2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 191/шш2025/07554

 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,

 

Нэхэмжлэгч: У***** т ****** тоотод оршин суух, /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар **** тоотод оршин байрлах, Ж******* ХХК /РД:*******/-д холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Г.Б******* миний бие 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Ж******* ХХК-тай Орон сууц захиалгын гэрээ-ний дагуу ***** тоотод автомашины зогсоолыг худалдан авсан. Гэрээний дагуу төлбөрийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Бэлэн мөнгөний орлогын баримт үйлдэн тухайн компанид бэлнээр өгсөн. Энэ талаар гэрээний 3.2 дах хэсэгт тусгаж гэрээг талууд баталгаажуулсан. Тухайн үед ковидын нөхцөл байдалтай байсан бөгөөд компани дотроо шийдвэрлэх асуудал байгаагийн улмаас гэрчилгээг танай компанийн нэр дээр шилжүүлэх боломжгүй байна гэж мэдэгдэж байсан. Гэвч ийнхүү гэрээний 2.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөрийг бүрэн шилжүүлэн байхад өнөөдрийг хүртэл Ж******* ХХК нь автозогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг өгөлгүй өнөөдрийг хүрээд байна. Үүнээс хойш СӨХ-д тухай бүр автомашины зогсоолын ашиглалтын төлбөрийг төлж ашигласаар ирсэн билээ. Гэвч Иргэний хуулийн 243 дугаар зүйлд 243.1.Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан. Үүний дагуу худалдагч нь өнөөдрийг хүртэл төлбөрийг бүрэн шилжүүлсэн автомашины зогсоолын өмчлөх эрхийг худалдан авагч Г.Б******* миний нэр дээр шилжүүлэн өгөөгүй хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж байна. Иймд Ж*******" ХХК-д **** тоотод автомашины зогсоолыг 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Ж******* ХХК-тай байгуулсан Орон сууц захиалгын гэрээ-ний дагуу Г.Б******* миний нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.Б******* нэхэмжлэлтэй, хариуцагч Ж******* ХХК-д холбогдох, Ж******* ХХК-тай байгуулсан 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн (дугааргүй) Орон сууц захиалгын гэрээ-ний дагуу ******* р сургуулийн зүүн талд байрлах **** тоот автомашины зогсоолын өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар, хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.Б******* нэхэмжлэлтэй, хариуцагч Ж******* ХХК-д холбогдох, Ж******* ХХК-тай байгуулсан 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн (дугааргүй) Орон сууц захиалгын гэрээ-ний дагуу ****** тоот автомашины зогсоолын өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт тус тус зааснаар, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж 120,225 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас, 120,225 төгрөгийг хариуцагч Ж******* ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Г.Б******* олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.УНДРАА