Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 2025/ДШМ/38

 

       2025           01           02                                         2025/ДШМ/38

 

Н.Н-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Өнөбат,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Баяржаргал,

яллагдагч Н.Н-н өмгөөлөгч Т.Багахүү,  

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЗ/2506 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Өнөбатын бичсэн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 34 дугаартай прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Баяржаргал, яллагдагч Н.Н-н өмгөөлөгч Т.Багахүү нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Н.Н-д холбогдох 2209 03320 1058 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.   

Г овгийн Н-н Н, .... оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ хангамжийн инженер мэргэжилтэй, “А Л” ХХК-д дэд захирал ажилтай, ам бүл 2, эхийн хамт .................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............./;

Яллагдагч Н.Н нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ю Б” барилгын 15 давхарт .... тоотод үйл ажиллагаа явуулдаг “Ж Э Р И” ХХК-ийг 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр үүсгэн байгуулж, Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Л Ж -тай цахимаар харилцаж “...нүүрс нийлүүлэх арвин туршлагатай, нүүрс нийлүүлж чадна...” гэж итгүүлэн 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 66/01 дугаартай “Нүүрс худалдан авах” гэрээг цахимаар байгуулж, улмаар “нүүрс нийлүүлэх гэж байна" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 1.086.750 юань буюу 484.484.017.5 төгрөгийг, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 582.750 юань буюу 273.187.372.5 төгрөгийг, нийт 757.671.390 төгрөгийг Худалдаа хөгжлийн банк ХХК дахь өөрийн эзэмшлийн “Ж Э Р И” ХХК-ийн ........... дугаарын дансаар шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Н.Н-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Н.Н-д холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд прокуророос шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна гэж дүгнэн дараах үндэслэлээр хэргийг буцааж шийдвэрлэв.

1. Өмнөх прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байна. Шүүхээс урьд тухайн гэмт хэргийн хувьд хохирогч гадаад улсаас мөнгөн шилжүүлэг хийсэн, яллагдагч тухайн мөнгийг хаана байхдаа хүлээж авсан /Монгол Улсын нутаг дэвсгэрт байсан эсэх, байсан бол аль аймаг, дүүрэгт байсан/ болох нь тодорхойгүй байх тул мөрдөн шалгах ажиллагаа явуулан гэмт хэрэг хаана төгссөн болохыг тогтоон харьяалах шүүхийг тогтоох, хэрэв гадаад улсын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол Улсын дээд шүүхээр харьяалал тогтоолгох нь зүйтэй гэж үзэн прокурорт буцаан шийдвэрлэсэн. Хэргийн материалтай танилцахад прокуророос хэргийг хүлээж аваад мөрдөн шалгах ажиллагаа огт явуулалгүйгээр харьяалал тогтоолгохоор Улсын дээд шүүхэд хүргүүлсэн байх тул “...гэмт хэрэг үйлдэгдсэн, төгссөн, сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал гэж үзэж, хэргийг шалгах явцад тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэн прокурор хэргийн хууль ёсны шүүхийн харьяаллыг өөрөө тодорхойлж, хэргээ түүгээрээ шилжүүлэх учиртай. Прокурорын санал албан бичгийг судлахад Н.Н-д холбогдох хэргийн шүүхийн хууль ёсны харьяалал аль болох, түүнийг хэрэгжүүлэхэд ямар саад бэрхшээл учирч буй талаар үндэслэлтэй дурдаагүй нь хүсэлтийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болж буйг дурдахын зэрэгцээ хэргийн хууль ёсны шүүхийн харьяаллыг түүгээрээ тодорхойлж, хэргээ хүргүүлж байх нь хуульд нийцэх болохыг үүгээр мэдэгдье” гэх үндэслэлээр шүүхийн харьяалал тогтоохоос татгалзсан байна. Гэтэл прокуророос хэргийн харьяаллыг тогтоох чиглэлээр мөрдөн шалгах ажиллагаа огт явуулаагүй, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх тул өмнөх шүүгчийн захирамжийн заалт биелээгүй гэж үзсэн болно.

2. Хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал тодорхой бус байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд тусгайлан зааснаас бусад хэргийг уг хэрэг гарсан газрын харьяалах шүүх хянан шийдвэрлэнэ”, 6 дахь хэсэгт “Гэмт хэрэг хэд хэдэн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харьяалах шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан. Эрүүгийн эрх зүйн онолын хувьд залилах гэмт хэрэг нь хохирогчийн итгэл үнэмшил, мөнгө, эд хөрөнгө шилжүүлж буй зорилготой холбоотойгоор хохирогч мөнгө шилжүүлмэгц төгсдөг, эсвэл гэмт этгээд өөртөө шилжүүлж авснаар төгсдөг гэх маргаантай байдаг. Хууль хэрэглээний хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол...” гэж заасан. Өөрөөр хэлбэл, залилах гэмт хэрэг нь гэм буруутай этгээд анхнаасаа тухайн мөнгийг буцааж төлөх, үйлчилгээ үзүүлэх зорилгогүй, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор аливаа арга, хэрэгсэл ашиглан итгэл төрүүлэх, хуурч мэхлэх замаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн авснаар буюу шууд бодитоор захиран зарцуулах эрх үүссэнээр төгссөн гэж үзэхээр хуульчилжээ. Хэрэгт авагдсан баримттай танилцахад хохирогч нь хэд хэдэн удаагийн гүйлгээгээр нийт 757.671.390 төгрөгийг яллагдагч Н.Н-н эзэмшлийн “Ж Э Р И” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны ......... тоот данс руу шилжүүлсэн, Н.Н нь тухайн мөнгийг өөрийн дансанд орж ирсэн тухай бүр захиран зарцуулж зарлага гаргаж байсан гэжээ. Дээрх нөхцөл байдлаас дүгнэн үзэхэд “Ж Э Р И” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны ........... тоот дансыг яллагдагч Н.Н эзэмшдэг, тухайн дансыг ашиглах, дансанд шилжиж орж ирсэн мөнгийг захиран зарцуулах эрх бүхий ганц этгээд байна. Иймд хохирогчоос шилжүүлсэн мөнгө Худалдаа хөгжлийн банкны ........... тоот дансанд шилжиж орсон мөчөөс эхлэн яллагдагч Н.Н-н эзэмшилд шилжиж, захиран зарцуулах эрх нь шууд үүсэж байх тул залилах гэмт хэрэг энэ цаг хугацаанд буюу хамгийн сүүлийн мөнгө шилжиж орж ирсэн цаг хугацаанд төгссөн гэж үзэх нь хууль болоод шударга ёсны зарчимд нийцнэ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс анхан болон давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч Н.Н нь хохирогчийн шилжүүлсэн мөнгийг Худалдаа хөгжлийн банкны дансаар шилжүүлэн авсан, Худалдаа хөгжлийн банк нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт оршдог тул Сүхбаатар дүүргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн гэх тайлбарыг удаа дараа гаргажээ. Гэтэл Худалдаа хөгжлийн банк нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт оршдог гэх баримт хэрэгт авагдаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс Худалдаа хөгжлийн банкийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт оршдог гэх тайлбар гаргах боловч энэ нь баримтаар нотлох шаардлагагүй, нийтэд илэрхий мэдээлэл биш гэх прокурорын тайлбар үндэслэлтэй гэж шүүх үзсэн болно. Түүнчлэн банк, санхүүгийн байгууллага нь үйл ажиллагааны онцлогоос шалтгаалж улс даяар олон салбар, нэгж байгуулж харилцагч нартаа үйлчилгээ үзүүлдэг байх тул албан ёсны баримтгүйгээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа салбар нь Худалдаа хөгжлийн банкны төв салбар, тухайн аж ахуй нэгжийн албан ёсны хаяг гэж дүгнэх боломжгүй юм. Шүүхээс яллагдагч Н.Н-д холбогдох үйлдэл нь Худалдаа хөгжлийн банк дахь түүний эзэмшлийн дансанд шилжиж орж ирснээр төгссөн, Худалдаа хөгжлийн банкны төв байр үйл ажиллагаа явуулж буй нутаг дэвсгэрээр гэмт хэрэг төгссөн газрыг тогтоон, тухайн газрын харьяалах шүүхэд шилжүүлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ. Прокурорын дүгнэлтийг үгүйсгэсэн үндэслэл: Прокуророос “яллагдагч Н.Н нь хохирогчоос хэд хэдэн удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн нийт 757.671.390 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Ж Э Р И ” ХХК-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны ........... тоот дансаар авч захиран зарцуулах эрх үүссэн газар нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Ю Б барилгын 15 давхар .... тоот” гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Хэрэгт авагдсан “Ж Э Р И ” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн нэрийн өмнөөс бусад этгээдтэй байгуулсан гэрээ, албан бичгээр тус компани нь Сонгинохайрхан дүүргийн .................... тоотод байрлах албан ёсны хаягт бүртгэлтэй байна. Харин прокурорын яллах дүгнэлтэд дурдсанчлан тус компани Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Ю Б барилгын 15 давхар .... тоотод үйл ажиллагаа явуулдаг гэх баримт хэрэгт авагдаагүй байна. Шүүхийн хэлэлцүүлгээр яллагдагч Н.Н нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр өөр компанид ажилладаг бөгөөд тус ажлын байр нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Ю Б барилгын 15 давхар .... тоотод үйл ажиллагаа явуулдаг гэж мэдүүлжээ. Шүүхээс яллагдагчийн хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг байгууллагын үйл ажиллагаа явуулдаг хаягт түүнийг өөрийн эзэмшлийн компанийн үйл ажиллагааг явуулдаг гэж дүгнэсэн нь хэт өрөөсгөл, хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн болно. Түүнчлэн, шүүхээс яллагдагчийн өмгөөлөгч нараас гаргасан бусад үндэслэлийг буцаах үндэслэлд хамаарахгүй байна гэж дүгнэсэн болохыг дурдах нь зүйтэй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал бүрэн тогтоогдоогүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Н.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 10 ширхэг СД-ийг хэргийн хамт прокурорт хүргүүлж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, яллагдагчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Өнөбат бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүхийн шийдвэр үндэслэлгүй, захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Шүүхээс хэргийг прокурорт буцаахдаа “... Н.Н нь бусдыг залилахдаа залилах гэмт хэргийн үйлдлийн аргыг хаана хэрэгжүүлснээс үл хамааран тухайн мөнгийг дансаар шилжүүлсэн бол тухайн данс бүртгэлтэй банкны төв салбар хаана байршиж байгаагаас хамаарч гэмт хэрэг төгссөн газрыг тогтооно гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь, хэрэгт цугларсан баримтаар яллагдагч Н.Н-г залилах гэмт хэргийг үйлдсэн газар буюу бусдыг залилах үйлдлийн аргыг хэрэгжүүлсэн нутаг дэвсгэрийг “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Ю б барилгын 15 давхарт .... тоот” гэж тогтоосон. Гэтэл залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг авснаар төгсдөг онцлогтой гэмт хэрэг гэж дүгнэн тухайн “Ж Э Р И” ХХК-ийн данс нээлгэсэн банк буюу Худалдаа хөгжлийн банкны төв салбар үйл ажиллагаа явуулдаг нутаг дэвсгэрээр тогтооно. ...” гэж дүгнэж байгаа нь хэт явцуу, баримтад үндэслээгүй, хууль зүйн үндэслэл муутай байна. Эрүүгийн эрх зүйд гэмт хэрэг үйлдэгдсэн нутаг дэвсгэр чухал ач холбогдолтой байдаг нь гарцаагүй ойлголт билээ. Гэмт хэрэг үйлдсэн газар гэдэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын үйлдлийг хийсэн газар бөгөөд хор уршиг хаана учирснаас үл хамааран үйлдэл хийсэн газраар тодорхойлогддог. Н.Н-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, яллагдагчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэлэлцэж шийдвэрлэх боломжтой байхад “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мөн яллагдагч Н.Н-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтойгоос гадна яллагдагч Н.Н-д холбогдох хэргийн гэмт хэрэг гарсан нутаг дэвсгэрийг тодорхойлох асуудлыг шүүх хуралдааны явцад хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлах, болон талуудын гаргасан мэдүүлэг, тайлбарт үндэслэн тодруулах боломжтой байхад хэргийг буцаасан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэхгүй байна. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЗ/2506 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Баяржаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Шүүх захирамжийн үндэслэх хэсэгт “...Хэрэгт авагдсан баримттай танилцахад хохирогч нь хэд хэдэн удаагийн гүйлгээгээр нийт 757.671.390 төгрөгийг яллагдагч Н.Н-н эзэмшлийн “Ж Э Р И” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны ........... тоот данс руу шилжүүлсэн, Н.Н нь тухайн мөнгийг өөрийн дансанд орж ирсэн тухай бүр захиран зарцуулж зарлага гаргаж байсан...” гэжээ. Дээрх нөхцөл байдлаас дүгнэн үзэхэд “Ж Э Р И” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны ........... тоот дансыг яллагдагч Н.Н эзэмшдэг, тухайн дансыг ашиглах, дансанд шилжиж орж ирсэн мөнгийг захиран зарцуулах эрх бүхий ганц этгээд байна. Иймд хохирогчоос шилжүүлсэн мөнгө Худалдаа хөгжлийн банкны ........... тоот дансанд шилжиж орсон мөчөөс эхлэн яллагдагч Н.Н-н эзэмшилд шилжиж, захиран зарцуулах эрх нь шууд үүсэж байх тул залилах гэмт хэрэг энэ цаг хугацаанд буюу хамгийн сүүлийн мөнгө шилжиж орж ирсэн цаг хугацаанд төгссөн гэж үзэх нь хууль болоод шударга ёсны зарчимд нийцнэ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс анхан болон давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч Н.Н нь хохирогчийн шилжүүлсэн мөнгийг Худалдаа хөгжлийн банкны дансаар шилжүүлэн авсан, Худалдаа хөгжлийн банк нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт оршдог тул Сүхбаатар дүүргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн гэх тайлбарыг удаа дараа гаргажээ. Гэтэл Худалдаа хөгжлийн банк нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт оршдог гэх баримт хэрэгт авагдаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс Худалдаа хөгжлийн банкийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт оршдог гэх тайлбар гаргах боловч энэ нь баримтаар нотлох шаардлагагүй, нийтэд илэрхий мэдээлэл биш гэх прокурорын тайлбар үндэслэлтэй байна гэж шүүх үзсэн болно. Түүнчлэн банк, санхүүгийн байгууллага нь үйл ажиллагааны онцлогоос шалтгаалж улс даяар олон салбар, нэгж байгуулж харилцагч нартаа үйлчилгээ үзүүлдэг байх тул албан ёсны баримтгүйгээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа салбар нь Худалдаа хөгжлийн банкны төв салбар, тухайн аж ахуй нэгжийн албан ёсны хаяг гэж дүгнэх боломжгүй юм. Шүүхээс “яллагдагч Н.Н-д холбогдох үйлдэл нь Худалдаа хөгжлийн банк дахь түүний эзэмшлийн дансанд шилжиж орж ирснээр төгссөн, Худалдаа хөгжлийн банкны төв байр үйл ажиллагаа явуулж буй нутаг дэвсгэрээр гэмт хэрэг төгссөн газрыг тогтоон тухайн газрын харьяалах шүүхэд шилжүүлэх нь үндэслэлтэй...” гэж дүгнэж хэргийг прокурорт буцаасан. Шүүх захирамжийн үндэслэлийг тайлбарлахдаа хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банкны албан тоот дээр зөвхөн Энхтайваны өргөн чөлөө гэсэн 19 гэсэн бичлэг байна, Сүхбаатар дүүрэгт оршдог эсэх нь тодорхойгүй гэж дүгнэсэн. Өмгөөлөгчийн зүгээс урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны үед Худалдаа хөгжлийн банкны албан тоот дээр байгаа веб хуудас руу орж Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19 гэсэн нийтэд илэрхий мэдээлэл байгаа талаар шүүхэд мэдэгдсэн. Зөвхөн энэ үндэслэлээр хэргийг прокурорт буцааж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй, хохирогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, яллагдагч талд цаг хугацааны хувьд ашигтай байдал үүсгэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.9 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “...танин мэдэхүйн хувьд нийтэд илэрхий, эсхүл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон хэргийн нөхцөл байдал... бол шүүх нотлох баримтыг дахин шинжлэн судлахгүй” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЗ/2506 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Н.Н-н өмгөөлөгч Т.Багахүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Өмгөөлөгч миний бие тус хэрэг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсний дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14, 6.15 дахь заалтуудад заасны дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргасан бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явагдаж “... Өмнөх прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй... Хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал тодорхой бус...” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн 2024/ШЗ/2506 дугаартай захирамж гарсан. Гэтэл шүүгч дээрх захирамжийн үндэслэлийн дүгнэлт хэсэгтээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчиж, гэм буруугийн талаар урьдчилсан дүгнэлт хийсэн байх бөгөөд тэрхүү дүгнэлт мөрдөн байцаалтын ажиллагаагаар нотлогдоогүй болно. Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өмгөөлөгч бидний гаргасан зарим хууль зүйн үндэслэл бүхий хүсэлтийг хэрхэн ямар үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан болохыг шүүгчийн захирамждаа тусгаагүй, харин прокурорын дүгнэлтийг үгүйсгэсэн үндэслэлийг дурдсан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтыг зөрчиж байна. Урьдчилсан хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн эрхийг зөрчсөн талаар буюу урьд нь хэргийн материал танилцах боломж нөхцөлөөр хангах шаардлагыг удаа дараа мөрдөгч, прокурор нь хангахгүй байсан, мөн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахаар мөрдөгчид хүргүүлсэн боловч нэг өдрийн дараа мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж гардуулна гэсэн. Өөрөөр хэлбэл, мөрдөгч, прокурор нь уг хэрэгт анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг үл биелүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг зөрчсөн Ингээд прокурорын шийдвэрийг 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор 45 дугаар тогтоолоор хүчингүй болгож, хэрэгт зайлшгүй хийгдвэл зохих ажиллагааг хийж, тогтоолгуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан /2 хх 231/. Үүнд:

1. 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Нүүрс худалдан авах гэрээний бодит байдлыг тогтоох,

2. Мөнгө шилжүүлсэн данс эзэмшигч нарыг шалгах,

3. Шилжүүлсэн мөнгөний зарцуулалтыг шалгах,

4. Л.Шинэхүүгийн оролцоог тогтоох,

5. Л.Шинэхүүгийн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг бүрэн гүйцэд тогтоо гэсэн.

Дээрх ажиллагааг бүрэн гүйцэд хийсний эцэст хэргийг шийдвэрлэхээр болж хэргийг мөрдөн байцаалтад буцаасан ч мөрдөгч нь дээд шатны прокурорын шийдвэр, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг мөн л хийж гүйцэтгэлгүй, зөвхөн гэрч н.Хишгээ, Л.Шинэхүү, Н.Н нараас мэдүүлэг аваад хэргийг шүүхэд шилжүүлэхээр болсон. Уг ажиллагаатай холбоотойгоор прокурорт хүсэлт гаргаж дээд шатны прокурор, шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байгаа талаар хүсэлт гаргаж ажиллагаа явуулахаар болсон боловч 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш гэрч М, М, Л.Ш нараас мэдүүлэг авсан боловч тэднээс хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий асуулт огт асуугаагүй байсан бөгөөд хэрэгт авагдсан сиди-д үзлэг хийсэн тэмдэглэл нь хуулийн шаардлага хангахгүй байсан болно.

Мөн уг хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогчийн талаар хууль ёсны үндэслэл бүхий дүгнэлт хийх шаардлагатай боловч уг асуудал нь өнөөдрийг хүртэл ойлгомжгүй, хууль зөрчсөөр байна. Өөрөөр хэлбэл, хохирогчоос олгосон итгэмжлэл нь хуульд заасан шаардлага хангадаггүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогч иргэнийг бусад иргэн итгэмжлэлээр төлөөлөн оролцох боломжгүй тул уг асуудлыг нэг мөр шийдвэрлэхийг хүссэн боловч анхан шатны шүүх үүнд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэл, яллагдагчийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх Н.Н-д холбогдох хэргийг “... прокуророос хэргийн харьяаллыг тогтоох чиглэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй, өмнөх шүүгчийн захирамжийн заалт биелээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал тодорхойгүй...” гэсэн үндэслэлүүдээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй болжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд уг хэрэгт БНХАУ-ын иргэн Л Ж /L j/ хохирогчоор тогтоогдсон ба тэрээр БНХАУ-д оршин суудаг, харин яллагдагч Н.Н нь Монгол Улсаас харилцан вичатаар холбогдож “Нүүрс худалдах, худалдан авах” гэрээг байгуулан, гэрээний төлбөрт хохирогчоос 1.669.500 юань буюу 757.651.390 төгрөгийг өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны ........... тоот данс руу улс хоорондын гүйлгээгээр шилжүүлэн авсан үйл баримтын талаар дурьдсан байна.

Улмаар тухайн мөнгөн шилжүүлгийг Н.Н нь Худалдаа хөгжлийн банкны аль ч салбар, нэгжээр үйлчлүүлэн захиран зарцуулах эрх үүсчээ.

Энэ хэргийн тухайд банкны салбар, нэгжийн үйл ажиллагаа хаана явагдаж байгаагаар гэмт хэрэг үйлдэгдсэн газрыг тодорхойлохоос илүүтэй Н.Н нь гэмт  санаа зорилгоо хэрэгжүүлж эхэлсэн үетэй уялдуулж гэмт хэрэг үйлдэгдсэн газрыг тодорхойлох нь зүйтэй гэж үзэв.

Үүнээс гадна, шүүх хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяаллыг хуульд заасан үндэслэл журмын дагуу тогтоох боломжтой болохыг тайлбарлаж байна.

Иймд анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЗ/2211 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Н.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох тус тус таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Харин яллагдагч Н.Н-н өмгөөлөгч Т.Багахүүгийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаах шаардлагагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЗ/2506 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Яллагдагч Н.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох тус тус таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

                        ШҮҮГЧ                                                            М.АЛДАР