Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2017/00459

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2017/00459

 

 

 

 

"Ди Эй Эм Өү Эй ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2016/01507 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч "Ди Эй Эм Өү Эй ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Н.Баасанжавд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгг нийт 126 337 158 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай

2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Гуаг Сон Хён

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Мөнгөнтуяа

Нэхэмжлэгчийн орчуулагч К.Уранчимэг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бүрнээ

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Гуаг Сон Хён шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Н.Баасанжав нь 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тус банк бус санхүүгийн байгууллагатай 2012-0912-37 тоот зээлийн гэрээ байгуулан 120 000 000 төгрөгийг 1 сарын 3,2 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлж авсан. Гэвч зээлийн гэрээгээр тохиролцсон 18 сарын хугацаанд зээл болон түүний хүүг бүрэн төлж барагдуулаагүй учир зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр зээлдэгчийн хүсэлтээр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан зээл төлөх хугацааг 2 сараар буюу 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сунгаж, үндсэн зээлийн үлдэгдэл 72 987 283 төгрөгийг 2 хувааж, хүүгийн хамт төлөхөөр зээлийн эргэн төлөлтийн хуваарийг тохиролцсон. Гэвч зээлдэгч нь зээлийн үлдэгдэл их байгаа учир хүүгийн хамт 2 сард багтаан төлж чадахгүй хэмээн зээлийг төлөх хуваарийг шинэчлэхийг хүссэний дагуу 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд бодогдсон хүү, нэмэгдүүлсэн хүүгийн дүнг тооцоо нийлэхэд зээлийн үлдэгдэл 72 987 285 төгрөг, үндсэн хүү 7 423 661 төгрөг нэмэгдүүлсэн хүү төлөгдөөгүй байсан учир уг бодогдсон хүүг бүрэн төлсний дараа зээлийн гэрээний хуваарьт өөрчлөлт оруулж болохыг зээлдэгч Н.Баасанжавд санал болгосон. Н.Баасанжав нь мөн өдөр зээлийн хүүнд 7 423 661 төгрөг, мөн зээлийн дүнг тэгшитгэхийн тулд 87 285 төгрөг, нийт 7 510 973 төгрөгийг төлснөөр хүүгийн төлбөр тэг болж, зээлийн үлдэгдэл 72 900 000 төгрөг болсон. Ингээд зээлийн гэрээг шинэчилж гэрээний хугацааг 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 091386 тоот гэрээгээр 24 сараар буюу 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан. Гэрээний хугацаа 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр дууссан учир зээлийн гэрээний 2.1.2, 2.1.4-т зааснаар 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн зээлийн хүүг 4.2 хувь, нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиар тооцож байгаа болно. Н.Баасанжав нь 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 107 133 299 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээг шинэчлэн байгуулснаар 4 хойш буюу 2014 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл үндсэн зээлийн үлдэгдэл дүнгээс зээлийн гэрээнд заасан хувь хэмжээгээр хүү тооцоход 64 510 978 төгрөгийг хүү бодогдсоноос 7 615 733 төгрөгийг төлсөн тул 56 895 245 төгрөгийн хүүгийн өглөгтэй байна. 2014 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл 10 431 881 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү бодогдсоноос 2 644 110 төгрөгийг төлж, 7 787 770 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгийн өглөгтэй байна. Үндсэн зээл 72 900 000 төгрөгөөс 11 245 857 төгрөгийг төлж, 61 654 143 төгрөгийн өглөгтэй байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор зээлдэгч Н.Баасанжавын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 2-р хороо, Усны гудамж, 8-р байрны 1 давхар буюу Ү-2203012068 улсын бүртгэлийн дугаартай 150м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Барьцааны гэрээ-ний үндсэн дээр барьцаалж, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт зээлийн болон барьцааны гэрээг бүртгүүлсэн болно. Иймд Н.Баасанжаваас үндсэн зээл 61 654 143 төгрөг, үндсэн хүү 56 895 245 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7 787 770 төгрөг, нийт 126 337 158 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү. Зээлийн гэрээний үүргийг шинэчлэн байгуулсан 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 091386 тоот зээлийн гэрээг үндэслэн нэхэмжилж байгаа болно гэжээ.

 

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээ нь зохигчдын хооронд байгуулагдсан. Уг гэрээ нь зээлдэгч Н.Баасанжавын үндсэн зээлийн үлдэгдэл 72 900 000 төгрөгийг төлж барагдуулах хугацааг 24 сараар сунгах тухай зээлдэгчийн хүсэл зоригийн дагуу хийгдсэн гэрээ юм. Иймд уг гэрээний дагуу 72 900 000 төгрөгийг Н.Баасанжавын өмчлөлд шилжүүлэх үүрэг Ди Эй Эм Өү Эй ББСБ ХХК-д үүсэхгүй юм. Иргэний эрх зүйн харилцааны талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, гэрээг шинэчлэн дахин шинэ гэрээ байгуулах хэлбэрээр өмнө үүссэн эрх, үүргийг хэвээр үргэлжлүүлэх, эсхүл өөрчлөх, дуусгавар болгох нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдал, гэрээний агуулгыг талууд хуулийн хүрээнд өөрсдөө тодорхойлох зарчимд нийцэх юм. Дээрх байдлаар тохиролцсоны дагуу Н.Баасанжавын нийт 7 удаагийн төлөлтөөр үндсэн зээл хүүгийн хамт 21 505 700 төгрөгийг төлсөн ба зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаа шалтгаанаа авсан зээлийн 34 400 000 төгрөгийг С.Гэрэлхүү гэдэг хүнд зээлдүүлээд буцаан авч чадахгүй байна, зээлийн хүүг зогсоож өгөөч гэсэн агуулгатай хүсэлтүүдийг гаргаж байсан болно. Гэтэл өнөөдөр мэдэн будилж 72 900 000 төгрөгийн зээлийн үлдэгдэл байхгүй, 21 505 000 төгрөгийн зээлийн тооцоо байсан гэж тайлбарлаж байгаа нь цаашлаад шударга ёсны зарчимд нийцэхгүй юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Баасанжав шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж гарын үсэг зурсан боловч уг гэрээний үнийн дүн болох 72 900 000 төгрөгийг хүлээн аваагүй юм. Харин Ди Эй Эм Өү Эй ББСБ ХХК нь дуусгавар болсон зээлийн гэрээний үлдэгдэл 21 505 700 төгрөгийг тооцоотой байсан байдлыг далимдуулан илтэд хуурамч, дүр үзүүлэн байгуулсан хууль бус зээлийн болон барьцааны гэрээг хүчингүйд тооцож өгнө үү. Барьцааны зүйлийг чөлөөлөх үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бүрнээ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэгч 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээгээр халхавчилж шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй. 72 900 000 төгрөгийг авангуутаа буцаагаад төлчихсөн байдаг. Дуусгавар болчихсон гэрээ байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, зээл төлөх үндэслэл байхгүй. Зээлийн хорооны тэмдэглэл байхгүй, шийдвэр байхгүйгээр үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлж авах зорилгоор зээлийн гэрээ байгуулсан. Тэтгэврийн насны хүнд зээл олгочихсон байгаа, зориулалт байхгүй. Энэ гэрээ нь Иргэний хуулийн 56.1.2, 56.1.3-т заасан шинжүүд байна гэж үзэж байна. Зээлийг төлөөд дуусчихсан. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Н.Баасанжаваас 120 159 650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ди Эй Эм Өү Эй ББСБ ХХК-д олгож, үлдэх 6 177 508 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-т зааснаар Ди Эй Эм Өү Эй ББСБ ХХК болон Н.Баасанжав нарын байгуулсан 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 091386 тоот Зээлийн гэрээ, 091386 тоот Барьцааны гэрээ"-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 165.5, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Баасанжав шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд дор дурдсан барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж болохыг дурдаж,

Үүнд: Улсын бүртгэлийн Ү-2203012068 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Усны гудамж, 8 дугаар байрны 1 давхарт байршилтай, 150 м.кв тайлбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ди Эй Эм Өү Эй ББСБ ХХК болон хариуцагч Н.Баасанжав нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 020 901 төгрөг болон 766 330 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн тэмдэгтийн хураамж 161 065 төгрөгийг нэхэмжлэгчид, 243 880 төгрөгийг хариуцагчид тус тус буцаан олгож, хариуцагч Н.Баасанжаваас тэмдэгтийн хураамжид 828 948 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ди Эй Эм Өү Эй ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгч Ди Эй Эм Өү Эй ББСБ ХХК-иас тэмдэгтийн хураамжид 522 450 төгрөгийг гаргуулан хариуцагч Н.Баасанжавд олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бүрнээ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүх хэдийгээр нэхэмжлэлгч тал 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 091386 тоот зээлийн болон барьцааны гэрээг үндэслэн зээлийн гэрээний үүргийг нэхэмжилж байх боловч ...2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг үндэслэн маргааныг шийдвэрлэж байгаа нь талуудын хүсэл зориг, маргаж буй үндэслэлээс тэс өөр үндэслэлээр дүгнэлт хийж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан заалтыг хангаагүй, илтэд хууль зөрчсөн үйлдэл болсон. 2012 оны 11 дүгээр сарын 07-ны зээлийн гэрээгээр 118 800 000,00 төгрөгийн зээлийг бодитоор олгосон байхад шүүх хаанаас нь 120 000 000,00 төгрөгийн зээл олгогдсон байна гэж дүгнэж үлдэгдэл тооцож байгаа нь ойлгомжгүй бөгөөд хэтэрхий нэг талыг баримталсан үйлдэл юм.

 

Шүүх хуралдаанд хэлэлцэгдэж шинжлэн судлагдаагүй, нотлох баримтын хэмжээнд үнэглэгдэх боломжгүй хуурамч засварлагдсан, эргэлзээтэй "Зээл төлөлтийн мэдээ-г үндэслэх хэсэгт нотлох баримт болгон тодорхойлсон байгаа нь үндэслэлгүй байна. Сөрөг нэхэмжлэлийг хангаж 2014 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 091386 тоот зээлийн болон барьцааны гэрээг 4 хүчин төгөлдөр бус хэлцэлд тоосон атлаа ямар ч үндэслэлгүйгээр бусдын эд хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж хэтэрхий нэг талд үйлчилснийг харуулж байна. Шүүхийн 181/ШШ2016/01507 шийдвэрийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн тухайн маргаанд хамааралтай хуулийн зүйл заалтыг оновчтой баримтлаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ди Эй Эм Өү Эй ББСБ ХХК нь хариуцагч Н.Баасанжавт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 126 337 158 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргаж, зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зохигчид 2012 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр 2012-0912-37 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч Ди Эй Эм Өү Эй ББСБ ХХК нь зээлдэгч буюу хариуцагч Н.Баасанжавд 120 000 000 төгрөгийг 1 сарын 3.2 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар зээлүүлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Усны гудамж, 8 дугаар байрны 1 давхарт байршилтай, 150м.кв тайлбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан байх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, хариуцагч зээлийн гэрээний үүрэгт хариуцагч 128 639 026 төгрөг төлсөн болох нь Худалдаа Хөгжлийн банкны харилцах дансны гүйлгээний хуулга, Хаан банкны депозкит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд хариуцагч дээрх мөнгийг төлсөн болох нь тогтоогдсон байна.

Харин хариуцагч 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 091237 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тооцуулах үндэслэлээ уг гэрээний дагуу мөнгө хүлээж аваагүй гэсэн тайлбарласан байна. /хэргийн 8 дугаар талд/

 

Хэдийгээр талууд 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 091237 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг бичгээр байгуулж, хэлцлийн гол нөхцөлийн талаар тохиролцож, бичгийн гэрээ байгуулсан боловч зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч Ди Эй Эм Өү Эй ББСБ ХХК нь хариуцагч буюу Н.Баасанжавт дээрх гэрээний дагуу 79 200 000 төгрөгийг бодитоор хүлээлгэн өгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь зээлдүүлэгчид мөнгөн хөрөнгийг шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлээгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулсан 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 091237 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч Ди Эй Эм Өү Эй ББСБ ХХК нь хариуцагч Н.Баасанжав нарын хооронд байгуулсан дээрх зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан барьцааны гэрээ нь мөн хүчин төгөлдөр бус байна.

 

Нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2012 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр 2012-0912-37 тоот зээлийн гэрээний үнийн дүнгээс тооцсон, хариуцагч энэ гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй болох нь талуудын тайлбар болон, тооцоо хийсэн баримтаар тогтоогдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны шатанд зохигчид уг гэрээний дагуу мэтгэлцсэн байх тул анхан шатны шүүх 2012-0912-37 тоот зээлийн гэрээний үүргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно.

 

Хариуцагч Н.Баасанжав нь 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр зээлийн хүүд төлсөн 7 423 661 төгрөг, зээлийн дүнг тэгшитгэхийн тулд төлсөн 87 285 төгрөг нийт 7 510 973 төгрөгийг төлж зээлийн үлдэгдэл нь 72 900 000 төгрөг болсон байх тул анхан шатны шүүх зээл төлөлтийн мэдээ гэсэн тооцооллыг үндэслэн хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 120 159 650 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 177 508 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдэрлэсэн нь тооцооллын хувьд зөв болсон байна.

Хариуцагч Зээл төлөлтийн мэдээ гэсэн баримтаар анхан шатны шүүх талуудын тооцоог тогтоогдсон гэж үзсэн нь буруу болсон гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухй хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн тайлбараа нотолсон, нэхэмжлэгчийн гаргасан дээрх баримтыг няцаасан нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулан, энэ талаар давж заалдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангагүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2016/01507 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

2 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар Ди Эй Эм Өү Эй ББСБ ХХК болон Н.Баасанжав нарын байгуулсан 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 091386 тоот Зээлийн гэрээ болон 091386 тоот Барьцааны гэрээ"-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоосугай гэж

3 дахь заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Баасанжав шүүхийн шийдвэрийг сайн дураараа эс биелүүлбэл Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Усны гудамж, 8 дугаар байрны 1 давхарт байршилтай, 150м.кв тайлбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулсугай гэж найруулгын хувьд өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бүрнээгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар заалдах гомдол гаргахдаа хариуцагч Н.Баасанжаваас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 766330 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Ц.ИЧИНХОРЛОО