| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сандагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 171/2024/0389/Э |
| Дугаар | 2024/ДШМ/72 |
| Огноо | 2024-12-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.1., |
| Улсын яллагч | Ц.М |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2024/ДШМ/72
2024 12 11 2024/ДШМ/72
О.Дд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Ц.М
Шүүгдэгч О.Д
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.М
Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 411 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцлээр О.Дд холбогдох эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овогт О-н Д, Монгол улсын иргэн,
Шүүгдэгч О.Д нь 2024 оны 05 дугаар сарын 26-ны орчимд аймгийн сумын баг тоот хашааны гадна талд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч Б.Б-тэй “бусдад өр тавихаа болихгүй байна” гэх шалтгаанаар маргалдаж түүнийг жирэмсэн болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хоёр гарыг нь базаж, унагаан гуя хэсэгт нь өшиглөж зодон эрүүл мэндэд нь “баруун бугалга, зүүн тохой, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн аймгийн сумын багийн тоотод байх гэртээ болон хашаан дотроо гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Б.Б-г 2024 оны 05 дугаар сарын дундуур ээжийн урдаас хэрэлдсэн шалтгаанаар үснээс нь зулгааж, гэдэс рүү нь нэг удаа цохьсон,
2024 оны 05 дугаар сарын 26-ны орчим “бусдад өр тавилаа, өр тавихаа болихгүй байна” гэх шалтгаанаас маргалдаж хоёр гарыг нь базаж, унагаан гуя хэсэгт нь өшиглөн зодсон,
2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр “ахынд очиж унтуулаагүй” гэсэн шалтгаанаар 2 удаа алгадаж, түлхэж унагаан, хэвлий хэсэгт өшиглөж зодсон,
2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр “хашхичиж хэрүүл үүсгэсэн” гэсэн шалтгаанаар 1 удаа алгадаж, толгойгоор нь 2 удаа шал мөргүүлэн байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг жирэмсэн хүний эсрэг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогдсон байна.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: О.Дий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: О.Дий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч холбогдох эрүүгийн дугаартай хэргийг шүүгдэгч Б овогт О-н Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд,
мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох гэмт хэргийг жирэмсэн хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
шүүгдэгч О.Дийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 9 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн 1 жилийн хугацаагаар аймаг сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,
шүүгдэгч О.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаадгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор П.Б шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:
...Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 2024/ШЦТ/411 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 9 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн байна. Шийтгэх тогтоолыг 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч танилцаад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг жирэмсэн хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэхдээ хэрэг тус бүрт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 9 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй гэж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг уншин сонсгосноос зөрүүтэй бичиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтыг ноцтой зөрсөн байна. Мөн тогтоох хэсгийн 3 дахь заалтад ...оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдпэх ялыг 1 жилийн хугацаагаар аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл хорих болон зорчих эрхийг хязгаарлах ялын алийг сонгон оногдуулж, нийт эдлэх ялыг хэрхэн тогтоосон нь ойлгомжгүй байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндзслэлд хамаарч байна. Мөн шүүгдэгч О.Д нь шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар ялыг нэмж нэгтгэн шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.
Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/411 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч О.Д тайлбартаа: Тайлбаргүй гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.М тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон ахлах прокурор Ц.М дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх дээд шатны прокурор П.Б-н эсэргүүцлийг үндэслэн О.Дд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дах хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос О.Дийг
2024 оны 05 дугаар сарын 26-ны орчимд аймгийн сумын баг тоот хашааны гадна талд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч Б.Б-тэй “бусдад өр тавихаа болихгүй байна” гэх шалтгаанаар маргалдаж түүнийг жирэмсэн болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хоёр гарыг нь базаж, унагаан гуя хэсэгт нь өшиглөж зодон эрүүл мэндэд нь “баруун бугалга, зүүн тохой, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн аймгийн сумын багийн тоотод байх гэртээ болон хашаан дотроо гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Б.Б-г 2024 оны 05 дугаар сарын дундуур ээжийн урдаас хэрэлдсэн шалтгаанаар үснээс нь зулгааж, гэдэс рүү нь нэг удаа цохьсон,
2024 оны 05 дугаар сарын 26-ны орчим “бусдад өр тавилаа, өр тавихаа болихгүй байна” гэх шалтгаанаас маргалдаж хоёр гарыг нь базаж, унагаан гуя хэсэгт нь өшиглөн зодсон,
2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр “ахынд очиж унтуулаагүй” гэсэн шалтгаанаар 2 удаа алгадаж, түлхэж унагаан, хэвлий хэсэгт өшиглөж зодсон,
2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр “хашхичиж хэрүүл үүсгэсэн” гэсэн шалтгаанаар 1 удаа алгадаж, толгойгоор нь 2 удаа шал мөргүүлэн байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг жирэмсэн хүний эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гаргажээ.
2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 411 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгч шүүгдэгч О.Дий үйлдсэн гэмт хэрэг тус бүрт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэсэн, шүүх хуралдааны тэмдэглэлд зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэхээр бичигдсэн байхад шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтанд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 9 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийтгэх тогтоолыг албажуулсан байна.
Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн заалт шүүх хуралдаан дээр уншиж сонсгосноос зөрүүтэй бичигдсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтыг ноцтой зөрчсөн зөрчилд тооцогдоно.
Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтанд хорих ял оногдуулахаар заасан атлаа 3 дахь заалтанд шүүгдэгч О.Дд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн 1 жилийн хугацаагаар аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 818 дугаартай шүүхийн шийдвэрийг залруулах тухай шүүгчийн захирамжаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтанд ...9 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй гэснийг ...9 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй гэж шүүх өөрийн санаачлагаар залруулга хийжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг хэргийн оролцогчдын хүсэлтээр болон шүүх өөрийн санаачлагаар залруулж болохоор хуульчилсан боловч хорих ял оногдуулж шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг зорчих эрх хязгаарлах ял болгон өөрчилж байгаа нь техникийн шинжтэй алдаанд хамаарахгүй юм.
Өөрөөр хэлбэл дээрх зөрчлийг үг, үсэг, тоо, тооцооны шинжтэй алдаа гэж үзэхгүй боломжгүй тул тус шүүгчийн захирамж үндэслэлгүй байна.
Прокурорын эсэргүүцэлд дурьдсанаар шүүгдэгч О.Д нь шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ...анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй, шинжлэн судлагдаагүй нотлох баримтыг давж заалдах шатны шүүх шийдвэрийн үндэслэл болгохгүй.
Иймд дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурьдагдсан шүүгдэгч О.Дийг шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн тул ялыг нэмж нэгтгэх шаардлагатай гэсэн хэсгийг хэлэлцэхгүй орхиж, ... шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн... гэсэн хэсгийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон шүүгчийн захирамжийг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 411 дугаартай шийтгэх тогтоол, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 818 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгосугай.
2. Дээд шатны прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг буюу ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн ... гэснийг хүлээн авч, ... шүүгдэгчид оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар нэмж нэгтгэн шийдвэрлүүлэх ... гэсэн хэсгийг хэлэлцэхгүй орхисугай.
3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч О.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Буяндэлгэрт даалгасугай.
5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ
С.ЦЭЦЭГМАА