Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2017/02326

 

2017 оны 11 сарын 08 өдөр

 

Дугаар 210/МА2017/02326

 

 

 

 

 

 

 

 

 

О.Дүүриймаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ш.Оюунханд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2017/01968 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч О.Дүүриймаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ц.Эрдэнэцэцэгт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 5 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй

Барааны үнэд 6 600 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Эрдэнэцэцэгт 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 5 000 000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөгийг тус тус зээлсэн ба тухайн үед ямар нэгэн зээлийн гэрээ байгуулаагүй. Ц.Эрдэнэцэцэг нь зээлсэн 6 000 000 төгрөгөө өгөлгүй удсан учир 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр цуг нотариатаар орж зээлсэн 6 000 000 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Зээлдэгчийн хувьд мөнгө зээлснээс хойш 500 000 төгрөг өгсөн ба дахин нэг ч төгрөг төлөөгүй. О.Дүүриймаа Солонгос Улсад очсон хойноо хүртэл мөнгөө нэхэхэд эгч нь ямар ч байсан мөнгийг нь өгнө гэж ярьж, мессэж бичиж байсан. Хавтаст хэргийн 6 дугаар талд мөнгө хүлээж авсан баримт байдаг. Иймд зээлийн гэрээний үүрэгт 5 500 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлд бодит байдлыг илтэд мушгин гуйвуулж бичсэн байна. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ц.Эрдэнэцэцэг нь 6 000 000 төгрөг зээлдэж авсанд маргадаггүй. 2015 оны 6 дугаар сард О.Дүүриймаад зээлийн төлбөртөө 10 000 000 төгрөгийн бараатай лангуугаа хүлээлгэж өгөөд, 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гэрээ хийгдсэн. 2015 оны 09 дүгээр сард О.Дүүриймаа Солонгос Улс руу явах боллоо гээд лангууг 3 400 000 төгрөгний бараатай буцааж хүлээлгэж өгсөн. 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр болон 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээ дуусгавар болсон. Зээлийн гэрээ дуусгавар болоогүй гэж үзэж байгаа бол зарагдсан барааны үнэ болох 6 600 000 төгрөгийг буцааж өгөх үүрэгтэй гэж үзэж байна. Мөнгөн завъяа дэлгүүрт байрлах 10 000 000 төгрөгийн бараа бүхий лангууг 2015 оны 6 дугаар сард хүлээлгэн өгөөд тухайн бараанаас О.Дүүриймаа нь зээлүүлсэн мөнгөө гарган авч төлбөр тооцоог дуусгахаар харилцан тохиролцсон. Хэрэв зээлийн мөнгийг тухайн гэрээнд харилцан тооцоогүй байсан бол 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Мөнгөн эдлэл худалдах, худалдан авах гэрээнд төлбөр тооцоо дууссан гэж бичихгүй байсан. Ц.Эрдэнэцэцэг болон О.Дүүриймаа нар тухайн зээлсэн мөнгийг лангуунд байсан ижил, төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгөөр харилцан тохиролцож төлсөн. Өөрөөр хэлбэл О.Дүүриймаа нь харилцан тохиролцсоныхаа дагуу зээлийн гэрээний үүргийг дуусаагүй гэж байгаа бол тухайн 6 600 000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй. Иймд сөрөг нэхэмжлэлийн хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Мөнгөн эдлэл зардаг лангууг нь түрээслэн, мөнгөн эдлэл худалдах, худалдан авах гэрээг 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хийсэн. 6 000 000 төгрөг зээлдэж аваад өгөхгүй удахаар нь 2015 оны 09 дүгээр сард нөхөж гэрээ байгуулсан бөгөөд зээлдэж авсан мөнгөө 9 дүгээр сарын 5-нд төлөхөөр тохирсон. Хэрвээ Эрдэнэцэцэг нь Дүүриймаагаас авлагатай байсан бол өмнө зээлдэж авсан мөнгөнийхөө талаар нөхөж гэрээ хийхгүй байсан бөгөөд мөнгөн эдлэл худалдах гэрээнээс хойш байгуулагдсан. Тухайн лангуу Мөнгөн завьяа ХХК-ийн өмч хөрөнгө бөгөөд сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж үзэж байна. Үндсэн нэхэмжлэл бол мөнгө зээлдүүлсэн. Сөрөг нэхэмжлэл мөнгөн эдлэлийн лангууг түрээслэн ажиллаж байсантай холбоотой байгаа. Дүүриймаа сургуульд суралцах болоод буцаагаад лангууг нь удалгүй өгсөн тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Эрдэнэцэцэгээс 5 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Дүүриймаад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Ц.Эрдэнэцэцэгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Дүүриймаагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 8 000 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, хариуцагч Ц.Эрдэнэцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 102 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Эрдэнэцэцэгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 121 000 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Зохигчдын хооронд үүссэн зээлийн гэрээний үүргийг талууд "Мөнгөн завъяа дэлгүүрт байрлах 10 000 000 төгрөгийн бараатай лангууг 2015 оны 06 дугаар сард хүлээлгэн өгч тухайн мөнгөн эдлэлээс нэхэмжлэгч нь зээлүүлсэн мөнгөө авахаар харилцан тохиролцсон. Тиймээс "Мөнгөн эдлэл худалдах, худалдан авах гэрээ"-д төлбөр тооцоо дууссан гэж бичсэн. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны явцад "Мөнгөн завъяа" дэлгүүрт байрлах мөнгөн эдлэлийг төлбөр гэж мөнгө төлж байгаагүй талаар хэлсээр байхад нотлох баримтыг хэмжээнд үнэлж шийдвэрлээгүй. Зохигчид зээлийн гэрээний харилцааг дуусгавар болгохоор тохиролцсон тохиролцоонд хууль зүйн хувьд дүгнэлт өгөөгүйг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Мөнгөн завъяа худалдааны төвийн лангуунд байрлах мөнгөн эдлэлийг хүлээн аваагүй гэдэг тайлбар нь мөнгөн эдлэл худалдах, худалдан авах гэрээ болон гэрчийн мэдүүлгээр няцаагдсан байхад тухайн нотлох баримтад үнэлэлт өгөөгүйг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн сөрөг нэхэмжлэлийг хэрэгт хамааралгүй гэж үзэж хүлээн авахаас татгалзсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч О.Дүүриймаа нь хариуцагч Ц.Эрдэнэцэцэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5 500 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээний үүрэгт тооцож өгсөн барааны үнэд 6 600 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Ц.Эрдэнэцэцэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлүүлэн оролцуулахаар У.Түвшинд итгэмжлэл олгосон /хх-34/ байхад анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшинд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг нь тайлбарлаж өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-т заасныг зөрчсөн байна.

Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэйн зэрэгцээ мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах зорилгоор гэрчээс мэдүүлэг авахуулах хүсэлт гаргах эрхтэй.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох зорилгоор гэрчээс мэдүүлэг авахуулах тухай хүсэлт /хх-61, 82/ гаргасныг шүүх ...гэрчийн мэдүүлэг авахуулахаар урьдчилан авчирч, дараа нь хүсэлт гаргаж байгаа нь гэрчид нөлөөлсөн байх магадлалтай, үнэн зөв мэдүүлэг өгөхөд эргэлзэж байна /хх-73-74, 83/ гэж үндэслэлгүй дүгнэлт хийж хангахгүй орхисон нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

 

Түүнчлэн анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт зааснаар хүлээн авч, сөрөг нэхэмжлэлийг хариуцагчид гардуулах ажиллагааг явуулсан мөртлөө үндсэн шаардлагатай нэг төрлийн, нэг маргаантай асуудалд хамааралгүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дах хэсэгт заасантай нийцээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, сөрөг нэхэмжлэл нь үндсэн шаардлагатай нэг төрлийн, эсхүл нэг маргаантай холбоотой байхаас гадна үндсэн болон сөрөг нэхэмжлэл нь хоорондоо харилцан холбоотой, тэдгээрийг хамтатган шийдвэрлэх нь маргааныг үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болохыг, түүнчлэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байсан тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг анхаараагүй байна.

 

Мөн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2, 118.3 дах хэсэгт заасныг тус тус зөрчиж, шүүхийн шийдвэрийн удиртгал болон тодорхойлох хэсэгт сөрөг нэхэмжлэлийн агуулгыг орхигдуулжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2017/01968 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Н.БАТЗОРИГ