Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2024/ДШМ/71

 

 

 

 

 

 

 2024       12         11                                           2024/ДШМ/71

 

 

М.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

                                             

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                      Т.Д

Нарийн бичгийн дарга                               Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 428 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Т.Д-н бичсэн эсэргүүцлээр шүүгдэгч М.Бд холбогдох эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Х овогт М-н Б, Монгол улсын иргэн,

 

М.Б нь 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хооронд     аймгийн      сумын         багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрүүдээс хохирогч С.Х-н Хаан банкны         дугаарын данстай виза картыг ашиглан 453.650 төгрөгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос М.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

   Шүүгдэгч Х овогт М-н Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж,

 

Хулуут овогт М-н Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь шүүхээс оногдуулсан тэнсэж үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнсэж үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах журамтайг мэдэгдэж,

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 189 дүгээр зүйлд зааснаар М.Бд оногдуулсан тэнсэж үүрэг хүлээлгэсэн шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгчдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх өр төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж шийдвэрлэжээ.    

           Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:

           ...  Шийтгэх тогтоолыг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

           1.Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг.

           Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар М.Б нь 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр өөрийн нөхөр н.Г-ны нагац эгч болох хохирогч С.Х-н гэрт гурван хүүхдийн хамт очсон байх ба улмаар хохирогч С.Х өөрийн охин Э болон Б нарт картаа өгч дэлгүүр гарч эд зүйл авахыг зөвшөөрсөн байх ба шүүгдэгч нь виза картнаас 61,550 төгрөг уншуулсан үйл баримт тогтоогдсон. Энэ үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй зөвшөөрлөөр хийгдсэн үйлдэл боловч, код уншуулахгүй худалдан авалт хийж болдгийг мэдээд буцааж өгөхгүйгээр буюу нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр картыг өөрийн эзэмшилд авч 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хугацаанд үргэлжилсэн үйлдлээр буюу 45 удаагийн үйлдлээр хүнсний дэлгүүрүүдээс 453,650 төгрөгийн худалдан авалт хийж хохирогч С.Хишигжаргалд бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байх ба энэ нь хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

           Энэ нь хэрэгт цугларсан гэрч Б.Н-н өгсөн: “...Надад харуулсан зурган дээрх эмэгтэй хүнийг мэднэ, манай дэлгүүрээр үйлчлүүлдэг. 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр картыг чипээр нь уншуулж худалдан авалт хийж байсан. Хамгийн сүүлд худалдан авалт хийхэд карт нь болохгүй, алдагдсан карт гэж гарч ирсэн. Би ... хэний карт юм бэ ... гэж асуусан чинь ... манай нөхрийн карт ... гэж хэлээд картаа булааж авсан” гэх мэдүүлэг,

           хохирогч С.Х-с дахин өгсөн “...Б нь 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр    аймгийн          сум      баг     тоотод ирээд дэлгүүр гарч юм авах үедээ миний картыг авсан юм. Тэгээд би маргааш нь 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Бгийн      аймгийн       сум       баг      тоот гэрт нь очих үед миний карт надад байхгүй байсан. Б дэлгүүр гарах үедээ миний виза картыг аваад өгөөгүй аваад явсан байсан ... 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд нийт 453,650 төгрөгийн зарлага гарсан байсан ...” гэх мэдүүлэг,

           яллагдагч М.Бгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч С.Х-н картыг уншуулж эд зүйл авснаа хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар шүүгдэгч М.Б нь дэлгүүрийн худалдагч гэрч Б.Н-с картыг уншуулах үед алдагдсан карт гэж хаасан байна, ... энэ таны карт мөн үү ...  гэж түүнд хэлэхэд ... манай нөхрийн карт ... гэж худлаа хэлсэн, мөн хохирогч С.Х-с ... миний карт чамд байна уу ...  гэж 2024 оны 07 дугаар сарын 05-нд асуухад ... байхгүй ... гэж уурласан байдал, худалдан авалт хийж байгаагаа карт өмчлөгч буюу карт эзэмшигчээс нууж нууц, далд аргаар үйлдсэн нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байна.

           Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгчийн шүүх хуралдааны шатанд мэдүүлсэн “... маргааш нь бүгдээрээ манайд ирээд пиво ууцгаасан. Х явахдаа манай тамбарт картаа үлдээсэн байсан. Тэгээд охин нь ирж асуухаар нь ... байхгүй ... гэж хэлсэн гэж мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэгтээ ноцтой зөрүүгүй, шүүгдэгчийн үйлдлийг “Завших” гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэж зүйлчлэлийг өөрчилсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заасан “Шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалд нийцээгүй” 39.6 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал” гэж зааснаар хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

           Анхан шатны шүүх шүүгдэгч М.Бг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт .... тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж заасан.

           Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахаар заагаагүй байтал шүүх хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, 39.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” гэж дүгнэхээр байна.

          Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/428 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

          Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Д дүгнэлтдээ: “... Эсэргүүцлээ дэмжиж байна ... анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх прокурор Т.Д-н эсэргүүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

   Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Х-н охин гэх н.Э-с мэдүүлэг авах, мөн тухайн дэлгүүрүүдийн камерын бичлэгийг шалгах зэрэг ажиллагааг хийж гүйцэтгээгүй байх боловч

 

   тухайн хэргийн үйл баримтын талаар хохирогч С.Х нь “ ...Э нь Бгийн хамт дэлгүүр гарч бууз, хүүхдүүдэд нь амттан авч нийт 61.000 төгрөг орчмоор миний Хаан банкны картнаас мөнгийг нь уншуулсан. Тэгээд тэр орой Б нь хоол унд идээд 2024 оны 07 дугаар сарын 04-ний орой гэр лүү явсан. Би тухайн өдрөөс хойш картыг өөрийн охин Э-д байгаа гэж бодож байсан ... би анхандаа охин Э-г миний данснаас мөнгө аваад байна гэж уурлаж байсан. Гэтэл миний охин “би аваагүй харин таны картыг уншуулсан газрын хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд Б картыг тань уншуулсан байна” гэж хэлсэн... ” гэж,

 

  дахин мэдүүлэхдээ “...Б нь ... дэлгүүр гарч юм авах үедээ миний картыг авсан юм. Тэгээд маргааш нь 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Бгийн ... гэрт нь очих үед миний виза карт надад байхгүй байсан. Б дэлгүүр гарах үедээ миний виза картыг аваад өгөөгүй аваад явсан байсан ... Миний данснаас ... 453.650 төгрөгний зарлага гарсан байсан. Ойгонбүрд дэлгүүр манай охинтой орох үедээ 61.550 төгрөгийн гүйлгээний дараа миний картыг уншуулсан байсан ...” гэж тус тус мэдүүлснээс гадна хохирогчийн Хаан банкин дахь     дугаарын харилцах дансны хуулга хэрэгт авагджээ.

           

            Давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудаас дүгнэн үзэхэд

 

            шүүгдэгч М.Б нь 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр өөрийн хүүхдүүдийн хамт        аймгийн        сумын        багийн         дүгээр байрны    тоотод оршин суух С.Х-н гэрт очсон ..., хохирогч С.Х нь охин н.Э болон М.Б нарт өөрийн виза картыг өгч явуулснаар н.Э, М.Б нар тус байранд байрлах “Ойгонбүрд” дэлгүүрээс 22 цаг 57 минутанд 61.550 төгрөгийн бараа худалдан авсан ...,

 

            улмаар М.Б нь хохирогч С.Хн виза карт кодгүй болохыг мэдэж картыг буцаан өгөлгүйгээр, дахин тус дэлгүүрээс тухайн өдрийн 23 цаг 00 минутанд 2.000 төгрөгийн, 23 цаг 29 минутанд 8.500 төгрөгийн, 23 цаг 30 минутанд 1.300 төгрөгийн эд зүйл худалдан авсан ...,

 

            маргааш нь буюу 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 09 цаг 07 минутаас эхлэн 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 16 цаг 04 минут хүртэл хугацаанд “М” дэлгүүр, “М” супермаркет, “Д” маркет, “Ш” караоке, “Б” дэлгүүр, “Х” минимаркет ... зэргээс бараа, эд зүйл худалдан авсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Гэтэл анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийхдээ шүүгдэгч М.Бг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

 

            Эрүүгийн хуульд заасан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр, шууд санаатайгаар, хууль ёсны эзэмшигчид нь буцааж өгөхгүйгээр бүрмөсөн өөрийн, эсхүл хамаарал бүхий бусад этгээдийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авах гэсэн санаа зорилгоор үйлдэгдэхээс гадна тухайн эд хөрөнгөнөөс өөртөө, эсхүл өөрийн хамаарал бүхий этгээдэд эдийн ашигтай байдлыг бий болгож, хууль ёсны өмчлөгчид хохирол учруулдаг онцлогтой.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан “Гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд урьдаас идэвхтэй үйлдэл хийгээгүй буюу хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа уг эд хөрөнгийг завших сэдэл төрж, хууль бусаар захиран зарцуулсан байдаг бөгөөд дээрх хэргийн хувьд хохирогч С.Х-н эзэмшлийн виза картыг “гээгдэл эд хөрөнгө” гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Тухайн үед хохирогч С.Х нь шүүгдэгч М.Б болон өөрийн охин н.Э нарт өөрийн виза картыг өгч тодорхой мөнгөн дүн бүхий эд зүйл авахуулсан байх боловч шүүгдэгч нь тухайн картыг эзэмшигчид буцааж өгөлгүйгээр өөртөө авч, улмаар хохирогчийн харилцах дансан дахь мөнгөн хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэж үзнэ.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч М.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

           Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хорих ял оногдуулахаар заагаагүй байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хэрэглэх ёсгүй хуулийг хуулийг хэрэглэсэн байна.

           Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын “... шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү... ” гэсэн эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 428 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Прокурор Т.Д-н эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч М.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч М.Бд холбогдох хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Буяндэлгэрт даалгасугай.

 

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                    З.ХОСБАЯР

 

                        ШҮҮГЧИД                                                                             С.ЦЭЦЭГМАА

 

                                                            С.УРАНЧИМЭГ