2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 191/ШШ2025/07655

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 09 17 191/ШШ2025/07655

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  хаягт оршин байх, ******* ******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/-д холбогдох,

 

Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгт 83,635,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******,

Хариуцагч Б.*******,

Хариуцагчийн өмгөөлөгч У., Ш. нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: "******* ******* *******" ХХК нь 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр иргэн Б.*******тэй 2024.227 дугаартай Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж түүний өмчлөлийн нийслэлийн  хаягт байршилтай, 4,320 м.кв талбайтай, сургалтын зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх хэлцэл хийх сонирхолтой гуравдагч этгээдийг түүнд холбож өгөх зорилгоор зуучлалын үйлчилгээ үзүүлсэн.

Гэрээгээр олгогдсон бүрэн эрхийн дагуу зуучлалын үйлчилгээг манай компани зуучлуулагчид үзүүлж гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх хэлцэл хийх хүсэл сонирхолтой гуравдагч этгээд болох нийслэлийн ерөнхий боловсролын " "-ийг 2024 оны 12 дугаар сарын 01- ний өдөр холбож өгсөн бөгөөд зуучлуулагч нь 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гуравдагч этгээд болох нийслэлийн ерөнхий боловсролын " "-тай түрээсийн гэрээ байгуулсан байдаг.

Зуучлуулагч Б.******* нь нийслэлийн ерөнхий боловсролын " "-тай түрээсийн гэрээг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр бичгээр байгуулсан бөгөөд түрээсийн гэрээг хугацааг зуучлуулагч, гуравдагч этгээд нар 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1 жил 7 сарын хугацаатай байгуулсан. Зуучлуулагчийн гуравдагч этгээдтэй байгуулсан түрээсийн гэрээний хугацаа, үнэ нь зуучлуулагч манай компанитай байгуулсан зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний хугацаа, үнэд хамаарагдахгүй болно. Зуучлуулагчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээ 4,320 м.кв ба 1 м.кв талбайн хэмжээг 22,000 төгрөгөөр тооцон үнэлсэн бөгөөд 4,320 м.кв талбайн хэмжээ 95,040,000 төгрөг болсон. Уг 95,040,000 төгрөгийн 88 хувиар зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний ажлын хөлсийг тооцож тохиролцсон. 95,040,000 төгрөгийн 88 хувь нь 83,635,200 төгрөг юм. Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний 7 дугаар зүйл "Энэ гэрээний бусад нөхцөл" гэж зохицуулсан бөгөөд гэрээний бусад нөхцөлд "Гэрээний хөлс 83,635,200 төгрөгийг хэлцэл хийх гуравдагч этгээдтэй холбон өгч, түрээсийн гэрээ хийснээс хойш 3 хоногийн дотор төлнө" гэж заасан.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан. Мөн хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зуучлалын гэрээгээр зуучлуулагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу түүний ашиг сонирхлын төлөө хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс төлөх үүрэг хүлээнэ гэж заасан. Зуучлалын гэрээний гол нөхцөл нь холбож өгөх юм. Тухайн гэрээнд заасан объектыг буюу үл хөдлөх хөрөнгийг бусдад холбож өгсөн. Үүнд талууд маргаангүй.

Энэ ажлын хөлсийг метр квадратын нэгж үнэ, түүний 88%, түүний ажлын хөлс нь 83 635 200 төгрөг гэдэг дээр талууд харилцан тохиролцож байгуулсан байгаа. Бидний зүгээс цаашид тухайн зуучлалын гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.1 дэх хэсэгт заасан зохицуулалтын хүрээнд гэрээ сунгагдсан тохиолдолд 1 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний ажлын хөлсийг бид нарын зүгээс авахгүй. Бид нар холбож өгсөн этгээдтэйгээ хэлцэл хийсэн дээр хариуцагч маргаангүй учраас өмнөх өмнөх холбож өгч байсан, уулзуулж байсан этгээдүүдийн талаарх үйл баримтыг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөх шаардлагагүй юм.

Иймд хариуцагч Б.*******гээс Зуучлалын гэрээний үүрэгт 83,635,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "******* ******* *******" ХХК-д олгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Б.******* болон түүний өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчтэй манай зүгээс 2024 оны 10 сард гэрээ байгуулж ажилласан. Үүнтэй холбоотой "******* ******* *******" ХХК бид нарт үйлчлэгч олж өгсөн. Үүнтэй маргахгүй. "******* ******* *******" ХХК-ийн зүгээс ярьж байгаа гэрээнүүд дээр байгаа үнийн дүн бол тухайн үед бид нар ийм үнээр түрээсэлмээр байна гэж хүсэл зоригоо илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл болохоос биш, одоо яриад байгаа шиг ийм үнийн дүнг ажлын хөлсөнд өгнө гэсэн тохиролцоо биш. Тус үнийг бид нар нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн бусад агентлагуудын адил 1 сарын түрээсийн төлбөрийг төлөх ёстой гэсэн хүлээлттэй байсан.

"-тай түрээсийн гэрээ байгуулагдсан. Гэрээг байгуулахдаа агенттай хамтран ажиллаж байсан. Бид нарыг гуравдагч этгээдтэй уулзуулсан. нь танай байранд удаан хугацаагаар байрлах сонирхолтой байна. Гэхдээ бид нарт боломж олгоод урт хугацаагаар бодоод, хөнгөлөлттэй байдлаар гэрээ байгуулаач гэх хүсэлт тавьсан. Тус гэрээний үнийг 40,000,000 төгрөг болгож бууруулах, зуны 2 сарын хугацаанд тэрнээс илүү хөнгөлөлт үзүүлэх саналыг гаргасныг манай зүгээс саналыг нь хүлээж авсан... Гэрээ байгуулагдаад орсон. Бид нар барьцаа төлбөр болоод 2 сарын түрээсийн төлбөрөө авсан. ...Бид нар энэ агуулгаараа 40,000,000 төгрөгийг түрээсийн төлбөр төлөх ёстой гэдэг хүлээлттэй байсан боловч ******* ******* ******* ХХК бид нараас хүлээснээс илүү үнийг нэхэмжилсэн учраас маргаан үүсэж байгаа. ....Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний эхний хэсэгт буюу агуулга дээр бид нар ойлголцлынхоо тухай бичсэн болохоос тохиролцсон гэдэг үг байхгүй.

Хариуцагч буюу зуучлалын үйлчилгээ авч байгаа этгээдэд хэтэрхий эрх ашигт нь сөрөг нөлөө учруулахаар гэрээний заалтууд тус гэрээн дээр тусгагдсан асуудал байна. Хөлс 83 сая төгрөгтөө нийцсэн ажил хийсэн гэж үзэхгүй байна. Гуравдагч этгээдийг олж өгсөн боловч үүний дараа хийгдэх үе шаттай гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Биелүүлсэн талаар нотлох үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгч 3 ажил хийх ёстой гэж харагдаж байна. Нэгдүгээрт холбож өгөх юм байна, төлөөлж хэлцэл хийх юм байна, холбогдох ажил ажлын хөлсөө авна гэсэн харилцаа байгаа. Маркетингийн судалгаа хийнэ. Зуучлагчийн эд хөрөнгийн талаарх мэдээллийг цуглуулах, үүнийгээ ашиглах, зуучлуулагч эд хөрөнгийн талаарх мэдээллийг цуглуулах шаардлагад зар сурталчилгаа хийх, зуучлуулагч эд хөрөнгийн түрээслэхтэй хэлэлцээр хийж, захидал бичиг солилцох гэж заасан.

Үнэ бол гэрээний гол нөхцөл байна. Гэрээний эрх зүйн харилцаанд гол нөхцөлөө тохирсон. Саналын дуудлага дээрээ 20,000 төгрөгөөр байвал энэ чинь бизнесийн компани учраас ашгийн төлөө байгууллага ийм байх юм бол ашигтай юм байна гэдэг нөхцөлийг бодож олоод зуучлуулагчдаа хэлсэн байна шүү дээ. Өөрийн ашиг сонирхлоо. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 410 дээр төлөөлөх ёстой ашиг сонирхлоо төлөөлүүлэгчид буюу зуучлагчдаар ашиг сонирхлоо хэлсэн байна. Энэ ашиг сонирхол цаашаа очоод ямар дүн болж өөрчлөгдөөд гэрээ байгуулсныг нэхэмжлэгч мэдэхгүй байна. Агуулгын хувьд нэхэмжлэгч гэрээний 1,7 гэдэг хоёр заалтыг баримтлаад нэхэмжилж байна. Нэг дээр гэрээний агуулга байгаа. Хоёрт гэрээг тайлбарлах арга гэж байгаа. Гэрээний заалтууд хоорондоо зөрчилтэй бол гэрээний агуулгаар нь тайлбарлах, зүйл заалтыг шууд утгаар нь харахад хоорондоо зөрчилтэй байх юм бол гэрээний агуулга, зорилгоор нь ойлгож болно гэж тайлбарласан байна. Санал нэгдэж байгаа зүйл нь зуучлалын харилцаанд зуучлалын хөлсийг зах зээл дээр тогтсон жишиг явдаг практик нь түрээсийн гэрээн дээр тухайн түрээсийн объектын 1 сарын түрээсийн төлбөр байдаг юм байна гэдгийг аль аль нь хүлээн зөвшөөрч байна. Иргэний хуулийн 195.1, 195.3, 195.4-д зааснаар зуучлуулагчийн ашиг сонирхлыг зуучлагч маань өөрөө ойлгоогүйгээс үүдэлтэйгээр хийсвэр тоо гаргаж байж түүнийг нэхэмжлээд байгаа юм.

Хоёрдугаарт нь гэрээнд заасан үйл баримт буюу гэрээнд тодорхой байгаа агуулгаас нь харахад сарын төлбөр байдаг юм байна гэдэг зүйлийг зөрчиж нэхэмжлэл гаргаад яваад байгаа нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байгааг шууд харуулж байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3. Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:

 

3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гарган өгсөн баримтууд: Улсын тэмдэгтийн хураамж 576,126 төгрөг төлсөн баримт, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ******* ******* ХХК-ийн Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2024-227 дугаар Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ,

 

3.2 Хариуцагч нараас шүүхэд гарган өгсөн баримтууд: Хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт, Содон сургуулийн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 169 дүгээр Б.*******д хүргүүлсэн албан бичиг, дансны хуулга, Б.*******гийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, Үл хөдлөх эд хөрөнгө түрээсийн гэрээ, Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ,

 

3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтгүй.

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангав.

 

5. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгт 83,635,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

6. Хариуцагч Б.******* нь Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ-гээр хөлс тохирсон тохиролцоо, гэрээний нөхцөлийг эс зөвшөөрсөн. Талууд 83,635,200 төгрөгийн хөлс тохиролцоогүй, түрээсийн гэрээний 1 сарын үнийг зуучлалын хөлс гэж ойлгосон, нэхэмжлэгч тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, марган мэтгэлцсэн.

 

7. Хэрэгт цугларсан баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

7.1 Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК, хариуцагч Б.******* нарын хооронд 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан гэрээ, тайлбараар нотлогдсон.

 

7.2 Гэрээний талууд  хаягт байршилтай, 4,320 м.кв талбайтай, сургалтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зуучлагчаас олгосон бүрэн эрхийн хүрээнд түүнтэй хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, төлөөлж хэлцэл хийх зуучлагч тохирсон хөлс авах үүргийг хүлээх, зуучлагчийн санал болгосон нөхцөл, зах зээлийн үнээр түүний эд хөрөнгийг түрээслэх гэрээ байгуулах түнш олж өгөх зорилгоор тодорхой үйл ажиллагааг зуучлагч явуулахаар гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан гэрээний агуулгаас харагдаж байна.

 

7.3 хаягт байршилтай, 4,320 м.кв талбайтай, сургалтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь хариуцагч Б.******* болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр нотлогджээ.

 

7.4 Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь Худалдааны зуучлал байсныг хасч, Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх үйл ажиллагааг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр бүртгүүлсэн, хорооны 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 17 дугаар тогтоолоор Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх Тусгай зөвшөөрөл олгосон болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр нотлогдож байна.

 

7.5 Зохигч дээрх гэрээний дагуу гуравдагч этгээд буюу хэлцэл хийх этгээдтэй холбож өгсөн үйл баримтад маргаагүй.

 

7.6 Нэхэмжлэгч нь түрээслэх хэлцэл хийх сонирхолтой гуравдагч этгээдтэй холбож өгөх үүргээ биелүүлж, улмаар Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ Нийслэлийн ерөнхий боловсролын БСБ, хариуцагч Б.******* нарын хооронд байгуулсан болох нь гэрээ, албан бичиг, зохигчийн тайлбараар нотлогдож, зохигч энэ үйл баримтад маргаагүй.

 

8. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК, хариуцагч Б.******* нарын хооронд 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдсан үйл баримтад зохигч маргаагүй. Харин тус гэрээний заалт, хөлс тохирсон нөхцөл, гэрээний үүрэг бүрэн биелэгдсэн эсэхэд маргаантай.

 

8.1 Зохигчийн хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн, хуульд заасан үүрэг үүссэн байна.

 

8.2 ******* ******* ******* ХХК нь хуульд болон гэрээнд зааснаар зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх үүргийг хүлээсэн. Уг үүргээ биелүүлсэн байна.

 

8.3 Б.******* нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг хүлээнэ. Уг үүргийг биелүүлээгүй.

 

8.4 Хариуцагч хөлс төлөх нөхцөлийг Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний 5 дугаар зүйлд зааснаар тохирч, ойлгосон гэх(гэвч бүхэлд нь эс зөвшөөрсөн байр суурьтай оролцсон), нэхэмжлэгч нь гэрээний эхлэл хэсэгт бичигдсэн(гараар нөхөж бичсэн бичвэртэй хэсэг), мөн гэрээний 7 дугаар зүйлд заасан нөхцөлөөр буюу 83,635,200 төгрөгийн хөлс авна гэж шаардсан.

 

Түүнчлэн зохигч тус бүр Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ-г баримтаар шүүхэд гарган өгсөн. Хариуцагч өөрийн зүгээс гарган өгсөн гэрээний 7 дугаар зүйлд тохирсон нөхцөл бичигдээгүй үндэслэлийг/хх-ийн70-71-р тал/, нэхэмжлэгч гэрээний 7 дугаар зүйлд тохирсон нөхцөлийн дагуу түрээсийн гэрээ хийснээс хойш 3 хоногийн дотор хөлсийг төлөх үүрэгтэй гэж/хх-ийн 9-10-р тал/ тайлбарладаг.

 

8.5 Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ-нд нэг талаас хаягт үл хөдлөх хөрөнгийг *******ын ******* (цаашид зуучлуулагч гэнэ),Үнэ:95,040,000/88%/83,635,200, Байрны мэдээлэл: давхар: 5-5, нөхцөл: 1+1, нийт хэмжээ:4320мкв, нөгөө талаас ХХК(цаашид зуучлагч гэнэ), түүний агент Б. бид нар Иргэний хуулийн 410 дугаар зүйлд заасныг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх зорилготойгоор дараах гэрээг байгуулав гэсэн бичвэр байна.

 

Уг бичвэр нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн алины шүүхэд гаргаж өгсөн зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээнд бичигдсэн байна.

 

Хариуцагч гэрээний уг хэсгийг харилцан тохиролцож хөлс тохирсон заалт биш гэж маргасан.

 

8.6 Гэрээний 7-р зүйлд Энэ гэрээний бусад нөхцөл гэх ба нэхэмжлэгчээс гарган өгсөн гэрээний 7-р зүйлд Гэрээний хөлс 83,635,200 төгрөгийг хэлцэл хийх гуравдагч этгээдтэй холбон өгч түрээсийн гэрээ хийснээс хойш 3 хоногийн дотор төлнө гэсэн заалтыг нөхөн бичсэн гар бичвэр байна, харин хариуцагчаас гарган өгсөн гэрээнд дээрх бичвэр тусгагдаагүй хоосон байна.

 

9. Шүүх талуудын хооронд байгуулсан гэрээний заалт, хөлс тохирсон агуулгад маргаантай тул Иргэний хуулийн 198 дугаар зүйлд зааснаар тайлбарлаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасныг баримтлан хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

 

9.1 Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна, 198.2 дахь хэсэгт Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэж, 198.4 дэх хэсэгт Хоорондоо зөрчилтэй буюу олон утга санааг агуулсан үг хэллэг байвал гэрээний агуулгад илүү тохирсон утга санаагаар тайлбарлана гэж тус тус заасан.

 

9.2 Талуудын хооронд байгуулагдсан зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний 7 дугаар заалт буюу хөлс тохирсон заалт зөрүүтэй, хариуцагч талд хадгалагдаж буй гэрээний хувьд бичигдээгүй тул 7 дугаар заалтыг тохирсон гэж үзэх нь эргэлзээтэй.

 

Гэвч талуудаас шүүхэд гаргаж өгсөн гэрээнүүдэд зөрүүгүй байдлаар тохиролцсон Үнэ: 95,040,000/88%/ 83,635,200 заалт байх тул гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, уг гэрээний тохиролцсон хариуцагчийн хүлээх үүрэг гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь гэрээний үнийн тооцооллын тухайд: үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээ 4,320 м.кв х 22,000 төгрөг = 950,040,000 төгрөг, түүний 88 хувиар буюу 83,635,200 төгрөгөөр тохиролцсон гэж тайлбарласан болохыг дурдав.

 

9.3 Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт Бичгээр хийх хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ: 43.2.1.талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан гэж зааснаар гэрээний талуудын хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр байна.

 

9.4 Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зааснаар Зуучлалын гэрээгээр зуучлагч нь хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх үүргээ биелүүлсэн байх тул, хариуцагч нь хөлс төлөх үүрэгтэй.

 

Хариуцагч тал нэхэмжлэгчийг Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний 2 дугаар зүйлд заасан үүргийг бүрэн биелүүлээгүй, биелүүлсэн талаар нотлох үүргээ биелүүлж баримт гарган өгөөгүй гэж маргаж, нэхэмжлэгч холбож өгөх үүргээ биелүүлсэнд маргаагүй тул баримтуудыг шүүхэд гарган өгөөгүй гэж тайлбарласан.

 

Хариуцагч Б.******* нь 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд ирж нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж заасан үүргээ биелүүлээгүй, татгалзлын үндэслэлийг бичгээр илэрхийлсэн тайлбар гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний 2.1-т Зуучлагч өөрт ноогдсон үүргийг хоёр шаттайгаар биелүүлнэ, 2.2-т нэгдүгээр шат: Эд хөрөнгө түрээслэх иргэн, хуулийн этгээдийг маркетингийн арга хэрэгсэл ашиглаж эрэх, олох, 2.3-т Хоёрдугаар шат: Зуучлуулагч, түрээслэгч хоёрын хооронд гэрээ байгуулахад дэмжлэг үзүүлнэ, 2.5-д Зуучлагч хоёрдугаар шатны үүргийг биелүүлэх журам, 2.5.5-д Зуучлуулагч, түрээслэгч нар байгуулсан гэрээнд гарын үсэг зурсны дараа зуучлагч 2-р шатны үүргээ биелүүлсэн тухай акт үйлдэнэгэжээ.

 

Нэхэмжлэгч хууль болон гэрээнд зааснаар эд хөрөнгийг түрээслэх гэрээ байгуулах түнш олж өгөх, холбож өгөх үүргээ биелүүлсэн, Зуучлуулагч, түрээслэгч нар Түрээсийн гэрээ байгуулсан байх тул үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасан Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж зааснаар хариуцагч гэрээний үүргийг шударгаар, зохих ёсоор, хугацаанд нь биелүүлэх нь хуульд нийцнэ.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 576,126 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 576,126 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.*******гээс Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний үүрэгт 83,635,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 576,126 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 576,126 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА