Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2018/00081

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2018/00081

 

 

Коко десерт ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/2637 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Коко десерт ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч С.Отгоннямд холбогдох

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 27 198 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Мөнхтуяа

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Түвшинжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч Коко десерт ХХК-ийн захирал Ш.Алтантуул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуяа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Ч.Содномпил нь 2012 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр байгуулсан зээлийн гэрээгээр 70 000 000 төгрөгийг иргэн Ж.Пүрэврагчаад зээлдүүлсэн болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 7484 дүгээр шийдвэрээр тогтоогдсон. Учир нь Ж.Пүрэврагчаа нь үндсэн  зээлд  20 000 000 төгрөг эргэн төлсөн бөгөөд үлдэх 50 000 000 төгрөгт шүүхийн шийдвэр гаргасан байна. Коко десерт" ХХК-иас иргэн Ч.Содномпил Ж.Пүрэврагчаатай байгуулсан дээрх зээлийн гэрээний дагуу С.Отгоннямд төлж байсан төлбөрүүдэд С.Отгоннямын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт ямар нэг давхцал байхгүй болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байна.  Коко Десерт ХХК-ийн касснаас бэлэн өгч байсан буюу С.Отгоннямын харилцах данс болон Хаан банкны 5011233890 тоот данс руу нийт 38 643 300 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Түүнчлэн Коко Десерт ХХК-ийн захирал Ш.Алтантуул Монгол Улсын Дээд шүүхэд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч 2012 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талуудын хүлээсэн үүрэгт шинэ нөхцөл байдал тогтоосон нотлох баримт болж чадахгүй мөн тухайн хэргийн оролцогч биш гэсэн үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн юм. Коко десерт ХХК нь иргэн С.Отгонням нарын хооронд ямар нэг гэрээний үүрэг үүсгээгүйгээс гадна С.Отгоннямд ямар нэг өр төлбөргүй болно. Гэтэл С.Отгонням нь Ч.Содномпилээс өв залгамжлалын дагуу өвлөж авсан 50 000 000 төгрөгийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг Ж.Пүрэврагчаагаас бүхлээр нь гаргуулж хохирлоо бүрэн шийдвэрлүүлсэн атал Коко десерт" ХХК нь С.Отгоннямд давхар шилжүүлсэн 38 643 300 төгрөгөөр хохирч байна. Иймд Коко десерт ХХК-ийн касснаас бэлэн өгсөн С.Отгоннямын Хаан банкны 5011233890 тоот харилцах дансанд шилжүүлсэн нийт 38 643 300 төгрөгийг Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар С.Отгоннямаас гаргуулж Коко десерт ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү. Хариуцагч С.Отгоннямаас 38 643 300 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дараахи үндэслэлээр багасгасан. Учир нь зээлдэгч Ч.Содномпил нь 2012 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр нас барсан тул тухайн зээлийн харилцаа дуусгавар болсон. Гэвч 2012 оны 11 дүгээр сарын 9-ний өдрөөс 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл С.Отгонням нь хууль бусаар зээлийн хүүд нийт 27 198 000 төгрөгийг Коко десерт ХХК-иас авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа тул 11 445 300 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан. Иймд С.Отгоннямаас 27 198 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн 7484 дугаар шийдвэрийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаартай магадлалаар хэвээр үлдээж, Улсын улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 00244 дугаартай тогтоолоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулан зээл, зээлийн хүүнд 51 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагчийн зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хийлгэхгүй байх, удаашруулах, хугацаа хожих, төлбөр төлөхөөс зайлсхийх төрөл бүрийн арга саам хийж Ч.Содномпил, Ш.Алтантуул, Ш.Алтанзагас нарын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр Ж.Пүрэврагчаад холбогдуулан шийдвэрлэгдсэн хэргийн жинхэнэ хариуцагч биш мэтээр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлт гаргасаныг Улсын Дээд шүүх хянаад Монгол улсын Дээд шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн 00130 дугаартай тогтоол гаргасан. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлт гаргасаныг шүүх хангах үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн. Мөн Коко десерт ХХК нь С.Отгоннямаас 2012 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Ч.Содномпил, Ж.Пүрэврагчаа нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу төлөгдсөн 35 643 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасаныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд 07156 дугаартай шүүгчийн захирамж гарган хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. 07156 дугаартай захирамжид нэхэмжлэгч гомдол гаргаагүй байдаг. Гэтэл 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр тус шүүхэд дахин 38 643 300 төгрөгийг гаргуулах тухай өмнөх нэхэмжлэлийн үндэслэлтэй яг адил нэхэмжлэлийг гаргажээ. Кокодесерт ХХК-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын талаар зургаан удаагийн шүүх хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн байтал дахин анхан шатны шүүхэд шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байгаа тул шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд байгаа гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Кокодесерт ХХК-иас нэхэмжилж буй мөнгөө тухайн үед Ч.Содномпилтэй Коко десерт ХХК-ийн захирал Ш.Алтантуул, Ш.Алтанзагас нарын хооронд байгуулдагдсан зээлийн гэрээнийхээ хүүнд төлж байсан бөгөөд шүүхийн шийдвэрт эдгээр мөнгийг зээлийн хүүнд төлсөн гэж үзэж шийдвэрлэсэн. Коко десерт ХХК нь нэхэмжилж буй мөнгийг тухайн үед зээлийн хүү гэж төлчихөөд одоо үндэслэлгүйгээр төлсөн гэж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна. Коко десерт ХХК нь хоёр гишүүнтэй компани бөгөөд 1 гишүүн нь Ж.Пүрэврагчаа байдаг. Ж.Пүрэврагчаа нь зээлсэн мөнгийг компанийнхаа үйл ажиллагаанд зарцуулсан гэж тайлбарладаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар С.Отгоннямаас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 38 643 300 төгрөгийг гаргуулах тухай Коко десерт ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Коко десерт ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 350 166 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. .

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуяа давж заалдах гомдолдоо:

... Нэхэмжлэгч "Коко десерт" ХХК-ний захирал Алтантуулын нөхөр байсан Ж.Пүрэврагчаа нь иргэн Ч.Содномпилээс 2012.04.01-ны өдөр иргэд хоорондын зээлийн гзрээ байгуулж 70 000 000 төгрөгийг зээлж авсан ба эргэн төлөлтөнд 20 000 000 /хорин сая/ төгрөг төлсөн. Үлдсэн 50 000 000 төгрөтийг төлөөгүй байсан нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.11.06-ны өдрийн 7484 шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 00244 дүгээр тогтоолоор ЖЛүрэврагчаагаас зээлийн гэрээний үүрэгт 51 000 000 төгрөгийг Ч.Содномпилийн өв залгамжлагч С.Отгоннямд гаргуулахаар шүүхийн тогтоол гарсан байна. "Коко десерт ХХК болон С.Отгонням нарын хооронд ямар нэгэн зээлийн гэрээний үүрэг үүсээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч "Коко десерт" ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 27 198 000 төгрөгийг хариуцагч С.Отгоннямаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ хэргийн нотлох баримтыг буруу үнэлж, дүгнэж шийдвэрлэсэн. Учир нь нэхэмжлэгч "Коко десерт" ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж 27 198 000 төгрөг нэхэмжилсэн байхад нэхэмжлэлийн шаардлага бус анх тус шүүхэд гаргасан 38 643 300 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагад үнэлэлт дүгнэлт хийж шүүх шийдвэр гаргаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч С.Отгонням нарын хооронд ямар нэгэн үүрэг үүсээгүй, 2013 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Ч.Содномпил нь нас барсан байдаг. Ч.Содномпилын өв залгамжлагч С.Отгонням нь 3 жилийн дараа буюу 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн нотариатд өв залгамжлалын гэрчилгээ хүсч, өвлөх эрхийн гэрчилгээ авсан. Тэрээр тус өвлөх эрхийн гэрчилгээнд "Миний эцэг Ч.Содномпил нь 2012 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр нас барсан. Тэрээр 2012 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр иргэн Ж.Пүрэврагчаад 70 000 000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэйгээр тодорхой бус хугацаатайгаар талууд тохирч зээлсэн. 2012 оны 7 дугаар сарын 6-ны өдөр талууд зээлийн үлдэгдлээ дүгаэж 50 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан. С.Отгонням нь өв залгамжлалын гэрчилгээ олгогдож, эрх үүсэхээс өмнө буюу 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс өмнө зээлийн гэрээтэй холбоотой эрх нь үүсээгүй байхад хүү нэрийдлээр "Коко десерт" ХХК-иас 27 198 000 төгрөг авсан нь Иргэний хуулийн 240.1.3-т заасан тохиолдолд үүрэг дуусгавар болно гэсэн заалтыг зөрчиж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна. Иймд хариуцагч С.Отгоннямыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг буруу тодорхойлсон байх тул уг үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Коко десерт ХХК нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 38 643 300 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр багасгаж 27 198 000 төгрөг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Ч.Содномпил, Ж.Пүрэврагчаа нарын 2012 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан байх бөгөөд иргэн Ч.Содномпил 2012 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр нас барсан, 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 010 тоот өвлөх эрхийн гэрчилгээгээр дээрх зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 50 000 000 төгрөгийн үүргийг шаардах эрхийг С.Отгонням өвлөн авсан үйл баримт тогтоогдсон байна. /хх-ийн 61, 66 тал/

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 7484 дугаар шийдвэрээр Ж.Пүрэврагчаагаас зээлийн гэрээний үүрэгт 62 000 000 төгрөг гаргуулан С.Отгоннямд олгохоор шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр байна. /хх-ийн 149-150 тал/

 

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т Үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан бол үүрэг дуусгавар болно гэж заасан бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч Ч.Содномпил нас барсан байдал нь үүрэг гүйцэтгэгч Ж.Пүрэврагчаагийн үүргийг дуусгавар болгох үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгүүлэгч Ч.Содномпил нас барснаар зээлийн гэрээний дагуу хүү төлөх зээлдэгчийн үүрэг дуусгавар болсон гэх нэхэмжлэгчийн тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй. Дээрх хуулийн заалтаар үүрэг гүйцэтгэгч нас барсан бол түүний гүйцэтгэх үүрэг дуусгавар болохоор заасан тул үүрэг гүйцэтгүүлэгчид хамааруулан үзэх боломжгүй юм. Түүнчлэн анхан шатны шүүх зээлийн гэрээний дагуу үүрэг гүйцэтгэгчээс өмнө нь зээлийн хүүд төлж байсан мөнгө өв залгамжлагч С.Отгоннямд төлөх үнийн дүнгээс хасагдах ёстой байсан гэсэн үндэслэлийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

 

Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж заасан бөгөөд зээлийн гэрээний үүрэгт Ж.Пүрэврагчаагийн төлөх төлбөрийг нэхэмжлэгч Коко десерт ХХК-иас төлж байсан нь хууль зөрчөөгүй, тус компаниас шилжүүлсэн 38 643 300 төгрөгийг дээрх зээлийн гэрээний үүрэгт тооцогдсон байна гэж анхан шатны шүүх үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

 

Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу нотлох баримтыг үнэлж нэхэмжлэгч Коко десерт ХХК-ийн С.Отгоннямд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байхад уг үнийн дүнгээр бус, анхны нэхэмжлэлийн үнийн дүнгээр хэргийг шийдвэрлэсэн нь зөрчилтэй байх тул уг үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, энэ талаар давж заалдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/2637 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ... 38 643 300 төгрөг гэснийг ... 27 198 000 төгрөг гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгч Коко десерт ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293 940 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

  ШҮҮГЧИД                           Д.ЦОГТСАЙХАН

                                                          Ц.ИЧИНХОРЛОО