| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Уранчимэг |
| Хэргийн индекс | 171/2024/0426/Э |
| Дугаар | 2025/ДШМ/01 |
| Огноо | 2025-01-08 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.А |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2025/ДШМ/01
2025 01 08 2025/ДШМ/01
Ч.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Шүүгдэгч Ч.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Д
Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 450 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч М.Д-н давж заалдах гомдлоор шүүгдэгч Ч.Бд холбогдох дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Е овогт Ч-н Б, Монгол Улсын иргэн,
Ч.Б нь 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 18 цагийн орчим аймгийн сумын баг тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Уын бие толгой хэсэгт хөлөөрөө өшиглөж, гараараа нүүр хэсэгт цохиж, үснээс нь зулгааж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймгийн Прокурорын газраас: Ч.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч Е овогт Ч-н Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож,
Шүүгдэгч Ч.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар аймгийн сумаас гарч явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч .М.Д давж заалдах гомдолдоо:
“ ... Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар ... өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тусгах ёстой атал тусгаагүй байна. Өмгөөлөгч миний бие Ч.Бд ял шийтгэл ононгдуулахдаа түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн байдал, хэргийг шалган шийдвэрлэхэд саад учруулаагүй, хохирогч гомдол саналгүй, хохирол төлбөргүйн дээр өөрийнх нь эрүүл мэндийн байдал хүнд, бусдын асрамжид байдаг, өөрөө өндөр насны тэтгэвэрт гарсан, хамтран амьдрагч нь асаргааны мөнгө авдаг зэрэг орлоготой байдлыг харгалзан үзэж торгох ял шийтгэж өгнө үү гэсэн санал танилцуулсан.
Гэтэл Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан ялын хамгийн хүнд хэлбэр болох зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсэн нь түүний эрх зүйн байдлыг дордууллаа гэж үзэж байна Учир нь: Ч.Бы оршин суух газрын хаяг нь аймгийн сумын баг “ ” хэсэг гудамжны тоот бөгөөд 2024 оны 1-р улиралд тархиндаа хүнд гэмтэл авч толгойны зүүн хэсэгт тархиа цөм цохиулсны улмаас хагалгаанд орж пластик төмөр нөхөөс тавиулж бусдын асаргаанд орж, аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас асаргаа авдаг нь эмнэлгийн хяналтад байж үзүүлж харуулж байх шаардлагатай.
аймагт хамтран амьдарч байсан хохирогч У нь хотод нүдний хагалгаанд орсон, цаашид удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай болсноос тэдний амьдарч байсан хашаа байшинг эзэн нь буцаан авч Бы хувьд аймагт амьдрах боломжгүй болсон тул одоо аймгийн төвд настай ээж Ц.Д, охин У нарын хамт амьдарч байгаа.
Б нь хүний ганц өргөмөл хүү тул өндөр настай ээжийнхээ дэргэд бараа болж байх нь түүнийг ачилж байгаа хэрэг болох юм. Дээрхи нөхцөл байдлыг харгалзан үзэж Ч.Б оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг хөнгөруулж торгох ялаар сольж өгнө үү. Гомдолд Бы хувийн байдлыг тодорхойлсон баримт болох оршин суух хаягийн лавлагаа, ээж Ц.Д-н иргэний үнэмлэхний хуулбар, ” сумын Эмийн цэцэглэн” Өрхийн Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэргийг хавсаргав” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ч.Б тайлбартаа: ... Би энд гэр орон байхгүй. Би өөрөө өвчтэй, 90 гарсан ээж маань аймагт байдаг юм ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч М.Д тайлбартаа: ... энэ хүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан торгох ялаар шийтгэж өгнө үү ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч М.Д-н давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ч.Б нь 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 18 цагийн орчим аймгийн сумын баг тоотод хамтран амьдарч байсан Д.Уын бие толгой хэсэгт хөлөөрөө өшиглөх, гараараа нүүр хэсэгт нь цохих, үснээс нь зулгаах зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэхдээ хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр хэргийн үйл баримтыг тогтоож, Ч.Быг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Д нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч “... торгох ял шийтгэж өгнө үү ...” гэх агуулгатай гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасан байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Быг 2 сарын хугацаагаар аймгийн сумаас гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн байх боловч шүүгдэгч нь оршин суугаа газрын хаягийн бүртгэлээр аймгийн сумын дугаар багийн тоотод оршин суух бүртгэлтэй /хх 58, 117/ байна.
Мөн Ч.Б нь 2024 оны 04 дүгээр сард тархины гэмтэл оношоор бусдын асаргаанд орж, аймгийн “Эмийн цэцэглэн” өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтанд байдаг, 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэмж авч байгаа болох нь
“Эмийн цэцэглэн” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Э.Э-н тодорхойлолт, аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга Н.Б-н 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Бы хувийн /эрүүл мэнд/ байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлэн өөрчилж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Ч.Бд тухайн зүйл, хэсэгт заасан ял буюу 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Бд анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 450 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Шүүгдэгч Ч.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар аймгийн сумаас гарч явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй” гэснийг
“Шүүгдэгч Ч.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Бд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ч.Бд анхааруулсугай.
4. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Д-н давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧИД С.ЦЭЦЭГМАА
С.УРАНЧИМЭГ