Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2018/0208

 

“ЗТН” ОНӨААТҮГ-ын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц, Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гуравдагч этгээд “ИЭӨ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0012 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц, Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б нарын гаргасан давж заалдах гомдлоор, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0012 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “ЗТН” ОНӨААТҮГ-аас Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 377 дугаар захирамж, 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/435 дугаар захирамж “ИЭӨ” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж,

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3, 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/524 дүгээр захирамжийн “ИЭӨ” ХХК-д газар эзэмшүүлсэн хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар захирамжийн “А-3” ХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/829 дүгээр захирамжийн “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, “ЗТН” ОНӨААТҮГ-ын газрыг буцаан олгож, газар эзэмших эрхийг сэргээхийг Нийслэлийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б давж заалдах гомдолдоо: “ЗТН” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийн талаар гарсан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018-01-04-ний өдрийн 0012 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б би доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1.    Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 377 дугаар захирамжийн тухайд:

Одоо хүчингүй болсон тул нэхэмжпэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй гэж шүүх дүгнэсэн нь хэт өрөөсгөл дүгнэлт болжээ. Гэтэл уг акт нь 2007 оноос 2015 оныг хүртэл хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хөндсөөр ирсэн бөгөөд “ИЭӨ” ХХК-д хамааралтай Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны А/435 дүгээр захирамж гарах эрх зүйн үндэслэл болсон юм. 377 дугаар захирамж гараагүй бол түүнд үндэслэн тус дүүргийн Засаг даргын А/524, А/524 -т үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/524 дүгээр захирамжууд гарсан тул эдгээр нь хоорондоо шалтгаант холбоотой, өмнөх акттай уялдан гарсан тул анхны актын үйлчлэл одоог хүртэл нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчих үр дагаврыг агуулсаар байна.

2.    Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны А/435 дугаар захирамж:

Мөн хууль бус актад үндэслэн түүний эрх зүйн үйлчлэлийг сунгаж гарсан агуулга бүхий захирамж тул илт хууль бус байна. А/435 дугаар захирамж нь одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/524 дүгээр захирамжийн үндэслэл болсон тул мөн нэхэмжлэгчийн эрхийг хөндсөн. Иймд анхан шатны шүүх дээрх захирамжууд нь нэхэмжпэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж дүгнэсэн нь алдаатай болон тул Сүхбаатар дүүргийн Засаг даргын 377, А/435 дугаар захирамжийн “ИЭӨ” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Дээрх хууль бус актууд нь гарсан цагаасаа буюу 2007 оноос 2016 он хүртэл 9 жилийн хугацаанд нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчиж байсныг шүүх анхаарч дүгнэх ёстой.

Анхны газар эзэмших эрх олгосон 377 дугаар захирамж нь үүсгэн байгуулагдаагүй компанид олгогдсон, Газрын тухай хуулийн 38.4-т заасны баримталсан Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1 огт байхгүй компанийн нэрийг дурдаж газар эзэмшүүлэх эрх олгосон, Газрын тухай хуулийн эрхийн гэрчилгээ шилжүүлэх зохицуулалтыг үндэслэл болгосон нь мөн утга агуулгын хувьд илэрхий алдаатай гэж үзэхээр байна, 47.1.4- газар эзэмшүүлэх эрх олгох захирамжийн 2-р зүйлд аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан, гэрчилгээ олгохыг Газрын албанд даалгасугай гэсэн нь нэг талаасаа газрын алба захирамжийг хэрэгжүүлэх этгээд мэт харагдавч гэрээ байгуулна гэдэг нь хоёр талын оролцоог шаарддаг байна. Гэрээний нөгөө талд сууж гарын үсэг зурж тамга тэмдэгээ дарах этгээд нь тодорхой бус, “ИЭӨ” ХХК гэж Улсын бүртгэлд бүртгэгдээгүй, тамга тэмдэг аваагүй этгээдийг нэр заасан нь мөн гүйцэтгэх этгээд нь тодорхой бус, 47.1.7- 377 дугаар захирамжаар газар эзэмших эрх авсан “ИЭӨ" ХХК гэж тухайн үед байгаагүй тул уг актыг бодит байдал дээр хэрэгжүүлэх боломжгүй/, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасныг зөрчин газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3- инженерийн шугам сүлжээ бүхий газар дээр дүүргийн Засаг даргаа эрхээ хэтрүүлэн газар олголт хийсэн нь өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар акт гаргасан гэж үзэх үндэслэлтэй/, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчин Автобус 3 баазын эзэмшиж байсан газартай давхцуулан эзэмшүүлснээр Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6 уг акт илт хууль бус болно. Түүнчлэн “ИЭӨ” ХХК уг газраа 2 жил зориулалтын дагуу эзэмшээгүй, 377-р 0,05 га эзэмшүүлсэн атлаа гэрээ гэрчилгээн дээр 0,15 га болгосон, “А-3” баазын зүүн талд гэж захирамжид гэж бичсэн боловч эзэмшил газрын урд хэсэгт давхцуулан олголт хийсэн зэрэг нь “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын эрхэд халдаж буй хэрэг бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д зааснаар илт хууль бус болно.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т илт хууль бус акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байхаар зохицуулсан тул 377 дугаар илт хууль бус актад үндэслэн гарсан А/435 дугаар захирамж нь мөн хууль бус байх нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д нийцнэ. Мөн 377 дугаар захирамжаар “ИЭӨ” ХХК-д олгосон газар эзэмших эрх 2013- 7 сард дуусгавар болсон байхад А/435 захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр сунгаж байгаа нь мөн хууль зөрчсөн юм.

Дээрх зөрчлүүдийн талаар хэргийн 1 дүгээр ботийн 127-135 дахь талд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, газар, зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч Г.Н, Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Д.Г нарын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 09-065/215 дугаар дүгнэлтэд тодорхой заасан боловч анхан шатны шүүх уг баримтыг үнэлж үзээгүй, үнэлэхгүй байх шалтгаанаа дурдьсангүй.

Огт байхгүй компанид газар эзэмшүүлэх эрх олгож байгаа үйлдэл нь анхнаасаа илт бөгөөд ноцтой хууль зөрчсөн үйлдэл тул илт хууль бус болохыг тогтоох ёстой. Нэгэнт хүчингүй болсон тул тухайн үед хууль эсэх нь одоо маньд хамаагүй гэсэн байдлаар анхан шатны шүүх хандаж байгаа нь туйлын буруу юм. Өөрөөр хэлбэл болоод өнгөрсөн явдал нь хууль ёсны байна уу, илт хууль бус байна уу одоо хамаагүй гэж хандаж болохгүй.

    1. Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/524 дүгээр захирамж:

Уг захирамжийн үндэслэл нь "ИЭӨ" ХХК-ийн захирлын хүсэлт, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны А/435 дугаар захирамж байх бөгөөд өмнө өгүүлсэнчлэн А/435 нь хууль бус байх тул мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д зааснаар илт хууль бус акт болно. Мөн одоо ч 92,5 мкв-аар давхцаж байгаа нь ГЗБГЗЗГ-ын 2017-11-17-ны 1/2148 дугаар албан тоотын 8 дахь хавсралтад /ХХ-84, 93 тал/ үзүүлснээр тогтоогддог Ийнхүү Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчин Автобус 3 баазын эзэмшиж байсан газартай /ямар нэгэн хэмжээгээр/ давхцуулан эзэмшүүлсэн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д зааснаар илт хууль бус акт болж байна.

     2. Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/829 дүгээр захирамж:

Уг захирамжаар Автобус 3 баазын эзэмшил газрыг үндэслэлгүйгээр "ИЭӨ" ХХК-д олгосон газрын хэмжээгээр багасгасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д зааснаар илт хууль бус акт болно.

     3. Дээрх үндэслэлүүдээр хариуцагч нарын актууд илт хууль бус болох нь тогтоогдож байх тул "ИЭӨ"  ХХК-д эзэмшүүлсэн газрыг “ЗТН” ОНӨААТҮГ-т буцаан олгож, уг газрыг эзэмших эрхийг сэргээхийг Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.

     4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тухайд: Манай эзэмшил газарт манайд зориулан өөрийн хөрөнгөөр шатахуун түгээх станц барьж хамтран ажиллаж байгаа “АТ" ХХК нь өөрийн эрх, хууль ёсын ашиг сонирхолыг хамгаалах зорилгоор шүүгчид хандан 2017 оны 9 дүгээр сард бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг гаргасан ч 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 128/Ш32017/6292 тоот захирамжаар хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Шүүгч захирамжийн үндэслэлдээ “АТ” ХХК-ийг “Автобус 3” бааз буюу “ЗТН” ОНӨААТҮГ-ын захиалгаар шатхуун түгээх станц барьсан гэдгийг хүлээн зөвшөөрөөд, обьектод хөрөнгө оруулсан нь уг хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох үндэслэл болохгүй бөгөөд уг шатхуун түгээх станц нь “А.Т” ХХК-ийн өмчлөл, эзэмшилд байдгийг нотлох баримт ирүүлээгүй байх тул бие даасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож хэмээн шийдвэрлэсэн.

Үүний дараа “А.Т” ХХК-ийн зүгээс захиргааны хэргийн шүүхэд баримт бүрдүүлэн өгч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалахаар бие даасан нэхэмжлэл гаргасан. Үүнийг 2017 оны 11-р сарын 17-ны өдрийн 128/Ш32017/7320 тоот захирамжаар хүлээн авахаас татгалзсан байдаг бөгөөд шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсаны дагуу 2017 оны 12-р сарын 05-ны өдрийн 221/ШТ2017/0858 дугаар тогтоолоор анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээсэн. Гэхдээ Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоолын хянавал хэсэгт “...харин давж заалдах шатны шүүх хурапдаанд нэхэмжлэл гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласанчлан “А.Т” ХХК-иас шүүхэд гаргасан шаардлагын хуөьд ижил нэхэмжлэлийг “А-3” ОНӨААТҮГ-аас гаргасны дагуу захиргааны хэрэг үүссэн байх тохиолдолд тухайн хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох боломжтой болохыг дурдах нь зүйтэй...”гэж дурдсан байдаг.

Ингээд “А.Т” ХХК-иас 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 17/639 тоот албан бичгээр Нийслэлийн захирганы хэргийн анхан шатны шүүхэд хандан “ЗТН” ОНӨААТҮГ-ын нэхэмжпэлтэй Сүхбаатар дүүргийн засаг дарга, Нийслэлийн засаг дарга-д тус тус холбоглох захиргааны хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасан боловч 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 1/208 тоот албан бичгээр “АТ" ХХК-ийн хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр буцаасан байдаг. Ингэхдээ шүүгч хүсэлт буцаасан албан бичгийн үндэслэлээ өмнө хүсэлтийг шийдвэрлэсэн 128/Ш32017/6292 тоот захирамж хүчин төгөлдөр байх тул шийдвэрлэлгүй буцаан хүргүүлж байна гэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд аливаа этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байна гэж үзэн хэргийн оролцогчоор орох хүсэлт гаргасан тохиолдолд хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр албан бичгээр буцаах зохицуулалт, практик байхгүй. Мөн “А.Т" ХХК-ийн хүсэлтүүд хоорондоо утга, агуулгын хувьд ялгаатай, өөр өөр эрх зүйн үр дагавар үүсгэхээр байдаг. Тухайлбал: 2017 оны 9 дүгээр сард гаргасан хүсэлт нь бие даасанйшаардлага гарган хариуцагчаар Сүхбаатар дүүргийн засаг дарга, Нийслэлийн Засаг даргыг татах хүсэлтэй байсан бол 2017 оны 12-р сарын 28-ны өдөр гаргасан хүсэлт нь тус хэрэгт зөвхөн гуравдагч этгээдийн хуваарь оролцохыг хүссэн.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн буцааж, шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчин, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж буй этгээдийг оролцуулах арга хэмжээ авч өгөхийг шүүхээс хүндэтгэн хүсч байна.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018-1-4-ний 128/ШШ2017/0012 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлнэ үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц, Ц.Б нар давж заалдах гомдолдоо: "ЗТН” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 0012 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэхь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргаж байна.

Тодруулбал анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шйидвэрлэхдээ шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй. Анхан шатны шүүх холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй Мөн захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй болох нь дараах үндэслэлээс харагдана

1. Анхан шатны шүүхийн шийдвэрт “Захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх маргааны зүйл нь нэхэмжлэгчийн хувьд эрх зүйн нөлөөлөлтэй захиргааны акт байхаар байна гэж зорилгоо зөв тодорхойлсон. Үүний ч дагуу манай байгууллага нь захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох" гэж заасны дагуу нэхэмжпэл гаргасан. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 377 дугаар захирамж, 2015 оны А/435 дугаар захирамж нь хэдийгээр нийслэлийн Засаг даргын захирамжаар хүчингүй болсон боловч уг захиргааны актыг хууль бусад тооцуулах бидний ашиг сонирхол байсаар байтал шүүх уг шаардлагыг анхаарч үзсэнгүй. Хэрэв сүхбаатар дүүргийн Засаг даргын хууль бус захирамж гараагүй бол Нийслэлийн Засаг даргын захирамж гарах ёсгүй байсан. Нийслэлийн Засаг даргын захирамжаар “ИЭӨ” ХХК-ийн газар эзэмших эрх баталгаажих үндэс нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамж байсан гэдэгт үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамж нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны хуучин/ 9 дүгээр зүйлийн 9.1.3 болон 9.1.7, 9 1.9-д заасны дагуу илт хууль бус захиргааны акт юм. Гэтэл анхан шатны шүүх “нэгэнт эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болсон актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх үндэслэлгүй байхад шүүх хүчингүй болсон актыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй хэмээн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дах заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Гуравдагч этгээд болох “ИЭӨ” ХХК нь 2008 онд хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлэн байгуулагдсан. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 377 дугаар захирамж гарах уед байгуулагдаагүй байсан гэх тайлбарт дүгнэлт өгөх шаардлагагүй гэсэн нь мөн учир дутагдалтай байна. Учир нь эрх зүйн чадамжгүй

Анхан шатны шүүх "... хариуцагч нийслэлийн Засаг даргаас Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчин газрын хэмжээг өөрчилсөн, бусдад олгосон, гэрээнд заасан зориулалтын дагуу газрыг эзэмших ашиглах болон нийтийн тээврийн стандартыг зөрчсөн гэх үндэслэлүүдэд эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг орхигдуулж байна. Илт хууль бус захиргааны акт нь захиргааны актын илтэд илэрхий алдааг, хууль бус захиргааны акт нь эрх зүйн зөрчилтэй актыг хэлнэ гэж зөв тодорхойлсон хэдий ч манай зүгээс уг актуудыг угаасаа буруу, алдаатай, эрх зүйн зөрчилтэй, илт хууль бус бүх шинжийг агуулсан талаар маргаж байхад шаардлагыг дутуу ойлгож зарим шаардлагад, үйл баримтад үнэлэлт өгөлгүй орхигдуулсан байна.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд газар эзэмших эрх шилжүүлэх тухай хүсэлтээс гадна хүсэлт гаргаж буй этгээдүүдийн хооронд заавал гэрээ байгуулсан байхыг шаарддаг. Гэтэл манай газар болон гуравдагч этгээдүүд хооронд газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх талаарх гэрээ байхгүй, огт хэрэгт авагдаагүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага болон маргаан бүхий актуудын хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт хийгээгүй, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй зэргээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “ЗТН” ОНӨААТҮГ-аас Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 377 дугаар захирамж, 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/435 дугаар захирамжийн “ИЭӨ” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох,

Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/524 дүгээр захирамжийн “ИЭӨ” ХХК-д газар эзэмшүүлсэн хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох,

Нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар захирамжийн “Автобус 3” ХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох,

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/829 дүгээр захирамжийн “ЗТН” ОНӨААТҮГ-т холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох,

“ЗТН” ОНӨААТҮГ-ын газрыг буцаан олгож, газар эзэмших эрхийг сэргээхийг Нийслэлийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл  гаргажээ.

Нэхэмжлэгчээс Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжуудыг эс зөвшөөрсөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо “...Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 377 дугаар захирамж болон 2015 оны А/435 дугаар захирамжууд нь хэдийгээр нийслэлийн Засаг даргын захирамжаар хүчингүй болсон боловч уг захиргааны актыг илт хууль бусад тооцуулах бидний ашиг сонирхол байсаар байтал шүүх уг шаардлагыг анхаарч үзээгүй. Хэрэв Сүхбаатар дүүргийн Засаг даргын илт хууль бус захирамж гараагүй бол Нийслэлийн Засаг даргын захирамж гарах ёсгүй байсан” хэмээн тайлбарлан маргасан байхад анхан шатны шүүх Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 377 дугаар захирамжийн үйлчлэл дууссан, актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Тодруулбал, анхан шатны шүүхээс Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 377 дугаар захирамжийн эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болсон талаар дүгнэсэн тул нэхэмжлэгчээс “... гуравдагч этгээд “ИЭӨ” ХХК нь 2008 онд хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлэн байгуулагдсан. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 377 дугаар захирамж гарах үед байгуулагдаагүй байсан...” гэсэн тайлбарт дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн нь, мөн хариуцагч Нийслэлийн Засаг даргаас Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчин газрын хэмжээг өөрчилсөн, бусдад олгосон, гэрээнд заасан зориулалтын дагуу газрыг ашиглах болон нийтийн тээврийн стандартыг зөрчсөн гэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлүүдэд дүгнэлт өгөх боломжгүй гэсэн нь учир дутагдалтай болжээ.

Энэ талаарх нэхэмжлэгчийн “анхны газар эзэмшүүлсэн 337 дугаар захирамж нь үүсгэн байгуулагдаагүй компанид олгогдсон, илт хууль бус захирамж гарсан цагаасаа нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн эсэхийг шүүх дүгнээгүй” гэсэн гомдол үндэслэлтэй байна.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын дээрх хоёр захирамжийн “ИЭӨ” ХХК, “А-3” ХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн яаж сэргэх эсэх талаар дүгнэлт хийгээгүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 377 дугаар захирамжаар ... “ИЭӨ” ХХК-д 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт "А-3" компанийн зүүн талд байршуулан барилга барих зориулалтаар 0.05 га газрыг шилжүүлсэн, ... 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/435 дугаар захирамжаар ... 1500 м.кв газрыг "А-3" компанийн урд үйлчилгээ, орон сууцны зориулалтаар олгожээ.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд газар эзэмших эрх шилжүүлэх тухай хүсэлтээс гадна хүсэлт гаргаж буй этгээдүүдийн хооронд заавал гэрээ байгуулсан байхыг шаарддаг. Гэтэл нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн хооронд газар эзэмших эрхийг гэрчилгээ шилжүүлэх талаарх гэрээ байгаа эсэхийг тодруулаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчээс илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 377 дугаар захирамжаар үүсгэн байгуулагдаагүй хуулийн этгээдэд газар олгогдсон эсэх, уг захирамжаар олгогдсон газар нь байршлын хувьд нэхэмжлэгчийн эзэмшил газрын дотор эсхүл гадна байршилтай болохыг тодруулах, тухайн газарт дүүргийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд газар олгох эрхтэй байсан эсэх, хэрэв маргаан бүхий газар нь нэхэмжлэгчийн эзэмшил газарт олгогдсон нь тогтоогдсон нөхцөлд тухайн газарт баригдсан гэх ШТС хэний эзэмшил өмчлөлд байдаг эсэх талаарх холбогдох нотлох баримтуудыг цуглуусны үндсэн дээр маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэх шаардлагатай.

Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч хуулийн этгээдээс гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагуудаар ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулсны үндсэн дээр шаардлага тус бүрт дүгнэлт хийх нь зүйтэй.

Гуравдагч этгээд “ИЭӨ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нийслэлийн Засаг даргын захирамжаар олгогдсон 2.5 га газарт манай компанийн 1500 м.кв газар давхцалгүй тул нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй, харин нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д заасан газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлэх үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэхээр байна” гэсэн тайлбарт дүгнэлт өгөх шаардлагатай.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг тодруулан шалгаж, холбогдох нотлох баримтуудыг цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагуудын үндэслэл тус бүрт дүгнэлт хийж шийдвэрлэх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0012 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ