| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2023/06200/И |
| Дугаар | 191/шш2025/06844 |
| Огноо | 2025-08-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 191/шш2025/06844
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: У******* хот, ***** тоотод оршин байрлах У******* ******* ХХК /регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У******* хот, ****** тоотод оршин байрлах, Б******* ХХК /регистрийн дугаар: *******/-д холбогдох
Бараа материалын түрээсийн гэрээний үүрэгт 51,293,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан Нүри нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: "У Б" ХХК нь 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр "Б*******"ХХК-тай N901/2022 дугаартай "Бараа материалын түрээсийн гэрээ"-г байгуулсан. "Б*******"ХХК нь 30 хоногийн хугацаатай барилгын хэв хашмал болох пум, дотор гадна булан нийт 298 ширхэг 11,547,600 төгрөгийн нэрлэсэн үнэтэй материалыг 1,251,600 төгрөгөөр түрээслэн авахаар тохиролцож, түрээсийн барьцаанд 1,000,000 төгрөг, 1 сарын түрээсийн 1,251,600 төгрөг болон 2021 оны түрээсийн үлдэгдэл 1,230,600 төгрөг нийт 3,482,200 төгрөгийг тушааж 2022 оны 06 дугаар сарын 06-08 ны өдрүүдэд ачиж гарсан. Мөн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 30 хоногийн хугацаатай барилгын хэв хашмал болох пум, дотор, гадна булан нийт 1708 ширхэг 70,317,200 төгрөгийн нэрлэсэн үнэтэй материалыг 13,593,000 төгрөгөөр түрээслэн авахаар тохиролцож ачиж гарсан, туүний барьцаанд 10,000,000 /арван сая/ төгрөг тушаах ёстой байсан боловч тушаагаагүй.
"Б*******"ХХК хэв хашмалаа ачих явцдаа гэрээнд заагдсан хэв хашмалын нэр төрөл, тоог өөрсдийн хүсэлтээр өөрчлөн 2121 ширхэг 91,948,100 /ерэн нэгэн сая есөн зуун дөчин дөчин найман мянга нэг зуун/ төгрөгийн нэрлэсэн үнэтэй хэв хашмалыг түрээсэлсэн боловч гэрээний хугацаагаа хэтрүүлэн өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөр болон барьцааны мөнгө, мөн хэв хашмалаа биет байдлаар бүрэн тушааж дуусгаагүй болно.
2022 оны Юдугаар сарын 12-ныедрийн байдлаар 1963 ширхэг 82,999,700/наян хоёр сая есөн зуун ерэн есөн мянга долоон зуун / төгрөгийн нэрлэсэн үнэтэй хэв хашмалыг буцаан тушаасан.
Мөн 20 ширхэг 1,025,700 төгрөгийн нэрлэсэн үнэтэй хэв хашмалыг дахин ашиглах боломжгүйгээр эвдэлсэн. Мөн одоог хүртэл 158 ширхэг 6,788,400 төгрөгийн хэв хашмалыг буцаан тушаагаагүй байна.
Тус компаний түрээсэлсэн хэв хашмалын түрээсийг 2022/10/12, 2022/11/22-ноор тасалбар болгон тус тус бодож түрээсийн төлбөр, үлдэгдэл бараа материалыг буцаан тушаах, гэрээний үүргээ биелүүлэх талаар компаний холбогдох албан тушаалтануудтай удаа дараа утсаар ярьж мэдэгдэж байсан.
2022 оны 11 сарын 23-нд "Б*******" ХХК өвлийн саруудад түрээс бодохгүй өвөлжүүлж өгнө үү гэсэн хүсэлттавьсны дагуу бид түрээсийг 2023 оны 3-р сараас эхлэн тооцохоор болж түрээс тооцолгүй өвөлжүүлсэн. 2023/03/01-нээс хэв хашмалын түрээсийг бодож эхэлсэн боловч 2023/05/31-нийг хүртэл түрээсийн төлбөрөө тушаахгүй мөн үлдэгдэл бараа материалыг буцаан тушаахгүй байсан тул бид удаа дараа утсаар ярьж мөн албан бичиг өгч сануулсан боловч бидний шаардлагыг үл хайхран бидэнтэй холбогдохгүй байгаа болно.
"Б*******" ХХК-ийн 2023 оны 05-р сарын 31-нийг хүртэлх нийт түрээсийн төлбөрийн үлдэгдэл 45,731,400/ дөчин таван сая долоон зуун гучин нэгэн мянга дөрвөн зуун/төгрөг, дахин ашиглах боломжгүй болгож гэмтээсэн 20 ширхэг эвдэрхий хэв хашмалын төлбөр 1,025,700 төгрөг, буцаан тушаагаагүй байгаа 158 ширхэг хэв хашмалын нэрлэсэн төлбөр 6,788,400 төгрөг, нийт төлөх дүн 53,545,500 төгрөг байна.
Дээрхи үнийн дүнгээс 2022/06/08-нд төлсөн барьцаа 1,000,000 төгрөг, түрээсийн төлбөр 1,251,600 төгрөгийг хасаад үлдэгдэл нийттөлбөр 51,293,900 төгрөгийг "Б*******" ХХК-аас нэхэмжилж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас гадна дараах байдлаар тайлбар гаргаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчим үндэслэн явагдах учиртай. Уг хэрэгт нэхэмжлэгчийн шаардаад байгаа 51,293,900 төгрөг нь хэдий хугацааны түрээсийн төлбөр вэ гэдэг нь тодорхойгүй мөн хэдэн ширхэг хэв хашмалийн түрээсийн гэрээ байгуулаад хэдэн ширхэг хэв хашмалийн төлбөр шаардаж байгаа нь ойлгомжгүй байна.
Мөн нэхэмжлэлийн шаардпагын үндэслэлд дурдагдсан "дахин ашиглах боломжгүй болгож гэмтээсэн 20 ширхэг эвдэрхий хэв хашмалын төлбөр 1,025,700 төгрөг, буцаан түшаагаагүй байгаа 158 ширхэг хэв хашмалын нэрлэсэн төлбөр 6,788,400 төгрөг" хэсгээс харвал 1ш хэв хашмал нь яг хэдэн төгрөг вэ гэдэг нь тодорхойгүй. Тухайн хэв хашмалын үнэлгээг хэрхэн яаж гаргасан нь мөн адил тодорхойгүй хариүцагч талаас мэтгэлцэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.
Иймд яг одоогийн нөхцөл байдалд хариуцагч талаас тухайн түрээсийн гэрээг байгуулаагүй гэдгээс өөрөөр мэтгэлцэх хэмжээний тайлбар өгөх боломжгүй байна.
Талуудын хооронд нэг талаас У******* ******* ХХК, нөгөө талаас Б******* ХХК гэж байгаа боловч гэрээний гүйцэтгэх захирал гэдэг хэсэг дээр н.Г******* гэдэг хүн байгаа. Б******* ХХК-ийн захирал н.Г******* гэдэг хүн биш, компанийн гэрчилгээ дээр харагдаж байгаа. Үүнээс харах юм бол Компанийн тухай хуулийн 83.8 дээр гүйцэтгэх удирдлага нь гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж байгаа. Өөрөөр хэлбэл компанийн гүйцэтгэх захирлаас бусад этгээдүүд нь компанитай холбоотой гэрээ байгуулах гэж байгаа бол итгэмжлэлийг үндэслэж гэрээ байгуулна гэсэн үг. Тийм учраас Иргэний хуулийн 196.1-т эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр, 196.1.2-т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж гарын үсгээ зурна гэж байгаа. Энэ дээр Б******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ямар нэгэн байдлаар гарын үсэг зураагүй. Үүнтэй холбоотойгоор хэв хашмалыг авлаа гээд байгаа боловч манай компани ямар нэгэн байдлаар хэв хашмалыг авч хэрэглээгүй шүү гэдгийг бас хэлэх нь зүйтэй байх. Иргэний хуулийн 318.3-т хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулна гэж байгаа. Бичгээр байгуулахын тулд гарын үсэг зурагдсан байх ёстой. Манай компанийн захирал гарын үсэг зураагүй учраас энэ гэрээг байгуулаагүй гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд.
Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, У******* ******* ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, М.Э*******ад олгосон 2023.09.19№01-г/104 итгэмжлэл, 2022.06.10№01/2022 Бараа материал түрээслэх гэрээ, Б******* ХХК, У******* ******* ХХК хэв хашмал түрээсийн тооцоо 2022 он, 2023 он, У******* ******* ХХК-ийн Автомашин нэвтрэх, бараа материал гаргах зөвшөөрлийн хуудсууд, пум, дотор булан, гадна булан сапут, труба зэрэг эд материалын зарлагын болон орлогын баримтууд, /2022.06.10-нд Пум50-2ш Пум60-30ш, Пум45-2ш, Труба 6м-2ш, Труба4м-2ш, Труба5м-2ш, Труба3м-2ш, Гадна булан1,2-4ш, Дотор булан 10х10-4ш, 2022.06.10-нд Пум60-834ш, Пум20-100ш, Пум30-126ш, 2022.06.11-нд Труба 6м-252ш, Труба 2,5-3м 36 ш, Труба1м-150 ш, сапутВ2-72ш, сапутВ6-44ш, 2022.06.13-нд пум45-4ш, пум30-4ш, дотор булан 10х10-1ш, 2022.06.28-нд Пум50-15, Пум45-15, Пум40-15, Труба4м-5м-35ш, 2022.07.06-нд Пум 50 -40ш, Пум 20-37ш, Пум40-10ш, Дотор булан 10х20-24ш БУЦААЛТ, 2022.07.08-нд Пум 60 -845ш, Пум 60 брак 15 ш БУЦААЛТ, 2022.08.01-нд Труба 6м 80ш, Пум 50 -1ш, Пум 30-2ш, гадна булан 2,4- 9 ш БУЦААЛТ, 2022.08.08-нд Пум 50 -13ш, Пум 40 -38ш, Пум30-4ш, Пум 20-30ш, Пум60-1ш, Дотор булан 26 БУЦААЛТ, 2022.10.12-нд Пум 50 -40ш, Пум 20-37ш, Пум40-10ш, Дотор булан 10х20-24ш БУЦААЛТ/, нэхэмжлэлийн тайлбар, Б******* ХХК-ийн хэв хашмал түрээсийн тооцоо 2021 он, 2022 он, 2022.10.12, 2023 он.
Хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, Г.Г*******д олгосон 2023.11.02 итгэмжлэл, Г.Г*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, Д.Ц*******од олгосон 2024.04.25 итгэмжлэл, хариу тайлбар.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч У******* ******* ХХК нь хариуцагч Б******* ХХК-д холбогдуулан, 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр "Б*******"ХХК-тай байгуулсан N901/2022 дугаартай "Бараа материалын түрээсийн гэрээ"-ний үүрэгт нийт 51,293,900 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дор дурдсанаар тайлбарласан.
- "Б*******"ХХК нь 30 хоногийн хугацаатай барилгын хэв хашмал болох пум, дотор гадна булан нийт 298 ширхэг 11,547,600 төгрөгийн нэрлэсэн үнэтэй материалыг 1,251,600 төгрөгөөр түрээслэн авахаар тохиролцож, түрээсийн барьцаанд 1,000,000 төгрөг, 1 сарын түрээсийн 1,251,600 төгрөг болон 2021 оны түрээсийн үлдэгдэл 1,230,600 төгрөг нийт 3,482,200 төгрөгийг тушааж 2022 оны 06 дугаар сарын 06-08 ны өдрүүдэд ачиж гарсан. ... 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 30 хоногийн хугацаатай барилгын хэв хашмал болох пум, дотор, гадна булан нийт 1708 ширхэг 70,317,200 төгрөгийн нэрлэсэн үнэтэй материалыг 13,593,000 төгрөгөөр түрээслэн авахаар тохиролцож ачиж гарсан, туүний барьцаанд 10,000,000 төгрөг тушаах ёстой байсан боловч тушаагаагүй.
- "Б*******"ХХК хэв хашмалаа ачих явцдаа гэрээнд заагдсан хэв хашмалын нэр төрөл, тоог өөрсдийн хүсэлтээр өөрчлөн 2121 ширхэг 91,948,100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй хэв хашмалыг түрээсэлсэн боловч гэрээний хугацаагаа хэтрүүлэн өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөр болон барьцааны мөнгө, мөн хэв хашмалаа биет байдлаар бүрэн тушааж дуусгаагүй.
- 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 1963 ширхэг 82,999,700 төгрөгийн нэрлэсэн үнэтэй хэв хашмалыг буцаан тушаасан.
- Мөн 20 ширхэг 1,025,700 төгрөгийн нэрлэсэн үнэтэй хэв хашмалыг дахин ашиглах боломжгүйгээр эвдэлсэн. Мөн одоог хүртэл 158 ширхэг 6,788,400 төгрөгийн хэв хашмалыг буцаан тушаагаагүй.
- 2022 оны 11 сарын 23-нд "Б*******" ХХК өвлийн саруудад түрээс бодохгүй өвөлжүүлж өгнө үү гэсэн хүсэлт тавьсны дагуу бид түрээсийг 2023 оны 3-р сараас эхлэн тооцохоор болж түрээс тооцолгүй өвөлжүүлсэн. 2023/03/01-нээс хэв хашмалын түрээсийг бодож эхэлсэн боловч 2023/05/31-нийг хүртэл түрээсийн төлбөрөө тушаахгүй мөн үлдэгдэл бараа материалыг буцаан тушаахгүй, удаа дараа утсаар ярьж мөн албан бичиг өгч сануулсан боловч бидний шаардлагыг үл хайхран бидэнтэй холбогдохгүй байгаа.
- "Б*******" ХХК-ийн 2023 оны 05-р сарын 31-нийг хүртэлх нийт түрээсийн төлбөрийн үлдэгдэл 45,731,400 төгрөг, дахин ашиглах боломжгүй болгож гэмтээсэн 20 ширхэг эвдэрхий хэв хашмалын төлбөр 1,025,700 төгрөг, буцаан тушаагаагүй 158 ширхэг хэв хашмалын нэрлэсэн төлбөр 6,788,400 төгрөг, нийт төлөх дүн 53,545,500 төгрөг ба дээрхи үнийн дүнгээс 2022 оны 6 дугаар сарын 08-нд төлсөн барьцаа 1,000,000 төгрөг, түрээсийн төлбөр 1,251,600 төгрөгийг хасаад үлдэгдэл төлбөр нийт 51,293,900 төгрөг хэмээн тайлбарласан.
3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч 51,293,900 төгрөг нь хэдий хугацааны түрээсийн төлбөр гэдэг нь тодорхойгүй, хэдэн ширхэг хэв хашмалын түрээсийн гэрээ байгуулаад хэдэн ширхэг хэв хашмалийн төлбөр шаардаж байгаа нь ойлгомжгүй, хариуцагч талаас тухайн түрээсийн гэрээг байгуулаагүй хэмээн татгалзлын үндэслэлээ тайлбарласан.
4. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нийлүүлэгч тал У******* ******* ХХК, захиалагч тал Б******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 01/2022 дугаартай Бараа материал түрээслэх гэрээнд компани тус бүрийн төлөөлөл гарын үсэг зурж, тамга дарагдсан байх ба Б******* ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд гэрээнд гарын үсэг зурсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э******* нь хариуцагч Б******* ХХК-ийн төлөөлөгч Г.Г*******тай өмнө нь гэрээ байгуулж ажиллаж байсны хувьд Б******* ХХК-д эд зүйл түрээслүүлэхийг Г.Г******* хүсэхэд нь зөвшөөрч, улмаар гэрээ байгуулж, гэрээний дагуу эд зүйл хүлээлгэн өгсөн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгэж нотлоогүй тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.-д Дараахь үндэслэлээр гэрээг байгуулсанд тооцно: 196.1.7.-д ажил хэргийн хүрээнд тогтсон заншил ёсоор санал гаргагч талыг хүлээн зөвшөөрнө гэж үзээд санал хүлээн авагч тал нь саналд дурдсанаас өөр нөхцөлөөр гэрээ байгуулахаар хариу илгээсэн тохиолдолд санал гаргагч татгалзсан тухайгаа нэн даруй мэдэгдээгүй; гэж зааснаар талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.
6. Дээрх түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасантай нийцсэн хүчин төгөлдөр байна.
7. Талуудын байгуулсан гэрээний 1.5 дахь заалтаас үзэхэд, Гэрээгээр нийлүүлэх материалын үнэ ба тоо ширхэгийг гэрээний Хавсралт1-д үзүүлэв. гэж заасан байх ба Хавсралт№1-д гэрээгээр нийлүүлэх материалын үнэ, тоо, ширхэгийг заасан. Энэхүү Хавсралт№1-д заасан төлбөр түрээсийн төлбөр нь 23,593,000 төгрөгийн дүнтэй эд зүйлийг шилжүүлэхээр тохиролцсон гэж үзэхээр байна.
8. Хэрэгт авагдсан У******* ******* ХХК-ийн Автомашин нэвтрэх, бараа материал гаргах зөвшөөрлийн хуудсууд, пум, дотор булан, гадна булан сапут, труба зэрэг эд материалын зарлагын болон орлогын баримтуудаас үзэхэд, У******* ******* ХХК-иас Б******* ХХК-д шилжүүлсэн эд зүйлсийг бүртгэжээ.
9. У******* ******* ХХК-ийн Автомашин нэвтрэх, бараа материал гаргах зөвшөөрлийн хуудсуудаас үзэхэд, 2022.06.10-ны өдрөөс хойш шилжүүлсэн эд материалуудыг гэрээний дагуу шилжүүлсэн гэж тооцох бөгөөд пум 50, пум 45, труба 5 м, труба 4 м гэх эд зүйлсүүдийг хүлээлгэж өгсөн, хүлээн авсан баримтууд үйлдэгдсэн байх боловч 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 01/2022 дугаартай Бараа материал түрээслэх гэрээнийн Хавсралт 1-д заасан 8 нэр төрлийн эд зүйлс биш байх тул уг эд зүйлстэй холбоотой төлбөрийг нэхэмжлэгч шаардах эрхгүй.
10. 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 01/2022 дугаартай Бараа материал түрээслэх гэрээнийн Хавсралт 1-д заасан 8 нэр төрлийн эд зүйлс болох Пум 60 -г 1 хоногт 300 төгрөг, 51,500 төгрөгийн торгууль, пум 30-г 1 хоногт 250 төгрөг, 47,200 төгрөгийн торгууль, пум 20-г 1 хоногт 250 төгрөг, 38,000 төгрөгийн торгууль тооцох, гадна булан 1.2-г 1 хоногт 200 төгрөг, 40,000 төгрөгийн торгууль тооцох, сапут В2-г 1 хоногт 250 төгрөг, 38,000 төгрөгийн торгууль тооцох, труба 6м-г 1 хоногт 300 төгрөг, 24,000 төгрөгийн торгууль тооцох, труба 2.3-2.5 м-г 1 хоногт 200 төгрөг, 20,000 төгрөгийн торгууль тооцох, труба 1 м-г 1 хоногт 100 төгрөг, 15,000 төгрөгийн торгууль тооцох үнийн дүнтэй заасан байх ба эдгээр эд зүйлсийг гэрээний хавсралтад заасан түрээсийн 1 хоногийн нэгж үнэ тус бүрээр, торгууль тооцох тарифаар тооцох бөгөөд хэрэгт авагдсан У******* ******* ХХК-ийн Автомашин нэвтрэх, бараа материал гаргах зөвшөөрлийн хуудсуудаст дор дурдсанаар бүртгэгдсэн эд зүйлийн тооцооллыг дор дурдсанаар гаргахад нийт 24,678,000 төгрөгийн төлбөрийг хариуцагч Б******* ХХК нь У******* ******* ХХК-д төлөхөөр байна. Үүнд:
- 2022.06.10-нд Пум50-2ш Пум60-30ш, Пум45-2ш, Труба 6м-2ш, Труба4м-2ш, Труба5м-2ш, Труба3м-2ш, Гадна булан1,2-4ш, Дотор булан 10х10-4ш, 2022.06.10-нд Пум60-834ш, Пум20-100ш, Пум30-126ш, 2022.06.11-нд Труба 6м-252ш, Труба 2,5-3м 36 ш, Труба1м-150 ш, сапутВ2-72ш, сапутВ6-44ш, 2022.06.13-нд пум45-4ш, пум30-4ш, дотор булан 10х10-1ш, 2022.06.28-нд Пум50-15, Пум45-15, Пум40-15, Труба4м-5м-35ш, 2022.07.06-нд Пум 50 -40ш, Пум 20-37ш, Пум40-10ш, Дотор булан 10х20-24ш БУЦААЛТ, 2022.07.08-нд Пум 60 -845ш, Пум 60 брак 15 ш БУЦААЛТ, 2022.08.01-нд Труба 6м 80ш, Пум 50 -1ш, Пум 30-2ш, гадна булан 2,4- 9 ш БУЦААЛТ, 2022.08.08-нд Пум 50 -13ш, Пум 40 -38ш, Пум30-4ш, Пум 20-30ш, Пум60-1ш, Дотор булан 26 БУЦААЛТ, 2022.10.12-нд Пум 50 -40ш, Пум 20-37ш, Пум40-10ш, Дотор булан 10х20-24ш БУЦААЛТ хэмээн У******* ******* ХХК-ийн Автомашин нэвтрэх, бараа материал гаргах зөвшөөрлийн хуудсуудад бүртгэгдсэн.
11. Талууд дээрх гэрээг байгуулж, түрээслэгч буюу Б******* ХХК нь нийт 8 нэр төрлийн пум, дотор булан, гадна буланг түрээслэн авч, торгууль ногдох болон эвдэрсэн эд зүйл, түрээсийн төлбөрт нийт 51,293,900 төгрөгийн төлбөртэй тухай 2023 оны Хэв хашмал түрээсийн тооцоо хэрэгт авагдсан. /хэргийн 10 дугаар тал/
12. Гэвч гэрээ, түүний хавсралтад тусгагдаагүй эд зүйлсийн төлбөр 26,615,900 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгч шаардах эрхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
13. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, мөнгөн дүнгийн тооцооллын талаар тодорхой тайлбар, татгалзлыг шүүхэд гаргаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дах хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч Б******* ХХК-иас 24,678,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч У******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 26,615,900 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 414,419 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 281,340 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА