Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 109/ШШ2026/0011

 

 

 

 

 

 

 

 

 

                                          109/ШШ2026/0011

 

 

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Г.Ба, Г.Э, Г.Б, Г.На Г.Ө

Хариуцагч: Архангай аймгийн Тариат сумын Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын 2009 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” 58 дугаар захирамж илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дамдинсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч Г.Ба, Г.Э, Г.Б, Г.На Г.Ө нараас хариуцагч Архангай аймгийн Тариат сумын Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын 2009 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” 58 дугаар захирамж илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөөгүй, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж, багасгаагүй тул дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн тухайд:

2.1. Иргэн Г.Ба нь Архангай аймгийн Тариат сумын Засаг даргад хандан газар эзэмших хүсэлт гаргасан боловч татгалзсан хариуг амаар өгчээ.

2.2. Улмаар иргэн Г.Ба, Г.Э, Г.Б, Г.На Г.Ө нар нь Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын хариуг эс зөвшөөрч 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

2.3. Г.Ба, Г.Э, Г.Б, Г.На Г.Ө нарын нэхэмжлэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1., 13 дугаар зүйлийн 13.1., 15 дугаар зүйлийн 15.1., 16 дугаар зүйлийн 16.1., Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.-т заасныг зөрчөөгүй тул захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй.

 

 

 

 

Гурав. Хэргийн оролцогч нарын тайлбар, түүний үндэслэл:

 

3.1. Нэхэмжлэгч Г.Ба, Г.Э, Г.Б, Г.На Г.Ө нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тухайн үл хөдлөх хөрөнгө байрлах газрыг өөрсдийн нэр дээр болгож авахаар Архангай аймгийн Тариат сумын газрын даамалтай уулзтал Б.М гэх хүн нь тухайн үл хөдлөх хөрөнгийн эзэн гэж хэлээд үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээтэй гэсэн учир тухайн газрыг М гэдэг хүний нэр дээр өгсөн гэсэн аман тайлбар хэлсэн. Бидний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн эргэн тойрны газрыг би тухайн үедээ эзэмших хүсэлтэй байсан боловч, бидний үл хөдлөх хөрөнгөө өмчлөн авч байх үед тухайн хөрөнгийн газрыг эзэмшилд өгөх шийдвэр гараагүйн улмаас эзэмшилд авч чадаагүй байсан юм. Нэгэнт бидний үл хөдлөх хөрөнгө байгаа учраас газрыг эзэмшилд оруулах шийдвэр гарсан үед бид газраа авах эрхтэй гэж үзэн, энэ асуудалд ач холбогдол өгөлгүй явсаар 2025 онд бид газрын эзэмших эрхээ авахаар Тариат сумын газрын алба, Тариат сумын Засаг дарга нарт удаа дараа хүсэлт өгөхөд бидний хүсэлтийг хүлээн авалгүй цааргалж байсан бөгөөд газрын алба засаг даргатайгаа учраа ол гэх болсон. Бид 1999 оноос хойш тухайн үйл хөдлөх хөрөнгийг өмчилж байгаа учир би бусад өмчлөгч нараа төлөөлөн газрын гэрчилгээ гаргуулахаар Архангай аймгийн Тариат сумын засаг дарга болон газрын даамалд удаа дараа амаар болон бичгээр хүсэлт гаргасан боловч бичгийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, татгалзсан талаарх албан бичиг өгчих гэхээр хариу өгөхгүй, та нар авлигатай тэмцэх газар ханд гэж хэлсэн. Мөн тухайн сумын газрын даамал нь Б.Мө гэх хүнтэйгээ учраа олчих гэсэн шалтгаан хэл к бидний өргөдлийг огт хүлээж аваагүй. Үүний дараа бид Архангай аймгийн Засаг даргад өргөдөл гаргасан боловч Архангай аймгийн Засаг даргын 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 02/545 дугаартай албан бичгээр маргаан бүхий газрыг Мө гэх хүнд эзэмшүүлсэн байна гэсэн албан бичгийг холбогдох баримтын хамт ирүүлсэн. Архангай аймгийн Тариат сумын 4-р баг Суман гэх газар байрлах Ү-0104000013 дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ нь албан ёсоор бидний нэр дээр байхад Мө гэх хүний нэр дээр байх өөр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг үндэслэн бидний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө байрлах газрыг Мө-т олгож шийдвэрлэсэн захиргааны акт илт хууль бус гэж үзэж байна. Бид тухайн үл хөдлөх хөрөнгийг бусдад зарж борлуулсан зүйл огт байхгүй. газрын үл хөдлөх хөрөнгө байгаа эсэх тухайн газар дээрх өмч нь хэний өмч болохыг шалгалгүй хууль бусаар бусдад эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Миний хувьд гэр бүлийн хамт тухайн газарт амьдарч байгаад түр хугацаагаар хотод амьдрах шаардлага гарсан юм. Эргээд өөрийн өмч хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэхээр очоод хууль бусаар өмч хөрөнгө байх газраа бусдад алдах болоод байгаа төдийгүй, хөрөнгийн эргэн тойрон дахь газрыг бусдад эзэмшүүлснээр өмчлөгч миний эрх шууд хөндөгдөж, өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй нөхцөл байдал бий болоод байна. Тиймээс дээрх 2009 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 58 дугаартай “Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай” засаг даргын захирамж илт хууль бус болохыг шүүхийн журмаар тогтоож өгнө үү гэжээ.

 

3.2. Хариуцагч Архангай аймгийн Тариат сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасны дагуу Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2.2-т “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах;” гэх заалтыг үндэслэн Тариат сумын Засаг даргын 2009 оны 7 дугаар сарын 29-ны өдрийн 58 дугаар захирамжаар С овогт Б.М-т гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 020800728 дугаар бүхий 500-н га газрыг 20 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр захирамжилж 2009 оны 10 дугаар сарын 11-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон. Гэтэл нэхэмжлэгч Г.Б нь Тариат сумын 4-р баг Суман гэх газарт байрлах 24 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 1998 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн өөрийн эгч, дүү нас барсан эцэг эхийн хамтаар хуулийн дагуу өмчлөх болсон бөгөөд өмчлөлд байгаа үл хөдлөх хөрөнгийн эргэн тойрны газрыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авах хүсэлт өгч холбогдох шийдвэрийг гаргуулан өөрийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэн аваагүй байж өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн эргэн тойрны газар нь минийх гэж маргах нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.” гэх заалттай нийцэхгүй байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байна гэжээ.

 

3.3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.Б-н Архангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.Уг нэхэмжлэлийг миний эрхийг ноцтой зөрчиж байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасны дагуу миний бие тухай үеийн Тариат сумын Засаг дарга байсан. С.Б-д хүсэлт өгч гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 020800728 дугаар бүхий 500 га газрыг 20 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр гэрээ хийн Засаг даргын 2009 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 58 дугаар захирамжаар тухай газрыг миний эзэмшилд шилжүүлсэн. Газар эзэмших хүсэлт өгөх үед тухай газар өөр ямар нэгэн этгээдийн эзэмшилд нэр шилжээгүй байсан. Мөн Г.Б үл хөдлөх хөрөнгөө өмчлөн авах үедээ тухайн үл хөдлөх хөрөнгийн эргэн тойрны газрыг эзэмшилдээ авах хүсэлтэй байсан боловч түүний эзэмшилд шилжүүлэн өгөх шийдвэр гаргаагүйн улмаас эзэмшилдээ авч чадаагүй тухайгаа нэхэмжлэлдээ тодорхой дурдсанаар дээрх нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө эрх зүйн үндэслэлгүй гэж үзэх боломжтой байна. Дээрх нэхэмжлэл нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасан заалтыг зөрчсөн байна. Би анх 2008 онд тус газар дээр буюу Архангай аймгийн Тариат сумын Суман баг Байшин хороолол Ахлах сургуулийн зүүн талд байрлах ул хөдлөх хөрөнгийг Ч овогтой Г гэдэг хүнээс тухайн үеийн ханшаар харилцан тохиролцож худалдан авсан болно. Баруун талын залгаа байшинг Э гэдэн хүнээс От гэдэг хүн худалдан авч одоог хүртэл амьдарч байна. Ч.Г нь нэхэмжлэгч Б-н төрсөн ах Г.Б-с Ч. Э гэдэг хүний хамт худалдан авч засвар үйлчилгээ хийж байгаад 2008 онд Улаанбаатар хот руу шилжин суурьших болсон тул миний бие М-т худалдан борлуулсан бөгөөд анх ямар ч бичиг баримт байхгүй гэж байсан. Уг байшин анх сургуулийн склад маягийн хөрөнгө байсан гэсэн өмч хувьчлалаар 1998 онд нэхэмжлэгч Г. Б-н ах Г.Ба-н хадам аав ээж нь тухайн үеийн ханшаар Г.Б. эхнэр А.Ц нарт авч авч өгч байсан гэж эхнэр А.Ц нь хэлсэн. 2009 оны 10 сарын 11 өдөр би газрын гэрчилгээ шаардлагатай бичиг баримтуудын бүрдүүлж албан хүсэлтээ өгч хууль ёсны дагуу авсан. 2010 оны 6 сарын 17-нд үл хөдлөхийн гэрчилгээ авч 16 жил тасралтгүй амьдарч байгаа гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримт, хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс харьцуулан үнэлж дүгнэж үзсэний үндсэн дээр дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь:

 

Нэг. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн болон хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн тухайд

1.1. Шүүхээс шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Г.Б-д 2026 оны 7 дугаар сарын 24-нд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.П болон хариуцагч Архангай аймгийн Тариат сумын Засаг дарга Н.Ч нарт 2026 оны 7 дугаар сарын 23-ны өдөр тус тус усаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр товлогдсон шүүх хуралдаанд ирээгүй. (Хавтаст хэргийн 201-203 дахь тал)

1.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5.-д “Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ.” гэж, 91.6.-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын аль аль нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бол шүүх хэргийг энэ хуулийн 91.5-д заасны дагуу шийдвэрлэж болно.” гэж тус тус заажээ.

1.3. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн төлөөлөгч нар шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5.-д заасныг үндэслэн тэдгээрийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно.

 

Хоёр. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн болон бодит үндэслэлийн тухайд

2.1. Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын 2009 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” 58 дугаар захирамж Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т заасныг үндэслэсэн байх бөгөөд хавсралтаар нэр бүхий иргэдэд газар эзэмших эрх олгосны дотор иргэн Б.Мөнхбаатар багтсан байна. (Хавтаст хэргийн 42-43 дахь тал)

 

Гурав. Хэрэг, маргааны тогтоогдсон үйл баримт

3.1. Иргэн Б.М маргаан бүхий байшин хороолол ахлах сургуулийн зүүн талд байршилтай 500 м.кв газрыг эзэмших эрхтэй болох нь дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд:

3.2. Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын 2009 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” 58 дугаар захирамжаар сумын нутаг дэвсгэрт газар эзэмшиж байгаа иргэдийн газрын зориулалт, байршил, хугацааг хавсралтаар баталсны дотор иргэн Б.М-т гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар байшин хороололд байрлах 500 м.кв газрыг 20 жилийн хугацаагаар эзэмших эрх олгожээ. (Хавтаст хэргийн 42-43 дахь тал)

3.3. Б.М-т Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын 2009 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 58 дугаар шийдвэрийг үндэслэн нэгж талбарын 020800728 дугаар бүхий байшин хороолол ахлах сургуулийн зүүн талд байршилтай 500 м.кв газрыг 20 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 0246743 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг 2009 оны 10 дугаар сарын 11-ний өдөр олгосон байна. (Хавтаст хэргийн 46 дахь тал)

3.4. 2010 оны 6 дугаар сарын 16-ны өдөр иргэн Б.М, газар эзэмшүүлэгчийг төлөөлж Тариат сумын газрын асуудал хариуцсан албан тушаалтан Г.Э нар “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх” гэрээ байгуулжээ. (Хавтаст хэргийн 47-48 дахь тал)

3.5. Гэрч Г.Э-н “... иргэн Б.М нь тус сумын Засаг даргын 2009 оны 58 дугаар шийдвэрээр 020800728 дугаар нэгж талбарын дугаартай 500 м.кв газрыг гэр бүлийн зориулалтаар эзэмшиж байгаа. 2009 онд кадастрын систем нэвтэрсэнтэй холбоотойгоор газар эзэмших эрх нь баталгаажаагүй айл өрхүүдийн газрын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан ч баталгаажуул гэсэн чиглэл өгсний дагуу захирамж гаргуулж, гэрчилгээ олгосон...” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 161-163 дахь тал)

3.6. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ “... Г.Б миний бие Архангай аймгийн Тариат сумын 4-р баг Суман гэх газар байрлах 24 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 1999 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс Г.Э Г.Б, Г.Н Т.Г В.Ц Г.Ө нарын хамт одоог хүртэл өмчилж ирсэн. Архангай аймгийн Тариат сумын 4 дүгээр баг Суман гэх газар байрлах Ү-0104000013 дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ нь албан ёсоор бидний нэр дээр байхад Б.М гэх хүний нэр дээр байх өөр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг үндэслэн бидний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө байрлах газрыг Б.М-т олгож шийдвэрлэсэн захиргааны акт илт хууль бус. Бид тухайн үл хөдлөх хөрөнгийг бусдад зарж борлуулсан зүйл огт байхгүй...” гэх тайлбар үндэслэлгүй байна.

3.7. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.” гэж, 27.3.-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна.” гэж, 31 дүгээр зүйлийн 31.3.-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэж, 34 дүгээр зүйлийн 34.1.-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.” гэж тус тус заажээ.

3.8. Иргэн Б.М нь Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын 2009 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 58 дугаар захирамжаар 020800728 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Тариат сум, байшин хороолол, ахлах сургуулийн зүүн талд байрлах 500 м.кв газрыг 20 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй болсон байх бөгөөд 2010 оны 6 дугаар сарын 16-ны өдөр газар эзэмшүүлэгчийг төлөөлж Тариат сумын газрын асуудал хариуцсан албан тушаалтан Г.Э-тай “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх” гэрээ байгуулсан.

3.9. Б.Мө-ын эзэмших эрхтэй газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхацсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

3.10. Дээрхээс үзвэл иргэн Б.М-т газар эзэмших эрх олгосон Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын 2009 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 58 дугаар захирамж Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1., 27.3., 31 дүгээр зүйлийн 31.3.-т заасантай нийцсэн байна.

3.11. Иргэн Г.Б-н тухайд дээрх үндэслэлээр маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй гэж маргадаг боловч тэрээр Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын 2009 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 58 дугаар захирамжаар байшин хороолол ахлах сургуулийн зүүн талд байршилтай 500 м.кв газрыг иргэн Б.Мөнхбаатарт олгосон газрыг эзэмших хүсэлтийг Б.М-с өмнө гаргаж шийдвэрлүүлж байгаагүй.

3.12. Тодруулбал гэрч Г.Э  “... Г.Б газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй. 2026 оны 1 дүгээр сард Г.Б эхнэр хүүхэдтэйгээ хамт над дээр орж ирээд “миний газар дээр Б.М амьдарч байна” гэсэн гомдлыг амаар гаргаж байсан. Г.Б-н гаргасан гомдлын дагуу иргэн Б.М-н эхнэртэй нь би уулзсан. Тэгээд “танай эзэмшиж байгаа газар дээр иргэн гомдол гаргасан. Тэр гомдол гаргасан иргэдтэй та нар уулзаж надад хариу тайлбар өгөөрэй” гэж би Б.М-н эхнэрт хэлсэн. Б.М газар эзэмших эрхтэй холбоотой тайлбар өгсөн. Уг тайлбарыг нь газрын хувийн хэрэгт нь хийсэн...” гэж мэдүүлдэг бөгөөд Г.Б маргаан бүхий газрыг эзэмших хүсэлт гаргаж байсан нь хэрэгт авсан баримтаар тогтоогдохгүй байна.

3.13. Б.М-т газар эзэмших эрх олгосон Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын 2009 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 58 дугаар захирамжийн улмаас Г.Ба, Г.Э, Г.Б, Г.На Г.Ө нарын газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3.14. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:” гээд, 47.1.1.-47.1.7-д захиргааны акт илт хууль бус болох үндэслэлүүдийг нэрлэн заасан.

3.15. Захиргааны акт илт хууль бус байх үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалтад бэхэжсэн хуульд үндэслэх зарчмын шууд хэрэгжилт бөгөөд маргаж буй захиргааны актад хууль зүйн үндэслэл огт бичээгүй, эсхүл хууль зүйн үндэслэл бичсэн хэдий боловч тухайн үндэслэл нь захиргааны актаар шийдвэрлэсэн асуудалтай огт холбоогүй буюу захиргааны байгууллагаас шийдвэр гаргах нарийвчилсан эрх зүйн үндэслэлээ заагаагүй тохиолдолд тухайн захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэж, илт хууль бус болохыг тогтооно.

3.16. Маргаан бүхий Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын 2009 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 58 дугаар захирамжаар Б.М-т газар эзэмших эрх олгохдоо Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т заасныг үндэслэсэн байх тул уг захирамжийг илт хууль бусад тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.

3.17. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Г.Б нарын “Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын 2009 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 58 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Дөрөв. Бусад асуудлын тухайд

4.1. Нэхэмжлэгч Г.Б нар “... Архангай аймгийн Тариат сумын 4 дүгээр баг Суман гэх газар байрлах Ү-0104000013 дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ нь албан ёсоор бидний нэр дээр байхад Б.М гэх хүний нэр дээр байх өөр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг үндэслэн бидний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө байрлах газрыг Б.Мөнхбаатарт олгож шийдвэрлэсэн захиргааны акт илт хууль бус...” гэх үндэслэлээр маргаан бүхий захирамж илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан тул газрын маргааны үндэс болж байгаа тухайн үл хөдлөх хөрөнгийн талаар шүүхээс тогтоогдсон үйл баримтын хүрээнд дүгнэлт хийх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасантай нийцэх бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг зөрчихгүй гэж үзлээ. Учир нь,

4.2. Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Шүүхийн шийдвэр боловсруулах журам”-ын 2.1.10-д “Хэрэг, маргааныг шийдвэрлэж буй шүүх Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбарыг хуулийн зүйл заалтыг оновчтой зөв тайлбарлан хэрэглэхэд (үндэслэх хэсэгт) ашиглах ба харин тэрхүү тайлбарыг хэрэг, маргааны талаар шийдвэр гаргах үндэслэл болгож баримтлахгүй” гэжээ.

4.3. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 30 дугаар тогтоолын “Тайлбарлах нь” хэсгийн 8.-д “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан "нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн" гэдгийг нэхэмжлэгчээс шүүхэд өөрөө тодорхойлж гаргасан 1) нэхэмжлэл чиглэж буй захиргааны үйл ажиллагаа, 2) түүний үйлчлэлд өртсөн (эсхүл эерэг үйлчлэл хүртэх ёстой) гэх өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, 3) зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй хэмээн маргаж буй эрх, нийтийн ашиг сонирхол, 4) хуульд заасан тохиолдолд захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан шаардлага, тэдгээрийн үндэслэлд хамаарахгүй асуудлыг ойлгоно гэж, 9.-т “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан "хэргийн оролцогчдын маргаагүй асуудал" гэдэгт нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болон тэдгээрт холбогдох талуудын татгалзал, тайлбараар талуудын маргаж буй үйл баримтад хамаарахгүй асуудлууд, үйл баримтыг тогтоох, түүнчлэн, маргаан бүхий захиргааны шийдвэр хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн эсэхийг тогтоохтой хамааралгүй бусад нөхцөл байдлыг ойлгоно.” гэж тус тус тайлбарлажээ.

4.4. 0117000292 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд “өмчлөгч Т овогтой Га, өөрчлөлтүүд хэсэгт ЕБ-ын 173 тоот тушаалын дагуу Ү-0117000292 дугаарыг хүчингүй болгож шинээр гэрчилгээ бичих тохиолдолд Ү-0104000013 дугаар олгоно” гэж (Хавтаст хэргийн 72 дахь талын ар хэсэг)

4.5. 1999 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 336 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэгт “мэдүүлэг гаргагчийн овог Т, нэр Га, хаяг Архангай аймаг, Тариат сум, 5 дугаар баг, 6 дугаар байр, 2 тоот хаалга, үл хөдлөх эд хөрөнгийн байршил Тариат сум, Суман баг, хэмжээ, үнэ 24 м.кв, 550,000 төгрөг, хамтран өмчлөгчийн овог нэр В.Цэ, Г.Ба, Г.Э, Г.Б, Г.На Г.Ө" гэж (Хавтаст хэргийн 73 дахь тал)

4.6. 1999 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн үнэлгээний тайланд “Өмчлөгч Т.Га байршил Архангай аймгийн Тариат сумын Суман баг, уг барилга нь блокон ханатай, банзан шалтай, 2 өрөөтэй, 1989 онд ашиглалтад орсон...” гэж (Хавтаст хэргийн 74 дэх тал)

4.7. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын даргын 2008 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 173 дугаар тушаалын хавсралтаар баталсан Архангай аймгийн хүчингүй болгох дугаарууд тэдгээрийг залруулан шинээр олгох дугаарууд хэсэгт хүчингүй болгох эрхийн улсын бүртгэлийн дугаар жагсаалтын 12-т Ү-0117000292, залруулж шинээр олгох эрхийн улсын бүртгэлийн дугаар Ү-0104000013...” гэж (Хавтаст хэргийн 78 дахь талын ар хэсэг)

4.8. Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ хүчингүйд тооцох тухай” 5360 дугаар дүгнэлтэд “Эрхийн улсын бүртгэлийн  дугаартай Тариат сум, Суман баг хаягт байршилтай 24 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай барилгын өмчлөгч иргэн : Г.Ба, Г.Э, Г.Б, Г.На Г.Ө Т.Га, В.Ц нарт олгосон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 101 дугаарын гэрчилгээг хүчингүйд тооцох” гэж (Хавтаст хэргийн 86 дахь талын ар хэсэг)

4.9. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн 001384764 дугаар гэрчилгээнд “В.Цэ, Г.Ба, Г.Э, Г.Б, Г.На Г.Ө Т.Га /долоон иргэний өмч/ Архангай аймгийн Тариат сумын 4 дүгээр баг, Суман 24 м.кв талбайтай хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-0104000013 дугаарт бүртгэж гэрчилгээ олгов” гэж тус тус тэмдэглэгджээ. (Хавтаст хэргийн 87 дахь тал)

4.10. Гуравдагч этгээд Б.М-н татгалзлын үндэслэлд дурдаж буй Архангай аймгийн Тариат сумын Суман баг байшин хороолол ахлах сургуулийн зүүн талд байрлалтай үл хөдлөх эд хөрөнгийн тухайд

4.11. Иргэн Б.М нь 2010 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандаж “Архангай аймаг, Тариат сум, Байшин хороололд байршилтай 54 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай 15 сая төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан байна. (Хавтаст хэргийн 94 дэх тал)

4.12. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн танилцуулга хэсэгт “2 өрөөтэй, 54 м.кв талбайтай, 3 цонх, 2 хаалгатай, бетонон суурьтай, төмөр дээвэртэй, палк ханатай” гэжээ. (Хавтаст хэргийн 94 дэх талын ар хэсэг)

4.13. 2010 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэгт “мэдүүлэг гаргагч С овгийн Б.М үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаар Ү-0104000157, байршил Архангай аймаг, Тариат сум, Байшин хороолол, ахлах сургуулийн зүүн талд...” гэж (Хавтаст хэргийн 92 дахь тал)

4.14. 2010 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000091989 дугаар гэрчилгээнд “Б.М нь Архангай аймгийн Тариат сумын Суман баг Байшин хороолол ахлах сургуулийн зүүн талд байршилтай хувийн сууцны зориулалттай 54 м.кв талбайтай барилга үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-0104000157 дугаарт бүртгэж гэрчилгээ олгов” гэжээ. (Хавтаст хэргийн 102 дахь тал)

4.15. Дээрхээс үзвэл нэхэмжлэгч нарын “... Архангай аймгийн Тариат сумын 4-р баг Суман гэх газар байрлах дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ нь албан ёсоор бидний нэр дээр байхад М гэх хүний нэр дээр байх өөр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг үндэслэн бидний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө байрлах газрыг Мөнхбаатарт олгож шийдвэрлэсэн захиргааны акт илт хууль бус...” гэх тайлбар үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь,

4.16. Г.Ба, Г.Э, Г.Б, Г.На Г.Ө нар нь Ү-0104000013 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг иргэн Б.Мө-т эзэмших эрх олгосон Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын 2009 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 58 дугаар захирамж илт хууль бус гэж маргадаг.

4.17. Хэрэгт авагдсан 1999 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 336 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг, 1999 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн үнэлгээний тайлан, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн 001384764 дугаар гэрчилгээ, маргаан бүхий газрын үзлэг зэрэг баримтаас үзэхэд Ү-0104000013 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь иргэн Б.Мө-н эзэмших эрхтэй газарт байрладаггүй, өөр хаягт буюу Архангай аймгийн Тариат сумын Суман баг, Байшин хороололд байршилтай, бүтээц, хийцийн хувьд иргэн Б.М-н өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөс өөр хийц бүтээцтэй буюу блокон ханатай, банзан шалтай, 2 өрөөтэй, 24 м.кв талбайтай болох нь тогтоогдож байна.

4.18. Мөн иргэн Б.М-н өмчлөх эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгө нь иргэн Г.Б нарын нэр бүхий иргэдийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөс өөр газарт байршилтай, бүтээц, хэмжээ талбайн хувьд өөр буюу Архангай аймаг, Тариат сум, Байшин хороолол, ахлах сургуулийн зүүн талд байршилтай хувийн сууцны зориулалттай 54 м.кв талбайтай, 3 цонх, 2 хаалгатай, бетонон суурьтай, төмөр дээвэртэй, палк ханатай болох нь хэрэгт авагдсан 2010 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2010 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000091989 дугаар гэрчилгээ зэрэг баримтаар тогтоогддог.

4.19. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4.-т "улсын бүртгэлийн дугаар" гэж эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгэснийг нотолж улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон дахин давтагдахгүй дугаарыг” гэж, 10 дугаар зүйлийн 10.1.-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд анх удаа бүртгэхэд газрын нэгж талбарын дугаарт үндэслэх бөгөөд нэг нэгж талбарт нэг хувийн хэрэг нээж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг уг нэгж талбар газрын эрхтэй нэг бүрдлээр бүртгэнэ.” гэж тус тус заажээ.

4.20. Дээрх эрх зүйн хэм хэмжээний зохицуулалтаас үзвэл иргэн Г.Б нарын өмчлөлийн дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө, Д.М-н өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө тус тусдаа, өөр өөр үл хөдлөх хөрөнгө байх бөгөөд үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх газрын нэгж талбарын дугаарт үндэслэхээр байна.

4.21. Д.М нь маргаан бүхий нэгж талбарын дугаартай газрын эзэмших эрхэд тулгуурлан дугаартай 54 м.кв талбайтай байшинг өмчлөх эрхтэй болсон нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлтэй.

4.22. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн доорх газар иргэн Б.М-н эзэмшлийн 020800728 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Тариат сум, байшин хороолол, ахлах сургуулийн зүүн талд байрлах 500 м.кв газартай давхцаагүй болох нь 2026 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хэргийн газрын үзлэг, Архангай аймгийн Тариат сумын 4 дүгээр баг Байшин хороололд байрлах маргаан бүхий газрын байршлын кадастрын зургаар тус тус тогтоогдсон болохыг тэмдэглэх нь зүйтэй. (Хавтаст хэргийн 132-154, 156 дахь тал)

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3., 106.3.14., 106.5.-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 47 дугаар зүйлийн 47.1.6., Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1., 27.3., 31 дүгээр зүйлийн 31.3.-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Г.Ба, Г.Э, Г.Б, Г.На Г.Ө  нараас Архангай аймгийн Тариат сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын 2009 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 58 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1. дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  А.ТҮВШИНТУЛГА