Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2019/0396/З |
Дугаар | 405 |
Огноо | 2019-12-09 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 405
“М С Э х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Монголбанкинд холбогдох захиргааны
хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Г.Банзрагч
Б.Мөнхтуяа
Д.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: Ч.Тунгалаг
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,
Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгчийн банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхийг хариуцагчид даалгах
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0386 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2019/0482 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, өмгөөлөгч П.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0386 дугаар шийдвэрээр: Банкны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 23 дугаар зүйлийн 23.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.2, 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М С Э х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2019/0482 дугаар магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0386 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Тэмүүлэнгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Банкны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т “Банк байгуулах тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл, бусад баримт бичгийг Монголбанк хянахдаа дараахь шаардлага хангасан эсэхийг тогтооно”, 23.1.3-т “тухайн банк үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх эсэх”, 23.1.5-т банк байгуулах нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаатай аливаа байдлаар холбоотой эсэх, эсхүл мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг нэмэгдүүлэх эсэхийг тус тус тогтоохоор заасан. Мөн тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Энэ хуулийн 20.1-д заасны дагуу бүрдүүлж өгсөн баримт бичгийг дутуу буюу тодорхой бус гэж үзвэл Монголбанк эдгээр баримт бичгийн хүрээнд нэмэлт материал шаардах эрхтэй бөгөөд банк үүсгэн байгуулагч, банкны хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтантай холбоотой асуудлаар хуулийн байгууллагаас тодорхойлолт, лавлагаа гаргуулан авч болно” гэж заажээ. Дээрх хуулийн заалтуудаас үзвэл Монголбанк нь банк байгуулах тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл, бусад баримт бичгийг хянахдаа тусгай зөвшөөрөл хүсч буй банк нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх эсэх, тухайн банк байгуулагдаж байгаа нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаатай аливаа байдлаар холбоотой эсэхийг тогтоох бөгөөд хэрэв тусгай зөвшөөрөл хүсэж буй банкнаас гаргаж өгсөн баримт бичиг нь энэ нөхцөл байдлыг бодитоор тогтооход хангалтгүй бол бусад эрх бүхий хуулийн байгууллагад хандан тодорхойлолт, дүгнэлт, лавлагаа гаргуулах боломжтой байхаар байна. Энэ хүрээнд Монголбанк нь Тагнуулын ерөнхий газарт хандан холбогдох дүгнэлт гаргуулахаар албан бичиг явуулсан болохоо анхан болон давж заалдах шатны шүүх хурлын үеэр тайлбарласан.
4. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл хэсэгт “Банкны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.3-т зааснаар банк байгуулах тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл, бусад баримт бичгийг Монголбанк хянан үзээд нэмэлт материал шаардлагагүй гэж үзсэн бол тухайн банк үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх эсэхийг өргөдөл хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор тогтоох, хэрэв тухайн асуудлыг хянан үзэхэд нэмэлт материал шаардлагатай бол банк үүсгэн байгуулагчаас холбогдох материалыг шаардан авах эрхтэй, харин нэмэлт материал шаардлагагүй гэж үзээд өргөдлийг хүлээн авсан өдрийг тооцсон бол үүнээс хойш тусгай зөвшөөрөл олгох эсэхээ шийдвэрлэх зохицуулалттай” гэж хуулийн заалтуудыг тайлбарласан нь хэрэглэвэл зохих хуулийг буюу Банкны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсгийг хэрэглээгүй мөн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн буюу тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.3 дахь заалтыг оновчгүй тайлбарлан хэрэглэсэн байна.
5. Мөн шүүх шийдвэрийн үндэслэлдээ Монголбанк нь эс үйлдэхүй үйлдээгүй гэж дүгнэх боломжгүй байна гэжээ. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд 37.3-т эс үйлдэхүйг тодорхойлсон бөгөөд иргэн, хуулийн этгээд өргөдөл гаргаснаас хойш захиргааны байгууллага хариу үйлдэл хийлгүй хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байхыг эс үйлдэхүйд тооцдог. Гэтэл хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн өргөдөлд хариу үйлдэл хийлгүй орхигдуулсан зүйлгүй бөгөөд Монголбанкны Банкны хяналт шалгалтын хорооны 05 дугаар зөвлөмж нь эцсийн шийдвэр биш бөгөөд банк байгуулах хүсэлтийг түдгэлзүүлсэн нь өргөдлийг шийдвэрлэх ажиллагааг тэр даруй шийдвэрлэхгүйгээр Үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эсэхийг тогтоосны дараа хэлэлцэхээр Монгол банкнаас шийдвэр гаргах ажиллагааг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн явдал бөгөөд харин эрх зүйн үр дагавар бүхий үйл ажиллагаа буюу аливаа хууль бус эс үйлдэхүй биш болно.
6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 51.1-т шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тохиолдлуудыг зохицуулж өгсөн бөгөөд 54.1.3-т зааснаар Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар байна. Банкны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д ‘‘Монголбанк нь банк байгуулах тусгай зөвшөөрөл олгох эсэх шийдвэрийг энэ хуулийн 20.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш 60 хоногийн дотор гаргаж, энэ тухай банк үүсгэн байгуулагчид гурав хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс ирүүлэх шаардлагатай баримт бичгийг хамгийн сүүлийн байдлаар ирүүлсэн хугацаа нь 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гэж талууд санал нэгдсэн. Үүнээс 60 хоногийг тоолон тооцоход 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Монголбанкны эцсийн шийдвэр гаргах хугацаа байсан. Харин нэхэмжлэгч нь 2019 оны 05 сарын 17-ны өдөр буюу шийдвэр гаргах хугацаа бүрэн дуусаагүй байхад нэхэмжлэлээ гаргасан.
7. Мөн Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 32 дугаар зүйлийн 32.1-т заасан нотлох үүргээ биелүүлээгүй бөгөөд хариуцагчийн зүгээс Тагнуулын ерөнхий газарт хандсан асуудлаар нотлох баримт гарган өгөх боломжгүй байгаа тул шүүхээс нотлох баримт цуглуулах, нотлох үйл ажиллагаа явуулах шаардлагатай байсан талаар давж заалдах шатны шүүх хуралдааны үед тайлбарласан боловч шүүх талуудын эрх тэгш байдлыг ханган шүүх хуралдааныг явуулах үүргээ үл биелүүлэн маргааны бодит байдал бүрэн тогтоогдоогүй байхад шийдвэр гаргасан нь шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхээр байна.
8. Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасны дагуу шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
9. Анхан болон давж заалдах шатны маргааны үйл баримтад холбогдуулан Банкны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.
10. Банкны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасны дагуу төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд /төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд/, төрийн бус байгууллага, тэдгээртэй холбогдох этгээдээс бусад хуулийн этгээд, иргэн банк үүсгэн байгуулж болох бөгөөд банк үүсгэн байгуулагчид мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д тусгайлан шаардлагууд тавигдсан, үүсгэн байгуулагчийн бүрдүүлбэл зохих баримт бичгүүдийг хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д нэрлэн заасан, 20.2-т “энэ хуулийн 20.1-д заасны дагуу бүрдүүлж өгсөн баримт бичгийг дутуу буюу тодорхой бус гэж үзвэл Монголбанк эдгээр баримт бичгийн хүрээнд нэмэлт материал шаардах эрхтэй бөгөөд банк үүсгэн байгуулагч, банкны хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтантай холбоотой асуудлаар хуулийн байгууллагаас тодорхойлолт, лавлагаа гаргуулан авч болно” гэж зохицуулжээ.
11. Нэхэмжлэгч “М С Э х” ХХК-иас М Банк байгуулахаар тусгай зөвшөөрөл хүсч, холбогдох баримт бичгүүдийг хавсарган 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр өргөдлөө гаргасан, өргөдөл, хавсаргаж ирүүлсэн баримт бичгүүдийг хянаж, Монгол банкны Хяналт шалгалтын газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А-6/955 дугаартай албан бичгээр “Нэмэлт материал ирүүлэхийг шаардсан”, тус компаниас 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 3/452 дугаар, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 11/469 дүгээр албан бичгүүдээр тус тус “Нэмэлт материал хүргүүлсэн”, үүний дараа нэхэмжлэгчийн М Банк байгуулах тухай хүсэлтийг Монголбанкны Хяналт шалгалтын зөвлөлийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн хурлаар хэлэлцээд, “нэмэлт мэдээлэл шаардлагатай, үүнд холбогдох баримт бичгүүдийг нэмж авах”-аар шийдвэрлэж, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн “Нэмэлт материал ирүүлэх тухай” А-1а/273 дугаартай албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгдсэн, нэхэмжлэгчээс 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 3/65 дугаар, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 3/74 дүгээр албан бичгүүдээр “Нэмэлт материал, нэмэлт тайлбар” тус тус хүргүүлсэн, үүний дараа нэхэмжлэгчийн М Банк байгуулах тухай хүсэлтийг Монголбанкны Захирлуудын зөвлөлийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар хэлэлцээд “...одоогийн өр төлбөр нь Банкны тухай хуулийн 361.1.3-т заасан шаардлагыг хангахгүй байгаа тул өрийн бичгийн үлдсэн болон хүүгийн төлбөрийг төлж барагдуулах хугацааг Монголбанктай дахин шинэчлэн тохирч, банкны суурь бүртгэлийн программ хангамж, тоног төхөөрөмжийг банк хоорондын төлбөрийн системд ажиллахад бэлэн болгож, банкны нөөц төвийг байгуулсан тохиолдолд банк байгуулах тусгай зөвшөөрөл олгох боломжтой” гэж үзсэнийг, мөн уг асуудлаар уулзалт хийх, гэрээний төсөл бэлдэх зэргээр хамтарч ажиллах саналаа илэрхийлж, энэ тухай Хяналт шалгалтын газрын захирлын 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “Банк байгуулах тусгай зөвшөөрлийн тухай” А-6/382 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгдсэн үйл баримт тогтоогдсон, уг үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй байна.
12. Түүнчлэн, хариуцагчийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А-6/382 дугаар албан бичгээр тавьсан шаардлагуудыг биелүүлэх хүрээнд 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр харилцан уулзалт хийж, “бүрэн хангах ажлыг нэг жилийн дотор хийж гүйцэтгэх саналтай байгаа”-гаа нэхэмжлэгчээс 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 127 дугаар албан бичгээр хариуцагчид мэдэгдсэн, Монголбанкын Хяналт шалгалтын газрын захирлын 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “Банк байгуулах тусгай зөвшөөрлийн тухай” А/-6/573 дугаар албан бичгээр “... Захирлуудын зөвлөлийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн хурлын шийдвэрийн буюу “М банкны суурь бүртгэлийн программ хангамж, тоног төхөөрөмжийг банк хоорондын төлбөрийн системд ажиллахад бэлэн болгож, банкны нөөц төвийг байгуулсан байх” шаардлагын хүрээнд хийх ажлуудыг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор гүйцэтгэсэн байхыг анхааруулсан, үүний дараа уг албан бичигт дурдсан нөхцөлийг хэрхэн хангасан талаарх ажлын хэсгийн дүгнэлт, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, бусад баримт бичгийг хянаж, “хангасан” гэж, харин 2018 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан, уг тайланд үндэслэсэн шинэчилсэн бизнес төлөвлөгөө гаргаагүй байгаа тул Банкны тухай хуулийн 20.1.5, 23.1.1, 361.1.3-т заасан шаардлагыг хангасан эсэхийг шийдвэрлэх нөхцөл бүрдээгүй гэж үзсэн талаар Монголбанкны Захирлуудын зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн хурлын шийдвэр гарсан, энэ тухайг Монголбанкны ерөнхийлөгчийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А-1/220 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгдсэн зэрэг нь тогтоогджээ.
13. Уг шийдвэрийн дагуу, нэхэмжлэгчээс “М С Э х” ХХК-ийн 2018 оны аудитаар баталгаажуулсан нэгтгэсэн санхүүгийн тайлан, охин компаниудын 2018 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан зэргийг 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 03/81 дүгээр, 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 03/97 дугаар албан бичгүүдээр тус тус хариуцагчид хүргүүлсэн, М Банкны шинэчилсэн бизнес төлөвлөгөөг өмнө нь хүргүүлсэн болохоо мэдэгдсэн ба уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.
14. Банкны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “банк байгуулах тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдлийг Монголбанк энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан эсэх, мөн хуулийн 20 дугаар зүйлд заасан баримт бичгийн бүрдлийг хянасны эцэст хүлээн авах бөгөөд хэрэв нэмэлт материал шаардлагатай бол уг нэмэлт материалыг бүрдүүлж өгсөн өдрийг өргөдөл хүлээн авсан өдөрт тооцох”-оор заасан, нэхэмжлэгчийн банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг Монголбанк хянаж, нэмэлт материал шаардсан, түүнчлэн, Хяналт шалгалтын газрын, мөн Захирлуудын зөвлөлийн хурлаар тус тус хэлэлцээд, нэмж материал авахаар шийдвэрлэж байсан, уг шаардлагуудын дагуу нэхэмжлэгчээс нэмэлт материал бүрдүүлж хүргүүлсэн, хуульд заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийн нэмэлт материалыг хүлээн авсан өдөр нь 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөр тооцогдох ба энэ асуудлаар хариуцагч маргахгүй байна.
15. Банкны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т “Монголбанк нь банк байгуулах тусгай зөвшөөрөл олгох эсэх шийдвэрийг энэ хуулийн 20.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш 60 хоногийн дотор гаргаж, энэ тухай банк үүсгэн байгуулагчид гурав хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ” гэж заасны дагуу Монголбанк шийдвэр гаргах үүрэгтэй байтал, Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирлын 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн А-6/422 дугаар албан бичгээр Монголбанкны Хяналт шалгалтын хорооны 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 05 дугаартай зөвлөмжийг нэхэмжлэгчид хүргүүлснээр, нэхэмжлэгчийн хувьд “тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө хуульд заасан хугацааны дотор шийдвэрлэхгүй” байх нөхцөл байдал үүссэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “... “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгохоор заасан тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр зөв байна.
16. Түүнчлэн, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар мөн хуульд “274 дүгээр зүйл. Банкны хяналт шалгалтын хороо” гэсэн зүйл нэмж, 27 дугаар зүйлийг өөрчлөн найруулсан, уг 274 дүгээр зүйлийн 1-д “Банкны хяналт шалгалтын хороо нь банкинд хяналт тавих Монголбанкны бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой дараахь асуудлыг хэлэлцэж, зөвлөмж гаргана: 1/банкны хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, банкны үйл ажиллагааг хуульд заасны дагуу зохицуулах, банкинд авах албадлагын арга хэмжээтэй холбоотой дүрэм, журам, заавар, аргачлал, бусад шийдвэрийн төсөл; 2/банкинд хийсэн хяналт шалгалтын тайлан; 3/банк, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор хуульд заасны дагуу банк, Хадгаламжийн даатгалын корпорацид зээл олгох санал” гэж зааснаас үзэхэд, Хяналт шалгалтын хорооны хурлын 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 05 дугаар зөвлөмжөөр М Банк байгуулах тусгай зөвшөөрлийн хүсэлтийг түдгэлзүүлсэн нь агуулгын хувьд зөрчилтэй, Хорооны чиг үүрэгт хамааралгүй асуудлыг шийдвэрлэсэн байхад үүнийг үндэслэн нэхэмжлэгчийн, банк байгуулах тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн үйл ажиллагаа /эс үйлдэхүй/-г хууль ёсны гэж үзэхгүй, энэ талаарх шүүхүүдийн дүгнэлт үндэслэлтэй.
17. Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Тэмүүлэнгийн хяналтын журмаар гаргасан “... Банкны тухай хуулийн 20.2 дахь хэсгийн хэрэглээгүй, 23.1.3-т заасныг оновчгүй тайлбарлан хэрэглэсэн, ...нэхэмжлэгчийн өргөдөлд хариу үйлдэл хийлгүй орхигдуулсан зүйлгүй, ... зөвлөмж эцсийн шийдвэр биш бөгөөд ... хүсэлтийг түдгэлзүүлсэн нь өргөдлийг шийдвэрлэх ажиллагааг тэр даруй шийдвэрлэхгүйгээр Үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эсэхийг тогтоосны дараа ... шийдвэр гаргах ажиллагааг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн, ... эрх зүйн үр дагавар бүхий үйл ажиллагаа биш” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.
18. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана: ... 54.1.3.Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэж заасан, нэхэмжлэгч нь “банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгчийн банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэл гаргасан, хариуцагчаас “шийдвэрлэхгүй” байгаа буюу эс үйлдэхүйд холбогдуулж даалгах нэхэмжлэлийн хувьд уг асуудлаар хариуцагчид өөрт нь хандаж гомдол гаргах нь энэ тохиолдлын хувьд зайлшгүй хийгдэх буюу урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэх боломжтой гэж үзэхгүй.
19. Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “... урьдчилан шийдвэрлүүлээгүйгээр шууд нэхэмжлэл гаргасан, ... хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх” гомдлыг мөн хүлээж авах үндэслэлгүй.
20. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэвэл зохих Банкны тухай хуулийг хэрэглэхдээ шийдвэрийн “Тогтоох” хэсэгт баримталбал зохих уг хуулийн зүйл, заалтыг орхигдуулсан, давж заалдах шатны шүүх, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь буруу, үүнийг залруулах боломжтой тул шийдвэр, магадлалд зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч Монголбанкны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0386 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн нэг дэх заалт, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2019/0482 дүгээр магадлалын “Тогтоох” хэсгийн нэг дэх заалтын “Банкны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2” гэсний дараа “23.3 гэж” нэмж, бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ