| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зундуйн Хосбаяр |
| Хэргийн индекс | 171/2024/0462/Э |
| Дугаар | 2025/ДШМ/04 |
| Огноо | 2025-01-18 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Т.Т |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2025/ДШМ/04
2025 01 15 2025/ДШМ/04
Б.Мд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Шүүгдэгч Б.М
Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 458 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Мд холбогдох дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
С овогт Б-н М, Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч Б.М нь 2024 оны 07 дугаар сарын 19-ний шөнийн 02 цаг 28 минутын орчимд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Ш баарны гадна бусдын эд хөрөнгийг буюу хохирогч Б.Тын эзэмшлийн Капитрон банкны нэр дээр бүртгэлтэй улсын дугаартай Тоёота Ланд круйзер-300 загварын тээврийн хэрэгслийн зүүн хойд крыло хэсэгт гараараа цохиж хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 4,065,000 төгрөгийн хохирол учруулан эд хөрөнгө гэмтээсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Мий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч С овгийн Б-н Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Шүүгдэгч Б.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтуудад тус тус зааснаар шүүгдэгч Б.Мөөс 4.065.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Тт олгож, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.М давж заалдах гомдолдоо:
... Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар дурдахдаа эрүүгийн хуулийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээгүй. Тодруулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан “ Нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн” -г ашиглаагүй байна. Учир нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанд хэлсэн “Тэд нарын яриагаар бол намайг өөрсдөдтэй нь муудалцсан хүнтэй цуг явсан гэж бодоод над руу дайраад байна гэж ойлгосон” гэх тайлбарыг харгалзан үзээгүй байна. Иймд тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/458 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1-д заасан 3 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдлаар тогтоон торгох ялаар сольж өгнө үү...” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.М тайлбартаа: ... Би асаргааны ээжийгээ хардаг. Миний 3 сарын хугацааагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү гэж давж заалдах гомдол гаргасан ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Мий давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.М нь 2024 оны 07 дугаар сарын 19-ний шөнийн 02 цаг 28 минутын орчимд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ш нэртэй шөнийн цэнгээний газрын гадна иргэн Б.Тын эзэмшлийн улсын дугаартай Тоёота Ланд Круйзер - 300 загварын тээврийн хэрэгслийн зүүн хойд крыло хэсэгт гараараа цохиж хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 4.065.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь
хохирогч Б.Тын “ ... Баарны гадаа очоод буцаж эргэтэл өөдөөс цагаан өнгийн Приус маркийн машин хөндөлсөж ирээд намайг хашсан юм. Тэгээд тус машинаас улаан футболктой, махлагдуу залуу, мөн хар футболктой залуу болон бас нэг залуу бууж ирээд улаан футболктой залуу нь надад хандан "чи буугаад ир, зодолдоё, ална шүү" гээд байсан. Тэгээд миний хагас онгорхой, жолооч талын цонхыг гараараа доош нь дараад татаад байсан, мөн жолооч талын хаалгыг татаад байсан юм. Тэгэхээр нь би тэд нарын хажуугаар хашлага давж гарч хөдөлсөн бөгөөд тэгтэл улаан футболктой залуу нь машин руу гараараа 3-4 удаа цохисон ... ” гэсэн мэдүүлэг,
гэрч С.Б-н “ ... М машинаас буугаад тус Ландны жолоочтой уулзсан бөгөөд би араас нь буугаад алхаад очтол жолооч нь согтууруулах ундаа хэрэглэчихсэн байдалтай байсан. Намайг очингуут тус машин нь боржур даваад хаазлаад явчихсан юм ... Тус Ланд-300 дээр түрүүлж очиж байгаа улаан футболктой нь М байна, араас нь очиж байгаа хар футболктой нь би байна ...” гэсэн мэдүүлэг,
гэрч Ж.Ц-ний ... М нь утсаар яриад “та нар дээр очиход Ланд-300 аваараа татчихсан зам дээр зогсож байсан, тэр 2 зугтаасан залуугийн араас тус Ланд-300 нь явсан” гэж хэлсэн. Тэгээд М нь ахин залгаад Ланд-300-г нь олчихлоо гэхээр нь би цагдаа дуудчих гэж хэлсэн. Тэгснээ ахин М нь залгаад цагдаа ирж байна гэсэн чинь зугтаачихлаа гэж хэлсэн юм ...” гэсэн мэдүүлэг,
гэрч Ж.Ч-ний “... тус Ланд-300 нь Ш баарны гадна очсон бөгөөд М, Б нар нь машинаас бууж очсон юм. Тэгж байхад нь би машинаа ухраагаад замыг нь хаасан юм. М Ланд-300 дээр оччихоод хаалгаа онгойлгооч, хүний мөр мулталж хаячихаад гэж хэлж байсан. Тэгтэл нөгөө Ланд-300 нь хаазлаад боржур даваад яваад өгсөн. Энэ үед М нь тус машины хаалганы бариулаас барьчихсан чирэгдсэн юм ... ” гэсэн мэдүүлэг болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Мий гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцжээ.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудыг үндэслэн Б.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, түүнд 3 /гурав/ сарын хугацаагаар аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүйгээс гадна
шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Мд оногдуулсан 3 сарын хугацаагаар аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялыг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Тодруулбал шүүгдэгч Б.М нь давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт ... Би асаргааны эхийгээ хардаг ... гэсэн тайлбарыг гаргасан боловч хавтаст хэрэгт түүнийг эхийгээ асардаг талаарх нотлох баримт авагдаагүй ба шүүгдэгч Б.М энэ талаарх баримтаа гаргаж өгөөгүй байна.
Иймд шүүгдэгч Б.Мий “...зорчих эрх хязгаарлах ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдлаар тогтоон торгох ялаар сольж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 458 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Мий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР