| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 177/2018/0116/э |
| Дугаар | 125 |
| Огноо | 2018-07-09 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 125
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Алтан даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор: Х.Энхтуул,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.Цагцалмаа,
Шүүгдэгч: Д.Г, Х.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т ургийн овогтой Х-ийн Х, Г ургийн овогтой Д-ын Г нарт холбогдох эрүүгийн 1835001820127 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Ховд суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, малчин, ам бүл-6, аав, ээж, дүү нарын хамт Увс аймгийн Ховд сумын 4-р багт оршин суух, гавъяа шагналгүй, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор ЭХТА-ийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, РД:ОП95102736, Т ургийн овогтой Х-ийн Х.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Ховд суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, малчин, ам бүл-7, аав, ээж, дүү нарын хамт Увс аймгийн Ховд сумын 4-р багт оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:ОП95051715, Г ургийн овогтой Д-ын Г.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Г, Х.Х нар бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Увс аймгийн Ховд сумын 4-р багийн нутаг “Бага булаг” гэх газраас хохирогч Б.Б-ийн 5 настай хоёр тооны эр хонь хулгайлж 260.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ/ яллах дүгнэлтэд бичигдсэнээр /.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Д.Г, Х.Х нарыг бусдын мал хулгайлах гэмт үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.Г, Х.Х нар 2018 оны 05 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Увс аймгийн Ховд сумын 4-р багийн нутаг “Бага булаг” гэх газраас хохирогч Б.Б-ийн хоёр тооны эр хонь /5 настай/ хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр өөрийн “Багабулаг” нэртэй газар байх малын гэр дээрээ малаа хариулж ирээд хотонд оруулсан бөгөөд мал хотондоо хэвтсэний дараа буюу орой 20 цагийн үед сумын төв дээр байдаг өөрийн гэр лүү явсан юм. Гэртээ ирээд хүүхдээ хараад хонож байтал шөнө ээж Ю утсаар надруу залгаж “ Хонины тал нь алга байна” гэж хэлэхээр нь би “Харгана дотор орсон байлгүй ” гэж хэлсэн. Тухайн үед манай суманд салхи болж байсан учир салхинд хөөгдөөд гэрийн хажуу талын харгана луу орсон байж магадгүй гэж бодоод тэгж хэлсэн юм. Тэгээд өглөө 08 цагт малын гэр дээрээ очиж хонио бүртгэхэд 2 тооны эр хонь алга байсан учир ойр хавийн айл амьтны мал шүүж үзэхэд байхгүй байсан тул цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм. Миний алдагдсан 2 тооны эр хонины нэг нь бор толгойтой цагаан зүсмийн эвэртэй 5 настай эр хонь, нөгөө нь мухар галзан цагаан зүсмийн 5 настай эр хонь тус тус байсан. Тухайн хоёр эр хонь маань хоёулаа баруун чих нь шорголжин имтэй хонинууд юм. Намайг 2 тооны хонио хулгайд алдсаныг миний ээж Ю болон, Т, Ө гэх манай хамаатны хүмүүс мэдэж байгаа. Манай малд урьд өмнө нь хулгай орж, мал алга болж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 25/,
хохирогч Б.Б-ийн дахин өгсөн “....Манайх орой бүр хонио тоолдог бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр би хонин дээрээ очиж бүртгэж тоолж зүсэлж үзсэн. Манайх эр хонь цөөн, эх хонь, богзог голдуу хоньтой. Манай хонинд бусдаас биерхүү 5 эр хонь байдаг юм. Намайг 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр очиж үзэхэд 3 эр хонь байсан ба 2 эр хонь зүсээр дутуу байсан. Би хонио хайж явж байгаад Д-ын гэрт очсон. Тэдний гэрт эхнэр нь ганцаараа байсан бөгөөд хүү Г нь байхгүй байсан. Тэгээд би тэдний гэрт байж байтал Г гаднаас орж ирэхээр нь би Г-д хандаж “Манай хониноос өчигдөр шөнө 2 хонь хулгайлагдсан байна” гэхэд Г “Харин тийм юм болсон. Х бид хоёр танай хониноос 2 хонь авахаар шөнө очоод 2 хонь барьж авсан. Х-ийн ээж нь эмнэлэгт хэвтсэн болохоор шөлний хонь очиж авъя гээд очоод авчихсан. Авсан 2 хонио бид хоёр замдаа нэг нэгээр нь аваад гэр гэрлүүгээ явсан. Би өөрийнхөө авсан хонийг гэрийнхээ ойролцоо авч ирээд буцаагаад тавьчихсан” гэж хэлсэн. Г-ын тавьж явуулсан хонь нь 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ижил сүрэгтээ ирж нийлсэн. Тухайн үед Г-ын гэрийн зүгээс буюу “Хар” гэх газраас ирж нийлсэн. Миний хулгайд алдсан бор толгойтой хонь буцаж ирж малдаа нийлсэн, хар галзан зүсмийн хонийг Х алчихсан байсан учир надад учирсан хохирлыг барагдуулна гээд надад 150.000 төгрөг өгсөн. Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,
гэрч Б.Ю-ын: “Манайх Ховд сумын “Багабулаг” нэртэй газар байдаг юм. 2018 оны 05-р сарын 07-ны шөнө би орой малаа хотонд оруулж хэвтүүлчихээд орондоо ороод хэвтэж байтал шөнө 00 цаг 30 минутанд хонь майлах шиг болохоор би ганцаараа гараад хартал манай хонины тал нь алга байсан. Тэгээд би дээшээ ширэг рүү орсон байж магадгүй гэж бодоод гэртээ орж ирээд унтаад өглөө 04 цагийн үед босож хонио хартал гэрийн гадна ямаан дотор 6 тооны хонь үлдсэн байсан бөгөөд бусад 20 гаруй хонь алга байхаар нь өөрийн залуу болох Б руу утсаар залгаж “Хонины тал алга байна” гэхэд Б “Гэрийн хажуу талын харгана руу орсон байлгүй. Өглөө очиж харъя” гэж хэлэхээр би буцаж гэртээ ороод хэвтсэн. Тэгээд 2018 оны 05-р сарын 08-ны өглөөний 05 цагт босож гэрийн хажуу талын том шороон дээр гарч хонио харахад хонины тал нь гэрээс доош эргэж голын хажуу талын харганы захад эрэг дээр хэвтэж байсныг очиж аваад тоолоход хониноос 2 тооны эр хонь хулгайлагдсан байсан. Тэгээд үлдсэн хонио тууж гэрийн хажууд авч ирээд мал руу нийлүүлчихээд хүү Б руу утасдаж “2 эр хонь алга болчихсон байна” гэж хэлсэн. Тэгээд Б сумын төвөөс Т, Ө нарыг дагуулж гарч ирж хонио хайсан. Манай хулгайд алдсан хонинууд бор галзан 5 настай эр хонь, хар галзан 5 настай эр хонинууд байсан юм. Тухайн хэрэг гардаг орой манай гэрт гадны ямар нэг хүн ирээгүй. Би өөрийн 12-р ангийн охин С-ийн хамт байсан. Хулгайлагдсан 2 хонь нь хоёулаа миний хүү Б-ийн хонь юм” гэх мэдүүлэг /хх-ийн 29/,
гэрч Б.С-ийн: “Би 2018 оны 05 дугаар сарын 07-нд гэртээ ээж Ю-ын хамт байсан. Тэр өдөр миний ах Б сумын төвөөс ирж малаа тоолж бүртгээд байж байгаад орой гэрлүүгээ буюу сумын төврүү явж, би ээжийнхээ хамт үлдсэн. Шөнө дунд ээж босож бие засчихаад орж ирээд “Манай мал тасарсан байна” гэж хэлээд ах Б руу залгаж хэлэхэд ах “Өглөө очъё” гэж хэлсэн. Ээж бид хоёр малаа хайх гэж байгаад харгана луу орсон байх гэж ярилцаад унтацгаасан. Маргааш өглөө нь ах ирж малаа бүртгэж үзэхэд 2 тооны эр хонь дутсан тул Б ах 2 хонио хайгаад явсан. Сүүлд манай ахын хонийг Х, Г нар хулгайлсан байсан гэж ах хэлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 30/,
гэрч А.Ө-ийн: “Би Х, Г нарыг манай худын хүүхдүүд гэдгээр нь танина, садан төрлийн холбоо байхгүй. 2018 оны 05 дугаар сарын 08-нд манай бэргэн эгч Ю манайх руу залгаад “Манай хонь тасраад харганад хоносон байна. Манай хониноос 2 тооны эр хонь дутаж байна. Хүн хүч байхгүй байна, ирж хайлцаж өгөөч” гэхээр нь би Б-тай хамт сумын төвөөс гарч мал хайж мөр мөшгиж үзэхэд 2 хүний гутлын мөр гарсан байсан. Түүнийг мөшгөөд яваад байж Х-ийн гэрийн зүг рүү оруулаад алдсан. Би Б-ийн хамт Ховд сумын 4-р баг “Бага булаг” гэх газарт байх хонин дээр нь очиж хонийг нь тоолж үзэхэд 2 тооны 5 настай эр хонь хулгайлагдсан байсан. Б-ийн хонийг Г, Х нарыг хулгайлсан гэж би анх хардсан, учир нь бид нар мөр мөшгиж явахад Х-ийн хот руу мөр ороод алга болсон. Тэгээд сүүлд Г, Х нар Б-д хонийг нь хулгайлсан гэдгээ хэлсэн байсан. Б-ийн хонь байсан газар болон Х, Г нарын гэр хоорондоо 3 орчим км зайтай байгаа байх” гэх мэдүүлэг /хх-ийн 31/,
гэрч А.Л-ын: “Би Х, Г нарыг зүс танина. Садан төрлийн холбоо байхгүй. 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр бэргэн болох Ю утсаар залгаж “Шөнө манай бог малаас 2 тооны эр хонь хулгайлагдсан байна” гэж хэлсэн. Тэгээд би дүү Ө-г дагуулж тухайн айлд очиж эргэн тойрон явж ямар нэг ул мөр байна уу гэж харахад гутлын мөр байх шиг байсан. Тэгэхээр нь тухайн мөрийг бид нар мөрдөж доошоо гол руу Х-ийн гэрлүү оруулсан. Тэгээд тухайн айл дээр очиход гэрт нь Х гэх залуу дүүтэйгээ хоёулахнаа байсан бөгөөд өөр гэрт нь хүн байгаагүй. Надад тухайн үед хардаж сэрдэж байсан хүн байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 32/,
гэрч Ж.Н-ийн: “Би 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүү Г-ын хамт сумын төв орж ирчихээд буцаад гэртээ ирээд байж байтал гаднаас Б гэх залуу орж ирээд надаас “Танай Г манай хоёр эр хонийг Х гэх залуутай хамт хулгайлаад авчихсан байна” гэхээр “Би итгэхгүй байна чамд. Г сая адуунд явсан чи ирэхээр нь миний нүүрэн дээр асуу” гэхэд за гээд хүлээгээд байж байтал удалгүй миний хүү Г ирсэн. Тэгээд Б Г-оос тухайн асуудлын талаар миний хажууд асуухад хүү Г “Тиймээ тийм, би Х-ийн хамт явсан. Х надад “ээж эмнэлэгт хэвтчихсэн байгаа болохоор хонины шөл хэрэгтэй байна” гэхээр би хамт яваад танай хонь байх газраас 2 эр хонь явган очиж авсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Г-оос “Тэр хоёр хонийг чи яасан” гэж асуухад “Нэг хонийг нь Х авсан, нөгөө нэг хонийг нь би аваад явж байгаад та хоёроос айгаад Хөөхуягийн гэр өнгөрөөгөөд тавиад явуулчихсан” гэж хэлж байсан. Миний хүү Г урьд өмнө нь ямар нэг гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй төлөв даруу хүүхэд юм” гэх мэдүүлэг /хх-ийн 33/,
шүүгдэгч Д.Г-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ 2018 оны 05 дугаар сарын 07-ны орой би гэртээ байж байгаад адуунд яваад Х-ийн гэрт очиход тэдний гэрт Х жаахан дүүгийнхээ хамт байсан. Х надад хандаж “Ээж эмнэлэгт хэвтсэн надад шөлний хонь хэрэгтэй байна” гэхээр нь би “Одоо шөлний сайн хонь олдохгүй байх, мал муу байгаа” гэхэд Х “Найз нь мэдэж байна, хоёулаа цуг явъя” гээд бид хоёр Х-ийн гаднаас би өөрийнхөө унаж явсан хүрэн зүсмийн морио унаад, Х ахынхаа халтар зүсмийн морийг зайдан буюу эмээлгүй унаад бид хоёр хамгийн ойрхон байх Б-ийн ээж Ю-ын гэр лүү явахаар болсон. Тэгээд Х-ийн гэрээс 100-200 метрийн зайд мориноосоо бууж хоёр морио хоёуланг нь харганаас уяж орхиод цааш нь явганаар явж Б-ийн гэрийн хажууд очоод хоттой хонь нь хэвтэж байхаар нь “Хамгийн томоос нь нэг нэг хонь авна” гээд хонь руу нь дайраад нэг нэг хонь барьж аваад явсан. Тэр үед тэр айлын хонь үргэж босоөд тасраад зарим нь харганы зах руу гүйж харагдсан. Тэр шөнө сартай байсан учраас гадна зарим зүйл харагдаж байсан. Бид хоёр барьж авсан хонио хажуудаа хөтлөөд гэрийнхээ зүг рүү явсан. Тэгээд Х барьж авсан хонио аваад гэртээ үлдсэн. Би тэдний гэрийг зөрөөд явж байгаад аав, ээжээс айгаад тэр хонийг буцаагаад тавьчихсан. Тэгээд би гэртээ орж амраад маргааш нь мотоциклоор адуунд яваад ирэхэд манай гэрт Б ирчихсэн байсан. Б надад хандаж “Чи манайхаас хонь авсан байна. Би гэрийн гаднаас гутлын мөрийг хөөгөөд явахад Х-ийн гэр лүү орлоо” гэхэд нь би “Тиймээ, тийм Х бид хоёр танай хониноос 2 хонь барьж авсан үнэн. Би хонио Х-ийн гэр зөрөөд буцаагаад тавиад явуулчихсан” гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа сумын хэсгийн төлөөлөгч ирж бид хоёроос хонины талаар тодруулж асуусан. Х-ийнх манайх хоёр хоорондоо 1 км орчим зайтай. Х-ийн гэрээс Б-ийн гэр хооронд 2 км орчим зайтай байсан. Тухайн үед Х-ийн гэрийн гадна бог мал байсан боловч Х-ийнх хонь байхгүй дан ямаатай юм. Х бид хоёр хамт явж байсан болохоор нэг нэг хонь бариад авчихсан юм. Бид 2 унаж явсан морио Б-ийн гэрээс зайтай, Х-ийн гэрээс холгүй уяж орхисон. Х бид хоёр морьтой явбал чимээ гарах байх, мөн нохой дайрч магадгүй гэж бодоод явган явбал баригдахгүй очно гэж бодоод явган очсон юм. Би уяж орхисон морио 2018 оны 05 дугаар сарын 08-ны орой очиж авсан. Х надад хэлэхдээ хулгайлж авсан хонийг алаад ус руу хаячихсан гэж хэлж байсан. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг,
шүүгдэгч Х.Х-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр миний ээжийн нойр булчирхай өвдөж сумын эмнэлэгт хэвтсэн. Тэгтэл сумын эмнэлгээс аймгийн төв рүү явж хэвтүүлэх шаардлагатай, цаашлаад Улаанбаатар хот руу ч явах шаардлагатай юм байна гэсэн. Манайх энэ хавар борцтой байсан бөгөөд ээжийн бие өвдөөд байхаар нь би нэг хонь олж шөл гаргавал тэнхэрч магадгүй гэж бодсон. Манайх өөрсдөө ямаатай бөгөөд манай бог малд хонь байхгүй болохоор нь би хонь хулгайлъя гэж бодсон. Тэгээд 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр би 3 настай дүү Баяржаргалын хамт гэртээ байж байтал миний найз Г манай гэрт ирэхээр нь би Г-д бүх үнэнээ хэлсэн. Тэгээд би “Хоёулаа цуг явж хонь хулгайлъя” гээд бид хоёр харанхуй болох үед манай гаднаас хөдөлсөн. Бид хоёр явахдаа би манай ахын хээр зүсмийн 5 настай морийг унаж, Г манайд унаж ирсэн хүрэн зүсмийн азаргаа унаж бид хоёр хамгийн ойр буюу манайхаас 1 км орчимд байх Б-ийн гэрлүү явахаар болсон. Тэгээд манайхаас 200 орчим метр газар явж байгаад бид хоёр мориноосоо бууж харганаас морио уяж орхисон. Учир нь морьтой явбал шөнө нохой дайрч магадгүй, морьтой очоод буугаад хонь баривал баригдчих байх гэж бодоод цааш нь явганаар явж гэрийнх нь гадна очоод хэвтэж байсан хоттой хонь руу нь дайрч нэг нэг хонь барьж аваад түүнийгээ хөтөлж, тэврээд гэрийнхээ гадна авч ирсэн. Г барьж авсан хонио аваад гэрийнхээ зүг рүү манайхаас зөрөөд явсан. Би барьж авсан хонио аваад гэрийнхээ гадна ирэхэд тэр хонь “мая” хонь байсан. Мая гэдэг нь нутгийн хэллэг бөгөөд бөөрөндөө бөөсөгтэй буюу хуц гэж ойлгож болно. Тийм хонь нь заарын үнэртэй, мах нь муухай, шивтэр амттай байдаг болохоор иддэггүй юм. Тэр хонь тийм байсан болохоор би тэр хонийг нэгэнт авчихсан тул хүзүүг нь мушгиж алаад гол руу хийгээд урсгачихсан юм. Хонийг тавиад явуулбал хулгайн хэрэг илчлэгдэх байх гэж бодоод усанд урсгасан. Би Б-д хохирол гэж 150.000 төгрөг төлсөн. Би тусдаа гараагүй болохоор надад ногдох эд хөрөнгө байхгүй. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.Г, Х.Х нар 2018 оны 05 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Увс аймгийн Ховд сумын 4-р багийн нутаг “Бага булаг” гэх газраас хохирогч Б.Б-ийн 5 настай, хоёр тооны эр хонь хулгайлсан нь нотлогдсон тул шүүгдэгч Д.Г, Х.Х нарыг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Д.Г, Х.Х нарыг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Г, Х.Х нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бд 230.000 төгрөгийн хохирол учирсан нь хавтаст хэргийн 43 дугаар хуудсанд авагдсан “Гэрэгэ эстимэйт” ХХК-ийн бог малын зах зээлийн үнэлгээ тогтоосон дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Б.Г нь хулгайлсан 1 тооны хонийг буцаан тавьсан нь хохирогч Б.Б-ийн хонинд нийлсэн, шүүгдэгч Х.Х нь хохирогч Б.Б-д хонины үнэ 150.000 төгрөг төлж, хохирол барагдуулсан, хохирогч Б.Б мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгч нараас гаргуулж хохирогчид олгох хохирол, хор уршиг байхгүй гэж дүгнэв.
2. Шүүгдэгч Д.Г, Х.Х нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.Г, Х.Х нар нь бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Г, Х.Х нар нь Увс аймгийн Ховд сумын 4-р багт аав, ээж, ах, эгч, дүү нарын хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй болох нь Увс аймгийн Ховд сумын Халиунбулаг багийн засаг даргын тодорхойлолтуудаар тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч Х.Х нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 90 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, уг ялаа 2017 оны 11дүгээр сарын 10-ны өдөр төлж барагдуулсан буюу ялаа эдэлж дууссан болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоол болон Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1/640 дугаартай албан бичгээр нотлогдож байгааг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нарын хувийн амьдрал, зан байдлын талаар гэрч Ж.Н-ийн өгсөн “Миний хүү Г нь эхээс 5-уулаа бөгөөд айлын 2 дахь хүү юм. Дээрээ 1 эгч, доороо 2 эрэгтэй, 1 эмэгтэй дүүтэй. Г бага насаа Ховд сумын цэцэрлэгт хүмүүжиж өнгөрөөгөөд үргэлжлүүлэн 7 настайдаа Ховд сумын ахлах сургуулийн 1-р ангид элсэн суралцаж 11-р анги төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Улмаар Увс аймгийн Улаангом сумын Политехник коллежийн Авто машин механизмын ангид суралцаж 2013 онд төгсөж тусгай дунд боловсрол эзэмшээд 2014 онд Завхан аймгийн Завхан Тэс суманд 1 жилийн цэргийн алба хааж ирээд одоогоор эцэг, эхийнхээ дэргэд эгч, дүү нарынхаа хамт мал маллан амьдарч байгаа. Г нь мал маллах сонирхолтой, бага байхдаа хурдан морь унадаг байсан. Одоо ч гэсэн моринд их дуртай, бөхөд сонирхолтой бөх барилдах дуртай хүүхэд байгаа юм. Г зан байдлын хувьд элдэв муу зуршилгүй, төлөв даруу, үг дуу цөөтэй, ажилсаг хөдөлмөрч, хийсэн ажилдаа шаргуу дайчин, ямар нэгэн зүйлийг их нягт нямбай хийдэг, гарын ур дүйтэй, техник сэтгэлгээтэй хүүхэд юм. Г тусдаа гэр бүл болж гараагүй учир өөрт ногдох эд хөрөнгө байхгүй. Г хулгайлсан хонио буцаагаад тавьсан гэсэн. Одоо хохирогчид төлөх хохирол байхгүй. Тэр үед Г-ыг ямар морьтой явсан гэдгийг би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 34/,
гэрч Б.Д-ын “Миний хүү Х нь 1994 онд айлын 3 дахь хүү болж төрсөн, эцэг, эхээс 6-уулаа. Х Ховд сумын ахлах сургуулийн дунд ангийг төгсөж Улаангом сумын Политехник коллежид элсэн орж гагнуурчин мэргэжил эзэмшсэн. Одоо Ховд сумын 4-р багт мал маллан амьдардаг бөгөөд Х нь ажилсаг хөдөлмөрч, гарын ур дүйтэй хүүхэд бөгөөд хувиараа гагнуур хийчихдэг юм. Зан байдлын хувьд төлөв даруу, элдэв муу зуршилгүй, бусдад тусархуу хүү байгаа юм. Манайх 300 орчим ямаа, 8 үхэр, 13 адуутай. Х нь гэр бүл болж тусдаа гараагүй учир албан ёсоор өмч тасалж өгөөгүй. Гэхдээ өөрт нь зүсэлж өгсөн 1 адуу, 1 үхэр, 20 орчим ямаатай. 2018 оны 05 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд би Увс аймгийн Ховд сумын эмнэлэгт хэвтэж байсан юм. Сүүлд сонсоход Х нь Г-той хамт Б-ийн 2 тооны хонийг хулгайлсан байсан. Тухайн үед Х гэртээ дүүгийн хамт байсан бөгөөд манайд өөр хүн байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/,
гэрч Х.Н-ын “Би Х-г Г-ын хамт Б-ийн 2 тооны хонь хулгайлсан талаар сүүлд мэдсэн. 2018 оны 05 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд манай гэрт Х дүүгийнхээ хамт байсан. Би отроор өөр газарт, аав маань Улаангом явсан байсан. Тухайн үед манай гэрт миний 5 настай хээр зүсмийн морь байсан бөгөөд манайд өөр морь байгаагүй. Манайх 1 эмээлтэй бөгөөд тэр үед би уг эмээлийг нь тохоод явчихсан байсан юм. Х хээр мориор малаа эргүүлж байсан байх. Х нь өрх тусгаарлаж тусдаа гараагүй тул өмч тасалж өгөөгүй. Х зан байдлын хувьд өрөвч зөөлөн, ажилсаг хөдөлмөрч, бусдад тусархуу, хүний үгнээс гараад байдаггүй, төлөв даруу хүүхэд байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/,
гэрч Д.У-ийн “Г нь миний төрсөн дүү бөгөөд 1995 онд төрсөн. Эцэг, эхээс 5-уулаа айлын 2 дахь хүүхэд байгаа юм. Г Улаангом Политехник коллежийг төгссөн, тусгай дунд боловсролтой. Одоо гэртээ мал маллан амьдарч байгаа юм. Г догшин ширүүн зантай боловч ажилсаг хөдөлмөрч хүүхэд байгаа юм. Манайх 500 орчим толгой малтай бөгөөд Г өрх тусгаарлаж гараагүй тул өөрт нь ногдох эд хөрөнгө байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Д.Г, Х.Х нь бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэдний хувийн байдал, улсын яллагч нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал зэргийг харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Г, Х.Х нар бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ морь унаж ашиглаагүй буюу явган явж хохирогч Б.Б-ийн хотноос хонь хулгайлж, буцахдаа мөн явганаар хонио хөтөлж гэр гэр лүүгээ явсан болох нь гэрч А.Л-ын: “ ..би дүү Ө-г дагуулж очоод тухайн айлын эргэн тойрон, ойр орчмоор явж ямар нэг ул мөр байна уу гэж харахад нэг гутлын мөр байх шиг байсан. Тэгэхээр нь тухайн мөрийг бид нар дагаж мөрдөж явсаар доошоо гол руу Х-ийн гэрлүү оруулсан”, гэрч А.Ө-ийн: “2018 оны 05 дугаар сарын 08-нд манай бэргэн эгч Ю манайх руу залгаад “Манай хонь тасраад харганад хоносон байна. Манай хониноос 2 тооны эр хонь дутаж байна. Хүн хүч байхгүй байна, ирж хайлцаж өгөөч” гэхээр нь би Б-тай хамт сумын төвөөс гарч мал хайж мөр мөшгиж үзэхэд 2 хүний гутлын мөр гарсан байсан. Түүнийг мөшгөөд явсаар Х-ийн гэрийн орчимд оруулаад алдсан. ...Б-ийн хонийг Г, Х нарыг хулгайлсан гэж би анх хардсан, учир нь бид нар мөр мөшгиж явахад Х-ийн хот руу мөр орсон байсан” гэх мэдүүлэг болон шүүгдэгч Х.Х-ийн “ манайхаас 200 орчим метр газар явж байгаад бид хоёр мориноосоо бууж харганаас морио уяж орхисон. Учир нь морьтой явбал шөнө нохой дайрч магадгүй, морьтой очоод буугаад хонь баривал баригдчих байх гэж бодоод цааш нь явганаар явж гэрийнх нь гадна очоод хэвтэж байсан хоттой хонь руу нь дайрч нэг нэг хонь барьж аваад түүнийгээ хөтөлж, тэврээд гэрийнхээ гадна авч ирсэн. Г барьж авсан хонио аваад гэрийнхээ зүг рүү манайхаас зөрөөд явсан. Манай гэрээс Б-ийнх хүртэл 1 км орчим зайтай байдаг” , шүүгдэгч Д.Г-ын: “Х-ийн гэрээс 100-200 метрийн зайд мориноосоо бууж хоёр морио хоёуланг нь харганаас уяж орхиод цааш нь явганаар явж Б-ийн гэрийн хажууд очоод хоттой хонь нь хэвтэж байхаар нь “Хамгийн томоос нь нэг нэг хонь авна” гээд хонь руу нь дайраад нэг нэг хонь барьж аваад явсан. Тэр үед тэр айлын хонь үргэж босоөд тасраад зарим нь харганы зах руу гүйж харагдсан. Тэр шөнө сартай байсан учраас гадна зарим зүйл харагдаж байсан. Бид хоёр барьж авсан хонио хажуудаа хөтлөөд гэрийнхээ зүг рүү явсан” гэх мэдүүлгээр нотлогдож байна. Шүүгдэгч нар мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ морийг уналга болгон ашиглаагүй, мөн хулгайлсан хонио зөөж тээвэрлэх зэрэгт морийг хэрэглээгүй байх тул хэрэгт Х.Н-ын эзэмшлийн 725.000 төгрөгийн үнэ бүхий хээр зүсмийн 5 настай морь 1, Б.Д-ын эзэмшлийн 780.000 төгрөгийн үнэ бүхий хээр зүсмийн 7 настай морь 1-ийг битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгож, эзэмшигчид нь буцаан олгож, мөн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн морины хазаар 2, тохом 1, цулбуур 1-ийг тус тус эзэмшигчид буцаан олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Г, Х.Х нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т ургийн овогтой Х-ийн Х, Г ургийн овогтой Д-ын Г нарыг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Г, Х.Х нарт хоёр зуун дөчин цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Г, Х.Х нар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Д.Г, Х.Х нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хэрэгт Х.Н-ын эзэмшлийн 725.000 төгрөгийн үнэ бүхий хээр зүсмийн 5 настай морь 1, Б.Д-ын эзэмшлийн 780.000 төгрөгийн үнэ бүхий хээр зүсмийн 7 настай морь 1-ийг тус тус битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгож эзэмшигчид нь буцаан олгож, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн хазаар 2, тохом 1, цулбуур 1-ийг тус тус эзэмшигчид нь буцаан олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Г, Х.Х нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.АЛТАН