Шүүх | Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Володягийн Цэрэнрагчаа |
Хэргийн индекс | 117/2016/0016/З |
Дугаар | 16 |
Огноо | 2016-09-29 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, тус шүүхийн А танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Адаацаг сумын ... гэдэг газар нутаглах нэхэмжлэгч Нийн М
Хариуцагч: Дундговь аймгийн Адаацаг сумын Сонгуулийн хороонд хариуцагдах,
Нэхэмжлэлийн шаардлага: Адаацаг сумын Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн .. тоот тогтоолыг хүчингүй болгуулж, нэр дэвшигчээр бүртгэх шийдвэр гаргуулах тухай.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагч Б.У, гэрч М.Т, нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Н.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М миний бие 2016 оны ИТХ-ын сонгуульд нэр дэвшихээр Сонгуулийн хуульд заасан материалыг бүрдүүлж сумын сонгуулийн хороонд бүртгүүлсэн ба сонгуулийн хороо 2016 оны 9-р сарын 6-ны өдрийн 01-р тогтоолоор намайг нэр дэвшигчээр бүртгэж авсан юм. Гэтэл тус сумын Ардчилсан намын салбарын дарга Ч.У сонгуулийн хороонд хүсэлт гаргасан ба уг хүсэлтийг үндэслэн сумын сонгуулийн хороо 2016 оны 9-р сарын 7-ны өдөр ... дугаартай тогтоол гаргаж миний нэрийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хаслаа. Миний ойлгосноор намайг Ардчилсан намын гишүүн байж, Монгол Ардын Намаас нэр дэвшсэн нь Сонгуулийн тухай хуулийн 154-р зүйлийн 154.6 дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн бололтой. Миний хувьд Ардчилсан намд хэзээ ч элсэж байгаагүй, гишүүнээр идэвхитэй ажиллаж байгаагүй ч үгүй юм. Тухайлбал:
1.Адаацаг сумын Ардчилсан намын салбарын дарга Ч.У сонгуулийн хороонд гаргаж өгсөн гэх зүйлийг үзэхэд тухайн үед Ардчилсан намд элсэх хүсэлтээ илэрхийлсэн анкет байна. Гэтэл миний хувьд анкет бөглөснөөс хойш нэг ч удаа Ардчилсан намтай дахин холбоо харилцаа тогтоогоогүй бөгөөд надад гишүүний үнэмлэх олгоогүй, намын анхан шатны аль нэг нэгжид бүртгүүлээгүй, надтай дахин Ардчилсан намыг төлөөлөн нэг ч хүн холбогдоогүй 12 жил болж байна. Намын гишүүнд элсэж, намын гишүүн байна гэдэг бол тухайн иргэн хүний хүсэл зоригоос хамаарах бөгөөд надад тийм хүсэл зориг байгаагүй, одоо ч байхгүй хэвээр байна.
2.Адаацаг сумын Ардчилсан намын салбарын дарга Ч.У сонгуулийн хороонд гаргаж өгсөн гишүүний жагсаалт гэх баримт бичигт миний нэрийг бичсэнийг үзээд миний бие туйлаас ихэд гайхаж харамсаж байна. Энэ бол надтай зөвлөж, миний саналыг авахгүйгээр, миний нэрийг ашиглаж, гишүүдийн тоонд оруулж байсан зүйл гэж ойлгож байна.
Ингээд үзэхэд Ардчилсан намын гомдлоор намайг нэр дэвшигчдийн жагсаалтаас хассан нь миний Үндсэн хуулиар баталгаажсан сонгогдох эрхийг хязгаарласан үйлдэл болж байна. Би “танай намын гишүүн бишээ” гээд хэлээд байхад “мөн” гээд шаардлага хангахгүй нотлох баримт гаргаад зүтгээд байдаг. Түүнийг нь сонгуулийн хороо зөвшөөрөөд шийдвэр гаргаж байгаа нь ардчилсан нийгэмд байж боломжгүй бусармаг, шударга бус, хууль бус ажиллагаа мөн. Зүйрлэвэл хурлын танхимд ороод гарсан хүнийг хурлын ирцэнд оруулж тооцож байгаатай адил юм. Эцсийн зорилго нь нэр дэвшигч хасагдсан тохиолдолд нөхөн нэр дэвшүүлэх боломжгүй учраас Монгол Ардын Намын нэр дэвшигчдийн тоог нэг хүнээр ч болов хорогдуулах гэсэн улс төрийн далд санаа агуулж байна гэж үзэж байна.
Сонгуулийн хороо Ардчилсан намын гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн атлаа, миний гомдлыг болохоор манай эрх хэмжээнд хамаарахгүй асуудал гэж хариу өгсөнд туйлаас гомдолтой байна. Сонгуулийн тухай хуулийн 34.1.8-д “сум дүүргийн хурлын сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх, үнэмлэх олгох гэсэн сумын сонгуулийн хорооны эрх хэмжээг заасан байх бөгөөд би энэ л асуудлыг тавьж гомдол гаргасан юм. Иймд Дундговь аймаг, Адаацаг сумын сонгуулийн хорооны 2016 оны 9-р сарын 7-ны өдрийн ...-р тогтоолыг хүчингүй болгож, намайг нэр дэвшигчээр бүртгүүлж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “…Н.М нь 2016 оны сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшихээр сумын сонгуулийн хороонд материалаа өгч улмаар түүнийг 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 01 тоот тогтоолоор бүртгэсэн. Гэтэл сумын сонгуулийн хороо 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр ... тоот тогтоолоор 01 тоот тогтоолд өөрчлөлт оруулж, Н.Мг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан. Энэхүү тогтоолыг Н.М үндэслэлгүй баримтад тулгуурласан гэж үзсэн. Адаацаг сумын Ардчилсан намын архивын материалуудтай би танилцсан. Уг материалд нэгд, Ардчилсан намын гишүүдийн бүртгэлийн хөтөлгөө нь цаг хугацааны хувьд дараалалгүй байна. Тухайлбал, 193 дугаарт бүртгэгдсэн Ц.Б нь 2004 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр, 195 дугаарт бүртгэгдсэн Б.О нь 2003 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Ардчилсан намд элсэх хүсэлт гаргасан гэж бүртгэсэн байгаа нь цаг хугацааны хувьд дарааллын дагуу биш байх тул тухайн бүртгэлийг тухайн цаг үед нь биш, сүүлд нь эсхүл нөхөж үйлдсэн гэж үзэхээр байна. Мөн хэрвээ сүүлд нь бүртгэлийн дэвтэрт хүмүүсийнхээ нэрийг бичсэн байна гэж үзвэл бүртгэлд бичсэн болон анкетанд бичсэн балны өнгө таарч байх ёстой. Гэтэл балны өнгө нь таардаггүй. Анкетанд нэг өнгөний балаар тоо бичээд, бүртгэлийн дэвтэртээ өөр өнгийн балаар тоо бичихгүй байх гэж бодож байна. Бүртгэлийн дэвтрийн 229 дугаарт бүртгэгдсэн Н.Мийн нэрийг хар өнгийн үзгэн балаар бичсэн байгаа. Гэтэл түүний анкетанд тоог бичихдээ цэнхэр өнгийн тосон, үзгэн балаар бичсэн нь цаг хугацааны хувьд тодорхойгүй үйлдсэн байгааг харуулж байна. Ардчилсан намын бүртгэлийн дэвтэрт бүртгэгдсэн дэс дугаарын тоо нь түүний анкетанд бичигдсэн тоотой таарч байгаа нь Н.Мг Ардчилсан намын гишүүн гэж үзэх үндэслэл болж чадахгүй. Ардчилсан намд элсэх хүсэлт гаргаагүй байтал нэр, эрхэлдэг ажил гээд бүхий л мэдээллийг нь биччихсэн хүн хүртэл бүртгэлийн дэвтэрт байна. Энэ нь гэрч М.Тгийн мэдүүлгээр нотлогдож байна.
Иймд Н.Мгийн Монгол улсын Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрхийг эдлүүлж, сумын сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгож, түүнийг нэр дэвшигчээр бүртгэх шийдвэр гаргаж, сонгуульд өрсөлдөх боломжийг нээж өгнө үү гэв.
Хариуцагч Адаацаг сумын Сонгуулийн хорооны дарга Н.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сумын сонгуулийн хороонд Адаацаг сумын АН-ын хорооноос 2-р тойрогт МАН-аас нэр дэвшиж байгаа Н овогтой М нь Сонгуулийн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь заалтыг зөрчсөн талаарх гомдол ирсэн. Сумын сонгуулийн хороо 100% ирцтэйгээр хуралдаж дээрх АН-аас ирсэн гомдлыг хянаж шалгасан. Иргэн Мийн хувьд 2004 онд АН-д элсэхээр хүсэлт гаргасан байгаа бөгөөд мөн Адаацаг сумын АН-ын гишүүдийн бүртгэлийн 229 дугаарт бүртгэгдсэн байгаа зэрэг нь АН-ын гишүүн гэдгийг нотолж байна. Сонгуулийн хорооны дарга Б.У миний бие утсаар холбогдон таны тухай гомдол ирсэн та АН-д элсэж байсан АН-ын гишүүн юм байна ш дээ гэхэд аан тийм дээр үед элсэж байсан. Батлах нь байна уу гэхэд мэдэхгүй байхгүй ээ гэж хариулсан. Нэхэмжлэгч Н.М нь нэхэмжлэлдээ намд элсэж байгаагүй, гишүүнээр идэвхитэй ажиллаж байгаа ч үгүй гэж бичсэн байна. Ер нь бол намд элсчихээд намын үйл ажиллагаанд оролцдоггүй, идэвхитэй ажилладаггүй намын гишүүд аль ч намд зөндөө байгаа. Тийм ч учраас Н.Мийн хувьд элсэх хүсэлт гаргасан хэдий ч намын гишүүнээр идэвхитэй ажиллаагүй, намын ямар нэг ажилд оролцоогүй зэрэг нь намын гишүүнээс татгалзсан больсон гэсэн үг биш гэж хариуцагчийн хувьд ойлгож байна. Мөн нэхэмжлэгч Н.М нь намын гишүүнд элсэж, намын гишүүн байна гэдэг нь хүний хүсэл зоригоос хамаарна гэж нэхэмжлэлдээ дурьдсан байгаа нь нэгэнтээ өөрөө намд элсэх хүсэлтээ гаргасан нь өөрийн хүсэл зорилгоо илэрхийлсэн намд элссэнээ нотлож байна. Нэхэмжлэгч М нь намын гишүүнээр идэвхитэй ажиллуулаагүй намын аливаа ажилд оролцоогүй учир намаас гарсан гэж ойлгож байгаа нь буруу учир дээрх бүх зүйл намын дүрмээр зохицуулагддаг. Н.Мийн хувьд намын батлах аваагүй гэж хэлээд байгаа нь намын шахалт, заавар зөвлөгөөгөөр хэлж байна гэж үзэж байна. Нэгэнт намд элсэхээр хүсэлтээ илэрхийлсэн юм чинь намынхаа дүрэм журмын дагуу бат илэрхийлэл өгсөн байж л таарна. Сумын сонгуулийн хороо нотлох баримтад үндэслэн хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Дээрх тайлбарт гарсан зүйлүүд бүгд нотолгоотой /холбогдох баримтуудыг хавсаргасан болно/
Иймд Дундговь аймгийн Адаацаг сумын сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ... дугаар тогтоолыг хэвээр нь үлдээж нэхэмжлэгч Н.Мд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Адаацаг сумын сонгуулийн хорооны дарга Б.У шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “… Сумын сонгуулийн хороо 2016 оны сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшиж байгаа нэр дэвшигч нарын материалыг хуулийн хугацаанд хүлээн авч хянан шалгаж шийдвэрлэсэн. Гэтэл 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр сумын сонгуулийн хороонд Ардчилсан намаас хүсэлт ирүүлсэн. Уг хүсэлтэд Монгол Ардын Намаас сумын сонгуулийн 2 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа Н.М нь Ардчилсан намын гишүүн, энэ нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-г зөрчсөн байна гэсэн. Улмаар сумын сонгуулийн хороо уг хүсэлтийг шалгаад Н.Мг Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-г зөрчсөн байна гэж дүгнээд 03 дугаар тогтоолоор түүнийг нэр дэвшигчээс хасах шийдвэр гаргасан. Ийнхүү шийдвэрлэсний үндэслэл бол Н.Мнь 2004 оны 6 дугаар сард АН-ын гишүүнээр элсэх хүсэлтээ гаргасан, мөн АН-ын гишүүдийн бүртгэлийн 229 дугаарт түүний нэр, холбогдох мэдээллүүд байсан тул АН-ын гишүүн мөн гэдэг нь нотлогдсон. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна…” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Н.Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нь Адаацаг сумын Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 03 тоот тогтоолыг хүчингүй болгуулж, нэр дэвшигчээр бүртгэх шийдвэр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, мөн хэргийн оролцогчдын тайлбарыг тал бүрээс нь үнэлж дүгнээд Дундговь аймгийн Адаацаг сумын сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн ... тоот тогтоолыг хуульд нийцсэн байна гэж дүгнэлээ. Үүнд:
Дундговь аймгийн Адаацаг сумын сонгуулийн хороо нь 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 01 тоот тогтоол, түүний хавсралтаар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд Нийн Мг Монгол Ардын Намын харъяаллаар нэр дэвшигчээр бүртгэсэн шийдвэр гаргасан ч тус сумын Сонгуулийн хороо 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн ... тоот тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6, 159 дүгээр зүйлийн 159.1 дэх заалтуудыг үндэслэн Монгол Ардын Намаас 2-р тойрогт нэр дэвшигчээр бүртгүүлсэн М.Мг нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хассан байна.
Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д “Нэг намын гишүүнийг өөр намаас нэр дэвшүүлэхийг хориглоно”, мөн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ” гэж тус тус заажээ.
1.Нэхэмжлэгч Н.Мгийн “… 2004 онд хүсэлт бичиж өгсөн нь үнэн. Хэрэгт байна. Энэ бичиг, гарын үсэг минийх мөн…” гэх тайлбараас дүгнэхэд Нийн М нь 2004 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Ардчилсан намд элсэхийг хүсч 229 дугаартай хүсэлтээр /хх-н34, 66-р хуудас/ өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, улмаар Адаацаг сумын Ардчилсан намын гишүүдийн бүртгэлийн /хх-н 35-42, 64-65-р хуудас/ 229 дугаарт Нийн М нь ЗА74010808 гэсэн регистрийн дугаартайгаар бүртгэгдсэн байна.
2. Ардчилсан намын дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “гишүүн нь байнга оршин суугаа нутаг дэвсгэрийн анхан шатны байгууллагад бүртгэлтэй, үнэмлэхтэй байна” гэж заасан байна.
Нэхэмжлэгч Н.М нь “… надад намын гишүүн гэж үнэмлэх өгөөгүй. Би өөрийгөө намын харъяалалгүй гэж үзэж байна” гэсэн тайлбарыг шүүхэд гаргах хэдий ч энэхүү тайлбар нь түүнийг Ардчилсан намын гишүүн биш гэж үзэх үндэслэл шалтгаан болохгүй бөгөөд Н.М нь Адаацаг сумын Ардчилсан намын гишүүдийн бүртгэлд албан ёсоор бүртгэлтэй нь баримтаар нотлогдож байх тул Ардчилсан намын гишүүн гэж үзэх нь үндэслэлтэй байна.
3. Мөн нэхэмжлэгч Н.М, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нар нь “… татвар төлж байгаагүй, намын хуралд оролцож байгаагүй… Иймээс Н.М намын гишүүн биш…” гэж тайлбарладаг боловч намын дүрэмд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхгүй байх явдал нь тухайн намын болон гишүүний өөрийнх нь дотоод асуудал ба энэ нь Ардчилсан намын дүрмийн 3.4-д зааснаар намаас чөлөөлөгдсөнд тооцох үндэслэлд хамаарахгүй байна.
Нэхэмжлэгч Н.М нь Ардчилсан намын дүрэмд зааснаар холбогдох байгууллагад нь гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, улмаар намын бүртгэлээс хасуулах эрх нь нээлттэй байсан байна.
4. Мөн Улс төрийн намын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Монгол Улсын иргэн зөвхөн нэг намын харъяалалтай байна” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч Н.М нь сумын Ардчилсан намын харъяаллаас албан ёсоор гараагүй атлаа Монгол Ардын Намын харъяаллаас нэрээ дэвшүүлсэн нь хуулийг зөрчиж байна.
Иймээс нэхэмжлэгч Н.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бны “Адаацаг сумын Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн... тоот тогтоолыг хүчингүй болгуулж, нэр дэвшигчээр бүртгэх шийдвэр гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Сонгуулийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 154 дүгээр зүйлийн 154.6, 159 дүгээр зүйлийн 159.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бы “Адаацаг сумын Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн ... тоот тогтоолыг хүчингүй болгуулж, нэр дэвшигчээр бүртгэх шийдвэр гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Мас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар нэхэмжлэгч Н.М, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагч Б.У нар шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ В.Ц