Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2017/00518

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2017/00518

 

 

 

Э.Алтантулгын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/01556 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Э.Алтантулгын нэхэмжлэлтэй

Хариуцагч Энэрэл-Интернэшнл ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор, илүү цагаар ажилласны нэмэгдүүлсэн хөлс 5 512 500 төгрөг тус тус гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэн

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шайрийбуу

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э.Алтантулга би 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр "Энэрэл-Интернейшнл" ХХК-д механикаар ажилд орсон. Анх намайг ажилд ороход санамж бичиг өгч танилцуулж, сарын үндсэн цалин 2 000 000 төгрөг хагас, бүтэн сайн өдөр буюу амралтын өдөр дуудахад ирж ажиллана, илүү цагийн хөлс 2 000 000 төгрөгт багтана гэсэн тул илүү цагаар ажиллуулсны хөлсийг хүлээн зөвшөөрөөгүй учир Хөдөлмөрийн гэрээ-нд гарын үсэг зураагүй. 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 4 сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд дөрвөн 7 хоногийн 1 хагас сайн өдөр нь амраад, гурван 7 хоногийн хагас сайн өдрүүдэд нь ажилласан байдаг. Миний эрхэлж байсан механикийн ажил нь орж ирсэн машиныг гардан засах үүрэгтэй. Хөдөлмөрийн гэрээнд механик нэг бүрчлэн ийм ажил хийнэ гэж нарийн зүйл тусгаагүй байсан. Санамж бичигт сарын ажлын хөлсийг 2 000 000 төгрөг байна гэсэн байсан. Ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байна. 2016 оны 4 сарын 13-ны өдөр хүртэл ажилласан. 2016 оны 3 дугаар сард галын агуулахад байгаа машиныг шалга гээд явуулсан. Тухайн машинаа шалгаж дуусаад шалгасан баримтаа шил арчигч дээр нь үлдээсэн. Гэтэл 7 хоногийн дараа баримтыг нь гадна талд нь хийсэн байна, дотор талд нь хийх ёстой байсан гэж сануулга өгсөн, сануулгыг англи хэл дээр бичгээр өгсөн. Уг машиныг засах үүрэгтэй гэж гэрээнд зааснаас өөрөөр нарийн зүйл тусгаагүй. Хоёр дахь удаагийн сануулга нь 2016 оны 4 сарын 13-ны өдөр дахин нэг машины катушк засах гээд тухайн түлхүүр нь байхгүй байсан тул түлхүүр хийлгэх шаардлагатай байсан тул түлхүүр хийлгэхээр яваад 3 цаг болсон машинаа янзалж дуусаагүй байхад үйлчлүүлэгч гадагшаа явлаа гээд машинаа аваад явсан тул машин засаж чадаагүй гэдэг үндэслэлээр сануулга өгөөд, тухайн өдрөө англи хэл дээр ажлаас халсан тушаал өгсөн. Халагдсан тушаалаа Монгол дээр авъя гэхэд өгөөгүй, 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Мэргэжлийн хяналтын газарт өргөдөл өгч хариуцагч талд мэдэгдсэнээр Монгол хэл дээр тушаалаа авсан. Би техникийн англи хэлтэй, мэргэжлийн англи хэл мэдэхгүй. Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор, илүү цагаар ажилласны нэмэгдүүлсэн хөлс 5 512 500 төгрөг тус тус гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алдармаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Э.Алтантулгыг "Энэрэл-Интернейшнл" ХХК нь үндэслэлгүйгээр ажлаас халсан гэсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо Хөдөмөрийн тухай хуулийн зохих заалтыг үндэслэж ажлаас халсан. Нэхэмжлэгч нь туршилтын хугацаанд ажиллаж байхдаа 2015 оны 01 дүээр сарын 19-ны өдөр ажилд орсон. Нэхэмжлэгч Э.Алтантулга нь сахилгын зөрчил удаа дараа гарган 3 сануулах хуудас авсан, удирдлагын тавьсан шаардлага хүлээн авдаггүй, байгууллагын өмчид хайр гамгүй ханддаг тул ажил олгогч сануулга хуудас өгсөн, мөн өөрөө сануулах хуудас дээр гарын үсэг зурсан байгаа. Нэхэмжлэгч 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ажлаа орхин явсан тул тэр дор нь тушаалыг өгөх боломжгүй байсан. Нэгэнт Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж байгаа тул тушаалыг Монгол хэл дээр өгөх ёстой гэдгээ байгууллага мэдэж байсан. Тушаалыг 4 дүгээр сарын 13 биш 18-ны өдрөөр гаргасан. Хөдөлмөрийн гэрээг өөрт нь тулгаж ажилд аваагүй, өөрөө энэ нөхцлөө хүлээн зөвшөөрч ажиллаж эхэлсэн. Байгууллагын зүгээс амралтын цагаар тийм ч их ажиллуулж байгаагүй, цаг бүртгэдэг системтэй учир түүнээс дэлгэрэнгүй харж болох юм.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Э.Алтантулгыг "Энэрэл интернэшнл" ХХК-ийн механикийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1., 128 дугаар зүйлийн 128.1.11-т зааснаар "Энэрэл-Интернэшнл" ХХК-аас 16 364 889.2 төгрөгийг гаргуулж Э.Алтантулгад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 512 500 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар "Энэрэл-Интернэшнл" ХХК нь Э.Алтантулгын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу cap тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэйг дурдаж,

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5,-д зааснаар нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийгн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 7 сарын 01-ний өдөр төлсөн 103 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Энэрэл-Интернэшнл" ХХК-аас 239 774 төгрөгийг улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Э.Алтантулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэн давж заалдах гомдолдоо:...Э.Алтантулгын Нийгмийн даатгалын дэвтэрийн бичилт дээр Хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлого гэсэн хэсэгт уг байгууллагад ажилд орсноос хойш cap бүр 2 000 000 төгрөгийн үндсэн цалингаас тооцож тогтмол нийгмийн даатгалын шимтгэл тооцож бичилт хийж ирсэн шууд нотлох баримт байсаар байхад шүүхэд нотлох баримт болгож цалингийн хүснэгт гаргаж өгөхдөө 2 000 000 төгрөгийн цалинд нь илүү цаг орж тооцогдсон мэтээр үндсэн цалин 1 684 210.53 төгрөг, илүү цагийн цалин хэмээн 315 789.47 төгрөг хэмээн хуурамч баримт гаргаж өгсөн байсан. Учир нь тэдний гаргаж өгснөөр Э.Алтантулгын сарын үндсэн цалин 1 684 210.53 төгрөг гэж үзвэл шүүхийн тооцсоноор 1 сард ажлын 21.5 хоног байсан гэж үзвэл 1 өдрийн цалин 97 121 төгрөг болно, тэгээд үүнийг ажлын 8 цагт хуваахад 1 цагт 12 140.125 төгрөгийн цалин авч байсан тул үүнийг бямба гаригт ажиллуулсны 1,5 хувиар үржүүлэхэд 1 цагт 18 210.18 төгрөг буюу 6 цагаар үржүүлэхэд нэг бямба гаригт ажиллуулсны хөлс нь 109 261.12 төгрөг болж байна.

 

Хариуцагч "Энэрэл-Интернэшнл" ХХК нь нэхэмжлэгч Э.Алтантулгыг илүү цагаар бодитоор ажиллуулсан болох нь хариуцагч өөрөө үндсэн цалинд илүү цаг орсон гэж хувааж тайлбарлан Хөдөлмөрийн гэрээний төсөлд тусгасан, бичгийн тайлбаруудаараа хүлээн зөвшөөрсөн, цалингийн хүснэгтээрээ үндсэн цалин 1 684 210.53 төгрөг, илүү цагийн цалин хэмээн 315 789.47 төгрөг илүү цаг гэж тусгасан, Мэргэжлийн хяналтын байгууллагад хандаж байж актанд дурдсан 1 сарын хугацааны илүү цагийн хөлсийг гаргуулж авсан гэх мэт бичгийн болон бусад үйл баримтаар хангалттай нотлогдсон болно.

Нэхэмжлэлийн шаардлагаас 5 512 500 гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг гаргуулахаар өөрчлөн оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг батлах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Э.Алтантулга нь хариуцагч "Энэрэл-Интернэшнл" ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор, илүү цагаар ажилласны нэмэгдүүлсэн хөлс 5 512 500 төгрөг тус тус гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Э.Алтантулгын нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч эс зөвшөөрөн давж заалдах гомдол гаргасан боловч талууд харилцан тохиролцож, эвлэрсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт зааснаар талууд эвлэрснээ бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан, эвлэрлийн гэрээг шүүхэд гаргасныг давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэх боломжтой байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Э.Алтантулгын нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч эс зөвшөөрөн давж заалдах гомдол гаргасан боловч талууд харилцан тохиролцож, эвлэрсэн байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээнд хариуцагч буюу ажил олгогч "Энэрэл-Интернэшнл" ХХК нь шүүхийн шийдвэр хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор нэхэмжлэгч буюу ажилтан Э.Алтантулгад 23 044 730 төгрөгийг өгөх, нэхэмжлэгч Э.Алтантулга нь ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж эвлэрлийн гэрээ байгуулсан нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Зохигчид Улсын тэмдэгтийн хураамжийн талаар тусгайлан тохиролцоогүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар зохигчид эвлэрэн хэлэлцэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон тохиолдолд төлөгдсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар буцаан олгохгүй байхаар зохицуулсан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/2016ШШ/01556 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, "Энэрэл-Интернэшнл" ХХК нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш ажлын 5 хоногийн дотор нэхэмжлэгч Э.Алтантулгад 23 044 730 төгрөгийг өгөх, нэхэмжлэгч Э.Алтантулга ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Э.Алтантулгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

Ц.ИЧИНХОРЛОО