Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 120

 

 

       Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,

       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

            Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор: Х.Энхтуул,         

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Болормаа,        

       Шүүгдэгч: Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Энхтуул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогтой Б-ийн Д-д холбогдох 1835001580117 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Увс аймгийн Сагил суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3-р баг 33 айл 1-11 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж шийдвэрлэснийг тус шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 26 тоот шүүгчийн захирамжаар 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзахаар тогтоосон хугацааг хүчингүй болгож, ялаас чөлөөлж  шийдвэрлэсэн, РД:ОЛ91012815, Б ургийн овогтой Б-ийн Д.

           Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Д нь Увс аймгийн Улаангом сумын 3-р багийн нутагт 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч С.Н-той маргалдаж, улмаар хөлнөөс нь татаж шатнаас унагааж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                  1. Шүүгдэгч Б.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

                  Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 3-р багийн нутагт хохирогч С.Н-той маргалдаж, хөлнөөс нь татаж шатнаас унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

                   хохирогч С.Н-ын : “ 2018 оны 04 дүгээр сарын 21-ээс 22-ны хооронд Улаангом сумын 3-р багт байрлах Бөхийн өргөөний зааланд байгууллагуудын дунд гар бөмбөгийн тэмцээнд зохион байгуулагдсан ба би тэр тэмцээнд өндөрлөгийн 1-р шүүгчээр ажилласан юм. 2018 оны 04 дүгээр сарын 22-ны орой Бөхийн өргөөнд цагдаагийн газрын баг, хилийн цэргийн баг хоёрын тоглолтыг шүүсэн ба тэр тоглолт 2:0 харьцаагаар цагдаагийн байгууллагын баг хожсон юм. Тэгээд тэмцээн дуусаад орой 19 цагийн орчим байх хүмүүс Бөхийн өргөөний гадна хаалган дээр гараад тамхи татах нь татаад, агаарлах нь агаарлаад зогсож байтал Д Бөхийн өргөөний үүдний сандал дээр суугаад тамхи татаж байгаад над руу хандаж “Чи манай тоглолтыг буруу шүүлээ пизда” гэж хэлэхээр нь би Д-д хандаж “чи юу яриад байгаа юм. Яг ямар хэсгийг нь буруу шүүсэн юм бэ. Хэрэв би буруу шүүсэн бол алдаагаа сонсъё” гэхэд Д татаж байсан тамхиа хаяад миний хажуугаар буюу зүүн гар талаар зөрөхдөө миний цээж рүү гараараа нэг удаа цохихоор нь би зөрүүлээд Д-г зүүн хөлөөрөө өшиглөх гэтэл Д миний зүүн хөлийг хоёр гараараа барьж аваад Бөхийн өргөөний гадна талын шат руу татсан. Тэгэхээр нь би бариулсан зүүн хөлөө Д-ийн  гарнаас салгах гээд зүүн хөлөөрөө тийрэх гэхэд миний хөлийг шатаар доош буунгаа өргөөд байхаар нь би баруун хөлөөрөө дээш үсрээд зүүн хөлөө салгах гэтэл Д тэр хооронд миний зүүн хөлийг өргөөд би Бөхийн өргөөний гадна талын дээд талын шатнаас доод талын шат руу буухдаа баруун талын хөлөн дээрээ бууж гэмтэл авсан юм. Би шатан дээрээс доош баруун хөл дээрээ буух үед миний баруун талын өвдөг орчим маш хүчтэй өвдөлт өгч өвдөлтөөсөө болж миний ухаан балартсан. Тэгээд нэг мэдэхэд намайг  Ч хажуудаа нэг хүнтэй хамт машинд оруулж суулгаад шууд бариач дээр аваачиж бариулсан юм. Д намайг тэмцээн буруу шүүж багийг нь хожигдууллаа гэж маргалдсанаас болж миний баруун талын хөлийн өвдөг бэртэж хавчаар ясны дээд толгой цуурсан юм. Тухайн үед Д бид хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан юм. Д миний хөлийг татаад унагааж байхад Бөхийн өргөөний гадна нэлээн олон хүн байсан. Гэхдээ яг хэн байсныг тодорхой санахгүй байна. Би Д-г зодсон зүйл байхгүй. Д бид хоёрын хооронд өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Би шинжээч эмчийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлттэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй. Одоо миний биеийн байдал зовиуртай байгаа. Миний баруун талын хөлний өвдөгний хавчаар яс цуурч бэртсэн. Үүний улмаас миний хөл өвдөж байгаа учир би өдөр болгон өвчин намдаах эм хэрэглэж байгаа. Д нь миний хохирол гомдлыг барагдуулж өгөөгүй байгаа. Би Д-д гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,

                  хохирогч С.Н-ын дахин өгсөн: “Миний урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Энэ хэргийн улмаас би 11 хоног гэртээ хэвтэж, хөдөлгөөний дэглэм барьсан тул ажлаасаа чөлөө авч чадаагүй. Д нь миний эмчилгээний карт, эрүүл мэндийн дэвтэр хоёрыг авч яваад одоог хүртэл өгөөгүй учир би ажлаасаа акт авч чадаагүй юм. Тиймээс 11 өдрийн цалин ойролцоогоор 400.000 төгрөг, мөн миний хөл одоог хүртэл зүгээр болохгүй, эдгэрэхгүй өвдөөд байгаа тул Улаанбаатар хотруу явж нарийн шинжилгээнд ормоор байна. Мөн үүний зардалд хэдэн төгрөг гарахыг мэдэхгүй байна. Д нь өнөөдрийг хүртэл миний хохирол гомдлыг барагдуулж өгөөгүй байгаа тул гомдолтой байна. Би хэргийг хурдан хугацаанд хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 25/,

                  гэрч Ж.Б-ын өгсөн “Би Д-г танина, найз нөхдийн холбоотой юм. 2018 оны 04 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд аймгийн Спортын ордонд болсон гар бөмбөгийн тэмцээнд манай хилийн цэргийн 0245-р анги оролцсон юм. Манай багт Д орж тоглосон. 2018 оны 04 дүгээр сарын 22-ны орой цагдаагийн багтай манай хилийн цэргийн баг тоглосон ба тоглолтон дээр ерөнхий шүүгчээр ажилласан Н-ыг буруу шүүлт хийсэн гээд хэрүүл болоод байсан. Уг тоглолтоор манайх хожигдсон юм. Тэгээд бид нар Бөхийн өргөөнөөс гараад гадна шатны хашлага дээр Н сууж байтал Д нь Н-ыг “Буруу шүүлт хийлээ, тоглож байгаа хүн тэмцээн шүүж байна. Гар бөмбөгийн дүрмээр дундаа гэж байдаггүй юм” гээд маргаад эхэлсэн. Тэгтэл Н босоод Д руу дайртал Д урдаас нь гараараа Н-ыг тулаад зогсоотол Н Д-г гараараа хүзүү орчим нь цохих шиг болсон. Тэгтэл Д ухраад шат руу буусан. Тэгж байтал Н шатан дээр зогсож байгаад Д-г шат руу ухраад доош бууж байтал Д-ийн  хэвлий тус газар нь өшиглөтөл Д Н-ын өшиглөсөн хөлийг нь бариад авсан. Тэр үед Н тэнцвэр алдаад шатны доор унасан юм. Би Н-ыг яг биеийнхээ аль хэсгээрээ шатны доор унасныг мэдэхгүй. Тэгээд Н унангуутаа ёолж орилоод хэвтээд өгсөн. Тэгэхээр нь Ч бид хоёр Н-ыг босгож аваад Ч-ын машинд суулгаад бариач руу хамт авч яваад бариулахад Н-ын “Тойнг яс нь хольборсон байна, бариад орууллаа” гэж бариач хэлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 26/, 

                   гэрч Б.Ч-ын өгсөн “....Тэгээд бид нар Бөхийн өргөөнөөс гараад Бөхийн өргөөний шатан дээр зогсож байтал Н гараад ирэхээр нь Д Н луу очоод “чи яахаараа дүрмийн дагуу зөв шүүлт хийдэггүй юм” гээд тэр хоёр маргалдаад зогсож байгаад Д заал руу орох гээд Н-ын хажуугаар зөрөхдөө Н-ыг мөрлөчихсөн юм. Тэгтэл Н Д-ийн  урдаас түлхтэл Д шатаар доош буучихсан юм. Тэгээд хэрэлдээд зогсож байгаад Д Н луу далайх шиг болсон. Тэгтэл Н шатан дээр зогсож байгаад Д руу зөрүүлээд зүүн хөлөөрөө өшиглөтөл Д өшиглөсөн хөлийг нь бариад шатан доороос татчихсан чинь Н доош татагдаад шат уруу унахдаа баруун хөлнийхөө өвдгөөрөө шатны гол хэсэгт унаад баруун хөлний өвдөг нь эвгүй болсон. Тэгээд орилоод эхлэхээр нь би Б-тай хамт Н-ыг өргөж авч яваад Цоодол гэх бариач дээр очиж бариулахад Н-ын баруун хөлний өвдөгний төвөнг хольборсон байна гээд бариад оруулсан. Бид нар хажууд нь байсан тул өвдөгнийх нь төвөнг орж байгаа дууг нь хүртэл сонссон юм. Н, Д нар хоорондоо маргалдаж зодолдсон бөгөөд өөр хүнтэй маргалдаж зодолдсон асуудал байхгүй. Тухайн үед Н, Д нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 27/         

                   гэрч Б.Э-ийн өгсөн “....Тэгээд Д нь Н-той маргалдаж байгаад Н-ын цээж рүү нь гараараа 1-2 удаа нударчихсан чинь Н Д-д хандаж “чи дандаа хүн дээрэлхэж байдаг” гэж хэлээд тэр хоёр барьцалдахад тэр хоёрын дундуур хүмүүс орж салгасан. Тэр хооронд Н нь Д-г нэг удаа өшиглөхөд Д Н-ын өшиглөсөн хөлийг нь 2 гараараа барьж аваад шатны дунд хэсгээс /тухайн үед Н шатны дээд хэсэгт байсан/ Н-ын хөлнөөс нь татаад доош шат руу чирээд яваад байсан. Тэгтэл Н шатан дээрээс нэг хөл дээрээ шат руу доголоод бууж байгаад шатны доор очоод  бариулсан хөлөөрөө биш тулж байсан хөлөөрөө шатны доор газар дээр өвдгөөрөө /цементэн талбай дээр/ уначихсан. Тэгээд Н ёолоод эхэлсэн. Тэр үед цагдаа нар Д-г аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30/,                  

                   шүүгдэгч Б.Д-ийн  мөрдөн байцаалтад өгсөн “2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр би Бөхийн өргөөнд болж байсан гар бөмбөгийн тэмцээнд хилийн цэргийн багт орж тоглосон юм. Тэгээд орой 19 цагийн орчим манай баг цагдаагийн газрын багтай тоглохоор болсон. Тэмцээн дээр 1-р шүүгч нь Н гэх залуу, 2-р шүүгч нь Б гэх залуу байсан бөгөөд тоглолт явж байх үед 4-5 удаа бөмбөг дундаа гэж заагдсан. Тэр тэмцээн дээр цагдаагийн баг хожсон бөгөөд цагдаагийн баг манай баг хоёрын тоглолт дуусахад манай болон цагдаагийн багийнхан, тэмцээн үзэж байсан хүмүүс бөхийн өргөөний үүдэн дээр гарч ирээд тамхи татах нь татаад, агаарлах нь агаарлаж байсан. Би гадаа тамхи татаад багийхантайгаа зогсож байтал Н гарч ирээд миний хажууд зогсож байгаад “гоё шүүлээ, гоё тоглолт боллоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Н-т хандаж “чи гар бөмбөгийн дүрэм өөрчлөгдсөн гэдгийг мэдсэн үү. Бөмбөг дундаа гэж зүйл байхгүй гэдгийг мэдээгүй юм уу” гэхэд Н “би дүрмээ мэдэж байна. Чи надтай юу ярих гээд байгаа юм” гээд бид хоёр маргалдаж байгаад би Н-ын хажуугаар зөрөхдөө Н-ын цээж рүү нэг гараараа түлхээд зөрсөн. Тэгтэл Н гараараа миний нүүр лүү нэг удаа цохиод хөлөөрөө миний эрхтэн хэсэг рүү өшиглөх гэхээр нь би Н-ын өшиглөсөн зүүн талын хөлийг шатны дунд хэсэгт зогсож байгаад хоёр гараараа бариад автал Н шатан дээрээс тулж байсан баруун хөлөөрөө газарт цемент дээр унасан юм. Тэгтэл намайг хүмүүс тэндээс холдуулсан бөгөөд холдуулаад удаагүй байтал цагдаа нар ирж намайг цагдаа дээр авч ирсэн юм. Тэр өдөр манай багт хамт тоглож байсан Б, Ч нар Н-ыг бариач дээр авч очоод бариулаад өвдөг нь мултарчихсан байсныг оруулж өгөөд гэрт нь хүргэж өгсөн гэсэн. Маргааш өглөө нь би Н-той холбогдож байгаад гэрт нь очиж аваад эмнэлэг дээр хамт очоод эхлээд рентгенээр хөлний зураг авахуулахад хөл нь зүгээр гарсан. Тэгтэл Н “томографик зураг авахуулна” гэхээр нь томографикаар зураг авахуулахад өвдөгний үенд нь жижиг хэмжээний цуурал гарсан гэж зураг нь гарсан. Тэгэхээр нь би Э гэдэг мэс заслын эмчид нөгөө зургаа үзүүлэхэд эмч хэлэхдээ “7-14 хоног хөдөлгөөнөө хориод дэглэм бариад хэвтчих. Мөн эм тариа хэрэглэ” гэхээр нь би 70-аад мянган төгрөгийн эм авч өгөөд Н-ыг гэрт нь хүргэж өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/,

                   шүүгдэгч Б.Д-ийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Миний буруугаас болж хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсныг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би хохирогч Н-той уулзаж уучлалт гуйсан. Н-ын хөл гэмтсэнээс болж ажилдаа явж чадаагүй, ажилгүй байсан хугацааны цалинд 400000 төгрөг, эм тарианы үнэ 87000 төгрөг, нийт 487000 төгрөгийг хохирогчид төлж өгсөн. Миний өмгөөлөгчийн хэлснээр хуулинд заасан торгуулийн доод хэмжээг оногдуулж өгнө үү ” гэх мэдүүлэг,

                   Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн №314 дугаартай: “Үзүүлэгч С.Н-ын биед гэмтэл учирсан байна. Баруун өвдөгний тахилзуур ясны дээд толгойд цуурал, баруун өвдөгний хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрхи гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 12/  зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.                                 

      Хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч С.Н-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь тогтоогдсон, уг гэмтлийг шүүгдэгч Б.Д нь хохирогчтой маргалдах явцдаа учруулсан талаар хохирогч, гэрчүүд мэдүүлсэн бөгөөд эдгээр гэрч, хохирогчийн мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.                            

                  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Б.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.   

                  Шүүгдэгч Б.Д-ийн  үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.Н-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч С.Н нь шүүгдэгч Б.Д-гаас нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй талаар 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүсэлт /нотариатаар гэрчлүүлсэн/ гаргасан байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох хохирол, хор уршиг байхгүй гэж дүгнэв.       

                  2. Шүүгдэгч Б.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

                  Шүүгдэгч Б.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

                  Шүүгдэгч Б.Д нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоосныг  тус шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 26 дугаар шүүгчийн захирамжаар 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн 2015 оны Эрүүгийн хуулинд нийцүүлж, 1 жил 4 сар хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзахаар хугацаа тогтоосныг хүчингүй болгож, ялаас чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоол, шүүгчийн захирамж, ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас зэрэг баримтуудаар нотлогдож байгааг дурдах нь зүйтэй гэж үзлээ .                 

                  Шүүгдэгч Б.Д-ийн  зан байдлын талаар гэрч С.А-ын: “Б.Д нь миний багийн найз бөгөөд бид хоёр хоёулаа сагсан бөмбөг, гар бөмбөгийн спортоор хичээллэдэг юм. Д сагсан бөмбөгийн дэд мастер цолтой, гар бөмбөгийн 1-р зэрэгтэй спортлог залуу юм. Д-ийн  зан байдлын хувьд хөгжилтэй, нийтэч, олон хүмүүстэй харьцаж сурсан, тусч залуу юм. Д бид хоёр нэг багт 4 жил орчим тоглож байгаа бөгөөд спортоор сайн хичээлэлдэг юм. Муу зуршлын хувьд найз нөхөд, хамт олны хүрээнд баяр ёслолын үеэр архи согтууруулах ундаа хэрэглэдэг юм. Гэхдээ хүмүүстэй маргаж зодолдоод байдаггүй залуу юм. Д нь Улаанбаатар хотод Үндэсний биеийн тамирын дээд сургууль төгссөн ба 2010-2011 онд Улаанбаатар хотод Дотоодын цэргийн 805 дугаар ангид 1 жилийн цэргийн алба хаасан юм. Гэр бүлийн хувьд эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд эхнэр О нь цогцолбор 1-р сургуульд биеийн тамирын багш ажилтай. Д өөрөө “Таван толгой”-д ачааны том машин ажиллуулдаг гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 31/,

                   гэрч З.О-ийн өгсөн: “Д нь миний нөхөр юм. Д бид хоёр 2009 оноос хойш үерхэж байгаад 2011 онд гэрлэлтээ батлуулсан. Одоо 2 хүүхэдтэй бөгөөд том хүү О 6 настай цэцэрлэгт сурдаг, бага хүү Т 3 настай цэцэрлэгт сурдаг юм. Д нь зан чанарын хувьд нийтэч, бусдтай үг хэлээ амархан ололцдог, олон нийтийн ажилд идэвхитэй оролцдог, спортоор их хичээллэдэг, амжилт гаргадаг хүн юм. Муу зуршлын хувьд хааяа архи согтууруулах ундаа хэрэглэдэг, архи уучихсан үедээ хүнтэй маргалдчих гээд байдаг, тамхи татдаг юм. Манай өрхийн орлогын хувьд би сард 500.000 төгрөгийн цалинтай. Д “Ундарга Увс” ХХК-ийн нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд оролцдог тул нийгмийн даатгалыг нь төлдөг юм. Мөн Өмнөговь аймгийн “Таван толгой”-д өөрийн эзэмшлийн ачааны машин ажиллуулж сард 1.200.000 төгрөгийн ашигтай ажилладаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 32/ зэрэг хэрэгт авагджээ.                         

                  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг бөгөөд  шүүгдэгч Б.Д нь мөрдөн байцаалтын шатанд гэм буруугийн талаар маргаантай буюу гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэх үндэслэлээр Прокурорын 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 5/06 дугаар тогтоолоор хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр тогтоосны дагуу шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдсаныг дурдах нь зүйтэй байна.

                    Шүүгдэгч Б.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, улсын яллагч торгох ял оногдуулах санал гаргасан зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянга нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээ буюу нэг сая нэг зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй  гэж дүгнэв. Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаагийн шүүх хуралдаанд гаргасан: “ Б.Д нь өөрийн гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа. Хохирогчоос уучлалт гуйсан, эмчилгээний зардал, хохирлыг бүрэн төлсөн, хохирогч хохирол бүрэн төлөгдсөн гэдгийг илэрхийлж тодорхойлолт хийж өгсөн байгаа.Энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгож, торгох ялын доод хэмжээ 450000 төгрөгөөр торгох ял шийтгэж өгнө үү” гэх дүгнэлтээс торгох ялын доод хэмжээ оногдуулах тухай дүгнэлтийг хүлээн авах боломжгүй, учир нь шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хохирогчийн биед учирсан гэмтлийн шинж, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ялын хэмжээг тогтоосон болно.

                  Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

                  Шүүгдэгч Б.Д энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.            

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                   1. Шүүгдэгч Б ургийн овогтой Б-ийн Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д нэг мянга нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээ буюу нэг сая нэг зуун мянган төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Шүүгдэгч Б.Д энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Д-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.

         6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                        ДАРГАЛАГЧ,

                                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.АЛТАН