| Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Сарангэрэл |
| Хэргийн индекс | 119/2026/0040/з |
| Дугаар | 119/ШШ2026/0051 |
| Огноо | 2026-07-29 |
| Маргааны төрөл | Тендер, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 119/ШШ2026/0051
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны 107 тоот танхимд нээлттэйгээр,
Нэхэмжлэгч: “**” ХХК /РД:**/ гүйцэтгэх захирал **,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: **,
Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ,
Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102041 дугаартай “Баяжуулалтын дарагч урвалж” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороо,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **, **, **,
Гуравдагч этгээд: “**” ХК,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **,
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: **, ** нарын хоорондын
Нэхэмжлэлийн шаардлага: “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн ЭҮТӨҮГ/20250102041 дугаартай “Баяжуулалтын дарагч урвалж” тендер шалгаруулалтын “Багц-1, 1-р ээлжид хэрэглэх зориулалттай хүхэрт натри”-д оролцсон ** ХХК-ийн тендерээс татгалзсан 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 05 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, тендерийг зохих журмын дагуу үнэлэхийг даалгах, ЭҮТӨҮГ/20250102041 дугаартай “Баяжуулалтын дарагч урвалж” тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны “Багц-1, 1-р ээлжид хэрэглэх зориулалттай хүхэрт натри”-д оролцсон БНХАУ-ын “**” ХК-ийг хамгийн сайн тендер гэж үнэлсэн 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 05 дугаартай шийдвэр, гэрээ байгуулах зөвлөмжийг хүчингүй болгох, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн ЭҮТӨҮГ/20250102041 дугаартай “Баяжуулалтын дарагч урвалж” тендер шалгаруулалтын “Багц-1, 1-р ээлжид хэрэглэх зориулалттай хүхэрт натри”-д оролцсон “**” ХХК-д 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ирүүлсэн М-ДБ-112-12/1716 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” тендерт шалгаруулахаас татгалзсан тухай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, зохих журмынд дагуу үнэлэхийг даалгах”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн ЭҮТӨҮГ/20250102041 дугаартай “Баяжуулалтын дарагч урвалж” тендер шалгаруулалтын “Багц-1, 1-р ээлжид хэрэглэх зориулалттай хүхэрт натри”-д оролцсон БНХАУ-ын “**” ХК-тай гэрээ байгуулах эрх олгосон 2026 оны 04-р сарын 08-ны өдөр М-ДБ-112-12/1713 дугаар бүхий мэдэгдлийг хүчингүй болгох, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон БНХАУ-ын “**” ХК-ийн хооронд байгуулагдсан 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2026/05-11-319 дугаартай “Худалдах-худалдан авах” гэрээг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагатай тендерийн маргаан бүхий захиргааны хэргийг захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч **, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, **, **, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, гуравдагч этгээдийн өмгөөлөгч **, ** /цахим/, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “**” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн ЭҮТӨҮГ/20250102041 дугаартай “Баяжуулалтын дарагч урвалж тендер шалгаруулалтын Багц-1, 1-р ээлжид хэрэглэх зориулалттай хүхэрт натри”-д оролцсон “**” ХХК-д 2026 оны 4 сарын 8-ны өдөр ирүүлсэн М-ДБ-1112-12/716 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай тендерт шалгаруулахаас татгалзсан тухай шийдвэрийг хүчингүй болгох, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж нэмэгдүүлэхдээ: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102041 дугаартай “Баяжуулалтын дарагч урвалж” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан
“Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн ЭҮТӨҮГ/20250102041 дугаартай “Баяжуулалтын дарагч урвалж” тендер шалгаруулалтын “Багц-1, 1-р ээлжид хэрэглэх зориулалттай хүхэрт натри”-д оролцсон “**” ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэр /тэмдэглэлийн холбогдох хэсэг/-ийг хууль бус болохыг тогтоож, тендерийг зохих журмын дагуу үнэлэхийг даалгах, ЭҮТӨҮГ/20250102041 дугаартай “Баяжуулалтын дарагч урвалж” тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны “Багц-1, 1-р ээлжид хэрэглэх зориулалттай хүхэрт натри”-д оролцсон “**” ХК-ийг хамгийн сайн тендер гэж үнэлсэн шийдвэр /тэмдэглэлийн холбогдох хэсэг/, гэрээ байгуулах зөвлөмжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох,
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн ЭҮТӨҮГ/20250102041дугаартай “Баяжуулалтын дарагч урвалж” тендер шалгаруулалтын “Багц-1, 1-р ээлжид хэрэглэх зориулалттай хүхэрт натри”-д оролцсон “**” ХХК-д 2026 оны 4 сарын 8-ны өдөр ирүүлсэн М-ДБ-1112- 12/716 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” тендерт шалгаруулахаас татгалзсан тухай шийдвэрийг хүчингүй болгож, зохих журмын дагуу үнэлэхийг даалгах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102041 дугаартай “Баяжуулалтын дарагч урвалж” тендер шалгаруулалтын “Багц-1, 1-р ээлжид хэрэглэх зориулалттай хүхэрт натри”-д оролцсон “**” ХК-тай гэрээ байгуулах эрх олгосон 2026 оны 04-р сарын 08-ны өдөр М-ДБ-112-12/1716 дугаар бүхий мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” ХК-ийн хооронд байгуулагдсан 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2026/05-11-319 дугаартай “Худалдах, худалдан авах” гэрээг хүчингүй болгох” гэж өөрчилж, нэмэгдүүлсэн.
3.“**” ХХК нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан байх ба гомдлыг Сангийн яамны 2026 оны 04 дүгээр сарын 30-ний өдрийн 03/4384 дугаартай албан бичгээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргажээ. /1 дэх хх-ийн 105-110, 15 дугаар тал/
4. Нэхэмжлэгч “**” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлэхдээ: Манай “**” ХХК /РД:**/ нь “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20250102041 дугаартай “Баяжуулалтын дарагч урвалж” тендер шалгаруулалтын Багц-1, 1-р ээлжинд хэрэглэх зориулалттай Хүхэрт натри”-г сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтад 2026 оны 02 дугаар сарын 09-ны өдөр оролцсон. “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-аас 2026 оны 03-р сарын 04-ний өдрийн М-ДБ-112-12/965 дугаартай албан бичгээр тендерт шалгаруулахаас татгалзсан тухай мэдэгдэл ирүүлсэн.
Уг шийдвэрт татгалзлын үндэслэлээ: Захиалагчаас баталсан тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн (ӨХ)-ын ТШЗ 18.2-т Тусгай зөвшөөрөл хэсэгт заасныг хангаагүй буюу “Оролцогч нь тээвэрлэлтийг төмөр замаар хийх тухай мэдэгдэл ирүүлсэн бөгөөд төмөр замаар тээвэрлэх зөвшөөрлийн бичиг, вагон захиалга хийсэн тухай баримт ирүүлээгүй тул шаардлага хангаагүй” гэж үзээд “**” ХХК-д гэрээ байгуулах эрх элгосон. Бид М-ДБ-112-12/965 дугаартай мэдэгдлийг эсэргүүцэж 2026 оны 03-р сарын 11-ний өдөр №26-89/01 дугаартай гомдлыг Сангийн яаманд гаргасан. Гомдлын үндэслэлээ нэгдүгээрт “**” ХХК-ийн тендерийн материал нь Захиалагчаас баталсан тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн (ӨХ)-ын ТШЗ 18.2.1, 20.1-т заасан шаардлагыг хангахгүй, хоёрдугаарт манай компанийн хувьд Захиалагчаас баталсан тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн (ӨХ)-ын ТШЗ 18.2- т заасан “Гадаад оролцогчийн хувьд тавих шаардлага"-ыг хэрэглэсэн нь үндэслэлгүй гэж үзсэн.
Уг гомдлын хариуг Сангийн яамны 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 03/2243 тоот шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтын дагуу “...тендерийг хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийх”-ээр шийдвэрлэсэн. Гэсэн хэдий ч уг шийдвэрт манай компанид Захиалагчаас баталсан тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн (ӨХ)-ын ТШЗ 18.2-т заасан “Гадаад оролцогчийн хувьд тавих шаардлага”-ыг шалгаж, шаардлагад нийцээгүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэстэй гэж дурдсан байсан. Үүнийг нь манай компанийн зүгээс Сангийн яамны урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд гаргасан дэд акт дахь захиргааны актын илэрхий алдаа гэж ойлгосон. Ингээд Сангийн яамны 03/2243 тоот шийдвэрийг үндэслэн Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ аас 2026 оны 04-р сарын 08-ны өдөр М-ДБ-112-12/1716 дугаар бүхий мэдэгдлийг ирүүлж манай компанийг тендерт шалгаруулахаас дахин татгалзаж, “**” Co.,Ltd-тэй гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдсэн.
Үндэслэл нь "2026 оны 03-р сарын 04-ний өдрийн М-ДБ-112-12/965 дугаартай албан бичгээр хүргүүлсэн захиалагчийн шийдвэрийг хэвээр үлдээсэн” буюу Захиалагчаас баталсан тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн (ӨХ)-ын ТШЗ 18.2- т заасан “Гадаад оролцогчийн хувьд тавих шаардлага”-ыг хангаагүй гэж ойлгогдохоор байсан. Бид энэхүү шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэн холбогдох хууль журмын дагуу уг тендерийг дахин хянуулах гомдол гаргасан болно. Тодруулбал, 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №26-174/01 дугаартай гомдол гаргах тухай албан бичгийг 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 15:00-16:20 цагийн хооронд Сангийн яамны үүдэнд байрлах албан бичиг хүлээн авах зориулалттай хайрцагт цаасан хэлбэрээр хийж, албан бичиг солилцооны “Smart Office" дундын системээр 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 16 цаг 09 минутад давхар цахимаар илгээсэн билээ.
Гомдлын үндэслэлээ нэгдүгээрт Захиалагчаас баталсан тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн (ӨХ)-ын ТШЗ 18.2-т заасан Монгол улсын хуулийн этгээдэд тавигдах шаардлагыг хангаж байгаа бөгөөд Гадаад оролцогчид тавигдах шаардлагыг манай компанид хамааралгүй гэж маргасан. Хоёрдугаарт гэрээ байгуулах эрх олгосон “**” Co.,Ltd-ын тендерийн материал нь Захиалагчаас баталсан тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн (ӨХ)-ын ТШЗ-ын 16.3.1, 17.5, 18.2, 20.1.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж гомдол гаргасан. Уг гомдлын хариуг Сангийн яамнаас 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн №03/3626 дугаартай “Гомдол буцаах тухай” шийдвэрийг хүргүүлсэн болно. Гэтэл уг хариу нь гомдол гаргагчийг урьд гаргасан асуудлаар дахин гомдол гаргасан, гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэх огт үндэслэлгүй байдлаар буруутгаж гомдлыг буцаасан байсан. Өөрөөр хэлбэл Сангийн яам нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.6, 59.8 дахь заалтад заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй билээ.
Иймд уг шийдвэрийг эс зөвшөөрч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102041 дугаартай “Баяжуулалтын дарагч урвалж” тендер шалгаруулалтын Багц-1, 1-р ээлжид хэрэглэх зориулалттай хүхэрт натри”-д оролцсон “**” ХХК-д 2026 оны 4 сарын 8-ны өдөр ирүүлсэн М-ДБ-1112-12/716 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” тендерт шалгаруулахаас татгалзсан тухай шийдвэрийг хүчингүй болгох, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан билээ.
Захиргааны маргаан үүсгэхтэй зэрэгцэн нэхэмжлэгчийн зүгээс 2026 оны 04 сарын 27-ны өдөр Сангийн яамны 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 03/2243 тоот шийдвэрийн захиргааны актын илэрхий алдааг Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь заалтад заасан журмын дагуу засуулах, Сангийн яамнаас 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн №03/3626 дугаартай шийдвэрээр чиг үүргээ хэрэгжүүлээгүй тул гомдлыг буцаасан шийдвэрийг нээж өгөх гомдлыг Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга болон Сангийн яамны худалдан авах ажиллагааны хяналтын улсын байцаагч зэрэгт гаргасан. Үүний хариуд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 03/4384 дүгээр хариугаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасан журмын дагуу гомдлоо шүүхэд гаргах талаар хариу ирүүлснийг дурдах нь зүйтэй. Уг нэхэмжлэлтэй Захиргааны хэрэгт дараах үндэслэлээр үнэлгээний хороог хариуцагчаар татаж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, нэмэгдүүлж байгаа билээ.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн ЭҮТӨҮГ/20250102041 дугаартай “Баяжуулалтын дарагч урвалж” тендер шалгаруулалтын үнэлгээний хороо болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдох тендерт шалгаруулахаас татгалзсан тухай шийдвэрийг хучингүй болгож, зохих журмын дагуу үнэлэхийг даалгах нэхэмжлэлийн тухайд:
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.2-т “Тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх”, 50.2.3-д “захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх” гэж зааснаар Үнэлгээний хороо нь тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх, шийдвэр гаргах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэн мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Үнэлгээний хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр хурал байна” гэж заасан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн Гуравдугаар бүлгээр худалдан авах ажиллагааны хэд хэдэн үе шатууд /тендер нээх, тендер хянан үзэх, тендерийг үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох/-ыг зохицуулсан бөгөөд тухайлбал, хуулийн 26 дугаар зүйлд “Тендер хянан үзэх”, ийнхүү тендерийг хянан үзээд мөн хуулийн 26.4-т зааснаар тухайн тендер шаардлагад нийцсэн тохиолдолд дараагийн буюу хуулийн 27 дугаар зүйлийн “Тендер үнэлэх”, 28 дугаар зүйлийн 'Захиалагч шийдвэр гаргах, түүнийг мэдэгдэх”, 30 дугаар зүйлд “Гэрээ байгуулах” зэрэг тендерийн шат дараалсан ажиллагаанууд хийгдэхээр хуульд зохицуулсан. Дээрх үндэслэлээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102041 дугаартай “Баяжуулалтын дарагч урвалж” тендер шалгаруулалтын үнэлгээний хороо болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь хариуцагч болж байгаа билээ. Мөн тус шийдвэрүүд нь бие биеэсээ шалтгаант холбоотой гардаг бие даасан захиргааны актууд билээ.
Захиалагчаас баталсан тендерийн баримт бичгийн өгөгдлийн хуснэгтийн (ӨХ)-ийн ТШЗ 18.2-т заасан шаардлагыг буруу дугнэсэн талаар:
Захиалагчаас баталсан тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн (ӨХ)-ийн ТШЗ 18.2-т Тусгай зөвшөөрөл: Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжуудийн хувьд: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас олгодог Химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, ашиглах, худалдаа аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл"-тэй байх бөгөөд зөвшөөрлийн хавсралтад нийлүүлэх химийн бодисын нэр төрөл, тоо хэмжээ тусгагдсан байна: гэж заасан байна.
Дээрх шаардлагын дагуу бид тендертээ Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас олгосон хүчин төгөлдөр "Химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, ашиглах, худалдаа аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл"-ийг нийлүүлэх химийн бодисын нэр төрөл, тоо хэмжээ тусгагдсан тухайн зөвшөөрлийн хавсралтын хамт илгээсэн ба энэ нь дээрх шаардлагыг бүрэн хангаж байгаа болно. Бид ТШЗ 18.2-т заасан Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд тавигдсан шаардлагын дагуу тендертээ Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас олгосон хүчин төгөлдөр N90002709 дугаар бүхий "Химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, ашиглах, худалдаа аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл"-ийг нийлүүлэх химийн бодисын нэр төрөл, тоо хэмжээ тусгагдсан тухайн зөвшөөрлийн хавсралтын хамт илгээсэн.
Харин “**” ХХК-д хандан ирүүлсэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн 2026 оны 03 сарын 04-ний өдрийн М-ДБ-112-12/965 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” гэсэн тендерт шалгаруулахаас татгалзсан шийдвэрт Захиалагч “**” ХХК-ийн тендерээс дээр дурдсан ТШЗ 18.2-ын 2-т заасан “Тээвэрлэлтийг авто замаар эсхүл төмөр замаар хийх тухай мэдэгдэл. Хэрэв авто замаар тээвэрлэлтийг хийх бол холбогдох зөвшөөрлийн баримт бичиг, Төмөр замаар тээвэрлэлтийг хийх бол Төмөр замын олон улсын вагоны захиалга хийсэн тухай нотлох баримт” гэсэн шаардлагад нийцээгүй гэж татгалзсан байна. Улмаар “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-аас 2026 оны 04-р сарын 08-ны өдөр М-ДБ-112-12/1716 дугаар бүхий мэдэгдлийг ирүүлж “...Танай компанид 2026 оны 03-р саоын 04-ний өдрийн М-ДБ-112-12/965 дугаартай албан бичгээр хүргүүлсэн захиалагчийн шийдвэрийг хэвээр үлдээснийг мэдэгдэж байна...” гэх хариуг ирүүлснээс үзэхэд Үнэлгээний хороо нь манай компанийг гадаад улсын оролцогч эсвэл Монгол Улсын ААН-тэй хамтран оролцож байгаа гадаад улсын Үйлдвэрлэгч болон гэрээт борлуулагч гэж үзсэн нь илэрхий байна. Мөн тендерт оролцох явцад оролцогчоос уг асуудлаар 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Захиалагчид хандан 3 асуулт бүхий тодруулга хүссэн байдаг. Үүний хариуд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн М-ДБ-112-12/527 дугаар албан бичгийн хавсралтаар дараах тодруулгыг өгсөн байдаг. Үүнд:
Монгол Улсын аж ахуйн нэгжийн хувьд БОУАӨЯ-наас олгодог тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралтыг ирүүлнэ. Зөвшөөрлийн гэрчилгээний хүчинтэй хугацаа нь бараа нийлүүлж дуусах хугацаанд хүчинтэй байхаас гадна нийлүүлэх барааны тоо хэмжээ нэр төрөл хавсралтад тодорхой тусгагдсан байхыг анхаарна уу. Тендерт оролцогч нь гадаад улсын Үйлдвэрлэгч болон гэрээт борлуулагч бол тухайн улсынхаа эрх бүхий байгууллагаас олгогдсон QR код бүхий экспортын зөвшөөрлийн бичигтэй байх шаардлагатай.
Тендерт оролцогч нь Монгол Улсын ААН бол импортын тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй байх шаардлагатай. Тендерт оролцогч нь гадаад улсын оролцогч эсвэл Монгол Улсын ААН-тэй хамтран оролцож буй гадаад улсын Үйлдвэрлэгч болон гэрээт борлуулагч бол тусгай зөвшөөрөл түүнчлэн тээвэрлэлт хийх өртөө нь химийн бодис хадгалах, ачилт хийх тусгай зөвшөөрөлтэй байхаас гадна тээвэрлэлтийг төмөр замаар хийх бол вагон захиалгын баримт, авто замаар хийх бол F ангиллын тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай” гэжээ.
Гэсэн хэдий ч манай компанийн зүгээс гадаадын оролцогчид тавигдсан шаардлагад заасан эрх бүхий байгууллагаас олгогдсон QR код бүхий хүчин төгөлдөр экспортын зөвшөөрлийн бичиг болон УБ төмөр замын олон улсын тээвэр зуучлалын төвийн 2026 оны 01-р сарын 29-ны өдөр 45/52 тоот албан бичгээр ЗҮ-өртөөнөөс Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ хүртэл төмөр замын захиалгыг саадгүй шуурхай зохион байгуулахад хамтран ажиллахад бэлэн тухай мэдэгдлийг давхар илгээсэн. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д “Оролцогч тендер шалгаруулалтын баримт бичигт заагаагүй баримт бичгийг ирүүлсэн нь тендерээс татгалзах үндэслэл болохгүй.” гэж заасантай нийцэж байгаа билээ. Мөн тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т "оролцогч" гэж энэ хуулийн 6.1-д зааснаар тендер ирүүлсэн аж ахуй эрхлэгчийг гэж тодорхойлоод 6 дугаар зүйлийн 6.1-д “тендер шалгаруулалтад аж ахуй эрхлэгч дангаараа, эсхүл түншлэлээр тендер ирүүлж болохоор” зааж энэ тохиолдолд 6.3, 6.3.1 дэх хэсэгт зааснаар хамтран оролцох тохиолдолд гэрээ байгуулах талаар заасныг дурдах нь зүйтэй.
Захиалагчийн 2026 оны 04-р сарын 08-ны өдөр М-ДБ-112-12/1716 дугаар бүхий мэдэгдэлд 2026 оны 03-р сарын 04-ний өдрийн М-ДБ-112-12/965 дугаартай албан бичгээр хүргүүлсэн захиалагчийн шийдвэрийг хэвээр үлдээсэн гэсэн бөгөөд Сангийн яамны 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 03/2243 тоот шийдвэрээр тендерийг хянан үзэх, тендерийг үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхээр шийдвэрлэсэн. Хэдийгээр 2026 оны 0З-р сарын 04-ний өдрийн М-ДБ-112-12/965 дугаартай шийдвэрийн хурлын тэмдэглэл, захиалагчийн шийдвэрүүд хүчингүй болж үйлчлэл нь дуусгавар болсон ба нэгэнт эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болсон захиргааны актыг шүүх хүчингүй болгох зохицуулалт байхгүй. Тус шийдвэрт дурдагдсан үндэслэл хэвээр үргэлжилж байгаа гэж үзэж 2026 оны 04-р сарын 08-ны өдөр М-ДБ-112-12/1716 дугаар бүхий мэдэгдэлд холбогдох хурлын тэмдэглэл, зөвлөмж, мэдэгдэлд холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа болно.
Манай компанийн хувьд тус тендерт гадаадын ямар нэгэн компанитай хамтран түншлэлээр оролцоогүй байхад Гадаад улсын оролцогч эсвэл Монгол Улсын ААН-тэй хамтран оролцож буй гадаад улсын Үйлдвэрлэгч болон гэрээт борлуулагч бол тусгай зөвшөөрөл түүнчлэн тээвэрлэлт хийх өртөө нь химийн бодис хадгалах, ачилт хийх тусгай зөвшөөрөлтэй байхаас гадна тээвэрлэлтийг төмөр замаар хийх бол вагон захиалгын баримт, авто замаар хийх бол F ангиллын тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай хэмээн шаардаж гадаад оролцогчийн шаардлагыг дотоодын оролцогчид тавьж шалгаруулахаас татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг тална" гэсэн зарчмыг захиалагч зөрчсөнд гомдолтой байна.
Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн ЭҮТӨҮГ/20250102041 дугаартай “Баяжуулалтын дарагч ” тендер шалгаруулалтын “Багц-1, 1-р ээлжид хэрэглэх зориулалттай хүхэрт натри”-д оролцсон ** ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэр /тэмдэглэлийн холбогдох хэсэг/-ийг хууль бус болохыг тогтоож, тендерийг зохих журмын дагуу үнэлэхийг даалгаж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн ЭҮТӨҮГ/20250102041 дугаартай “Баяжуулалтын дарагч урвалж” тендер шалгаруулалтын “Багц-1, 1-р ээлжид хэрэглэх зориулалттай хүхэрт натри”-д оролцсон ** ХХК-д 2026 оны 4 сарын 8-ны өдөр ирүүлсэн М-ДБ-1112-12/716 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” тендерт шалгаруулахаас татгалзсан тухай шийдвэрийг хүчингүй болгож, зохих журмын дагуу үнэлэхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн ЭҮТӨҮГ/20250102041 дугаартай “Баяжуулалтын дарагч урвалж” тендер шалгаруулалтын унэлгээний хорооны “**” Co.,Ltd-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн тендерээр унэлж, гэрээ байгуулах зөвлөмжийг хууль бус болохыг тогтоож, хүчингуй болгох:
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ.”, 28 дугаар зүйлийн 28.1.1-д "хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох:” 28.2-т "Энэ сүүлийн 28.1.2, 28.1.3-т заасан шийдвэрт түүний тендер шалгараагүй, эсхүл татгалзсан үндэслэлийг болон гэрээ байгуулах эрх олгосон оролцогчийн нэр, гэрээ байгуулах үнэ зэргийг зааж оролцогч тус бүрд нэгэн зэрэг мэдэгдэнэ." гэж заасан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд 26 дугаар зүйлд “Тендер хянан үзэх", ийнхүү тендерийг хянан үзээд мөн хуулийн 26.4-т зааснаар тухайн тендер шаардлагад нийцсэн тохиолдолд дараагийн буюу хуулийн 27 дугаар зүйлийн тендер үнэлэх” учиртай. Гэтэл “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20250102041 дугаартай баяжуулалтын дарагч урвалж” тендер шалгаруулалтын Багц-1, 1-р ээлжинд хэрэглэх зориулалттай Хүхэрт натриг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтад шалгарсан гэх “**” Co.,Ltd-ийн тендерийн материалыг шалгаж үзэхэд Захиалагчаас баталсан тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн (ӨХ)-ын ТШЗ-ын 16.3.1, 17.5, 18.2, 20.1.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байдаг. Энэ талаар гомдол гаргасан боловч Сангийн яамнаас 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн №03/3626 дугаартай “Гомдол буцаах тухай” шийдвэр ямар нэгэн дүгнэлт хийгээгүй тул нэхэмжпэлийг шууд шүүхэд гаргасан болно. Дээрх үндэслэлийг дараах байдлаар тодруулбал:
Тендерийн баримт бичгийн ТШЗ 16.3-н 1-д зааснаар Хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчипгээ, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг тодорхойлох баримт бичиг шаардсан.
“**” Co.,Ltd-ийн тендерийн материалын №007 дугаар бүхий бичигт ** гэх РД:** регистрийн дугаартай этгээдэд итгэмжлэл олгосон албан бичиг ирүүлсэн нь нотлох баримт болж чадахгүй байна. Учир нь итгэмжлэлийн иж бүрдэлд өөр нотлох баримтыг илгээгээгүй, мөн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь төлөөлүүлж байгаа компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хууль ёсны төлөөлөгчийн нотлох баримт, итгэмжлэл олгосон этгээдийн эрх бүхий байдлыг нотлох баримтуудыг илгээгээгүй байгаа нь ТШЗ 16.3.1-н шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Тендерийн баримт бичгийн ТШЗ 17.5-д: Санал болгох бараа нь техникийн тодорхойлолтод нийцсэнийг харуулах зорилгоор барааны лабораторийн шинжилгээний үр дүнг тендертээ хавсарган ирүүлнэ. (Олон улсын итгэмжлэгдсэн хөндлөнгийн этгээдийн шинжилгээний дүгнэлтийг хавсаргаж ирүүлнэ) гэж заасан. Гэтэл “**” Co.,Ltd-ийн тендерийн материалд хавсаргасан лабораторийн дүгнэлт нь:
2024 оны 06-р сарын 16-нд хариу гарсан байгаа нь 2026 онд хийгдсэн байх шаардлагыг хангахгүй байна. Мөн олон улсын итгэмжлэгдсэн SGS лабораторийн баримт бичиг нь QR кодоор баталгаажих ёстой байдаг бөгөөд тухайн баримт бичиг нь QR кодгүй, албан ёсны сувгаар баталгаажаагүй байсан тул манай компаниас SGS-ийн албан ёсны сувгаар шалгуулсан. Үүний дагуу 2026 оны 04-р сарын 12-ны өдөр [email protected] хаягт хүсэлт илгээж 2026 оны 04-р сарын 13-ны өдөр SGS-ээс албан ёсны хариуг авсан ба уг хариунд MSRTJ2400582-01 дугаартай баримт бичиг нь “SGS-ийн жинхэнэ эх баримт биш бөгөөд ямар ч хүчин төгөлдөр бус” гэж тодорхой мэдэгдсэн болно. Иймд тус баримт бичиг нь:
Хугацааны шаардлага хангаагүй,
MSRTJ400582-01 дугаартай лабораторийн дүгнэлт нь хуурамч болох нь батлагдсан тул ТШЗ 17.5-д заасан шаардлагыг хангахгүй байна. Жич: Имэйлээр ирсэн хариуг хавсаргав.
Тендерийн бичиг баримтын ТШЗ 18.2-ын Гадаадын оролцогчийн хувьд:
Багц №1:1-р ээлжинд хэрэглэх зориулалттай хухэрт натри:
Эрх бүхий байгууллагаас олгогдсон QR код бүхий хүчин төгөлдөр экспортын зөвшөөрлийн бичиг, 2.Тээвэрлэлтийг автозамаар эсхүл төмөр замаар хийх тухай мэдэгдэл. Хэрэв авто замаар тээвэрлэлтийг хийх бол холбогдох зөвшөөрлийн баримт бичиг. Төмөр замаар тээвэрлэлтийг хийх бол төмөр замын олон улсын вагоны захиалга хийсэн тухай нотлох баримт гэж шаардсан. “**” Co.,Ltd -ын хувьд 1000тн хүхэрт натриг авто замаар тээвэрлэхээр төлөвлөж тендерийн баримт бичгээ бэлтгэн ирүүлсэн байна. Хүхэрт натри бол аюултай ачаа учраас БНХАУ-ын шаардлагын дагуу аюултай ачааг хил хооронд тээвэрлэх бол F ангиллын зөвшөөрөл авч байж тээвэрлэх эрх үүснэ. Тус комлани тендерийн материалд хавсарган илгээсэн 6 ш F ангиллын зөвшөөрлийн бичиг нь бүгд 1 удаа хил нэвтрэх зөвшөөрөл бөгөөд хугацаа нь дууссан байгаа нь ТШЗ 18.2 шаардлагыг хангахгүй байна.
Тендерийн баримт бичгийн ТШЗ 20.1.1-д: Техникийн чадавх болон туршлагыг хангах нотлох баримт ирүүлэх эсэх: Тийм: Техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт: Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл: 1.2. Оролцогч нь үйлдвэрлэгчээс зөвшөөрөл авсан бол үйлдвэрлэгчийн зөвшөөрлийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ (үйлдвэрлэгчийн зөвшөөрөл дараах баримтуудын аль нэг байж болно. Үүнд: албан бичиг, хамтын ажиллагааны гэрээ. бусад нотлох баримт) гэж заасан.
Гэтэл “**” Co.,Ltd-нд хүхэрт натри бодисыг нийлүүлэгч **компанийн: Аюултай химийн бодисын үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл 2026 оны 03 дугаар сарын 01-ны өдөр дууссан байна. Аюултай химийн бодисын үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлийг https://whpdj.mem.gov.cn/publicInternet/companyData албан ёсны сайтаас нь шалгаж тодруулсан, хавсралтаар орчуулгыг албан ёсоор хавсаргав.
Тус ЭҮТӨҮГ/20250102041 дугаартай “Баяжуулалтын дарагч урвалж” тендерт нь 2026 оны 02-р сарын 09-ны өдөр нээлтээ хийж 2026 оны 03-р сарын 04-ны өдөр эхний шалгаруулалтын үр дүнг мэдэгдсэн. Манай компани нь эхний шалгаруулалтын үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй Сангийн Яаманд гомдол гаргасан бөгөөд тендерийн хороо тус тендерийг дахин үнэлж “**” Co.,Ltd-ийг шалгаруулахдаа хүхэрт натри бодисыг үйлдвэрлэгч болох **компанийн ‘Аюултай химийн бодисын үйлдвэрлэл эрхлэх” тусгай зөвшөөрлийг нь шалгаж үзэлгүй шалгаруулсан нь тендерийн хорооны гишүүд нь ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж үзэхээр байна. Иймд “**” Co.,Ltd нь ТШЗ 20.1.1-ийг хангаагүй байна.
Эдгээр үндэслэлүүдээс үзэхэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20250102041 дугаартай “Баяжуулалтын дарагч урвалж” тендер шалгаруулалтын Багц-1, 1-р ээлжинд хэрэглэх зориулалттай хүхэрт натри” тендер шалгаруулалтад “**” Co.,Ltd-ийг шалгаруулж, захиалагч тал гадаадын оролцогчийн хувьд тавигдсан шаардлагаар манай компанийг үнэлсэн байх боловч холбогдох мэдээллийг бүрэн хүргүүлсэн байхад үнэлгээнд зохих ёсоор харгалзан үзэлгүй татгалзсан нь үндэслэлгүй бөгөөд хууль зөрчсөн шийдвэр гаргасан байна. Тодруулбал, захиалагчаас тендерийн баримт бичгийг хянан үзэх үүргээ хангалттай зохих ёсоор биелүүлээгүй, үүргээ шударгаар хэрэгжүүлээгүйн улмаас манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.
Иймд ЭҮТӨҮГ/20250102041дугаартай “Баяжуулалтын дарагч урвалж” тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны “Багц-1, 1-р ээлжид хэрэглэх зориулалттай хүхэрт натри”-д оролцсон “**” Co.,Ltd-ийг хамгийн сайн тендер гэж үнэлсэн шийдвэр /тэмдэглэлийн холбогдох хэсэг/, гэрээ байгуулах зөвлөмжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдох “**” Co.,Ltd -тэй гэрээ байгуулах эрх олгосон 2026 оны 04-р сарын 08-ны өдөр М-ДБ-112-12/1716 дугаар бухий мэдэгдлийг
Захиалагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.3-т “Үнэлгээний хорооны зөвлөмж хууль тогтоомжид нийцэх эсэхэд хяналт тавих”, 48.2.4-д “Энэ хуульд заасан хугацаанд шийдвэр гаргах” эрхийн хүрээнд захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж үүрэгтэй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлд “Тендер хянан үзэх”, ийнхүү тендерийг хянан үзээд мөн хуулийн 26.4-т зааснаар тухайн тендер шаардлагад нийцсэн тохиолдолд дараагийн буюу хуулийн 27 дугаар зүйлийн “Тендер үнэлэх”, 28 дугаар зүйлийн “Захиалагч шийдвэр гаргах, түүнийг мэдэгдэх”, 30 дугаар зүйлд “Гэрээ байгуулах” зэрэг тендерийн шат дараалсан ажиллагаанууд хийгдэхээр хуульд зохицуулсан. Тус тендерийн маргаанд Захиалагч нь оролцогчийн зүгээс гомдол гаргасаар байтал хяналт тавьж шийдвэр гаргах чиг үүргээ хэрэгжүүлээгүйд гомдолтой байна. Иймд хянахаас татгалзаж, үнэлэх боломжгүй тендерийг үнэлж гэрээ байгуулах хууль бус зөвлөмж хүргүүлснийг захиалагч өөрөө нягтлан шалгалгүйгээр гэрээ байгуулах эрх олгосон нь хууль бус тул хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **ээс 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “**” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102041 дугаартай “Баяжуулалтын дарагч урвалж” тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчээр оролцож байгаа. “**” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102041 дугаартай “Баяжуулалтын дарагч урвалж” тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд холбогдох ЭҮТӨҮГ/20250102041дугаартай “Баяжуулалтын дарагч урвалж” тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны “Багц-1, 1-р ээлжид хэрэглэх зориулалттай хүхэрт натри”-д оролцсон “**” Со.,Ltd-ийг хамгийн сайн тендер гэж үнэлсэн шийдвэр /тэмдэглэлийн холбогдох хэсэг/, гэрээ байгуулах зөвлөмжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, тендерийг зохих журмын дагуу үнэлэхийг даалгах нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 05 дугаар сарын 05-ы өдөр 119/Ш32026/0230 дугаар захиргааны хэрэг үүсгэсэн.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдөр захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргасан, мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдөр захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг тус тус гаргасан байдаг. Уг хүсэлтийг шүүхээс шийдвэрлээгүй байх хугацаанд буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ болон “**” Со.,Ltd-ийн хооронд Худалдах-Худалдан авах гэрээ байгуулагдсан тухай мэдээллийг албан бус шугамаар олж авсан. Ингээд Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдөр уг гэрээ байгуулагдсан эсэх байгуулагдсан бол уг гэрээг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргасан. Ингээд хариуцагчийн зүгээс 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг шийдвэрлэх урьдчилсан хэлэлцүүлэг дээр гэрээ байгуулсан тухай мэдэгдэж, 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 319 дугаартай Худалдах-Худалдан авах гэрээг 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулсныг шүүхэд гаргаж өгснөөр гэрээтэй танилцлаа.
Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг гуравдагч этгээд Тендерийн баримт бичгийн ТШЗ 16.3-н 1, Тендерийн баримт бичгийн ТШЗ 20.1.1, Тендерийн бичиг баримтын ТШЗ 18.2, Тендерийн баримт бичгийн ТШЗ 17.5-д заасан шаардлагыг хангахгүй байхад тендерт хамгийн сайн үнэлж, гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл гаргасан нь хууль бус бөгөөд хүчингүй болгуулахаар маргадаг. Мөн манай компанид гадаад оролцогчид тавигдах шаардлагыг тавьж тендерийг хянан үзэхгүй байгаа хууль бус болохыг тогтоож, тендерийг зохих журмын дагуу хянан үзэх, үнэлэхийг даалгах нэхэмжлэлийг гаргасан байдаг. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх явцад захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг шүүхийн зүгээс шийдвэрлээгүй байх хугацаанд хариуцагч болон гуравдагч этгээдийн хооронд Худалдах-Худалдан авах гэрээг 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан нь манай компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироож байна. Учир нь нэгэнт хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан шийдвэр болон гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэлтэй маргаан үүсгэсэн байхад хариуцагчийн зүгээс дээрхийг үл ойшоон гэрээ байгуулж байгаа нь дээрх нэхэмжлэлийн шаардлагууд хангагдсан тохиолдолд манай компанийн тендерт үнэлүүлэх болон хууль бус шийдвэрийг хэрэгжүүлснээр бодит байдал дээр манай компани тухайн ажлыг гүйцэтгэх бодит боломжгүй болгох зорилготой үйлдэл байна. Мөн үндсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдаж шийдвэрлэгдсэн тохиолдолд байгуулсан гэрээг хүчингүй болгох нэмэгдүүлсэн шаардлага давхар хангагдах логик үр дагавартай байдгийг дурдах нь зүйтэй. Иймд худалдах худалдан авах гэрээ нь маргаан бүхий эрх зүйн актыг үргэлжлүүлж байгаа, шүүхээс гарах шийдвэрийн биелэгдэх боломжгүй болгох нөхцөл байдлыг үүсгэж байгаа, зөрчигдсөн эрхийг сэргээх шүүхийн зорилгыг үгүйсгэх үр дагавартай тул тус гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна.
Өөрөөр хэлбэл уг гэрээ хэрэгжсэнээр шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд манай компанийн тендер үнэлэгдэх, мөн гуравдагч этгээдийн ирүүлсэн материал нь шаардлагад нийцэхгүй гэж шүүхээс дүгнэсэн тохиолдолд хамгийн сайн үнэлэгдсэн шийдвэр өөрөө хүчингүй болох, анхнаасаа гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлсэн нь хууль бус болох зэрэг үр дагавартай бөгөөд манай компанийн тендер шалгарсан тохиолдолд санхүүгийн эрх ашгийг ноцтой хохироохоор байна. Мөн уг тендертэй холбоотой манай компани нь гүйцэтгэлийн баталгаанд мөнгө байршуулж, маргаан үүссэн тул үүнийг одоогоор буцаагаагүй хэвээр үргэлжлүүлж байгаа бөгөөд хуулийн болон тэмдэгтийн хураамж төлөхөөс эхлээд санхүүгийн зардал гаргаж хохирсоор байгаа билээ. Иймд үндсэн нэхэмжлэл болон одоо нэмэгдүүлж байгаа шаардлага нь хоорондоо шалтгаант холбоотой билээ. Гуравдагч этгээд нь шүүхээс нэхэмжлэлийг гардан авахгүй тодорхой хугацаа өнгөрөөсөн бөгөөд захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх урьдчилсан хэлэлцүүлэг дээр хүрэлцэн ирж оролцсон бөгөөд гэрээг хэрэгжүүлээд явж байгаа тухай тайлбарласан. Гэвч бодит байдал дээр шүүхийн зүгээс гуравдагч этгээдээр татсанаас хойш Компанийн төлөөлөгч менежертэй байнга холбогдож, нэхэмжлэлийг гардан авах талаар ажиллагаа хийж байсан бөгөөд өөрсдөө нэхэмжлэлийг гардан аваагүй, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн, гэрээ байгуулах зэрэг процессыг үргэлжлүүлсэн. Энэ үйлдэл нь нэгэнт захиргааны хэрэг үүссэнийг мэдсээр байж гэрээг хэрэгжүүлэх идэвхтэй үйлдэл хийгээд явж байсан компанийг нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар эрх ашиг сонирхол нь хөндөгдөнө гэж дүгнэж болохгүй нөхцөл байдал билээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4, 112.4.2 дэх хэсэгт журамласнаар шүүх худалдан авах ажиллагаатай холбоотой маргааныг 30 хоногийн дотор шийдвэрлэхээр заасан бөгөөд уг хугацаа хэдийнээ өнгөрснийг дурдах нь зүйтэй.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” Со.,Itd-ийн хооронд байгуулагдсан 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 319 дугаартай Худалдах- Худалдан авах гэрээг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, **, ** нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “**” ХХК-аас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102041 дугаартай “Баяжуулалтын дарагч урвалж” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын үнэлгээний хороо, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдуулан:
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102041 дугаартай Баяжуулалтын дарагч урвалж тендер шалгаруулалтын Багц-1, 1-р ээлжид хэрэглэх зориулалттай хүхэрт натри-д оролцсон “**” ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэр /тэмдэглэлийн холбогдох хэсэг/-ийн хууль бус болохыг тогтоож, тендерийг зохих журмын дагуу үнэлэхийг даалгах,
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102041 дугаартай “Баяжуулалтын дарагч урвалж” тендер шалгаруулалтын Багц-1, 1-р ээлжид хэрэглэх зориулалттай хүхэрт натри-д оролцсон **” Co.,Ltd-ийг хамгийн сайн гэж үнэлсэн шийдвэр /тэмдэглэлийн холбогдох хэсэг/, гэрээ байгуулах зөвлөмжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох.
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102041 дугаартай “Баяжуулалтын дарагч урвалж” тендер шалгаруулалтын Багц-1, 1-р ээлжид хэрэглэх зориулалттай хүхэрт натри-д оролцсон “**” ХХК-д 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ирүүлсэн М-ДБ-1112-12/716 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” тендерт шалгаруулахаас татгалзсан тухай шийдвэрийг хүчингүй болгож, зохих журмын дагуу үнэлэхийг даалгах.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102041 дугаартай “Баяжуулалтын дарагч урвалж” тендер шалгаруулалтын Багц-1, 1-р ээлжид хэрэглэх зориулалттай хүхэрт натри-д оролцсон **” Co.,Ltd-тэй гэрээ байгуулах эрх олгосон 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн М-ДБ-112-12/1716 дугаар бүхий мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Тендерийн үнэлгээний хороо нь дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Үүнд:
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102041 дугаартай Баяжуулалтын дарагч урвалж тендер шалгаруулалтын Багц-1, 1-р ээлжид хэрэглэх зориулалттай хүхэрт натри-д оролцсон “**” ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэр /тэмдэглэлийн холбогдох хэсэг/-ийн хууль бус болохыг тогтоож, тендерийг зохих журмын дагуу үнэлэхийг даалгах шаардлагын тухайд:
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/57 дугаар тушаалаар “Баяжуулалтын дарагч урвалж” ЭҮТӨҮГ/20250102041 нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Тус үнэлгээний хороо нь “Баяжуулалтын дарагч урвалж” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зарлаж, 2025 оны 05 дугаар сарын 12-ны нээсэн бөгөөд үр дүнд нь “**” Co.,Ltd шалгарч тус компанитай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй буюу нийлүүлэлтийг хийж чадаагүйн улмаас гэрээ цуцлагдаж, тендерийг дахин зарлах захиалагчийн шийдвэр гарсан.
Тус үнэлгээний хороо нь 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр хурлаараа тендерийг дахин зарлах болсонтой холбогдуулан Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газарт хандаж, тендерт дахин төлөвлөлт хийлгэсний үндсэн дээр тендер шалгаруулалтын баримт бичиг боловсруулах шийдвэрийг гаргасан. Улмаар 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар хурлаараа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т “Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 50.2.1-д “тендер шалгаруулалтын баримт бичиг, зарлал, урилга боловсруулах, тендер хүлээн авах” 11 дүгээр зүйлийн 11.1-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жишиг баримт бичиг, маягт, гэрээний нөхцөл болон холбогдох журам, аргачлалын дагуу боловсруулж, захиалагч батална” гэж заасны дагуу тендер шалгаруулалтын баримт бичгийг боловсруулж, захиалагч батлан ЭҮТӨҮГ/20250102041 дугаартай Баяжуулалтын дарагч урвалж нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын зарыг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (tender.gov.mn)-д олон нийтэд ил тод, нээлттэй нийтэлсэн. Сонирхогч этгээдээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19-р зүйлийн 19.1 “Сонирхогч этгээд тендер шалгаруулалтын баримт бичигт заасан асуудлаар тодруулга авах хүсэлтийг захиалагчид тендерийн нээлтээс ажлын таваас доошгүй өдрийн өмнө бичгээр гаргаж болно”-д зааснаар тодруулга авах хүсэлт гаргасан бөгөөд тодруулгын хариуг захиалагч 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн М-ДБ-112-12/527 дугаар албан бичгээр хуулийн 19.3-т “Тодруулгыг цахим системд нээлттэй байршуулснаар сонирхогч этгээдэд хүргүүлсэнд тооцно”-д зааснаар цахим системд нээлттэй байршуулсан. Оролцогчдод дараах байдлаар тодруулгын хариуг өгсөн. Үүнд:
ТШЗ 18.2 Тусгай зөвшөөрөл: Монгол Улсын аж ахуйн нэгжийн хувьд, зөвхөн БОУАӨЯ-наас олгодог тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралтыг илгээхэд хангалттай гэж ойлгогдож байна. Тендерт оролцогч нь Монгол Улсын ААН бөгөөд үйлдвэрлэгч эсвэл гэрээт борлуулагчтай хамтын ажиллагааны гэрээтэй байх тохиолдолд үйлдвэрлэгч эсвэл борлуулагчийн эрх бүхий байгууллагаас олгогдсон QR код бүхий экспортын зөвшөөрлийн бичиг шаардагдах эсэх?
Монгол Улсын аж ахуйн нэгжийн хувьд БОУАӨЯ-наас олгодог тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралтыг ирүүлнэ. Зөвшөөрлийн гэрчилгээний хүчинтэй хугацаа нь бараа нийлүүлж дуусах хугацаанд хүчинтэй байхаас гадна нийлүүлэх барааны тоо хэмжээ, нэр төрөл хавсралтад тодорхой тусгагдсан байхыг анхаарна уу.
Тендерт оролцогч нь гадаад улсын оролцогч эсвэл Монгол Улсын ААН-тэй хамтран оролцож буй гадаад улсын Үйлдвэрлэгч болон гэрээт борлуулагч бол тухайн улсынхаа эрх бүхий байгууллагаас олгогдсон QR код бүхий экспортын зөвшөөрлийн бичигтэй байх шаардлагатай.
ТШЗ 18.2 Тендерт оролцогч нь Монгол Улсын ААН бол импортын тусгай зөвшөөрлийн гэрчилгээнээс гадна тээвэрлэлт хийхтэй холбоотой ямар нэгэн бичиг баримт шаардагдах эсэх? Төмөр замаар тээвэрлэлт хийх вагоны захиалгын баримт шаардлагатай эсэх?
Тендерт оролцогч нь Монгол Улсын ААН бол импортын тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй байх шаардлагатай. Тендерт оролцогч нь гадаад улсын оролцогч эсвэл Монгол Улсын ААН-тэй хамтран оролцож буй гадаад улсын Үйлдвэрлэгч болон гэрээт борлуулагч бол тусгай зөвшөөрөл түүнчлэн тээвэрлэлт хийх өртөө нь химийн бодис хадгалах, ачилт хийх тусгай зөвшөөрөлтэй байхаас гадна тээвэрлэлтийг төмөр замаар хийх бол вагон захиалгын баримт, авто замаар хийх бол F ангиллын тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай.
ТШЗ 20.1 1.2 Оролцогч нь үйлдвэрлэгчээс авсан зөвшөөрлийн баримтын хуулбарыг нотариатаар гэрчлүүлэх тухайд үйлдвэрлэгчийн үйл ажиллагаа эрхэлдэг буюу БНХАУ-ын нотариатын байгууллагаар гэрчлүүлэх, эсвэл оролцогчийн үйл ажиллагаа эрхэлдэг Монгол Улсын нотариатчаар гэрчлүүлэх нь шаардлага хангах тухай буюу аль Улсын нотариат болохыг тодруулж өгнө үү.
Оролцогч нь үйлдвэрлэгчээс авсан зөвшөөрлийн баримтын хуулбарыг нотариатаар гэрчлүүлэхдээ БНХАУ-ын нотариатын байгууллага эсвэл оролцогчийн үйл ажиллагаа эрхэлдэг Монгол Улсын нотариатын байгууллага аль алинаар нь гэрчлүүлж болно. БНХАУ-ын нотариатын байгууллагаар гэрчлүүлсэн тохиолдолд баталгаат орчуулгаар албажуулж, баталгаажуулан орчуулсан байхыг анхаарна уу гэсэн хариуг оролцогчдод өгсөн. Тендерийг 2026 оны 02 дугаар сарын 09-ны өдөр нээхэд 10 компани оролцохоор тендер ирүүлсэн байдаг.
Үнэлгээний хорооны 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар хурлаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50.2.2-т зааснаар тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх чиг үүргийг хэрэгжүүлэн “Баяжуулалтын дарагч урвалж” Багц №:1, 1-р ээлжид хэрэглэх зориулалттай хүхэрт натри тендерт “**” ХХК, “**” ХХК, “**” Co.,Ltd гэсэн гурван компанийн тендерийг шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн гэж үзсэн ба хамгийн бага харьцуулах үнэтэй “**” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн үнэлэгдсэн тендер”-ээр шалгаруулж гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн.
Захиалагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.3 үнэлгээний хорооны зөвлөмж хууль тогтоомжид нийцэх эсэхэд хяналт тавих эрх, үүргийн дагуу Үнэлгээний хорооны зөвлөмжид захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж, 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн ХАХМ/202603001 дугаар дүгнэлтийг гаргаж, “Баяжуулалтын дарагч урвалж” Багц №:1, 1-р ээлжид хэрэглэх зориулалттай хүхэрт натри тендерт “**” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн үнэлгээний хорооны зөвлөмжийг үндэслэлгүй гэж үзэн, уг тендерийг дахин нягтлан үзэх гэсэн дүгнэлтийг гаргасан.
Үнэлгээний хороо 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 04 дүгээр хурлаар Захиалагчийн хяналтыг хэрэгжүүлсэн дүгнэлтийг хэлэлцэж, тендерийг дахин нягтлан хянан үзэж, дүгнэх ажиллагааг хийгээд “** “ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн.
Захиалагч үнэлгээний хорооны дээрх зөвлөмжид үндэслэн “**” ХХК-д 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн М-ДБ-112-12/962 дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүргүүлсэн бол, “**” ХХК-д 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн М-ДБ-112-12/965 дугаар албан бичгээр дараах үндэслэлээр шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн гэж үзэн татгалзсан тухай мэдэгдсэн. Үүнд:
ТШЗ 18.2-ын 2. Тээвэрлэлтийг авто замаар эсхүл төмөр замаар хийх тухай мэдэгдэл. Хэрэв авто замаар тээвэрлэлтийг хийх бол холбогдох зөвшөөрлийн баримт бичиг, Төмөр замаар тээвэрлэлтийг хийх бол Төмөр замын олон улсын вагоны захиалга хийсэн тухай нотлох баримт ирүүлнэ гэж заасан байхад “**” ХХК нь тээвэрлэлтийг төмөр замаар хийх тухай мэдэгдэл ирүүлсэн бөгөөд төмөр замаар тээвэрлэх зөвшөөрлийн бичиг, вагон захиалга хийсэн тухай баримт ирүүлээгүй гэж хянан үзэж, тус компанийн тендерээс татгалзсан тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Захиалагчийн “**” ХХК-д 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн М-ДБ-112-12/965 дугаар албан бичгээр тендерт шалгаруулахаас татгалзсан мэдэгдэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ.”, 26.4-д “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ” , 26.4.1-д “энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх”, 26.9-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 26.10-д “Энэ хуулийн 26.9-д зааснаас бусад тендер болон дараах тендерийг шаардлага хангаагүй гэж үзэж татгалзана”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана”, 28.1.1-д “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох”, 28.1.3-д “шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах”, 28.2-т “Энэ хуулийн 28.1.2, 28.1.3-т заасан шийдвэрт түүний тендер шалгараагүй, эсхүл татгалзсан үндэслэлийг болон гэрээ байгуулах эрх олгосон оролцогчийн нэр, гэрээ байгуулах үнэ зэргийг зааж оролцогч тус бүрд нэгэн зэрэг мэдэгдэнэ” гэж заасныг хэлбэрэлтгүй баримталсан тул хуульд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр болсон. Үнэлгээний хорооны “**” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үнэлж татгалзсан шийдвэрийг Сангийн яамны 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 03/2243 дугаартай “Гомдол хянасан тухай” шийдвэрээр үндэслэлтэй гэж үзэн баталгаажуулсан байдаг.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102041 дугаартай “Баяжуулалтын дарагч урвалж” тендер шалгаруулалтын Багц-1, 1-р ээлжид хэрэглэх зориулалттай хүхэрт натри-д оролцсон **” Co.,Ltd-ийг хамгийн сайн гэж үнэлсэн шийдвэр /тэмдэглэлийн холбогдох хэсэг/, гэрээ байгуулах зөвлөмжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох шаардлагын тухайд:
Тендер шалгаруулалтын үр дүнтэй холбоотойгоор “Баяжуулалтын дарагч урвалж” Багц №: 1-р ээлжид хэрэглэх зориулалттай хүхэрт натри тендер шалгаруулалтад оролцогч “**” Co.,Ltd болон “**” ХХК-аас Сангийн яаманд гомдол гаргасантай холбогдуулан Сангийн яамны 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 03/1661 дугаар албан бичиг, 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 03/1703 дугаар албан бичгээр тус тус гомдлыг хянан шийдвэрлэх хугацаанд тендер шалгаруулалтыг түдгэлзүүлж байгааг мэдэгдсэн. Улмаар Сангийн яамнаас ** Co.,Ltd гаргасан гомдлыг хянаад 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 03/2242 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгээр дараах шийдвэрийг ирүүлсэн. Тус шийдвэрт:
“**” Co.,Ltd компанийн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг хянан үзэхэд үндэслэлтэй байна.
Захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон “**” ХХК-ийн тендерийг хянан үзээд “**” ХХК “**” ХХК-ийн хооронд ачаа барааг тээвэрлэх талаар нотлох баримт мэдээлэл, баримт бичиг ирүүлээгүй байх тул “**” ХХК дээр дурдсан ТШЗ 18.2-ын 1-д заасан шаардлагад нийцсэн эсэхийг нягтлах шаардлагатай байна.
Иймд хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн захиалагчийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн М-ДБ-112-12/962 тоот шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж байна.
Хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2-т заалтад үндэслэн тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдье.
Мөн Сангийн яамнаас “**” ХХК-ийн гаргасан гомдлыг хянаад 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 03/2243 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгээр дараах шийдвэрийг ирүүлсэн. Тус шийдвэрт:
Гомдолд дурдсан үндэслэлээр “**” ХХК-ийн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг хянан үзлээ.
Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.2-т Багц №1, 1-р ээлжид хэрэглэх зориулалттай хүхэрт натри, 2. Тээвэрлэлтийг авто замаар эсхүл төмөр замаар хийх тухай мэдэгдэл. Хэрэв авто замаар тээвэрлэлтийг хийх бол холбогдох зөвшөөрлийн баримт бичиг, Төмөр замаар тээвэрлэлтийг хийх бол Төмөр замын олон улсын вагоны захиалга хийсэн тухай нотлох баримт. Тусгай зөвшөөрөл болон тээвэрлэлт хийхтэй холбоотой холбогдох баримт бичгийн хүчинтэй хугацаа нь III бүлгийн “Бараа нийлүүлэлтийн хуваарь”-ийн “7 дугаар багана буюу нийлүүлэгчийн санал болгох хугацаа дуустал хүчинтэй байна.” гэж, худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-д 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нийтэлсэн тодруулгад “2.Тендерт оролцогч нь гадаад улсын оролцогч эсвэл Монгол Улсын ААН-тэй хамтран оролцож буй гадаад улсын Үйлдвэрлэгч болон гэрээт борлуулагч бол тусгай зөвшөөрөл түүнчлэн тээвэрлэлт хийх өртөө нь химийн бодис хадгалах, ачилт хийх тусгай зөвшөөрөлтэй байхаас гадна тээвэрлэлтийг төмөр замаар хийх бол вагон захиалгын баримт, авто замаар хийх бол F ангиллын тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай” гэж заасан байна.
Захиалагч “**” ХХК-ийн тендерээс дээр дурдсан ТШЗ 18.2-ын 2-т заасан “Тээвэрлэлтийг авто замаар эсхүл төмөр замаар хийх тухай мэдэгдэл. Хэрэв авто замаар тээвэрлэлтийг хийх бол холбогдох зөвшөөрлийн баримт бичиг, Төмөр замаар хийх бол Төмөр замын олон улсын вагоны захиалга хийсэн тухай нотлох баримт” гэсэн шаардлагад нийцээгүй гэж татгалзсан байна. “**” ХХК-аас “Улаанбаатар төмөр замын олон улсын тээвэр зуучлалын төвийн “...хүхэрт натри бодисын тээврийг ** өртөөнөөс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хүртэл төмөр замын захиалгын дарааллын дагуу ачилтыг саадгүй шуурхай зохион байгуулан хамтран ажиллахад бэлэн байна.” гэсэн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 45/52 тоот албан бичгийг ирүүлсэн байх боловч вагон захиалга хийсэн нь тодорхойгүй байгаад үндэслэн дээр дурдсан ТШЗ 18.2-ын 2-т заасан “...Төмөр замаар тээвэрлэлтийг хийх бол Төмөр замын олон улсын вагоны захиалга хийсэн тухай нотлох баримт” гэсэн шаардлагад нийцээгүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна.
Гомдолд дурдсан үндэслэлээр захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон “**” ХХК-ийн тендерийг хянан үзлээ ...Иймд хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн захиалагчийн 2026 оны 03 дугаар сарын 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн М-ДБ-112-12/962 тоот шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж байна.
Хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2-т заалтад үндэслэн тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдье гэсэн шийдвэрийг ирүүлсэн. Үнэлгээний хороо нь Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2, Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалаар баталсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 1.3 дахь заалтуудыг баримтлын Сангийн яамны дээрх шийдвэрүүдийн дагуу тендерийг дахин хянан үзэх, үнэлэх ажиллагааг 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 05 дугаар хурлаараа хийж, үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар “Баяжуулалтын дарагч урвалж” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/20250102041 дугаартай нээлттэй тендерийн Багц№1, 1-р ээлжинд хэрэглэх зориулалттай хүхэрт натри тендерт “**” ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр болсон тул хууль бус гэж үзэж, хүчингүй болгох үндэслэлгүй.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102041 дугаартай “Баяжуулалтын дарагч урвалж” тендер шалгаруулалтын Багц-1, 1-р ээлжид хэрэглэх зориулалттай хүхэрт натри-д оролцсон “**” ХХК-д 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ирүүлсэн М-ДБ-1112-12/716 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” тендерт шалгаруулахаас татгалзсан тухай шийдвэрийг хүчингүй болгож, зохих журмын дагуу үнэлэхийг даалгах,
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102041 дугаартай “Баяжуулалтын дарагч урвалж” тендер шалгаруулалтын Багц-1, 1-р ээлжид хэрэглэх зориулалттай хүхэрт натри-д оролцсон **” Co.,Ltd-тэй гэрээ байгуулах эрх олгосон 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн М-ДБ-112-12/1716 дугаар бүхий мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох,
Дээр дурдсан үнэлгээний хорооны хууль тогтоомжийн хүрээнд гаргасан шийдвэр, зөвлөмжийг үндэслэн Захиалагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 28.1.”Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана”, 28.1.1.”хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох”, 28.1.2.”шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хамгийн сайн тендер ирүүлээгүй бусад оролцогчийн тендер шалгараагүй тухай” гэж заасныг үндэслэн ** ХХК-д 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн М-ДБ-112-12/1713 дугаар албан бичгээр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг хүргүүлж, бусад оролцогч компаниудад тус тус албан бичгээр тендерт шалгараагүй тухай мэдэгдлийг хүргүүлсэн бөгөөд “**” ХХК-д 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн М-ДБ-112-12/1716 дугаартай албан бичгээр өмнө нь 2026 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн М-ДБ-112-12/965 дугаар албан бичгээр хүргүүлсэн захиалагчийн шийдвэрийг хэвээр үлдээсэн болохыг мэдэгдсэн нь хуульд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр болсон.
Үнэлгээний хороо нь Сангийн яамны гомдол хянасан шийдвэрийн дагуу хуульд заасан эрхийн хүрээнд маргаан бүхий тендерт дахин үнэлгээ хийж холбогдох шийдвэр, зөвлөмжийг тус тус гаргасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7 “Үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ”, Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 “Энэ хуулийн 98.1-д заасан захиргааны актыг холбогдох захиргааны байгууллага заавал биелүүлнэ” дахь хэсэгт заасантай нийцэж байх тул Үнэлгээний хороог дахин тендерийг хянан үзэж, үнэлэхийг даалгах боломжгүй байна. Иймд дээр дурдсанаар “**” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагууд хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх тайлбарыг гаргаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч ** тус тайлбараа шүүх хуралдаанд дэмжиж оролцов.
7. Гуравдагч этгээд “**” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие танай шүүхээр хянан хэлэлцэгдэх “**” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын тендерийн үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож байгаа билээ.
“**” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Манай компани нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2025-12-26-ны өдөр зарласан “Баяжуулалтын дарагч урвалж” ЭҮТӨҮГ/20250102041 дугаартай тендер сонгон шалгаруулалтын Багц-1, 1-р ээлжид хэрэглэх зориулалттай хүхэрт натрид оролцсон.
Тендер 2026 оны 2 дугаар сарын 09-ны өдөр нээгдсэн ба захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2026-03-04-ний өдөр М-ДБ-112-12/961 дугаартай мэдэгдлээр “...танай ирүүлсэн тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасан эрэмбийн 2 дугаарт эрэмбэлэгдсэн болно. Тус тендер шалгаруулалтад 1 дүгээрт “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдсэн. Улмаар оролцогч “** Co.,Ltd” компани, “**" XXK-aac захиалагчийн шийдвэрт гомдол гаргасан байсан.
“** Co.,Ltd”-ийн гомдлыг Сангийн яам хянаад “...Хятадын төмөр замын 95306 цахим системд хийсэн 202602РҮ568375 дугаартай захиалгын мэдээлэл баталгаажаагүй “Хүлээгдэж байна” гэсэн төлөвтэйд үндэслэн дээр дурдсан ТШЗ 18.2-ын 2-т заасан шаардлагад нийцээгүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна." , “**” ХХК “**” ХХК-ийн хооронд ачаа барааг тээвэрлэх талаар нотлох мэдээлэл, баримт бичиг ирүүлээгүй байх тул “**” ХХК дээр дурдсан ТШЗ 18.2-ын 1-д заасан шаардлагад нийцэх эсэхийг нягтлах шаардлагатай.” гээд тендер сонгон шалгаруулалтыг хуульд нийлүүлэн дахин үнэлэх шийдвэр гаргасан байдаг. “**” ХХК-аас гаргасан гомдлыг Сангийн яам хянаж үзээд “**” ХХК-аас Улаанбаатар төмөр замын олон улсын тээвэр зуучлалын төвийн “...хүхэрт натри бодисын тээврийг ** өртөөнөөс “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ хүртэл төмөр замын захиалгын дарааллын дагуу ачилтыг саадгүй шуурхай зохион байгуулахад хамтран ажиллахад бэлэн байна” гэсэн 2026 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 45/52 тоот албан бичгийг ирүүлсэн байх боловч вагон захиалга хийсэн нь нотлогдохгүй байгаад үндэслэн дээр дурдсан ТШЗ 18.2-ын 2-т заасан шаардлагад нийцээгүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй.” гэж, “**”ХХК “**” ХХК-ийн хооронд ачаа барааг тээвэрлэх талаар нотлох мэдээлэл, баримт бичиг ирүүлээгүй байгааг анхаарах шаардлагатай байсан байна. Иймд хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн захиалагчийн 2026-03-04-ний өдрийн М-ДБ-112-12/962 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож байна. Тендер сонгон шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийлүүлэн дахин үнэлэх шийдвэр гаргасан байдаг.
Улмаар захиалагч дахин үнэлгээ хийгээд манай компанийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерт оролцогчоор шалгаруулан 2026-04-08-ны өдрийн М-ДБ-112-12/1713 дугаартай гэрээ байгуулах тухай мэдэгдлийг манай компанид ирүүлсэн. “** Co.,Ltd”-aac манай компанийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан захиалагчийн шийдвэрт Сангийн яаманд гомдол гаргасан ба Сангийн яамны зүгээс гомдлыг хянаж үзээд 2026-04-27-ны 03/4099 тоот албан тоотыг захиалагчид хүргүүлсэн ба оролцогчийн тухайн гомдолд дурдсан 6 үндэслэлийг захиалагч зөв шийдвэрлэсэн тул тендер сонгон шалгаруулалтыг хуульд заасны дагуу үргэлжлүүлэх шийдвэр гаргасан байдаг. Улмаар захиалагчийн зүгээс тендерийн баталгааг байршуулан гэрээ байгуулах тухай мэдэгдсэн. Тендер сонгон шалгаруулалтад гадаадын хуулийн этгээд нь ТШЗ 21.6-д зааснаар Incoterms 2020 DAP, CIP нөхцөлөөр санал ирүүлэх ёстой. Монгол улсын оролцогчийн хувьд DDP “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар нөхцөлөөр санал болгосон.
Ийнхүү манай компаний тендер сонгон шалгаруулалтад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөө бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон захиалагчаас баталсан тендер шалгаруулалтын баримт бичигт заасан баримт, мэдээллийг зохих ёсоор бүрдүүлж, хууль ёсоор шалгарсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
8. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч манайхыг шалгарах ёсгүй гээд одоо яриад байгаа 4 үндэслэлийг бид нотлох баримт судлахад хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг ирүүлээгүй гэсэн боловч ирүүлсэн байна. Нотлох баримтаар Оюунсүрэнд итгэмжлэх эрхгүй этгээдэд итгэмжлэл олгосон гэсэн боловч ирүүлсэн байна. Тээврийн F зөвшөөрөл гэж байна. Тэр нь бүтэн жилээр гардаг. Бас буруу ойлголттой явдаг юм байна гэдгийг түрүүнд дурдсан. Дараагийн нэг үндэслэл нь SGS лабораторийн дүгнэлт байгаа. SGS лабораторийн дүгнэлт гээд өөрсдөө сайн дурын байгууллага руу нь мэйл явуулчихсан. Тэгсэн мөртөө тэрнийхээ орчуулгыг буруу орчуулчихсан. Дараагийн шат руу дамжуулъя гэсэн Англи хэл дээр байгаа юмыг буруу орчуулчихсан байдаг. Энэ баримтыг үнэлэх боломжгүй. Дөрөвдүгээр үндэслэл нь манайхыг үйлдвэрлэгчийн зөвшөөрөл ирүүлээгүй байна, нотариатаар батлуулаагүй байна гэдэг. Үүнийг сая нотлох баримт дээр 20.1 дээр байна гээд бүгдийг нь гаргаад ирлээ. Бүх баримтууд нь байна. Бид хүчин төгөлдөр бичиг баримтуудыг бүгдийг нь ирүүлсэн. Шаардлагад нийцсэн, Сангийн яам бас танай гомдлыг хянасан. Манайхыг хэд хэдэн удаагийн Үнэлгээний хорооны шийдвэрээр шаардлага хангасан тендер байна гээд үнэлсэн. Хууль журмынхаа дагуу 6 хоногийн дараа гэрээ байгуулах эрх олгосон. Эрх олгосон мэдэгдлээ аваад гэрээ байгуулаад хэрэгжүүлээд явж байгаа компани. Гэтэл яг үнэндээ нэхэмжлэгчийг сайн ойлгохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд ч ойлгогдохгүй төөрчихлөө. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна” гэв.
9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлт, тайлбартаа: “Нэгдүгээрт тендер шалгаруулалттай холбоотой үйл баримт дээр тодорхой алдаа гарсан гэж харагдаж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар 28, 26, 27 дугаар зүйлүүдэд Үнэлгээний хорооны гаргах шийдвэрийн хэлбэрийг тоочих хэлбэрээр зааж өгсөн. 28 дугаар зүйлд захиалагч тус бүр дээр аль тохирохыг гаргана гэж байгаа юм. 26 дугаар зүйлийн 26.4-т тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг хянана гэж байгаа юм. Манай компанид татгалзсан мэдэгдэл өгөхдөө 26 дугаар зүйлийн 4 үндсэн үндэслэлийн яг алийг нь бариад байгаа гэдгээ огт мэдэгдээгүй. Мэдэгдэл дээр энэ талаар үндэслэлийг дурдаагүй. Иймд бид 26.4.4-өөр асуудлыг шийдсэн юм болов уу гэж таамаглаж байгаа. Захиалагч татгалзах, ямар шийдвэр гаргах талаар шийдвэрийн хэлбэрийг заасан. Гэтэл хамгийн сүүлд өгсөн биднээс татгалзаж байгаа маргаан бүхий захиргааны акт дээр өмнөх шийдвэрээ хэвээр үлдээж байгаа гэдэг агуулгаар шийдсэн. Захиргааны актын агуулга, томьёолол бас ингэж байгаа, мөн яг энэ агуулгаар асуултад хариулсан. Захиргааны байгууллага шийдвэрийг ингэж гаргадаг хэлбэрийг 26 дугаар зүйлд хуульчлаагүй. Өмнөх тендерийн процесс нь үргэлжлээд байгаа юм уу, дахиж хянасан юм уу гэдэг талаар ойлголт, мэдээлэл байхгүй. Үүнтэй холбоотой Үнэлгээний хорооны тэмдэглэлд яригдсан зүйл байгаагүй.
Тендерийг хүчингүй болгоод бүхэлд нь хянах Сангийн яамны шийдвэрийн агуулга, эргээд хянасан татгалзсан байдаг юм уу, үнэлэхээс татгалзсан байдаг юм уу, хянахаас татгалзсан байдаг юм уу энэ шийдвэрийн үндсэн хэлбэр агуулга байхгүй харагдаад байна. Үүнийг шүүх анзаарч үзээсэй гэж хүсэж байна. Хоёрдугаарт манай компанийн тендерийг хянан үнэлээгүйтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлах нь зүйтэй байх. 3 дугаар сарын 04-ний өдрийн 965 дугаар мэдэгдэл дээр өмнөх нь хэвээрээ байгаа гэдэг агуулгаар яваад байгаа учраас бид бүр урагш очоод гадаад оролцогч буюу 18.2-т заасан үндэслэлд нь холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагаа гаргаад тайлбараа хийж байгаа юм. Хариуцагчийн зүгээс шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байгаа. Гэхдээ нэхэмжлэгч энэ хоёрын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хооронд зөрүү байхгүй байна. Яагаад гэвэл талуудын маргаж, мэтгэлцэж байгаа, шүүхээр дүгнүүлэх гэж байгаа хүсэл зориг давхцаж байна гэж хараад байгаа юм. Манайх төмөр замаар тээвэрлэхтэй холбоотой Улаанбаатар төмөр замын тодорхойлолтыг өгсөн. Үүнийг нотлох баримт биш гэж маргаад байна. Нэхэмжлэгчийн зүгээс энэ нь заавал шаардлагагүй баримт, нэмэлтээр өгсөн материал учраас үнэлэгдэх албагүй, мөн дээрээс нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ үзүүлэх тухай хуульд зааснаар татгалзах үндэслэл болохгүй гэдэг агуулгаар маргаж байна. Анх тендер шалгаруулалтын баримт бичгийг боловсруулсан хуралдааны тэмдэглэлээс эхлээд шүүх юм бол тендер шалгаруулалтын баримт бичгийг боловсруулсан хуралдааны тэмдэглэл дээр Үнэлгээний хорооны гишүүд болох ** дарга, **, мөн ** гэдэг хүмүүс гадаад оролцогчид энэ шаардлагыг тавья гэдэг агуулгыг хэлээд, саналаа хураагаад ямар хүснэгт дээр нь яаж оруулах талаар хоорондоо ярилцаад ингээд тендер шалгаруулалтын баримт бичгийнхээ шаардлагуудыг боловсруулсан нь 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаартай хуралдааны тэмдэглэл дээр тодорхой заасан байгаа.
Жишээ нь ** дарга “Гадаадын компаниудтай тусгай зөвшөөрлийн шаардлагыг нь арай өөр газар бичих ёстой юу, эндээ оруулах ёстой юу” гээд асууж байгаа юм, **ээс “Одоо гадаад компанид эндээ цуг оруулаад явсан нь дээр” гэдэг. 18.1.1-д Монгол улсын хуулийн этгээд, мөн гадаад улсын хуулийн этгээдэд тавигдах шаардлагыг цугт нь оруулчихсан. Багц-1, 2, 3 гэдэг бол үндсэндээ нэг заалтыг 3 тендер дээрээ ялгаж хийж өгсөн байдаг. Төмөр замын тээвэрлэлт, F зөвшөөрлийн асуудлуудыг хамтад нь оруулчихсан хүснэгтийг хамт оруулсан баримт бичгийг авсан. Оролцогчийн зүгээс тодорхой эргэлзээ төрөөд үүнтэй холбоотой тайлбарыг авсан. Тайлбар дээр маш тодорхой дурдсан 4 субъект байна. Монгол улсын хуулийн этгээд, гадаад оролцогч, хамтран оролцогч, гэрээт дистрибьютер гээд 4 субъектийг зааж өгсөн байна. Энэ 4 субъектүүдийг зааж өгсөн асуудлаа хожим Үнэлгээний хорооны дарга өөрөө “**” ХХК-ийн тендерийг үнэлэхдээ яг энэ ангиллаар нь задалж өөрөө хэлсэн байдаг. ** дарга “**” ХХК-ийг “Үйлдвэрлэгч нь өөр юм байна, гэрээт борлуулагч нь өөр юм байна, худалдааны эрхтэй” гэж томьёолсон. Гэсэн хэрнээ яг төгсгөл хэсэг дээр нь үүнийхээ эсрэг логикоор “Үүн дээр нь экспортын зөвшөөрөл ер нь харагдахгүй байгаад байна” гэдэг агуулгатай үгийг хэлсэн байгаа юм. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад “**” ХХК-ийн гаргаж өгсөн үндсэн үйлдвэрлэгчийн зөвшөөрлийн хугацаан дээр гуравдагч этгээд маргаад байсан учраас хугацааг тодруулсан. Үндсэн үйлдвэрлэгчээс дистрибьютер компанид өгсөн дистрибьютерийн эрхийн цэнхэр өнгийн сертификат хуулийн хугацааны хувьд маргаангүй, орчуулгатайгаа байсан. Дистрибьютерийн болон үйлдвэрлэгч компаниас манайх худалдан авах эрх авахтай холбоотой баримтыг гаргаж өгсөн. Хариуцагчийн зүгээс судлуулъя гээд судлуулсан.
Гэхдээ ямар агуулгаар судлуулаад байна вэ гэвэл манайхыг дистрибьютер гэж тайлбарлаад байгаа юм. Гэтэл бодит байдал дээр үгүй. Дистрибьютерийн эрхийн сертификат, гэрчилгээ болон дистрибьютерийн иргэний эрх зүйн харилцааны гэрээ зохицуулалтууд өөр. Манайх нэг удаагийн шинжтэй худалдан авалт хийж байгаа. Яагаад энэ 2-оос зөвшөөрөл аваад байгаа вэ гэвэл энэ нь F ангилалтай, химийн аюултай бодис, Хятадын худалдааныхаа хууль болон Монголын худалдааны хуулиар тусгай горим үйлчилж байгаа, дээрээс нь дайн байлдаанд тэсэрч дэлбэрэх бодист ашиглагддаг бодис учраас эцсийн хүргэлтийн цэг, этгээд нь хэн болохыг заавал тодорхойлж байж зардаг горимтой. Мөн нэхэмжлэгч компани өөрөө гадаад улсын хуулийн этгээд үү, Монгол улсын хуулийн этгээд үү, хоёрдугаарт энэ 4 субъектийн аль ангилалд ороод байгаа юм бэ гэдэг талаар татгалзал хуралдааны тэмдэглэл дээр баримт байхгүй. Харин өнөөдөр шүүх хуралдаан дээр нотлох баримт шинжлэн судлах үед гаргаж байгаа, судлуулж байгаа байдлаас манайхыг дистрибьютер гэж ойлгоод байх шиг байна. Би түрүүн дистрибьютерийнх нь гэрээг үзүүлсэн. Гуравдугаарт тендер шалгаруулалтын баримт бичигт тавигдсан шаардлагын хүрээнд Монгол хэлээр, монгол үг, үг өгүүлбэр зүй найруулгаар тавьсан үгийн шууд утгаар бид ойлгож байгаа. Гэтэл гадаад оролцогчийнхыг нэг хүснэгт дээрээ цугтаа хийцгээчихье гэж хоорондоо ярьж үүнийгээ нэг хүснэгтэд хийчхээд үүнд нь материал өгөнгүүт 100 хувь Монгол улсын хуулийн этгээдийг гадаад оролцогч байна гэж шийдээд, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулангуут Сангийн яам нь дүгнэлт өгдөггүй, захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэдэг хариу өгсөн байдаг. Яагаад үндэслэлтэй юм бэ? Бидний гомдолдоо хавсаргаж өгсөн нотлох баримтууд юугаар үгүйсгэгдэх юм бэ? 18.2-ын нэмэлт заалтуудыг юу гэж тайлбарлах юм бэ? гэдэг талаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд дүгнэгдээгүй учраас шүүх үүнийг дүгнэх ёстой гэдэг байдлаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ гаргасан байна. 24 дүгээр зүйлд заасан татгалзах үндэслэл, 27, 28, 26 дугаар зүйлд заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж үзэхээр байна. Дөрөвдүгээрт гадаад оролцогчид тавих шаардлагыг нэхэмжлэгч “**” ХХК-д хэрэглэж тендерийг үнэлээгүйн улмаас “**” ХХК-ийн тендерт шударгаар үнэлүүлэх, мөн хэрэгт авагдсан баримт болон цахим системд нийтлэгдсэн баримтын хүрээнд нэхэмжлэгч компанид хамгийн бага үнийн саналыг өгсөн байдаг бөгөөд тендерт шалгарах эрх, хууль ёсны ашиг сонирхол хоёрыг зөрчсөн тул захиргааны хэргийн шүүхэд зөрчигдсөн эрх ашгаа сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан байгаа. Хоёрдугаар нэхэмжлэлийн шаардлагын тухайд тендерийн хуулийн үечлэлтэй холбоотой байгаа. Гэрээг хүчингүй болгуулах агуулгатай нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж гаргасан. Мэдээж гэрээ хэрэгжиж байгаа, байгуулагдсан гэдэг утгаар. Гэрээ байгуулах зөвлөмж гаргасан шийдвэрүүд хүчингүй болбол түүнээс дагаж гарсан захиргааны гэрээг мөн хүчингүй болгох агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж гаргасан байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ үзүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “захиалагчийн шаардлагад нийцсэн тендерийг хуулийн 11.4-д заасан үнэлгээний үндсэн шалгуураар үнэлнэ” гэж байгаа юм. 28.1.1-д “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгоно” гэж байгаа. Гэтэл манайхыг 26 дугаар зүйлд заасан 1 дүгээр үе шат дээр нь хасчхаад байгаа юм. Үүний дараа 28.2-т шалгараагүй, эс үгүй бол татгалзсан үндэслэлийг тодорхой заагаад гэрээ байгуулах эрх олгосон оролцогчийн нэр, бусад мэдээллийг мэдэгдэж ил болгодог зохицуулалттай.
Гэхдээ яг энэ процесс 26.4-т заасан шаардлагад нийцсэн тохиолдолд явдаг. Ингээд 27 дугаар зүйлд зааснаар үнэлээд шийдвэр гарч байгаа. Энэ үнэлэлтийн процесст нотлох баримтыг буруу үнэлсэн гэдэг ийм үндэслэлийг нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэл болгосон. Хоёрдугаарт: эдгээр нотлох баримт нь хуурамч байна, үүнтэй холбоотой шалгалтын ажиллагаагаа явуулах ёстой гэдэг процесс явагдсан талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хангалттай тодорхой яригдсан. ** компанийг үнэлсэн үнэлэлт буюу тендер шалгаруулалтын баримт бичигт заасан 4 үндэслэлийг гаргаж маргаж байна. Хариуцагч, гуравдагч этгээдийн зүгээс нотлох баримт шинжлэн судлах үед эдгээр гаргаж өгсөн баримтуудыг давхар шинжлэн судлуулсан. Үүн дээр ямар баримтууд байсан бэ гэвэл нэгдүгээрт 16.3-ын шаардлага нь өөрөө үг зүй, тайлбарынхаа хувьд хуулийн этгээдийн гэрчилгээ, итгэмжлэл олгох этгээдийн баримт материалууд тодорхой байх ёстой гэдэг агуулгаар гаргасан. Гуравдагч этгээдийн зүгээс Монголоор нэр усыг нь холиод биччихсэн, тамга дарагдсан хувилбар байсан. Ялгаа заагийг нь гараад нэмэлтээр нэхэмжлэгчийн сүүлд өгсөн баримтуудыг тулгаад зөрүү байхгүй гэдэг зүйлүүдийг түрүүн ярилаа. Хоёрдугаарт 17.5-д техникийн тодорхойлолтод нийцсэнийг харуулах зорилгоор санал болгож байгаа барааны лабораторийн шинжилгээний үр дүнг тендертээ хавсаргаж ирүүлэхээр заасан. Ингэхдээ олон улсын итгэмжлэгдсэн хөндлөнгийн лабораторийн шинжилгээний дүгнэлтийг хавсаргаж өгнө гэж нэмэлтээр хаалтад тодруулж өгсөн байдаг. Гэтэл ** компанийн гаргаж өгсөн энэ баримтууд шалгарсны дараа бид нягтлан шалгаад, гаргаж өгсөн гэж үзээд байгаа SGS-ийн тодорхойлолтуудтай зөрж байгаа талаар маргаж байгаа. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Сангийн яамны бүх шатанд нэхэмжлэгчийн зүгээс маргааны үндэслэл болгож нотлох баримтуудыг гаргаж маргасан байдаг. Харамсалтай нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Сангийн яам дүгнэлт өгөөгүй. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хариу, дүгнэлт өгөхгүй байгаа энэ үйлдэл өнөөдөр процессын хуулийн дагуу шүүхийн хяналтад буюу шүүх дүгнэхээр нөхцөл байдалд өөөө ирсэн байна. Шүүхэд нотлох баримтыг үнэлүүлэхтэй холбоотой нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс хүсэлт гаргасан. Хүсэлтийг шийдвэрлэхдээ гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч энэ хангаж шийдвэрлэсэн үйл баримт нь бодит нөхцөл байдал дээр нотлох баримтыг орж үзэх нөхцөл боломж хуралдааны явцад байгаагүй ийм шинэ нөхцөл байдал үүссэн. Энэ нь процессын хуулийн 96.3, 112.6-д заасан ийм нөхцөл байдал руу процесс ажиллагаа орчихлоо. Бид шаардлагатай нотлох баримтаа үзлэг хийлгэх хүсэлтээ шүүхийн журмаар хангуулсан боловч нотлох баримтад үзлэг хийх хүсэлт бол бодит байдал дээр хэрэгжихгүйгээр буюу шүүгчийн захирамжид заасан арга хэмжээ авагдахгүйгээр цаашдаа процессын ажиллагаа үргэлжилчихлээ. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гаргаж өгсөн, түүнд хавсаргаж өгсөн баримтынхаа хүрээнд л ярихаас өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна.
Эдгээр баримтууд дээр дараах зөрүү байна. Нэгдүгээрт хугацааны шаардлага хангаагүй, хоёрдугаарт MSRTJ2400582-01 дугаартай лабораторийн дүгнэлт нь хуурамч, энэ талаар SGS-ээс ямар нэгэн байдлаар үнэлэгдэх боломжгүй шүү гэдэг мэйл ирсэн. Үүнийг орчуулаад бас өгсөн. Энд байгаа баримт тухайн компаниас ирүүлсэн баримт хоёрын хооронд зөрөө үүссэн байна. Өмнө нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас “**” ХХК-ийг хар жагсаалтад оруулах тухай хүсэлт явуулж байсан хүсэлтийн үндэслэл нь тендерт ирүүлсэн баримт нь хуурамч байна гэдэг тодорхойлолт компанийн мэйлээс ирлээ, энэ 2 зөрүүтэй учраас лавлагаа авсан. Ингээд хуурамч баримт ирүүлжээ гээд хар жагсаалтад оруулах хүсэлтийг Сангийн яаманд хүргүүлсэн байдаг. Яг адилхан кэйс байхад “**” ХХК-д болдог өөр компани дээр болдоггүй гэдэг ийм хууль хэрэглээний зарчим байж болохгүй. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын шийдвэрээр мэдээж энэ дээр маргаан үүсээд явж байсан. Хар жагсаалтад “**” ХХК-ийг оруулах шийдвэрүүд үндэслэлгүй байна гэж шийдвэр гарч байсан ийм үйл баримт байдаг. Хууль нэг агуулгаар, нэг томьёоллоор, салаа утгагүйгээр нэгдмэл хэрэглээ тогтох ёстой. Тендерийн бичиг баримтын 18.2-т гадаад оролцогчийн хувьд багц-1 дээр эрх бүхий байгууллагаас олгосон QR код бүхий хүчин төгөлдөр экспортын зөвшөөрлийн бичиг, өмнө нь энэ манайд хамаарахгүй гэж 1 дүгээр нэхэмжлэлийн тухайд ярьж байсан. Одоо бол харин ** компанид хамааралтай гэдэг агуулгаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлж байгаа. Хэрэв авто замаар тээвэрлэлтийг хийх бол холбогдох зөвшөөрлийн баримт бичиг, төмөр замаар тээвэрлэлт хийх бол вагон захиалга хийсэн тухай нотлох баримтыг ирүүлнэ гэж заасан. ** компани нь 1,000 тонны хүхэрт натри авто замаар тээвэрлэхээр төлөвлөж байгаа тендерийн баримт бичгээ бэлтгэн ирүүлсэн байдаг. Авто замаар буюу F зөвшөөрлөөр. Олон улсын ачаа тээвэрт аюултай бараа бүтээгдэхүүний тээвэр дээр F гэдэг ангиллыг хэрэглэдэг, бусад дээр нь E гэдэг ангиллыг хэрэглэдгийг бүгдээрээ мэдэж байгаа. 6 ширхэг F зөвшөөрлийн бичиг нь 18.2-т заасан шаардлагыг хангахгүй байгаа юм. QR кодоор баталгаажсан, хугацааны хувьд хангахгүй байгаа. Хугацааг өөрөөр тайлбарлаад байна лээ. Нотлох баримтыг шинжлэн судлахад дээд талд байгаа хугацаа нь нэг жилийн хугацаанд хэзээ ч энэ зөвшөөрлийг хэрэглэж болно гэдэг агуулга бүхий ерөнхий хугацаа, харин F зөвшөөрөл нь зөвхөн нэг удаа хэрэглэгддэг. Энэ баримтын доод хэсэгт байгаа 2026 оны 2 дугаар сард дуусаж байгаа хугацаа болон тээврийн хэрэгслүүд зэргийн талаар маргахгүй гэж ойлгосон. Энэ нь хэрэглэгдсэн зөвшөөрөл байгаа юм. Тендер шалгаруулалтын хугацаанаас өмнө тэр хугацаа дуусчхаад байгаа юм. Нэг удаагийн зөвшөөрлийн хугацаа нь юугаар нотлогдож байгаа вэ гэвэл 8 дугаар сарын 02-нд бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж өгөхөөр гэрээлсэн байгаа. Өмнө нь урьдчилсан хэлэлцүүлэг дээр одоо болтол гуравдагч этгээд бараа материалаа Монгол улсын хилээр оруулж чадаагүй байгаа гэсэн бөгөөд үүнтэй талууд маргахгүй. Ашиглагдах боломжгүй ийм сертификатын хугацаа яваад байгаа юм.
** дарга тендер шалгаруулалтын хуралдаан дээр энэ хугацааны эргэлзээтэй асуудлыг **ээс асуусан байдаг. “Энэ чинь өмнө нь ашиглаад байсан агуулгатай сертификат биш байсан уу, үгүй билүү?” гэдэг асуудлыг ярьсан нь 2 дугаар хавтаст хэрэг дээр байгаа. Гэвч тодорхой шийдэл хийгээгүй, зүгээр л хангаж байна гээд л цаашаа явчихсан. Энэ хуралдааны тэмдэглэл дээр хугацааны тухай асуусан. Гэхдээ нотлох баримтыг нь ярихдаа шууд дээд талын хугацаагаар буюу 1 жилийн хугацаагаар байсан гэдэг хариултыг өгөөд цаашаа явчихсан. Энэ баримт нь эргэлзээ бүхий байна. Үүнийг бид эрх бүхий этгээдийнх нь нийтэд илэрхий цахим мэдээллийн сангаас нь шүүгээд хугацаа нь дууссан тухай олж мэдээд сайтынх нь зургийг орчуулаад өгсөн. Энд гэрээний хугацаа дууссан тухай харагдаж байгаа. Гэхдээ энэ баримтыг нотлох баримтын түвшинд үнэлүүлэхийн тулд энэ сайтад нь үзлэг хийлгээд энэ нь ямар учиртай сайт юм, “**” ХХК үнэн яриад байна уу, худлаа яриад байна уу, энэ нээлттэй мэдээлэл мөн юм уу биш юм уу? энэ хоёр хугацаа 2 хоорондоо зөрөөд байна гэдэг нотлох баримтуудын зөрөөг гаргах зорилго, агуулгатай байсан. Тендерийн баримт бичгийн 20.1.1-д техникийн чадавх болон туршлагыг хангах нотлох баримтыг ирүүлэх гэдэг тухайд оролцогч нь үйлдвэрлэгчээс зөвшөөрөл авсан бол үйлдвэрлэгчийн зөвшөөрлийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлнэ. Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл дараах баримтуудын аль нэг байж болно. Үүнд албан бичиг, хамтын ажиллагааны гэрээ, бусад нотлох баримт гэсэн шаардлагыг тавьсан. Нотлох баримт шинжлэн судлах үед нэхэмжлэгчийг шаардлага хангаагүй гэдэг агуулгаар судлуулаад байх шиг байсан. Манайх худалдан авагч. Гэрээт борлуулагч биш. 2 дугаар үе дээр сертификат өгдөг, 3 дугаар үе дээр нь харин манайд 2 субъект нь хоёулаа албан бичгээр зөвшөөрөл өгсөн гэж яриад тайлбарлаад байсан нь ийм учиртай.
Харин ** компанийн хувьд бол хүхэрт натри бодисыг нийлүүлэгч **компанийн аюултай химийн бодисын үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлийг 2026 оны 3 дугаар сарын 01-ний өдөр дууссан гээд энэ талаарх баримтыг бид гаргаж өгөөд байхад Сангийн яам үүн дээр үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Өөрөөр хэлбэл урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд үнэлэлт дүгнэлт өгөөгүй асуудал нь өөрөө шууд хариуцагчийн шийдвэр гаргах үндэслэл болох уу. Үнэлэлт дүгнэлт нэгэнт өгөөгүй үндэслэлээр маргаж байгаа бол шүүх энэ дээр дүгнэлт хийх ёстой. Шүүх энэ 2 нотлох баримтын үнэн зөв эсэх талаар маргааныг хагалж, өөрт олгогдсон итгэл үнэмшлийн хүрээнд үнэлэх ёстой. Ингэж үнэлэхэд нь дөхөм болох үүднээс бид нотлох баримтын зөрүүг арилгуулах, үзлэг хийлгэх хүсэлтийг гаргасан. Гэхдээ харамсалтай нь шүүх хүлээж аваагүй. Тус тендер дээр ** компаниас гаргаж өгсөн, мөн **компанийн аюултай химийн бодисын үйлдвэрлэх эрх, тусгай зөвшөөрлийг нь үзэлгүй шалгаруулсан тендерийн Үнэлгээний хорооны үйлдэл нь нотлох баримтыг бүрэн гүйцэд үнэлэх, хуулийн 26, 27, 28 дугаар зүйлд заасан эрхээ хэрэгжүүлээгүй байна гэж үзэхээр байгаа юм. Худалдан авах ажиллагааны хуулийн энэ зохицуулалтыг Үнэлгээний хороо зөрчсөн. Дараагийн нэг үндэслэл нь захиалагч гэрээ байгуулах эрх олгох тухай захиргааны акт гаргасан. Энэ шийдвэр үе шатын дагуу нэгэнт хамгийн сайнаар үнэлэгдэж байгаа, дээрээс нь гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж гарч байгаа учраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар захиалагч энэ шийдвэрүүдийг нягталж хянах бас үүрэгтэй. Гэтэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хувьд энэ үүргээ хэрэгжүүлээгүй гэж нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байдаг. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зүгээс Үнэлгээний хорооноос гаргаж байгаа захиргааны акт, үнэлсэн шийдвэрүүдийн нотлох баримтуудтай холбоотой ямар нэгэн үнэлэлт дүгнэлт өгсөн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгчийн зүгээс энэ баримтуудыг олж мэдээд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс 2026 оны 5 дугаар сард энэ үүргийг хэрэгжүүлээгүй байгаа учраас гэрээ байгуулахгүй байх агуулга бүхий ийм хүсэлтийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-руу хүсэлт явуулсан.
Үүнтэй тендер шалгаруулалтын баримт бичигт заасан 4 үндэслэлийг ялангуяа сүүлийн 3 үндэслэл дээр Үнэлгээний хороо хайхрамжгүй хандсан, нотлох баримтыг буруу үнэлсэн, гуравдагч этгээдийн зүгээс эргэлзээ бүхий шалгаж нягталж тогтоох шаардлагатай агуулга бүхий материалуудыг илгээсэн байхад хамгийн сайн үнэлсэн тендер гэж шалгаруулж байгаа нь хууль бус зүйл болсон. Ингээд гэрээг хүчин төгөлдөр бус, илт хууль бус болохтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагын талаар бас ярих ёстой. Нэгийг нь үнэлэхээс татгалзсан байна. Нөгөөхийг нь хянан үзээд үнэлээд, гэрээ байгуулах зөвлөмж гаргасан байна. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа буюу Сангийн яаманд гомдол гаргасан байх хугацаанд хэргийг түдгэлзүүлсэн байсан. Мэдээж процессын хуулийн дагуу хэргийг шийдвэрлэх ажиллагаа эхлэхээс өмнө урьдчилан шийдвэрлэх ажиллагааны шийдвэр гарсан тохиолдолд түдгэлзүүлсэн шийдвэр хүчингүй болдог хуультай. Харин нэхэмжлэл гаргаад явж байхад нэхэмжлэгчийн зүгээс гэрээ байгуулсан эсэх талаар удаа дараа хүсэлтүүд гаргаж ирсэн. Гэтэл үүнд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс гэрээг байгуулаагүй, гэрээ гаргаж өгөх боломжгүй гэдэг хариу тайлбарыг ирүүлж байсан. Энэ хугацаанд гуравдагч этгээдийг татсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процесс сунжирсныг та бүхэн мэдэж байгаа. 5 дугаар сараас эхэлсэн процесс явж байгаа. Гэтэл одоо 8 дугаар сар болох гэж байна. Гэхдээ хүсэлт шийдвэрлэх үе шатан дээр энэ асуудлыг гуравдагч этгээдийн өмгөөлөгч дурдаж байсан. Манайхыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сунжруулж удаашруулсан гэдэг агуулгатай зүйлийг хэлээд, гэрээ түдгэлзүүлчихсэн учраас эсрэгээрээ эдний тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сунжруулах гээд байна гэдэг агуулгатай зүйл бас дурдаад байх шиг байна. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтыг үзвэл манай оролцооны хэлбэр харагдаж байгаа. Өмнө нь үүнтэй холбоотой гомдол, саналууд гарсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээ байгуулагджээ. Яагаад энэ үндэслэлийг яриад байна вэ гэвэл Захиргааны процессын хуульд зааснаар гэрээ тодорхой түвшинд хэрэгжсэн тохиолдолд гэрээний хэрэгжилтийг хэрхэн яаж буцаах талаар талууд санал гаргах зохицуулалттай. Тэгэхээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс үүн дээр дараах саналыг гаргах гээд гэрээний процесс, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессын талаар яриад байгаа юм. Учир юу вэ гэвэл шүүхийн маргаан явж байсан гэдгийг талууд мэдэж байсан. Актын биелэлт түдгэлзүүлэх хүсэлт шийдвэрлэх хурал зарлангуут гуравдагч этгээд шүүх хуралдаанд оролцдог, ирдэг, бусад үед дуудахаар ирдэггүй, нэхэмжлэлийг гардаж авдаггүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар гэрчийг л албадаж авчирдаг, гуравдагч этгээдийг албадаж авчирч болдоггүй. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процесст саад учруулж байгаа. Нэхэмжлэгч хуульд заасан хугацаандаа урьдчилан шийдвэрлэх ажиллагаагаа хийгээд Сангийн яаманд хандаад, төрийн нарийн бичигт нь хандаад болохгүй болохоор нь шүүхэд хандаад энэ хэрэг дээрээ хамтад нь шийдэх ёстой гэдэг нотлох баримтыг гаргаж өгөөд, гэрээг албан ёсоор хүлээж авсан, мэдсэн тэр өдөртөө нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан. Гэтэл ийм процесс явсаар байгааг мэдсээр байж гэрээ байгуулаад, гэрээ хэрэгжиж байгаа гэдэг агуулгаар маргаад байна. Тэгвэл энэ нь нэхэмжлэгч буруугүй, хариуцагч өөрөө болон гуравдагч этгээд энэ нөхцөл байдлуудыг мэдэж байсан учраас манай саналаар гэрээний үүргийг харилцан буцаах дээр ямар нэгэн зохицуулалт хийхгүйгээр гуравдагч этгээд үүнтэй холбоотой үүрэг хариуцлагыг өөрөө хүлээх ёстой гэж үзээд байгаа юм.
Хоёрдугаар үндэслэл нь энэ гэрээ яг бодитойгоор хэрэгжсэн тухай нотлох баримт байдаггүй. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд 2 баримт байгаа. Гэрээний биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргасан. Үүн дээр гуравдагч этгээдийн зүгээс тайлбар болон тайлбарт холбогдох нотлох баримтаар зөвхөн фото зураг гаргасан байсан. Энэ фото зургууд нь яг энэ бодис мөн эсэх, бодитой эсэх талаар нотлох баримт биш. Түрүүн нотлох баримт шинжлэн судлах шатанд гуравдагч этгээдийн зүгээс F буюу аюултай бодисын ангилал, гадаад оролцогчийн тухайд 2 зөвшөөрлийн аль нэгийг заавал авах ёстой, үүнийгээ 2 ялгаж тайлбарлаад манайхаас давхар асууж байсан. Холбоотой баримтуудыг бас үзсэн. Хилийн цаана өөрөөр хэлбэл БНХАУ-ын дүрэм, журмын хүрээнд тодорхой бүрдүүлдэг материалууд, гаалийн мэдүүлэг зэрэг байх ёстой баримтууд нь байхгүй. Хилийн наана Монгол улсад мөн автомашинаар тээвэрлэнэ гэдэг мэдүүлгийг өгсөн байдаг боловч F зөвшөөрлийг авдаг процесс нь нарийн. Тэгэхээр бидний эргэлзэж байгаа зүйл бол Эрээн хотод ирээгүй байна гэж харагдаад байгаа юм. Нотлох баримт нь F зөвшөөрлийн хугацааны асуудал буюу тэр хугацаанууд өнгөрчихсөн байгаа. Одоо тэр сертификатаар Монголын хил нэвтрүүлэх үү гэдэг асуулт гарч ирнэ. Үүн дээр шүүхээр дүгнэлт хийлгэмээр байна. Гэрээ бодитоор хэрэгжсэн үйл баримт байхгүй гэж харагдаад байгаа юм. Тийм учраас гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага болох тендер сонгон шалгаруулж хамгийн сайнаар үнэлсэн захиргааны акт буюу үндсэн акт, мөн гэрээ байгуулах эрх олгохтой холбоотой акт, мөн захиалагчийн эдгээрийг үнэлэх үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн бэ гэдэгтэй холбоотой дүгнэлт хийгдээд нэхэмжлэлийн шаардлага энэ хэсэгт хангагдах тохиолдолд гэрээ хүчингүй болж шийдвэрлэгдэнэ. Хүчингүй болж шийдвэрлэгдсэний үр дагавартай холбоотой саналыг ингэж тайлбарлаж байгаа. Гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Хамгийн сүүлийн дүгнэлт бол нотлох баримтын үе шатад 2 асуудал яригдсан. Нотлох баримтад үзлэг хийх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч энэ үйл ажиллагаа явагдаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процесс маш ойлгомжгүй нөхцөл байдал руу орсон. Гэхдээ би шүүх хуралдаан даргалагч биш учраас үүн дээр санал хэлэх эрхгүй. Шаардлагатай нотлох баримт гэдэг нь гуравдагч этгээдийн гаргаж өгсөн баримтууд, түүнийг хууль бус болгохтой холбоотой SGS буюу хуулийн этгээдээс ирсэн баримт нь зөрүүтэй. Үндсэн баримт нь хуурамч юм. Үүний зөрүүг арилгахтай холбоотой 112.6-д заасан ийм нөхцөл байдал үүсчихлээ гэдэг өнцгөөр бас харж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна” гэв.
10. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Товчхон 2 зүйл хэлье. Тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.2-т заасан шаардлагыг хангаагүй гэдгээр нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан шийдвэр 2026 оны 3 дугаар сард мэдэгдсэн байгаа. Нийт 11 тендерт оролцогч руу мэдэгдэл хүргүүлсэн. Анх “** “ХХК шалгарч байсан. Энэ мэдэгдлүүдийг хараад зөвхөн нэхэмжлэгч талыг 18.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн юм болов уу гэхээр үгүй гэж харагдаж байгаа. Нийтдээ нэхэмжлэгчээс гадна 5 компани энэ тендерийн өргөдлийн хүснэгтийн 18.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж тендерээс нь татгалзсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаас харагдаж байна. Тендерийн Үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан өрсөлдөх тэгш боломжтой байх зарчмыг хэрэгжүүлж ажилласан байна. Өөрөөр хэлбэл бусад компаниудыг ч мөн адил тендерийн өгөгдлийн хүснэгтийн 18.2-т заасан шаардлагыг хангаагүй байна гэдэг үндэслэлээр тендерээс нь татгалзсан үйл баримт харагдаж байна. Тийм учраас зөвхөн нэхэмжлэгчийг ялгаварлан гадуурхсан, хуульд нийцээгүй шийдвэр гаргасан зүйл харагдахгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Дараагийн нэг асуудал бол яг үндсэн маргаан руу орохоос өмнө ер нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээж авах үндэслэл байсан уу үгүй юу гэдэг асуудал анхаарал татаж байна. Анх Болормаа шүүгч нэхэмжлэлийг хүлээж аваад хэрэг үүсгэсэн байна. Хамгийн гол анхаарал татаж байгаа асуулт бол нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг биелүүлсэн үү гэдэг асуудал байгаа юм. Яагаад гэвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-д зааснаар захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсаны дараа шүүхэд нэхэмжлэл гаргах асуудлууд яригдаж байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д “Энэ хуулийн 59.3, 59.4-д заагдсан энэ шаардлагыг хангаагүй гомдлыг Сангийн яам буцаана” гэсэн зохицуулалт байгаа. Энэ зохицуулалтынхаа хүрээнд Сангийн яам нэхэмжлэгчийн урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журамд гаргасан гомдлыг 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу нэг үндэслэл нь тендерийн баталгаа шаардсан тендерт оролцогчийн гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хугацаанд тендерийн баталгаа хүчинтэй байна гэсэн шаардлагыг танай гомдол хангахгүй буюу тендерийн баталгаа нь 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр дуусахаар байна гэдэг үндэслэлээр гомдлыг буцаасан.
Нэхэмжлэгч өөрөө Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн гол зарчим болох хариуцлагатай байх гэдэг энэ зарчмыг зөрчиж байгаа. 59.5-д заасан энэ зохицуулалт байгааг нэхэмжлэгч тал мэдэж байгаа. Нөгөө талаас хууль мэдэхгүй байгаа нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэн зарчим байгаа. Сангийн яам гомдлыг ингээд хүлээж авахгүй, шийдэхгүй гээд буцаачихсан байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59.3, 59.4, 59.5-д заасан нь салбарын хуулиар тендерийн маргааныг хянан шийдвэрлэхэд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны тусгай журмаар хуулиар тогтоогдож байгаа буюу урьдчилан сэргийлэх ажиллагааны гомдлыг шийдэх гол үндсэн нөхцлийг хуулиар заасан байгаа. Үүнийг Сангийн яам нь өөрөө зөрчих эрхгүй гэж хуулиар тусгайлан зохицуулсан байна. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Сангийн яам Захиргааны ерөнхий хууль, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг баримтална. Энэ 2 хуульд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны гомдлыг хүлээж аваад ямар шийдвэр гарахыг маш тодорхой заасан байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59.5-д заасан шийдвэрийг гаргах, мөн Захиргааны ерөнхий хуулийн 98.7-д урьдчилан шийдвэрлэх журмаар гаргасан гомдлыг хянаад ямар шийдвэр гаргах вэ гэдгийг маш тодорхойгоор зохицуулсан байгаа. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд өөрсдөө хуульд заасан гомдлыг гаргах шаардлагыг биелүүлээгүй, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангахгүй гомдлыг гаргасан байгаа юм. Ийм учраас Сангийн яам урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй болсон. Нэгэнт Сангийн яамны буруутай үйл ажиллагаа биш, харин нэхэмжлэгчийн өөрийнх нь буруутай үйл ажиллагаа болж байгаа юм. Тэгэхээр Сангийн яамны урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй байна гэдэг 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн гомдол буцаах тухай албан бичиг нь маш тодорхой захиргааны байгууллагын байр суурь, нөгөө талаас захиргааны байгууллагын дотоод хяналтын шийдвэрийг илэрхийлж байгаа. Үүнийг захиргааны шүүх тойрч гараад урьдчилан шийдвэрлэх ажиллагааг үл хэрэгсээд шууд маргааны агуулга руу орж болохгүй. Үүнд шүүх заавал дүгнэлт хийх ёстой гэж өмгөөлөгчийн зүгээс харж байгаа юм. Яагаад гэвэл хэрвээ урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу хийгдээгүй гэж үзэх юм бол маргааны агуулга руу орохгүй, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болно.
Иймд нэхэмжлэгчийн хувьд гомдол гаргахдаа хугацаагаа тооцоолох, шаардлагатай тендерийн баталгааг өөрсдөө сунгуулах хариуцлагыг өөрсдөө хүлээж байгаа учраас эрсдэлийг нэхэмжлэгч тал өөрсдөө хариуцах ёстой. Тийм учраас урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг хангаагүй байхад шүүхээр шууд хянуулах боломжтой гэж үзэх юм бол энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59.3, 59.4, 69.5-д заасан зохицуулалт, мөн Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлд заасан зохицуулалтын агуулга, зорилго ач холбогдолгүй болно. Захиргааны ерөнхий хуулийн 91-98 дугаар зүйлд маш тодорхой зохицуулалтууд байгаа. Хэрвээ гомдол гаргах хугацаагаа хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол сунгуулах асуудлаа дээд шатны захиргааны байгууллагад гаргаад, дээд шатны захиргааны байгууллага сунгах эсэхийг шийдвэрлэх зохицуулалт байгаа. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс ийм арга хэмжээг аваагүй. 4 дүгээр сарын 27-ны өдөр гомдол буцаах тухай шийдвэрийг хүчингүй болгуулах гомдлыг гаргасан. Яамны шийдвэрийг буюу гомдол хянасан шийдвэрийг талаар шүүхэд ханд гэж шийдсэн. Нэхэмжлэгч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоолыг сүүлд гаргаж өгсөн. Үүн дээр үндсэн маргааны хүрээнд шүүх үнэлж шийдэх боломжтой гэж тогтоол дээр дурдсан байгаа. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа нэхэмжлэгчийн буруугаас болоод хийгдээгүй байгаа нөхцөл байдал байгааг шүүх анхаарч үзээсэй. 54.1.3-т зааснаас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл харагдаж байна гэдгийг хэлмээр байна” гэв.
11. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх шийдвэрээ гаргахдаа дараах нөхцөл байдлыг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд талуудын мэтгэлцээн, шинжлэн судалсан нотлох баримт, асуулт хариултаас харахад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй дараах үйл баримтууд тогтоогдлоо гэж өмгөөлөгчийн зүгээс санал гаргаж байна. Цаг бага байгаа учраас аль болох товч ярья. Нэгдүгээрт тендер сонгон шалгаруулалтаас татгалзсан Үнэлгээний хорооны шийдвэрийн үндэслэлийг нэхэмжлэгч тайлбарлаж байгаа нь нэхэмжлэгчийн өөрийнх нь гаргасан нэхэмжлэлийн шаардлага болоод үндэслэл, түүнд хавсаргасан баримтуудаар үгүйсгэгдэнэ. 18.2.1.1 болон тодруулга өгсөн баримт гэж ярьдаг. Гэтэл тодруулга өгсөн баримт дээр гадаадын аж ахуйн нэгж, гадаадын аж ахуйн нэгжтэй оролцож байгаа түншлэгч, борлуулагч гэж 3 субъект заасан байгаа. Өөрөөр хэлбэл Монгол улсад энэ төрлийн химийн бодисыг үйлдвэрлэдэг үйлдвэрлэгч байхгүй. Тийм учраас зориуд Үнэлгээний хорооны 2 болон 3 дугаартай хуралдааны би тэмдэглэлийг шинжлэн судлуулсан. Зориуд борлуулагч гэж заасан байгаа юм. Тэгэхээр нэхэмжлэгч түүнтэй холбоотой нэмэлт тайлбартаа “бид дистрибьютер биш худалдан авагч” гэж байна, юу гэсэн үг вэ? Тийм ойлголт байхгүй. Нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрөл дээр тодорхой байна. Ямар тусгай зөвшөөрөлтэй вэ гэвэл импортлох зөвшөөрөлтэй, нөгөө талаас худалдах зөвшөөрөлтэй. Өөрөөр хэлбэл худалдаж авч байгаа бол цаашаа худалдах л ийм зөвшөөрөлтэй. Тэгэхээр борлуулагч байна уу, дистрибьютер байна уу ТШЗ-н 18.2.1.1 бол ерөөсөө бүх оролцогчдод нь хамааралтай. Яагаад гэвэл өмнө болсон үйл баримт нь Хятад, Орос дээр хүхэрт натри тээвэрлэж чадахгүй байсан учраас үүнийг заавал оруулъя гэдэг нөхцөл байдлаар ингэж заасан байгаа юм. Үүнтэй холбоотой бусад баримтууд бас хэрэгт авагдсан. Бид нар шинжилж судалсан. Нэхэмжлэгчийн өөрийнх нь Сангийн яаманд гаргасан гомдол дээр бид энэ компанийн борлуулагч, Хятад компанийнх нь тусгай зөвшөөрөл дээр манай борлуулагч энэ компани гэдэг үйл баримтууд заачихсан учраас хэлж байгаа тайлбарууд нь энэ баримтаар тодорхой үгүйсгэгдэнэ. Өгөгдлийн хүснэгтийн 20.1 дээр инкотермсийн 2 нөхцөл заасан юм. Гадаадын аж ахуйн нэгж бол DAD, CIP нөхцөлөөр санал ирүүлэх ёстой, харин дотоодынх бол DDP. Өөрөөр хэлбэл дотоодын аж ахуйн нэгж бол үйлдвэр дээр хүргэж өгнө. Гадаадын аж ахуйн нэгж бол заасан нэрлэсэн газар нь хүргэж өгнө, эс үгүй бол Эрээн боомт дээр нь хүргэж өгнө гэдэг. Өөрөөр хэлбэл инкотермсийн энэ худалдааны нөхцөл, тээвэрлэх нөхцөл гадаадын болон дотоодын хуулийн этгээдэд аль алинд нь хамааралтай гэдгийг заачихсан ийм үйл баримт байгаа гэдгийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Нотлох баримттай холбоотой тайлбар хэлье. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ дээр химийн аюултай бодис тээвэрлэх тусгай зөвшөөрөл байхгүй. Мөн химийн хорт болон аюулгүй бодисыг экспортлох урт нэртэй үйл ажиллагааных нь тусгай зөвшөөрлийг бид нар шинжлэн судалсан. Нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл зүгээр л тусгай зөвшөөрлийнхөө бүх нэрийг хийгээд, бүх эрхтэй юм шиг л ярьж явсан. Гэтэл энийг нь харахаар зөвхөн импортлох, худалдах тусгай зөвшөөрөлтэй байгаа юм шүү гэдгийг бас анхаарч үзээсэй гэж хүсэж байгаа юм. Хятадын үйлдвэрлэгч талаас гаргаж өгсөн экспортын зөвшөөрөлтэй холбоотой баримт байдаг. Тендер сонгон шалгаруулалтаар 1,000 тонн хүхэрт натри тээвэрлэх ёстой. Гэтэл нөгөө экспортлогч нь 60 мянгыг л тээвэрлэх зөвшөөрөл, экспортын зөвшөөрөл байсан гэдэг үйл баримт бас өнөөдрийн шүүх хуралдаан дээр тогтоогдсон болохыг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Нэхэмжлэгчийн өнөөдрийг хүртэл хийж байгаа юмнуудыг харахаар өөр бусад хуулийн этгээдтэй холбоотой юмнууд нь өөрөөр тайлбарлагдаад байдаг, өөрт нь болохоор өөрөөр тайлбарлагдах ёстой гэдэг аргумент, үндэслэл байж боломгүй байгаа юм. Тэгэхээр 18.2.1.1-ийг ашиглаад ** гэдэг компанид холбогдуулж Сангийн яаманд гомдол гаргаад ** гэдэг компанийг унагаачхаад одоо болохоор энэ чинь гадаадын хуулийн этгээдэд хамааралтай байсан заалт, бид нар зүгээр л нэмэлтээр гаргаад өгчихсөн юм гэж ярьж байгаа тайлбар нь үндэслэлгүй байна. Гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлж чадахгүй, тогтоогдохгүй байгаа учраас гуравдагч этгээдийг сонгон шалгаруулсантай холбоотой зөвлөмжийг хууль бус гэсэн үү, хүчингүй болгоё гэсэн үү, гэрээг хууль бус болгоё гэсэн гэсэн үү, хүчингүй болгоё гэсэн үү? энэ шаардлагуудыг хангаж шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал бас харагдлаа. Баттулга өмгөөлөгчийн гаргасан саналыг үгүйсгээгүй. Хэрвээ шүүхээс ** өмгөөлөгчийн гаргасан саналыг үндэслэлгүй гэж үзвэл бас ийм үйл баримтууд байгаа юм шүү гэдэг байдлаар тайлбараа хэлж байгаа юм. Иймд дурдсан тайлбар үндэслэлүүдийг харгалзаж үзээд “**” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Нэхэмжлэгч “**” ХХК нь анх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн ЭҮТӨҮГ/20250102041 дугаартай “Баяжуулалтын дарагч урвалж” тендер шалгаруулалтын “Багц-1, 1-р ээлжид хэрэглэх зориулалттай хүхэрт натри”-д оролцсон “**” ХХК-д 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ирүүлсэн М-ДБ-1112-12/716 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” тендерт шалгаруулахаас татгалзсан тухай шийдвэрийг хүчингүй болгох, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийг гаргасан.
Хоёр. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад /2026.05.14, 2026.07.09-ны өдөр/ явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж өөрчлөн, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102041 дугаартай “Баяжуулалтын дарагч урвалж” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулж
2.1.“Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн ЭҮТӨҮГ/20250102041 дугаартай “Баяжуулалтын дарагч урвалж” тендер шалгаруулалтын “Багц-1, 1-р ээлжид хэрэглэх зориулалттай хүхэрт натри”-д оролцсон ** ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэр /тэмдэглэлийн холбогдох хэсэг/-ийг хууль бус болохыг тогтоож, тендерийг зохих журмын дагуу үнэлэхийг даалгах,
2.2.ЭҮТӨҮГ/20250102041 дугаартай “Баяжуулалтын дарагч урвалж” тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны “Багц-1, 1-р ээлжид хэрэглэх зориулалттай хүхэрт натри”-д оролцсон “**” Co.,Ltd -ийг хамгийн сайн тендер гэж үнэлсэн шийдвэр /тэмдэглэлийн холбогдох хэсэг/, гэрээ байгуулах зөвлөмжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох,
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдуулан
2.3.“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн ЭҮТӨҮГ/20250102041 дугаартай “Баяжуулалтын дарагч урвалж” тендер шалгаруулалтын “Багц-1, 1-р ээлжид хэрэглэх зориулалттай хүхэрт натри”-д оролцсон ** ХХК-д 2026 оны 04 сарын 08-ны өдөр ирүүлсэн М-ДБ-1112-12/716 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” тендерт шалгаруулахаас татгалзсан тухай шийдвэрийг хүчингүй болгож, зохих журмын дагуу үнэлэхийг даалгах”
2.4. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102041 дугаартай “Баяжуулалтын дарагч урвалж” тендер шалгаруулалтын “Багц-1, 1-р ээлжид хэрэглэх зориулалттай хүхэрт натри”-д оролцсон “**” Co.,Ltd-тэй гэрээ байгуулах эрх олгосон 2026 оны 04-р сарын 08-ны өдөр М-ДБ-112-12/1716 дугаар бүхий мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох,
2.5. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” Co.,Ltd-ийн хооронд байгуулагдсан 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 319 дугаартай Худалдах-Худалдан авах гэрээг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох” шаардлага гаргасан.
Гурав. Шүүх, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, маргаан бүхий захиргааны актын огноо, дугаар тодорхойгүй байсныг нэхэмжлэгчийн өмгөөлөгч **гээс шүүх хуралдаан дээр тодруулахад,
Тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулж Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн ЭҮТӨҮГ/20250102041 дугаартай “Баяжуулалтын дарагч урвалж” тендер шалгаруулалтын “Багц-1, 1-р ээлжид хэрэглэх зориулалттай хүхэрт натри”-д оролцсон “**” ХХК-ийн тендерээс татгалзсан 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 05 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, тендерийг зохих журмын дагуу үнэлэхийг даалгах”, “ЭҮТӨҮГ/20250102041 дугаартай “Баяжуулалтын дарагч урвалж” тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны “Багц-1, 1-р ээлжид хэрэглэх зориулалттай хүхэрт натри”-д оролцсон “**” ХК-ийг хамгийн сайн тендер гэж үнэлсэн 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 05 дугаартай шийдвэр, гэрээ байгуулах зөвлөмжийг хүчингүй болгох”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдуулж “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн ЭҮТӨҮГ/20250102041 дугаартай “Баяжуулалтын дарагч урвалж” тендер шалгаруулалтын “Багц-1, 1-р ээлжид хэрэглэх зориулалттай хүхэрт натри”-д оролцсон “**” ХХК-д 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ирүүлсэн М-ДБ-112-12/1716 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” тендерт шалгаруулахаас татгалзсан тухай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, зохих журмынд дагуу үнэлэхийг даалгах”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн ЭҮТӨҮГ/20250102041 дугаартай “Баяжуулалтын дарагч урвалж” тендер шалгаруулалтын “Багц-1, 1-р ээлжид хэрэглэх зориулалттай хүхэрт натри”-д оролцсон “**” ХК-тай гэрээ байгуулах эрх олгосон 2026 оны 04-р дүгээр сарын 08-ны өдөр М-ДБ-112-12/1713 дугаар бүхий мэдэгдлийг хүчингүй болгох”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” ХК-ийн хооронд байгуулагдсан 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2026/05-11-319 дугаартай “Худалдах, худалдан авах” гэрээг хүчингүй болгох” гэж тодорхойлж тодруулсан тул тус шаардлагын хүрээнд хууль зүйн дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэлээ.
Дөрөв. Шүүх дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Тав.Хэргийн үйл баримтын талаар:
5.1.“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/57 дугаар тушаалаар “Баяжуулалтын дарагч урвалж” ЭҮТӨҮГ/20250102041 нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулагдаж, тус үнэлгээний хороо нь “Баяжуулалтын дарагч урвалж” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зарлаж, 2025 оны 05 дугаар сарын 12-ны нээсэн бөгөөд үр дүнд нь “**” Co.,Ltd /Монгол хэлний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, хуулийн этгээд албан хэргээ кирил бичгээр хөтлөн явуулна” зааснаар цаашид “**” ХК гэх/ шалгарч тус компанитай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээ цуцлагдаж, тендерийг дахин зарлах захиалагчийн шийдвэр гарчээ.
5.2.Тендерийн үнэлгээний хороо нь 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр хурлаар тендерийг дахин зарлах болсонтой холбогдуулан Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газарт хандаж, тендерт дахин төлөвлөлт хийлгэсний үндсэн дээр тендер шалгаруулалтын баримт бичиг боловсруулах шийдвэрийг гаргасан. Улмаар 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар хурлаараа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т “Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 50.2.1-д “тендер шалгаруулалтын баримт бичиг, зарлал, урилга боловсруулах, тендер хүлээн авах” 11 дүгээр зүйлийн 11.1-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жишиг баримт бичиг, маягт, гэрээний нөхцөл болон холбогдох журам, аргачлалын дагуу боловсруулж, захиалагч батална” гэж заасны дагуу тендер шалгаруулалтын баримт бичгийг боловсруулж, захиалагч батлан ЭҮТӨҮГ/20250102041 дугаартай “Баяжуулалтын дарагч урвалж” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын зарыг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (tender.gov.mn)-д нийтэлсэн. Сонирхогч этгээдээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19-р зүйлийн 19.1 “Сонирхогч этгээд тендер шалгаруулалтын баримт бичигт заасан асуудлаар тодруулга авах хүсэлтийг захиалагчид тендерийн нээлтээс ажлын таваас доошгүй өдрийн өмнө бичгээр гаргаж болно”-д зааснаар тодруулга авах хүсэлт гаргасан бөгөөд захиалагчаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн М-ДБ-112-12/527 дугаар албан бичгээр мөн хуулийн 19.3-т “Тодруулгыг цахим системд нээлттэй байршуулснаар сонирхогч этгээдэд хүргүүлсэнд тооцно”-д зааснаар цахим системд нээлттэй байршуулж, тодруулгын хариуг өгсөн үйл баримтууд тогтоогдож байна. Тодруулбал:
5.3.ТШЗ 18.2 Тусгай зөвшөөрөл: Монгол Улсын аж ахуйн нэгжийн хувьд зөвхөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам /БОУАӨЯ/-аас олгодог тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралтыг илгээхэд хангалттай гэж ойлгогдож байна. Тендерт оролцогч нь Монгол Улсын Аж ахуйн нэгж бөгөөд үйлдвэрлэгч эсвэл гэрээт борлуулагчтай хамтын ажиллагааны гэрээтэй байх тохиолдолд үйлдвэрлэгч эсвэл борлуулагчийн эрх бүхий байгууллагаас олгогдсон QR код бүхий экспортын зөвшөөрлийн бичиг шаардагдах эсэх?
5.4.Монгол Улсын аж ахуйн нэгжийн хувьд БОУАӨЯ-наас олгодог тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралтыг ирүүлнэ. Зөвшөөрлийн гэрчилгээний хүчинтэй хугацаа нь бараа нийлүүлж дуусах хугацаанд хүчинтэй байхаас гадна нийлүүлэх барааны тоо хэмжээ, нэр төрөл хавсралтад тодорхой тусгагдсан байхыг анхаарна уу. Тендерт оролцогч нь гадаад улсын оролцогч эсвэл Монгол Улсын аж ахуйн нэгжтэй хамтран оролцож буй гадаад улсын Үйлдвэрлэгч болон гэрээт борлуулагч бол тухайн улсынхаа эрх бүхий байгууллагаас олгогдсон QR код бүхий экспортын зөвшөөрлийн бичигтэй байх шаардлагатай гэж,
-ТШЗ 18.2 Тендерт оролцогч нь Монгол улсын ААН бол импортын тусгай зөвшөөрлийн гэрчилгээнээс гадна тээвэрлэлт хийхтэй холбоотой ямар нэгэн бичиг баримт шаардагдах эсэх? Төмөр замаар тээвэрлэлт хийх вагоны захиалгын баримт шаардлагатай эсэх?
Тендерт оролцогч нь Монгол Улсын ААН бол импортын тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй байх шаардлагатай. Тендерт оролцогч нь гадаад улсын оролцогч эсвэл Монгол Улсын аж ахуйн нэгжтэй хамтран оролцож буй гадаад улсын Үйлдвэрлэгч болон гэрээт борлуулагч бол тусгай зөвшөөрөл түүнчлэн тээвэрлэлт хийх өртөө нь химийн бодис хадгалах, ачилт хийх тусгай зөвшөөрөлтэй байхаас гадна тээвэрлэлтийг төмөр замаар хийх бол вагон захиалгын баримт, авто замаар хийх бол F ангиллын тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай” талаарх тодруулгыг өгсөн байна. /1 дэх хх-ийн 186-205 дугаар тал/
5.5.Тендерийг 2026 оны 02 дугаар сарын 09-ны өдөр нээхэд 10 компани оролцсон бөгөөд Үнэлгээний хорооны 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар хурал /шийдвэр/-аар “**” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
5.6.Захиалагч нь Үнэлгээний хорооны зөвлөмжид захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж, 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн ХАХМ/202603001 дугаар дүгнэлтийг гаргаж, “Баяжуулалтын дарагч урвалж” Багц №:1, 1-р ээлжид хэрэглэх зориулалттай хүхэрт натри тендерт “**” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн үнэлгээний хорооны зөвлөмжийг үндэслэлгүй гэж үзэн “уг тендерийг дахин нягтлан үзэх” гэсэн дүгнэлтийг гаргасан тул Үнэлгээний хороо 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 04 дүгээр хурлаар Захиалагчийн хяналтыг хэрэгжүүлсэн дүгнэлтийг хэлэлцэж, тендерийг дахин нягтлан хянан үзэж, дүгнэх ажиллагааг хийж, “** “ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” тендерээр шалгаруулж гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн болох хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
5.7.Захиалагч тендерийн Үнэлгээний хорооны дээрх зөвлөмжид үндэслэн “**” ХХК-д 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн М-ДБ-112-12/962 дугаар албан бичгээр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг хүргүүлж, харин “**” ХХК-д 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн М-ДБ-112-12/965 дугаар албан бичгээр шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн гэж үзэн татгалзсан тухайгаа мэдэгдсэн байна.
5.8. “**” ХХК болон тендерт оролцогчоос Үнэлгээний хорооны дээрх шийдвэрийг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу гомдол гаргасныг Сангийн яамны 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 03/2242, 03/2243, 03/2244 дугаартай “Гомдол хянасан тухай” шийдвэрүүдээр хянаж, захиалагчийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн М-ДБ-112-12/957, М-ДБ-112-12/959, М-ДБ-112-12/962 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгосон болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. /2 дахь хх-ийн 23-33 дугаар тал/
5.9.Дээрх Сангийн яамны шийдвэрүүдийн дагуу тендерийг дахин хянан үзэх, үнэлэх ажиллагааг Үнэлгээний хороо 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хийж, 05 дугаар шийдвэрээр “**” ХК-ийн тендерийг “хамгийн сайн” тендерээр шалгаруулж, түүнд захиалагчийн 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/1713 мэдэгдлийг, харин “**” ХХК-д мөн өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” М-ДБ-112-12/1716 дугаар албан бичгээр өмнөх 2026 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн М-ДБ-112-12/965 дугаартай захиалагчийн шийдвэрийг хэвээр үлдээснийг тус тус мэдэгдсэн байна.
5.10.“**” ХХК нь захиалагчийн дээрх шийдвэрийг хүлээн авч Сангийн яаманд гомдол гаргасаныг 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Гомдол буцаах тухай” 03/3626 дугаар албан бичгээр хариу өгсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан үйл баримтууд тогтоогдож байна. /1 дэх хх-ийн 73-74 дэх тал/
Зургаа.Хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлүүдийн талаар:
6.1.Нэхэмжлэгч талаас “Захиалагчаас баталсан тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн (ӨХ)-ын ТШЗ 18.2-т заасан Монгол улсын хуулийн этгээдэд тавигдах шаардлагыг хангаж байгаа бөгөөд Гадаад оролцогчид тавигдах шаардлагыг манай компанид хамааралгүй гэж, мөн гэрээ байгуулах эрх олгосон “**” ХК-ын тендерийн материал нь Захиалагчаас баталсан тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн (ӨХ)-ын ТШЗ-ын 16.3.1, 17.5, 18.2, 20.1.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй...” гэж маргасан.
6.2. Захиалагчаас “ТШЗ 18.2-т Багц-1 буюу 1-р ээлжид хэрэглэх зориулалттай хүхэрт натрийг төмөр замаар тээвэрлэхээр санал ирүүлэх оролцогч нь "Төмөр замын олон улсын вагоны захиалга хийсэн тухай нотлох баримт" ирүүлэхийг заавал шаардсан бөгөөд “**” ХХК нь энэ талаарх баримтыг тендерт ирүүлээгүй, тендерийн Үнэлгээний хороо “...шаардлага хангаагүй” гэж үзсэн нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, “**” ХХК-ийн тендерийн бичиг баримтыг шинжлэн судлахад энэ талаарх баримт авагдаагүй байна. Түүнчлэн “**” ХК-ын тендерийн баримт бичиг нь Захиалагчаас баталсан тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн (ӨХ)-ын ТШЗ-ын 16.3.1, 17.5, 18.2, 20.1.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэх байдал нотлох баримт шинжлэн судлахад тогтоогдсонгүй.
-Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 221/ШТ2026/0562 дугаартай тогтоолын ХЯНАВАЛ: хэсгийн 8-д заасан дүгнэлтийг анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа анхаарч үзэхийг, мөн олон улсын итгэмжлэгдсэн SGS лабораторийн баримт бичиг нь QR кодоор баталгаажих ёстой байдаг бөгөөд тухайн “**” ХК-ийн баримт бичиг нь QR кодгүй, албан ёсны сувгаар баталгаажаагүй байсан тул манай компаниас SGS-ийн албан ёсны сувгаар шалгуулсан. Үүний дагуу 2026 оны 04-р сарын 12-ны өдөр [email protected] хаягт хүсэлт илгээж 2026 оны 04-р сарын 13-ны өдөр SGS-ээс албан ёсны хариуг авсан ба уг хариунд MSRTJ2400582-01 дугаартай баримт бичиг нь “SGS-ийн жинхэнэ эх баримт биш бөгөөд ямар ч хүчин төгөлдөр бус” гэж тодорхой мэдэгдсэн...” гэх тайлбарыг шүүхийн шийдвэрт дүгнэх боломжгүй гэж үзлээ.
-Учир нь “**” ХХК нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Сангийн яаманд холбогдуулан “Сангийн яамны 2026 оны 03/3626 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, захиргааны актын илэрхий алдааг засахыг даалгах” шаардлага гаргасан ба тухайн нэхэмжлэлийн шаардлага нь тус захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байна.
-Мөн нэхэмжлэгч талын ...“**” ХК-ийн баримт бичиг нь “SGS-ийн жинхэнэ эх баримт биш болохыг нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн /майл явуулсан болон ирсэн баримтыг баталгаат орчуулгын товчоогоор орчуулсан/ баримтаар тогтоох боломжгүй ба харин нэхэмжлэгч талаас холбогдох эрх бүхий хуулийн байгууллагаар энэ тухайгаа тогтоолгох боломжтой бөгөөд хуурамч болох нь тогтоогдсон энэ тохиолдолд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах эрх нээлттэй. /1 дэх хх-ийн 63-72 дугаар тал/
6.3.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч **аас “...нэхэмжлэгчийн хувьд гомдол гаргахдаа хугацаагаа тооцоолох, шаардлагатай тендерийн баталгааг өөрсдөө сунгуулах хариуцлагыг өөрсдөө хүлээж байгаа учраас эрсдэлийг нэхэмжлэгч тал өөрсдөө хариуцах ёстой. Тийм учраас урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг хангаагүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй” гэж маргасан.
6.4.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т “Энэ хуулийн 59.2-т зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх журмаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдол хянан шийдвэрлэхээс бусад тохиолдолд худалдан авах гэрээ байгуулснаас хойш гаргасан гомдлыг шүүхэд гаргана.” гэж зааснаар гэрээ байгуулснаас хойш гаргасан гомдол, нэхэмжлэлийг шүүх хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн.
6.5. Хариуцагч талаас “...** ХХК ийн тендер нь ТШЗ 18.2-ын 1-ын 2-т заасан “Тээвэрлэлтийг авто замаар эсхүл төмөр замаар хийх тухай мэдэгдэл. Хэрэв авто замаар тээвэрлэлтийг хийх бол холбогдох зөвшөөрлийн баримт бичиг, Төмөр замаар хийх бол Төмөр замын олон улсын вагоны захиалга хийсэн тухай нотлох баримт” гэсэн шаардлагад нийцээгүй гэснийг үндэслэлтэй гэж дүгнэв.
6.6.Тодруулбал, тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.2-т Багц №1, 1-р ээлжид хэрэглэх зориулалттай хүхэрт натри, 2. Тээвэрлэлтийг авто замаар эсхүл төмөр замаар хийх тухай мэдэгдэл. Хэрэв авто замаар тээвэрлэлтийг хийх бол холбогдох зөвшөөрлийн баримт бичиг, Төмөр замаар тээвэрлэлтийг хийх бол Төмөр замын олон улсын вагоны захиалга хийсэн тухай нотлох баримт. Тусгай зөвшөөрөл болон тээвэрлэлт хийхтэй холбоотой холбогдох баримт бичгийн хүчинтэй хугацаа нь III бүлгийн “Бараа нийлүүлэлтийн хуваарь”-ийн “7 дугаар багана буюу нийлүүлэгчийн санал болгох хугацаа дуустал хүчинтэй байна” гэж, худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-д 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нийтэлсэн тодруулгад “2.Тендерт оролцогч нь гадаад улсын оролцогч эсвэл Монгол Улсын ААН-тэй хамтран оролцож буй гадаад улсын Үйлдвэрлэгч болон гэрээт борлуулагч бол тусгай зөвшөөрөл түүнчлэн тээвэрлэлт хийх өртөө нь химийн бодис хадгалах, ачилт хийх тусгай зөвшөөрөлтэй байхаас гадна тээвэрлэлтийг төмөр замаар хийх бол вагон захиалгын баримт, авто замаар хийх бол F ангиллын тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай” гэж заасан байна.
6.7.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь ЭҮТӨҮГ/20250102041 дугаартай “Баяжуулалтын дарагч урвалж” нийлүүлэх тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмын дагуу зарлаж, тендерийн баримт бичгийг боловсруулан цахим системд нийтэлжээ.
6.8. Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 18.2-т Багц-1 буюу 1-р ээлжид хэрэглэх зориулалттай хүхэрт натрийг төмөр замаар тээвэрлэхээр санал ирүүлэх оролцогч нь "Төмөр замын олон улсын вагоны захиалга хийсэн тухай нотлох баримт" ирүүлэхийг заавал шаардсан бөгөөд энэ шаардлагыг захиалагчийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн тодруулгаар дахин тайлбарлаж, нийтэлсэн байна.
6.9.Нэхэмжлэгч “**” ХХК нь тээвэрлэлтийг төмөр замаар хийх тухай мэдэгдэл ирүүлсэн боловч вагоны захиалга хийсэн болохыг нотлох баримт ирүүлээгүй, зөвхөн Улаанбаатар төмөр замын байгууллагын хамтран ажиллах боломжтой тухай албан бичиг хавсаргасан болох нь тендерийн материал болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
6.10.Дээрх албан бичиг нь цаашид хамтран ажиллах боломжийг илэрхийлсэн агуулгатай байх бөгөөд тендерийн баримт бичигт шаардагдсан "вагон захиалга хийсэн тухай нотлох баримт"-ыг орлох боломжгүй гэж дүгнэв.
6.11. Иймд Үнэлгээний хороо нэхэмжлэгчийн тендерийг тендерийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй гэж үзэж татгалзсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 26.10-т “Энэ хуулийн 26.9-д зааснаас бусад тендер болон дараах тендерийг шаардлага хангаагүй гэж үзэж татгалзана”, 28 дугаар зүйлийн 28.1.3-т “шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах”, 51 дүгээр зүйлийн 51.2 “Үнэлгээний хороо тендер нээсэн өдөр тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг эхлүүлнэ”, 51.7 “Үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ” заасанд нийцсэн гэж шүүх үзэв.
6.12.Түүнчлэн Сангийн яам нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хянан шийдвэрлэж, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 03/2243 дугаартай шийдвэрээр захиалагчийн дээрх татгалзсан шийдвэрийг үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Долоо. “**” ХК-ийн тендерийг “хамгийн сайн” тендерээр үнэлсэн шийдвэрийн тухайд:
7.1.Сангийн яамнаас “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгож, тендерийг дахин үнэлэхийг даалгасны дагуу Үнэлгээний хороо 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр дахин үнэлгээ хийжээ.
7.2.Дахин үнэлгээ хийх ажиллагаа нь Сангийн яамны гомдол шийдвэрлэсэн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилготой байсан бөгөөд Үнэлгээний хороо хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд үлдсэн шаардлага хангасан тендерүүдийг харьцуулан үнэлж, “**” ХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах зөвлөмж гаргасан байна.
7.3.Нэхэмжлэгчийн тендер өмнөх шатанд шаардлагад нийцээгүй гэж эцэслэн үнэлэгдсэн, тухайн шийдвэр хүчинтэй тул түүнийг дахин хамгийн сайн тендерээр үнэлэх эрх зүйн үндэслэл үүсээгүй байна.
7.4.Шүүх тендерийн үнэлгээний техникийн болон эдийн засгийн дүгнэлтийг өөрийн үнэлгээгээр орлуулах бус, зөвхөн тухайн шийдвэр хуульд нийцсэн эсэхэд хяналт тавих бөгөөд хэрэгт авагдсан баримтаар Үнэлгээний хороо хуульд заасан журам, тендерийн баримт бичгийн шалгуурт заасан хүрээнд тендерийг үнэлсэн гэж үзэв.
7.5. Нэхэмжлэгч “**” ХХК-ийн тендерээс татгалзсан дээрх шийдвэрүүд хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Үнэлгээний хороог дахин тендерийг хянан үзэж, үнэлэхийг даалгах нэхэмжлэл хангагдах хууль зүйн үндэслэлгүй ба татгалзсан шийдвэр нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн болох нь тогтоогдсон бол даалгах нэхэмжлэл хангагдах нөхцөл бүрддэг.
7.6. Нэхэмжлэгч нь “**” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн хамгийн сайн тендер гэж үнэлсэн Үнэлгээний хорооны зөвлөмж, захиалагчийн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр болон уг шийдвэрүүдийг үндэслэн байгуулсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан “Худалдах-худалдан авах гэрээ”-г хүчингүй болгуулахаар маргасан.
7.7. Үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ” гэж зааснаар “**” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
7.8. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд худалдан авах ажиллагааны хэд хэдэн үе шатууд /тендер нээх, тендер хянан үзэх, тендерийг үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох/-ыг зохицуулсан. Тухайлбал: Хуулийн 26 дугаар зүйлд “Тендерийг хянан үзэх”, 27 дугаар зүйлд “Тендер үнэлэх”, 30 дугаар зүйлд “Гэрээ байгуулах” гэжээ. Уг зохицуулалтын дагуу тухайн тендерийг хянан үзэхэд мөн зүйлийн 26.9-д заасан шаардлагад нийцсэн тохиолдолд дараагийн буюу хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан “Тендер үнэлэх”, 30 дүгээр зүйлийн 30.1-д заасан “Гэрээ байгуулах” зэрэг тендерийн бусад шат дараалсан ажиллагаанууд хийгдэхээр хуульчлагдсан.
7.9.Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйийн 5.1 “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална”, 24 дүгээр зүйлийн 24.1 “Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана”, 26 дугаар зүйлийн 26.4.4 “тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх”, 26.9 “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана”, 28.1.1 “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох”, 28.1.3 “шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах”, 30 дугаар зүйлийн 30.1-д “Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ”, 48 дугаар зүйлийн 48.2.3 “үнэлгээний хорооны зөвлөмж хууль тогтоомжид нийцэх эсэхэд хяналт тавих”, 48.2.4 “энэ хуульд заасан хугацаанд шийдвэр гаргах”, 48.2.6 “худалдан авах гэрээ байгуулах”, 50 дугаар зүйлийн 50.2.2 “тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх” 50.2.3 “захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх”, 51 дүгээр зүйлийн 51.7 “Үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэж тус тус зааснаар захиалагчийн Үнэлгээний хорооны зөвлөмжийг үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах, гэрээ байгуулах зэрэг тендер сонгон шалгаруулалтын шат дараалсан ажиллагааны шийдвэрүүдийг гаргасан.
7.10. Захиалагчаас тендерийн Үнэлгээний хорооны дээрх зөвлөмжийн дагуу “**” ХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр хүргүүлж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” ХК-ийн хооронд байгуулагдсан 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2026/05-11-319 дугаартай “Худалдах, худалдан авах” гэрээ хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдэд гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр, уг шийдвэрийг үндэслэн байгуулагдсан “Худалдах-худалдан авах гэрээ”-г хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Найм. Захиалагчийн 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” М-ДБ-112-12/1716 болон “Гэрээ байгуулах эрх олгох тухай М-ДБ-112-12/1713 дугаартай мэдэгдлүүдийн тухайд:
8.1.Үнэлгээний хорооны зөвлөмжийг үндэслэн захиалагч “**” ХК-д гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдлийг хүргүүлж, бусад оролцогчдод тендерийн үр дүнг нэгэн зэрэг мэдэгдсэн.
8.2.Нэхэмжлэгчид хүргүүлсэн 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн М-ДБ-112-12/1716 дугаартай мэдэгдэл нь өмнө гаргасан татгалзсан шийдвэрийг хэвээр үлдээж байгааг мэдэгдсэн бөгөөд уг мэдэгдлийн эрх зүйн үндэслэл болсон татгалзсан шийдвэр өөрөө хуульд нийцсэн гэж шүүх дүгнэсэн тул энэхүү мэдэгдлийг бие даан хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.
8.3. Мөн “**” ХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл нь Үнэлгээний хорооны хууль ёсны зөвлөмжид үндэслэн гарсан байх бөгөөд уг зөвлөмжийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул энэхүү мэдэгдлийг хүчингүй болгох үндэслэлгүй.
Ес. Шүүхийн эрх хэмжээний тухайд:
9.1.Захиргааны хэргийн шүүх нь тендерийн үнэлгээг өөрөө дахин хийж, аль оролцогчийг шалгаруулахыг шийдвэрлэх эрхгүй бөгөөд зөвхөн захиргааны байгууллагын шийдвэр хуульд нийцсэн эсэхийг хянадаг.
9.2.Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Үнэлгээний хороо болон захиалагч нь тендер шалгаруулалтын баримт бичигт урьдчилан тогтоосон шалгуурыг бүх оролцогчид ижил нөхцөлөөр хэрэглэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй болох нь тогтоогдож байна.
9.3.Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
9.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 1 дүгээр зүйлийн 1.1 “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар тус хуулийн буюу захиргааны хэргийн шүүхийн зорилт нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг хамгаалахад чиглэгддэг.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 106.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 15 дугаар зүйлийн 15.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.4.4, 26.9, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1, 28.1.1, 28.1.3, 30 дугаар зүйлийн 30.1, 48 дугаар зүйлийн 48.2.3, 48.2.4, 48.2.6, 50 дугаар зүйлийн 50.2.2, 50.2.3, 51 дүгээр зүйлийн 51.7 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “**” ХХК-ийн “**” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102041 дугаартай “Баяжуулалтын дарагч урвалж” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан
-“Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн ЭҮТӨҮГ/20250102041 дугаартай “Баяжуулалтын дарагч урвалж” тендер шалгаруулалтын “Багц-1, 1-р ээлжид хэрэглэх зориулалттай хүхэрт натри”-д оролцсон “**” ХХК-ийн тендерээс татгалзсан 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 05 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, тендерийг зохих журмын дагуу үнэлэхийг даалгах”,
- “ЭҮТӨҮГ/20250102041 дугаартай “Баяжуулалтын дарагч урвалж” тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны “Багц-1, 1-р ээлжид хэрэглэх зориулалттай хүхэрт натри”-д оролцсон “**” ХК-ийг хамгийн сайн тендер гэж үнэлсэн 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 05 дугаартай шийдвэр, гэрээ байгуулах зөвлөмжийг хүчингүй болгох”,
-“Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн ЭҮТӨҮГ/20250102041 дугаартай “Баяжуулалтын дарагч урвалж” тендер шалгаруулалтын “Багц-1, 1-р ээлжид хэрэглэх зориулалттай хүхэрт натри”-д оролцсон “**” ХХК-д 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ирүүлсэн М-ДБ-112-12/1716 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” тендерт шалгаруулахаас татгалзсан тухай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, зохих журмынд дагуу үнэлэхийг даалгах”,
-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн ЭҮТӨҮГ/20250102041 дугаартай “Баяжуулалтын дарагч урвалж” тендер шалгаруулалтын “Багц-1, 1-р ээлжид хэрэглэх зориулалттай хүхэрт натри”-д оролцсон “**” ХК-тай гэрээ байгуулах эрх олгосон 2026 оны 04-р дүгээр сарын 08-ны өдөр М-ДБ-112-12/1713 дугаар бүхий мэдэгдлийг хүчингүй болгох”,
-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” ХК-ийн хооронд байгуулагдсан 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2026/05-11-319 дугаартай “Худалдах, худалдан авах” гэрээг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” 119/ШЗ2026/0336 дугаар захирамж хүчинтэй байхыг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.САРАНГЭРЭЛ