Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2018/02039

 

 

Д.Энхтуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/01603 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Энхтуяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хотын нийтийн төв номын санд холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2 420 860 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.Энхтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Энхтуяа нь тус байгууллагад 2010 онд архив бичиг хэргийн эрхлэгчээр ажилд орсон бөгөөд ямар нэгэн сахилгын шийтгэл авагдаж байгаагүй. Шинэ захирал болох Д.Индра нь 2 сард томилогдож ирсэн. Ирснээс хойш захиргааны дарамтыг ямар нэгэн байдлаар учруулах болсон. 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр буюу мягмар гарагт Хан-Уул дүүрэг дэх салбар номын сангийн нийтийн уншлагын танхимд ажил хүлээлцэх номын тооллого хэвийн явагдаж байсан. Цайны цагаар буюу 13:00-14:00 цагт байгууллагын ахмад ажилтан болох Ж.Энхтуяа, Ж.Цогзолмаа нар ирэхдээ тооллого хийж байсан хүмүүс рүү бууз, чихэр, архи, кофе авч ирсэн байсан. Тухайн үед архи авч ирснийг би мэдээгүй. Тухайн үед бууз жигнэх том тогоо байгаагүй учир жижиг өндөг чанагчийн тогоонд 4, 4 ширхгээр жигнээд идэж дууссаны дараа тухайн 2 ахмад настан цүнхнээсээ архи гаргаж ирсэн. Тухайн үед ажилтай байсан учир архинаас амсах нь амсаж, уруулдаа хүргэх нь хүргээд өгсөн. Нэхэмжлэгч Д.Энхтуяа нь тэр архинаас амсаагүй. Учир нь бие физиологийн асуудалтай байсан. Энэ хүн зүрхний хэм алдагдалтай. Жирийн үед зүгээр байдаг. Харин согтууруулах зүйл амссанаар зүрхний хэм алдагдаж ухаан алдаж унадаг. Анх 2014 онд баяр тэмдэглэж байгаад ухаан алдаж, өөрийгөө зүрхний хэм алдагдалтай гэдгийг мэдсэн. Түүнээс хойш ямар нэгэн байдлаар согтууруулах болон мансууруулах зүйл хэрэглэж байгаагүй. Тэнд нийт 12 хүн байсан. Түүнээс 10 нь тухайн үед ажил хийж байсан. 2 нь өндөр настан байсан. Түүнээс уух нь ууж, амсах нь амсаад, ёслоод өгсөн. Шилтэй архийг уусан асуудал байхгүй. Учир нь тэр өдөр 16 цагийн үед Хан-Уул дүүргийн салбарын эрхлэгч Б.Батбаяр гарч утсаар ярьснаа Төв рүү уншигчаас архи ууж байна гэсэн мэдээлэл очсон гэж хүний нөөц Ж.Золбоот утсаар ярьж байна гээд явсан. Тухайн 2 ахмад ажилтан архиа авч яваад бид нар ажлаа хийж байтал хүний нөөц Ж.Золбоот орж ирэн нэг ч үг ярилгүй орж ирээд гарсан. Ингээд Хан-Уул дүүрэг дэх салбарын эрхлэгч Б.Батбаярын өрөөнд орж түүнээс архи уусан хүний нэр бичиж өг гэж тулгаж захиргааны дарамт үзүүлсэн. Маргааш өдөр нь цайны цагийн дараа Хан-Уул дүүрэг дэх салбарын эрхлэгч Б.Батбаяр фондод орж ирэн Ц.Цэрэннадмид, н.Шинэцэцэг, Энхмаа нарыг төвөөс дуудаад байна, та нар хүрээд ир, хамт явъя гэх асуудлыг тавьсан. Тухайн үед Л.Шинэцэцэг байгаагүй тул түүний оронд тус салбарын номын санч Ц.Бямбаа тэдэнтэй хамт авч явсан. Хэсэг хугацааны дараа Ц.Бямбаа ном бүрдүүлэгч н.Дэлгэрмөрөнгийн утсаар залгаж Д. Энхтуяатай ярьж, Индра та нарыг бүгдийг чинь ажлаас хална гэж байна. Тэнд болсон зүйлийн бичиж өг гээд загнаад байна, би юу бичих юм бэ гэж сандарч айсан шинжтэй хоолой чичрүүлэн ярьсан. Түүний яриаг чанга яригч дээр тавьж бүгдэд нь сонсгоод бүгдээрээ болсон үйл явдлыг үнэнээр нь бич гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа н.Бямбаа залгаад н.Тайванаа дарга, н.Цэцэгмаа эгч та гурвыг голлож асуугаад байна, миний ойлгосноор гол зорилго нь та гурав юм шиг л байна гэсэн. Тиймээс энэ нь анхнаасаа нэхэмжлэгчийг ажлаас халах асуудлыг тавьж байсан нь харагдаж байна. Бүгдээрээ ярилцаад бидний эсрэг баримт бүрдүүлж байгаа юм байна гэж ойлгон захирал н.Индратай очиж уулзаж учраа ололцъё гээд 17 цаг 30 минутын үед төв номын сан дээр ирсэн. Очиход үүдний өрөө нээлттэй байсан бөгөөд захирал Д.Индрад тантай уулзъя гэхэд ажлын цаг дууссан учраас та нарыг хүлээж авахгүй гэсэн. Тэгээд араас нь дагаж өрөөнд нь ортол нарийн бичгээ дуудаад жижүүрээ дуудаад эд нарыг хөөж гарга гэсэн. 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүрэг дэх салбарын эрхлэгч Э.Тайванжаргалыг дуудаж уулзаад Энхбаатар, Энхтуяа, Тайванжаргал гэсэн 3 хүний халагдах тушаал байна. Д.Цэцэгмаа, Ц.Бямбаа, О.Долгорсүрэн гэсэн 3 хүнд цалинг хасах сахилгын шийтгэл оноож байгаа, гэхдээ өөрийн чинь хүнээр яриулсан болохоор чинь үлдээе гэхэд нь Э.Тайванжаргал захирлын шийдвэр шударга байх ёстой, бүгдэд нь ижилхэн арга хэмжээ авч болохгүй юу гэж хэлсэн. Тэгэхэд Д.Индра өөрт чинь боломж олголоо шүү өөрөө л мэд, яагаад Д.Энхтуяа, Э.Энхбаатар нарыг хамгаалаад байгаа юм, энэ хоёртой үүрд хамт байх уу та гэж хэлээд эсвэл халагдах, эсвэл салбарын эрхлэгчээрээ үлдээд 20 хувь хасуулах сонголт өглөө, өөрөө сонго гэхэд нь хамт л байсан, адилхан шийтгэл авъя, гэхдээ ямар ч шийтгэл байсан би хүлээн зөвшөөрөхгүй ээ гээд өрөөнөөс нь гарсан. Тэнд байсан 10 хүний гурав нь буюу Э.Энхбаатар, Д.Энхтуяа, Э.Тайванжаргал нар ажлаас халагдаж гурав нь буюу Д.Цэцэгмаа, Ц.Бямбаа, О.Долгорсүрэн нар гурван сар цалингийн 20 хувь хасах сахилгын шийтгэл авч, дөрөв нь буюу н.Батбаяр, Ц.Цэрэннадмид, н.Энхмаа, Л.Шинэцэцэг нар ямар ч шийтгэлгүй үлдсэн. Архи уугаагүй байхад хүний үгээр уусан гээд ажлаас халж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Ямар нэгэн байдлаар сахилгын арга хэмжээ авахдаа захиргааны хурлаар авч хэлэлцээгүй. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилогдож ажиллаагүй байсан хугацааны цалин хөлсийг ажлаас халагдсан өдрөөс хойш буюу нийт ажлын 65 хоног, үүнийг нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн 2, 3, 4 сарын цалингийн дунджаас тооцоход нэг сард 800 757 төгрөг, нэг өдөрт 37 244 төгрөг, нийт 2 420 860 төгрөг гарч байгаа тул үүнийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхээр шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тушаалыг Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтыг иш татсан. Тушаал гаргахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх, хоёрдугаарт бусад хүмүүс согтууруулах ундаа хэрэглэх нөхцөл боломжоор хангасан эсэхийг үзээд шалгуур болгосон. Д.Энхтуяа нь согтууруулах ундаа хэрэглэсэн, хэрэглэх боломжоор хангасан гэх зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Тушаалыг Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтыг иш татсан. Тушаал гаргахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх, хоёрдугаарт бусад хүмүүс согтууруулах ундаа хэрэглэх нөхцөл боломжоор хангасан эсэхийг үзээд шалгуур болгосон. Д.Энхтуяа нь согтууруулах ундаа хэрэглэсэн, хэрэглэх боломжоор хангасан гэх зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлэхдээ Д.Энхтуяа нь архинаас хамааралгүй, зүрхний хэм алддаг, архи ууж болохгүй гэж байна. Үнэндээ эрүүл хүн ч 25, 50 грамм архи уухад зүрхний цохилтод өөрчлөлт ордог. Д.Энхтуяагийн гаргаж өгсөн баримт нь архи хэрэглээгүй болон архи уугаагүй гэдгийг нотлох баримт болохгүй. Мөн 2014 онд ухаан алдаж унаж байсан, архинаас хамааралгүй гэж байгаа бол тэр талаарх нотлох баримтаа гаргаж өгөх ёстой. 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн эмнэлгийн бичиг гаргаж өгсөн ч хууль ёсны шаардлага хангахгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрч н.Батбаяр архи уучхаад өнөөдөр гэрчээр оролцохоос ичээд ирээгүй гэж байна. Энэ хэрэгтэй холбоотой 4 хүний нэхэмжлэл шүүхэд байгаа. Өнгөрсөн 7 хоногт н.Энхбаатартай холбоотой хэрэг хянан шийдвэрлэгдчихсэн. Тэр хэргийг хянан хэлэлцэхэд Батбаяр гэрчээр ирж мэдүүлэг өгсөн. Тэр үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ирсэн. Хоёрдугаарт ижил хариуцлага хүлээлгэх ёстой гэж байна. 10 хүнийг бүгдийг нь халчихвал маргахгүй гэж байна. Гэхдээ хэн халах, халагдах эсэх асуудал яриагүй. Зөвхөн тушаалын хууль зүйн үндэслэлийг ярьж байгаа. Бусдын асуудал хамааралгүй. Гуравдугаарт эгч нь эмч гэж байна. Тиймээс тухайн баримтыг хуурамчаар хийлгэсэн байх боломжтой. Энэ баримтад 2018 оны 6 дугаар сарын 26-ны өрийн шөнийн 3 цагаас хойш зүрх дэлсэж эхэлсэн гэж байна. Өглөөний 3 цагт босч архи уугаад суусан гэдэг нь ойлгомжгүй байна. Сая хэлэхдээ өглөө 7 цагт очоод 9 цагт шинжилгээ хийлгэсэн гэж байна. Энэ нь ямар ч холбоогүй байна. Эгчээрээ л хуурамч бичиг хийлгэсэн байх. Амбулаторийн бичиг хийлгэх амархан л юм байна лээ. Хоёр хүн сууж байгаад ээлжлээд хийлгэчихдэг юм байна лээ. Бичиг нь үндсэн асуудал биш. Харин бүртгэлийн картаар баталгаажигдах ёстой гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Энхтуяаг Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн харьяа Сонгинхайрхан дүүрэг дэх салбар номын сангийн эрхлэгчийн албан тушаалд эргүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 2 391 624 төгрөгийг хариуцагч Улаанбаатар хотын нийтийн төв номын сангаас гаргуулж, 29 236 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Энхтуяагийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Улаанбаатар хотын нийтийн төв номын санд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Улаанбаатар хотын нийтийн төв номын сангаас улсын тэмдэгтийн хураамжид 53 216 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Д.Энхтуяагийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцээд гаргасан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний 1603 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байх тул давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Хөдөлмөрийн гэрээнд заасан буюу архидан согтуурсан бол хөдөлмөрийн гэрээг цуцална хэмээн талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2-т заасан тул гэрээг цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Гэтэл уг зөрчил нь гэрээг цуцлах зөрчил биш хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй буюу гэрээг буруу тайлбарласан тайлбар юм. Сахилгын шийтгэлийг ялгамжтай ногдуулсан хэмээн шүүхээс дүгнэж байна. Тухайн иргэний хэрэг нь Д.Энхтуяагийн нэхэмжлэлтэй буюу түүний үйлдэлтэй холбоотой болохоос бусад этгээдийн үйлдэлд дүгнэлт хийх буюу нэхэмжлэлийн шаардлагаас халих ёсгүй юм. Нэхэмжлэгчийг архи уусан талаар гэрчүүд мэдүүлсэн байхад түүнийг архи уугаагүй гэж байгаа нь үндэслэлгүй дүгнэлт бөгөөд Д.Энхтуяагийн хүсэлтээр оролцож байгаа гэрчүүд бүгд өөр өөр мэдүүлэг өгсөн. Д.Энхтуяаг архи уусан хэмээн буруутгасан өдөр тэрээр төв номын сан дээрээ очсон байна. Уг нь тэрээр архи уугаагүй болохоо холбогдох байгууллагаар тогтоолгож, энэ тухай баримтаа шүүхэд гаргаж өгөх ёстой байсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Энхтуяа нь хариуцагч Улаанбаатар хотын нийтийн төв номын санд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2 420 860 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Энхтуяа нь 2010 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн захирлын Б/14 тоот тушаалаар архив, бичиг хэргийн эрхлэгчийн албан тушаалд томилогдон, Сонгинохайрхан дүүрэг дэх салбар номын сангийн эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд ажил олгогчийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Б/19 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.4.3, хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2заасан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. /хх-ийн 9, 21 дүгээр тал/

 

Талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд ажил олгогч нь нэхэмжлэгч Д.Энхтуяаг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг зөрчсөн, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Хөдөлмөрийн гэрээний 3.2, хөдөлмөрийн дотоод журмын 12.4.3-т ажлын байранд албан үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, танхайрсан, хэрэглэсэн үедээ ажлын байранд ирсэн, бусдыг уриалан дуудсан, архидан согтуурах нөхцөлөөр хангасан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилд тооцон, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан байна. /хх-ийн 6-8, 24-27 дугаар тал/

 

Ажил олгогч нь ажилтан Д.Энхтуяаг 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ажлын байранд согтуу байсан нь тогтоогдсон гэх боловч тухайн үйл баримтыг тэмдэглэсэн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн зөрчлийн тодорхойлолт нь Д.Энхтуяаг ажлын байранд, ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн гэдгийг эргэлзээгүй нотолсон гэх үндэслэлгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Түүнчлэн хариуцагч давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч Д.Энхтуяа нь өөрөө архи уугаагүй гэдгээ нотлоогүй гэх боловч нотлох үүргийн хуваарилалтын хувьд ажил олгогч нь ажилтныг зөрчил гаргасан гэдгийг баримтаар нотлох үүрэгтэй тул мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагчийн гэм бурууг баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй болно.

 

Иймд нэхэмжлэгч Д.Энхтуяаг Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн харьяа Сонгинохайрхан дүүрэг дэх салбар номын сангийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговор нийт 2 391 624 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/01603 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар хариуцагч Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь улсын тэмдэгтийн хураамж төлдөггүй болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

Г.ДАВААДОРЖ