Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 134

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Б.Батбаяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Галсанпунцаг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Ганбат,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Маамчулуун,

иргэний хариуцагч С.Эрдэнэбат,

шүүгдэгч Г.Даваадорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Тайж овогт Ганболдын Даваадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1707001600051 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэгт татагдахын өмнө “Морь барьдаг” ХХК-нд жолооч ажилтай байсан, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт Налайх дүүргийн 7 дугаар хороо, Шинэ Налайхын 2-48 тоотод оршин суух, регистрийн АЮ92021712 дугаартай, Тайж овогт Ганболдын Даваадорж нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2017 оны 8 дугаар сарын 25-ны шөнө 22 цаг 05 минутын үед Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 шарын автобусны буудал дээр “Морь барьдаг” ХХК-ний өмчлөлийн 83-53 УНТ улсын дугаартай “АЕРО СИТИ” маркийн автобусыг жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дугаар зүйл “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасах буюу зогсоох арга хэмжээ авах мөн дүрмийн 2.5.А.Б.В дүгээр зүйл дэх “3ам тээврийн осолд холбогдсон жолооч тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас хөдөлгөхгүй байх, зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлэгийг анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлэгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлэгийн ажилтанд өөрийн овог, нэр тээврийн хэрэгслийн марк, дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтанд/ мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг тус тус зөрчин зам дээр хэвтэж байсан Д.Баянмандалын дээгүүр нь дайрч гарсны улмаас амь нас нь хохирсон, улмаар Д.Баянмандалыг тээврийн хэрэгсэл доороос гаргаж холдуулан тавиад хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Даваадорж нь Нийтийн тээврийн үйлчилгээ тухайн үед явуулж байсан “Морь барьдаг” ХХК, одоо түүний эрхийг шилжүүлэн хүлээн авч 261941500001 регистрийн дугаар бүхий “Эрдэм Транс” ХХК-ний эзэмшлийн 8353 УНТ улсын дугаартай HYUNDAI маркийн тээврийн хэрэгслийг 2017 оны 08 дугаар сарын /1хх-ийн 131 дүгээр хуудас/ ажлын хувиараар /1хх-ийн 132 дугаар хуудас/ мөн сарын 25-ны өдөр үзлэг /шалгалт/ оруулан Налайх МУБИС гэсэн чиглэлд жолоодон замын хөдөлгөөнд оролцон графикийн дагуу орой 22 цагт 10 шарын байрны зогсоол дээрээс хөдлөх үедээ иргэн Д.Баянмандалыг дайрсан, түүнийг автобусны доороос гарган тусламж үзүүлээгүй орхин зугтсан үйл явдал болсон байна.

            Энэхүү үйл явдал нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Даваадорж мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Маамчулууны өгсөн: “Манай нөхөр 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр автын осолд ороод 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Налайх дүүргийн эмнэлгээс Гэмтлийн эмнэлэгт рүү шилжиж 9 хоног эмчилгээ хийлгэж байгаад амьсгалын хурц дутагдалд орж нас барсан. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч С.Эрдэнэбатын өгсөн: “Налайх дүүргийн шүүхээс 2 хоногийн өмнө манай компани руу утсаар ярьж иргэний хариуцагчаар тогтоосон гэдгийг мэдэгдсэн байсан. Манай компанитай 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс гэрээ хийсэн. Үүнээс өмнө бүх асуудлыг “Морь барьдаг” компани хариуцна гэж гэрээ хийсэн. Манай компанид цаг давчуу байхад мэдэгдсэн. Би өчигдөр шүүх дээр ирж хэрэг болон эрх, үүрэгтэй танилцсан” гэх мэдүүлэг болон улсын яллагч, өмгөөлөгч нарын судалсан:                          

Мөрдөн байцаалтад шинжээч эмч С.Төгсбуянгийн өгсөн: “талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь цээжний хэсгээр их хэмжээгээр буюу хүний хүчнээс давсан хүчээр дарах, шахах, цохигдох үед үүсэх боломжтой буюу зам тээврийн ослын үед үүсгэж болно. Дээрх гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай. Дээрх гэмтлийг авснаар эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алдалгүй авч оношийг тодруулан эмчилгээ хийгдсэн тохиолдолд амь насыг аврах боломжтой байсныг үгүйсгэхгүй. Талийгаач нь дээрх гэмтлүүдийн буюу баруун уушигны дээд болон доод дэлбэн зүүн уушигны дэлбэнгийн доод няцрал, гэмтэл талийгаачийн үхлийн гол шалтгаан болох ба удаан хугацаанд хэвтэрт байх,  2017.03.30-нд өвчүү ясыг  хадах сээрний 3, 4 нугалмыг засах хадах зэрэг мэс засал, эмчилгээ хийгдсэнээс талийгаачийн бие махбодь суларч дархлаа багассан муудсан зэргээс талийгаачийн уушги үрэвссэний улмаас идээт үрэвслээр хүндэрч гэмтэл авсан уушиг дээр нэмж үрэвсэл явагдсанаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан.” гэх мэдүүлэг,

/1 хх-ийн 80, 2 хх-ийн 104 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/69 дүгээр:

1. Талийгаачийн биед цээжний битүү гэмтэл: зүүн уушигны доод дэлбэн, баруун уушгины дээд доод дэлбэнгийн эдийн няцрал, цээжний хөндийд хий, цус хуралдалт, өвчүү ясны хугарлыг зассан мэс заслын дараах байдал /2017.08.30/, сээрний 4-р нугаламын их биеийн дарагдаж шахагдсан хугарал болон сээрний 3,4-р нугаламын мултралыг засан нугасны эдийн дарагдлыг чөлөөлсөн мэс заслын дараах байдал /2017.08.30/, сээрний 4-р нугалмын баруун талын хөндлөн сэртэнгийн ташуу зөрүүтэй хугарал, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь цээжний урд хэсгээр их хэмжээний хүчээр дарах, шахах, цохих үед үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь үхэлд нөлөөлсөн байна.

4. Талийгаач нь дээрх гэмтлүүдийн улмаас уушгины үйл ажиллагаа бүрэн сэргэхгүй байснаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ.” гэх дүгнэлт,

/1хх-ийн 75-77 дугаар хуудас/

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/1хх-11-12, 2хх-73-74 дүгээр хуудас/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,

/2хх-ийн 28 дугаар хуудас/

Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл,

/2хх-ийн 78-90 дүгээр хуудас/ 

Шүүгдэгчийн гаргасан хүсэлт, 4.000.000 төгрөг төлсөн баримт, хэлцэл /2хх-ийн 145, 146 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэг судалсан хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагчийн мэдүүлэг болон улсын яллагч, өмгөөлөгч нарын судалсан баримтуудыг дүгнэхэд шүүгдэгч Г.Даваадорж нь Нийтийн тээврийн үйлчилгээ явуулдаг “Эрдэм Транс” ХХК-ний /Морь барьдаг/ эзэмшлийн механикч Батсүрэнгийн шалгасан 8353 улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр жолоодон Налайх МУБИС чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэн Замын хөдөлгөөнд оролцох явцдаа  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-р зүйлд заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасах буюу зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг болгоомжгүйгээр зөрчин аюул саад учирсан үед  тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авалгүй, хохирогч Д.Баянмандалыг дайрч биед нь зүүн уушгины дээд доод дэлбэн, баруун уушгины дээд доод дэлбэнгийн няцрал бүхий цээжний битүү гэмтэл, өвчүү ясны хугарал, 4-р нугаламын их биеийн дарагдаж шахагдсан хугарал, сээрний 3,4-р нугаламын мултрал зэрэг хүнд гэмтэл учруулан, хохирогчийг тээврийн хэрэгсэл доороос гаргасан атлаа мөн дүрмийн 2.5.А.Б.В, 6.3-р зүйлийн зохих заалтыг зөрчин түүнд эмнэлгийн болон бусад тусламж үзүүлэлгүй хэргийн газрыг зориуд санаатай орхин зугтаасан хохирогч нь эмнэлгийн тусламж 10 хоног авсан боловч амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж амь нас нь хохирсон Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг гэм буруутай гэж шүүх үзлээ.

Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Г.Даваадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа нь үндэслэлтэй бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Гэхдээ шүүгдэгч Г.Даваадорж нь хохирогчид тусламж үзүүлэн зохих газарт нь мэдэгдээгүй гэмт хэргийн газрыг санаатай орхиж зугтаасан боловч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлоос сайн дураараа 4.000.000 төгрөгийг төлсөн, цаашид хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа, улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг тэнсэж өгөөч гэсэн дүгнэлтүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг зөрчөөгүй ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн тайлбар дүгнэлтийг харгалзав.

Харин Нийтийн тээврийн үйлчилгээ тухайн үед явуулж байсан “Морь барьдаг” ХХК нь Даваадорж манай ажилтан биш, түүний эрхийг шилжүүлэн авсан “Эрдэм Транс” ХХК нь эрх шилжүүлэн авахаас өмнөх иргэний маргааныг манайх хариуцахгүй гэж гэрээнд тусгасан гэж байгаач тус компаний эзэмшлийн 8353 УНТ улсын дугаартай HYUNDAI  маркийн тээврийн хэрэгслийг 2017 оны 08 дугаар сарын ажлын хувиараар нийтийн үйлчилгээнд механикч Батсүрэн гэгч хүн үзлэг шалгалтанд 2015 оны 08 дугаарын сарын 25-ны өдөр орлуулан Даваадоржийг Замын хөдөлгөөнд зөвшөөрөн оролцуулан тэдгээрийн дунд хөдөлмөрийн харилцаа үүссэн байна. Монгол Улсын Иргэний хуульд тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг эзэмшигч /өмчлөгч/ арилгах үүрэгтэй гэж заасан бөгөөд  одоо уг тээврийн хэрэгслийн эзэмшигч нь “Эрдэм Транс” ХХК байх тул автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлын шаардлага хангасан нотлох баримттай эмчилгээний зардал 3.591.140 төгрөг, оршуулгын зардалд 11.371.693 төгрөгнөөс шүүгдэгчийн төлсөн 4.000.000 төгрөгийг хасч, үлдэх 10.962.833 төгрөгийг тус компаниас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тамга тэмдэггүй, он сар өдөр нь тодорхойгүй баримтаа хуулийн шаардлагад нийцүүлэн жич нэхэмжлэх, “Эрдэм Транс” ХХК нь гэм буруутай этгээдээс хохирогчид төлсөн мөнгийг нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус нээлттэй үлдээв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт шилжүүлж, 4 ширхэг СД-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Г.Даваадорж нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тайж овогт Ганболдын Даваадоржийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Даваадоржид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялтай тэнцэх 31 /гучин нэг/ хоногийн хорих ялыг нэмж нийт 2 /хоёр/ жил 7 /долоо/ сар 1 /нэг/ хоногийн хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 зааснаар  Г.Даваадоржид оногдуулсан 2 /хоёр/ жил 7 /долоо/ сар 1 /нэг/ хоног хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт шилжүүлж, 4 ширхэг СД-г хэрэгт хавсаргасугай.

6. Г.Даваадорж нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг төлсөн, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.

7. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар “Эрдэм Транс” ХХК-аас 10.962.833 /арван сая есөн зуун жаран хоёр мянга найман зуун гучин гурав/ төгрөгийг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Маамчулуунд олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бусад зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх, иргэний хариуцагч нь гэм буруутай этгээдээс хохиролд төлсөн мөнгийг нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Даваадоржид оногдуулсан 2 /хоёр/ жил 7 /долоо/ сар 1 /нэг/ хоногийн ялыг тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах, зан үйлээ засах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, иргэний хариуцагч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл  Г.Даваадоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.БАВУУ