| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сандагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 171/2024/0411/Э |
| Дугаар | 2025/ДШМ/02 |
| Огноо | 2025-01-08 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2025/ДШМ/02
2025 01 08 2025/ДШМ/02
Б.Ж, Д.Б нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Н.Д
Шүүгдэгч Б.Ж, Д.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б, З.Б
Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамирын даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 422 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч Б.Жын өмгөөлөгч Б.Бн давж заалдах гомдлоор Б.Ж, Д.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
М овогт Б-н Ж, Монгол Улсын иргэн,
Б овогт Д-н Б, Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч Б.Ж нь 2023 оны 12 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө 2-3 цагийн орчим гэмт хэрэг үйлдэхийг санаачлан Б.Бтой урьдчилан үгсэн тохиролцож, учрах саадыг арилгах зорилгоор иргэн А.С-н нэр дээр бүртгэлтэй өөрийн эзэмшлийн улсын дугаартай Соната-7 загварын автомашин ашиглаж аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрны гадна байрлуулсан хохирогч Б.Ш-н улсын дугаартай Субару загварын тээврийн хэрэгслийн ногоон эрээн өнгийн хучлагыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 195,000 төгрөгийн хохирол,
үргэлжилсэн үйлдлээр аймгийн сумын багийн нутаг дэвсгэр байрны гадна байрлуулсан хохирогч Б.Б-н улсын дугаартай Киа-5 загварын тээврийн хэрэгслийн бор шаргал өнгийн хучлагыг авч 180,000 төгрөгийн хохирол тус тус учруулан машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч нийт 375,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн,
шүүгдэгч Д.Б нь 2023 оны 12 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө 2-3 цагийн орчим Б.Жтай урьдчилан үгсэн тохиролцож, учрах саадыг арилгах зорилгоор А.С-н нэр дээр бүртгэлтэй А.Жын эзэмшлийн улсын дугаартай Соната-7 загварын автомашиныг ашиглаж, аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрны гадна байрлуулсан хохирогч Б.Ш-н улсын дугаартай Субару загварын тээврийн хэрэгслийн ногоон эрээн өнгийн хучлагыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 195,000 төгрөгийн хохирол,
үргэлжилсэн үйлдлээр аймгийн сумын багийн нутаг дэвсгэр байрны гадна байрлуулсан хохирогч Б.Б-н улсын дугаартай Киа55 загварын тээврийн хэрэгслийн бор шаргал өнгийн хучлагыг авч 180,000 төгрөгийн хохирол тус тус учруулан, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч нийт 375,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Б.Ж, Д.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч М овогт Б-н Ж, Б овогт Д-н Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь заалтад заасан “машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч Б.Ж, Д.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж, Д.Б нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жын цагдан хоригдсон 26 хоногийн хугацааг эдлэх ялд оруулан тооцож,
Шүүгдэгч Д.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Б.Жд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шүүгдэгч Д.Б цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, шүүгдэгч нарын баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нарт хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан автомашины үнэ 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч Б.Жаас 2,250,000 /хоёр сая хоёр зуун тавин мянган төгрөг/, шүүгдэгч Д.Боос 2,250,000 /хоёр сая хоёр зуун тавин мянган төгрөг/ тус тус гаргуулан улсын төсөвт шилжүүлж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Орхон аймгийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 04 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, Соната-7 /sonata-YF/ загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч А.Сд олгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхгийг хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.
Прокурор Н.Д эсэргүүцэлдээ:
“ ... Шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.6 дахь заалтыг зөрчсөн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг хураах үндэслэл”-г зөв хэрэглээгүй байна.
Хэрэгт авагдсан гэрч А.С-н “...2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод Б.Ж гэх хүнд би өөрийн машин болох Хьюндай Сонота- 7 загварын машинаа 6 сая төгрөгөөр зарсан. Тухайн үедээ нэр дээр нь шилжүүлж чадаагүй. Би хөдөө отор нүүдлийн ажилтай ирчихээд байгаа юм. Очиж шилжүүлж чадахгүй л байгаа юм...Би огт танихгуй ээ фейсбүүк дээр машинаа зарна гэж тавьсан байсан тэгээд л холбогдоод миний машиныг авсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р тал/ мэдүүлгээр Б.Ж нь А.С-с уг тээврийн хэрэгслийг худалдаж авсан болох нь тогтоогдож байхад Б.Жын 1 сая төгрөг дутуу гэсэн мэдүүлгийг үндэслэн А.С-д олгож, Б.Ж, Д.Б нараас үнийн дүнг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж,
мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ емчлөгчид шилжинэ” гэж заасан байхад тээврийн хэрэгслийн өмчлөгч А.С-д тзэврийн хэрэгслийг буцаан олгож шүүгдэгч нараас үнийн дүнг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтыг зөрчсөн талаар:
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ улсын яллагчийн “шүүгдэгч Б.Жыг эрэн сурвалжилж авчирсан зардлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэх” талаар гаргасан санапын дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шийдвэрлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн мөртлөө шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг болон тогтоох хэсэгт энэ талаар тусгаагүй нь шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй байна.
Дээрх зөрчлүүд нь 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2,36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэсэн үндэслэлүүдэд бүрэн хамаарч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж дүтэхээр байна.
Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/422 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо:
“... Шийтгэх тогтоолд “... гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Соната-7 загварын улсын дугаартай тээврийн хэргэслийг шүүгдэгч Б.Ж худалдан авсан өөрийн нэр дээрээ шилжүүлж аваагүй байсан болох нь тогтоогдсон”, гэсэн мөртлөө “... тээврийн хэрэгсэл нь А.С-н өмчлөлийн болох нь тогтоогдож байх тул өмгөөлөгчийн саналыг хүлээж авах үндэслэлгүй” гэжээ. Б.Ж худалдаад авчихсан гэж дүгнэсэн мөртлөө А.С-н өмчлөл тул П.С-д тээврийн хэрэгслийг олгохооор шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байх тул тээврийн хэрэгслийг Б.Жд олгохоор өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Ж тайлбартаа: Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Тайлбаргүй гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Б тайлбартаа: Тайлбаргүй гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б тайлбартаа: Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч З.Б тайлбартаа: Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Д дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноос зөрүүтэй бичигдсэн байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүгдэгч Б.Ж, Д.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурор Н.Д-н эсэргүүцэл болон шүүгдэгч Б.Жын өмгөөлөгч Б.Б-н давж заалдах гомдлыг тус тус үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг давж заалдах шатны шүүх бүхэлд нь хянан үзэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэн үзвэл шүүгдэгч нар нь урьдчилан үгсэн тохиролцож 2023 оны 12 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө 2-3 цагийн орчим учрах саадыг арилгах зорилгоор иргэн А.С-н нэр дээр бүртгэлтэй боловч Б.Жын өмчлөлийн улсын дугаартай “Соната-7” загварын автомашиныг ашиглаж,
аймгийн сумын багийн байрны гадна байрлуулсан хохирогч Б.Ш-н улсын дугаартай Субару загварын тээврийн хэрэгслийн ногоон эрээн өнгийн хучлагыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 195,000 төгрөгийн хохирол,
үргэлжилсэн үйлдлээр аймгийн сумын багийн байрны гадна байрлуулсан хохирогч Б.Б-н улсын дугаартай Киа-5 загварын тээврийн хэрэгслийн бор шаргал өнгийн хучлагыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 180,000 төгрөгийн хохирол тус тус учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь,
хохирогч Б.Б-н ... 2023 оны 12 дугаар сарын 20-ний өдөр 19 цагийн орчим ажлаа тарчихаад аймгийн сумын багийн дугаар байрны гадна тээврийн хэрэгслийн зогсоол дээр өөрийнхөө улсын дугаартай “Киа-5” маркийн тээврийн хэрэгслийг байршуулж бор эрээн өнгийн хучлагаар тээврийн хэрэгслээ хучиж орхиод гэртээ орж амарсан. Маргааш нь буюу 2023 оны 12 дугаар сарын 21-ний өглөө 7 цаг 30 минутын орчим гэрээсээ гараад ирэхэд миний машинаа хучсан байсан хучлага алга болсон байсан. Би “Танил” техникийн захаас 180.000 төгрөгөөр худалдаж авч байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-14 тал/,
хохирогч Б.Ш-н ... 2023 оны 12 дугаар сарын 20-ний орой 18 цагийн үед өөрийн эзэмшлийн улсын дугаартай “Субару” маркийн тээврийн хэрэгслээ байрны ард талын автомашины зогсоол дээр тавьж гадуур нь хучлагаар хучаад маргааш өглөө нь буюу 2023 оны 12 дугаар сарын 21-ний өглөө 08 цаг өнгөрч байхад гэрээсээ гарч машинаа асаах гэхэд хучлага нь хулгайд алдагдсан байсан тул хэсгийн байцаагчтай холбогдож хэлсэн ... хучлагыг оёдолчноор хийлгэж байсан. Манай машины хучлага нь материал болон оёдлын хөлс нийлээд 195.000 төгрөг болсон ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/,
гэрч Б.А-н ... Миний нөхөр Б машингүй. Гэхдээ авга ах Н-хаа машиныг унадаг байсан. Машинаа гражид тавьдаггүй. Гадаа байдаг юм ... 2023 оны 12 дугаар сарын сүүлээр Бийг шөнө гэртээ унтаж байгаад нэг хүнтэй утсаар ярьж байгаад “Жын хүүхэд нь өвдөөд байна гэнэ. Гарч уулзаад ирнэ” гээд гарч явсан. Хэзээ эргэж орж ирснийг мэдээгүй. Би нам унтсан байсан. Өглөө сэрэхэд гэртээ ирсэн унтаж байсан ... Яагаад хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг нь мэдэхгүй байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,
гэрч Э.Э-н ... Б.Ж нь миний нөхөр юм. Хэргийн талаар сайн мэдэх зүйлгүй. Өөрөө надад ярихдаа Бтой хамт 2 ширхэг машины хучлага хулгай хийсэн гэж ярьсан ... Миний нөхөр улсын дугаартай Хьюндай Соната-7 загварын машинтай. Машинаа нөхөр маань гадаа л тавьдаг. Манай машинд хучлага байхгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/,
“Ашид билгүүн” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 8587 дугаартай “... “Киа 5” автомашины хучлага зах зээлийн үнээр 180.000 төгрөг байх боломжтой” гэсэн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 41-46 тал/,
мөн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 8588 дугаартай шинжээчийн ... “Субару аутбакс” машины хучлага зах зээлийн үнээр 195.000 төгрөг байх боломжтой” гэсэн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 53-58 тал/,
хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 81-85 тал/,
шүүгдэгч Д.Бийн яллагдагчаар өгсөн болон шүүх хуралдаанд өгсөн
... хамт ажиллаж байсан Ж тэр шөнө 02 цагийн үед миний гар утас руу залгаад “гараад ир” гэхээр нь би гэрээсээ гараад очиход Ж “таньдаг хүнээсээ хоёр хучлага аваад ирье” гэхээр нь би түүний машинд суугаад явсан. Бид хоёр багийн байрны гадна очоод машины хучлага авч байхад Ж “энэ хучлагыг чи аваарай” гэж надад хэлсэн. Тэгээд би хулгай хийж байгаагаа мэдсэн. Дахин нэг хучлага авна гээд баг дугаар микр лүү явсан. Тэгээд нэг саарал машины хучлагыг авсан. Би машинаар нь хүргүүлээд гэртээ харьсан. Ж гэртээ харина гээд хоёр хучлагаа машиндаа аваад явсан. Маргааш өдөр нь багийн МУИС-ийн орчим явж байхад Ж залгаад нэг хучлагыг надад өгөөд явсан. Ж Д аймаг явсан. Орой нь Цагдаагийн газраас хүн залгаад “машины хучлага хулгайлсан байна. Хаана байна” гэхээр нь “нэг хучлага нь надад нөгөөх нь Жд байгаа” гэж хэлсэн. Энэ тухай Жд хэлэхэд “цагдаа нар нэг хоёр хоног хайж байгаад мартдаг юм. Машинтайгаа очих бол машинаа хураалгах байх” гээд хоёр хучлагаа машиндаа хийж аваад Дархан-Уул аймаг руу эргээд явсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 93-96 тал/,
шүүгдэгч Б.Жын яллагдагчаар болон шүүх хуралдаанд өгсөн
“... сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. 2023 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 2-3 цагийн орчим 1, 6 дугаар микрт байсан машины хоёр хучлагыг хулгай хийсэн. Д.Б бид хоёр өөрсдийн машиныг хучих гэж хүний машины хучлагыг хулгайлж авсан. 20-ны өдөр Б бид хоёр утсаар яриад машинаа хучих хучлага хулгай хийе гэж ярилцсан. Хулгай хийх санааг би гаргаж Бтой ярьсан. Б зөвшөөрөөд шөнө уулзахаар болсон. Хучлагыг нь хулгайлах гэж байгаа машин дээрээ Б бид хоёр хамт очоод учаг нь хоёр талаас нь тайлж эвхээд машиныхаа ард хийсэн. Хулгай хийсэн өдрийн урд шөнө гадаа хүйтэн машин асахгүй байсан учир машины хучлага хулгай хийж машинаа хучих уу гэхэд Б зөвшөөрсөн. Хулгай хийж авсан хоёр хучлагыг цагдаа нарт хураалгасан. Гэмт хэрэг үйлдэх үедээ бид хоёр миний улсын дугаартай Соната 7 загварын машинтай явж, уг машинаараа тээвэрлэж авч явсан юм гэсэн мэдүүлэг /хх-ийн 105-106 тал/,
тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 132-136 тал/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 139-140 тал/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд талуудыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч нар нь хулгайлан авсан эд зүйлийг зөөж тээвэрлэх зорилгоор машин механизмыг зориуд ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Д.Б, Б.Ж нар үргэлжилсэн үйлдлээр бусдын автомашины хоёр ширхэг хучлагыг бүлэглэн хулгайлахдаа зөөж, тээвэрлэж, үйлдлээ хялбарчлах, учрах саадыг арилгах зорилгоор Б.Жын өмчлөлийн “Соната 7” загварын тээврийн хэрэгслийг ашигласан байх тул шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг, заалт үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Мөн шүүгдэгч нарт оногдуулсан эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Шударга ёсны зарчимд нийцсэнээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахдаа тэдгээрийн гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон гэж үзлээ.
Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж,
мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж тодорхой заажээ.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Хьюндай Соната-7” маркийн автомашиныг шүүгдэгч Б.Ж нь иргэн А.С-с 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр худалдан авч, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, өөрөөр хэлбэл дээрх хуульд заасанаар тухайн автомашины өмчлөгч нь Б.Ж болох нь
гэрч А.С-н “... Б.Ж гэдэг хүнд өөрийнхөө машин болох “Хьюндай Соната -7” загварын машинаа 6 сая төгрөгөөр зарсан. Тухайн үед машиныг нэр дээр нь шилжүүлж чадаагүй. Би хөдөө отор нүүдлийн ажилтай ирчихээд байгаа. Очиж нэр дээр нь шилжүүлж чадахгүй л байгаа юм ... 6.000.000 төгрөгөөр худалдан борлуулсан, бид хоёрын авто машины тооцоо бүрэн дууссан, авлага өглөг байхгүй ... гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Гэтэл анхан шатны шүүх “... тээврийн хэрэгсэл нь А.С-н өмчлөлийн болох нь тогтоогдож байна ...” гэж дүгнэн шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр автомашины үнэлгээгээр хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэж, улмаар уг автомашиныг өмнөх өмчлөгч А.С-д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүх Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хурааж авч улсын орлого болгохоор хуульчилсан.
Иймд дээрх тээврийн хэрэгслийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хураан улсын орлогод оруулж, шүүгдэгч Б.Боос тухайн тээврийн хэрэгслийн үнийн дүнгээс өөрт ноогдох хэсэг буюу 2.250.000 төгрөгийг гаргуулж шүүгдэгч Б.Жд олгохоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг уншиж сонсгохдоо “...шүүгдэгч Б.Жаас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаа аймгийн Цагдаагийн газар баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж...” гэсэн /хх 225 тал/ атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт энэ талаар тусгаагүй нь шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй буюу шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх боловч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, зөвтгөх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 422 дугаартай шийтгэх тогтоолын 6 дахь заалтын “ ... шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй... ” гэснийг “ ... шүүгдэгч Б.Жаас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаа аймгийн Цагдаагийн газар баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж ... ” гэж өөрчилж,
7 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан автомашины үнэ 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч Б.Жаас 2,250,000 /хоёр сая хоёр зуун тавин мянган төгрөг/, шүүгдэгч Д.Боос 2,250,000 /хоёр сая хоёр зуун тавин мянган төгрөг/ тус тус гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй” гэснийг
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Б.Жын эзэмшлийн “Сонота-7” загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураан улсын орлогод оруулж, шүүгдэгч Д.Боос 2.250.000 төгрөгийг гаргуулж Б.Жд олгосугай” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн 7 дугаар заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Прокурор Н.Д-н эсэргүүцэл болон шүүгдэгч Б.Жын өмгөөлөгч Б.Б-н давж заалдах гомдлыг тус тус хүлээн авсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ
С.ЦЭЦЭГМАА