь гэмтээд Баян-Өлгий аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Т ах өдөр болгон бог мал хариулдаг болохоор хараагүй байх. Надаас энэ талаар асуугаагүй. Би хулгай хийхдээ хээр зүсмийн 5 настай, зүүн талын гуя дээрээ Л үсгэн тамгатай, баруун чих цуулбар хайчин имтэй морьтой явсан. Одоо тэр морь манай гэрийн гадна байгаа. Би үхэрнүүд байсан газрын нэрийг мэдэхгүй байна. Манай гэрээс нилээн хол 10-15 км газар байсан. Би хохирогч Б-д мал эрж хайхад зарцуулсан төлбөр болох 500.000 төгрөгийг бэлнээр өгсөн байгаа. Манай эхнэр 2018 оны 04 дүгээр сард 3 дахь хүүхдээ төрүүлсэн. Манайх 0-2 насны 3 хүүхэдтэй. Миний ар гэрийн байдал үнэхээр хүнд байна. Би хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна. Миний хэргийг хөнгөн шийдэж, надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч З.Б нь 2018 оны 03 дугаар сарын 27-ны шөнө Увс аймгийн Бөхмөрөн сумын 3-р багийн нутаг “Арзгар” гэх газраас хохирогч Н.Б-ийн 2 тооны эр үхэр хулгайлсан нь нотлогдсон тул шүүгдэгч З.Б-ыг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч З.Б-ыг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч З.Б-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Н.Бд 900.000 төгрөгийн хохирол учирсан нь хавтаст хэргийн 47-48 дугаар хуудсанд авагдсан “Гэрэгэ эстимэйт” ХХК-ийн бод малын зах зээлийн үнэлгээ тогтоосон дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч З.Б-ын хулгайлсан 2 тооны эр үхрийг хураан авч, хохирогч Н.Б-д хүлээлгэн өгсөн болох нь эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна. Түүнчлэн хохирогч Н.Б-ийн хулгайд алдсан үхэр эрж хайсны зардалд 500.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч З.Б төлж барагдуулсан нь нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох хохирол, хор уршиг байхгүй гэж дүгнэв.
2. Шүүгдэгч З.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч З.Б нь бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч З.Б нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 2-р багт эхнэр, бага насны /0-3 насны/ 3 хүүхдийн хамт амьдардаг болох нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Хосхаргай багийн засаг даргын тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбаруудаар нотлогдож байна.
Шүүгдэгч З.Б-ын хувийн амьдрал, зан байдлын талаар гэрч М.А-ийн : “ Би 2015 оны 09 дүгээр сард З овогтой Б-тай гэр бүл болоод 3 жил амьдарч байна. Бид хоёр гэр бүл болсон жилээ буюу 2015 онд анхны охин М-г төрүүлсэн юм. Дараа жил нь охин А-ыг төрүүлсэн. Энэ жил 04-р сард бага охин Ө-ийг төрүүлээд манайх жил дараалан 3 охинтой болсон юм. Манайх 2017 оны жил эцсийн мал тооллогоор 110 тооны ямаа тоолуулсан. Манайх Төрийн банкнаас 1.500.000 төгрөгийн зээл авсан байсан бөгөөд сая 2018 оны 04 дүгээр сард манай нөхөр хулгайн хэрэгт холбогдохоор нь нэмж 3.500.000 төгрөгийн зээл авсан юм. Манай гэр бүл өөрийн цөөхөн хэдэн ямаагаа маллаж, хүүхдийн мөнгө, тэжээгчээ алдсаны тэтгэмж, намрын улиралд хадлан хадаж өвс зарах мэтийн орлогоор амьдарч байна. Миний нөхөр Б нь зан аашийн хувьд даруухан, үг дуу цөөтэй, бусадтай нийтэч, хүнд тусархаг зантай. Б архи уудаггүй, тамхи татдаггүй юм. Би нөхрийгөө хүний мал хулгайлсан гэдэгт үнэхээр гайхаж байгаа бөгөөд Б-д өөр янз бүрийн муу зуршил байхгүй. Б чөлөөт завтай үедээ хурдан морь уядаг сумын алдарт уяач юм. Б гэр бүлдээ халамж, анхаарал сайн тавьдаг. Миний нөхрийн хийсэн хэргийг хөнгөн шийдэж өгнө үү гэж гуймаар байна. Манайх нялх 3 хүүхэдтэй амьдрал үнэхээр хэцүү байна. Манай нөхөр дахин хэзээ ч ийм хэрэг хийхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/,
гэрч З.Т-ийн: “Би эцэг эхээс 16-уулаа бөгөөд хамгийн том нь би, Б миний хамгийн бага дүү юм. Миний бага дүү Б гэр бүл болоод 3 жил болж байгаа бөгөөд эхнэр А нь жил дараалан 3 хүүхэд төрүүлж байна. Хамгийн бага нь 2018 оны 04 дүгээр сард төрсөн. Эднийх 0-2 насны 3 хүүхэдтэй. Б-ынх 2017 оны жил эцсийн мал тооллогоор 110 тооны ямаа тоолуулсан юм. Төрийн банкнаас 1.500.000 төгрөгийн зээл авсан юм. Сая 2018 оны 04 дүгээр сард дүү маань хулгайн хэрэгт холбогдоод 3.500.000 төгрөгийн зээл нэмж авсан юм. Б өөрийн цөөхөн хэдэн ямаагаа маллаж, хүүхдийн мөнгө, тэжээгчээ алдсаны тэтгэмж, намрын улиралд хадлан хадаж өвс зарах мэтийн орлогоор амьдарч байна. Миний бага дүү Б нь зан аашийн хувьд даруухан, үг дуу цөөтэй, бусадтай нийтэч, хүнд тусархаг зантай. Б нь архи уудаггүй, тамхи татдаггүй юм. Би дүүгээ хүний мал хулгайлсан гэдэгт үнэхээр гайхаж байгаа. Б нь гэр бүлдээ халамж, анхаарал сайн тавьдаг хүн юм. Б-ынх 3 нялх хүүхэдтэй тул түүнд хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/,
гэрч М.С-ны: “Манай нөхөр Т нь бага 3 дүүгээ тусад нь гаргаж, айл өрх болгосон юм. Бага дүү Б нь гэр бүл болоод 3 жил болж байгаа бөгөөд эхнэр А нь жил дараалан 3 хүүхэд төрүүлж байна. Хамгийн бага нь 2013 оны 04 дүгээр сард төрсөн. Эднийх 0-2 насны 3 хүүхэдтэй. Б-ынх 2017 оны жил эцсийн мал тооллогоор 110 тооны ямаа тоолуулсан бөгөөд Б өөрийн цөөхөн хэдэн ямаагаа маллаж, хүүхдийн мөнгө, тэжээгчээ алдсаны тэтгэмж, намрын улиралд хадлан хадаж өвс зарах мэтийн орлогоор амьдарч байна. Манай хадам дүү Б-д янз бүрийн муу зуршил байхгүй, гэр бүлдээ халамж, анхаарал сайн тавьдаг хүн юм. Б-ынх 3 нялх хүүхэдтэй тул амьдрал нь үнэхээр хэцүү байгаа. Б-д хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч З.Б нь бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бага насны буюу 0-3 насны 3 хүүхэдтэй зэрэг шүүгдэгчийн хувийн болон ар гэрийн амьдралын нөхцөл байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгчид ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг албадан гаргуулна”, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2-д “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно, 4-д “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, гал зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч З.Б-ын мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн хээр зүсмийн 5 настай морь 1, эмээл 1, хазаар 1 ширхэгийг тус тус хурааж улсын орлогод оруулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч З.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Ш ургийн овогтой З-ны Б-ыг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч З.Б-д хоёр зуун дөчин цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч З.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч З.Б энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч З.Б-ын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн хээр зүсмийн 5 настай морь 1, эмээл 1, хазаар 1 ширхэгийг тус тус хурааж улсын орлогод оруулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч З.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН