Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ20176/00058

 

С.Бямбасүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/04422 дугаар шийдвэр,      

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 1494 дүгээр магадлалтай,

С.Бямбасүрэнгийн нэхэмжлэлтэй

Т.Хүрэлбаатарт холбогдох,

2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Т.Хүрэлбаатарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч С.Бямбасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: охин Б.Мөнхцэцэгийг “Мандах бүртгэл” дээд сургуульд оруулахаар хөөцөлдөж байсан бөгөөд тухайн үед охины маань оноо тухайн сургуульд элсэн орох босго оноонд хүрээгүйн улмаас элсэн орж чадаагүй. Энэ тухай хүргэн н.Буяа-д ярихад “Б.Мөнхцэцэгийг сургуульд оруулах хүнтэй ярьсан, энэ хүнтэй ярь” гээд Т.Хүрэлбаатарын утасны дугаарыг өгсөн. Ингээд Т.Хүрэлбаатартай 2014 оны 7 дугаар  сарын 09-ний өдөр уулзахад 3.000.000 төгрөг нэхсэн боловч  2.200.000 төгрөг өгсөн. Гэвч охиныг маань сургуульд оруулж чадаагүй бөгөөд  2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ээж н.Энхжаргал нь миний дансанд 200.000 төгрөг шилжүүлсэн.   Иймд Т.Хүрэлбаатараас  2.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Т.Хүрэлбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр С.Бямбасүрэн гэдэг хүнээс охиныг нь “Мандах бүртгэл” дээд сургуульд оруулна гэж 2.200.000 төгрөгийг авсан бөгөөд тэр өдрөө н.Жаргал  эгчид уг мөнгийг хүлээлгэж өгсөн.  Дараа нь С.Бямбасүрэн гуай “ямар хүнд охиныг минь сургуульд оруулах гэж мөнгө өгсөн бэ” гэж асуухад нь би “н.Жаргал гэж хүнд өгсөн, та өөрөө ярь” гээд утасны дугаарыг нь өгсөн. Тэр хоёр ярилцаад учраа олсон гэж сонссон. С.Бямбасүрэн гуай мөнгөө нэхэмжилж байгаа бол н.Жаргалаас нэхэмжлэх нь зүйтэй. Б.Мөнхцэцэгийг “Мандах бүртгэл” дээд сургуульд оруулж чадаагүй боловч өөр сургуульд оруулсан гэж сонссон. С.Бямбасүрэнгээс 2.200.000 төгрөг авснаас 200.000 төгрөгийг манай ээж буцаан төлсөн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/04422 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Т.Хүрэлбаатараас 2.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Бямбасүрэнд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 46.950 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 1494 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/04422 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын  тэмдэгтийн  хураамжид хариуцагч Т.Хүрэлбаатарын төлсөн 46.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Т.Хүрэлбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Бямбасүрэнтэй ямар нэгэн тохироо хийгээгүй харин нэхэмжлэгч С.Бямбасүрэнгийн 2.200.000 төгрөгийг Жаргал гэгчид дамжуулан өгсөн. Мөнгө авсан Жаргал, Бямбасүрэн нарын хооронд охин Мөнхцэцэгийг “Мандах” дээд сургуульд оруулахаар ярьж тохиролцсон байдаг.

Гэтэл 2 шатны шүүх иргэн Хүрэлбаатар намайг Бямбасүрэнгээс тохироо хийж мөнгө авсан мэтээр дүгнэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн анхан шатны шүүх надад хуулиар олгогдсон шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй. Энэ байдлаас болж миний бие ИХШХШТХуулийн 25.2.2. 38.1 -д заасан үүргээ биелүүлэх боломжгүй болсон. Анхан шатны шүүх миний гаргасан тайлбарыг үндэслэн мөнгийг бодитой авсан Жаргалыг шүүх хуралдаанд оролцуулаагүй. Надад өмгөөлөгч авах эрхийг олгоогүй. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Нэхэмжлэгч С.Бямбасүрэнгийн “...2.000.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хариуцагч Т.Хүрэлбаатар эс зөвшөөрөхдөө “...мөнгийг Жаргалд өгсөн” гэсэн тайлбар гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Хариуцагч нь Мөнхцэцэгийг  “Мандах бүртгэл” дээд сургуульд оруулж өгөхөөр тохирч нэхэмжлэгчээс 2.200.000 төгрөг авснаа үгүйсгээгүй бөгөөд нэхэмжлэлээс татгалзаж буй тайлбар, үндэслэлээ нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэнд хөрөнгө шилжүүлсэн тал нь уг зүйлийг олж авсан талаас хөрөнгөө буцаан шаардах эрхтэй, шүүх энэхүү зохицуулалтаар  нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь хуульд нийцжээ.

Шүүх хариуцагчид нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр гардуулан, эрх үүргийг тайлбарлан өгч, улмаар шүүх хуралдааны товыг 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдөр мэдэгдсэн ба хариуцагч мөн өдөр хэргийн материалтай танилцжээ.

Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох, хэргийн материалтай танилцах эрхээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т заасан хугацааны дотор хэрэгжүүлэх бөгөөд шүүх  өмгөөлөгч авах, хэргийн материалтай танилцах эрхийг хангаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул  энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/04422 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 1494 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Т.Хүрэлбаатарын гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 9 дүгээр сарын 26-нд төлсөн 46.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ