Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 130

 

                                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Б.Батбаяр,

хохирогч Ш.Буянжаргал,

шүүгдэгч Л.Нянгаамид нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Лувсанцэрэнгийн Нянгаамидэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807002200107 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1974 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Зэвсэгт хүчний 337 дугаар ангид харуулаар ажилладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын 1а-17 тоотод оршин суух, регистрийн АС74032810 дугаартай, Боржигон овогт Лувсанцэрэнгийн Нянгаамид нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2018 оны 4 дүгээр сарын 10-наас 4 дүгээр сарын 11-нд шилжих шөнө Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын 1А-17 тоотод эхнэр Ш.Буянжаргалтай маргалдаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Налайх дүүргийн 5 дугаар хороо Гандан-Уулын 1А-17 тоотод эхнэр Ш.Буянжаргалтай маргалдаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Нянгаамид нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын 1А-17 тоотод оршин суух гэртээ эхнэр Ш.Буянжаргалыг 2017 оны 10 дугаар сарын 02-ны шөнө жижиг модон сандлаар баруун гарын шуунд нь цохиж хугалсан, 2018 оны 04 дүгээр сарын 11-ний шөнийн 01 цагийн орчимд бусадтай хардаж толгойн тус газарт гараараа 2-3 удаа цохих, галын сэтгүүр төмрөөр толгойн орой, мөр орчимд нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан үйл явдал болсон байна.

            Энэхүү үйл явдал нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Нянгаамидийн өгсөн: “Би 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр эхнэрийнхээ гарыг хугалсан. 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр нүүрэн тус газарт цохисон. Би архи хэтрүүлэн хэрэглэж, эхнэрээ хардаж буруутай зүйл хийсэн” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Буянжаргалын өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр намайг ажлаас тараад гэрт ирэхэд хардаж миний гарыг сандлаар цохиж хугалсан. Тухайн үед би ажлаас оройтож ирсэн нь миний буруу юм байна гэж бодсон. Маргааш өглөө нь гар өвдөөд байхаар нь эмнэлэгт үзүүлэхэд хугарсан байсан. Би ажлын хүмүүст хальтирч унаад гар хугалсан гэж хэлсэн. Нийгмийн ажилтан надтай ганцаарчлан уулзаж асуухаар нь би нөхөртөө цохиулсан гэж үнэнээ хэлсэн. 2018 оны 04 сард нөхөртөө зодуулаад гэртээ байсан. Нийгмийн ажилтанд “ажлаас чөлөө авъя, халуураад хэвтэж байна” гэж хэлэхэд надад чөлөө өгөөгүй. Би ажилгүй болчих байх гэж бодоод ажил дээрээ очиход манай ажлын хүмүүс миний нүүрийг хараад цагдаад мэдэгдсэн. Би цагдаа дуудаад хэрэггүй, юм оёод гэртээ оройтож очсон нь миний буруу тул манай нөхөр зодсон юм гэж хэлсэн. Улаанбаатар хот руу явж  эмнэлэгт үзүүлж 3 өдөр хэвтэж эмчлүүлсэн. Банкны зээлтэй учир ажилдаа орсон” гэх мэдүүлэг болон улсын яллагчийн судалсан:

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/217 дугаар:

         1. Ш.Буянжаргалын биед тархи доргилт, зүүн мөр, зүүн бугалганд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

         3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,

            /хх-ийн 21 дүгээр хуудас/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/284 дугаар:

         1. Ш.Буянжаргалын биед баруун шуу ясны хуучин хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            2. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

      3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар  эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг хамаарна.” гэх дүгнэлт,

            /хх-ийн 25 дугаар хуудас/

Гэр бүлийн аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 71 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэг судалсан хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт судалсан баримтаас дүгнэхэд шүүгдэгч Л.Нянгаамид нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 5 дугаар хороо Гандан-Уулын 1А-17 тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Ш.Буянжаргалыг 2017 оны 10 дугаар сарын 02-ны шөнө ажлаасаа оройтож ирлээ гэж жижиг модон сандлаар цохиж эрүүл мэндэд нь баруун шуу ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол, 2018 оны 04 дүгээр сарын 11-ний шөнө ажил дээрээ оёдол хийгээд ирэхэд нь оройтож ирлээ, машинтай хүнтэй ирсэн байна гэж хардаж 01 цагийн орчим гараараа болон галын сэтгүүр төмрөөр цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн мөр, зүүн бугалганд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг гэм буруутай гэж шүүх үзлээ.

Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Л.Нянгаамидэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа нь үндэслэлтэй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.Нянгаамид нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч нь нэхэмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Лувсанцэрэнгийн Нянгаамидийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Л.Нянгаамидэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 /зургаа/ сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялтай тэнцэх 30 /гуч/ хоногийн хорих ялыг  мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ял дээр нэмж нийт 7 /долоо/ сар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Л.Нянгаамидэд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Л.Нянгаамид нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь нэхэмжилсэн зүйлгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 7 /долоо/ сар хорих ялаас Л.Нянгаамидийг чөлөөлж, зан үйлээ засах, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Л.Нянгаамидэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.БАВУУ