| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/00808/И |
| Дугаар | 103/ШШ2025/01073 |
| Огноо | 2025-11-14 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 103/ШШ2025/01073
| 2025 оны 11 сарын 14 өдөр | Дугаар 103/ШШ2025/01073 | Улаанбаатар хот |
2025 11 13 103/ШШ2025/01073
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ............... дүүрэг .........дугаар хороо, ................... дугаар хороолол, . дүгээр байрны .... тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн .... дугаар гудамжны ... тоотод оршин суух, ******* овгийн ******* *******, ******* овгийн ******* ******* нарт холбогдох эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 4,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: /цахимаар/
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: /цахимаар/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч тал шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа 1.200.000 төгрөгөөр багасгаж гэрээний үүрэгт 3,600,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ: Нэхэмжлэгч би 2024 оны 07 дугаар сарын эхээр Фэйсбүүк цахим сүлжээнд өдрөөр машин түрээслүүлнэ гэсэн зар оруулсны дагуу хариуцагч Б.******* нь .......075 дугаарын утаснаас миний ...........90 дугаар руу залгаж холбогдоод бид анх уулзалдсан. Улмаар 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр ........... УБЕ улсын дугаартай Тоёото приус-20 маркийн автомашиныг өдрөөр түрээслэхээр тохирч 1 өдөрт 50,000 төгрөг төлөхөөр машинаа түүний эзэмшилд шилжүүлсэн. 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 6 сар 24 хоног эзэмшилдээ ашиглаж түрээсийн төлбөрийг талууд 6,000,000 төгрөг байхаар бууруулж тохирсон. Тээврийн хэрэгслийг эзэмшиж ашигласнаас хойш хариуцагч Т.*******гийн данснаас 1,650,000 төгрөгийг өдрийн түрээсийн төлбөрт шилжүүлсэнийг хасахад 4,350,000 төгрөг үлдсэн. Үүнээс машин засварт байсан хугацааны төлбөр 750,000 төгрөгийг хасч үлдэгдэл 3,600,000 төгрөгийг төлөхөөр болсон. Хариуцагч нар үлдэгдэл төлбөрийг төлөхийг зөвшөөрч тооцоо нийлж бичгээр бичиж өгсөн. Иймд хариуцагч нараас 3,600,000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон бол хариуцагч нар Бид нарын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, машиныг түрээслэнэ гэж яриагүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлд дурдсан үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоогүй гэж маргасан.
3.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээс дараах нөхцөл байдлууд тогтоогдож байна.
-Нэхэмжлэгч , хариуцагч Б.******* нар нь 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаанд нэхэмжлэгч Г.******* өмчлөлийн 48-22 УБЕ улсын дугаартай Тоёото приус-20 маркийн автомашиныг өдрийн 50,000 төгрөгөөр, 6 сарын хугацаанд 6,000,000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцож, Б.*******, Т.******* нарын эзэмшил ашиглалтад шилжүүлсэн, төлбөрт 2024.07.12-12.05-ны өдрийн хооронд 7 удаагийн үйлдлээр 150,000-300,000 төгрөгөөр нийт 1,650,000 төгрөгийг нэхэмжлэгч Г.******* данс руу хариуцагч Т.*******гийн данснаас шилжүүлсэн, машин Б.*******, Т.******* нарын эзэмшил ашиглалтанд байх хугацаанд буюу 2024.09 сард моторт эвдрэл гарсныг өмчлөгч 2,400,000 төгрөгөөр засварлуулсан, машин засварт байсан хугацааны төлбөр 750,000 төгрөгийг хариуцагч нарын төлөх төлбөрөөс хасаж тооцсон, хариуцагч нар төлбөрөө тогтоосон хугацаанд төлөхгүй байсан учраас гэрээний хугацаа дуусмагц нэхэмжлэгч машинаа 2025.02.04-нд өөрийн өмчлөлд буцаан авсан, хариуцагч Б.******* 2025.02.04-ний өдөр нэхэмжлэгч д 2025.02.04-ний өдрийн байдлаар 4,350,000 төгрөг төлөхөөс 1,650,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 3,600,000 төгрөг дээр 1,200,000 төгрөг нэмж 4,800,000 төгрөгийг сар болгон 500,000 төгрөг хасуулаад 9.25 гэхэд бүх төлөлтөө төлж барагдуулна гэсэн тооцоо нийлж өөрчлөлт орох гэрээ нэртэй бичгийг үйлдэж гарын үсгээ зурж өгсөн зэрэг үйл баримтууд тогтоогдож байна. /хх-ийн 10, 34-40 дүгээр тал/
-Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж хуульчилсан.
-Нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн бичиж өгсөн тооцоо нийлж өөрчлөлт оруулах гэрээний агуулга, хөлс төлсөн баримт, гэрээгээр тохиролцсон хугацаа дуусахад эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд ямар нэгэн маргаангүйгээр буцаан шилжүүлсэн зэргээс дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд эд хөрөнгө хөлслөх гэрээг заавал бичгээр хийхийг хууль шаардаагүй учраас , Б.*******, Т.******* нарын хооронд хийгдсэн эд хөрөнгө хөлслөх гэрээ хүчин төгөлдөр байна. /хх-ийн 10 дугаар тал/
-Хөлслөгч нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.1-т зааснаар хөлслөн авсан эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл, зориулалтын дагуу ашиглах, 289.1.2-т зааснаар эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх, 289.1.5-т зааснаар гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх үүрэг хүлээдэг. Хөлслөгч Б.*******, Т.******* нар нь хуулийн 289.1.1, 289.1.5-д заасан үүргээ биелүүлсэн боловч 289.1.2-т заасан үүргээ биелүүлээгүй тул хөлслүүлэгч хөлслөгчөөс хөлс шаардах эрх үүснэ.
-Нэхэмжлэгч , хариуцагч Б.******* нар нь машиныг 6 сарын хугацаагаар хөлслүүлэхээр, хөлс 6,000,000 төгрөг байхаар тохиролцсон, Б.*******, Т.******* нар нь төлбөрөөс 1,650,000 төгрөгийг төлсөн, үлдэх 4,350,000 төгрөгөөс нэхэмжлэгч 750,000 төгрөгийг хасаж тооцсон. Одоо 3,600,000 төгрөгийг Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар шаардаж байгаа нь хуульд нийцсэн гэж үзэн хариуцагч нараас 3,600,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.
-Хариуцагч нар нь Машиныг хөлсөлж аваагүй, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж тайлбарлан маргаж байгаа боловч тайлбар татгалзлаа нотолж чадаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй, машиныг худалдаж авсан юм бол худалдах худалдан авах гэрээний дагуу машиныг буцаан шилжүүлэхгүй, худалдагчийн эсрэг шаардлага гаргах боломж байсан боловч гэрээний хугацаа дууссан өдөр өмчлөгчид машиныг үг дуугүй, хүлээн зөвшөөрч буцаан өгсөн, нэхэмжлэгч талаас шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2025.08.21-ний өдөр хүртэл нэхэмжлэгчийн эсрэг ямар нэгэн маргаан үүсгэж шаардлага гаргаагүй нь машиныг худалдаж авсан гэх тайлбарыг үгүйсгэж байна.
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******, Т.******* нараас 3,600,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжид 72,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* овгийн ******* *******, ******* овгийн ******* ******* нараас эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 3,600,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэгч нь 1,200,000 төгрөгийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 91,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 3,600,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжид 72,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ