| Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Болормаа |
| Хэргийн индекс | 119/2026/0050/з |
| Дугаар | 119/ШШ2026/0053 |
| Огноо | 2026-08-18 |
| Маргааны төрөл | Тендер, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 119/ШШ2026/0053
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “**” ХХК /захирал **/
Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **, **, **, ** нарын хоорондын
Нэхэмжлэлийн шаардлага: ““Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн М-ДБ-112-12/4194 дугаартай, ЭҮТӨҮГ/20260102226 дугаартай "Ус соруулах шахуургын сэлбэг" тендерт “**” ХХК-ийг шалгаруулсан үр дүнг хүчингүй болгож, тендерийг дахин зохион байгуулахаар шийдвэрлэсэн захиргааны актыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах”, “ЭҮТӨҮГ/20260102226 дугаартай тендер шалгаруулалтад “**” ХХК-ийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээхийг хариуцагчид даалгах”-ыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “**” ХХК-ийн захирал **, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, **, **, **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “**” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт холбогдуулан ““Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн М-ДБ-112-12/4194 дугаартай, ЭҮТӨҮГ/20260102226 дугаартай "Ус соруулах шахуургын сэлбэг" тендерт “**” ХХК-ийг шалгаруулсан үр дүнг хүчингүй болгож, тендерийг дахин зохион байгуулахаар шийдвэрлэсэн захиргааны актыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах”, “ЭҮТӨҮГ/20260102226 дугаартай тендер шалгаруулалтад “**” ХХК-ийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээхийг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/57 дугаар тушаалаар “Ус соруулах шахуургын сэлбэг” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг байгуулсан, 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/221 дугаартай тушаалаар А/57 дугаар тушаалаар баталсан Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан ба 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдөр тендерийг нээж, хянан үзсэн байна.
3. “**” ХХК нь уг “Ус соруулах шахуургын сэлбэг” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт оролцсон байна.
4. 2026 оны 06 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
5. Нэхэмжлэгч “**” ХХК-ийн захирал ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан “Ус соруулах шахуургын сэлбэг” нийлүүлэх тендерт оролцож ерөнхий шаардлагын дагуу тендерийн материал илгээсэн. Эхний үнэлгээгээр тендерт ялж 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг захиалагч гаргасан. Тендерийн баримт бичигт заасан шаардлагад байгаагүй зүйлээр өрсөлдөгч компани буюу “**” ХХК гомдол гаргасан. Гомдлын дагуу Сангийн яам 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 03/6594 дугаартай албан бичгээр захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгосон. Манай гэрээ байгуулах хууль ёсны эрхийг түдгэлзүүлсэн байгаа.
Тиймээс бидний эрхийг сэргээж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн М-ДБ-112-12/4194 дугаартай акт нь “**” ХХК-ийн тендерийг шаардлага хангаагүй гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй, буруу дүгнэсэн гэж үзэж байна.” гэв.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20260102226 дугаартай “Ус соруулах шахуургын сэлбэг” нийлүүлэх сэлбэг тендерт “**” ХХК шалгаруулсан үр дүнг хүчингүй болгож, тендерийг дахин зохион байгуулахаар шийдвэрлэсэн захиргааны актыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, ЭҮТӨҮГ/20260102226 дугаартай тендер шалгаруулалтад “**” ХХК-ийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээхийг даалгах” шаардлага гаргасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа.
ЭҮТӨҮГ/20260102226 дугаар тендерт 3 компани тендер ирүүлсэн. Тендерийн үнэлгээний хороо 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хуралдаад “**” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, захиалагчид зөвлөмж хүргүүлсэн. Захиалагч шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хүргүүлсэн ба шаардлага хангаагүй компаниудад шаардлага хангаагүй мэдэгдлүүдийг хүргүүлсэн.
Захиалагчийн шийдвэрт “**” ХХК гомдол гаргасан ба Сангийн яам гомдлыг хянаад 2026 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 03/6594 дугаар гомдол хянасан тухай албан бичгээр хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн захиалагчийн 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн М-ДБ-112-12/ 2897 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хуулийн 59.10.2 дахь заалтад нийцүүлэн дахин хийх тухай шийдвэр гаргасан. Сангийн яамны шийдвэрт “**” ХХК-аас “**” ХХК-тай байгуулсан 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 24/02-21 дугаартай худалдах худалдан авах гэрээ, 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн гэрээ хүлээн авсан актыг тус тус ирүүлсэн. Тус гэрээний 3.1.1-д “Худалдан авагч энэхүү гэрээний дагуу 2023 оны 10 дугаар сард нийлүүлэх 208.200.000 төгрөгийн 30 хувь болох урьдчилгаа 62.460.000 төгрөгийг талууд гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс хойш ажлын 14 хоногийн дотор худалдагчийн хаан банк дахь дансанд хийнэ гэж гэрээ байгуулсан. 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гэрээ дүгнэсэн, гэтэл гэрээний заалт гэрээ байгуулагдахаас өмнө төлбөрийн тодорхой хувийг 2023 оны 10 сард хийхээр тусгасан байгаа нь уг алдаатай, эргэлзээтэй байдлыг бий болгосон. Энэ талаар тодруулга ав гэсэн. Төлбөрийн и-баримт, татварын баримтад үндэслэн тодорхойлох нь зүйтэй байна. ТШЗ техникийн тодорхойлолтод “Шахуургын сэлбэгийн дугаарын дагуу үйлдвэрлэгчээс баталгаажсан техникийн зураг ирүүлэх гэж заасан байгаа. Үүн дээр “**” ХХК-иас үйлдвэрлэгчийн баталгаажсан техникийн зураг ирүүлсэн, өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 12.1-д “тендер шалгаруулалтын баримт бичиг, оролцогчийн ирүүлэх тендер монгол хэлээр байх ба баталгаат орчуулгын хамт бэлтгэн ирүүлнэ.”... гэж заасан. Энэ зураг англи хэл дээр байгаа. Монгол хэлээр ганцхан “**” ХХК захирал ** л гэсэн байгаа. Сангийн яам татгалзсан нь үндэслэлтэй, ижил төстэй ажлыг тодруул гэсэн. Сангийн яамны шийдвэр Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар заавал биелэгдэх шинжтэй захиргааны акт байдаг. Үнэлгээний хороо 6 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар дахин хуралдаад тодруулга авахаар шийдвэрлэсэн. “**” ХХК болон “**” ХХК-иудаас тодруулга ирсэн. Хавтаст хэргийн 136-р талд “**” ХХК-ийн тодруулга, 137-р талд “**” ХХК-иас ирүүлсэн тодруулгын хариу мэдэгдлүүд байгаа. Гадны компаниудаас цахимаар ирсэн учраас өнгөтөөр хэвлээд хийсэн хуулбар хувь байгаа. Өнөөдрийн байдлаар гэрээ хаагдаагүй үргэлжилж байна гэж үзсэн. Энэ үндэслэлээр захиалагч “**” ХХК-ийн тендерээс татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн тухайд:
1.1. Нэхэмжлэгч “**” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт холбогдуулан ““Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн М-ДБ-112-12/4194 дугаартай, ЭҮТӨҮГ/20260102226 дугаартай "Ус соруулах шахуургын сэлбэг" тендерт “**” ХХК-ийг шалгаруулсан үр дүнг хүчингүй болгож, тендерийг дахин зохион байгуулахаар шийдвэрлэсэн захиргааны актыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах”, “ЭҮТӨҮГ/20260102226 дугаартай тендер шалгаруулалтад “**” ХХК-ийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээхийг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримтын талаар:
2.1. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь ЭҮТӨҮГ/20260102226 дугаартай “Ус соруулах шахуургын сэлбэг” нийлүүлэгчийг шалгаруулах нээлттэй тендерийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог Ерөнхий захирлын 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Үнэлгээний хороо байгуулах тухай” А/57 дугаар бүхий тушаалаар байгуулжээ.
2.2. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас захиалсан ЭҮТӨҮГ/20260102226 дугаартай “Ус соруулах шахуургын сэлбэг” нийлүүлэгчийг шалгаруулах нээлттэй тендерт “**” ХХК, “**” ХХК, “**” ХХК, “**” ХХК-иуд оролцсон.
2.3. Үнэлгээний хорооны 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 03 дугаартай тэмдэглэлээр тендерт оролцогч “**” ХХК, “**” ХХК, “**” ХХК-уудын тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж хянан үзэж, “**” ХХК-ийн тендерийг хамгийн бага үнийн санал ирүүлсэн “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн байна.
2.4. “**” ХХК нь захиалагчийн 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн М-ДБ-112-12/2897 дугаартай мэдэгдлийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан байх ба Сангийн яам гомдлын дагуу маргаан бүхий тендерийг хянаад 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 03/6594 дугаартай шийдвэрээр “тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийлгэх”-ээр шийдвэрлэсэн байна.
2.5. Үнэлгээний хороо 2025 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 04 дугаартай тэмдэглэлээр тендерийг дахин хянан үзэж, “**” ХХК болон “**” ХХК-аас тодруулга авахаар шийдвэрлэсэн ба захиалагч 2026 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн М-ДБ-112-12/3873 дугаар “Тодруулга авах тухай” албан бичгийг “**” ХХК-д, М-ДБ-112-12/3874 дугаар “Тодруулга авах тухай” албан бичгийг “**” ХХК-д тус тус хүргүүлсэн байна.
2.6. Дээрхи албан бичгийн дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т “**” ХХК 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1-89 дугаар албан бичгээр, 1-5635 дугаар албан бичгээр “**” ХХК тус тус хариу хүргүүлсэн байна.
2.7. Тендерийн Үнэлгээний хороо 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаар хуралдаанаар дахин үнэлгээ хийж гишүүдийн 100 хувийн саналаар шаардлагад нийцсэн тендер байхгүй тул бүх тендерээс татгалзаж, тус тендерийг дахин зарлахаар болсныг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн ба захиалагч 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн М-ДБ-112-12/4194 дугаар албан бичгээр тендерт шалгараагүй, тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулах болсныг “**” ХХК-д мэдэгдсэн байна.
3. Нэхэмжлэлийн үндэслэлийн талаар:
3.1. Нэхэмжлэгч “**” ХХК-ийн нэхэмжлэлийг дараах хууль зүйн үндэслэлүүдээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
3.2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо тендерийн баримт бичигт тусгагдаагүй нэмэлт шалгуур хэрэглэсэн нь хууль бус, ижил төстэй туршлагыг нотлоход тендерийн баримт бичигт заагаагүй баримт шаардсан нь хууль зүйн үндэслэлгүй, тодруулгын хариуг үнэлээгүй бөгөөд бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, техникийн зураг орчуулагдаагүй гэх үндэслэлээр тендерээс хассан нь хууль бус, хууль ёсны хүлээлтийн зарчим болон шударга өрсөлдөөний зарчмыг зөрчсөн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлон маргасан болно.
3.3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-д "Тендер шалгаруулалтын баримт бичиг" гэж захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага, аргачлалыг тодорхойлсон баримт бичгийг ойлгохоор заасан бөгөөд тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/, Өгөгдлийн хүснэгт /ӨХ/, техникийн тодорхойлолт, түүнд заасан маягтууд бүхэлдээ тендерийн баримт бичгийн бүрдэл хэсэгт хамаарна.
3.4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн Гуравдугаар бүлгээр худалдан авах ажиллагааны хэд хэдэн үе шатууд /тендер нээх, тендер хянан үзэх, тендерийг үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох/-ыг зохицуулсан бөгөөд тухайлбал, хуулийн 26 дугаар зүйлд “Тендер хянан үзэх”, ийнхүү тендерийг хянан үзээд мөн хуулийн 26.4.2-т зааснаар тухайн тендер шаардлагад нийцсэн тохиолдолд дараагийн буюу хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан “Тендер үнэлэх”, 30 дугаар зүйлийн 30.1-д заасан “Гэрээ байгуулах эрх олгох” зэрэг тендерийн бусад шат дараалсан ажиллагаанууд хийгдэхээр хуульд зохицуулсан.
3.5. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.2-т “Тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх”, 50.2.3-д “захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх” гэж зааснаар Үнэлгээний хороо нь тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх, шийдвэр гаргах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэн мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Үнэлгээний хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр хурал байна.” гэж зааснаар 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 04 дугаартай хуралдааны тэмдэглэл гарчээ.
3.6. Захиргааны Ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2-д “Энэ хуулийн 98.1-д заасан захиргааны актыг холбогдох захиргааны байгууллага заавал биелүүлнэ.”, Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн тушаалын хавсралтаар баталсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 1.3-д “Гомдол хянан шийдвэрлэх байгууллагын шийдвэрийг захиалагч Захиргааны ерөнхий хуулийн 98.2-т заасны дагуу заавал биелүүлнэ.” гэж тус тус заасны дагуу Үнэлгээний хороо 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 04 дугаар хуралдаанаар Сангийн яамны 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 03/6594 дугаар албан бичигт “... “**” ХХК-иас “**” ХХК-тай байгуулсан 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн байгуулсан 24/02-21 дугаартай Насос /NAIPU/ болон түүний сэлбэг хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн гэрээ дүгнэж, бараа хүлээн авсан актыг тус тус ирүүлсэн байна. Тус гэрээний 3.1.1-д “Худалдан авагч нь энэхүү гэрээний дагуу 2023 оны 10 дугаар сард нийлүүлэх 208.200.000.0 төгрөгийн 30 хувь болох урьдчилгаа 62.460.000.0 төгрөгийг талууд гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс хойш ажлын 14 хоногийн дотор Худалдагчийн Хаан банканд дахь .... дансанд хийнэ.” гэж гэрээ байгуулсан хугацаанаас өмнө байх тул уг гэрээ бодитоор хэрэгжсэн эсэхийг гэрээний талуудаас ирүүлэх төлбөрийн е-баримт, татварын баримтад үндэслэн тодорхойлох нь зүйтэй байна. ... “**” ХХК-иас ...үйлдвэрлэгчийн баталгаажуулсан техникийн зураг ирүүлсэн байх бөгөөд уг зургийн тодорхойлолт хэсгийн мэдээллийг орчуулж ирүүлээгүй нь тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 12.-д заасан шаардлагад нийцэх эсэхийг нягтлан үзэх нь зүйтэй байна.
Иймд хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн захиалагчийн 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн М-ДБ-112-12/2897 тоот шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж байна. ...тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдье.” гэсний дагуу “**” ХХК, “**” ХХК-иудаас тодруулга авахаар шийдвэрлэжээ.
3.7. Захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “**” ХХК, “**” ХХК-иудаас тодруулга авахаар 2026 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн М-ДБ-112-12/3873, М-ДБ-112-12/3874 дугаар “Тодруулга авах тухай” албан бичгүүдийг тус тус хүргүүлсэн байна.
3.8. Дээрх тодруулга авах албан бичгийн дагуу “**” ХХК 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1-89 дугаар албан бичгээр “ ... “**” ХХК-ийн хэрэгцээт сэлбэг хэрэгсэл, бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх замаар харилцан тохиролцож барагдуулж байгаа болно. Дээрх харилцан тооцоо нь өнөөдрийн байдлаар бүрэн хаагдаагүй, үргэлжилж байгаа нь үнэн болохыг үүгээр мэдэгдэж байна.” гэсэн, “**” ХХК 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1-5635 дугаар албан бичгээр “ ... 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 24/02/21 дугаартай худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөл зохих урьдчилгаа төлбөрт 2023 онд “**” ХХК-д нийлүүлсэн улаан буудайн үр 100 тн, 60 тн рапсийн үнийн дүнд дүйцүүлэн ОМТ/23/10/01 тоот тусгай гэрээгээр төлбөрийг төлөхөөр 2 тал харилцан тохирсон болно. ...” гэсэн хариуг тус тус хүргүүлжээ.
3.9. Тендерийн Үнэлгээний хороо 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаар хурлаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хэрэгцээт “Ус соруулах шахуургын сэлбэг” нийлүүлэх тендерт тендер шалгаруулалтын шаардлагад нийцсэн тендер байхгүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.4 даалтын дагуу бүх тендерээс татгалзаж, тус тендерийг дахин зарлахаар болсныг захиалагчид хүргүүлэхээр, захиалагч 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн М-ДБ-112-12/4194 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх албан бичиг”-ээр “ ..уг тендер шалгаруулалтад шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй тул ...тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулах болсныг” мэдэгдсэн байна
3.10. Нэхэмжлэгч “**” ХХК-ийн захирал тендерийн баримт бичигт тусгагдаагүй төлбөр тооцооны мэдээлэл, Е-баримт, техникийн зураглалын орчуулга зэрэг нэмэлт нөхцөлийг үнэлгээний үндэслэл болгосон нь тендер шалгаруулалтын тендерийн баримт бичгийн ТШЗ 29.2, ТШЗ 32.1-ийг тус тус зөрчсөн гэж маргасан.
3.11. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.18-д “Техникийн тодорхойлолт” гэж худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд тавигдах технологийн шаардлага, даалгаврыг тодорхойлсон бүрдүүлбэрийг ойлгохоор заасан.
3.12. Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтыг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана” гэж зааснаар “Ус соруулах шахуургын сэлбэг” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах хүчин төгөлдөр Тендер шалгаруулалтын баримт бичгийн хүрээнд тендер сонгон шалгаруулалтыг явуулжээ.
3.13. Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн “тендерийн талаар тодруулга авах” гэсэн 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана.”, 25.2-д “Захиалагч энэ хуулийн 25.1-д заасан тодруулгыг холбогдох бусад этгээдээс цахим систем, цахим шуудангаар, эсхүл албан бичгээр авч болно.”, Сангийн яамны “Гомдол хянасан тухай” 03/6594 дугаартай албан бичгийн дагуу тодруулга авсан нь хуулийн хүрээнд шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
3.14. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Захиалагч техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэхийг оролцогчоос шаардаж болно.”, 17.2.1-д “ажил гүйцэтгэх тендер шалгаруулалтын хувьд сүүлийн гурав хүртэл жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс ижил төстэй ажлын өртөг, хугацаа, байршил, гэрээний үүргийг гүйцэтгэсэн болохыг нотлох баримт”, тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ18.1.2.2-д “Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний туршлагын шаардлага шаардах эсэх: Шаардана. Ижил төстэй бараа нийлүүлж байсан туршлагыг дараах байдлаар нотолно. Үүнд: 18.1.2.2.1. 2023, 2024, 2025 оны аль нэг жилд ижил төстэй бараа нийлүүлсэн байна.” гэж тус тус тусгажээ.
3.15. Тендер шалгаруулалтын тендерийн баримт бичгийн ТШЗ 18.1.2.2-д заасны дагуу “**” ХХК нь “**” ХХК-тай 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ”-г хавсралтын хамт байгуулж, баталсан, 3 дугаар маягтын дагуу “Ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээний мэдээлэл”-ийг тендерт илгээхдээ 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр тухайн гэрээ дуусгавар болохоор заасан атал захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас тухайн гэрээтэй холбоотой тодруулга авахад гэрээ дуусгавар болоогүй, үргэлжилж байгаа гэсэн хариу өгсөн, Сангийн яамны албан бичгийн дагуу холбогдох баримтуудыг ирүүлээгүй нь тендерийн баримт бичигт заасан шаардлагыг нэхэмжлэгч компани хангасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
3.16. Тодруулбал “**” ХХК “**” ХХК-ийн хооронд 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 24/02-24 дугаар “Худалдах, худалдан авах тухай” гэрээний 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-д “Худалдан авагч нь энэхүү гэрээний дагуу 2023 оны 10 дугаар сард нийлүүлэх 208.200.000 төгрөгийн 30 хувь болох урьдчилгаа 62.460.000 төгрөгийг Талууд гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Худалдагчийн ... дансанд хийнэ.” тусгажээ. Уг гэрээ нь 2024 оны 02 дугаар сард байгуулагдсан, гэрээний үнийн дүнгийн 30 хувийг 2023 оны 10 сард нийлүүлэхээр тусгасан байгаа нь уг гэрээ бодитоор хийгдсэн, хэрэгжиж дууссан эсэх эргэлзээтэй, нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд дээрх гэрээ дуусаагүй, иргэний журмаар маргаж байгаа гэх тайлбар гаргасан нь “**” ХХК-ийг тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ18.1-ийн 18.1.2.2-д заасан шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
3.17. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Захиалагч техникийн тодорхойлолтод бараа, ажил, үйлчилгээний шаардлагатай гэж үзсэн шинж чанар, түүний зориулалт болон зориулалтын дагуу ашиглахтай холбоотой шаардлага, зураг төсөл, холбогдох стандарт, норм, дүрэм, зааврыг тусгана.” гэж, тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 12.1-д “Тендер шалгаруулалтын хэл: Монгол хэл Тендер шалгаруулалтын зарлал, баримт бичиг, урилгыг гадаад хэлээр давхар нийтэлсэн эсэхээс үл хамааран тендер шалгаруулалтын баримт бичиг, тендер шалгаруулалттай холбогдох албан бичиг, захидал, бусад баримт бичиг, оролцогчдын ирүүлэх тендер Монгол хэлээр байх ба өөр хэлээр үйлдсэн тендер, түүний доторх баримт бичиг, мэдээллийг баталгаат орчуулгын хамт бэлтгэн ирүүлнэ. Тендерийн материалыг Монгол хэл дээр ирүүлээгүй тохиолдолд тендерээс татгалзах үндэслэл болно.” гэж заасан байна.
3.18. “**” ХХК нь дээрх хууль, тендер шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу “** Co., Ltd” үйлдвэрлэгчийн баталгаажуулсан техникийн зураг ирүүлсэн ба уг зургийн тодорхойлолт хэсгийн мэдээллийг орчуулж ирүүлээгүй нь хэрэгт авагдсан баримтаар, ижил төстэй бараа нийлүүлсэн талаарх нотлох баримттай холбоотой тодруулга авах хүсэлт илгээснийг нэмэлт шалгуур үзүүлэлт шаардсан гэж үзэхгүй учраас нэхэмжлэгчийн тендер шалгаруулалтын тендерийн баримт бичгийн ТШЗ 29.2-т “тендер үнэлэх үндсэн шалгуурыг харьцуулах үнээс өөрөөр тогтоохгүй”, ТШЗ 32.1-д “үнэлгээнд нэмэлт шалгуур үзүүлэлт ашиглахгүй” гэснийг зөрчсөн гэх тайлбар үндэслэлгүй юм.
3.19. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд худалдан авах ажиллагааны хэд хэдэн үе шатууд /тендер нээх, тендер хянан үзэх, тендерийг үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох/-ыг зохицуулсан. Тухайлбал: Хуулийн 26 дугаар зүйлд “Тендерийг хянан үзэх”, 27 дугаар зүйлд “Тендер үнэлэх”, 30 дугаар зүйлд “Гэрээ байгуулах” гэжээ. Уг зохицуулалтын дагуу тухайн тендерийг хянан үзэхэд мөн зүйлийн 26.9-д заасан шаардлагад нийцсэн тохиолдолд дараагийн буюу хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан “Тендер үнэлэх”, 30 дүгээр зүйлийн 30.1-д заасан “Гэрээ байгуулах” зэрэг тендерийн бусад шат дараалсан ажиллагаанууд хийгдэхээр хуульчлагдсан.
3.20. Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.1-д “энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх”, 26.4.2-т “санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх”, 26.9-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 28 дугаар зүйлийн 28.1.3-д “шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах”, 28.5-д “Захиалагч бүх тендерээс татгалзсантай холбоотойгоор дахин тендер шалгаруулалт зарлах ...” гэж хуульд зохицуулсан байгаагаас үзэхэд тухайн тендерт нэг ч тендер шалгараагүй учраас бүх тендерээс татгалзсан, дахин тендер зарлахаар шийдвэрлэсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй.
3.21. Иймд дээрх үндэслэлүүдээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана: 28.1.3-д “шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах”, 28.5-д “Захиалагч бүх тендерээс татгалзсантай холбоотойгоор дахин тендер шалгаруулалт зарлах ...” гэж зааснаар бүх тендерээс татгалзаж дахин тендер зарлахаар шийдвэрлэсэн Үнэлгээний хорооны зөвлөмж, захиалагчийн мэдэгдэл нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч “**” ХХК-ийн ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт холбогдох ““Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн М-ДБ-112-12/4194 дугаартай, ЭҮТӨҮГ/20260102226 дугаартай "Ус соруулах шахуургын сэлбэг" тендерт “**” ХХК-ийг шалгаруулсан үр дүнг хүчингүй болгож, тендерийг дахин зохион байгуулахаар шийдвэрлэсэн захиргааны актыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах”, “ЭҮТӨҮГ/20260102226 дугаартай тендер шалгаруулалтад “**” ХХК-ийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
3.22. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч “**” ХХК, “**” ХХК-ийн тодруулгын хариуг нотлох баримтын шаардлага хангуулах хүсэлт гаргасан ба тендер нь цахимаар явагддаг, уг баримтууд нь захиалагч байгууллагад цахимаар ирсэн, тухайн баримттай хэргийн оролцогчид маргаагүй учраас хүсэлтийг хүлээн аваагүй болохыг, нэхэмжлэгч “**” ХХК тендерийн Үнэлгээний хорооны зөвлөмж шийдвэртэй маргаагүй болохыг тус тус дурдлаа.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 12 дугаар зүйлийн 12.1, 17 дугаар зүйлийн 17.1, 17. 2.1, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.4.1, 26.9, 26.42, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар 28.1, 48 дугаар зүйлийн 48.2.3, 48.2.4 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “**” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдуулан гаргасан ““Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн М-ДБ-112-12/4194 дугаартай, ЭҮТӨҮГ/20260102226 дугаартай "Ус соруулах шахуургын сэлбэг" тендерт “**” ХХК-ийг шалгаруулсан үр дүнг хүчингүй болгож, тендерийг дахин зохион байгуулахаар шийдвэрлэсэн захиргааны актыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах”, “ЭҮТӨҮГ/20260102226 дугаартай тендер шалгаруулалтад “**” ХХК-ийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “**” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА