| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2018/0095/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/90 |
| Огноо | 2018-06-28 |
| Зүйл хэсэг | 16.1.1., 17.1.1., |
| Улсын яллагч | Д.ДУЛАМЖАВ |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 2018/ШЦТ/90
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Д.Дуламжав,шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Энхжаргал,Н.Очирбат, шүүгдэгч Н.Гантогтох, Х.Давит, өсвөр насны шүүгдэгч Х.Анхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дуламжаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Гантогтох, Х.Давит, өсвөр насны шүүгдэгч Х.Анхбаяр нарт холбогдох эрүүгийн 1836000570055 дугаартай, 178/2018/0095/Э/ индекстэй хэргийг 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 22 настай, эрэгтэй,бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажил, сургуульгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 2-3 тоотод оршин суух, ПВ96040616 регистрийн дугаартай, Боржигон овогт Нямдоржийн Гантогтох
2.Монгол улсын иргэн, 2001 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 16 настай, эрэгтэй,бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эцэг,эх, ах, эгчийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 1-9 тоотод оршин суух, ПЮ01321932 регистрийн дугаартай, Дөрвөд овогт Хүрэлсүхийн Анхбаяр
3.Монгол улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, казак, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 11-19 тоотод оршин суух, ПЭ84052913 регистрийн дугаартай, Таялах овогт Хазаны Давит
Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэнд дурьдсанаар/
Шүүгдэгч Н.Гантогтох, Х.Давит, өсвөр насны шүүгдэгч Х.Анхбаяр нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 01-нээс 2018 оны 04 дүгээр сарын 02-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 11-21 тоот Т.Гонысханы хашаанд байсан 3 сартай төвд банхарын гөлгийг “ зөвхөн өөрийнх нь хөдөлгөөнийг хорих зориулалт бүхий “ төмөр саравчин дотор байхад нь хулгайлж Т.Амирханд 350000 төгрөгний хохирол учруулсан,
Шүүгдэгч Н.Гантогтох нь өсвөр насны шүүгдэгч Х.Анхбаяр, бага насны хүүхэд болох Н.Баярболд нарт тус бүр 10000 төгрөг өгнө гэж амлалт өгч, хууран мэхлэн 3 сартай төвд банхарын гөлгийг хулгайлахад татан оруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.Гантогтох, Х.Давит,өсвөр насны яллагдагч Х.Анхбаяр нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 1-2-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 11-21 тоот Т.Гонысханы хашаанд байсан 3 сартай төвд банхарын гөлгийг хулгайлсан болох нь: хохирогч Т.Кадирханы: би гөлгөө хулгайд алдчихаад фейсбүүкт зар тавьчихсан байсан чинь Тамир гэдэг хүүхэд залгаад танай гөлөг Дондог гэдэг айлд байна, би Буянт сумын Тэрэгт гэх газар луу явж байхдаа харсан гэж хэлсэн. Тэгэхээр нь Дондог гэдэг айлд очоод гөлгөө авах гэтэл манай эхнэрийн дүү Ганаа авчирч тавьсан, хөдөө гарч ирэхээрээ авна гэж хэлсэн гэхээр нь Ховдод ирээд Ганаатай уулзахад “манай аавын бие муу байгаа, намайг битгий цагдаад өгөөч” гээд надад 100000 төгрөг авчирч өгсөн. Дэгээ гэдэг залуу Ганаад гөлөг байгааг зааж өгсөн гэхээр нь Дэгээг “чи манай нохойг яах гэж зааж өгч байгаа юм, чамайг цагдаад хэлнэ” гэхэд намайг гуйгаад хэд хоногийн дараа 100000 төгрөг авчирч өгнө гэчихээд авчирч өгөөгүй.Би өөрийн гөлгөө хайсан зардал, бензин түлшний зардал гэж тооцоод Ганаагаас 100000 төгрөг авсан.Манай унадаг дугуй хулгайд алдагдаагүй малын хашаанд байсан гэх мэдүүлэг /хх 14-15/
Хохирогч Т.Амирханы өгсөн: Манай ах надад Улаанбаатар хотоос 1100000 төгрөгөөр эр, охин хоёр гөлөг худалдаж авчирч өгсөн.Эр гөлгийг нь хөдөө ахынх руу явуулаад охин гөлгийг нь би өөрөө аймгийн төвд тэжээж байсан. 2018 оны 04 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө тухайн гөлөг хулгайд алдагдсан. Тэгээд манай ах цагдаад мэдэгдсэн.Тухайн гөлөг миний нэр дээр байдаг. Би гөлөгнийхөө хөдөлгөөнийг хорих зориулалтаар өдөрт нь саравчинд хийж шөнөд нь амбаартаа оруулдаг байсан.Тухайн өдөр дулаахан байсан тул саравчинд гөлөг байсан.Би хулгайд алдсан гөлгөө буцаагаад авсан, одоо надад хохирол төлбөр байхгүй гэх мэдүүлэг /хх -18/
Гэрч Ё.Дониддондогийн өгсөн: 2018 оны 04 дүгээр сарын 10-ны үеэр манай хадам дүү Н.Гантогтох манайд нэг гөлөг авчирч өгөөд та хоол унд өгөөд байж бай, аймагт өгөх хоол олдохгүй байна гээд үлдээгээд явсан.4-5 хоногийн дараа гөлөгний эзэн ирээд зургийг нь үзүүлээд гөлгөө аваад явсан.Гөлгөө хайсан зардлаа гаргуулж авмаар байна гэхээр нь би “надад хамаагүй, авсан хүнээс нь гаргуулж ав” гээд Ганаагийн хашааг заагаад явуулсан гэх мэдүүлэг / хх-37/
“Жаргал” мал эмнэлэг, нохой, муурны эрүүл мэндийн гэрчилгээнд : 2017 оны 12 сарын 27-нд төрсөн, улаан зүсмийн төвд банхарын эм гөлөгний эзэн Т.Амирхан гэх /хх-172-175/
Тэжээвэр амьтан эд зүйл үнэлсэн тухай тайланд: төвд банхарын 1 гөлөг-350000 төгрөг гэх , эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: улаан шар өнгийн зүстэй, сэгсгэр үстэй, урд хоёр хөлийн үзүүр хэсэг нь цагаан, цээжин хэсэгтээ цагаан мэнгэтэй, бөгснөөс нь мах мэт улаан зүйл унжсан, 35-40 см өндөртэй эм гөлгийг Т.Амирханд хүлээлгэн өгөв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-66/ зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч Н.Гантогтох нь өсвөр насны шүүгдэгч Х.Анхбаяр, бага насны хүүхэд Н.Баярболд нарт тус бүр 10000 төгрөг өгнө гэж амлалт өгч, хууран мэхлэн 3 сартай төвд банхарын гөлгийг хулгайлахад татан оруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: насанд хүрээгүй гэрч Н.Баярболдын өгсөн:...орой 20 цагийн үед Анхбаяр бид хоёр манай гудманд явж байтал Ганаа гэх ах тааралдаад “ доор ойрхон гөлөг байна, надад хулгайлаад өг ” гэхээр айгаад “үгүй” гэсэн чинь тэгвэл гурвуулаа явъя гэхээр нь Анхбаяр бид хоёр зөвшөөрсөн.Бид гурав 36 айлын орон сууцны тэнд Дэгээгийн дэлгүүрт ороод Ганаа Дэгээг дагуулаад гараад ирсэн.Тэгээд Дэгээгийн машинд Ганаа, Анхбаяр, Золоо бид тав суугаад явсан.Тэгээд эвдэрхий хаалгатай хашаагаар ороод нурсан блокон хашаагаар дамжиж ороод гөлгийг авчих гэж Дэгээ бид гуравт зааж өгсөн.Ганаа,Анхбаяр бид гурав нөгөө хашаанд ороод байшингийн цонхоор харахад хөгшин, самган хоёр цай уугаад сууж байсан.Би тэндээ хүн харж үлдээд Анхбаяр, Ганаа хоёр дотогшоо ороод 10-аад минут болоод шар өнгийн банхарын гөлөг тэврээд гараад ирсэн. Тэгээд бид гурав Ганаагийнд ирээд ээжид нь энэ Анхбаярын гөлөг гэж хэлсэн.Ганаа тэр гөлгийг гэртээ 5,6 хоног байлгаж байгаад хөдөө аваачсан.Тухайн үед Ганаа, Анхбаяр бид хоёрт гөлөг хулгайлж өгвөл тус бүрд 10000 төгрөг өгнө гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх 33-34/
Гэрч Н.Чулуунтогтохын өгсөн:...оройхон намайг аймгийн төвд ирчихсэн унтаагүй байхад манай дүү Н.Гантогтох, Б.Анхбаяр хажуудаа нэг жижигхэн хүүхэд гурав манай аавын хашаанд нохойн гөлөг аваад орж ирсэн. Н.Гантогтох Дэгээ гэдэг залуугаас авлаа гэж хэлсэн. Цагаан мах нь сугарсан, үсэрхэг шар гөлөг байсан.Нөгөө хоёр хүүхэд нь яваад гөлгөө амбаарт хийгээд унтсан гэх мэдүүлэг/хх48/
Насанд хүрээгүй гэрч О.Тамирын өгсөн...Н.Гантогтох надад сая чамд харуулсан гөлгийг Дэгээ хаана байгааг нь зааж өгөөд машинтайгаа аваачиж буулгаад Анхбаяр, Баярболд бид гурав туучихсан гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх 49-50/ зэрэг хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Өсвөр насны шүүгдэгч Х.Анхбаяр нь гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас 03 сар 12 хоногтой байсан болох нь нас тоолсон баримт /хх-85/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-148/ зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Н.Гантогтох, Х.Давит, өсвөр насны шүүгдэгч Х.Анхбаяр нар бүлэглэж хохирогч Т.Амирханы 1 тооны төвд банхарын гөлөг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар,хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Н.Гантогтохыг насанд хүрээгүй хүүхэд Х.Анхбаяр, Н.Баярболд нарт амлалт өгч, хууран мэхэлж, хулгайн гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Н.Гантогтох, Х.Давит, өсвөр насны шүүгдэгч Х.Анхбаяр нар бүлэглэж хулгайлах гэм хэргийг үйлдсэн нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Шүүгдэгч Н.Гантогтох нь хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Гантогтох, Х.Давит, өсвөр насны шүүгдэгч Х.Анхбаяр нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэргийн 154-156 хуудсан дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар, шүүгдэгч нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй болох нь хохирогч Т.Амирханы ...би хулгайд алдсан гөлгөө буцаагаад авсан, одоо надад хохирол төлбөр байхгүй гэх мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч нар нь хохирол төлбөргүй, хувийн байдал болон нийгэмд учруулсан хор уршиг, хэргээ ухамсарлан ойлгож байгаа зэргийг үндэслэн шүүгдэгч Н.Гантогтохыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар , шүүгдэгч Х.Давит, өсвөр насны шүүгдэгч Х.Анхбаяр нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тус тус тэнсэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нарт төлөх хохирол төлбөр болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Нямдоржийн Гантогтох, Таялах овогт Хазаны Давит, өсвөр насны шүүгдэгч Дөрвөд овогт Хүрэлсүхийн Анхбаяр нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Боржигон овогт Нямдоржийн Гантогтохыг хүүхдэд амлалт өгч гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Нямдоржийн Гантогтоход хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Таялах овогт Хазаны Давит, өсвөр насны шүүгдэгч Дөрвөд овогт Хүрэлсүхийн Анхбаяр нарт хорих ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тус тус тэнссүгэй.
3. Шүүгдэгч нарын тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- 457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.
4.Шүүгдэгч Н.Гантогтох, Х.Давит,өсвөр насны шүүгдэгч Х.Анхбаяр нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хяан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.
5.Шүүгдэгч Н.Гантогтох, Х.Давит, өсвөр насны шүүгдэгч Х.Анхбаяр нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
Top of Form