2026 07 29 128/ШШ2026/0700
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч А.Мөнх-Өлзий
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: “Х*******” ХХК /РД:*******/,
Хариуцагч: Сангийн яам,
Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөл,
Гуравдагч этгээд: “А*******” ХХК /РД:*******/.
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*******, Б.М, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, Т.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.О.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Тэргэл.
Танхимын дугаар: 4
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлага:
“Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 01/485 дугаартай “Х*******” ХХК-д хүргүүлсэн мэдэгдлийг хэвээр үлдээж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “А*******” ХХК-д хүргүүлсэн 01/741, мөн өдрийн “Х*******” ХХК-д хүргүүлсэн 01/742 дугаартай мэдэгдэл, Сангийн яамны 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 03/4289 дугаартай “Гомдол хянасан тухай”, 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 03/6216 дугаар “Гомдол хянасан тухай шийдвэр”-ийг тус тус хүчингүй болгуулах”
Нэг. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл:
-
- Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “Манай “Х*******” ХХК нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зарласан ШЕЗ/2026 дугаар “Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ” төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтад холбогдох шаардлага, хууль, журам, худалдан авах ажиллагааны нөхцөлийг бүрэн хангасан тендерийн баримт бичгийг бүрдүүлэн оролцсон болно.
- Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 01/485 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр биднийг тус тендерт шалгарсан, гэрээ байгуулах тухайгаа мэдэгдсэн. Үүний дараа Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 01/742 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “...Монгол Улсын Сангийн яамнаас тус тендерийг хянан үзээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн захиалагчийн 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 01/606 дугаар шийдвэрийг хүчингүй болгож мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтыг үндэслэн тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийх мэдэгдэл ирүүлсэн тул Үнэлгээний хороо 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж,
- Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтэд хүүхэд хамгааллын бодлогын баримт бичиг ирүүлэхийг тусгайлан заагаагүй байхад энэ үндэслэлээр тендерт оролцогчдыг үнэлсэн нь буруу болсон байх тул Сангийн яамны гомдол хянан шийдвэр үндэслэл бүхий гэж үзэж, тендер шалгаруулалтын тендерийг дахин бүх шалгуураар хянан үнэлэхэд танай компаниас ирүүлсэн 1,099,020,224 (нэг тэрбум ерэн есөн сая хорин мянга хоёр зуун хорин дөрөв) төгрөгийн үнэ бүхий тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасны дагуу харьцуулах үнийн эрэмбээр 1 дүгээрт эрэмбэлэгдээгүй тул тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү мэдэгдлийг хүргүүлж байна. Тус тендерт “А*******” ХХК 918,475,280 (есөн зуун арван найман сая дөрвөн зуун далан таван мянга хоёр зуун ная) төгрөгийн үнэ бүхий тендер шалгарсан болно” гэж бидэнд мэдэгдсэн.
- Ингэхдээ гомдол гаргагч “А*******” ХХК-ийн зүгээс тус шийдвэртэй холбоотой гомдол гаргахдаа шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтэд хүүхэд хамгааллын бодлогын баримт бичиг ирүүлэхийг тусгайлан заагаагүй байхад тус үндэслэлээр тендерт оролцогчдыг үнэлсэн нь буруу болсон талаар гаргаж Сангийн яам тус гомдлыг хянаж үзээд тус гомдол үндэслэлтэй гэж үзэж, Захиалагчийн зүгээс тендер шалгаруулалтын тендерийг дахин бүх шалгуураар хянан үзээд “А*******” ХХК-г тендерт шалгаруулсан болно.
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар “Дараах нөхцөлийн аль нэг үүссэн бол оролцогчийг ерөнхий шаардлага хангаагүй гэж үзнэ” гэж заасан буюу өөрөөр хэлбэл худалдан авалтын ажиллагаанд оролцогчийн ерөнхий суурь шаардлагыг тусгаж өгсөн байдаг. Тус заалтын 7.1.10-т “Хүүхэд хамгааллын тухай хуулийн 30.4-т заасан хүүхэд хамгааллын бодлого батлаагүй хуулийн этгээд” буюу тус баримт бичигтэй эсэхээ нотолж чадаагүй бол 7.1-т заасан суурь шаардлагыг хангаагүй гэж үзэхээр зохицуулсан.
- Гэтэл Сангийн яам “А*******” ХХК-ийн гомдлыг хянахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Сангийн сайдын 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/105 дугаар тушаалын хавсралт “Үйлчилгээ авах тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг” зэргийн холбогдох зохицуулалтыг буруу хэрэглэж “Х*******” ХХК-ийн эрх ашгийг зөрчсөн нь дараах үйл баримтаар нотлогдож байна. Үүнд:
- Сангийн сайдын 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/105 дугаар тушаалын хавсралт “Үйлчилгээ авах тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг”-ийн 15 дугаар зүйлд “Хэрэв өгөгдлийн хүснэгтэд заасан бол хуулийн 7.1-д заасан ерөнхий шаардлагыг магадлахтай холбоотой баримт бичгийг хүргүүлнэ”, Мөн хоёрдугаар бүлгийн Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-15.2 хүснэгтээс харвал “Ерөнхий шаардлагыг магадлахтай холбоотой хуулийн 15.2-т зааснаас бусад нотлох баримт ирүүлэх эсэх: “Тийм” эсхүл “Үгүй” гэж бичих. Хэрэв тийм бол хуулийн 7.1-д заасан ерөнхий шаардлагыг магадлахад шаардлагатай баримт бичгийг жагсаан бичих” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл Захиалагчийн зүгээс тус өгөгдлийн хүснэгтийг “Тийм” гэж бөглөсөн бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7.1- т заасан ерөнхий шаардлагыг бүхэлд нь хянан үзэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл 7.1.10-т заасан “Хүүхэд хамгааллын бодлогын баримт бичгийг баталсан байх” шаардлагыг мөн хянан үзэх нь зүйтэй.
- Захиалагчийн зүгээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.З*******гийн баталсан “Үйлчилгээ авах тендер шалгаруулалтын баримт бичиг”-ийн өгөгдлийн хүснэгтийн бөглөхдөө “Тийм” гэж бөглөсөн атлаа хууль, болон Сангийн сайдын тушаалаар батлагдсан зааврыг зөрчиж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7.1-т заасан шаардлагыг тусгах бус харин эсрэгээрээ цахим системээр дамжуулан авах боломжтой мэдээллийг тусгасан нь алдаатай байна.
- Мөн энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7.3-т “Энэ хуулийн 7.1-д заасан нөхцөлийг магадлахтай холбогдох баримт бичиг ирүүлэхийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бол оролцогч Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын эрх бүхий байгууллагаас гаргуулан ирүүлнэ” гэж заасантай нийцэх бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зарласан тус тендерийн баримт бичигт хуулийн 7.1-д заасан нөхцөлийг магадлахтай холбоотой баримт бичиг ирүүлэхээр шаардсан байхад 7.1.10-т заасан “хүүхэд хамгааллын бодлогын баримт бичгийг баталсан байх” шаардлагыг “тусгайлан заагаагүй” гэх үндэслэлээр “А*******” ХХК-ийг шаардлага хангасан гэж үзэн шалгаруулсан нь хууль зүйн үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна
- Дээр дурдсан Захиалагчийн гаргасан алдаатай өгөгдлийн хүснэгтийн “А*******” ХХК-ийн зүгээс тус бодлогын баримт бичгийг ирүүлэхийг тусгайлан заагаагүй гэсэн гомдлыг Сангийн яам хянаж үндэслэлтэй гэсэн шийдвэр гаргасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Сангийн сайдын 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/105 дугаар тушаалын хавсралтыг буруу үнэлж хянасан болох нь тогтоогдож байна.
- Сангийн яам нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны байгууллагын хувьд үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-т заасан “Хуульд үндэслэх”, “Хууль ёсны итгэлийг хамгаалах” тусгай зарчмыг баримтлах ёстой байсан боловч тус зарчмыг зөрчин гомдлыг хангаж буруу шийдвэр гаргасан байна.
- Иймд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зарласан ШЕЗ/2026 дугаар “Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ” төсөл, арга хэмжээний тендерт “Х*******” ХХК-г шалгаруулсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 01/606 тоот шийдвэрийг хэвээр үлдээж, Сангийн яамны 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 03/6216 дугаартай “Гомдол хянасан тухай” хууль, журам, зааврыг буруу хэрэглэсэн шийдвэрийг хүчингүйд тооцож, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 01/742 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэрийг хүчингүйд тооцож өгнө үү” гэжээ.
Хоёр. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2.1. Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ““Х*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яам, Шүүхийн ерөнхий зөвлөлд тус тус холбогдох захиргааны хэрэгт “Сангийн яамны 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 03/6216 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүйд тооцуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад, бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: “Х*******” ХХК-аас 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 08/1525 тоот албан бичгээр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зарласан “Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ үзүүлэх” тендер шалгаруулалтад холбогдуулан гаргасан захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрөх тухай гомдлыг тус яаманд гаргасан.
2.2. Тус гомдлыг Сангийн яамнаас 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 03/6216 тоот албан бичгээр гомдол үндэслэлгүй байх тул тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн цааш үргэлжлүүлэх нь зүйтэй байна гэж шийдвэрлэсэн. “Х*******” ХХК-ийн гомдолд “захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон “А*******” ХХК-ийн материалд хуулийн 7.1.10-д заасныг хангаж байгаа нь нотлогдохгүй” гэж дурдсан.
2.3. Тендер шалгаруулалтын баримт бичигт хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.10 дахь заалтад заасан хүүхэд хамгааллын бодлого ирүүлэх гэж заагаагүй байх тул “А*******” ХХК тендерт батлагдсан хүүхэд хамгааллын бодлоготой эсэх талаар нотлох баримт ирүүлээгүй гэх гомдол үндэслэлгүй байна. Түүнчлэн “А*******” ХХК-ийн ирүүлсэн тендерийн маягт 1-д “Хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан нөхцөл үүсээгүй” гэж мэдэгдсэн байгаа нь хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Дараах нөхцөлийн аль нэг үүссэн бол оролцогчийг ерөнхий шаардлага хангаагүй гэж үзнэ: 7.1.10. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 30.4-т заасан хүүхэд хамгааллын бодлого батлаагүй хуулийн этгээд” гэж, 7.2 дахь хэсэгт “Оролцогч энэ хуулийн 7.1- д заасан нөхцөл үүссэн эсэх мэдэгдлийг бичгээр гаргана” гэж тус тус заасанд нийцсэн байна.
2.4 “Х*******” ХХК-ийн гомдолд “Тендерийн баталгаа хүчинтэй эсэх нь эргэлзээтэй, санал болгосон ажилтан нь сүүлийн нэг жил буюу 2025 онд тогтвортой ажилласан байх шаардлагыг хангаагүй” гэж дурдсан. Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1.2-т “Үйлчилгээ гүйцэтгэхэд шаардлагатай хүний нөөцийн мэдээлэл: “Шаардана” гэж, Эрүүл мэндийн даатгалын чиглэлээр хариуцсан мэргэжлийн эмчтэй байх. Сүүлийн нэг жил /2025 онд/ тогтвортой ажиллаж байгааг НД-8 маягтаар тухайн ажилтны нэрийг тодруулж ирүүлэх” гэж заасан байна. “А*******” ХХК тендерт эрүүл мэндийн даатгалын эмчээр М.И*******ийг санал болгосон байна.
2.5. Сангийн сайдын 2023 оны А/248 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах журам”-ын 2.5-д заасны дагуу захиалагч 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр А******* ХХК-ийн санал болгосон М.И*******ийн нийгмийн даатгалын тодорхойлолтыг шалгахад тус компанид “Даатгуулагчийн төрлийн код: 01001" буюу үндсэн ажилтнаар бүртгэгдсэн байна. Тус тендер шалгаруулалтын зарлалыг 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр худалдан авах ажиллагааны цахим системд нийтэлсэн байх бөгөөд “А*******” ХХК тендерт 2025 оны 02 дугаар сараас 2026 оны 2 дугаар сар хүртэл хугацааны М.И*******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа ирүүлснийг үндэслэн тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1.2-т заасан шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна.
2.6. Тус яам нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.8 дахь хэсэг болон Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-д заасны дагуу захиалагчаас ирүүлсэн холбогдох баримт материалд үндэслэн хянан үзсэн бөгөөд тус яамны 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 03/6216 тоот албан бичиг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул Сангийн яаманд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
2.7. Хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Тус зөвлөлөөс зарласан ШЕЗ/2026 дугаартай “Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ” үзүүлэх нээлттэй цахим тендер шалгаруулалтыг 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /tender.gov.mn/-ээр зарлаж, 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл хүлээн авч мөн өдрийн 09 цаг 30 минутад нээсэн.
2.8. Тендер нээх өдрийн байдлаар тус төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтад нийт 4 оролцогч тендер ирүүлсэн. Үүнд: “Х*******” ХХК 1,099,020,224 төгрөгөөр, “Б*******” ХХК 1,021,803,749 төгрөгөөр, “П*******” ХХК 991,798,941.60 төгрөгөөр, “А*******” ХХК 918,475,280 төгрөгөөр.
2.9. Уг төсөл арга, хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий үнэлгээний хороо 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 10:10 цагт тус тендерт оролцогч нарын тендерийг холбогдох хууль, журмын дагуу хянан үзэх, үнэлэх ажиллагааг хийж ШЕЗ/2026 дугаартай “Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ” үзүүлэх тендерийн гүйцэтгэгчээр хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн “Х*******” ХХК-ийг гүйцэтгэгчээр шалгаруулахаар шийдвэрлэж 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Захиалагчид зөвлөмж хүргүүлсэн.
2.10. Үнэлгээний хороо гэрээ байгуулах болон татгалзсан тухай мэдэгдлүүдийг 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /tender.gov.mn/-ээр үр дүнг нийтэлсэн. Гэвч “А*******” ХХК-ийн зүгээс ШЕЗ/2026 дугаартай “Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ” үзүүлэх тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэрийг эс зөвшөөрч Захиалагчийн шаардаагүй баримт бичиг ирүүлээгүй буюу хүүхэд хамгааллын бодлого батлаагүй гэж дүгнэн тендерийн ерөнхий шаардлага хангаагүй гэж тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг зөвшөөрөөгүй байх тул хянан үзэхийг хүссэн байна.
2.11. Үүний дагуу Сангийн яамнаас 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс тендер шалгаруулалтыг түдгэлзүүлж тус төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтын холбогдох материалыг 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ирүүлэх тухай мэдэгдэл ирүүлсэн бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороо тус төсөл, арга хэмжээний тендерийн материалыг Сангийн яаманд заасан хугацаанд нь хүргүүлсэн.
2.12. Монгол Улсын Сангийн яам тендерийг хянан үзээд тендер шалгаруулалтын баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 13.1-д “Оролцогч нь тендер шалгаруулалтын баримт бичгийн V бүлэг жишиг маягтаас аль шаардсан маягтыг дараах байдлаар ирүүлнэ”, 13.1.1-т “Хуулийн 21.1.3-т заасны дагуу худалдан авах ажиллагааны цахим системээр илгээнэ” гэж заасны дагуу худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-д “А*******” ХХК-аас ирүүлсэн тендер илгээх 1 дүгээр маягтын 2.1-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7.1-д заасан нөхцөл үүсээгүй” гэдгийг тоон гарын үсгээр баталгаажуулж ирүүлсэн байхад дээрх шаардлага хангаагүй гэж үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна гэж үзсэн.
2.13. Улмаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай 59 дүгээр зүйлийн 59.10-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг хянан үзэж, захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараах шийдвэр гаргана” гэж, 59.10.1-д “тендер шалгаруулалт, эсхүл захиалагчийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөлт оруулах” гэж заасныг үндэслэн захиалагчийн 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 01/606 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2-т “зөрчлийг арилган, тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэхийг даалгах” гэснийг үндэслэн тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийх мэдэгдлийг Сангийн яамны 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 03/4289 дүгээр албан бичгээр ирүүлсэн.
2.14. Тендерийг дахин үнэлсэн тухай: Үнэлгээний хороо 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж, тендер шалгаруулалтын тендерийг дахин хянаж үнэлсэн. Дахин үнэлж үзэхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “Оролцогч энэ хуулийн 7.1-д заасан нөхцөл үүссэн эсэх мэдэгдлийг бичгээр гаргана” гэж заасан бөгөөд Сангийн яамнаас гомдол хянан шийдвэрлэхдээ “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан нөхцөл үүсээгүй гэдгийг тоон гарын үсгээр баталгаажуулж ирүүлсэн байхад дээрх шаардлагад нийцээгүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна” гэсэн дүгнэлт нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр болсон гэж үнэлгээний хороо үзсэн.
2.15. Учир нь, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Дараах нөхцөлийн аль нэг үүссэн бол оролцогчийг ерөнхий шаардлага хангаагүй гэж үзнэ гэж заасан бөгөөд “А*******" ХХК-ийн зүгээс тендерийн өгөгдлийн хүснэгтэд заасны дагуу хуулийн 7.1-д заасан нөхцөл үүсээгүй гэдгээ илэрхийлж, албан бичгээр хавсаргасан, мөн тендерийн өгөгдлийн хүснэгтэд “Хүүхэд хамгааллын бодлого”-ын баримт бичиг хавсаргахыг тухайлан заагаагүй байжээ.
2.16. Ийнхүү тус төсөл арга хэмжээний гүйцэтгэгчээр 918,475,280 үнэ санал болгосон “А*******” ХХК-ийг тус төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчээр шалгаруулж гэрээ байгуулах болон татгалзсан тухай мэдэгдлүүдийг 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /tender.gov.mn/-ээр үр дүнг нийтэлсэн. Дээрх үнэлгээний хорооны 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “А*******” ХХК-г шалгаруулсан шийдвэрт “Х*******” ХХК-с 2026 оны 05 дугаар сарын 14-ны өдөр, “П*******” ХХК-с 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдөр тус тус Сангийн яаманд гомдол гаргасан тул тус төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлж тус тендер шалгаруулалтын холбогдох баримт материалыг 2026 оны 05 дугаар сарын 18 болон 20-ны өдрүүдэд багтаан ирүүлэх тухай Сангийн яамны 2026 оны 05 дугаар сарын 14, 18-ны өдрийн 03/5297, 03/5454 тоот албан бичгүүдийг Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн.
2.17. Үүний дагуу үнэлгээний хороо тус төсөл, арга хэмжээний тендерийн материалыг Сангийн яаманд заасан хугацаанд нь хүргүүлсэн. Сангийн яам гомдлыг хянан үзээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай 59 дүгээр зүйлийн 59.7-д “Захиалагчийг үйлдэл хийхгүй байхыг даалгасан, шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлснээс хойш гомдол хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд энэ хуулийн 24.1-д заасан хугацаа зогсоно” гэж заасны дагуу “Х*******” ХХК болон “П*******” ХХК-ийн зүгээс гаргасан гомдол үндэслэлгүй байх тул тухайн тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 03/6153 дугаар албан бичгээр хариуг Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн.
2.18. Иймд Үнэлгээний хороо гомдлыг Сангийн яам бүрэн хянан шийдвэрлэж дууссан даруй Сангийн яамны гомдлыг хянан үзэж шийдвэрлэсний дагуу тус тендерийн шаардлага хангасан “А*******” ХХК-тай гэрээ байгуулсан болно. Тус гэрээ байгуулагдах үед “Х*******” ХХК-тай байгуулсан даатгалын гэрээний хугацаа 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдөр дуусаж, нийт шүүгчдийн Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан даатгалтай байх нийгмийн баталгаа зөрчигдөх нөхцөл үүссэн байсан.
2.19. Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Х*******” ХХК-тай 2025 онд байгуулсан “Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ”-г 1 тэрбум 400 сая төгрөгийн хураамжтайгаар 1 жилийн хугацаатай байгуулсан. Даатгалын гэрээний хугацаанд 429,502,040 төгрөгийн нөхөн төлбөр олгосон байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Гурав. Гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
3.1. Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Сангийн яам нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасан эрх үүргийнхээ хүрээнд манай компанийн гомдлыг хянан шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон.
3.2. Харин нэхэмжлэгч нь хариуцагч Сангийн яамыг гомдлыг хянахдаа хууль болон “Үйлчилгээ авах тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг” зэргийн холбогдох зохицуулалтыг буруу хэрэглэж “Х*******” ХХК-ийн эрх ашгийг зөрчсөн гэжээ. Нэхэмжлэгчээс өгөгдлийн хүснэгтийн “ТШЗ 15.2-т “тийм” гэж бөглөсөн бол хуулийн 7.1-т заасан ерөнхий шаардлагыг бүхэлд нь хянан үзэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл 7.1.10-т заасан “Хүүхэд хамгааллын бодлогын баримт бичгийг баталсан байх” шаардлагыг мөн хянан үзэх нь зүйтэй” ТББ-ийн өгөгдлийн хүснэгтийг бөглөхдөө “Тийм” гэж бөглөсөн атлаа Сангийн сайдын тушаалаар батлагдсан загварыг зөрчиж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7.1-т заасан шаардлагыг тусгах бус харин эсрэгээрээ цахим системээр дамжуулан авах боломжтой мэдээллийг тусгасан нь алдаатай байна” гэсэн нь үндэслэлгүй болжээ.
3.3. Нэгдүгээрт. хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Тендер шалгаруулалтын баримт бичгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жишиг баримт бичиг, маягт, гэрээний нөхцөл болон холбогдох журам, аргачлалын дагуу боловсруулж, захиалагч батална” гэсний дагуу Сангийн сайдын Сангийн сайдын 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/105 дугаар тушаалын хавсралтаар баталсан жишиг бичиг баримтад нийцүүлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга тухайн тендерийн баримт бичиг (цаашид ТББ гэх)-ийг баталсан.
3.4. Уг ТББ-ын аль нэг хэсгийг хууль болон журам, жишиг баримт бичиг зөрчсөн талаар хуулийн 57, 58, 59 дүгээр зүйлд зааснаар гомдол, хүсэлт гарган шийдвэрлүүлсэн тохиолдол байхгүй. Нэхэмжлэгч ТББ-тэй холбоотой гомдол, санал, хүсэлт, тодруулга авч байгаагүй бөгөөд шүүхэд “ТШЗ 15.2-т хуулийн 7.1-д засан шаардлагыг тусгаагүй нь алдаатай болсон гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.
3.5. Хоёрдугаарт. Захиалагч ТББ-ыг Хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Оролцогч энэ хуулийн 7.1-д заасан нөхцөл үүссэн эсэх мэдэгдлийг бичгээр гаргана”, 7.3-т “Энэ хуулийн 7.1-д заасан нөхцөлийг магадлахтай холбогдох баримт бичиг ирүүлэхийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бол оролцогч Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын эрх бүхий байгууллагаас гаргуулан ирүүлнэ” гэж засан болон тендерийн баримт бичгийг дараах зүйл, хэсэг, заалтуудыг үндэслэл болгож боловсруулан баталсан.
3.6. Тодруулбал, захиалагчаас тухайн тендерт ирүүлэхийг шаардсан хоёр бичиг баримтыг тусгайлан заасны дагуу манай компаниас хүргүүлсэн, харин ирүүлэхийг заагаагүй баримтыг үндэслэн шаардлага хангасан эсэхийг хянан үзэх боломжгүй бөгөөд Сангийн яамнаас хянан шийдвэрлэсэн шийдвэр үндэслэл бүхий болсон. Захиалагч нь хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Захиалагч оролцогчийн ерөнхий шаардлагыг энэ хуулийн 7.2-т заасан мэдэгдэл, 7.3-т заасан баримт бичиг, 15.2-т заасан мэдээлэлд үндэслэн хянан үзнэ” гэсний дагуу манай тендерийг хянан үзэх ёстой талаар Сангийн яам зөв дүгнэсэн.
3.7. Захиалагчийн баталсан ТББ-ын ТШЗ 15.2-т Ерөнхий шаардлагыг магадлахтай холбоотой хуулийн 15.2-т зааснаас бусад нотлох баримт ирүүлэх эсэх: “Тийм” гэсэн тэмдэглэгээний утга агуулгыг жишиг бичиг баримтын ТШЗ 15.2-т “Тийм” эсхүл “Үгүй” гэж бичих. Хэрэв тийм бол хуулийн 7.1-д заасан ерөнхий шаардлагыг магадлахад шаардлагатай баримт бичгийг жагсаан бичих гэснээр тайлбарлан ойлгох бөгөөд уг агуулгаар захиалагч нь хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан 10 ерөнхий шаардлагаас аль шаардлагад холбогдох баримтыг ирүүлэхийг энэ хэсэгт жагсаан бичих ёстой юм.
3.8. Гэтэл нэхэмжлэгчээс “ТББ-т хуулийн 7.1-д заасан нөхцөлийг магадлахтай холбоотой баримт бичиг ирүүлэхийг шаардсан байхад 7.1.10-т заасан “хүүхэд хамгааллын бодлогын баримт бичгийг баталсан байх” шаардлагыг “тусгайлан заагаагүй” гэх үндэслэлээр “А*******” ХХК-ийг шаардлага хангасан гэж үзэж шалгаруулсан нь буруу” мэтээр хууль болон жишиг бичиг баримтыг өөрөө буруу ойлгон маргаан үүсгэсэн байна.
3.9. Хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт 10 ерөнхий шаардлагыг жагсааж эдгээр шаардлагуудыг хангасан эсэхийг нотлох баримт бичгээс аль тохирохыг ирүүлэхийг ТББ-т жагсаан бичих, ингэхдээ гүйцэтгүүлэх үйлчилгээний онцлог шинж, оролцогчид тавигдах холбогдох хууль тогтоомж, түүний зарчимд нийцсэн шаардлага, шалгуур үзүүлэлтийг өгөгдлийн хүснэгтэд тусгаж хэрэгжүүлдэг. Манай компанийн зүгээс хуулийн 7.2-т заасан шаардлагуудыг хангасан талаар тендерийг хянан үзэхэд шаардлагатай мэдэгдлүүдийг тендертээ хүргүүлсэн. Манай компани нь хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.10-т заасан шаардлагыг хангасан буюу хүүхэд хамгааллын бодлогыг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр баталсан байдаг.
3.10. Нэхэмжлэлийн үндэслэлд “Сангийн яам нь захиргааны байгууллагын хувьд үйл ажиллагаандаа хуульд үндэслэх, хууль ёсны итгэлийг хамгаалах тусгай зарчмыг зөрчин гомдлыг хангаж буруу шийдвэр гаргасан” гэх боловч хариуцагч Сангийн яамыг яг аль хуулийн аль зүйл, хэсэг, заалтыг зөрчиж эдгээр зарчмуудыг зөрчсөн болохыг тодорхой дурдаагүй, түүний “А*******” ХХК-ийн гомдлыг хянан шийдвэрлэсэн шийдвэрийн улмаас нэхэмжлэгч компанийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаар баримтаар нотлоогүй байна.
3.11. “Х*******” ХХК-ийг шалгаруулсан 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 01/606 дугаар шийдвэрийг хэвээр үлдээх буюу 2026 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 01/742 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: нэхэмжлэлийн үндэслэлд хариуцагч Сангийн яамны гомдол хянан шийдвэрлээд гаргасан шийдвэрийн үндэслэлийг маргаж байгаа боловч хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 01/742 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хууль зүйн үндэслэлтэйгээр маргаж буруутгаагүй, аль хэсэг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчсөн талаар үндэслэл дурдаагүй байгаа тул түүний хууль ёсны эсэхэд маргаагүй гэж үзэж байна.
3.12. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 01/742 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэгчийн хэвээр үлдээхийг хүссэн 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 01/606 дугаар шийдвэрийг хүчингүй болгосон хууль зүйн үндэслэлийг нэхэмжлэгч няцаан үгүйсгээгүй.
3.13. Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 01/742 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэрийн хууль зүйн үндэслэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасны дагуу харьцуулах үнийн эрэмбээр 1 дүгээрт эрэмбэлэгдээгүй тул тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.2 дахь хэсэгт заасны дагуу “Х*******” ХХК-ийн 1,099,020,224 төгрөгийн үнэ бүхий тендер шалгараагүй, харин “А*******” ХХК-ийн 918,475,280 төгрөгийн үнэ бүхий тендер шаларсан тухай мэдэгдлийг хүргүүлсэнтэй нэхэмжлэгч маргаагүй.
3.14. Хэрэв Захиалагч нь хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.2-т заасан үндэслэлгүйгээр 180,544,944 төгрөгөөр илүү үнэ бүхий тендер ирүүлсэн “Х*******” ХХК-ийг хамгийн сайн тендер гэж шалгаруулсанд тооцвол мөн хуулийн зорилго, 5 дугаар зүйлийн 5.1-д заасан “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх” зарчим алдагдах, цаашлаад Төсвийн тухай хууль зөрчигдөх нөхцөл бүрдэх юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхийг хүсье” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Нэхэмжлэгчээс 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зарласан ШЕЗ/2026 дугаар “Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ” төсөл арга хэмжээний тендерт “Х*******” ХХК-г шалгаруулсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 01/606 дугаар шийдвэрийг хэвээр үлдээх буюу 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 01/742 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах, Сангийн яамны 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 03/6216 дугаартай “Гомдол хянасан тухай” шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүйд тооцуулах” гэж тодорхойлж,
5. 2026 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 01/485 дугаартай “Х*******” ХХК-д хүргүүлсэн мэдэгдлийг хэвээр үлдээж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “А*******” ХХК-д хүргүүлсэн 01/741, мөн өдрийн “Х*******” ХХК-д хүргүүлсэн 01/742 дугаартай мэдэгдэл, Сангийн яамны 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 03/4289 дугаартай “Гомдол хянасан тухай” шийдвэр”-ийг тус тус хүчингүй болгуулах” гэж тодруулж,
6. Сангийн яамны 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 03/6216 дугаар “Гомдол хянасан тухай шийдвэр”-ийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан.
7. Шүүхээс дээрх нэхэмжлэлийн шаардлагуудын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, зарим шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, үлдэх нэхэмжлэлийн шаардлагуудыг дараах тогтоогдсон үйл баримт, үндэслэлүүдээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
8. Нэхэмжлэгчээс “...тендерийн ерөнхий шаардлагыг хангасан байх хүүхэд хамгааллын бодлогыг ирүүлээгүй гуравдагч этгээдийг ялагчаар шалгаруулсан нь хууль бус, тендерийн баримт бичигт тусгайлан ирүүлэхийг заагаагүй гэх гомдлыг үндэслэлтэй гэж хянасан Сангийн яамны гомдол хянасан тухай шийдвэр хууль бус” гэж, хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “...тендерийн үнэлгээний хорооноос шалгаруулсан компанид гэрээ байгуулах, нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан тухай мэдэгдлийг хүргүүлсэн нь хууль зөрчөөгүй...”, хариуцагч Сангийн яамнаас “...гомдлыг хянахдаа захиалагчаас ирүүлсэн тендерийн баримтад үндэслэсэн ба тендерийн баримтаар хүүхэд хамгааллын бодлого ирүүлэхийг шаардаагүй учир тендерийг дахин үнэлэхийг даалгасан нь үндэслэлтэй...”, гуравдагч этгээдээс “...Сангийн яамнаас манай компанийн гаргасан гомдлыг үндэслэлтэй хянасан ба үнэлгээний хороо хуульд нийцүүлж манай компанийг шалгаруулсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй...” гэж тус тус тайлбарлан маргасан.
Тогтоогдсон үйл баримт:
-
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 35 дугаартай “Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ үзүүлэх тендерийн Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаал(Хавтаст хэрэг 1-ийн 89 дэх талд)-аар Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг баталж, Үнэлгээний хорооны 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1 дүгээр хуралдаанаар “Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ” ШЕЗ/2026 дугаартай цахим тендерийн баримт бичиг(Хавтаст хэрэг 1-ийн 90-95 дахь талд)-ийг боловсруулсан.
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн Үнэлгээний хорооны 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2 дугаар хуралдаанаар “Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ” ШЕЗ/2026 дугаартай цахим тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар хуралдаж, тус тендер шалгаруулалтад “Х*******” ХХК-аас ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан(Хавтаст хэрэг 1-ийн 97-104 дэх талд).
- Захиалагч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 01/485 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг(Хавтаст хэрэг 1-ийн 69 дэх талд)-ээр “...“Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ” ШЕЗ/2026 дугаартай цахим тендерт танай компаниас ирүүлсэн 1,099,020,224 төгрөгийн үнийн санал бүхий тендер нь хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарсан тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасны дагуу 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гүйцэтгэлийн баталгаа ирүүлж гэрээ байгуулахыг үүгээр мэдэгдэж байна” гэж “Х*******” ХХК-д гэрээ байгуулах эрх олгож,
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 01/487 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг(Хавтаст хэрэг 1-ийн 107 дахь талд)-ээр “А*******” ХХК-д Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3, 28.2 дахь хэсэгт заасны дагуу татгалзсан тухай мэдэгдлийг хүргүүлж, тус компаниас 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 26/04-020 тоот албан бичиг(Хавтаст хэрэг 1-ийн 248-250 дахь талд)-ээр “Х*******” ХХК-аас ирүүлсэн тендерийг шалгаруулсан захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан.
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 01/606 тоот “Тодруулга хүргүүлэх тухай” албан бичиг(Хавтаст хэрэг 1-ийн 246 дахь талд)-ээр “Тус зөвлөлөөс зарласан ШЕЗ/2026 дугаартай “Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ” төсөл, арга хэмжээний цахим систем дэх үр дүнг оруулахдаа техникийн алдаа гарч дугааргүй, гарын үсэг зурж батлагдаагүй мэдэгдэл оруулсан байх тул захиалагчийн 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн батлагдсан мэдэгдлийг цахим системд залруулга болгон оруулсан...” тухай тендерт оролцогч нарт мэдэгдсэн байна.
- Гуравдагч этгээд “А*******” ХХК-аас гаргасан гомдлын дагуу Сангийн яамны 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 03/3662 тоот “Тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэх тухай” албан бичиг(Хавтаст хэрэг 1-ийн 110 дахь талд)-ийг захиалагч Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлж, 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 03/4289 тоот “Гомдол хянасан тухай” албан бичиг(Хавтаст хэрэг 1-ийн 111-112 дахь талд)-ээр “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн захиалагчийн 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 01/606 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтыг үндэслэн тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдье” гэж Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлсэн.
- Үүний дагуу Үнэлгээний хорооны 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 3 дугаар хуралдаан(Хавтаст хэрэг 1-ийн 115-119 дэх талд)-аар “А*******” ХХК-аас ирүүлсэн 918,475,280 төгрөгийн үнэ бүхий тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгож, 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 01/741 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг(Хавтаст хэрэг 1-ийн 113 дахь талд)-ийг “А*******” ХХК-д, 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 01/742 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг(Хавтаст хэрэг 1-ийн 114 дэх талд)-ээр “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасны дагуу харьцуулах үнийн эрэмбээр 1 дүгээр эрэмбэлэгдээгүй тул...” тендерээс нь татгалзсан мэдэгдлийг “Х*******” ХХК-д тус тус хүргүүлсэн.
- Уг хариуг эс зөвшөөрч нэхэмжлэгч “Х*******” ХХК-аас 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 06/1525 тоот “Гомдол гаргах тухай” албан бичиг(Хавтаст хэрэг 1-ийн 63-64 дэх талд)-ээр Сангийн яаманд хандсаныг тус яамны 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 03/6216 тоот “Гомдол хянасан тухай” албан бичиг(Хавтаст хэрэг 1-ийн 122-123 дахь талд)-ээр Х******* ХХК-аас гаргасан гомдлын дагуу захиалагч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хүргүүлсэн баримтад үндэслэн хянан үзээд “Х*******” ХХК-аас гаргасан гомдол үндэслэлгүй, захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байх тул тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн цааш үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэн Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлсэн байна.
- “А*******” ХХК-ийн тендерийг шалгаруулсантай холбоотойгоор захиалагч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тус компанитай “Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ”-г 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 00:00 цагаас, 2027 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 24:00 цаг хүртэл хугацаагаар байгуулсан(1 дүгээр хавтаст хэргийн 127-135 дахь талд).
Шүүхээс хийсэн дүгнэлт:
-
- Нэг. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шаардлагын тухайд: Нэхэмжлэгчээс 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зарласан ШЕЗ/2026 дугаар “Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ” төсөл арга хэмжээний тендерт “Х*******” ХХК-г шалгаруулсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 01/606 дугаар шийдвэрийг хэвээр үлдээх буюу 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 01/742 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах...гэж тодорхойлж байсан боловч, 2026 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 01/485 дугаартай “Х*******” ХХК-д хүргүүлсэн мэдэгдлийг хэвээр үлдээх” гэж тодруулсан.
- Нэхэмжлэгчээс эцсийн байдлаар тодорхойлсон шаардлага нь “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 01/485 дугаартай, “Х*******” ХХК-д хүргүүлсэн мэдэгдлийг хэвээр үлдээх” гэсэн агуулгатай байна.
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3-т зааснаар “нэхэмжлэл” гэдэг нь хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд гаргасан өргөдлийг хэлдэг бөгөөд мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д зааснаар захиргааны акт, гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох зэрэг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөнийг заавал зааж тодорхойлохыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол тухайн мэдэгдлийн улмаас зөрчигдөөгүй, харин ч эсрэгээрээ уг мэдэгдэл нэхэмжлэгчийн ашиг сонирхолд нийцэж байгаа тул түүнийг “хамгаалуулах” шаардлагагүй бөгөөд захиргааны хууль бус үйл ажиллагаанаас урган гарсан, шийдвэрлэгдвэл зохих нийтийн эрх зүйн маргаанд хамаарна гэж үзэх боломжгүй байна.
- Хоёрт, Хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т захиргааны хэргийн шүүхээс гаргаж болох шийдвэрийн төрлүүдийг(106.3.1-106.3.14) жагсаан заасан бөгөөд тэдгээрт: захиргааны акт, гэрээг хүчингүй болгох (106.3.1); илт хууль бус болохыг тогтоох (106.3.2); акт хэрэгжсэн ч хууль бус байсан болохыг тогтоох (106.3.3); акт гаргуулахыг даалгах, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох (106.3.4); эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох (106.3.5); төлбөрийн хэмжээг багасгах (106.3.6); хохирол гаргуулах (106.3.7); хэм хэмжээний актыг хүчингүй/хүчин төгөлдөр бус болохыг тогтоох (106.3.8) зэрэг болно. Эдгээрийн аль нь ч “хууль ёсны, хүчин төгөлдөр байгаа захиргааны актыг хэвээр үлдээх” хэлбэрийн шийдвэрийг агуулаагүй байна. Учир нь захиргааны хэргийн шүүхийн үндсэн үүрэг бол хууль бус захиргааны үйл ажиллагааг илрүүлж, түүнийг арилгах, эсхүл зохих акт гаргуулахыг шаардах замаар зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог бөгөөд энэхүү шаардлага нь үүнд нийцэхгүй байна.
- Иймд нэхэмжлэгчийн тодорхойлсон дээрх шаардлага нь нэг талаас хуульд заасан “захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэвэл зохих нийтийн эрх зүйн маргаан”-ы шинжийг агуулаагүй, нөгөө талаас Хуулийн 106 дугаар зүйлд жагсаасан, шүүхээс гаргаж болох аливаа хэлбэрийн шийдвэрт нийцэхгүй байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж тус тус заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Хоёр. Сангийн яамны 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 03/6216 дугаар “Гомдол хянасан тухай шийдвэр”-ийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тухайд:
-
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж зааснаар нэхэмжлэгч дээрх шаардлагаасаа татгалзаж байгаагаа илэрхийлж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй.” талаар тайлбарлаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д******* энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримтад гарын үсэг зурсан байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Гурав. Үлдсэн шаардлага болох Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “А*******” ХХК-д хүргүүлсэн 01/741, мөн өдрийн “Х*******” ХХК-д хүргүүлсэн 01/742 дугаартай мэдэгдэл, Сангийн яамны 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 03/4289 дугаартай “Гомдол хянасан тухай шийдвэр”-ийг тус тус хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
-
- Сангийн яамны 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 03/4289 дугаартай “Гомдол хянасан тухай шийдвэр”-ээр гуравдагч этгээд “А*******” ХХК-аас гаргасан гомдлыг хянаад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн захиалагчийн 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 01/606 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтыг үндэслэн тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд мэдэгдэж шийдвэрлэсэн байх ба энэ нь нэхэмжлэгчийг шалгаруулсан өмнөх шалгаруулалтыг хүчингүй болгосон үр дагаврыг үүсгэсэн байх тул шүүхээс захиргааны акт гэж үзэн хурлаар хэлэлцсэн болно.
- Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, захиалагчийн боловсруулж баталсан тендер шалгаруулалтын баримт бичиг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жишиг баримт бичиг, маягт, гэрээний нөхцөл болон холбогдох журам, аргачлалын дагуу боловсруулж захиалагч батална” гэж заасны дагуу Сангийн сайдын баталсан жишиг баримт бичигт үндэслэн боловсруулагдсан бөгөөд тендер зарлагдсан үеэс эхлэн түүний агуулга, шаардлагын талаар аль нэг оролцогч хуульд заасан журмын дагуу урьдчилан гомдол гаргаж өөрчлүүлэх хүсэлт тавиагүй, улмаар бүх оролцогч уг баримт бичгийн нөхцөлийг зөвшөөрч тендерт оролцсон болох нь тогтоогдож байна. Иймд тендерийн үнэлгээ хийхдээ тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан тендерийн баримт бичигт тусгагдсан шаардлагын хүрээнд үнэлгээ хийх нь худалдан авах ажиллагааны эрх зүйн тогтвортой байдал, оролцогчдын тэгш байдлыг хангах үндсэн нөхцөл зөрчигдөөгүй гэж үзэхээр байна.
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Дараах нөхцөлийн аль нэг үүссэн бол оролцогчийг ерөнхий шаардлага хангаагүй гэж үзнэ”, 7.1.10-д “Хүүхэд хамгааллын тухай хуулийн 30.4-т заасан хүүхэд хамгааллын бодлого батлаагүй хуулийн этгээд”, мөн зүйлийн 7.2-т “Оролцогч энэ хуулийн 7.1-д заасан нөхцөл үүсээгүй тухайгаа бичгээр мэдэгдэнэ” гэж, 7.3-т “Энэ хуулийн 7.1-д заасан нөхцөлийг магадлахтай холбоотой баримт бичиг ирүүлэхийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бол оролцогч Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын эрх бүхий байгууллагаас гаргуулан ирүүлнэ” гэж тус тус зохицуулжээ. Өөрөөр хэлбэл хууль тогтоогч ерөнхий шаардлагыг хангаж буйгаа мэдэгдэх үүрэг болон түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргийг ялгамжтайгаар зохицуулсан бөгөөд нотлох баримтыг заавал ирүүлэх эсэхийг захиалагч тендерийн баримт бичгээр урьдчилан тодорхойлох эрх хэмжээг олгосон байна.
- Эдгээр зохицуулалттай уялдан мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “захиалагч оролцогчийн ерөнхий шаардлагыг энэ хуулийн 7.2-т заасан мэдэгдэл, 7.3-т заасан баримт бичиг, 15.2-т заасан мэдээлэлд үндэслэн хянан үзнэ” гэж заасан нь захиалагч үнэлгээ хийхдээ тендерийн баримт бичигт урьдчилан шаардсан нотлох баримтын хүрээнээс хэтрэхгүй байх эрх зүйн зарчмыг баталгаажуулсан зохицуулалт гэж үзэхээр байна.
- Хэрэгт авагдсан тендерийн баримт бичгээс үзэхэд хүүхэд хамгааллын бодлогын баримт бичгийг тусгайлан ирүүлэх талаар шаардлага тавиагүй бөгөөд "А*******" ХХК нь тендерийн жишиг маягтын дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7.1-д заасан нөхцөл үүсээгүй тухай мэдэгдлийг тоон гарын үсгээр баталгаажуулан ирүүлсэн нь хуулийн 7.2 дахь хэсгийн шаардлагыг хангасан байна. Ийм нөхцөлд тендерийн баримт бичигт заагаагүй нэмэлт нотлох баримтыг ирүүлээгүй гэсэн үндэслэлээр оролцогчийг ерөнхий шаардлага хангаагүй гэж дүгнэх нь хуулийн 7.3 болон 26.2 дахь хэсгийн зохицуулалттай нийцэхээр байна. Нэхэмжлэгч нь хэдийгээр тендерийн баримт бичигт тусгайлан шаардаагүй хүүхэд хамгааллын бодлогын баримтыг тендертээ дээрх мэдэгдлийн хамт ирүүлсэн нь түүнд ямар нэг давуу байдал олгохооргүй байна.
- Нэхэмжлэгчийн тайлбарлаж буйгаар ТШЗ 15.2-т "Тийм" гэж тэмдэглэсэн нь хуулийн 7.1-д заасан бүх шаардлагыг нотлох бүх баримтыг ирүүлэхийг илэрхийлнэ гэсэн агуулгыг хууль болон тендерийн баримт бичигт заасан гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь тендерийн баримт бичигт "Тийм" гэж тэмдэглэсэн тохиолдолд шаардлагатай баримт бичгийг тусгайлан жагсаан бичихээр заасан бөгөөд энэхүү шаардлагыг захиалагч урьдчилан тодорхой заагаагүй бол тендерт оролцогч тухайн баримтыг ирүүлэх хууль зүйн үүрэг үүсэхгүй. Өөрөөр хэлбэл тендерийн үнэлгээний дараа урьдчилан тодорхойлоогүй шаардлага шинээр бий болгож оролцогчийг татгалзах үндэслэл бүрдэх бөгөөд энэ нь худалдан авах ажиллагаанд мөрдөгдөх ил тод, урьдчилан тодорхой байх, оролцогчдын тэгш боломжийг хангах хуулийн суурь зарчимд харшилна.
- Үүнд нийцүүлэн тендерийн баримт бичгийн 15-д “Ерөнхий шаардлагыг магадлахад шаардлагатай баримт бичиг”, 15.1-т “Оролцогч хуулийн 7.2-т заасан мэдэгдлийг V бүлгийн Маягт 1-ийн дагуу ирүүлнэ”, 15.2-т “Хэрэв өгөгдлийн хүснэгтэд заасан бол хуулийн 7.1-д заасан ерөнхий шаардлагыг магадлахтай холбоотой баримт бичгийг ирүүлнэ”, 15.4-т “Захиалагч оролцогчийн ерөнхий шаардлагыг магадлах зорилгоор зөвхөн ТШЗ-ны 15.2, 15.3-т заасан баримт бичгээс бусад баримт бичгийг ирүүлэхийг оролцогчоос шаардахгүй ба шаардлагатай бусад нөхцөлийг оролцогчийн ирүүлсэн мэдэгдэл, хуулийн 15.2-т заасан мэдээлэлд үндэслэн магадална” гэж зохицуулсан байх ба Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 15.2-т ерөнхий шаардлагыг магадлахтай холбоотойгоор хүүхэд хамгааллын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-т заасны дагуу баталсан хүүхэд хамгааллын бодлогыг ирүүлэхийг тусгайлан шаардаагүй байгаагаар тогтоогдож байна.
- Өөрөөр хэлбэл, захиалагчийн зүгээс тендерийн баримт бичигтээ оролцогчийн ерөнхий шаардлагыг магадлахдаа хүүхэд хамгааллын бодлогыг баталсан эсэхийг тусгайлан шаардахгүйгээр түүний ирүүлсэн мэдэгдэл, мэдээлэлд үндэслэн магадлахаар тогтсон, үүнтэй холбоотой гуравдагч этгээдийн гаргасан гомдлыг Сангийн яамнаас хянаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг хянан үзэж, захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараах шийдвэр гаргана”, 59.10.1-т “ тендер шалгаруулалт, эсхүл захиалагчийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөлт оруулах”, 59.10.2-т “зөрчлийг арилган, тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэхийг даалгах” гэж заасны дагуу захиалагчийг хууль зөрчсөн гэж үзээд шалгаруулалтын шийдвэрийг хүчингүй болгож, зөрчлийг арилган дахин үнэлгээ хийхийг даалгаж шийдвэрлэсэн Сангийн яамны 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 03/4289 дугаартай шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
- Үүний дараа Үнэлгээний хороо Сангийн яамны шийдвэрийг үндэслэн тендерийг дахин үнэлж, тендерийн баримт бичигт урьдчилан тогтоосон шалгуур болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д “Тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, ...тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ” гэж заасны дагуу харьцуулах үнийн эрэмбийн дагуу хамгийн бага үнээр шаардлага хангасан тендер ирүүлсэн "А*******" ХХК-ийг шалгаруулж, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана”, 28.1.1-д хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох, 28.1.2-т “шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хамгийн сан тендер ирүүлээгүй бусад оролцогчийн тендер шалгараагүй тухай мэдэгдэх”, 28.2-т “Энэ хуулийн 28.1.2, 28.1.3-т заасан шийдвэрт түүний тендер шалгараагүй, эсхүл татгалзсан үндэслэлийг болон гэрээ байгуулах эрх олгосон хэргийн оролцогчийн нэр, гэрээ байгуулах үнэ зэргийг зааж оролцогч тус бүрд нэгэн зэрэг мэдэгдэнэ” гэж заасны дагуу гуравдагч этгээдэд гэрээ байгуулах тухай, нэхэмжлэгчид тендерээс татгалзсан тухай мэдэгдлийг 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 01/741, 01/742 дугаартай албан бичгээр тус тус хүргүүлсэн нь Сангийн яамны хууль ёсны шийдвэрийг хэрэгжүүлж, тендерийн үнэлгээний хорооны гаргасан зөвлөмжид үндэслэн хуульд заасан шийдвэрийг гаргасан байна.
- Нэхэмжлэгчээс Сангийн яам Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх болон хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчсөн гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар Сангийн яам нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйл болон холбогдох журмын хүрээнд захиалагчаас ирүүлсэн баримтыг үндэслэн гомдлыг хянан шийдвэрлэсэн нь тогтоогдож байх тул уг шийдвэрийг хууль бус гэж дүгнэх үндэслэлгүй.
- Иймд Сангийн яамны 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 03/4289 дугаартай "Гомдол хянасан тухай" шийдвэр, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргасан 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 01/741, 01/742 дугаартай мэдэгдлүүдийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул эдгээр захиргааны актуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
- Нэхэмжлэгч нь тендерийн үнэлгээний хорооны шийдвэр, хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөл, гуравдагч этгээд нарын хооронд байгуулагдсан гэрээтэй маргахгүй, зөвхөн дээрх мэдэгдэл, Сангийн яамны гомдол хянасан шийдвэрийн хүрээнд маргана гэж илэрхийлсэн ба шүүхийн зүгээс нэхэмжлэгчийн тодорхойлсон шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх зарчмыг баримталж хэлэлцэн шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3, 26 дугаар зүйлийн 26.2, 28 дугаар зүйлийн 28.1, 28.1.1, 28.1.2, 59 дүгээр зүйлийн 59.10, 59.10.1, 59.10.2-т заасныг баримтлан Х******* ХХК-аас Шүүхийн ерөнхий зөвлөл, Сангийн яаманд холбогдуулан гаргасан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “А*******” ХХК-д хүргүүлсэн 01/741, мөн өдрийн “Х*******” ХХК-д хүргүүлсэн 01/742 дугаартай мэдэгдэл, Сангийн яамны 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 03/4289 дугаартай “Гомдол хянасан тухай шийдвэр”-ийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан тодорхойлсон “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 01/485 дугаартай “Х*******” ХХК-д хүргүүлсэн мэдэгдлийг хэвээр үлдээх" нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс Сангийн яаманд холбогдуулан гаргасан “Сангийн яамны 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 03/6216 дугаар гомдол хянасан тухай шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
- 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ