Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2017/00519

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2017/00519

 

 

 

Б.Мөнхмандахын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШШ2016/01553 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Мөнхмандахын нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Пүрэвдаш

Хариуцагч П.Түвшинжаргал нарт холбогдох

 

Бэлэглэлийн гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, өмнөх өмчлөгч буюу нөхөр П.Түвшинжаргалын нэр дээр орон сууц болон автомашины зогсоолын өмчлөх эрхийг буцаан шилжүүлж, Д.Пүрэвдашийн өмчлөх эрхийг хүчингүй болгох тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Мөхмандах

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баасансүрэн

Хариуцагч П.Түвшинжаргал

Хариуцагч Д.Пүрэвдашийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүх

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Мөнхмандах шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2010 онд П.Түвшинжаргалтай гэр бүл болж, 2013 онд гэрлэлтээ батлуулсан. Нөхөр 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гэрээсээ яваад ор сураггүй алга болж, 3 сарын дугаар 03-ны өдөр Америкт очсон байна гэж мэдэгдсэн. Түүнээс хойш бид тусдаа амьдарч байна. 2014 онд гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэл шүүхэд гаргаж шүүх хэргийг хянан шийдвэрлэх үед би жирэмсэн болсноо мэдээд нөхөр бид хоёр эвлэрч шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон. 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нөхөр бид хоёр орон сууцны хамтран өмчлөгч хасуулах хэлцэл хийж, гэрлэлтээ цуцлуулж, дундын өмчлөлөөс татгалзаж, нэг хүний өмч болгохоор болзол тавьж хэлцэл хийсэн, би Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 20 дугаар байрны 22 тоот 3 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөс хасагдаж, Олимп хотхоны 2 өрөө орон сууцыг авахаар тохиролцсон байсан ч бид гэрлэлтээ цуцлуулахгүйгээр эвлэрсэн тул бидний тавьсан болзол биелэгдээгүй. Гэтэл П.Түвшинжаргал энэ гэрээг үндэслэн бидний хамтран өмчилж байсан 3 өрөө орон сууцыг эцэг Д.Пүрэвдашийн өмчлөлд шилжүүлсэн байна. Нэгэнт гэрлэлт цуцлуулах үйл явдал болоогүй учраас би эргээд энэ 3 өрөө орон сууцны өмчлөгч болох ёстой. Д.Пүрэвдаш, П.Түвшинжаргал нарын 2015 оны 2 дугаар сард байгуулсан орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү. П.Түвшинжаргал бид хоёрыг дээрх гэрээг хийхээс өмнө хариуцагч нар 20 дугаар байрны доор байх автомашины 2 зогсоолыг П.Түвшинжаргалаас Д.Пүрэвдашийн өмчлөлд бэлэглэлийн гэрээ байгуулан шилжүүлсэн байгаа бөгөөд энэ авто зогсоол нь П.Түвшинжаргал бид хоёрын гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө, хэний нэр дээр байгаагаас үл шалтгаалаад гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд тооцогддог. Гэр бүлийн дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатчаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авалгүйгээр энэ гэрээг байгуулсан байх тул мөн хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө уү. Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон ч гэсэн Олимп хотхоны 2 өрөө орон сууцыг би эргүүлж өгөх ёсгүй. Энэ байр нөхөр бид хоёрын хөрөнгө, банкны зээлээр авсан. Иймд хариуцагч нарын хооронд 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 20 дугаар байрны зоорийн давхарт байрлах автомашины 55, 56 дугаар зогсоолуудын бэлэглэлийн гэрээ, 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан орон сууцны бэлэглэлийн гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, өмнөх өмчлөгч буюу нөхөр П.Түвшинжаргалын нэр дээр орон сууц болон автомашины зогсоолын өмчлөх эрхийг буцаан шилжүүлж, Д.Пүрэвдашийн өмчлөх эрхийг хүчингүй болгож өгнө үү. Нөхөр П.Түвшинжаргал миний зөвшөөрлийг авахгүйгээр бэлэглэлийн гэрээ байгуулсан байх тул Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэжээ.

 

Хариуцагч Д.Пүрэвдаш нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний хүү П.Түвшинжаргал Б.Мөнхмандахтай танилцан 2 гэрээрээ амьдарч байхад нь би Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 12 дугаар байрны 72 тоот 2 өрөө орон сууцыг худалдан авч өгсөн. 2012 онд Б.Мөнхмандах миний хүүгээс салаад уг байрны өөрт ногдох хэсгийг нөхөртөө худалдаад, хүүхдүүдийнхээ овгийг солиод явсан. Нэг жилийн дараа эргэж ирж хамт амьдарч, байрны өмчлөх эрхийн гэрчилгээнд нэрийг нь оруулсан. Баянзүрх дүүргийн 13 дугаар хороололд байх 3 өрөө орон сууцаа худалдаад Алтай хотхонд 3 өрөө орон сууц худалдан авч П.Түвшинжаргал, Б.Мөнхмандах нарын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг нь авсан. Баянзүрх дүүргийн 3 өрөө орон сууцыг худалдахад Б.Мөнхмандах зөвшөөрлөө Хуулийн дагуу өгч, Ц.Бүрэнбаатар гэдэг хүнд худалдаад Голомт банкны зээлийн үлдэгдлийг төлж, үлдсэн мөнгөөр нь Алтай хотхоны байрны урьдчилгааг төлж, 3 өрөө байр, 2 авто зогсоол авсан. П.Түвшинжаргал Америкийн нэгдсэн улс руу явсан ба 2014 оны 10 дугаар сард эхнэр, хүүхдээ авах зорилгоор Монголд ирсэн. Виз гаргуулаад явахаар болж байтал Б.Мөнхмандах нөхөртэйгээ муудаж 2 өрөө байр, приус маркийн автомашин өгвөл саллаа гэж хүүд хэлсэн байхаар нь Алтай хотхоны 20 дугаар байрны 22 тоот орон сууцыг миний нэр дээр шилжүүлээд Олимп хотхонд авахаар захиалсан байсан 2 өрөө орон сууцны төлбөрийг төлж Б.Мөнхмандахад шилжүүлж өгсөн. 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр орон сууцны хамтран өмчлөгчөөс хасуулах хэлцлийг П.Түвшинжаргал, Б.Мөнхмандах нар хийсэн, энэ хэлцэл болзол тавьж хийсэн хэлцэл биш. Талууд уг гэрээнд гэрлэлтээ цуцлуулж, дундын өмчийн эд хөрөнгөө хуваах, байраа нэг хүний өмчлөлд болгоно гэж тохиролцоод энэ өдрөөс хойш Иргэний хуулийн 128.1 дэх хэсэгт заасан эрх дуусгавар болно гэж гэрээндээ тодорхой заасан. Түүнээс гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд гэх зэргээр болзол тавьж тохиролцоогүй. Энэ хэлцлийг үндэслэн П.Түвшинжаргал, Д.Пүрэвдаш нарын хооронд орон сууцны бэлэглэлийн гэрээ хийгдсэн. Орон Сууны өмчлөлөөс хасуулах хэлцэл хүчин төгөлдөр. Уг хэлцлийн үндсэн дээр хийсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлгүй. Хүчин төгөлдөр бус гэж тооцсон тохиолдолд Б.Мөнхмандахад өгсөн 2 өрөө орон сууцыг яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Б.Мөнхмандах, П.Түвшинжаргал нар 2013 онд гэрлэлтээ батлуулсан. Энэ үеэс хойш гэр бүлийн гишүүн болох нөхөр, эхнэрийн эрх, үүрэг үүссэн. Орон сууцны өмчлөгчөөс хасуулах хэлцлийг болзол тавьж хийгээгүй, Б.Мөнхмандах хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсгээ зурсан учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч П.Түвшинжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Идэрхангай шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Мөнхмандахын 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн орон сууц хамтран өмчлөлөөс хасуулах хэлцэл хууль ёсны өөрийн хүсэл зоригоо илэрхийлж хийсэн, хууль ёсны хэлцэл билээ. Иймд хууль зөрчиж хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нь хуульд нийцэхгүй байна. Мөн П.Түвшинжаргал нь өөрийн хуваарьт өмчөө эцгийнхээ нэр дээр шилжүүлж өгсөн хууль ёсны үйлдэл гэдэг нь харагдаж байдаг. Өөрөөр хэлбэл Б.Мөнхмандах нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх заасан тухайн орон сууцыг эзэмших ашиглах захиран зарцуулахад гэр бүлийн бусад гишүүдтэй адил эрх эдэлж үүрэг хүлээх эрх нь дуусгавар болсон гэсэн үг. Энэ талаар хэлцэлд тодорхой заасан байдаг. Мөн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны 430-7-35 тоот сууцыг Б.Мөнхмандахын өмчлөлд шилжүүлээд хөрөнгийн асуудлаа бүр мөсөн шийдвэрлэсэн байдаг. Энэ байрыг шилжүүлж авснаар дундын өмчлөлийн асуудлаа дуусгавар болгосон гэсэн үг юм гэжээ.

Шүүх Иргэний хуулийн 56 дугаар 56.1.8, 56.5, 126 дугаар зүйлийн 126.2.4-т заасныг баримтлан хариуцагч П.Түвшинжаргал, Д.Пүрэвдаш нарын 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан автомашины 2 зогсоолыг бэлэглэсэн 2 тусдаа бэлэглэлийн гэрээ, 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан орон сууц бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, уг гэрээнүүдийн дагуу шилжүүлсэн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 20 дугаар байрны 22 тоотод байрлах, 85.65 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц болон 55, 56 дугаар бүхий автомашины зогсоолуудын өмчлөх эрхийг хариуцагч П.Түвшинжаргалын нэр дээр буцаан шилжүүлж, хариуцагч Д.Пүрэвдашийн өмчлөх эрхийг хүчингүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Мөнхмандахаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Түвшинжаргал, Д.Пүрэвдаш нараас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч С.Гансүх давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:...Маргаж буй 3 өрөө орон сууц нь эхнэр Б.Мөнхмандах, нөхөр П.Түвшинжаргал нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байсан, үүнтэй маргахгүй. 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлээр эхнэр Б.Мөнхмандах нь өмчлөх эрхээсээ татгалзсан, өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 128 дугаар зүйлийи 128.2 дахь хэсэгт заасны дагуу бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрөл гэж ойлгогдоно. Нөгөө талаас хамтран өмчлөгч хасуулах хэлцэлд: Хамтран өмчлөгчөөс хасагдаж буй миний хувьд 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт заасан орон сууц эзэмших, ашиглах, захиран зарцуулахад гэр бүлийн бусад гишүүнтэй адил эрх эдэлж, үүрэг хүлээх эрх дуусгавар болно гэж бичжээ.

Нэхэмжлэгч Б.Мөнхмандах сайн дураараа, хүсэл зоригоо илэрхийлэн, хэн нэгний дарамт шахалтгүйгээр Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл байгуулж, гарын үсгээ зурсан, өнөөдрийг хүртэл хэлцэлтэй маргаагүй.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Мөнхмандахын маргаж буй 3 өрөө орон сууцтай холбоотой өмчлөх эрх дуусгавар болсны дараа 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч П.Түвшинжаргал нь ганц хүний өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан байдаг. Үүний дараа буюу 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хийгдсэн бэлэглэлийн гэрээгээр маргаж буй орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авч, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулж өмчлөх эрхээ баталгаажуулсан .

Хариуцагч Д.Пүрэвдашийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хувьд 3 өрөө орон сууцыг эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбоотой шаардлага гаргах эрх Б.Мөнхмандахад байхгүй гэж үзэж байна. Учир нь өмчлөх эрх олж авч байгаа этгээдийг өмчлөгчөөр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэсэн цаг мөч нь шийдвэрлэх ач холбогдолтой байдаг.

Эдгээрийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 3 өрөө орон сууцтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх тухайн маргаанд хамааралтай хуулийн зохицуулалтыг оновчтой баримтлаагүй, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шийдвэрлээгүй орхигдуулсан байх тул уг үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн шаардлагын агуулгын хүрээнд өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч Б.Мөнхмандах нь хариуцагч П.Түвшинжаргал, Д.Пүрэвдаш нарт холбогдуулан хариуцагч нарын хооронд 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан автомашины 2 зогсоолыг бэлэглэсэн 2 гэрээ, 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан орон сууц бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, өмнөх өмчлөгч болох П.Түвшинжаргалын нэр дээр орон сууц болон авто зогсоолын өмчлөх эрхийг буцаан шилжүүлж, Д.Пүрэвдашийн өмчлөх эрхийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрөн маргажээ.

 

Б.Мөнхмандахын гаргасан нэхэмжлэл нь хэдийгээр Д.Пүрэвдаш, П.Түвшинжаргал нарын хооронд байгуулсан орон сууц болон авто зогсоол бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзэхэд нэхэмжлэгч Б.Мөнхмандах нь хариуцагч П.Түвшинжаргалыг гэр бүлийн гишүүдийн дундын өмчийн эд хөрөнгийг захиран зарцуулахдаа гэр бүлийн гишүүдийн зөвшөөрлийг аваагүй учир өмчлөлийг буцаан сэргээх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Б.Мөнхмандах П.Түвшинжаргал нар 2010 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр гэр бүл болж, 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлжээ.

/хэргийн 1 дүгээр хавтас 5 дугаар тал/

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний Y2205048491 дугаартай гэрчилгээний хуулбар болон талуудын тайлбараас үзэхэд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Алтай хотхоны 20 дугаар байрны 22 тоот 85.65 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг гэрлэгчид худалдан авч хууль ёсны өмчлөгч болсон байна.

/ хэргийн 2 дугаар хавтас 119 дүгээр тал/

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2 дугаар шүүхэд нэхэмжлэгч Б.Мөнхмандах нь гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэл гаргасан үедээ буюу 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл тухай хэлцэл байгуулагдаж, уг хэлцлээр гэрлэлтээ цуцлуулж, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Алтай хотхоны 20 дугаар байрны 22 тоот 85.65 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг нэг хүний өмч болгохоор тохирч, уг байрны өмчлөгчөөс хасагдагч нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны 430-7-35 тоот орон сууцыг өөрийн өмчлөлд орон сууцны захиалан бариулах гэрээний дагуу 100% шилжүүлэн авахаар тохиролцсон байсан боловч Дүүргийн Иргэний хэргий анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 6049 дугаартай захирамжаар гэрлэгчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

/ хэргийн 1 дүгээр хавтас 13,14 дугаар тал/

 

Хариуцагч П.Түвшинжаргал нь дээрх хэлцлийг үндэслэн 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Бэлэглэлийн гэрээ-гээр өөрийн төрсөн эцэг Д.Пүрэвдашид Баянгол дүүргийн Алтай хотхоны 20 дугаар байрны 22 тоот 85.65 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг, 2014 оны 3 дугаар арын 18-ны өдрийг бэлэглэлийн гэрээгээр Баянгол дүүргийн Алтай хотхоны 20 дугаар байрны 22 тоотод байрлах 18 м.кв талбайтай 56 тоотод байрлах 18м.кв талбайтай авто зогсоолуудыг тус тус бэлэглэсэн байх бөгөөд Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр Д.Пүрэвдаш нь дээрх байрны өмчлөгчөөр бүртгэгдсэн байна.

/ хэргийн 2 дугаар хавтас 127-130, 135-143, 144-147 дугаар тал/

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.Мөнхмандах, хариуцагч Д.Пүрэвдаш нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрч Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 6049 дугаартай захирамжаар гэрлэгчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон, энэ талаар гэрлэгчид маргаагүй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу гэрлэлтийг шүүхийн журмаар цуцлах үед мөн хуулийн 14.5 дахь хэсэгт зааснаар хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах талаар харилцан тохиролцож болно.

 

Иймд гэрлэгчдийн хооронд 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдөр байгуулсан Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл-ийн агуулгаас үзэхэд Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэрлэлт цуцалсны дараа хэрхэн хуваах талаар мөн хуулийн 130.2 дахь хэсэгт заасны дагуу хийсэн тохиролцоо гэж үзэхээр байна. Иймд уг хэлцэл нь хэлцэлд гэр бүл цуцалсан шүүхийн шийдвэрийн хамт хүчин төгөлдөр болох учиртай тул уг хэлцэлд үндэслэн Алтай хотхоны 20 дугаар байрны 22 тоот 85.65 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс хасагдсан нь хариуцагч П.Түвшинжаргалын дангаар өмчлөх эд хөрөнгө болсон гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Анхан шатны шүүх зохигчдын маргааны зүйл болж буй орон сууц, 2 ширхэг авто зогсоол нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж дүгнэн Гэр бүлийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь зааснаар хариуцагч П.Түвшинжаргал нь хамтран өмчлөх дундын үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа нэхэмжлэгч Б.Мөнхмандахын зөвшөөрлийг аваагүйн улмаас уг хэлцэл хүчин төгөлдөр бус байх талаар хийсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Гэр бүлийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.3 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүдийн зөвшөөрөл аваагүй хийсэн хамтран өмчлөх дундын хөрөнгийг захиран зарцуулах тухай хэлцэл хүчин төгөлдөр бус байх учиртай гэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлээр хариуцагч П.Түвшинжаргал, Д.Пүрэвдаш нарын хооронд 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан Алтай хотхоны 20 дугаар байрны 22 тоот 85.65 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, тус байрны 55, 56 тоотод тус тус байрлах тус бүр 18 м.кв талбайтай 2 ширхэг авто зогсоолыг Д.Пүрэвдашийн өмчлөлд шилжүүлсэн Бэлэглэлийн гэрээ -нүүд нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзжээ.

 

Нэхэмжлэгч Б.Мөнхмандах нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч П.Түвшинжаргал, Д.Пүрэвдаш нараас хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд мөн хулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн орон сууцыг Б.Мөнхмандах, П.Түвшинжаргал нарын гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө болохыг тогтоох хууль зүйн үндэслэлтэй.

 

Иймд хариуцагч Д.Пүрэвдашийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгч Б.Мөнхмандах нь хариуцагч Д.Пүрэвдашийн өмчлөлийн 3 өрөө орон сууцыг эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбоотой шаардлагыг гаргах эрхгүй гэсэн үндэслэлээр давж заалдсан гомдлыг хангах боломжгүй юм.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Мөнхмандах, хариуцагч П.Түвшинжаргал нарыг маргааны зүйл болж буй орон сууц, 2 ширхэг авто зогсоолын өмчлөгчөөр буцаан тогтоогоогүй байх тул уг үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШШ2016/01553 дугаар шийдвэрийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан П.Түвшинжаргал, Д.Пүрэвдаш нарын хоронд 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Алтай хотхоны 20 дугаар байрны доор байрлах автомашины 2 зогсоолыг бэлэглэсэн 2 тусдаа Бэлэглэлийн гэрээ, 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан Орон сууц бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Алтай хотхоны 20 дугаар байрны 22 тоот 85.65 мкв талбайтай 3 өрөө орон сууц, мөн хаягт байрлах 20 дугаар байрны зоорийн давхарт байрлах 55, 56 тоот, тус бүр 18 м.кв талбайтай 2 ширхэг авто зогсоолыг нэхэмжлэгч Б.Мөнхмандах, хариуцагч П.Түвшинжаргал нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тус тус тогтоосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Д.Пүрэвдашийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүхээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

Ц.ИЧИНХОРЛОО