| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2309010202350 |
| Дугаар | 2025/ДШМ/5 |
| Огноо | 2024-12-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.2.3.2., |
| Улсын яллагч | Э.Булганчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2025/ДШМ/5
2024 12 24 2025/ДШМ/5
Л.Бөд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Булганчимэг,
шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Б.Энхболд, А.Ариунболд,
нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж, шүүгч З.Болдбаатар, шүүгч Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/960 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхболд, Б.Ариунболд нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Л.Бөд холбогдох эрүүгийн 2309010202350 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Л.Б
Шүүгдэгч Л.Б нь согтуурсан үедээ 2023 оны 03 дугаар сарын 08-ны шөнө 04 цагийн үед Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, 7-50 тоот хашааны харалдаа такси үйлчилгээнд явж байсан иргэн Т.Цаар үйлчлүүлэх үедээ эд хөрөнгийг нь авах зорилгоор арын суудалд байх үедээ хоолойг нь цамцаар боож, хутгаар баруун сүвээ болон гар руу нь хатгах зэргээр хүч хэрэглэн довтолж, такси үйлчилгээний тухайн өдрийн орлогын мөнгө болох 127,000 төгрөгийг нь дээрэмдэж, уг гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн,
улмаар дээрэмдэх гэмт хэргийг нь таслан зогсоохыг оролдсон хохирогчийн гарын алгыг хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь “баруун талын алганд зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Л.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч Л.Бийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдсэн гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд, мөн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Л.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 05 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 05 жил 06 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 30 хоногийн буюу 01 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 05 жил 07 сарын хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Бөөс 235,000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Цт олгуулахаар шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхболд, Б.Ариунболд нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй ба дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан талаар,
1. Л.Бөд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж хохирогч Т.Цаас удаа дараа мэдүүлэг авахад дараах байдлаар зөрүүтэй мэдүүлсэн байдаг.
| 2023.03.08-ны өдрийн мэдүүлэг /1хх 26-27/ | 2023.10.09-ний өдрийн мэдүүлэг /1хх 29/ |
| Намайг дээрэмдсэн уг эрэгтэй нь 170 см өндөр, туранхай биетэй, саравчтай хар малгайтай, хар курткатай, шөвгөр бор царайтай, 30-40 насны эрэгтэй байсан, мөн уг эрэгтэйд 3 ширхэг гар утас байсан гэх мэдүүлэг | Надтай маргалдсан хүн хар гуталтай, савхин куртиктай хүн байсан. |
2. Эрүүгийн хэрэгт зарим мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулаагүй ба тухайлбал Б.Жөөс гэрчийн мэдүүлгийг авахаас өмнө таньж олуулах ажиллагааг явуулсан байдаг. Мөн Б.Жийн мэдүүлэг болон түүний таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл хоорондоо зөрдөг.
| 2023.03.09-ний өдрийн 13 цаг 58 минутын мэдүүлгээр: /1хх 31 / | 2023.03.09-ний өдрийн 13 цаг 30 минутад хийсэн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд: /1хх 60-61/ |
| - Та тэр хүнийг ахиж харвал таних уу Би машинаас буулгахдаа царайг нь хальт харсан, харвал таних үгүйгээ мэдэхгүй байна. - Таны машинд суусан хүнд ямар нэгэн онцлог содон шинж тэмдэг байсан уу - Анзаараагүй гэх | Та таних гэж байгаа хүмүүсийг ямар шинж тэмдэг онцлогоор таньж чадах талаар асуухад “Шөвгөрдүү туранхай бор царайтай хүн байсан 3 дахь зурагт гарсан хүн нь миний машинд суусан хүнтэй төстэй байсан энэ хүн шиг шөвгөрдүү царайтай хүн байсан” гэх |
3. Гэрч Н.Бгийн өгсөн /1хх 33/ “... Б нь 2023.03.07-наас 08-нд шилжих шөнө манай гэрээс гарч яваагүй, Б нь 80021117 гэсэн дугаартай ягаан өнгийн утастай байсан” гэх мэдүүлэг нь хохирогч Т.Цын 2023.03.08-ны өдрийн “мөн уг эрэгтэйд 3 ширхэг гар утас байсан” гэх мэдүүлэгтэй зөрдөг болно.
4. Гэрч Ц.Оийн 2023.10.29-ний өдөр өгсөн /1хх 41/ “... 2023.03.07-ноос 08-нд шилжих шөнө Л.Б нь манай гэрээс гарч яваагүй. Ирэхдээ хар өнгийн саравчтай малгай, бор өнгийн куртиктай, цэнхэр жинсэн өмдтэй, хагас түрийтэй хар өнгийн үдээстэй гуталтай, бараандуу хар өнгийн цамцтай байсан” гэх мэдүүлэг,
Мөн 2024.04.08-ний өдөр өгсөн /1хх 208/ “... Б нь тухайн үед бүдэг ногоон өнгийн хоёр ханцуйгаарай цагаан өнгийн судалтай бөгсөөр татахаар урт куртиктай, жинсэх хөх өнгийн өмдтэй, хагас түрийтэй хар өнгийн гуталтай, хар өнгийн урд саравчны дээд хэсэгт цагаан бичигтэй саравчтай малгайтай, юүдэнтэй хөх өнгийн ноосон цамцтай байсан” гэх мэдүүлгүүд хоорондоо зөрдөг төдийгүй хавтаст хэргийн материалд авагдсан камерын бичлэгт дүрслэгдсэн хүнтэй таардаггүй болно.
5. Мөрдөгч хэргийн газарт үзлэг хийж, тэмдэглэл үйлдэх /1хх 16-21/ үед хохирогчийн тээврийн хэрэгслийн арын суудал дээрээс саарал өнгийн цамц олсон ба тухайн цамцыг гэмт хэрэг үйлдсэн хүн үлдээгээд явсан талаар хохирогч Ц мэдүүлсэн байдаг. Гэтэл тухайн цамц нь Л.Бийнх биш бөгөөд хохирогчийн тээврийн хэрэгсэл дотроос олдсон цамц түүнд байдаггүй болох нь тогтоогдсон юм.
6. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлээр /1хх 62-64/ Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны камерын бичлэгт үзлэг хийсэн байх ба сидиний бичлэг нь дүрсний нягтаршил муу, дуутай бичлэг байх ба бичлэгт дүрслэгдсэн хар өнгийн хагас түрийтэй гуталтай, цэнхэрдүү өнгийн өмд, цэнхэрдүү өнгийн цамцтай, хар өнгийн саравчтай малгайтай эрэгтэй хүнийг Л.Бийг гэж тодорхойлох боломжгүй байгаа нь харагдана.
Мөн хавтаст хэргийн материалд авагдсан камерын бичлэгүүдэд шинжээч томилж шинжээчийн 0056 дугаартай дүгнэлт /1хх 216-218/ гаргуулсан байх ба шинжээчийн дүгнэлтээр “...уг хүний нүүр, царайны элементүүд, өмссөн хувцасны хувийн онцлог шинж тэмдгийг тодорхойлох боломжгүй” гэж дурдсан байдаг.
Өөрөөр хэлбэл камерын бичлэгт бичигдсэн хүн нь Л.Б гэж баттай тодорхойлж дүгнэсэн зүйл байхгүй юм.
7. Хэргийн газарт үзлэг хийх явцад бэхжүүлэн авсан 3 ширхэг гарын мөрөнд шинжээч томилж шинжээчийн 03/028 дугаартай дүгнэлт /1хх 98-99/ гаргуулсан байх ба шинжээчийн дүгнэлтээр 1, 2 гэж дугаарласан 2 ширхэг гарын мөрүүд шинжилгээнд тэнцэхгүй, шинжилгээнд тэнцэх 1 ширхэг гарын мөр нь нэгдсэн санд бүртгэгдсэн иргэдийн гарын хээний дардас болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас бэхжүүлэн авсан гарын мөрүүдтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдэгүүдээрэй хоорондоо тохирохгүй байна гэж дүгнэсэн байдаг.
Мөн тээврийн хэрэгсэлд үзлэг хийх явцад бэхжүүлэн авсан 3 ширхэг гарын мөрөнд шинжээч томилж шинжээчийн 03/161 дугаартай дүгнэлт /1хх 106-107/ гаргуулсан байх ба шинжээчийн дүгнэлтээр №1, 3 гэж дугаарласан 2 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэж, харин №2 гэж дугаарласан гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцээгүй байх ба шинжилгээнд тэнцэх 2 ширхэг гарын мөр нь нэгдсэн санд бүртгэгдсэн иргэдийн гарын хээний дардас болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас бэхжүүлэн авсан гарын мөрүүдтэй, Лочингийн Бийн гарын дардастай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ хоорондоо тохирохгүй байна гэж дүгнэсэн байдаг. Гэтэл Л.Б нь урьд 1 удаа шүүхээс ял шийтгүүлж, хорих ял эдэлж байгаад хугацаанаас өмнө суллагдаж байсан бөгөөд түүний гарын мөр Цагдаагийн байгууллага болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэгдсэн санд бүртгэгдсэн хүн юм. Хэргийн газраас бэхжүүлэн авсан гарын мөр Л.Бийн гарын мөртэй тохирохгүй байгаа нь түүнийг хэргийн газарт байгаагүйг нотлож байгаа юм.
8. Анхан шатны шүүх хохирогч Т.Цын гарын алганд учирсан гэмтэл болон хувцасны урагдлыг Л.Бийг хутгаар хатгаж учруулсан гэж дүгнэсэн боловч мөрдөн шалгах ажиллагаагаар эд мөрийн баримтаар тооцож бэхжүүлж авсан хутга байдаггүй төдийгүй хохирогчийн мэдүүлэгт дурдсанаар хохирогч Т.Ц нь гэмт хэрэг үйлдсэн этгээдтэй хамтдаа газарт унаж ноцолдсоны улмаас дээрх гэмтэл, хувцасны урагдлыг авах боломжтой нөхцөл байдал үүссэнийг үгүйсгэж, няцаалт өгсөн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэгт мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Гэтэл Л.Бөд холбогдох эрүүгийн хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй, Л.Бийг гэмт хэрэг үйлдсэн болохыг хөдөлбөргүй нотлоогүй атал анхан шатны шүүх нь хэргийн бодит байдалтай нийцээгүй ба дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулж шийдвэр гаргасан хууль зүйн үндэслэлгүй байгаа юм.
Иймд давж заалдах шатны шүүхээс хэргийн бодит нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлтийг зөв хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан “Гэм буруугүйд тооцох” зарчмын 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж хуульчилсны дагуу Л.Бөд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… Анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, шүүхийн дүгнэлтэд нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг анхаарч үзээгүй орхигдуулсан гэж үзэж давж заалдах гомдол гаргасан. Хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй. Миний бие энэ талаар бичгээр гаргасан давж заалдах гомдолдоо дэлгэрэнгүй дурдсан. Түүнчлэн хохирогчийн 2 удаагийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй. Мөн н.Жөөс гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд тус мэдүүлэг нь таньж олуулах ажиллагаатай зөрүүтэй. Гэрч н.Б, н.Оэ нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй. Мөрдөгч хэргийн газрын үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэн. Тухайн үед хохирогчийн машинаас цамц олдсон байдаг ба тус цамц нь Л.Бийн цамц биш байсан. Гэтэл хохирогч тус цамцыг “намайг дээрэмдсэн хүний цамц” хэмээн мэдүүлсэн. Уг эргэлзээтэй нөхцөл байдлыг тодруулах ажиллагаа хийгдээгүй. Мөн камерын бичлэгт үзлэг хийсэн бөгөөд камерын бичлэгт тусгагдсан хүн нь Л.Б болохыг тогтоох боломжгүй, бүдэгхэн бичлэг авагдсан байдаг. Камерын бичлэгтэй холбоотой асуудалд шинжээч томилж, шинжилгээ хийлгүүлсэн боловч камерын бичлэгт тусгагдсан хүн нь Л.Б болохыг тодорхойлох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Мөн хэргийн газарт үзлэг хийгээд бэхжүүлж авсан гарын мөрөнд шинжилгээ хийхэд хохирогчийн тээврийн хэрэгслээс олдсон гарын мөр нь Л.Бийнх биш болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Анхан шатны шүүх уг нөхцөл байдлыг хэрхэн үгүйсгэсэн болохоо шийтгэх тогтоолдоо тусгаагүй. Мөн анхан шатны шүүх “Л.Б нь хохирогчийг хутгаар хатгаж гэмтэл учруулсан” гэж дүгнэсэн боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад тус хутга олдоогүй. Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох ёстой. Хэргийн бодит байдлыг тогтоогдсон гэж үзэж байгаа боловч миний үйлчлүүлэгчийг гэмт хэрэг үйлдсэн болохыг хангалттай нотолж чадаагүй. Иймээс давж заалдах шатны шүүх бодитой дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… 2 цагдаа энгийн хувцастай ирж, намайг айлын гаднаас авч явахдаа миний шилбэ рүү хөшиглөж, гар өчсөн. Тэгэхээр нь би “яадаг хүмүүс вэ” гээд жаахан ноцолдсон. Тэдгээр хүмүүс сүүлд нь “бид эрүүгийн төлөөлөгч нар байна. 2-р хэлтэст очиж таныг шалгах шаардлагатай” гээд үнэмлэхээ үзүүлсэн. Тэгэхээр нь би дагаад явсан. Тэгээд намайг цагдаагийн байгууллагад авч очиж шалгасан. Тухайн хүмүүсийг явсны дараа би 03 дугаар сарын 08-ны өдөр 1 удаа, дараа нь дахин нэг удаа шалгуулаад явсан. Түүнээс хойш, 10 дугаар сарын 03-ны өдөр билүү 04-ний өдөр хүртэл цагаадаагаас намайг дуудаагүй. Миний бие гэмт хэрэг үйлдээгүй. Миний бие 10 дугаар сарын 04-ний өдөр мөрдөгчтэй таараад “нөгөө хэрэг хийсэн хүнээ олсон уу, юу болсон бэ” гэж асуухад “чи тэртээ тэргүй хэрэг хийсэн. Би чамайг явуулна за юу” гэж байсан. Маргааш өдөр нь намайг цагдаа дуудаад “өмгөөлөгч ав, хэргийг чинь прокурорт шилжүүлсэн .” гэв.
Прокурор Э.Булганчимэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “… Шүүгдэгчийн өмгөөлөгч “н.Цын мэдүүлэг болон н.Ж нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй бөгөөд гэрчүүд магадгүй өөр хүнийг хэлсэн байж болзошгүй” гэж тайлбарлаж байна. Гэвч хэрэгт гэрч н.Ц нь 2 удаа мэдүүлэг өгсөн бөгөөд н.Ц, н.Ж нар нь таньж олуулах ажиллагаагаар гэмт хэрэг хийсэн хүнийг Л.Б байна хэмээн заасан. Анхан шатны шүүх нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж, шинжлэн судалсны үндсэн дээр Л.Бийг гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон. Шүүгдэгчийн өмгөөлөгч “хохирогчийн тээврийн хэрэгслээс гарын мөр илэрсэн. Тус гарын мөр нь Л.Бийн гарын мөртэй таарахгүй, өөр хүнийх” гэж шинжээчийн дүгнэлттэй холбоотой тайлбар хийж байна. Хохирогч нь таксинд явдаг хүн байсан тул тухайн гарын мөр Л.Бийнх биш, өөр хүний гарын мөр байх бүрэн боломжтой. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч хутганаас үүдсэн шарх, гэмтэл болон хутга олдоогүй талаар дурдаж байна. Хохирогчийн гар дээр үлдсэн шарх, гэмтэл нь шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба тус шарх нь хутганаас үүдсэн болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, хутгаар хатгасан гэх үйлдэл, хохирогчийн биед учирсан хохирол зэрэг нь шалтгаант холбоотой бөгөөд шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан гэж үзэж байна. Түүнчлэн Л.Б гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан н.Ц болон н.Ж нарын оролцсон таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, мөрдөгчийн илтгэх хуудас зэргээр хангалттай тогтоогдсон гэж үзэж байна. Мөрдөгчийн илтгэх хуудаст “тухайн өдөр Төгөл нэртэй дэлгүүрт 23 цагийн үед н.Бтэй хамт орж байсан. Манайхаар үйлчлүүлсэн хүн мөн байна.” гэж, “уг хүн нь 04 цагийн үед хийгдсэн хяналтын камерын бичлэгт тусгагдсан хүн мөн үү” гэж асуухад “мөн байна” гэж тусгагдсан байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог.
Нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.
Прокуророос шүүгдэгч Л.Бийг согтуурсан үедээ 2023 оны 03 дугаар сарын 08-ны шөнө 04 цагийн үед Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, 7-50 тоот хашааны харалдаа такси үйлчилгээнд явж байсан иргэн Т.Цаар үйлчлүүлэх үедээ эд хөрөнгийг нь авах зорилгоор арын суудалд байх үедээ хоолойг нь цамцаар боож, хутгаар баруун сүвээ болон гар руу нь хатгах зэргээр хүч хэрэглэн довтолж, такси үйлчилгээний тухайн өдрийн орлогын мөнгө болох 127,000 төгрөгийг нь дээрэмдэж, уг гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар, улмаар дээрэмдэх гэмт хэргийг нь таслан зогсоохыг оролдсон хохирогчийн гарын алгыг хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь “баруун талын алганд зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх уг гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийг хэн үйлдсэн буюу нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй, эргэлзээ бүхий нөхцөл байдал байхад анхан шатны шүүх шүүгдэгч Л.Бийг зэвсэг хэрэглэн хохирогч Т.Цыг дээрэмдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хэргийг эцэслэн шийдвэрлэснийг буруу гэж үзлээ.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлахад, яллагдагч Л.Бийн “... 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Бгийн гэрт архи ууж байгаад унтсан, ...тэгээд унтаад өглөө 06 цагийн орчим Б босоод галаа түлээд би сэрсэн. ...” /1хх 7/, гэрч Н.Бгийн “... шөнө манайхаас гарч яваагүй, би 00 цаг өнгөрч байхад унтсан, хүүхдүүдийг зурагт үзэж байхаар нь хүчээр унтуулсан. Өглөө манай эхнэр 06 цагт боссон, тэгэхэд Б унтаж байсан, тэгээд гарч бие засчихаад буцаад унтаад өгсөн. Би 02 цагаас 06 цаг хүртэл би Бийг унтаж байсан гэж бодож байна. ...” /1хх 33/, гэрч Ц.Оийн “... тэгээд Б нь манай гэрт хоносон. Би 2023 оны 03 дугаар сарын 08-ны өглөө 06 цагт сэрээд харахад Батттөгс нь манай гэрийн баруун урд талын орон дээр унтаж байсан. .. би шөнө 01 цагийн орчим нойлын өрөө ороход Б унтаж байсан. ... тэр шөнө Б манайхаас гарч яваагүй. ...” /1хх 41/ мэдүүлгүүдийг хууль зүйн үндэслэлтэйгээр няцаах үүрэгтэй боловч ийнхүү үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй нь шүүгдэгчийн гэм бурууг хөдөлбөргүй тогтоох зарчимд харшилсан гэж үзэхээр байна.
Мөн мөрдөгч Б.М, М.А нарын бичсэн илтгэх хуудсанд “... мөн тус дэлгүүрийн худалдагчтай уулзаж хяналтын камерын бичлэг дээрх этгээдийн зургийг үзүүлж харсан эсэх талаар асуухад энэ хүнтэй яг адилхан хувцастай хүн 12 цагийн үед нэг халзан настай ахтай орж ирээд архи авсан гэсний дагуу хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд сэжигтэй этгээд нь 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 12 цаг 20 минутанд сэжигтэй этгээд нь 50 орчим насны биеийн тамирын цамцтай, хар өмд, хар гутал өмссөн махлаг эрэгтэйгийн хамт орж ирээд үйлчлүүлээд гарсан бөгөөд гадна талын хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд 07-62УНР улсын дугаартай цагаан өнгийн Соната 5 загварын тээврийн хэрэгслийг сэжигтэй этгээд жолоодож гудамж руу орж байгаа дүрс бичлэг бичигдсэн ...” /1хх 55-56/ хэмээн дурдагдсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагаагаар “Төгөл” нэртэй дэлгүүрийн худалдагчийг гэрчээр асууж, таньж олуулах ажиллагаа хийлгэх, хэрэгт авагдсан камерын бичлэгийн нягтаршилыг сайжруулан бичлэгт байгаа хүнийг тодруулах боломжтой эсэх, хэрэв боломжтой бол тухайн хүн нь шүүгдэгч Л.Б мөн эсэхийг тусгай мэргэжлийн шинжээч, мэргэжилтнээр тогтоолгох шаардлагатай гэж үзэж байна.
Гэмт хэргийг бүрэн дүүрэн, нарийн мөрдөн шалгаж зөв зүйлчлэх нь хүний эрх, ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх хууль зүйн баталгааны нэг төрөл болох тул дээр дурдсан ажиллагааг хийж үйл баримтыг бүрэн дүүрэн сэргээн тогтоох нь уг гэмт хэргийг хэн үйлдсэнийг тогтооход ач холбогдолтой.
Гэм буруу нь нэг талаас гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог бол нөгөө талаас “нотлогдоогүй бол гэм буруугүй” гэсэн зарчмыг хэрэглэх гол нөхцөл нь билээ.
Тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт уг хуулийн зорилтыг “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх... “ гэж тодорхойлон заажээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”, “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй” үндэслэлд хамаарч байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/960 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын үндэслэлд дүгнэлт өгөөгүй болохыг, мөн шүүгдэгч Л.Бөд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэснийг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/960 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Л.Бөд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ