| Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: “…....” ХХК (РД:............), Хариуцагч: “..........” ХК, Хариуцагч: “............” ХК-ийн ШО/20260102004 дүгээр Тендерийн үнэлгээний хороо Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Э Гуравдагч этгээд: “............” ХХК нарын хоорондын тендерийн маргааныг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “.................” ХХК-ийн захирал Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Э нар /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхбат нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Гомдлын шаардлага: 1.1. “.......” ХХК нь “........” ХК-ийн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2б/278, 2б/279 дүгээр мэдэгдлүүдийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан. 1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “..“.........” ХК-ийн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2б/282 дугаар мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, ШО/20260102004 дугаар Тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Багц №1, Багц №2-ийн тус бүр тэмдэглэл, дүгнэлт, зөвлөмжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “.........” ХК-ийн ШО/20260102004 дугаар сонгон шалгаруулалтын Багц №1, Багц №2 тус бүрд “........” ХХК-ийн ирүүлсэн материалыг дахин үнэлж зохих шийдвэр гаргахыг даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд эдгээр шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв. Хоёр: Хэргийн үйл баримт, процессын тухайд: 2.1. “.........” ХК-аас зарласан ШО/20260102004 дугаар Багц №1, Багц №2 дугаартай “Хүн тээврийн автобус” нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтад гомдол гаргагч “.........” ХХК болон гуравдагч этгээд “...........” ХХК оролцжээ. 2.2. “...........” ХК-ийн ШО/20260102004 дугаар Багц №1 дугаартай “Хүн тээврийн автобус” нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо нь 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2б/235 дугаар мэдэгдлээр “...........” ХХК-ийн ирүүлсэн материалыг шаардлага хангаагүй гэж үзэж татгалзсан болохыг мэдэгдсэн байна. 2.3. Тендер захиалагч “.........” ХК-аас зарласан ШО/20260102004 дугаар Багц №2 дугаартай “Хүн тээврийн автобус” нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулалтын үнэлгээний хороо нь 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2б/232 дугаартай Гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгээр гуравдагч этгээд “.........” ХХК-д Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдсэн байна. /2-р хх-ийн 71 дэх тал/ 2.4. Харин 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2б/233 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр уг тендер сонгон шалгаруулалтад гомдол гаргагч “.........” ХХК-ийн ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй гэж үнэлгээний хороо дүгнэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 28.10-д заасан нөхцөл байдал үүссэн тул тендерийн үнэлгээний хороо шаардлагад нийээгүй тендер гэж үзэн мөн тендерээс татгалзсан болохыг мэдэгдсэн. 2.5. Дээрх захиалагч болон үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч, гомдол гаргагч “...........” ХХК-аас захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон "..........." ХХК-аас нийлүүлэх бараа техникийн тодорхойлолтод заасан урагшаа араа, домкратын даах чадал, галын хэдэн кг хор санал болгож байгаа нь тодорхойгүй, захиалагчийн техникийн тодорхойлолтыг үг үсэггүй хуулж бичсэн, техникийн тодорхойлолтын үзүүлэлтийг нотлох баримт бичиг ирүүлээгүй зэрэг агуулгаар тус тус Сангийн яаманд гомдол гаргасан. 2.6. Дээрх гомдлыг Сангийн яамнаас хянаад 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 03/3042 дугаартай Гомдол хянасан тухай албан бичгээр “...”........” ХХК 2024 онд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан ХОАХААГ/20240102086 дугаартай “Хүүхдийн автобус, хүүхэд хамгаалал нийлүүлэх” гэрээ, хүлээн авсан комиссын акт, гэрээ дүгнэх маягт, захиалагчийн тодорхойлолт, нэхэмжлэх, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан К1015163 дугаартай “Сурагчийн автобус нийлүүлэх” гэрээ, хүлээн авсан комиссын акт, гэрээ дүгнэх маягт, захиалагчийн тодорхойлолт, нэхэмжлэхийг тус тус ирүүлсэн нь дээр дурдсан “2024-2025 оны аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн 100 хувиас багагүй үнийн дүнтэй Хүн тээврийн автобус нийлүүлсэн гэрээ доод тал нь 1 удаа” гэсэн шаардлагад нийцсэн байхад 2025 оны гэрээний мэдээлэл ирүүлээгүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна. Иймд хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн захиалагчийн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2б/235 тоот шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж байна. Хуулийн 59 дүгээр 59.10.2 дахь заалтад үндэслэн тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдье...гэж, 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 03/3041 дугаартай Гомдол хянасан тухай албан бичгээр “...1.”.........” ХХК-аас Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-тай байгуулсан гэрээний мэдээлэл бүхий ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээний мэдээллийн 3 дугаар маягтыг ирүүлсэн байхад дээр дурдсан ТШЗ 14.1-д заасан шаардлагад нийцээгүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна...”...........” ХХК-аас ирүүлсэн техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгт, техникийн тодорхойлолтод нийлүүлэхээр санал болгож буй “Foton Motor international Co.,Ltd” үйлдвэрлэгчийн BJ6730 загварын автобусанд байх мэдээллийг тодорхой заагаагүй байх боловч дээрх мэдээллийг нотлохоор ирүүлсэн BJ6730 загварын автобусны үзүүлэлт гэх баримт бичигт мөн хэдэн урагшаа араатай мэдээлэл байхгүй байхад техникийн тодорхойлолтын “22.Хурдны хайрцаг /механик/:Механик урагшаа 5-6 шатлалтай, ухрах 1 араатай байна.” Гэсэн шаардалагад нийцсэн гэж үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна...Иймд хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн захиалагчийн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2б/232, 2б/233 тоот шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж байна. Хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтад үндэслэн тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг захилагч “............” ХК-д тус тус мэдэгдсэн байна. /1-р хх-ийн 12-16 дахь тал/ 2.7. Тендерийн үнэлгээний хороо 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр дахин хуралдаж Багц №02 дугаартай хүн тээврийн автобус нийлүүлэх сонгон шалгаруулалтад “.............” ХХК-ийг хамгийн сайн тендерээр үнэлж, “.............” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзжээ. /2-р хх-ийн 93-100 дахь тал/ 2.8. Захиалагчаас 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2б/282 дугаартай гэрээ байгуулаах эрх олгох тухай албан бичгээр гуравдагч этгээд “..............” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдсэн. /2-р хх-ийн 103-104 дэх тал/ 2.9. Харин 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2б/278, 2б/279 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр тус тендерийн Багц №01, Багц №02-т оролцсон “...........” ХХК-ийн ирүүлсэн тендер нь Тендер шалгаруулалтын зааварчилгааны 18.1-д заасан шаардлагыг хангаагүй гэж тендерээс татгалзсан болохыг мэдэгдсэн. /1-р хх-ийн 10-11 дэх тал/ 2.10. Гомдол гаргагчийн зүгээс “...манай тендерийн баримт бичигт өгөгдсөн маягтуудын дагуу ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээний мэдээллийг илгээсээр байтал захиалагч ижил төстэй гэрээний мэдээллийг маягт 3-н дагуу гарган ирүүлээгүй гэж татгалзсан нь үндэслэлгүй байна, өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1-д “Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний туршлагын шаардлага “2024-2025” оны аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн 100 хувиас багагүй үнийн дүнтэй хүн тээврийн автобус нийлүүлсэн гэрээ доод тал нь 1 удаа” гэж заасан ба манайх 2024, 2025 оны аль нэг жилд буюу 2024 онд гүйцэтгэсэн ижил төстэй болох 2024 оны гэрээний мэдээллийг тендерт илгээсэн. Гэтэл захиалагч 2024 эсвэл 2025 оны аль нэг жилийн туршлагын мэдээлэл ирүүлж болно гэж шаардсан мөртлөө 2025 оны гэрээний мэдээлэл ирүүлээгүй учраас манай тендерээс татгалзаж байна гэсэн нь үндэслэлгүй, ...Мөн техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагын 28-т хурдны хайрцаг-механик урагшаа 6 шатлалтай, ухрах 1 араатай гэж заасан байхад “.........” ХХК нь Механик урагшаа 5-6 шатлалтай, ухрах 1 араатай гэж санал болгосон нь тухайн нийлүүлэхээр санал болгож буй автобус нь шаардлагад нийцээгүй байна. Түүнчлэн техникийн тодохойлолт, тавигдах шаардлагын 45-т Домкрат 10 тн-оос дээш чадалтай 1 ширхэг гэсэн байхад “.........” ХХК нь 5 тн-оос дээш чадалтай 2 ширхэг гэсэн шаардлагад нийцээгүй байхад захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон...” гэх зэрэг агуулгаар маргаж байна. 2.11. Хариуцагчийн зүгээс “.........” ХХК-ийн материалыг үнэлэхэд оролцогч нь 2025 оны ижил төстэй гэрээний мэдээлэл ирүүлээгүй нь тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1-д заасан 2024 болон 2025 оны ижил төстэй гэрээний мэдээлэл ирүүлнэ гэсэн шаардлагыг хангаагүй гэж үнэлсэн тул тендерээс татгалзан сонгон шалгаруулалтыг дахин зарлахаар шийдвэрлэн захиалагчид зөвлөмжийг хүргүүлсэн. Захиалагч үнэлгээний хорооны зөвлөмжтэй танилцан уг сонгон шалгаруулалтад оролцогч “............” ХХК-д 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2б/278, 2б/279 дүгээр мэдэгдлүүдийг тус тус хүргүүлсэн...Монгол Улсын Сангийн Яам нь 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 03/3041 тоот дугаартай гомдол хянасан тухай албан бичгээр “............” ХХК-ийн ирүүлсэн тендерийн илгээх маягт №01 дугаартай PDF өргөтгөлтэй файлын 27-р хуудас дахь техникийн тодорхойлотын 22 дугаар хуудас дахь техникийн тодорхойлолтын дэс дугаар дээрээсээ 5 дахь мөрөнд “механик урагшаа 5-6 шатлалтай, ухрах 1 араатай” гэсэн ирүүлснийг хянаж үзэлгүй мэдээлэл байхгүй хэмээн үндэслэлгүй дүгнэсэн. Мөн автобусны дагалдах хэрэгсэл болох домакрат, галын хорыг захиалагчийн заасан доод хэмжээтэй гэж ирүүлснийг техникийн тодорхойлолтын “28 домакрат 8 тн” 5 тн-с дээш даах чадалтай байна. 1 ширхэг “Дүйцэхүйц” гэж “Галын хор, 5,5 кг ихгүй 2 ширхэг галын хортой байна. Дүйцэхүйц гэсэнд нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна хэмээн дүгнэсэн байна. Иймээс үнэлгээний хороо нь “............” ХХК-ийн тендерийг “шаардлагад нийцсэн тендер”-ээр үнэлэгдсэн тул гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн гэж гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна. 2.12. Гуравдагч этгээдийн зүгээс Тендерийн баримт бичгийн 3 дугаар бүлэг Техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагын “28-д Домкрат 5тн: 5тн-с дээш даах чадалтай 1 ширхэг дүйцэхүйц” гэсэн шаардлагад “5 тн-с дээш даах чадалтай 1 ширхэг дагалдуулна” хэмээн тендерийн баримт бичигт тусгасан ба энэ нь тендерийн шаардлагыг үндсэнд нь хангаж байна, мөн гомдол гаргагчийн зүгээс “Захиалагчийн тендерийн баримт бичгийг 3 бүлэг. Техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагын 28-т хурдны хайрцаг-Механик урагшаа 6 шатлалтай, ухрах 1 араатай” гэж заасан байхад “Механик урагшаа 5-6 шатлалтай, ухрах 1 араатай” гэж санал болгосон нь шаардлагад нийцээгүй гэсэн байна. Тендерийн баримт бичгийн 3 дугаар бүлэг Техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагын 22-т Хурдны хайрцаг Механик урагшаа 5-6 шатлалтай, ухрах 1 араатай байна” гэсэн шаардлагад “Механик урагшаа 5-6 шатлалтай, ухрах 1 араатай”, мөн BJ6730 автобусны үзүүлэлт Хурдны хайрцаг ZF6S500 /6 араатай/ хэмээн тендерийн баримт бичигт тусгасан нь мөн энэхүү тендерийн шаардлагыг үндсэнд нь хангаж байна. Тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1-д “2024 болон 2025 онд гүйцэтгэсэн ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагын мэдээллийг шаглах ба хуваарийн дагуу нийлүүлээгүй нь захиалагч байгууллагын нотлох баримтаар нотлогдвол энэ нь тендерээс татгалзах үндэслэл болно” гэсэн ба манай компанийн зүгээс 2024 болон 2025 онд нийлүүлсэн гэрээний материал хүргүүлсэн болно. Нэхэмжлэгчийн зүгээс ТШЗ 18.1-д заасан шаардлагыг биелүүлээгүй буюу 2025 оны гэрээний мэдээлэл ирүүлээгүй ... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна. Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл: 3.1. Гомдол гаргагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн гомдлын үндэслэлдээ: ““............” ХХК нь “........” ХК-ийн ШО/20260102004 дугаар Багц №1, Багц №2 дугаартай “Хүн тээврийн автобус” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерүүдэд оролцож “........” ХК-ийн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2б/278, 2б/279 дугаар албан бичгүүдээр манай хүргүүлсэн материалыг шаардлага хангаагүй буюу ТШЗ-ын 18.1-д заасан 2024-2025 оны ижил төстэй гэрээний туршлагын мэдээлэл ирүүлнэ гэсэн шаардлагыг хангаагүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д заасан чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй гэх ижил үндэслэлээр татгалзсан. Гэтэл ТШЗ-ын 18.1-д “2024-2025 оны аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн 100 хувиас багагүй үнийн дүнтэй Хүн тээврийн автобус нийлүүлсэн гэрээ доод нь 1 удаа гэсэн шаардлага тавигдсан. Нэхэмжлэгчийн зүгээс энэ нөхцлийг бүрэн хангасан 2024 оны худалдан авалтын гэрээ холбогдох баримт бичгийн хамт хүргүүлсэн байхад Үнэлгээний хорооноос 2025 оны ижил төстэй ажил үйлчилгээний гэрээ ирүүлээгүй гэж татгалзсан. Энэ асуудлаар Монгол Улсын сангийн яам 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 03/3041 дүгээр Гомдол хянасан албан бичгээр үндэслэлгүй болохыг мэдэгдсэн. Гэтэл ШО/20260102004 дугаар Тендерийн үнэлгээний хороо 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Багц №1, Багц №2 үнэлгээний хурлаар өмнө шийдвэрээ дахин гаргасан нь ТШЗ-ын 18.1-д заасан шаардлагыг буруу тайлбарлаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17.4-т заасныг хангаагүй гэж дүгнэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2-т заасныг зөрчсөн. Мөн “...........” ХК-ийн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2б/282 дугаар мэдэгдлээр ШО/20260102004 дугаар тендерийн Багц №2-т “........” ХХК-ийг хамгийн сайн тендерээр шалгаруулсан. Гэтэл гуравдагч этгээдийн тендерийн баримт бичиг “Захиалагчийн тендерийн баримт бичгийн III бүлэг. Техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагын 28-т хурдны хайрцаг механик урагшаа 6 шатлалтай, ухрах 1 араатай гэж заасан байхад “..........” ХХК нь Механик урагшаа 5-6 шатлалтай, ухрах 1 араатай гэж санал болгосон нь техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагын 45-т Домкрат 10 тн-оос дээш чадалтай 1 ширхэг гэсэн байхад “.........” ХХК нь 5 тн-оос дээш чадалтай 2 ширхэг” гэсэн тус тус шаардлагад нийцээгүй хамгийн сайн тендерээр шалгаруулж 2б/282 дугаар мэдэгдлийг гаргасан нь хууль бус болсон. Иймд “.........” ХК-ийн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2б/278, 2б/279, “..........” ХК-ийн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2б/282 дугаар мэдэгдлүүдийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, ШО/20260102004 дугаар тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Багц №1, Багц №2-ийн тэмдэглэл, дүгнэлт, зөвлөмжийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “...........” ХК-ийн ШО/20260102004 дугаар сонгон шалгаруулалтын Багц №1, Багц №2-ийн тэмдэглэл, дүгнэлт, зөвлөмжийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “........” ХК-ийн ШО/20260102004 дугаар сонгон шалгаруулалтын Багц №1, Багц №2 тус бүрд “..........” ХХК-ийн ирүүлсэн материалыг дахин үнэлж зохих шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ. 3.2. Гомдол гаргагчийн өмгөөлөгч Ө.Золбоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “........” ХХК-ийн зүгээс “..........” ХК-аас зарласан ШО/20260102004 дугаар тендерийн Багц №1, Багц 2-т сонгон шалгаруулалтад орж тендерийн баримт бичгүүдийг зохих журмын дагуу хүргүүлсэн байгаа. Үүнтэй холбогдуулаад Тендерийн үнэлгээний хорооноос 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн огноотойгоор 2Б/278, 2Б/279 дугаартай албан бичгүүдээр манай хүргүүлсэн тендерийн сонгон шалгаруулалтаас татгалзсан буюу тендерийн баримт бичгийн бүрдлийн шаардлага хангаагүй гэдэг үндэслэлээр манай хүргүүлсэн тендерээс татгалзсан байдаг. Багц 1-ийн хувьд 45 хүний суудалтай хүн тээврийн автобус худалдаж авах сонгон шалгаруулалтыг эхлүүлсэн. Энэхүү сонгон шалгаруулалтад манайх зохих журмын дагуу тендерийн баримт бичиг, тендер шалгаруулалтын зааврын дагуу бүх бичиг баримтуудыг хүргүүлсэн боловч манай хүргүүлсэн баримт бичгүүдээс ижил төстэй бараа үйлчилгээ буюу тендер шалгаруулалтын зааврын 18.1-т заасан ижил төстэй бараа, ажил үйлчилгээний шаардлагыг биелүүлээгүй буюу 2025 оны ижил төстэй ажил үйлчилгээний гэрээ, холбогдох бичиг баримтуудыг хүргүүлээгүй гэдэг агуулгаар манай тендерээс татгалзсан. Гэвч тендер шалгаруулалтын зааврын 18.1-т юу гэж заасан байна вэ гэхээр 2024-2025 аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн 100 хувиас багагүй үнийн дүнтэй хүн тээврийн автобус нийлүүлсэн гэрээ доод тал нь нэг удаа гэдэг шаардлагатайгаар тендер шалгаруулалтын зааварт заасан. Манайхаас хүргүүлж байгаа нь 2024 онд хийж гүйцэтгэсэн Ховд аймагт нийлүүлсэн автобусны гэрээ, Дархан-Уул аймагт тендер шалгаруулалтад нийлүүлсэн гэрээнүүдийг хавсаргаж өгсөн байгаа. Гэтэл хариуцагчаас манайд татгалзаад байгаа үндэслэл нь юу вэ гэхээр 2025 оны гэрээ ирүүлээгүй байна гэдэг байдлаар манай тендерийн баримт бичгээс татгалзаад байгаа юм. Багц 1 дээр манайхаас татгалзаад байгаа үндэслэл нь ердөө л энэ. Гэтэл манайх тендер шалгаруулалтын зааварт заасанчлан 2024, 2025 оныг хэрвээ хоёуланг нь заасан бол энэ нэг удаа гэдэг үг тендер шалгаруулалтын зааварт байх ёсгүй болчихож байгаа юм. Мөн 2024-2025 оны жилд аль нэг жилд нь гэж байгаа юм. Батлагдсан төсөвт үүргийн 100 хувь гэж байгаа юм. Гэтэл тухайн гэрээнүүд нь энд зарлагдаад байгаа 45 хүний суудалтай багц 1-ийн гэрээ бол өөрөө 480,000,000 төгрөгийн өртөгтэй. Гэтэл Ховдод нийлүүлсэн төсөвт өртөг нь 530,000,000 төгрөг. Дарханд нийлүүлсэн төсөвт өртөг нь 100 хувиас давсан байгаа. Гэтэл аль аль тохиолдолд манайх тендер шалгаруулалтынхаа зааварт заасан баримт бичгийнхээ бүрдлийг энэ агуулгаар багц 1 дээр хангаад байгаа. Багц 2 дээр 28 хүний суудалтай автобус худалдаж авахаар тендер зарласан. Мөн тендер шалгаруулалтаас татгалзаад байгаа үндэслэл нь яг адилхан. Тендер шалгаруулалтын зааврын 18.1-т заасан ижил төстэй ажил үйлчилгээний гэрээг ирүүлээгүй. Холбогдох бичиг баримтыг хүргүүлээгүй гэж байгаа. Багц 2 дээр мөн адил өмнөх туршлагыг харуулахын тулд Ховд, Дарханд автобус нийлүүлсэн гэрээнүүдийг мөн адил хавсаргаж өгсөн. Багц 2-ын хувьд төсөвт өртөг нь өөрөө 380,000,000 төгрөг. Энэ нь төсөвт өртгөөсөө давсан учраас 100 хувь гэдэг шалгуурыг хангаж байгаа гэсэн агуулгатай. Гэтэл мөн адил 2025 оны ижил төстэй ажил үйлчилгээг нотлох гэрээ ирүүлээгүй. Мөн маягт 3-ыг бөглөж ирүүлээгүй гэж байгаа юм. Маягт 3 нь юу байна вэ гэхээр ижил төстэй ажил үйлчилгээг нийлүүлж байсан гэх шаардлагыг хангаж байгаа эсэх талаар хүснэгтийг бөглөж ирүүлэх ёстой гэсэн. Бид нар 2024 оныхоо туршлага дээр хангаж байгаа гэдгийг бүгдийг нь бүртгээд маягт 3-ыг 2024 оноор ирүүлсэн. Ийм нөхцөл байдал байхад манайхаас татгалзаад байгаа юм. Гуравдугаарт. Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дээр гуравдагч этгээдээр “...........” ХХК орж ирж байгаа. Уг компанийн хувьд техникийн тодорхойлолтод заагдсан шалгуур үзүүлэлтүүдийг хангахгүй байхад хамгийн сайн тендерээр шалгаруулаад байгаа юм. Энэ нь ямар шаардлагыг хангахгүй байна вэ гэхээр “..........” ХХК-аас ирүүлсэн тендерт захиалагчийн тендерийн баримт бичгийн 3 дугаар бүлэгт техникийн тодорхойлолтод тавигдах шаардлагын 28-д хурдны хайрцаг нь механик, урагшаа 6 шатлалтай, ухрах нэг араатай гэж заасан. “...............” ХХК-ийн хувьд урагшаа механик 5-6 шатлалтай гэж байгаа юм. 5 юм уу 6 юм уу гэдэг нь тодорхойгүй. Санал болгож байгаа машин нь хэрвээ 5 шатлалт араатай бол 5-аараа ирэх ёстой. Тэрнээс 5-6 гэдэг холимог нэг бол 5 араатай, нэг бол 6 араатай болчихдог техник хаа ч байхгүй. 5-6 гэдэг нь тодорхойгүй буюу техникийн тодорхойлолтод зааснаар ирүүлж чадаагүй байна. Урагшаа 5-6, ухрах 1 араатай гэдэг байдлаар техникийн тодорхойлолт ирүүлээд байгаа юм. Тэгэхээр “............” ХХК-ийн санал болгоод байгаа техник нь өөрөө энэ сонгон шалгаруулалтын техникийн тодорхойлолтод заагдаад байгаа шалгуурыг хангаж байгаа юм уу, үгүй юм уу гэдэг нь тодорхойгүй. Энэ асуудлаар “............” ХХК-ийн хувьд Сангийн яаманд гомдол гаргахад энэ байдлыг үнэлсэн. Үнэлэхдээ энэ нөхцөл байдлуудыг тодруул. “............” ХХК-ийг сонгон шалгаруулаад байгаа нөхцөл байдал чинь өөрөө тодорхойгүй байна. Хоёрт. “.............” ХХК-ийн санал болгоод байгаа техникийн тодорхойлолтод заагдаад байгаа. Бас нэг зүйл байгаа нь техникийн тодорхойлолтын 28-д заагдсан 10 тонноос дээш даах чадалтай нэг ширхэг машин өргөгч данхраад гэж байгаа. Данхраад нь 5 тонноос дээш чадалтай 2 ширхэг гэдгээр “..........” ХХК шаардлагад нийцээгүй данхраадыг санал болгоод байгаа юм. 10 тонны 1 ширхэг гэж байхад 5 тонны 2 ширхгийг санал болгож байгаа нь техникийн тодорхойлолтод нийцэхгүй байна гэж үзэж байгаа. Хэрвээ анхнаасаа 2 ширхэг данхраадыг тусад нь байршуулах боломжтой гэсэн бол энэ нь өөрөө тус тусдаа тавигдаж болно. 5, 5 тонноороо урд, хойд тэнхлэгийг нь зэрэг өргөнө. Эсвэл хойд тэнхлэгийг зэрэг өргөх ёстой гэдэг ч юм уу зориулалт нь өөр гэсэн үг. Гэтэл 5 тонны даацтай данхраад хоёрыг санал болгоод тэр нь өөрөө 10 тонн болж байна гэж үзэх юм бол 10 тонн нь өөрөө машины гол тэнхлэгийг голоос нь ганцаараа өргөх шаардлагатай байсан ч юм билүү. Энэ нь өөрөө техникийн тодорхойлолтод заасан 10-аар нэг ширхэг гэдгийг 5-аар хоёрыг санал болгоод байгаа нь техникийн тодорхойлолтод нийцэхгүй байна гэж үзэж байна. Мөн техникийн тодорхойлолтын 30-д заасан галын хор гэсэн хэсэгт нь 5 кг-аас ихгүй 2 ширхэг галын хор гэсэн байгаа. Гэтэл шаардлага хангаагүй галын хор байхад шаардлагад нийцэж байна гэдэг байдлаар санал болгоод байгаа нь өөрөө тендер сонгон шалгаруулалтын үнэлгээний хороо мөн хуульд заасан журмын дагуу ажиллаж чадаагүй байна гэж харж байгаа. Сангийн яам өөрөө гомдол хянан шийдвэрлээд энэ сонгон шалгаруулалт өөрөө 03 дугаар сарын 29-ний өдөр явагдаад “..........” ХХК-ийн зүгээс энэ сонгон шалгаруулалтын үнэлгээнд өмнө нь гомдол гаргасан. Гомдол гаргасантай холбогдуулаад Сангийн яам 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 033041, 033042 гэсэн хоёр албан бичгээр манай гаргасан багц 1, багц 2-ын гомдолд хариу өгөөд байгаа. Адилхан дүгнэгдэж байгаа нэг зүйл нь манай тендер шалгаруулалтын зааврын 18.1-т заасан ижил төстэй ажил үйлчилгээний хэсэг дээр яг адилхан дүгнэлтийг хийж байгаа юм. “............” ХХК-ийн хувьд өмнө хийгдсэн ажил үйлчилгээ, үзүүлсэн үйлчилгээтэй холбоотой шаардлагыг бүрэн хангаад байна гэдэг агуулга гаргасан. Анхнаасаа үнэлгээний хороо тендерийн баримт бичгийг бэлдэхдээ энэ ижил төстэй ажил үйлчилгээг 2024-2025 он гэдэг байдлаар 2 жилийн интервалтай бичсэн байна. Гэхдээ эндээ аль нэг жилд гэдэг үгийг хэрэглээд нэг удаа гэдэг баримт бичгийг хавсаргана гэдгийг баталгаажуулаад өгчихжээ гэдэг байдлаар дүгнээд байгаа юм. Гэтэл үнэлгээний хороо энэ албан бичгийн дагуу дахиж үнэлгээ хийхдээ мөн адил өмнөх шийдвэрийг шууд гаргачхаж байгаа юм. Бид нар 2024, 2025 гэдэг хоёр оны үнэлгээг гаргаж байгаа. Тэгээгүй байсан бол бид нар хоёр жил гэхгүйгээр ганцхан 2024, 2025 оныг заачих байсан юм гээд байгаа юм. Гэтэл яг энэ нь ийм агуулгатай юм уу гээд үнэлгээний хорооны 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлийг харахаар тэр хурлын тэмдэглэлээс гарч байгаа техникийн тодорхойлолтод юу юу заагдах вэ гэдэг шаардлагыг нь харахаар мөн л адил тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заагдаад байгаагаар заагдсан байдаг. 2024-2025 оны жилд нэг удаа гэдэг агуулга байгаа. Гэтэл шийдвэр гаргах болохоор энэ агуулгаа үнэлгээний хороо өөрөөр тайлбарлаад байдаг. Ийм өөрөөр тайлбарлах зүйл биш байна гэдгийг Сангийн яам гомдол шийдвэрлэх явцдаа шийдвэрлэчхээд байхад бид нар заавал Сангийн яамны гомдол шийдвэрлэлтийн дагуу үнэлгээг хийх шаардлагагүй гээд байгаа юм. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 96.1, 2 дээр заагдчихсан байгаа. Дээд шатны захиргааны байгууллагын гаргасан шийдвэрийг доод шатны захиргааны байгууллага заавал биелүүлнэ. Заавал биелүүлэхдээ үнэлгээний хороо заагдсаны дагуу шийдвэрлэх ёстой байсан гэж хараад байгаа. Тэгэхээр энэ сонгон шалгаруулалт өөрөө эцсийн дүндээ яах байсан бэ гэхээр Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль дээр хамгийн сайн үнэлэгдсэн сонгон шалгаруулалтыг хамгийн сайн тендерээр үнэлнэ гээд байгаа. Хэрвээ ижил төстэй ажил үйлчилгээгээр манайхыг унагаагаад байгаа үнэлгээний хорооны шийдвэр буруу юм бол хамгийн сайн үнэлэгдэж байгаа нь манайх байгаад байгаа. “.............” ХХК-ийн хувьд араа буюу хурдны хайрцгийн хувьд 5-6 гэдэг байдлаар тодорхойгүй. Мөн данхраад нь 10 тоннтой нэг ширхэг гэж байхад 5 тоннтой хоёр ширхгийг санал болгож байгаа. Галын хорын хувьд ч гэсэн техникийн тодорхойлолтоос зөрүүтэй байгаа нь өөрөө энэ сонгон шалгаруулалтын хамгийн сайн нь байж чадахгүй байна. Тэгэхээр манай нэхэмжлэлийн шаардлагын хувьд сүүлд мэдэгдээд байгаа хоёр мэдэгдэл, “.........” ХХК-д танайх хамгийн сайнаар шалгарлаа гэж мэдэгдээд байгаа мэдэгдэл гээд нийт 3 мэдэгдэл, үнэлгээний хороо багц тус бүр дээр шийдвэр гаргаад байгаа шийдвэрүүд, энд тэмдэглэл, дүгнэлт, зөвлөмж гэдэг агуулгаар гурвууланг нь оруулчихсан байгаа. Энэ бүхний явцад үнэлгээний хороо шийдэхдээ буруу шийдсэн юм байна. Үнэлгээний хорооны шийдвэрээс улбаалаад захиалагчаас ирсэн мэдэгдлүүд өөрөө хуульд нийцээгүй юм байна. Ийм учраас тэмдэглэл, зөвлөмж, мэдэгдлүүдийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулж өгнө үү гэсэн шаардлага гаргасан. Энэ бүхний явцад хэрвээ энэ мэдэгдлүүд бүгд хүчингүй болох юм бол үнэлгээний хороо дахиж шийдвэр гаргах шаардлагатай болно. Тэгэхийн тулд хуулиар тавигдсан байгаа нөхцөл шаардлагын дагуу тендерийн баримт бичгүүдийг дахин үнэлэхийг даалгаж өгөөч гэсэн шаардлагуудыг гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байгаа” гэв. 3.3. Хариуцагч “..........” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...“........” ХК-аас ШО/2024260102004 гэсэн багц1, багц2-той сонгон шалгаруулалтыг зарласан. Нэгдүгээр багц нь 45 хүний суудалтай, хоёрдугаар багц нь 28 хүний суудалтай. Үнэлгээний хорооны гаргасан шийдвэр бол бид нар тендерийн баримт бичгийн 18.1 дээр ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээний туршлагын шаардлага гэж байгаа юм. Энэ дээр 24-25 гээд тавьчихсан. Хоёрдугаарт нь 2024 оны аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн 100 хувиас багагүй дүнтэй хүн тээврийн автобус нийлүүлсэн гэрээ доод тал нь нэг удаа гэж заасан байгаа. Үнэлгээний хороо 2 жилийн мэдээлэл шаардахаар тусгасан. Хэрвээ бид нар нэг жилийн мэдээлэл шаардах байсан бол 18.1 дээр гэрээний туршлагын шаардлага гэдэг дээр 2024-2025 он гээд тавьчихсан байгаа. Хоёрдугаарт нь ижил төстэй ажил үйлчилгээний туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо, ижил төстэй өртөг гэдэг нь Худалдан авах ажиллагааны тухай хууль дээрээ хоёр өөр шалгуур үзүүлэлт. Баримт бичгийг цахим системд оруулахад 3 сонголт гарч ирдэг. Туршлагын мэдээлэл шаардагдах огноо, ижил төстэй ажлын өртөг, гүйцэтгэгчээр ажилласан жилийн тоо гээд энэ нь өөрөө 3 тусдаа сонголт явж байдаг. Ижил төстэй ажлыг бид нар 2024, 2025 он гэж заасан. Гэвч “...........” ХХК зөвхөн 2024 оны мэдээлэл ирүүлсэн. Бид нар ижил төстэй ажлын өртөг 100 хувиас багагүй байх гэдгийг үнэлэхдээ “............” ХХК-ийн 2024 онд гүйцэтгэсэн 3 гэрээг ижил төстэй ажлын өртөгт тооцож явсан. Тендерийн баримт бичгийн 3 дугаар маягтын хувьд ижил төстэй бараа нийлүүлсэн мэдээллийг хүснэгт байдлаар буюу захиалагчийн мэдээллийг, холбоо барих дугаартай нь ирүүлдэг. Уг компани 2025 оны гэрээний мэдээллээ энэ маягтын дагуу ирүүлсэн бол бид нар эндээс лавлах зүйлийг нь захиалагчаас лавлаад тодруулаад үнэлгээнд харгалзаж болох байсан. Гэвч ямар ч 2025 оны гэрээний мэдээлэл ирүүлээгүй. Яагаад 2025 оны мэдээлэл ирүүлэх вэ гэхээр гэрээ хэрэгжүүлэх чадварыг үнэлэхэд гол нь ашиглагддаг. 2025 онд гэрээ хэрэгжүүлсэн эсэх нь тодорхойгүй. Мөн 2025 онд гэрээ хэрэгжүүлсэн байсан ч гэрээний үүргийг цаг хугацаандаа чанартай хийж гүйцэтгэсэн гэсэн мэдээлэл байхгүй. Энэ нь хамгийн гол нь чанартай, чанаргүй хийж гүйцэтгэсэн талаарх нотлох баримт юм. Уг сонгон шалгаруулалттай холбоотой ямар нэгэн тодруулга, лавлагаа, 2024-2025 он гээд буруу ойлголттой байна гэдэг талаар лавлагаа авах байсан бол Худалдан авах ажиллагааны тухай хуулийнхаа 57, 58 дугаар зүйлийн дагуу захиалагч болон Монополын эсрэг газарт энэ талаар гомдол гаргаж болох байсан. Тийм нөхцөл байдал нь нээлттэй байсан. Иймд үнэлгээний хороо 2024, 2025 оны хоёр жилийн мэдээлэл ирүүлнэ гэсний дагуу 2025 оны мэдээлэл ирүүлээгүй буюу маягтын дагуу мэдээлэл гаргаж ирүүлээгүй тул бүрэн бус тендер байна гэж үзээд үнэлгээний хороо татгалзсан. Техникийн тодорхойлолтын хувьд данхраад, галын хор гээд энэ бол Худалдан авах ажиллагааны тухай хуулийн 26.7–д заасан тендерээс татгалзах томоохон зөрүү биш гэж үнэлгээний хороо үзсэн. Чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж тооцсон. Бид нар 2024-2025 оны хоёр жилийн мэдээллийг хоёр тусдаа үзүүлэлтийг нэг үзүүлэлт болгож Сангийн яам ч бас үнэлсэн. Үнэхээр бид нар 2026 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 07 дугаар сарын 06-ны өдөр хоёр өдрийн сургалтад хамрагдана гээд сургалтын хөтөлбөр гарсан бол тэрийг нэг өдрийн хөтөлбөр гэж хэн ч уншихгүй. Хоёр хоногийн хөтөлбөр гэж харна. Та 5-наас 6-ны өдөр сургалтад суусан уу, хэдэн өдрийн сургалтад суусан бэ гэж асуухад хүн 2 өдрийн сургалтад суусан гэж хариулна. Хэзээ ч нэг өдрийн сургалтад суусан гэж хариулахгүй. Тэгэхээр үнэлгээний хороо өөрсдийнхөө тавьсан шаардлагынхаа дагуу бүрэн бус техник байна гэж үзсэн. Бид нар үнэлгээ хийхдээ аль нэг компанитай утсаар холбогдож лавлагаа авах зүйл байгаагүй. Бид нар лавлагаа авах шаардлагагүй байсан. Энэ нөхцөл байдал дээр оролцогчдын өгсөн материалын дагуу үнэлсэн...” гэв. 3.4. Гуравдагч этгээд “............” ХХК-ийн өмгаалагч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай “..........” ХХК бол БНХАУ-ын томоохон улсын үйлдвэрүүдийн нэг болох Ботон үйлдвэрийн Монгол улс дахь албан ёсны дистрибьютор болсон. 2023 оноос тус үйлдвэрийн хүнд даацын машин хүн тээврийн автобусыг борлуулах, борлуулалтын дараах үйлчилгээ, сэлбэг борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани байгаа юм. Нэхэмжлэгчийн зүгээс нэгдүгээрт нь тендер шалгаруулалтын зааварт зааснаар 2024-2025 оны ажлын туршлага, энэ хоёр жилийн мэдээллийг өгөх ёстой атал энэ шаардлагыг зөрчөөд зөвхөн 2025 оны мэдээлэл баримтуудыг ирүүлсэн учраас тендерийн үнэлгээний хороо татгалзсан байна. Тендерийн шалгаруулалтын зааварт заасны дагуу энэ шаардлагыг хангаагүй гэж үзсэн нь үндэслэлтэй байна гэж гуравдагч этгээдийн хувьд үзэж байгаа. Манайх бол 2024 оны бүх ажлын туршлагатай холбоотой гэрээ материалуудыг хүргүүлсэн. 2025 оны борлуулалтын гэрээ бүх баримтуудыг мөн хүргүүлсэн байгаа. Гэтэл “...........” ХХК бол зөвхөн 2025 оны гэрээтэй холбоотой мэдүүллүүдийг өгсөн учраас тендерийн үнэлгээний хороо татгалзсан гэдэг нь үндэслэлтэй гэдгийг дахин хэлье. Ижил төстэй ажлын өртөг 100 хувиас дээш өртөгтэй гэрээг нэг удаа бүрдүүлчихвэл шаардлага хангачихна гэж ойлгоод байна. 2024, 2025 оны борлуулалт хийсэн нэг гэрээ нь саяны хэлсэн үнийн дүнгээс дээш байх ёстой гэсэн шаардлага тавьсан. Олон борлуулалтын гэрээ, ажлын туршлагатай холбоотой гэрээнүүдийн зөвхөн нэг нь л тэр шаардлагыг хангаж байх ёстой гэсэн үзүүлэлт байгаа. Үүнийг зөвхөн нэг л удаагийн гэрээ байхад болох мэтээр тайлбарлаж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Хоёрдугаарт манайх багц 2-т оролцсон. Тендер шалгаруулалтын заавар тодорхойлолтод зааснаар механик араа урагшаа 6, арагшаа нэг байх ёстой гэсэн шаардлагыг хангаагүй гээд 3 дугаар бүлгийн 28-д заасныг хангаагүй гээд байна. Манай “............” ХХК-ийн техникийн тодорхойлолтод зааснаар бол урагшаа 5-6 шатлалтай, арагшаа 1 механик араатай байна гэсэн техникийн үзүүлэлт бүхий автобусыг санал болгосон. 6 гэдэг чинь дээд талынх нь шатлал. Тэгэхээр энэ 6 араатай гэсэн үг. 5 араатай гэсэн байсан бол үнэхээр нэхэмжлэгчийн яриад байгаа шиг шаардлага хангахгүй. 5-6 гэдэг чинь дээд тал нь 6 гэдэг техникийн үзүүлэлтийг тодорхойлсон тодорхойлолт байгаа юм. Хэрэв манайх 5 араатай нийлүүлсэн бол нэхэмжлэгч ийм зүйл ярьж болно. 5-6 араатай автобусны аль нэг нь байх ёстой. Тэгэхээр үндсэндээ тендер шалгаруулалтын зааварт заасан 3.28-д заасныг хангаж байгаа гэж гуравдагч этгээдийн зүгээс үзэж байна. Гуравдугаарт. 10 тонноос дээш 1 ширхэг данхраад байна гэж байхад “...........” ХХК 5 тонноос дээш 2 ширхэг данхраад байна гэсэн техникийн үзүүлэлт бүхий баримт бүрдүүлсэн нь үндэслэлгүй гэж үзээд байх шиг байна. Манайх бол 28 хүний суудалтай жижиг автобусны тендерт орсон. Өөрөөр хэлбэл 5 тонноос дээш гэсэн үг. Тэгэхээр 5 тонноос дээш 2 данхраад байна гэдэг үзүүлэлтийг харин ч давуулсан биелүүлж байгаа юм. Иймд энэ шаардлагыг хангасан байна гэж үзээд тендерийн шалгаруулалтын хороо үзсэн. Галын хорын тухайд нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлага дээр дурдагдаагүй зүйл яриад байх шиг байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж хэлье. Хариуцагч түрүүн бас хэлсэн тендер шалгаруулалтын татгалзах үндэслэлд хамаарахгүй гэдэгтэй санал нэг байна...” гэв. ҮНДЭСЛЭХ НЬ: | Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 4. “..........” ХК нь 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/04 дүгээр тушаалаар 2026 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд 2ш хүн тээврийн автобус худалдан авахаар төлөвлөж, 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/15 дугаар тушаалаар батлагдсан Үнэлгээний хороо нь уг сонгон шалгаруулалтыг Техникийн бодлогын хэлтэсээс ирүүлсэн техникийн тодорхойлолтын дагуу баримт бичгийг боловсруулан 2 багцад хуваан 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарласан байна. Ингээд “.............” ХХК-аас гомдол гаргасан тул Монополын эсрэг газраас 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 04/410 дугаар албан мэдэгдлээр сонгон шалгаруулалтыг түдгэлзүүлж, 2026 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 01/470 дугаар албан мэдэгдлээр техникийн тодорхойлолтын 26-д хөдөлгүүрийн багтаамжийг 7200сс-7255сс гэж заасан нь хууль зөрчсөн байх тул баримт бичгийн техникийн тодорхойлолтод өөрчлөлт оруулан зөрчлийг арилган сонгон шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулахыг даалгасан бөгөөд 2026 оны 3 дугаар сарын 09-ний өдөр тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод хөдөлгүүрийн багтаамжийг “7200сс болон түүнээс дээш байх” гэсэн өөрчлөлтийг оруулан сонгон шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулжээ. 4.1. Үнэлгээний хороо 2026 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар оролцогч “........” ХХК-ийн мартериалыг үнэлэхэд оролцогч нь 2025 оны ижил төстэй гэрээний мэдээлэл ирүүлээгүй нь ТББ-ын өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1-д заасан шаардлагыг хангаагүй гэж үнэлэгдсэн тул 2б/235 дугаар албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д заасан чадварын шалгуур үзүүлэлт шаардлагыг хангаагүй тул тендерээс татгалзсан тухай мэдэгдэл хүргүүлсэн боловч нэхэмжлэгч захиалагчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан тул тус яамнаас 2026 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 03/2554 дүгээр албан бичгээр сонгон шалгаруулалтыг түдгэлүүлж, 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 03/3042 дугаар албан бичгээр ШО/20260102004 Багц 01 дугаартай сонгон шалгаруулалтад оролцогч “............” ХХК-аас ирүүлсэн гомдлыг хянан үзэж ТББ-ийн өгөгдлийн хүсэнгтийн 18.1-д заасан 2024-2025 оны аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн 100 хувиас багагүй байна гэсэн шаардлагад нийцэж байхад 2025 оны гэрээний мэдээлэл ирүүлээгүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна гэж шийдвэрлэжээ. 4.2. Дээрх шийдвэрийн дагуу Үнэлгээний хороо нь 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хуралдаж, оролцогч “...........” ХХК-ийн материалыг дахин үнэлэхдээ ТББ-ийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1-д заасан 2024 болон 2025 оны ижил төстэй гэрээний мэдээлэл ирүүлнэ гэсэн шаардлагыг хангаагүй гэж үнэлсэн тул 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2б/278, 2б/279 дугаар албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т заасан чадварын шалгуур үзүүлэлт шаадлагыг хангаагүй тул тендерээс татгалзсан тухай мэдэгдлийг хүргүүлсэн байна. 4.3. Нэхэмжлэгчээс “Захиалагчийн тендерийн баримт бичгийн II бүлэг. Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 14.1-д ТШЗ-ын III болон IV бүлэгт заасан маягтуудыг маягтын дагуу гарган ирүүлээгүй тохиолдолд шаардлага хангаагүй гэж үзэн татгалзах үндэслэл болно” гэж заасан байх бөгөөд манай тендерийн баримт бичигт өгөгдсөн маягтуудын дагуу ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээний мэдээллийг илгээсээр байтал захиалагч ижил төстэй гэрээний мэдээллийг маягт 3-н дагуу гарган ирүүлээгүй гэж татгалзсан нь үндэслэлгүй байна. Захиалагчийн тендерийн баримт бичгийн II бүлэг. Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1-д “Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний туршлагын шаардлага “2024-2025” оны аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн 100 хувиас багагүй үнийн дүнтэй хүн тээврийн автобус нийлүүлсэн гэрээ доод тал нь 1 удаа” гэж заасан ба манайх 2024, 2025 оны аль нэг жилд буюу 2024 онд гүйцэтгэсэн ижил төстэй болох 2024 оны гэрээний мэдээллийг тендерт илгээсэн. Гэтэл захиалагч 2024 эсвэл 2025 оны аль нэг жилийн туршлагын мэдээлэл ирүүлж болно гэж шаардсан мөртлөө 2025 оны гэрээний мэдээлэл ирүүлээгүй учраас манай тендерээс татгалзаж байна; Мөн захиалагчийн тендерийн баримт бичгийн III бүлэг. Техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагын 28-т хурдны хайрцаг-механик урагшаа 6 шатлалтай, ухрах 1 араатай гэж заасан байхад “...........” ХХК нь Механик урагшаа 5-6 шатлалтай, ухрах 1 араатай гэж санал болгосон нь тухайн нийлүүлэхээр санал болгож буй автобус нь шаардлагад нийцээгүй байна. Мөн техникийн тодохойлолт, тавигдах шаардлагын 45-т Домкрат 10 тн-оос дээш чадалтай 1 ширхэг гэсэн байхад “..........” ХХК нь 5 тн-оос дээш чадалтай 2 ширхэг гэсэн шаардлагад нийцээгүй” гэж тус тус маргажээ. 5. “..........” ХК-ийн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2б/278, 2б/279 дүгээр мэдэгдлүүдийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухайд: 5.1. Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Захиалагч тендер хүлээн авах эцсийн хугацаа дууссанаас хойш нэг цагийн дотор тендерийг нээнэ”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиалагч тендер нээсэн даруй тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг эхлүүлж, энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийн аль нэгийг тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор гаргана”, 50 дугаар зүйлийн 50.2-т “Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 50.2.2. “тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх”; 50.2.3. “захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх”, 51 дүгээр зүйлийн 51.7-д “Үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэж тус тус заасан ба хуулинд заасан бүрэн эрхийн хүрээнд тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх ажиллалгааг бүрэн хэрэгжүүлжээ. 5.2. Мөн тэрээр Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Захиалагч гэрээний үүрэг гүйцэтгэхэд сонирхогч этгээд болон оролцогчид тавигдах зайлшгүй шаардлагад үндэслэсэн санхүүгийн болон техникийн чадавх, туршлагын талаар хангавал зохих доод шаардлага, шалгуур үзүүлэлтийг тендер шалгаруулалтын баримт бичигт заана”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ”, 26.4-д “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ”, 26.4.1. “энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх” гэж тус тус зааснаар тендерийг хянан үзэж холбогдох шийдвэрүүдийг гаргасан нь хуульд нийцсэн байна. 5.3. Маргаан бүхий ТББ-ийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1-д заахдаа “Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний туршлагын шаардлага: “2024-2025 он” ... гэсэн байх бөгөөд уг хүснэгтийн доор тайлбар хэсэгт “2024 болон 2025 онд гүйцэтгэсэн ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагын мэдээллийг шалгах ба хуваарийн дагуу нийлүүлээгүй нь захиалагч байгууллагын нотлох баримтаар нотлогдвол энэ нь тендерээс татгалзах үндэслэл болно.” гэсэн тайлбартай бичигдсэнээс үзвэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр “...ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний туршлагын шаардлага 2024-2025 он гэдэг нь 2024-2025 оны аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн 100 хувиас багагүй үнийн дүнтэй Хүн тээврийн автобус нийлүүлсэн гэрээ доод тал нь 1 удаа гэж байгаа нь хоёр өөр утгыг илэрхийлж байгаа юм...” гэж тайлбарласныг буруутгах үндэслэлгүй байна. Учир нь ТББ-ийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1-д заасан заалтаа доор нь тодруулан тайлбарласныг нэхэмжлэгч анхаарч үзээгүй гэж үзэхээр байна. 5.4. “..............” ХХК-ийн тендерт санал болгож ирүүлсэн баримт бичиг нь Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн 18.1-т заасан туршлагын мэдээлэлийн шаардлагыг хангахгүй гэж тухайн тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны шийдвэр, захиалагчийн шийдвэр болон “..........” ХХК-ийг шаардлагад нийцсэн хамгийн сайн тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрүүд нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 26.10-д “Энэ хуулийн 26.9-д зааснаас бусад тендер болон дараах тендерийг шаардлага хангаагүй гэж үзэж татгалзана” гэж заасныг зөрчөөгүй гэж дүгнэлээ. 5.5. Мөн Монгол Улсын Сангийн яам нь 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 03/3041 дугаар гомдол хянасан тухай албан бичгээр “...автобусны дагалдах хэрэгсэл болох домкрат, галын хорыг захиалагчийн заасан доод хэмжээтэй гэж ирүүлснийг техникийн тодорхойлолтын “28. Домкрат 5 тн: 5 тн-с дээш даах чадалтай байна. 1 ширхэг Дүйцэхүйц” гэж “30.Галын хор: 5 кг ихгүй 2 ширхэг галын хортой байна. Дүйцсэн гэсэнд нийцсэн гэж үзсэн захиалагчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна...” гэж ирүүлжээ. 5.6. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-д "Тендер шалгаруулалтын баримт бичиг" гэж захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага, аргачлалыг тодорхойлсон баримт бичгийг ойлгохоор заасан бөгөөд тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/, Өгөгдлийн хүснэгт /ӨХ/, техникийн тодорхойлолт, тавигдах шаардлага, түүнд заасан маягтууд бүхэлдээ тендерийн баримт бичгийн бүрдэл хэсэгт хамаардаг. 5.7. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.18-д "техникийн тодорхойлолт" гэж худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд тавигдах технологийн шаардлага, даалгаврыг тодорхойлсон бүрдүүлбэрийг ойлгохоор заасан тул техникийн тодорхойлолтод заасан техникийн үзүүлэлтийг хангасан эсэхийг тендерийн Үнэлгээний хороо хянан үзнэ. Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтыг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана” гэж зааснаар Тендер шалгаруулалтын баримт бичиг, Тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/, Техникийн тодорхойлолт, тавигдах шаардлага, Өгөгдлийн хүснэгт /ӨХ/-д заасан нөхцөл, шаардлагын дагуу тендерийг хянан үзэж, үнэлгээг хийсэн байна. 5.8. “...........” ХХК-ийн санал болгосон Хүн тээврийн автобус нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ”, 26.4.1. “энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх” гэж заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. 5.9. Иймд “.........” ХХК-ийн тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны шийдвэр /Үнэлгээний хорооны тэмдэглэл, зөвлөмж/, уг шийдвэрийг үндэслэн гаргасан “...........” ХК-ийн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2б/278, 2б/279 дүгээр “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй, уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж дүгнэв. 6. .........” ХК-ийн ШО/20260102004 дугаар сонгон шалгаруулалтын Багц №1, Багц №2 тус бүрд “...........” ХХК-ийн ирүүлсэн материалыг дахин үнэлж зохих шийдвэр гаргахыг даалгуулах шаардлагын тухайд: 6.1. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “..........” ХХК-ийн тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны шийдвэр болон түүнийг үндэслэсэн захиалагч “...........” ХК-ийн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2б/278, 2б/279 дүгээр “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгүүд нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул “........” ХК-ийн ШО/20260102004 дугаар сонгон шалгаруулалтын Багц №1, Багц №2 тус бүрд тус компанийн ирүүлсэн материалыг дахин үнэлж зохих шийдвэр гаргахыг даалгуулах нэхэмжлэл хангагдах хууль зүйн үндэслэлгүй юм. 7. “..........” ХК-ийн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 25/282 дугаар мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, ШО/20260102004 дугаар тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Багц №01, Багц №02-ийн тус бүр тэмдэглэл, дүгнэлт, зөвлөмжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухайд: 7.1. Үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ, 27 дугаар зүйлийн 27.1-д Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ гэж зааснаар “...........” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. 7.2. Тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод Багц №1 буюу 45 хүний суудалтай хүн тээврийн автобусын техникийн үзүүлэлтийг нийт 56, Багц №2 буюу 28 хүний суудалтай хүн тээврийн автобусын техникийн үзүүлэлтийг нийт 39 төрлийн үзүүлэлтээр шаардлага хангасан байхаар баталсан. 7.3. Нэхэмжлэгчээс техникийн тодохойлолт, тавигдах шаардлагын 45-т Домкрат 10 тн-оос дээш чадалтай 1 ширхэг гэсэн байхад “............” ХХК нь 5 тн-оос дээш чадалтай 2 ширхэг гэсэн шаардлагад нийцээгүй гэж маргаж байгаа бөгөөд тендерт оролцогч “.............” ХХК нь шаардлага болон техникийн тодорхойлолтод заагдсан утгыг илэрхийлсэн баримт бичиг ирүүлсэн тул шаардлага хангасан гэж дүгнэсэн Үнэлгээний хорооны шийдвэрийг буруутгах үндэслэлгүй. Учир нь “..........” ХХК нь “............” ХК-аас зарласан ШО/20260102004 Багц №02 дугаартай Хүн тээврийн автобус нийлүүлэх нийлүүлэгчийг сонгох сонгон шалгаруулалтад оролцсон бөгөөд уг Багц №02 буюу 28 хүний суудалтай автобусны техникийн тодорхойлолтод Хурдны хайрцаг Урагшаа 5-6 шатлалт, ухрах араа 1 араатай байна, Домкрат 5 тн: 5 тн-с дээш даах чадалтай 1 ш гэж заасан шаардлагад нийцсэн баримт бичиг ирүүлсэн байна. 7.4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд худалдан авах ажиллагааны хэд хэдэн үе шатууд /тендер нээх, тендер хянан үзэх, тендерийг үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох/-ыг зохицуулсан. Тухайлбал: Хуулийн 26 дугаар зүйлд Тендерийг хянан үзэх, 27 дугаар зүйлд Тендер үнэлэх, 30 дугаар зүйлд Гэрээ байгуулах гэжээ. Уг зохицуулалтын дагуу тухайн тендерийг хянан үзэхэд мөн зүйлийн 26.9-д заасан шаардлагад нийцсэн тохиолдолд дараагийн буюу хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан Тендер үнэлэх, 30 дүгээр зүйлийн 30.1-д заасан Гэрээ байгуулах зэрэг тендерийн бусад шат дараалсан ажиллагаанууд хийгдэхээр хуульчлагдсан. 7.5. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гарган”,: 28.1.1. “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох”, 28.2-т “Энэ хуулийн 28.1.2, 28.1.3-т заасан шийдвэрт түүний тендер шалгараагүй, эсхүл татгалзсан үндэслэлийг болон гэрээ байгуулах эрх олгосон оролцогчийн нэр, гэрээ байгуулах үнэ зэргийг зааж оролцогч тус бүрд нэгэн зэрэг мэдэгдэнэ”, 30 дугаар зүйлийн 30.1-д “Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ”, 48 дугаар зүйлийн 48.2.4-д “энэ хуульд заасан хугацаанд шийдвэр гаргах” гэж тус тус зааснаар захиалагч нь Үнэлгээний хорооны зөвлөмжийг үндэслэн тендерээс татгалзах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах зэрэг тендер сонгон шалгаруулалтын шат дараалсан ажиллагааны шийдвэрүүдийг гаргасан. 7.6. Иймд дээрх үндэслэлүүдээр тендер сонгон шалгаруулалтын ажиллагаанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасан зарчмууд хангагдсан байна гэж дүгнэв. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.4.4, 26.9, 28 дугаар зүйлийн 28.1, 28.1.1, 28.1.3, 50 дугаар зүйлийн 50.2.2, 50.2.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “............” ХХК-ийн “............” ХК болон тус компанийн тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “...........” ХК-ийн 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2б/278, 2б/279 дүгээр мэдэгдлүүдийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “............” ХК-ийн 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2б/282 дугаар мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, ШО/20260102004 дугаар Тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Багц №1, Багц №2 тус бүрийн тэмдэглэл, дүгнэлт, зөвлөмжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “............” ХК-ийн ШО/20260102004 дугаар сонгон шалгаруулалтын Багц №1, Багц №2 тус бүрд “.............” ХХК-ийн ирүүлсэн материалыг дахин үнэлж зохих шийдвэр гаргахыг даалгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. | | | | | ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ | |