Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 118/ШШ2026/0022

 

                                        Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                           хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир би тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.*******гийн 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 0533076 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлттэй хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ нь:

******* шүүхэд гаргасан дүгнэлтдээ: ... Завхан аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор Б.******* би, Завхан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.******* нь "Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан" гэх бүртгэлийн ГХ23/26-21 дүгээр зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч П.*******ид 2026 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д зааснаар 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. Хэрэгт цугларсан үйлдсэн зөрчлөө сайн дураараа илчилсэн мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2005 оны 10 дугаар 19-ний өдрийн 132 дугаартай "Газар эзэмших зөвшөөрөл олгох тухай" захирамж, 0080466 дугаартай 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн "Газар эзэмших эрхийн гэрчилгээ", газар эзэмшүүлэх гэрээ, холбогдогч П.*******ийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар холбогдогчийг "Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан" зөрчил үйлдсэн гэж дүгнэж шийтгэл оногдуулсан байна. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт "Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ." мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1.- дэх хэсэгт "Газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бол газар эзэмших эрх дуусгавар болно." гэж, 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 4.1 дэх заалтад "Газар эзэмшүүлэгч нь газар эзэмшигч газрыг гэрээний дагуу эзэмшиж байгаа эсэхийг хянах үүрэгтэй" 4.2.5 дахь заалтад "Газрыг гэрээний нөхцөлийн дагуу эзэмшээгүй, энэ талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй буюу Газрын тухай хуулийн 40.1.1-40.1.6 дугаар зүйлд заасан нөхцөл бий болсон тохиолдолд гэрээг хүчингүй болгоно.", 4.3 дахь заалтад "Газар эзэмших гэрээг жил бүр дүгнэх" гэж зааснаас дүгнэхэд газар эзэмшүүлэгч буюу сумын Засаг дарга нь газар эзэмших эрх олгосон иргэнийг эзэмшсэн газраа Газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээнд заасны дагуу эзэмшиж байгаа эсэхэд хяналт тавих үүрэгтэй байх бөгөөд газар эзэмшигч газар эзэмших эрхийн гэрчилгээнд заасан хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бол газар эзэмших эрхийг дуусгавар болгох боломжтой байна. Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2005 оны 10 дугаар 19-ний өдрийн 132 дугаартай "Газар эзэмших зөвшөөрөл олгох тухай" захирамжаар Завхан аймгийн ******* сумын ******* багийн *******ийн хэсэгт 900м² газрыг иргэн П.*******ид ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, улмаар 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 0080466 дугаартай "Газар эзэмших эрхийн гэрчилгээ" олгон иргэн П.*******той газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байх ба П.*******ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр дуусгавар болсон байна. Гэтэл газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан 5 жил 6 сарын хугацаанд газар эзэмшүүлэгч тал дээрх эрх, үүргээ хэрэгжүүлсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байхад газар эзэмшигч иргэнд шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Мөн Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй", 1.1-д "энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн" гэж хуульчилсан. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт "Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараах баримт бичгүүдийг хавсаргана" гэж зааснаар иргэн П.******* нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө буюу 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн ******* сумын Засаг даргад газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаагаа сунгуулахаар хүсэлт гаргахаар байжээ. Иргэн П.******* нь "газар эзэмших эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргаагүй" Газрын тухай хуулийг зөрчсөн зөрчлийг 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр үйлдэж дууссан, өөрөөр хэлбэл зөрчил мөн өдөр төгссөн бөгөөд үүнээс хойш 6 сар буюу 2021 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжтой байна. Гэтэл эрх бүхий албан тушаалтан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсноос хойш 5 жил 6 сарын дараа хууль зөрчин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, П.*******ид Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д зааснаар 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд эрх бүхий албан тушаалтны шийдвэр нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Завхан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.*******гийн 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 0533076 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив. Эрх бүхий албан тушаалтан ГХ23/26-21 дугаартай зөрчлийг хялбаршуулсан журмаар шалгаж, шийтгэл оногдуулсан шийдвэрийн материалаа тус прокурорын газарт 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн болох нь эрх бүхий албан тушаалтан С.*******гийн тайлбар, тус *******ын газрын бүртгэлийн дэвтрийн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Завхан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.******* нь иргэн П.*******ийг Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д заасан “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” гэх зөрчлийг үйлдсэн хэмээн үзэж, 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 0533076 дугаартай шийтгэлийн хуудсаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.******* нь прокурорын 2026 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 16 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.

Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 0533076 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зөрчилд холбогдогчид ашигтай, эрхийг нь хамгаалсан шийдвэр бөгөөд хариуцагч нэгэнт прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн тул шүүх зөрчилд холбогдогч иргэн П.*******ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулах шаардлагагүй гэж үзсэн болно.

Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь зөрчилд холбогдогчийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Завхан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.*******гийн 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 0533076 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий Завхан аймгийн *******ын газрын ахлах прокурор Б.*******ын 2026 оны 08 дугаар сарын 6-ны өдрийн 16 дугаар дүгнэлтийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. ******* нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

        ШҮҮГЧ                              Ч.ЦЭНД-ОЧИР