Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2019/00084

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2019/00084

 

 

 Г ӨХХК-ийн нэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

 

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/02044 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч  Г ӨХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Тт холбогдох,

 

Компанид учруулсан хохирол 26 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл нар оролцов.

 

 

 

Нэхэмжлэгч  Г ӨХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Ч.Т нь манай компанид 2013 оноос эхэлж жолооч операторын ажилтнаар ажиллаж байсан. Компанид удаан ажилласан сайн ажилтны нэг байсан тул 2016 онд хөдөлмөрийн гэрээг нь шинэчлэн байгуулж, итгэл хүлээлгэж шинээр худалдан авсан трэйлерийг хариуцуулан өгч, 2017 оноос Улаанбаатар хот, уурхайн хооронд трэйлер барьж ажиллах нөхцөл боломжоор хангаж цалинг нь 1 500 000 төгрөгөөр тооцон олгосон. Гэтэл 2018 оны 08 дугаар сард уурхай дээр ажил зогсож яаралтай явж ажиллах удирдлагын үүрэг даалгаврыг биелүүлэхгүй, улмаар Ч.Тийн хариуцан ажиллаж байсан ...УНМ дугаартай трэйлерийг 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүрэг, 6 дугаар хороонд байрлах манай А хоёр бетон зуурмаг ХХК-ийн хашаанд байхад нь хуулийн зөвлөх .......... нарт хүлээлгэн өгсөн гэх боловч тухайн үед Ч.Т, механик ........ нар үгсэн тохиролцож дээрх трэйлерийн хөл гэж итгүүлэн хуучирсан, ямар ч ашиглах боломжгүй, огт өөр трэйлерийн эвдэрхий, зэвэрсэн, 1 ширхэг өрөөсөн хөл, мөн порчикгүй трэйлэр хүлээлгэж өгснийг хожим нь мэдсэн. Тус үйлдвэрийн хашаанд байгаа эвдэрсэн хөл нь манай компанийн 31-46УНМ улсын дугаартай трэйлерийн хөл огт биш бөгөөд хөлийг Ч.Т алга болгосон буюу хүлээлгэж өгөөгүй.

 

Мөн 2018 оны 05 дугаар сарын 18-аас 08 дугаар сарын 04-ний өдрийн хугацаанд 10 удаагийн шилжүүлгээр уурхайд ажиллах сэлбэг, түлш худалдан авах болон компанийн бусад зориулалтаар санхүүгээс 5 015 000 төгрөгийг шилжүүлэн авсан боловч зардлаа хэрхэн гаргаснаа батлаагүй, баримтаа санхүүд өгөөгүй завшсан зэрэг зөрчил дутагдал илэрсэн. Иймд Ч.Т нь 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр уурхай руу яваагүйн улмаас жолоочгүй 7 хонож, хөрс хуулалтын ажил зогсож хохирсон хохирол 8 985 000 төгрөг, ...УНМ трэйлерийн хөлийн зах зээлийн ханш 7 000 000 төгрөг, трэйлерийн порчик 5 000 000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 18-аас 08 дугаар сарын 04-ний өдөр хүртэл санхүүгээс авсан бараа материалын үнэ 5 015 000 төгрөг, нийт 26 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.Тийн тайлбарт: 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр захирал Г.Наранзул уурхайд очиж өөрөө буулгагч самосвол машин барьж тэнд ажилла гэсэн үүрэг даалгавар өгсөн. Миний жолоодох эрхийн оноо дууссан, жолооны эрхгүй байгаагаа хэлсэн ба 9 сард жолооны эрхээ сэргээлгэсэн. Гэтэл 2018 оны 08 дугаар сард 88190969 дугаараас захирал Г.Наранзул нь удирдлагынхаа урдаас их зан гаргаж ёс зүйгүй аашилсан ажлаас халагдсан тушаалаа ирж аваарай гэсэн зурвас илгээсэн байсан. Ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон ба ажлаас халагдсан тушаалаа авах гэж утсаар холбогдсон боловч ажлын байр нь нүүгээд олдоогүй. Одоог хүртэл ажлаас халагдсан тушаалаа аваагүй. Нэхэмжлэлд дурдаж буй трэйлер /чиргүүл/ нь ...ГЧ улсын дугаартай, ...УНМ улсын дугаартай Норд бенз чирэгч толгой юм. Дээрх толгой болон чиргүүлийг надад албан ёсоор хүлээлгэж өгөөгүй. Трэйлер ...ГЧ улсын дугаартай чиргүүл нь Ганхөлөг хурд ХХК-ийн өмч, ...УНМ улсын дугаартай Норд бенз чирэгч машин нь А2 бетон зуурмаг ХХК-ийн өмч юм. Тухайн чирэгч толгой, чиргүүлээр 2017 оны 11 дүгээр сард Булганы Бүрэгхангай сумаас Улаанбаатар хот руу Хюндай 520 маркийн 53тн-ын эксковатор ачиж замын нөхцөл байдал хүнд цас ихтэй байснаас цасанд сууснаас 60 гаруй км зам туулах явцдаа 3 удаа буулгаж, 3 удаа ачих явцад чиргүүлийн хөл нь өөрийн хүчин чадлаас хүнд техник хэрэгсэл ачсанаас эвдэрсэн. Уг чиргүүл нь 40 тн ачаа ачих хүчин чадалтай БНХАУ-ын хувийн үйлдвэрийн чиргүүл. Тухайн эвдрэл гарах үед  Г ӨХХК-ийн уурхайн механик Р.... хамт явж байсан. Улаанбаатар хотод ирэхэд  Г ӨХХК-ийн захирал ....., ерөнхий механик Г.Эрдэнэбат нар ирж танилцан хамт А2 бетон зуурмаг ХХК-ийн Баянгол дүүрэгт байрлах үйлдвэрийн хашаанд буулгасан. Тус компани нь 2017 оны 05 дугаар сард иргэн н.Ганбаатараас импортоор орж ирээд 2 жил ашигласан чиргүүлийг 33 000 000 төгрөгөөр худалдаж авсан байдаг. Уг чиргүүлд нэхэмжилж байгаа хөл дагалдаж ирдэг. Чиргүүлийн хөлийн зах зээлд худалдаалагдаж байгаа үнэ нь эдэлгээнээс хамаарч хосоороо 1 000 000-2 000 000 төгрөгийн хооронд үнэлгээтэй байдаг. Нэхэмжилж байгаа трэйлерийн хөлийг 7 000 000 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт ажил олгогч нь ажилтанд хариуцуулсан эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгах шаардлагатай нөхцөлийг бүрдүүлээгүйгээс учирсан хохирлыг ажилтнаар төлүүлж болохгүй гэж заасан. Компанийн удирдлагын зүгээс чирэгчийн хүчин чадлаас илүү хүнд жинтэй техник хэрэгслийг ачиж ирэх үүрэг даалгавар өгч улмаар ажил үүргээ гүйцэтгэж байх явцад чиргүүлийн хөл эвдэрсэн байдаг. Иймд  Г ӨХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

  Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 132, 135 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч  Г ӨХХК-аас хариуцагч Ч.Тт холбогдуулан гаргасан 26 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяагийн давж заалдах гомдолд:

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж гаргаснаас хойш аудитын дүгнэлт эцэслэн гараагүй байсан тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг гаргасан боловч шүүх хүлээж авалгүйгээр нэхэмжлэгчид мэтгэлцэх боломжийг олгоогүй шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн. Ч.Тт холбогдох хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газар өргөдлийн дагуу шалгаж эхэлсэн байсан бөгөөд түүнтэй холбоотой хүсэлт гаргах мөн аудитын дүгнэлт эцэслэн гарснаар холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөх эрхийг зөрчсөн. Ч.Т нь компаниас авсан 5 015 000 төгрөгийн баримтаа нөхөж бүрдүүлэн өгснийг шүүх үнэлж, тус баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан гэж үзсэн. Шүүхийн шийдвэр хэт нэг талыг барьсан шударга бус гарсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1, 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

 

 

Нэхэмжлэгч  Г ӨХХК-ийн 26 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.Т эс зөвшөөрч маргажээ.

 

 

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, хариуцагчийн буруугаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

 

 

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчийг ...УНМ улсын дугаартай трэйлерийн хөлийг эвдэж, ашиглах боломжгүй болгож 7 000 000 төгрөгийн, трэйлерийн порчикийг үрэгдүүлж 5 000 000 төгрөгийн, ажлын хэрэгцээний зориулалтаар компанийн санхүүгээс шилжүүлсэн 5 015 000 төгрөгийг завшсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүйн улмаас уурхай жолоочгүй 7 хонож, хөрс хуулалтын ажил зогссоноос 8 985 000 төгрөгийн хохирол учруулсан гэж тайлбарлажээ.

 

 

 

Хариуцагч Ч.Т нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч байгууллагад 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс уурхайн жолоочоор ажиллаж, ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу уурхайн карерт хөрс болон баяжмалыг зөөж тээвэрлэх, уурхайгаас Улаанбаатар руу техник хэрэгсэл, бусад бараа зөөх, тээвэрлэх, бусдад техник түрээслэх ажилд явах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэдэг байсан ба ...УНМ улсын дугаартай Норд бенз чирэгч толгой болон ...ГЧ улсын дугаартай трэйлер чиргүүлийг эзэмшиж байсан нь хэргийн 5-8 дугаар талд авагдсан  Г ӨХХК болон Ч. Төгөлдөр нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх тухай гэрээгээр тогтоогдож байна.

 

 

 

Тээврийн хэрэгслийн эзэмшил болон нэхэмжлэгчийн шаардах эрхийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

 

 

Талуудын хооронд байгуулагдсан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх тухай гэрээний 2-т ... ажилтан нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа байгууллагад учруулсан хохирол болон байгууллагаас өөрт нь эзэмшүүлж ашиглуулахаар хариуцуулсан эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийн бүрэн бүтэн байдлын төлөө эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ, 3-т ажилтан нь захиргаанаас эд хариуцагчид хүлээлгэн өгсөн эд хөрөнгө, бараа бүтээгдэхүүнийг уг албан тушаалыг эрхлэн гүйцэтгэх хугацаандаа бүрэн хариуцна гэж заасан боловч тээврийн хэрэгслийг хариуцагчид нэг бүрчлэн хүлээлгэн өгсөн баримтгүй байна.

 

 

 

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гэрч ......... чиргүүлийг анх авахад хэрэглэсэн, хувь хүний хуучин чиргүүл байсан, Ч.Тт трэйлерийг механикийн хувьд хүлээлгэн өгсөн зүйл байхгүй, тээврийн хэрэгслүүдийг анх хүлээж авахад порчик нь шинээрээ байсан, Ч.Т трэйлерийг компанийн шаардлагатай үед хэрэглэдэг байсан гэх, гэрч Р.Нэргүйн трэйлерийн хөл хуучин чиргүүлийг дагаж ирсэн, трэйлерийг намайг ажиллаж байхад хүлээлгэж өгдөггүй байсан гэх, гэрч ................. трэйлерийг худалдаж авахад хөл нь хуучин байсан, трэйлерийн порчикийг нь худалдаж авсан айлдаа үлдээсэн гэх мэдүүлгээс үзвэл тээврийн хэрэгслийг Ч.Тт албан ёсоор хүлээлгэж өгөөгүй болох нь тогтоогдож байна. /хх80, 83, 85, 87, 89/

 

 

 

Харин маргаан бүхий трэйлер чиргүүлийг Ч.Төөс хүлээж авсан баримт хэрэгт авагдсан байх боловч уг баримтад трэйлер хэвийн ажиллагаатай запас 2 ширхэг дугуй, багаж хэрэгсэл, түлхүүр, трэйлерийн болон татварын гэрчилгээ, чиргүүлийн болон татварын гэрчилгээний хамт авав, ...улсын дугаартай Норд бенз чирэгч толгой, трэйлер чиргүүлийн эвдрэл гэмтэл байхгүй, 08 дугаар сарын 09-ний өдөр уурхайгаас ковш ачиж ирсэн талаар тэмдэглэгдсэн байна. /хх3/

 

 

 

Дээрх нөхцөл байдлуудыг харьцуулан дүгнэхэд ажил олгогчоос трэйлерийн хөл, порчикийг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн, ажилтан хөдөлмөрийн гэрээний явцад гэмтээсэн гэх үйл баримт тогтоогдсонгүй.

 

 

 

Нэхэмжлэгчээс хариуцагчийг 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 08 дугаар сарын 04-ний өдрийн хооронд ажлын хэрэгцээний зориулалтаар компаниас шилжүүлсэн 5 015 000 төгрөгийг зориулалтын дагуу ашиглаагүй гэж маргадаг.

 

Нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн авлага өглөгийн дансны дэлгэрэнгүй бүртгэлд хариуцагчид нийт 5 015 000 төгрөг шилжүүлсэн гэж бүртгэгдсэн байх боловч 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр шилжүүлсэн 8 ширхэг аккумуляторын үнэ 1 665 000 төгрөгийн баримтгүй байна. /хх48/

 

Шүүхийн журмаар гаргуулсан Ч.Тийн Хаан банкны депозит дансны хуулгийг дээрх төлбөрийн дүнтэй харьцуулан дүгнэхэд нэхэмжлэгчээс хариуцагчид ажлын хэрэгцээнд нь зориулж нийт 3 330 000 төгрөгийг шилжүүлсэн байна.

 

Шүүх хэргийн 94, 97-102, 106 дугаар тал дахь 2018 оны 5-8 дугаар саруудад бараа үйлчилгээ авсан баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгөн дүнг зориулалтын дагуу зарцуулсан гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагчаас ирүүлсэн нөхөн олгов гэсэн бичиглэл бүхий дугуй нөхсөн, дизель түлш олгосон баримтуудыг хуурамч баримт гэж үзэх боломжгүй, нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэх үндэслэлээ нэхэмжлэгч баримтаар нотлоогүй байна.

 

Ч.Т нь уурхай руу явах удирдлагаас өгсөн үүргийг биелүүлээгүйн улмаас хөрс хуулалтын ажил зогсч компанид 8 985 000 төгрөгийн хохирол учирсан гэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв, хариуцагчийн гэм буруутай үйлдэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн аудитын дүгнэлт эцэслэн гараагүй байхад хэргийг шийдвэрлэсэн, хэргийн оролцогчийн нотлох баримт гаргаж өгөх, мэтгэлцэх эрхийг зөрчсөн гэх гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй. /хх129/

 

Аудитын тухай хуулийн 11, 13 дугаар зүйлд заасны дагуу аливаа хуулийн этгээд санхүүгийн тайландаа аудит хийлгэж болох боловч нэхэмжлэгчийн санхүүгийн тайландаа аудит хийлгэх, Ч.Тт эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулах зэрэг ажиллагаа нь тухайн маргаанд хамааралтайг нотолсон баримтгүй, шүүхээс талуудад нотлох баримт бүрдүүлэх хуульд заасан эрхийг нь тайлбарлан өгч, нэхэмжлэгчид хангалттай хугацаа олгосон байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяад шүүх 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хэргийн материал танилцуулж, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн баримт 76, 90 дугаар талд авагдсан байх тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/02044 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

 

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

 

 

А.МӨНХЗУЛ