Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 124

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Р.Машлай,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл,

шүүгдэгч Э.Халиунаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Далай ван овогт Эрдэнэчимэгийн Халиунаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807002180065 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1997 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, 20 настай, эмэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой,  тогооч мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй жирэмсний амралттай байгаа гэх,  ам бүл 3, эх, ах нарын хамт Налайх дүүргийн 2 дугаар хороо, 15 дугаар байр 135 тоотод оршин суух, регистрийн УД97071625 дугаартай, Далай ван овогт Эрдэнэчимэгийн Халиунаа нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ эрүүгийн 201701080221 дугаартай хэрэгт шалгагдаж байсан хамт ажилладаг Б.Бат-Ирээдүйн нөлөөнд автаж түүнийг ятгасны дагуу 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гэрчид Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн танилцуулж үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээж мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Халиунаа нь 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн уулзалт мэдүүлгийн өрөөнд “Бат-Ирээдүй 2017 оны 07 дугаар сарын үед Мөнгөнтуяа, Энхтөр бид гуравт Энхбаатар ахын хохирлыг барагдуулсан ч  ял авах юм шиг байна, та нар намайг Энхбаатар ахыг цохихыг хараагүй, өөр газар тамхи татчихаад ирэхэд зодоон болоод дуусчихсан гээд хэлээд өгөөч гэхээр нь худал мэдүүлгийг өмнө өгсөн гэсэн үйл явдал болжээ.

            Энэхүү үйл явдал нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Халиунаагийн өгсөн: “2017 оны 04 дүгээр сарын эхээр Мөнхтуяа эгчийн төрсөн өдрөөр ажлаараа “М” шөнийн клуб руу орсон. Мөнхтуяа эгчийн нөхрийг Бат-Ирээдүй зодохыг хараад, зодооныг салгасан. Зодооныг хараагүй гэж хэлээд өгөөч гэж Б.Бат-Ирээдүй гуйсан хараагүй гэж мэдүүлсэн” гэх мэдүүлэг болон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын судалсан:

Мөрдөн байцаалтад гэрч З.Мөнхтуяагийн өгсөн: “Халиунаа Энхтөр бид гурав 2017 оны 04 сарын 29-30-нд шилжих шөнө болсон үйл явдлыг хараагүй мэдэхгүй гээд худлаа мэдүүлэг өгчихсөн гээд хэлж байсан” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 2 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Бат-Ирээдүйн өгсөн: “Би Халиун, Энхтөр, Мөнгөнтуяа нарт 2017 оны 07 дугаар сарын үед /өдрийг нь тодорхой санахгүй байна/ болсон явдлыг хараагүй гээд хэлээд өгөөч би хохирогчийн хохирлын асуудлыг барагдуулна гэж найзын хувиар гуйсан юм” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 5-6 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Ө.Энхтөрийн өгсөн: “ Бат-Ирээдүй, Мөнгөнтуяа, Халиунаа бид дөрөв М клубын ард очиж тамхи татаагүй болсон үйл явдлыг хараагүй гэж мэдүүлсэн нь худлаа Бат-Ирээдүй нь бид нарыг мэдүүлэг өгөхөөс 2-3 удаа би Энхбаатар ахын хохирлыг нь барагдуулна, эрүүгийн хэрэгт ормооргүй байна Халиунаа, Мөнгөнтуяа бид гурвыг Энхбаатар ах намайг нэг удаа цохисон тэгээд та гурав намайг тайвшруулах гээд М клубын арагшаа авч яваад тамхи татсан тэгээд би түрүүлээд М клубын тийш явсан  та нараас араас ирэхэд зодоон дууссан байсан хараагүй гэж хэлээд өгөөч гээд гуйгаад байсан” гэх  мэдүүлэг,

            /хх-ийн 16-17 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Т.Мөнгөнтуяагийн өгсөн: “Би урьд өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байна. Бат-Ирээдүй нь 2017 оны 07 сараас хойш Энхтөр, Халиунаа бид гурвыг миний талд ороод Энхбаатар ахыг намайг зодсон үйл явдлыг хараагүй өөр газар байсан зодоон дууссаны дараа ирсэн гээд худлаа мэдүүлэг өгөөд өгөөч гээд бараг шахуу өдөр болгон тэгж гуйдаг байсан. Тэгээд Бат-Ирээдүй нь Халиунаа, Энхтөр бид гуравт М клубээс гарч ирээд Энхбаатар ахтай муудалцаад тэгээд та гурав намайг салгаад Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн тэнд очиж дөрвүүлээ хамт тамхи татаад зогсож байхад би Отгоноо эгчтэй уулзаад ирье гээд явсан тэгээд та гурав тамхиа татчихаад миний араас ирсэн тэр үед зодоон болоод дуусчихсан байсан гэж хэлээрэй гээд гуйгаад байсан. Тийм учраас Халиунаа, Энхтөр бид гурав зодооныг хараагүй гээд мэдүүлэг өгчихсөн юм” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 22-23 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад Э.Халиунаагийн гэрчээр өгсөн: “Миний урьд өгсөн мэдүүлэг худлаа Бат-Ирээдүй 2017 оны 07 дугаар сарын үеэр Мөнгөнтуяа, Энхтөр бид гурваас Энхбаатар ахын хохирлыг нь барагдуулсан ч ял авах юм шиг Та нар намайг Энхбаатар ахыг цохихыг хараагүй гээд хэлээд өгчих өөр өөр газар тамхи татаж зогсож байсан. Тэгээд ирхэд зодоон болоод дуусчихсан байсан гээд хэлээд өгөөч гээд би тэгвэл Энхбаатар ахын хохирлыг асуудалгүй барагдуулна. Та нар л миний хэлснээр мэдүүлэг өгөөч гээд нилээн олон удаа гуйсан. Тэгэхээр нь Бат-Ирээдүйгээс чи яг хохирлыг нь барагдуулсан юм уу гэж асуухад тэгнээ гээд гуйсан. Тэгээд Энхтөр, Мөнгөнтуяа бид гурав ерөнхийдөө болсон үйл явдлыг хараагүй хол очиж тамхи татчихаад ирэхэд зодоон болоод дууссан байсан гэж худал мэдүүлэг өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Э.Халиунаагийн мэдүүлэг, улсын яллагч, өмгөөлөгч нарын судалсан нотлох баримтуудыг дүгнэхэд:

Шүүгдэгч Э.Халиунааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх боломжгүй байна.

Учир нь: 1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч Э.Халиунаагийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр миний урьд өгсөн мэдүүлэг худлаа гээд болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлснээс эрүүгийн 201701080221 тоот хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд саад учирсан, хэн нэгний эрх ашиг нь хөндөгдөж, хохирч байгаа хүний хууль ёсны эрх, ашиг сонирхол, эрх, эрх чөлөөнд хохирол учраагүй энэ нь энэ зүйлийн шаардлага нийцэхгүй түүний үйлдэл гэмт хэргийн шинжгүй байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Э.Халиунаагийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг, нийгэмд аюул учраагүй байх тул Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Далай ван овогт Эрдэнэчимэгийн Халиунаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн 1807002180065 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “мөрдөгч” мэдүүлгийг мэдүүлэг авах шаардлага хангасан өрөөнд авна. Улсын Ерөнхий прокурорын 2017 оны А/96 тоот тушаалаар баталсан Мөрдөн байцаах ажиллагаанд тавих прокурорын хяналтын ажлын аргачилсан зааврйн АРВАНХОЁРДУГААР БҮЛГИЙН 12.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Прокурор нь Улсын Ерөнхий прокурорын 2017 оны А/57 тоот тушаалаар баталсан “Мэдүүлэг авах өрөөнд тавигдах шаардлага”-ыг хангасан прокурорын зөвшөөрөлтэй өрөөнд мэдүүлэг авах эсэхийг хянана гэсэн хууль тогтоомжийн шаардлага хангаагүй өрөөнд Ө.Энхтөр /хх-ийн 12-14/,  Т.Мөнгөнтуяагаас /хх-ийн 18-19/ тус тус гэрчээр мэдүүлэг авсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэсэн тул хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж  авсан дээрх мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боломжгүй байна.

Мөн эрүүгийн 201701080221 дугаартай /Бат-Ирээдүй/ хэрэг нь хэрхэн шийдвэрлэгдсэн. Энэ хэрэгт Э.Халиунаа ямар холбоотой, эдгээр хэргүүдэд нэгтгэх, тусгаарлах гэсэн хуулийн шаардлага яагаад хийгдээгүй, ямар үндэслэлээр бие биендээ гэрч болж байгаа, Халиунаа, Энхтөр, Мөнгөнтуяа нарт тус тусад нь эрүүгийн хэрэг болгосон зэрэг нь ойлгомжгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5, 36.6, 36.9, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас  Эрдэнэчимэгийн Халиунаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807002180065 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгасугай.

2. Э.Халиунаад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Эрүүгийн 1807002180065 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.

4. Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.БАВУУ